2018/09/26

Шударга ёсны лекц 11-2: Эх оронч үзлийн ацан шалаа

Өмнөх - Сайн сайнтай мөргөлдөх үед

Сандел:
Энэ удаад ярилцах сэдэв бол, нэгдлээс болон коммунитийн гишүүн байснаар үүсдэг үүргүүд гэж бий гэх санааны эсрэг хамгийн хүчтэй няцаалт. Үүн дээр коммунитээс төрөх тэдгээр үүргүүдийг өмгөөлөх боломжтой эсэхийг судална.


Өмнөх лекцийн үеэр нэг няцаалт гарч ирсэн. Патрикийн онож хэлснээр, коммунитийн гишүүн гэх ялгамж чанараас үүрэг үүсдэг юм бол, бид нар олон тооны коммунитид харьяалагддаг учир, үүргүүд хоорондоо мөргөлдөх явдал ч гарах юм биш үү?
Энэ бол байж болох няцаалтуудын нэг.

Мөн өмнөх лекц дээр нэгдэл болон гишүүн байх явдлаас үүсэх ёс суртахууны хүчийг тодруулахын тулд хэд хэдэн жишээ гаргаж ярьсан.
Эцэг эх болон хүүхдийн жишээ, франц цэрэг өөрийн төрсөн тосгоноо бөмбөгд гэсэн тушаалыг эсэргүүцсэн жишээ, Израйльчууд Этиоп гаралтай еврейчүүддээ тусалсан жишээ зэргийг ярьсан боловч, эдгээр жишээ нь “Хар ухаанаар бодоход ноцтой санагдаж магадгүй ч, үнэндээ бол сэтгэл хөдлөлийн асуудал эсвэл эмоц хөөрлийн асуудлыг илэрхийлсэн болохоос бус, жинхэнэ ёс суртахууны үүргийг илэрхийлсэн жишээ биш” гэсэн санаа Ринагаас гарсан.

Мөн иймэрхүү эх оронч үзлийг өөрийг нь үгүйсгэх няцаалтаар тогтохгүй, хувь хүний зөвшлийг давсан коммунитийн ухамсар болон нэгдлээс үүсэх “Үүрэг хэлбэрийн эх оронч үзэл”-ийн эсрэг ч бас олон няцаалт байсан. Энэ няцаалт нь, (эх оронч үзлийн үүргийг ч оролцуулаад) өөрийн харьяалагддаг коммунитийн өмнө хүлээсэн тиймэрхүү үүрэг байж болохыг зөвшөөрөх нь зөвшөөрөх ч, “Эх оронч үзэл болон коммунитийн гишүүн байснаар үүсдэг бүхий л үүрэг нь үнэндээ бол либерал үзэлд суурилдаг буюу либерализмтай харшлахгүй.” гэж онцолдог.

Тэдгээр нь коммунитийн гишүүн учраас үүсдэг үүрэг биш, албан бусаар (буюу харанхуй) эсвэл албан ёсоор хийгдсэн зөвшил болон харилцан солилцооны шинжид тулгуурласан үүрэг болохоор тэр. Жишээ нь Жулия энэ хичээлийн блог дээр “Либерализм эх оронч үзлийг сайн дурын ёс суртахууны үүрэг гэдэг утгаар нь дэмжих боломжтой.” гэж бичсэн байсан. Эх оронч үзэл, гэр бүлийн хайр, аль аль нь энэ категорит орно. Жулиягийн зааж үзүүлснээр Кант маягийн хүрээн дотор, хувь хүн өөрөө л хүсэх юм бол эх оронч үзэл гэх мэт ариун ёсыг илэрхийлэх сонголтын эрх чөлөөг зөвшөөрдөг. Тиймээс коммунитийн үнэлэмжийн хэмжүүрийн ёс суртахуунлаг хүчийг тайлбарлахын тулд хэрэг болгож сайн дурын биш өөр тусгай ёс суртахууны үүрэг гэсэн ухагдахууныг гаргаж тавиад байх шаардлагагүй, гэсэн.

Жулия? Хаана байна? Аан, тэнд үү. Чиний хэлсэн саналын хураангуй саяынхтай тохирч байна уу?
Жулиягийн санал бол чухам яг Ролз энэ сэдвийн талаар хэлсэн зүйлтэй яв цав тохирч байна. Энэ тухай өмнө нь мэддэг байсан уу? (Жулия толгой сэгсрэв). Тэгвэл чи өөрөө энэ дүгнэлтэнд хүрсэн байх нь ээ? Гайхалтай.

Ролз улс төрийн үүргийн тухайд ингэж хэлсэн.
Өөрийн хүсэл зоригоор зорьж очоод сонгуульд нэр дэвшиж, цэрэгт явбал болно л доо. Гэвч яг нарийндаа бол жирийн иргэдэд ямар ч улс төрийн үүрэг байхгүй. Яагаад гэвэл, “Иргэдэд заавал шаардлагатай, хийхгүй бол болохгүй зүйл юу болох, хэн тэрийг хэрэгжүүлэх вэ?” гэдэг нь тодорхой биш болохоор тэр. Эндээс Ролз ердийн иргэдэд улс төрийн үүрэг байхгүй гэсэн. Гэхдээ тухайн нэг иргэн өөрөө хүсэж зөвшөөрсний үндсэн дээр улс төрийн үүргийг сонгож, өөртөө хүлээн авсан тохиолдолд бол тусдаа гэж онцолсон. Энэ нь Жулиягийн хэлсэнтэй яг адилхан.

Энэ нь ахиад өөр нэг няцаалттай холбогдож ирнэ. Өөрийгөө гэр бүл эсвэл эх орныхоо өмнө ямар нэгэн үүрэг хүлээсэн гэж бодох нь ямар ч асуудалгүй. Гэхдээ тэдгээр үүргийг төвийлгөн сайшаахдаа “хүн ёсоор хүнийг хүндэтгэнэ” гэх мэт байгалийн үүрэг болон универсал шаардлагад саад болохгүй гэсэн нөхцөлтэй байна.

Энэ санаа бол “Хувь хүн нь эх орон, ард түмэн, гэр бүлдээ хандаж үнэнч болохоо илэрхийлэхийг хүсч байвал тэгэх нь асуудалгүй. Гэхдээ, универсал үүрэг түүнээс дээгүүр эрэмбэлэгдэхийг зөвшөөрч, тэр хүрээн дотроо ямарваа нэгэн булхай хийхгүй гэсэн нөхцөлтэй байна.” гэсэн санаатай ижил юм.

Мөн хөндөгдөөгүй бас нэг нялцаалт үлдсэн нь, “Коммунитийн гишүүн байхаас үүсдэг үүрэг нь хамтын амиа бодсон үзэл биш үү?” гэсэн санаа. Нэр алдрын асуудал биш үү? Ердийн нэг алагчилсан хайр биш үү?

Тэгэхээр “Коммунитийн гишүүний хувиар үүрэх үүрэг”-т хандсан шүүмжлэлтэй санаанууд блог дээр бичиж үлдээсэн оюутнууд доошоо бууж ирээд цуглахгүй юу? Өмнө хийж байсан шиг баг үүсгээд “Эх оронч үзэл бол коммунитээс үүсдэг үүрэг мөн” гэж үзэх хүмүүсийг няцааж чадах эсэхийг харцгаая.

За тэгэхээр, коммунитаричуудын адилаар эх оронч үзлийг өмгөөлөх хүмүүс олон байсан. Тийм юм чинь би өөрөө эх оронч үзлийг шүүмжлэгч тал, коммунитаризмын эсрэг талд нь нэгдлээ. Хэрэглэж болох микрофон байхгүй биз? Баярлалаа, Кэйт.

“Эх оронч үзэл, коммунитээс төрөх эх оронч үзлийг бүгдээр хуваалцах (буюу бүгд тийм үзэлтэй байх) ёстой” гэсэн санааг эсэргүүцэх хүмүүс энд хүчээ нэгтгэцгээе.

Патрик! Чи ч бас нэгдмээр байвал нэгдээрэй. Рина ч бас. Энэ сэдвийн тухай үг хэлмээр байгаа хүмүүс чөлөөтэй оролцож болно шүү.

Гэхдээ эхлээд эх оронч үзлийг өмгөөлөгч талын саналыг сонсмоор байна.
“Эх оронч үзлийг цэвэр хувь хүний зөвшил дээр суурилуулах боломжгүй, либерал үзлээр зөвтгөх боломжгүй, тэр бол ёс суртахууны үүрэг мөн” гэсэн өнцгөөс өмгөөлөх хүний саналыг сонсмоор байна. Эй Жэй Майк (A J Mike) байна уу?
Эй Жэй! Чи ч алдартай юм аа (хаха).

Тэгэхээр Эй Жэйгийн саналыг сонсъё. Чи ингэж хэлсэн байх аа. “Би ердийн коммунитээс илүү өөрийнхөө гэр бүлдээ их өртэй гэж мэдэрдэгтэй адилханаар, бүх хүн төрөлхитөнөөс илүү эх орондоо их өртэй гэж мэдэрдэг нь, эх орон маань миний ялгамж чанарын бүрдэлд чухал болохоор тэр. Эх орноо хайрлах нь алагчилсан хайр биш. Өөрийн эцэг эхээ бусад эцэг эхчүүдээс илүү хайрлах нь алагчилсан хайр биш гэдэгтэй л ижилхэн.” гэж хэлсэн.

Тэгэхээр Эй Жэй! Чи няцаагч багийг хэрхэн ухуулах вэ?

Эй Жэй:
Хүнд өөрийнх нь ялгамж чанарыг бүрдүүлэх коммунитийн хүмүүст хандсан дундын үүрэг байдаг бөгөөд, тэндээс гарч ирэх суурь ёс суртахууны үүрэг бий гэж бодож байна.

Жишээ нь өнөөгийн засгийн газрын тухайд, миний дэмждэггүй зүйлс зөндөө бий. Гэвч, миний ялгамж чанарын нэг хэсэг нь, Америк улс эсрэг санал илэрхийлэх эрхтэй нийгмийг дээдлэх явдалд байдаг. Тэр ч бас эх оронч үзлийн илэрхийллийн нэг хэлбэр.

Харвардын жишээ рүү буцаж очиход, өрөөний найз маань миний ялгамж чанарыг бүрдүүлж буй тул, их сургууль гэсэн том коммунитээс илүү ихийг найзынхаа өмнө үүрнэ. Үүнтэй адилхан зүйлийг эх орон дээр ч хэлэх боломжтой. Мэдээж эцэг эхээ ч сонгож болохгүй, эх орноо ч сонгож болохгүй. Гэхдээ тэнд өсч бойжсон явдал нь ялгамж чанарын нэг хэсгийг бүрдүүлж өгч байгаа болохоор тэр.

Сандел:
Сайн байна. Өөр хэн нэгэн байна уу? Айк?

Айк:
Бусдын өмнө үүрэг хүлээх шалтгаан нь, ердөө л тэр хүмүүсээс нөлөө авч байгаа болохоор гэх нь шалтгаан мөн эсэх талаар хэлэхэд, би Герман улсын иргэншилтэй боловч, хэрвээ 80 жилийн өмнө төрсөн бол нацист Германы гишүүн байх байсан байх. Гэвч “Нацистуудын хийсэн зүйлээс би үр ашиг хүртсэн болохоор, Германы өмнө үүрэг хүлээнэ.” гэж яагаад ч бодогдохгүй байна.

Эй Жэй:
Одоо Америкт “Энх тайван бол эх оронч үзэл” гэсэн бичигтэй лоозон бариад жагсаал хийж байгаа хэдэн 100 мянган хүмүүс байна. Энэ ангид жагсаалыг эсэргүүцэж байгаа хүмүүс ч бас байгаа л байх. Гэхдээ би бол дэмжиж байна. Тэд Бушийн засгийн газрын хийж байгаа бүхнийг хүчтэй эсэргүүцэж байгаа боловч, үүнтэй зэрэгцээд эх орноо ч хайрлаж байгаа. Эх орныхоо хувьд хамгийн сайн үйлсийн төлөө жагсаал хийж байгаа нь тэр. Би ч бас эх оронч хөдөлгөөн гэдэг утгаар нь түүнийг дэмжмээр санагдаж байна.

Айк:
Яагаад эх орондоо хайртай байж чадна вэ? Яагаад ийм юман дээр хүртэл эх оронч байна вэ? Наадах чинь зүгээр л сэтгэл хөөрлийн хайр биш үү? Үүрэг хаана нь байна гэж?

Рина:
Мэтгэлцээнийг Жон Лок хүртэл нь ухраах ёсгүй байх л даа. Гэхдээ би Жон Лок руу буцаж очмоор байна (хахаха).
Локийн үзлээр бол, хүн нийгэмд элсэн орсон ч тэнд “гарах гарц” бий. Нийгэм таалагдахгүй бол гарч явж болно. Өөрөө сонгож тэнд төрсөн бишээс хойш, гараад явах нь амьдраллаг биш байж магадгүй ч, ямар ч байсан л гарч болохгүй гэсэн юм байхгүй.
Гэвч хувь хүн нийгэмд хүлээх үүргийг ёс суртахуунлаг зүйл гэвэл, хүн өөрийн харьяалагдах нийгмээ ямар нийгэм болохыг нь мэдэхээсээ өмнө, мөн өөрийн нийгэм дэхь байр суурь нь ямар байхыг мэдэхээсээ өмнө, өөрийн хувийн итгэл үнэмшилтэй ямар ч хамааралгүй коммунитид хүлэгдэх үүрэг хүлээх болох нь (Нэг ёсондоо, би Монгол гэдэг улсад дуртай дургүйгээ мэдэхээсээ өмнө, Монголд л төрсөн бол Монголын өмнө үүрэг хүлээх болох нь).

Сандел:
Өөрөөр хэлбэл “Коммунитээс үүсэх үүрэг болон эх оронч үзэл нь коммунитид ёс суртахууны баталгаажсан бланк хуудас (баталгаажсан бланк буюу гарын үсгээ зурсан боловч, заалт нөхцлүүд нь онгорхой гэрээний бичиг) өгсөнтэй ижил явдал болно” гэж хэлж байна уу?

Рина:
Үндсэндээ бол тийм. Тэр коммунити дотор өсч бойжих явцдаа харилцан солилцооны элементэд (буюу харилцан үр ашиг хүртсэн фактад) тулгуурласан ямар нэг хэлбэрийн үүрэг хүлээх маягийн зүйл байвал учир утгатай байх. Тэрнээс шууд анхнаасаа л ёс суртахууны үүрэг хүлээнэ гэж хэлэхийн тулд илүү хүчтэй үндэслэл байхгүй бол зөвтгөх боломжгүй гэж бодож байна.

Сандел:
Өөр санал нэмэрлэх хүн байна уу?

Эмэгтэй оюутан:
Хувь хүн болон нийгэм нь харилцан үр ашиг хүртэж байвал, нийгэмд хандсан ёс суртахууны үүрэг хүлээнэ гэж үзэж болно. Тэр нь “Нийгэмд элсэн орох” гэсэн үг бөгөөд, татвар төлж, сонгуульд санал өгдөг нь бид нийгэмд ямар нэгэн байдлаар өртэй болохын илрэл. Гэлээ гээд нийгмийн нэг гишүүн л бол автоматаар ямар нэгэн өртэй болно гэж бодохгүй байна. Хамгаалал, аюулгүй байдлыг хангаж өгч байгаа л бол бид нийгэмд ямар нэгэн өртэй болох ба, тэр нь бидний нийгэмд өгсөн зүйлээс давах явдал байхгүй.

Сандел:
Өөр санал? Раул?

Раул:
Саяын утгаар бол коммунитид “ёс суртахууны баталгаажсан бланк хуудас” өгсөн хэрэг болно гэж бодохгүй байна. Ёс суртахууны баталгаажсан бланк хуудас өгөх нь “Бид иргэний үүргийн талаар шийдвэр гаргахаас татгалзаж, эх оронч үзэл бол муу зүйл учраас энэ мэтгэлцээн ямар ч утгагүй” гэж хэлэх зөвхөн тэр үед байна.

Би эх оронч үзлийг чухал гэж боддог. Учир нь коммунитийн ухамсар, нийтлэг иргэний ариун ёсны ухамсарыг бий болгодог. Засгийн газрын үйл ажиллагааг дэмжихгүй байлаа ч гэсэн, эх орноо хайрласандаа тэр үйл ажиллагааг буруушаах нь боломжтой зүйл. Эх орноо гэсэн хайр байгаа болохоор бусад хүмүүстэй хэлэлцэж, тэдний санал бодлыг хүндэтгэж, мэтгэлцээнд хамрагдаж чаддаг учиртай.

Гэтэл зүгээр л “Эх оронч үзэл бол муу зүйл” гээд хэлчих юм бол, мэтгэлцээнээс гарсан явдал болж, илүү хатуу үзэлтэй, тэр үзлээ коммунитид хүчээр тулгахыг санаархсан зарчимч фундаменталистуудад зай тавьж өгсөн хэрэг болно. Тэгэлгүйгээр ижилхэн ёс суртахууны байр суурьнаас бусад гишүүдтэй харилцах ёстой байх.

Сандел:
Эй Жэй, Раул нарын хэлж байгаа нь маш олон ургалч, заргач, шүүмжлэмтгий шинжтэй эх оронч үзэл боловч, эх оронч үзлийг эсэргүүцэж байгаа талын болгоомжилж буй зүйл бол “Эх оронч байх үүрэг нь коммунитийн гишүүн бүрт мэдээжээр байдаг зүйл гэчих юм бол, бидний төрд хандах итгэл ч юм уу, үйл хөдлөл ч юм уу, эсвэл зуршлаа өөрийн хүсэл зоригоор сонгох боломжгүй тийм үнэнч сэтгэлтэй болон хувирчих биш үү?” гэх явдал. Цаашлаад бидний эрэлхийлж буй зүйл нь шударга ёсны зарчимд хандах үнэнч сэтгэл юм гэвэл, тэр нь бидний коммунитээр дамжих ч тохиолдол байна, дамжихгүй ч тохиолдол байна. Дамжихгүй тохиолдолд шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэхээс татгалзаж болох хэрэг үү?

Би лав мэдэхгүй. Биш ээ уучлаарай. Бараг хариултыг нь хэлчих шиг боллоо. Бүр улайрчхаж (хэхэ). Жулия!

Жулия:
Би эхлээд “Эх оронч үзэл гэж юу вэ?” гэдгийг тодорхойлох ёстой гэж бодож байна.
Бидний эсэргүүцэгч багийнхныг эх оронч үзлийг жижигхэнээр хараад байна гэж бодох хандлага байж магадгүй ч, эсрэгээрээ коммунитаричууд эх оронч үзлийг “Нийгэм дотор иргэд мэтгэлцээнд оролцох явдал” гэх төдий утгаар авч үзээд байгаа юм шиг сонсогдоод, эх оронч үзлийн ёс суртахууны үнэ цэнийг унагаад байгаа юм шиг санагдаж байна.

Эх оронч үзлийг илүү хүчирхэг зүйл гэж тунгаах юм бол, илүү хүчирхэг ёс суртахууны үүрэг үүсэх биш үү?

Сандел:
Шулуухан хэлэлцэх ёстой нэг асуудал бол, коммунитаризмыг өмгөөлөх урсгалаас гарсан жишээ. Ямар тохиолдолд коммунитид хандах үнэнч сэтгэл нь универсал шударга ёстой мөргөлдөх вэ, ямар тохиолдолд үнэнч сэтгэл нь шударга ёсны зарчмаас дээгүүр тавигдах боломжтой вэ, гэдэг асуудал. Энэ л хамгийн хэцүү шалгалт биз? Энэ талаар та бүхнээс асуумаар байна.

Та бүхний дунд, зарчмын хувьд шударга ёсонд нийцэхгүй байсан ч хамаагүй, нэгдлээс болон коммунитийн гишүүн байснаар үүсдэг үүрэг ямагт дээгүүрт тавигдана гэж үзэх хүн байна уу?
“Нийтлэг ёс суртахууны үзэл баримтлал эсвэл хүн ёсоор хүнийг хүндэтгэх гэхээс илүү, коммунитид хандах үнэнч сэтгэл нь дээгүүрт тавигдсан, эсвэл тавигдах ёстой” гэсэн жишээ гаргаж хэлэх хүн байна уу? Чи!

Дан:
Эдийн засгийн хичээлийн шалгалтын үеэр өрөөний найз маань хүнээс хуулж байгааг би харжээ гэе. Болохгүй зүйл хийж байж болох ч, би найзыгаа сургалтын албанд ховлохгүй.

Сандел:
Ховлохгүй гэж үү?

Дан:
Ховлохгүй. Ховлохгүй байх нь зөв. Яагаад гэвэл би түүний өмнө хариуцлага (буюу үүрэг) хүлээдэг. Болохгүй зүйл байсан ч би тэрийг чимээгүй өнгөрүүлнэ. Олон хүн тэгэх ч байх.

Сандел:
Сайн байна. Наад чинь гоё тест байна. Өрөөний найз гэдэг нэртэй коммунити дор өрнөж байгаа явдал универсал шударга ёсны зарчимтай мөргөлдөж буй жишээ.
Нэр хэн билээ?

Дан:
Дан.

Сандел:
Дан. Бусад нь Даны гаргасан энэ жишээний талаар юу гэж бодож байна? Энэ бол үнэнч сэтгэлийн этикийг шалгасан илүү хүнд тохиолдол. Дээр нь маш амьдраллаг жишээ байна. Даныг дэмжих хүн байна уу? (Нэлээд олон гар өргөв).
Пөөх, үнэнч сэтгэл чухал бололтой шүү.
Даныг эсэргүүцэх хүн байна уу? (Цөөхөн хүн гараа өргөв. хахаха). Пэги!

Пэги:
Би ч бас чимээгүй өнгөрүүлнэ л дээ. Гэхдээ энэ бол сонголтын нэг л болохоос “зөв, буруу” гэхээр зүйл биш. Би өрөөний найзыгаа сонгоно гэх буруу сонголт хийж байгаа ч, тэр сонголт нь ёс суртахууны хувьд зөв биш гэдгээ мэдэж байгаа.

Сандел:
Чи Даны үнэнч сэтгэлийг ч хүртэл “Сонголтын л асуудал” гэж байгаа хэрэг үү? Гэхдээ тэгээд аль нь зөв үйлдэл юм бэ? Ихэнх хүмүүс Даныг өрөөнийхөө найзыг хамгаалж ховлохгүй байх нь зөв гэдгийг дэмжиж байна. Чи?

Войтек:
Өрөөний найз гэдэг байр суурьнаас олж авсан дотоод мэдээлэл (insider information)-ийг ашигламааргүй байна гэсэн байж ч болно. Үүнийг гаргаж тавиад найзаа ховлох нь шударга бус байж болно. Хамтдаа удаан хугацаанд цуг байвал өрөөний найзынхаа талаар олон талын мэдээлэлтэй болно, тэрийгээ илүү том коммунити рүү задлах нь шударга бус биз дээ?

Сандел:
Бас л үнэнч сэтгэл гэсэн үг биз? Чи Даныг дэмжиж байна уу? “Үнэнч сэтгэл” энд асуудал дагуулсан этик болоод байна.

Войтек:
Яг тийм.

Сандел:
Чамд үнэнийг өчих үүрэг, булхайг илчлэх үүрэг байхгүй юу?

Войтек:
Байхгүй гэж бодож байна. Тэр мэдээллийг олж авах давуу байр сууринд байсан тохиолдолд.

Сандел:
Эх оронч үзлийн эсрэг багийнхныг суудалдаа суухаас нь өмнө ахиад нэг жишээ ярья. Би саяын жишээг “Үнэнч сэтгэлийн тухай Даны Дилемма” гэж нэрлэлээ. Харин дараагийн жишээ бол бүр нээлттэй жишээ. Энэ жишээний тухайд та бүхний саналыг сонсмоор байна.

Энэ бол хэдэн жилийн өмнө Массачусетс мужид болсон явдал. Энэ хүнийг таних хүн байна уу? (Зураг үзүүлэв).

Эрэгтэй оюутны хоолой:
Билли Болжер.

Сандел:
Тийм. Билли Болжер, зөв. Билли Болжер гэж хэн бэ?
Болжер бол олон жил Массачусетс муждаа мужийн сенаторч хийж байгаа хүн. Массачусетсын хамгийн нөлөө бүхий улс төрч бөгөөд, Массачусетсын Их Сургуулийн захирал ч хийж байсан. Та нар Дантай адилхан асуудалд өртсөн Билли Болжерыг мэдэх үү? Билли Болжер Уайти Болжер гэдэг дүүтэй (хахаха). Уайти Болжерыг харуулъя (зураг үзүүлэв).



Биллигийн дүү Уайти бол Холбооны мөрдөх товчооны онц эрэн сурвалжилж байгаа хүмүүсийн жагсаалтанд байдаг. Бостоны гэмт бүлэглэлийн толгойлогч, олон хүн амины хэрэгт холбогдон сэжиглэгдэж байгаа ч, одоо ч баригдаагүй яваа.

Гэтэл Америкийн холбооны прокурор их тангарагтны шүүх эхлэхийн өмнө, тухайн үед Массачусетсын Их Сургуулийн захирал байсан ах Билли Болжерыг дуудан ирүүлж, зугтаж яваа дүүгийнхээ талаар мэдээлэл өгөхийг шаардахад, ах Билли Болжер нь татгалзжээ. Холбооны прокурор ингэж асууж гэнэ. “Болжер гуай, танаас асууя. Танд Массачусетс мужаас илүү дүүдээ үнэнч байх ёстой гэж санагдаж байна уу?” гэж. Билли Болжер хариулж:
“Тэгж бодож байсан удаа үгүй ч, мэдээж дүүгээ ч бас эрхэмлэнэ. Дүүгий минь эсрэг байгаа хүнд туслахгүйхэн шиг өнгөрчих юмсан гэж залбирч байна. Тэгээд ч надад дүүг минь барих гэж байгаа хүнд туслах үүрэг байхгүй.”

Дан! Чи бол дэмжих байх тэ? Билли Болжерын байр суурийг дэмжих хүн байна уу? (тодорхой тооны гар өргөв). Ахиад нэг өөр жишээ үзүүлээд, тэгээд үнэнч сэтгэлийг эсэргүүцэгч талынхны няцаалтыг сонсъё.

Энэ удаад Америкийн түүхэн дэхь хүн, илүү хувь заяаны шинжтэй жишээ. Энэ хүн бол Роберт Эдвард Лий.

Америкийн иргэний дайны өмнөх орой, тэрээр умардын армийн хурандаа байлаа. Хурандаа Лий өмнөдийг Америкийн холбооноос гарах гэж байгааг эсэргүүцэж, тэгэх нь урвалт гэж үзэж байв. Дайн ойртох үед ерөнхийлөгч Линкольн Лийг хойдын армийн жанжин болгох гэж байжээ. Гэвч Лий түүнээс татгалзаж, хөвгүүддээ бичсэн захиан дотроо яагаад татгалзах болсон шалтгаанаа тайлбарласан байв.
“Би Америкийн холбоонд зориулж чадах бүхнээ зориулаад ч, өөрийн ойр төрөл, хүүхдүүд, төрсөн нутгаа довтлох сэтгэл төрөшгүй нь.”



Төрсөн нутаг гэдэг нь Виржиниа.
“Америкийн холбоо задрахаар төрсөн нутагтаа буцаж, нутгийн хүмүүсийнхээ зовлон зүдгүүрийг хуваалцах минь. Төрсөн нутгаа хамгаалахаас өөрөөр надад сэлмээ сугалах хэрэг гэж үгүй.”



Үүн дээр жинхэнэ тест явагдаж байна. Дан! Чиний үнэнч сэтгэлийн зарчим болох тест.

Иргэний дайн дахь умардын армийн их үйлс бол зөвхөн холбоог хамгаалах явдал байгаагүй. Боолын системийг нураах явдал ч бас хамаарч байсан. Лий хурандаа өмнөдүүд холбооноос гарахыг эсэргүүцэж байсан хэрнээ, өмнөдийн армийн жанжин болоод төрсөн нутаг Виржиниагийнхаа төлөө тулалдсан.

Коммунитаричууд түүний үйлдлийг сайшаан өргөмжлөх ёстой гэх байх. Түүний шийдвэр эцсийн бүлэгтээ зөв үү буруу юу гэдгийг хойш нь тавиад, ямар ч байсан сайшаах үнэ цэн тэнд байна, гэж үзэх болов уу. Лий хурандаагийн дилеммаг ёс суртахууны дилемма гэдэг талаас нь ойлгохын тулд, “Лий гэж хэн бэ? Тэр хүн хаана өсч том болсон бэ?” гэсэн түүхчилсэн хэлбэрээр үүсч буй үнэнч сэтгэлээс “хөөрлийн, сэтгэл догдлолын ацан шалаа” бус, “ёс суртахууны ацан шалаа” төрөн гарч буйг анзаарах шаардлагатай.

Дан болон Билли Болжер, Лий хурандаагийн үнэнч сэтгэлийн талаар ямар нэгэн санаа оноотой хүн байна уу? Юу гэж бодож байна? Жулия!

Жулия:
Саяын жишээнүүд аль аль нь гэр бүлийн эсрэг төр гэх мэт харилцан эсрэгцэх коммунитинууд оршиж, олон зэрэг нөлөөллүүд орсон түгээмэл жишээнүүд байна. Үүргийг өөрөө сонгох боломжтой байхын чухал шалтгаан нь, өөрөө сонгохгүй бол шийдэх боломжгүйд байгаа юм. Бүх коммунитигийн өмнө ёс суртахууны үүрэг хүлээнэ гэх юм бол, хаашаа ч хөдлөх боломжгүй болчхоно. Тиймээс сонгох шаардлага гарна. Тэр тохиолдолд, санаандгүй энэ коммунитид харьяалагддаг болохоор гэсэн тохиолдлын фактанд тулгуурлах бус, өөр хүчин зүйлд тулгуурлан сонгох боломжтой байх нь чухал. Тэгэхгүй бол сонголт нь харанхуй сонголт л болж хувирна.

Сандел:
Жулия! Асуудал бол Дан, Билли Болжер, Лий хурандаа нар сонголт хийсэн үү үгүй юу гэдэг биш.
Мэдээж тэд нар сонголт хийсэн. Гэвч асуудал бол юун дээр үндэслэж, ямар зарчимд тулгуурлан сонгох вэ, гэдэг юм.
Коммунитаричууд хийгдэх ёстой сонголт байгаа гэдгийг үгүйсгээгүй. Асуудал бол, сонгох явцад юуг үндэслэж сонгох вэ, үнэнч сэтгэлийг өөрийг нь хаа хүртэл чухалчлах вэ, гэдэг юм. Андрэ! Чи юу гэж бодож байна? Юу гэх вэ?

Андрэ:
Саяын 3 тохиолдолд бүгд өөрийн харьяалагдаж буй хамгийн ойрын, хамгийн хязгаарлагдмал коммунитиг сонгож байна. Энэ бол анхаарал хандуулууштай факт бөгөөд, ердийн нэг санамсаргүй давхцал биш гэж бодож байна.

Үнэндээ тэнд ямар ч эсрэгцэл байгаагүй юм биш үү? Тэр 3 гурвуулаа, аль нь өөрийнх нь хувьд хамгийн чухал вэ гэдгийг тов тодорхой ойлгож л байсан байх.
Яагаад гэвэл, эдийн засгийн хичээлээс илүү өрөөний найз, Массачусетс мужаас илүү төрсөн дүү, эх орноос илүү төрсөн нутаг гэдгийг ойлгож байсан. Энэ бол “Юу илүү чухал вэ?” гэдгийн хариулт гэж бодож байна.

Сандел:
Өөрийн хамгийн ойрын, хамгийн жижиг коммунити нь ямагт ёс суртахууны хувьд жин дарна гэж үү?

Андрэ:
Энэ 3 жишээн дээр, тийм ижил хандлага байна гэж бодож байна. Би ч бас тэрийг зөвшөөрнө. Магадгүй бидний ихэнх маань АНУ-аас илүү өөрийн гэр бүлээ эрхэм гэж боддог биш гэж үү?

Сандел:
Тийм болохоор чи Дантай адилаар эдийн засгийн хичээл, эсвэл бодит үнэнээс илүү өрөөний найздаа үнэнч байхыг сонгох юм байна.

Андрэ:
Тийм ээ, яг тэгнэ. Яагаад гэвэл, үнэнийг хэлэхэд... (хахаха)

Сандел:
Эдийн засгийн хичээлийн үнэнийг биш, бодит үнэнийг хэлэхэд биз дээ? (хахаха)

Андрэ:
Тийм ээ (хахаха).

Сандел:
Сайн байна, баярлалаа. Чи!

Саманта:
Гэхдээ иргэний дайны үед гэр бүлээсээ илүү улсаа сонгож, ахан дүүс талцан байлдсан жишээ ч бас байдаг. Энэ бол ижилхэн дайн ч гэсэн хүн нь өөр бол сонголт ч бас өөр байж болохыг илтгэж байна. Нэг ёсондоо, коммунитаричуудын бардам ам гарч чадах тийм үнэлэмжийн хэмжүүр, ёс суртахуунлаг шинж гэж оршин байхгүй. Би коммунитаризмын хамгийн том асуудал бол ёс суртахууны үүрэгт ямар нэгэн дүрэм (стандарт) байхгүй явдал гэж бодож байна.

Сандел:
Нэр хэн бэ?

Саманта:
Саманта.

Сандел:
Саманта! Чи Патрикийн талд юм байна. Партрик “Үүрэг нь тухайн коммунитийн гишүүн гэх ялгамж чанараар тодорхойлогдчих юм бол, үүргүүд хоорондоо мөргөлдөж, давхцаж, өрсөлдөж ч мэднэ. Үүн дээр илэрхий дүрэм зарчим гэж байхгүй байна.” гэж шүүмжилсэн. Андрэ болохоор “Хамгийн ойрын коммунитиг сонгох гэсэн тодорхой дүрэм байна.” гэсэн бол, өмнөх лекцээр Никола “Хүний хувьд хамгийн универсал үүрэг нь хамгийн дээгүүрт тавигдах ёстой” гэж онцолж байсан.

Сайн байна. За тэгвэл коммунитээс төрдөг эх оронч үзэл гэсэн санаанд шүүмжлэлтэй хандаж, зогсоогоороо мэтгэлцээнд оролцож хариулсанд баярлалаа. Та нарын ачаар асуудал тодорхой боллоо (Бүгд алга ташив).

Одоо бүгдээрээ энэ хүртэл ярилцаж ирсэн шударга ёсны талаар, түүний утга учрын тухай эргэцүүлэн харцгаая. Тус бүртээ бие даасан ёс суртахууны жин бүхий гишүүн байх, эсвэл үнэнч байх ёстой гэх санаанд олон тооны эсэргүүцэл гарч ирлээ. Тэдгээр эсэргүүцлийн үндэс сууринд байгаа болгоомжлол бол “Тухайн нэг коммунитид орших сайн амьдрахуйн тухай төсөөллөөс салгаж шударга ёсны зарчмыг эрэлхийлэх нь боломжгүй.” гэдэгт байх шиг байна.

Коммунитаричуудын үзлийг зөв байг гэж бодъё. “Эрх” ямагт “сайн”-аас дээгүүр тавигдана гэсэн санал дэмжигдэх боломжгүй гэе. Оронд нь, шударга ёс болон эрхүүдийг “сайн” гэх ухагдахуунтай нягт холбоотой гэж үзье. Тэгвэл тэр нь “Шударга ёс гэдэг бол ердөө л тухайн цаг үед, тухайн коммунити дотор тохиолдлоор зөв гэж хүлээн зөвшөөрөгдсөн үнэлэмжийн хэмжүүр ч юм уу уламжлал дадлаас бий болдог зүйл төдий” гэсэн утгыг илэрхийлэх үү?

Коммунитаризмыг баримтлагч шүүмжлэгчдийн нэг Майкл Волцер шударга ёс гэдгийн утга учрыг дараах байдлаар өгүүлсэн байдаг:
“Шударга ёс бол нийгмийн утгатайгаа холбоотой байдаг. Тухайн нийгэм зөв байх нь, тэр нийгмийн бодит амьдрал нийгмийн гишүүдийн нийтлэг ойлголтын дагуу өрнөж байх тэр тохиолдолд юм.”



Волцерын тайлбар бидний болгоомжлолыг нотолж байгаа мэт харагдаж байна. Бие даасан шударга ёсны зарчим, алив нэгэн коммунити дотор зөв гэгддэг сайны төсөөлөлд тулгуурлаагүй шударга ёсны зарчмыг хэрэв олж чадахгүй бол, шударга ёс гээч нь зөвхөн ямар нэгэн цаг үе, зөвхөн ямар нэгэн нийгэм дотор л үйлчилдэг; нийтлэг ойлголт болон үнэлэмжийн хэмжүүр эсвэл уламжлал ч юм уу дадалд үнэнч төдий зүйл болчих биш үү?

Гэвч энэ нь шударга ёсыг тунгаах зохистой арга зам мөн үү?

Тэгэхээр одоо нэгэн баримтат киноны хэсгээс үзүүлье. Гарчиг нь “Олзоо ширтсэн нүд”. Энэ бол 1950-д оны өмнөдийг харуулсан кино. Тухайн үед өмнөдөд арьс өнгөний үзлийг нийгмийн нийтлэг ойлголт буюу уламжлал гэж үзэх хүмүүс байж. Тэдний үнэнч сэтгэл болон уламжлалын тухай яриаг сонсвол, шударга ёсны тухай яриа ямар нэгэн цаг үеийн ямар нэгэн нийгэмд дэлгэрсэн нийтлэг ойлголт болон уламжлалтай ямар хялбархан холбогдчихож байгаа нь та нарыг түгшээх болов уу. За бичлэгээ үзэцгээе (бичлэг үзүүлэв).

Анчин:
Энэ газар цагаан арьстан, хар арьсан гэсэн хоёр соёл бий.

Төрснөөсөө хойш өдийг хүртэл аль алинтай нь маш ойрхон байж ирсэн. Гэтэл одоо...

“Бидний хийж ирсэн зүйлийг харгислал хэрцгийлэл, өөрчлөгдөх ёстой” гэцгээж байна.

Өөрчлөлт төсөөлснөөс хамаагүй хурдан эхэлж байна.

Шинэ аргаар шийд гэж хичнээн хэлсэн ч

Энэ бол миний хувьд, мөн бүх өмнөдүүдийн хувьд ч хэцүү хэрэг.



Сандел:
Одоо та нар ойлгосон байх. Түүхчилсэн бие хүн, тухайн нэг нөхцөл байдалд байгаа бие хүн нь уламжлалд хайрцаглагдаж орхино. Эндээс, ямар нэгэн цаг үед ямар нэгэн коммунитид зөв гэгдэх “сайн”-ы нийтлэг ойлголтод шударга ёсыг холбож болохгүй гэдгийг илэрхийлж байна бус уу? Эсвэл энэ жишээг харсан ч, хараахан энэ санааг аврах зам байсаар байна уу? Энэ талаар дараагийн лекцээр ярилцъя (Бүгд алга ташив).

Тайлбар:

Энэ удаа эх оронч үзлийг тойрсон чухал мэтгэлцээн боллоо. Энэ лекц, Бушийн засагласан Америк дайн хийж байсан тэр үед болсон болохоор, маш хурц уур амьсгалтай байлаа. Эй Жэй Кумал гэдэг оюутан энд үг хэлж байсан шүү дээ. Үнэндээ бол тэр оюутны санаа нь профессор Санделтай маш ойрхон юм. Коммунити нь хүний ялгамж чанарын бүрдэлд чухал утгыг агуулдаг гэх санаанд тулгуурласан үзэл байсан учиртай.

Энэ удаад ч бас жишээ нь булхайцсан оюутныг илчлэхгүй оюутнуудын “Үнэнч сэтгэлийн талаарх Данын дилемма”, Билли Болжер, Лий жанжин гэх зэрэг олон чухал жишээ гаргаж ярьж байна. Эдгээр жишээ нь локал түвшний үнэнч сэтгэл хүний хувьд том утгатай болохыг илэрхийлж байсан. Энэ бол чухам мөнөөх Коммунитаризм маягийн сэтгэлгээ юм.

Гэвч профессор Сандел төгсгөлд нь 1950-д оны Америкийн өмнөд дэхь арьс өнгөний үзэлтний яриаг жишээ болгон үзүүлж, коммунитаризмын эгэлхэн сул талыг илчиллээ. Ямар нэгэн цаг үеийн ямар нэгэн коммунитид л хүчинтэй байдаг санааг шударга ёс болгон баталгаажуулчих юм бол, тэр нь үнэндээ хожмын нүдээр харахад асуудалтай санааг тунхагласан явдал болсон байхыг ч үгүйсгэхгүй. Тиймээс профессор Сандел иймэрхүү төрлийн коммунитаризмыг дэмждэггүй. Бушийн засгийн доорх америкчуудын олонх нь дайныг дэмжиж байсныг бодож үзвэл, энэ асуудлыг профессор онцолж байгаа нь чухал юм.


Коммунитаризмд 2 чухал элемент байдаг. Нэг нь сайн гэх этикийн, оюун санааны элемент, нөгөө нь коммунити гэх нийтлэг шинжийн элемент. Профессор Сандел ч бас хоёуланг нь чухалчилж байгаа боловч, шударга ёсны эргэцүүллийн хувьд илүү төвийлгөн харж байгаа “сайн”-ы элемент нь юм. Тухайн нэг коммунити дэхь шударга ёсны үзлийг эгэлээр тунхаглах коммунитаризмд асуудал байгаа учир, тухайн нэг коммунитигээр хязгаарлахгүйгээр, сайнтай холбоотойгоор шударга ёсыг тунгаахгүй бол болохгүй гэсэн үг. Энэ бол профессор Санделын үзэл бөгөөд, дараагийн хичээл буюу сүүлчийн лекцээр энэ талаараа тодорхой өгүүлэх болно оо.


No comments:

Post a Comment