2018/10/02

Шударга ёсны лекц 12-1: Ижил хүйстний гэрлэлтийн талаар хэлэлцэх нь

Өмнөх - Эх оронч үзлийн ацан шалаа

Сандел:
Өмнөх лекцээр “Түүхчилсэн бие хүний төсөөлөл”-ийн талаар ярилцсан. Тэгээд зөвшил зөвшөөрөлтэй ямар ч холбоогүйгээр үүсдэг нэгдэл болон бүлгийн гишүүний үүргийн тухай судалсан. Тиймэрхүү нэгдэл болон үүрэг нь бидний хоорондоо байгуулсан гэрээ, зөвшил, эсвэл сонголтоос өөр шалтгаанаар үүсдэг зүйлс байсан.


Мөн “Бидэнд тийм хэлбэрийн үүрэг байдаг эсэх, эсвэл бүхий л нэгдэл болон бүлгийн гишүүн байхаас үүсдэг үүрэг нь зөвшил, харилцан солилцоо, эсвэл бидний хүн ёсоор хүний өмнө хүлээдэг универсал үүрэгтэй холбогдох эсэх” талаар бас ярилцсан.

Та нарын дунд үнэнч сэтгэл болон эх оронч үзлийг өмгөөлөх хүмүүс байсан. Тэгтэл бидний хэлэлцүүлгийн явцад, үнэнч сэтгэл болон бүлгийн гишүүн байх гэсэн санааны ёс суртахуунлаг хүч тодорч эхэлсэн. Тэгээд хэлэлцүүлгийн төгсгөлд, тэр санаанд өгөх хүчирхэг няцаалт гэж санагдахуйц зүйл буюу 1950-д оны Америкийн өмнөдийн арьс өнгөний үзэлтний яриаг сонссон. Тэд өөрсдийн уламжлал, түүх, мөн амьдралынх нь өрнөлтэй нягт холбоо бүхий ялгамж чанарын тухай өгүүлсэн. Өмнөдийн арьс өнгөний үзэлтний хувьд, түүний түүх болон түүхчилсэн ялгамж чанараас төрөх зүйл нь юу байсан бэ? Тэд “Өөрсдийн амьдралын хэв маягаа хамгаалмаар байна.” гэж хэлсэн.

Энэ бол бие хүний түүхчилсэн төсөөллийн эсрэг шийдвэрлэх няцаалт байж чадах уу? Энэ асуудал бидэнд үлдсэн.

Өнөөдөр хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, та нарыг хэрхэн хүлээж авахыг харъя. Хэлэлцүүлгийн агуулга ийм. Би хувь хүний талаарх волунтарист ойлголт (voluntarist conception)-од хандаж, хувийн түүхчилсэн төсөөллийг өмгөөлөхийг хүсч байна. Бидэнд нэгдэл болон бүлгийн гишүүний хувиар хүлээх үүрэг байдаг гэх санааг өмгөөлмөөр байна. Тэгээд тийм үүрэг оршин байдаг нь дараах санааг хүч оруулна гэдгийг харуулмаар байна.

Тэр бол, шударга ёсны тухай хэлэлцэх үед, явж явж сайны асуудлаас хөндийрөх боломжгүй, гэсэн санаа. Гэхдээ би шударга ёсыг сайнтай холбох хоёр аргыг хооронд нь ангилж, түүнээс нэгийг нь дэмжихийг хүсч байна. Кант ба Ролзын хувь хүний талаарх волунтарист ойлголт нь хүчирхэг бөгөөд чөлөөт зүйл байсан. Мөн түүнээс ч илүү анхаарал татдаг нь тэрхүү универсал тэмүүлэл, өөрөөр хэлбэл ялгаварлал алагчлал байхгүйгээр хувь хүнийг хувь хүнийх нь хувьд авч үзнэ гэх санаа. Та нарын зарим нь “Бүлгийн гишүүний үүрэг гэж байдаг байлаа ч, тэр нь универсал үүрэг буюу хүн төрөлхитөний өмнө хүлээдэг бидний үүргээс ямагт доогуурт тавигдах нь дамжиггүй” гэж үзэж байсан нь, энэ үзлээс гарсан санаа гэж бодож байна.

Гэвч тэр нь зөв үү? Бидний универсал үнэнч сэтгэл үргэлж аливаа нэг хүнд хандах үнэнч сэтгэлээс дээгүүр тавигдах ёстой юм бол, найз болон танихгүй хүн хоёрын хоорон дахь ялгааг байхгүй болгох ёстой болж таарна. Найздаа хандах тусгай халамж нь ялгаварлал болж, бүх хүн төрөлхитөнийг хэрхэн үл ойшоож буйг хэмжих шугам болж хувирна. Энэ санаа нь ямар ёс суртахуунлаг ертөнц, ямар ёс суртахуунлаг төсөөлөл рүү биднийг дагуулж аваачих бол?

Соён гэгээрүүлэгч Монтескью энэхүү юм бүхнийг универсалчлах гэсэн хандлага нь ёс суртахуунлаг төсөөллийн хүчийг хааш нь хөтлөх тал дээр, магадгүй хамгийн хүчирхэг бөгөөд илэн далангүй тайлбар хэлсэн байдаг. Тэрээр ингэж илэрхийлсэн:
“Жинхэнэ ариун ёст (сайн) хүн хамгийн холын танихгүй хүнд туслахын төлөө ч найздаа тусладаг шигээ яаран очно.”
Тэгээд тэрээр ингэж нэмж хэлсэн: “Төгс ариун ёст хүнд найз гэж байхгүй болов уу.”



Гэтэл хүмүүс хэтэрхий ариун ёстой болчхоод найзтай байх ч шаардлагагүй болж, универсал нөхөрлөл л үлдсэн тийм ертөнцийг төсөөлнө гэдэг хэцүү. Асуудал нь “Тийм ертөнц бий болгох нь хэцүү” ч юм уу “Амьдраллаг бус” гэсэн энгийн зүйл биш. Түүнээс ч ноцтой асуудал бол, тийм ертөнцийг хүний ертөнц гэж харахад хүндрэлтэй гэх явдал.

Хүн төрөлхитөнийг хайрлах хайр ариун зүйл байж болох ч, ихэнх тохиолдолд бид нар илүү жижигхэн нэгдэл дунд амьдарч байдаг. Энэ бол ёс суртахууны хувьд санал нийлэх хүмүүсийн хамрах хүрээ хязгаарлагдмал болохыг илэрхийлсэн төдий яриа биш. Цаашлаад бүр чухал нь, бид нар хүн төрөлхитөнийг хайрлах хайрыг ерөнхий байдлаар суралцдаг бус, ялгаатай илэрхийллээр дамжуулж суралцдаг гэх фактыг ч бас тусгаж байгаа юм.

Иймэрхүү асуудлууд бол авч үзэх ёстой асуудал мөн нь мөн ч гэлээ, хамгийн шийдвэрлэх асуудал бол биш. Ёс суртахууны философид шийдвэрлэх асуудал гэхээр юм байдаггүй бөгөөд, байгаа нь ердөө л бидний өдийг хүртэл ярилцаж ирсэн шиг асуудлууд л байдаг.

Тэгэхээр, хувь хүн хийгээд үүргийн схемийг зөв эсэхийг үнэлэх нэг арга бол “Тэр нь шударга ёсонд ямар нөлөө үзүүлэх вэ?” гэдгийг харах явдал. Шударга ёсонд ноцтой асуудал үүсгэх жишээ болгож, арьс өнгөний үзэлтний яриа руу буцаж очъё. Уламжлалт амьдралаа хамгаалахыг хүсэх арьс өнгөний үзэлтнүүдийг бид сайшаах уу?

Бид нэгдэл болон бүлгийн гишүүн гэх санааг хүлээн авсан гэвэл юу болох вэ? Өмнөдийн арьс өнгөний үзэлтний жишээг ч оролцуулаад, тухайн нэг коммунити (эсвэл уламжлал) болгон дахь шударга ёсыг нь заагаад, тэрийгээ “шударга ёс сайнтай холбогдож байна” гэж хэлэх боломжтой юу? Үүн дээр чухал нь гэвэл, шударга ёсыг сайнтай холбох хоёр аргыг ангилах явдал.

Нэг нь харьцангуй үзлийн арга бөгөөд, эрхийн тухай бодохын тулд, мөн шударга ёсны тухай бодохын тулд, ямар нэгэн цаг үеийн ямар нэгэн коммунитид дэлгэрсэн үнэлэмжийн хэмжүүрт тулгуурлах арга. Энэ үнэлэмжийн хэмжүүрийг гадны ямар нэгэн жишгээр шүүж болохгүй. Тэгэхгүйгээр, шударга ёсыг тухайн нэг соёл доторх нийтлэг ойлголтонд нийцсэн зүйл байдлаар хүлээж авах ёстой.

Гэвч энэ аргаар шударга ёсыг сайнтай холбох нь асуудалтай. Яагаад гэвэл, тэгэх нь шударга ёсыг тэр чигээр нь (ёс заншил маягийн) уламжлалт сэтгэлгээний бүтээл болгон хувиргаж, түүний маш чухал онцлогийг сүйтгэж орхих аюултай.

Гэвч шударга ёсыг сайнтай залгаж, нягт холбоотой болгох хоёр дахь арга гэж бий. Энэхүү харьцангуй биш хоёр дахь аргаар бол, шударга ёсны зарчмыг зөвтгөхийн тулд аль нэг цаг үеийн ямар нэг газар дэлгэрсэн үнэлэмжийн хэмжүүрт тулгуурлахгүй. Түүний оронд, эрхээс бий болох ёс суртахууны үнэ цэн хийгээд зорилгод агуулагдах сайнд тулгуурлана. Энэхүү харьцангуй биш аргаар аливаа эрхийг батламжлах уу үгүй юу гэдгийг шийдэхдээ “Тэр нь хүн төрөлхитөний ямар нэгэн чухал сайныг хөхиүлж байна уу үгүй юу” гэдгийг харна.

Хэрвээ коммунитаризмыг "Шударга ёс гэж юу болохыг тухайн коммунитид нь даатгах явдал" гэж тодорхойлно гэвэл, шударга ёсыг сайнтай холбох энэхүү хоёр дахь арга бол нарийн яривал коммунитаризм биш.

Одоо та нарт шударга ёсыг сайнтай холбох хоёр аргаас, нэг дэхийг нь хангалтгүй болохыг тайлбарлая. Тэр арга шударга ёсыг уламжлал, ёс заншлын бүтээл болгож орхино. Тэр арга, уламжлалт амьдралаа хамгаалмаар байгаа өмнөдийн арьс өнгөний үзэлтнүүдийг няцаахад хангалттай ёс суртахууны үндэслэл оноохгүй.

Нөгөөтэйгүүр шударга ёс нь харьцангуй биш аргаар сайнтай холбогдоно гэж үзэх юм бол, нэг хэцүү асуудал үлдэнэ. Сайныг номлох арга бий юу?

Сайны ухагдахуун хүн болгоны хувьд ялгаатай гэх бодит байдлыг яах болж байна? Хүмүүс “Нийгмийн тогтолцооны гол зорилго юу болох, ямар нийгмийн сайн болон хүн төрөлхитөний сайн сайшаагдан дэлгэрэх ёстой” талаар ялгаатай байр суурь илэрхийлдэг. Бид олон ургалч нийгэмд амьдарч буй бөгөөд, хүмүүсийн дунд сайны талаарх зөвшил гэж юм оршин байдаггүй. Тиймээс тухайн нэг зорилго болон сайнд тулгуурлаагүй тийм шударга ёсны зарчим хийгээд эрхийн зарчмыг олохыг зорьцгоодог.

Сайныг номлох арга бий юу? Энэ асуултыг барьж авахын өмнө, арай өөр хялбархан асуулт тавьж үзье. Шударга ёсыг онолдохын тулд сайны талаар ч бас онолдох нь тойрох аргагүй зүйл үү? Миний хариулт бол “Тийм”. Тэр бол зайлшгүй бөгөөд, шаардлагатай зүйл.

Өнөөдрийн үлдсэн цагаар би “Шударга ёсны тухай онолдохын тулд, сайн ба зорилго зорилтын тухай онолдох нь зайлшгүй бөгөөд шаардлагатай” гэсэн санаагаа тодруулахыг зорьё. Үүнийг тодорхой болгохын тулд одоо та нарын дунд ижил хүйстний гэрлэлтийн талаар хэлэлцүүлэг хийе гэж бодож байна.

Тэгэхээр ижил хүйстний гэрлэлт бол, ёс суртахууны хувьд ч шашны хувьд ч зөрчилдөөний нэг бай бөгөөд, том хэрүүл дэгдээх шинжтэй сэдэв. Тиймээс “Ижил хүйстний гэрлэлт ёс суртахууны хувьд зөвшөөрөгдөх эсэх; нийгмийн тогтолцоо талаасаа гэрлэлт гээчийн зохистой зорилго юу болох” гэсэн том хэрүүл дагуулдаг ёс суртахууны, мөн шашны асуудлын тухайд нийгэм бүхэлдээ шийдэлд хүрч чадахгүй байлаа ч, тэр талаарх шударга ёсны болон эрхийн асуудлуудыг тодорхой болгох хүчтэй сонирхол нийгэмд бий.

Тэгвэл одоо ижил хүйстний гэрлэлтийн жишээ ашиглан “Ижил хүйстний хайр ёс суртахууны хувьд зөвшөөрөгдөх үү? Гэрлэлтийн зорилго юу вэ?” гэх хувь хүний байр суурийг “Төр ижил хүйстний гэрлэлтийг зөвшөөрөх ёстой юу?” гэсэн асуудлаас салгах боломжтой эсэх талаар харцгаая гэж бодож байна.

За эхэлцгээе. Юуны өмнө “Ижил хүйстний гэрлэлт байх ёсгүй” гэж боддог хүмүүс, “Төр эр эм хүмүүсийн гэрлэлтийг л зөвшөөрөх ёстой” гэдэгт итгэдэг хүмүүсийн саналыг сонсъё. Сайн дурынхан маань байна уу? Лекцийн блог дээр өөрсдийнхөө саналыг илэрхийлсэн хоёр хүнээс гуйсан юмсан. Марк, Райан хоёр хаана байна? Чи Марк уу? Райан байна уу? Чи юу? За тэгвэл Маркаас эхэлье.

Марк:
Би сексийн зорилго, гэрлэлтийн зорилгын тухайд телеологи байдлаар ойлгодог. Над шиг Христ шүтлэгтэй, бүр католик хүний хувьд сексийн нэгдүгээр зорилго бол нөхөн үржихүй. Тэгээд өөр нэг зорилго нь гэрлэлт гэдэг систем дотор эрэгтэй эмэгтэй хүмүүсийг хооронд нь холбох явдал.

Сандел:
Нэг ёсондоо чи “Хүний бэлгийн амьдрал бол нөхөн үржихүйтэй гүнзгий холбоотой” гэсэн, нэг төрлийн зорилго буюу телос төсөөлөлтэй юм байна тийм үү?

Марк:
Тийм ээ.

Сандел:
Тийм бол нийгмийн системийн хувь дахь гэрлэлтийн зорилго бол телосыг нь тодотгож, түүний зорилго болох нөхөн үржихүйн зорилгыг өргөмжлөхөд байдаг. Чиний хэлэх гэсэн санаа энэ мөн үү?

Марк:
Тийм ээ.

Сандел:
Райан! Саналаа хэлээч. Чи ч бас Марктай ижил саналтай байна уу?

Райан:
Тийм. Гэрлэлтийн үзэл санааг нөхөн үржихүйтэй холбоотой гэж бодож байна. Ижил хүйстнүүд хоорондоо хайрлалцаж хамтран амьдрах нь асуудалгүй. Гэхдээ төрөөс тэрийг нь хөхиүлэн дэмжих үүрэг бол байхгүй.

Сандел:
Төр гэрлэлтийг батламжлах байдлаар ижил хүйстний хайрыг дэврээх ёсгүй гэж байна уу?

Райан:
Тийм.

Сандел:
Өөр санал хэлэх хүн байна уу? За Хана.

Хана:
Маркад асуулт тавьмаар байна. Жишээ нь чи эмэгтэй хүнтэй гэрлэжээ гэе. Тэгтэл гэрлэсний дараа өөрсдийгөө үргүйдэлтэй болохоо мэдсэн байг. Секс хийгээд хүүхэд төрөхгүй тохиолдолд, тэр үйлдлийг хууль бусад тооцох ёстой гэж бодож байна уу?

Марк:
Тэгэх шаардлагагүй гэж бодож байна. Тийм болоод сая гэрлэлтийн 2 зорилго гаргаж тавьсан. Хөгшин хосууд ч бас гэрлэж болно. Аль хэдийнэ цэвэршчихсэн, хүүхэд төрүүлэх боломжгүй эмэгтэйчүүд байсан ч болно. Секст нөхөн үржихүйг даван гарахуйц зорилго бий гэж бодож байгаа болохоор.

Хана:
Уучлаарай, өөрөө гар хангалга хийж байсан уу? (Бүгд хахаха)

Сандел:
Түр байж байгаарай. Энэ асуултанд хариулахгүй байсан ч болно шүү (Бүгд хахаха). Чиний юу асуух гэснийг ойлголоо. Жоохон чимээгүй байцгаана уу. Чиний асуултыг... (Бүгд хахаха).

Марк:
Саяын асуултанд хариулъя гэж бодож байна (алга ташив).

Сандел:
Үгүй үгүй, байж бай. Та нар энэ улирал маш сайн байцгаалаа. Их сургуулийн түвшинд ярилцаж чадахааргүй гэсэн асуудлуудыг хүртэл ярилцаж, одоо ч бас сайн байна. Хана! Чи маш гоё зүйл олж харсан байна. Гэхдээ тэрийгээ ерөнхий байдлаар хэлэхгүй юу (Бүгд хахаха). Хувь хүн рүү чиглэх биш, гол аргументаа шуудхан хэлчих. Чиний бодож байгаа үндэслэл чинь юу вэ?

Хана:
За. Библид...

Сандел:
Гол нь гуравдугаар эзэн бие дээр ярина шдээ! (Бүгд хахаха). Яадаг ч бай гуравдугаар эзэн бие дээр шүү, хоёрдугаар биш. За яриарай.

Хана:
Ойлголоо. Библид гар хангалгыг зөвшөөрдөггүй. Хүүхэд төрөхтэй холбогдохгүй л бол таны үрийн шингэн газар асгараад л дуусна. Гэхдээ миний хэлмээр байгаа нь, та хүүхэд төрүүлэхгүй ч юм уу, эсвэл гэрлэлтийн холбоогоо бататгах зорилгогүй тохиолдолд секс хийхийг буруу гэж хэлж байна. Яагаад тэгэхийг буруу гэж үзнэ вэ? Гар хангалга илэрхий хүүхэд төрүүлэхгүй нь тодорхой атал зөвшөөрөгддөг л биз дээ?

Марк:
Гэрлэлт гэдэг бол нийгмээс ариун ёс гэж үздэг юмыг системчилсэн зүйл гэж бодож байна. Мэдээж бид нар өдөр бүр зөв амьдраад байж чаддаггүй. Хүнд олон зүйл дээр сул тал байдаг. Хэн нэгэнд ёс суртахууны сул тал байна гэдгээр тэр хүний үгээ хэлэх эрх хураагдана гэж бодохгүй байна.

Сандел:
Баярлалаа. Та нар тэндээ байж байгаарай. Тэгээд өөр саналууд сонсоцгооё. Чи!

Стив:
Гар хангалгын тухайд хэлэхэд...

Сандел:
Нэр хэн билээ?

Стив:
Стив.

Сандел:
За хариулаарай.

Стив:
Гар хангалга бол хүн зөвшөөрөл өгдөг төрлийн зүйл биш. Ижил хүйстний сексийг зөвшөөрөхгүй гэж үзэх хүн ч байхгүй гэж бодож байна. Гар хангалга хийдэг хүн бол өөрөө өөртэйгээ гэрлэхийг нь нийгэм зөвшөөрөөгүй төдий л явдал.

Сандел:
Тийм байж. Хана (Бүгд хахаха, алга ташив). Стив гоё санал хэллээ (Бүгд хахаха).

Стив энд 2 асуудал байгаа болохыг харууллаа. Нэг нь “Янз бүрийн үйлдлүүдийг ёс суртахууны хувьд зөвшөөрөх үү үгүй юу” гэх асуудал. Өөр нэг нь “Ёс суртахуунтай холбоогүйгээр, ямар нэг үйлдэлд төр гэрлэлт гэсэн өргөмжлөл буюу батламж гардуулах нь зохистой юу” гэх асуудал. Стив маш гоё няцаалт гаргаж хэллээ, чи үүнд юу гэж хариулах вэ?

Хана:
Бараг бүх хүмүүс төрөлхөөс бэлгийн чадвартай байдаг. Бэлгийн амьдрал бол тойрох аргагүй зүйл. Гар хангалгын хувьд, өөртэйгээ гэрлэх боломжгүй гэдэг бол үнэн. Гэхдээ ижил хүйстнүүд ч бас адилхан хүн байтал яагаад тэд гэрлэж болохгүй гэж? Тэр нь надад ойлгомжгүй байна. Хэрвээ та өөртэйгээ гэрлэмээр байлаа гэхэд хуулийн талаасаа боломжгүй байх л даа (хахаха), харин би бол тэг л гэнэ.

Сандел:
Алив байзаарай. Бид нар одоо хууль тогтоогчид шиг, хууль ямар байх ёстойг шийдэх гэж байна. Чи Стивт “Тэгж болно” гэж хэллээ. Тэгэхээр чи хууль тогтоогчийн хувиар өөртэйгээ гэрлэх ч боломжтой тийм өргөн цар хүрээ бүхий гэрлэлтийн хуулинд саналаа өгнө гэсэн үг үү?

Хана:
Тийм юм жинхнээсээ болох эсэхийг мэдэхгүй байгаа ч, би бол...

Сандел:
Зарчмын хувьд?

Хана:
Зарчмын хувьд, Стив өөртэйгээ гэрлэмээр байвал би түүнийг зогсоохгүй ээ (Бүгд хахаха).

Сандел:
Чи төрийн нэрийн өмнөөс батламжлах юм байна тэ? Түүний “гоцлон гэрлэлтийг”? (Бүгд хахаха).

Хана:
Мэдээж (Бүгд хахаха).

Сандел:
Тэгвэл зөвшилд суурилсан олон эхнэртэй зэрэг гэрлэлт байвал яах вэ?

Хана:
Олон эхнэртэй нэг нөхөр, эсвэл олон нөхөртэй нэг эхнэр байхыг өөрсдөө зөвшөөрч байгаа бол, баталгаажуулах ёстой л гэж бодож байна.

Сандел:
Өөр хүмүүсийн саналыг сонсъё. За, Чи. Нэрээ хэлээрэй.

Виктория:
Виктория.

Сандел:
Виктория.

Виктория:
Бид гэрлэлтийн телеологи үндэслэлийн тухай ярилцаж байгаа ч, асуудал нь католик байр суурьнаас ярилцаж байгаа явдал гэж бодож байна. Бусад шашин шүтдэг хүмүүс болон шашингүй хүмүүсийн хувьд гэрлэлтийн зорилго тэс өөр байх магадлалтай. Төрд, энэ улсын бүх хүмүүст католик маягийн телеологи үндэслэл тулгах эрх байхгүй.
Тиймээс ижил хүйстний гэрлэлтийг үл зөвшөөрөхийг хүлээж авахгүй. Хүн бүрийн итгэл үнэмшил нэг бүрийг ярих гээгүй ч, сивил юнион (civil union) буюу “Хуулиар баталгаажсан хамтын амьдрал”-г католик сүмд бол гэрлэлт гэж хүлээн зөвшөөрөхгүй. Төрд бол хүссэн хэн бүхний сивил юнионыг хүлээн зөвшөөрөх эрх байгаа ч, цөөнхийн ч бай олонхын ч бай ямар нэгэн шашныг тулгах эрх бол байхгүй.

Сандел:
Тийм байж. Төр ижил хүйстний гэрлэлтийг зөвшөөрөх ёстой гэж үзэж байгаа байх нь ээ? Эсвэл яг нарийн хэлбэл гэрлэлт биш ижил хүйстний сивил юнионыг зөвшөөрөх ёстой юм уу?

Виктория:
Сүм бол төрийн мэдлийн газар биш учраас, төр сивил юнионыг сүмийн гэрлэлт гэдэг байдлаар зөвшөөрөх эрхтэй гэж бодохгүй байна. Гэхдээ сивил юнион бол шашны өмнө биш гэдгийг нь л хасчихвал мөн чанараараа ижил зүйл, төрд ч тэрийг зөвшөөрөх эрх бий гэж бодож байна.

Сандел:
Нэг ёсондоо, төр гэрлэлтийн телос юу болохыг шүүх ёсгүй. Тэр бол зөвхөн шашны коммунити л шийдэж чадах зүйл гэж байна. Өөр саналтай хүн байна уу?

Сезан:
Минийхээр бол ерөөсөө төр гэрлэлтийг зөвшөөрөх ёстой гэсэн санааг ойлгохгүй байна. Би “Төр ямар ч төрлийн гэрлэлтийг зөвшөөрөх ёсгүй” гэж саналаа өгсөн 70 хүний нэг. Гэрлэлт бол эрэгтэй эмэгтэй хүмүүсийг холбосон, эсвэл хоёр эрэгтэй, үгүй бол хоёр эмэгтэйг холбосон холбоос хэдий ч, төрөөс хэн нэгэнтэй холбогдох зөвшөөрөл авах шалтгаан байхгүй гэж бодож байна. “Улс гэрлэлтийг зөвшөөрвөл хүчин төгөлдөр шинж бий болж, тэр нь хүүхдэд нь ч хэрэгтэй” гэж хэлэх хүн байгаа л байх. Гэвч бодит байдал дээр тийм хүчин төгөлдөр шинж байгаа гэж бодохгүй байна.

Сандел:
Нэрээ хэлээч.

Сезан:
Сезан.

Сандел:
Виктория, Сезан нарын санал эхний хэдэн хүнийхээс ялгаатайгаар, төр гэрлэлт болон хүмүүсийн бэлгийн харилцааны ямар ч зорилго (буюу телос)-ыг цоллож батламжилж, өргөмжлөх ёсгүй гэж хэлж байна. Сезан бол “Тийм ч учраас төр гэрлэлтийг батламжлах ажлаасаа гараа татах ёстой ч байж мэднэ” гэж хэлсэн хүмүүсийн нэг.

Үүн дээр асуудал. “Төр ямар ч хэлбэрийн гэрлэлтийг зөвшөөрөх ёсгүй” гэх Сезаны байр суурийг баримтлалгүй, өөрөөр хэлбэл гэрлэлтийн зохистой телосыг тойрсон ёс суртахууны болон шашны мэтгэлцээний тухайд ямар нэгэн байр суурь илэрхийлэлгүйгээр ижил хүйстний гэрлэлтийн асуудлыг шүүх нь боломжтой юу?

Дараагийн лекцээр энэ асуудлыг ярилцъя. Өнөөдөр оролцсон хүмүүс бүгд сайн байлаа. Баярлалаа (Бүгд алга ташив).

Тайлбар:

Энэ удаад ч бас коммунитаризмын тухай ярилаа. Үнэндээ коммунитаризмд 2 ялгаатай санаа бий. Нэг нь ямар нэгэн коммунити дахь үнэлэмжийн хэмжүүрийг шударга ёс гэж хардаг зүйл. Өмнөх лекцийн төгсгөлд үзүүлсэн 1950-д оны Америкийн өмнөдийн арьс өнгөний үзэлтний ярианы жишээ бол, ийм төрлийн коммунитаризмын санааны хязгаарыг тодруулах зорилгоор гаргаж тавьсан учиртай. Профессор Сандел энэ санааг эсэргүүцдэг.

Өөр нэг санаа нь “Сайныг эргэцүүлэх, өөрөөр хэлбэл алив нэг коммунитид баригдаагүй сайны тухай эргэцүүлэх нь, шударга ёсны тухай тунгаахад ч чухал” гэх санаа. Профессор Сандел үүнийг дэмждэг. Тэгээд сайны асуудлыг эргэцүүлэхийн тулд, энэ удаад ижил хүйстний гэрлэлтийн жишээг гаргаж ярилаа.


Ижил хүйстний гэрлэлт гэсэн бодит асуудлын талаар оюутнууд тун ч сонирхолтой мэтгэлцээн өрнүүллээ. Тэгээд энэ асуудлыг эргэцүүлнэ гэдэг бол, үнэндээ гэрлэлтийн зорилгыг эргэцүүлэх явдал болно. Тэгээд энэ нь телеологи онолын утга учрыг тодорхой болгохтой холбогдоод явах учиртай. Энэ удаагийн ижил хүйстний гэрлэлтийн асуудлыг гаргаж тавьсны шалтгаан нь, зорилго хийгээд сайны тухай эргэцүүлэх явдал байсан бөгөөд, дараагийн лекцээр энэ нь тодорхой болох болно оо.


No comments:

Post a Comment