2018/09/18

Шударга ёсны лекц 11-1: Сайн сайнтай мөргөлдөх үед

Өмнөх - Боолын нийгэмд шударга ёс бий гэв үү?

Сандел:
Өнөөдөр Аристотельд гаргаж тавьсан Кантын няцаалтын талаар эхлээд ярилцана.
Кант, Аристотелийн санааг буруу гэж үзсэн.
Суурь эрхүүд баталгаажсан шударга бүтэц тогтолцоог бэлдэж, тэр бүтэц дотроо хүмүүс өөрсдийн дүрслэн төсөөлөх “сайн амьдрахуй”-г хөөн эрэлхийлж болойхуйц байхаар загварчлах нь чухал болохоос бус, ямар нэгэн “сайн амьдрахуй”-н тухай ухагдахуунд суурилж хууль хийгээд шударга ёсны зарчмыг тогтоох нь албадлагын аюулыг төрүүлж болзошгүй бөгөөд зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн.

Аристотель “Төгс улс төрийн бүтцийг бий болгохын тулд, хамгийн сайн амьдрахуйг танин мэдэхгүй бол болохгүй” гэж өгүүлсэн боловч, Кант үүнийг үгүйсгэсэн. Кантынхаар бол, улс төрийн бүтэц хийгээд хууль, эрхүүд бол тухайн нэг амьдрахуйг загвараа болгож, түүнд уриалж, тийш нь чиглүүлэх зүйлс байж болохгүй. Яагаад гэвэл ингэх нь эрх чөлөөтэй харшилна.

Эсрэгээрээ Аристотелийн хувьд хуулийн мөн чанар хийгээд полисын зорилго гэдэг бол иргэдийн (ард түмний) онцлог шинжийг хэлбэржүүлж, иргэдийн ариун ёсыг хөгжүүлж, иргэн хүний шилдэг чанарыг заан сургаснаар сайн амьдрахуйг боломжтой болгох явдал байсан. Өөрийн бүтээл “Улс төр” дотроо тэгж бичсэн байдаг. Үүний эсрэгээр Кантын хувьд бол, хуулийн зорилго болон улс төрийн бүтцийн утга учир нь ариун ёсыг сургаж чиглүүлэхэд бус, үндсэн эрхүүд нь баталгаажсан шударга бүтэц тогтолцоог бүрдүүлж, тэр тогтолцоо дотроо ард иргэд өөрсдийн дүрслэн төсөөлөх “сайн”-ы ухагдахуунаа чөлөөтэйгээр эрэлхийлэхийн төлөөх зүйл юм.

Үүгээр тэр хоёрын шударга ёсны онолын ялгааг ойлгосон байх гэж бодож байна. Хууль, үндсэн хуулийн үүрэг роль, улс төрийн утга учрын талаарх тайлбарын ялгаа харагдаж байна. Эдгээр ялгааны уг язгуурт юу байна гэхээр, “Эрх чөлөөт хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?” гэдэг тайлбарын ялгаа байгаа юм. Аристотелийн үгээр бол, хүн өөрийн далд авьяасаа дайчлах чадвартай л бол эрх чөлөөтэйд тооцогдоно. Энэ санаа нь, хүн болон тухайн хувь хүнд тохирсон үүрэг ролийн харгалзуулалтын асуудалтай холбогдоно. Үүний тулд “Би юунд авьяастай вэ?” гэдгээ танин мэдэх шаардлагатай ба, тэр нь эрх чөлөөтэйгээр амьдарч байгаа явдал, өөрийн далд авьяастаа тохирсон амьдралаар амьдарч байгаа явдал болох юм.

Кант энэ санааг үгүйсгэж, оронд нь хараат бусаар үйлдэх чадвар хэмээх эрх чөлөөний талаарх сайтар танигдсан чанд хатуу санааг гаргаж тавьсан. Эрх чөлөө гэдэг бол өөрөө өөртөө оноосон дүрэмд захирагдан үйлдэх явдал, нэг ёсондоо “хараат бус” гэсэн утгыг илэрхийлнэ. Кант, Ролз нарын санаагаар эрх чөлөөт бие даасан бие хүн гэдэг нь “Өөрийнхөө зорилгыг өөрөө сонгох чадвар бүхий хувь хүн” гэх байдлаар уншигддаг болохоор туйлаас дур булаам, ёс суртахуун талаасаа үнэмшил бүхий байдаг. “Эрх чөлөөт бие даасан бие хүн” гэх төсөөлөл нь хүчирхэг бас юунаас ч чөлөөлөгдмөл гэсэн дүр зургийг төрүүлнэ. Энэхүү бие хүний дүр зураг нь “Эрх чөлөөт ёс суртахуунлаг хувь хүн болох би, түүх хийгээд уламжлал гэх мэт би өөрөө сонгоогүй хуучны элдэв зүйлсэд хайрцаглагдахгүй” болохыг илтгэнэ. Хүн өөрөө сонгосон биш л бол ямар ч ёс суртахуунлаг холбоо байсан түүнд баригдахгүй гэсэн үг. Хүн зөвхөн өөрийн зохиож гаргасан үүргээрээ л өөрийгөө журамлана.

Кант урсгалын, Ролз урсгалын либерализмыг шүүмжилдэг коммунитаричууд хүртэл “Эрх чөлөө гэдэг бол, эрх чөлөөтэй хараат бус бие хүн өөрийн үйлдлээ сонгон үйлдэх явдал” гэх санааг үнэмшил төрөхүйц мөн гэж зөвшөөрдөг. Гэвч коммунитаричууд үүн дээр ёс суртахууны амьтан, улс төрийн амьтан гэх шинж нь бүхлээрээ орхигдсон байна гэж шүүмжилдэг.

Кант урсгалын онолыг дагах юм бол, нийтлэгээр өргөнөөр зөвшөөрөгдөн таашаагддаг ёс суртахууны болон улс төрийн үүргүүд тайлбарлагдах боломжгүйд хүрнэ. Жишээ нь, бүлгийн (коммунитийн) гишүүний үүрэг, үнэнч байдал, нэгдмэл байдал гэх зэрэг тухайн хүн тэгж ам өчиг өгсөн эсэхээс үл хамааран мөрдөхгүй бол болдоггүй ёс суртахуунлаг холбоо гэж юм байдаг, хэмээн коммунитаричууд хэлнэ. Коммунитаризмын улс төрийн философич Аласдер Макинтайр “бие хүн”-ийг тайлбарлахын тулд “Түүхчихлсэн төсөөлөл” гээч зүйлийг ашигладаг. Энэ бол Кант нарынхаас ялгаатай бие хүний тухай санаа юм.
“Хүн байгалиасаа түүх хүүрнэдэг амьтан юм. “Би юу хийх ёстой вэ?” гэдэг асуултанд хариулахын тулд эхлээд “Ямар түүхийн дотроос би өөрийнхөө үүрэг ролийг олж чадах вэ?” гэдэг асуултанд хариулж байж сая хариулт олдог.”



Энэ бол Макинтайрын хэлэх “Бие хүний түүхчилсэн төсөөлөл” юм. Энэ нь коммунити болон харьяаллын мэдрэмжтэй хэрхэн холбогдох бол? Макинтайр ингэж хэлсэн байдаг:
“Ёс суртахууны тусгал дахь түүхчилсэн талыг хэрэв хүлээн зөвшөөрвөл дараах зүйлийг анзаарах болно. Би ердийн нэг хувь хүний хувиар сайныг эрэлхийлж, ариун ёсыг хэрэгжүүлж чадахгүй. Бид нар бүгдээрээ нийгмийн ямар нэгэн дүрд тоглогчийн хувиар орчин тойронтойгоо нийгмийн харилцаанд орж байдаг. Би хэн нэгний хүү эсвэл охин, аль нэгэн хотын иргэн, энэ үндэстэн тэр ястанд харьяалагддаг.”



“Тиймээс миний хувьд сайн гэдэг бол, миний энэ мэт дүрийн хувьд сайн зүйл байх учиртай. Би өөрийн гэр бүл, хот, үндэстэн, улс орныхоо өнгөрснөөс янз бүрийн өв болон өр, хүлээлт бас үүрэг залгамжлан авсан.”



“Эдгээр нь миний амьдралд төрөлхөөс оноогдсон зүйлс бөгөөд, миний ёс суртахууны эхлэл цэг. Тэр нь тодорхой түвшинд миний амьдралын ёс суртахууны онцлогийг тодорхойлно.”



Энэ бол “Бие хүний түүхчилсэн төсөөлөл”.
Энэ бол “Бие хүн гэдэг бол, тухайн хүний харьяалагдан буй коммунити болон уламжлал, түүхээр тодорхой хэмжээнд нөхцөлдөж, бас үүрэг тохоогдсон оршихуй.” гэсэн санаа. Иймэрхүү онцлогуудыг ойшоолгүйгээр юу хийх ёстойгоо тунгаалаа гээд амьдралынхаа утга учрыг ойлгож чадахгүй. Энэ бол сэтгэлзүйн асуудлаар тогтохгүй, философийн асуудал ч бас мөн.

Тэгэхээр Макинтайр өөрийнх нь энэхүү түүхчилсэн төсөөлөл, үүрэг бүхий бие хүн гэсэн схем нь өнөөгийн либерализм болон индивидуализмтай зөрчилдөнө гэдгийг мэдэж байсан. Индивидуализмын байр суурьнаас бол, “би” гэдэг нь “ийм байхыг өөрөө хүссэн зүйл”-ийг хэлдэг. Өөрөөр хэлбэл, “би” бол биологийн хувьд эцгийн хүү байж болох ч, өөрөө хүсээгүй л бол эцгийн хийсэн зүйлд хариуцлага үүрэлцэх явдал байхгүй. Мөн адилаар, өөрөө хүсээгүй л бол өөрийн улсынхаа хийсэн зүйлд хариуцлага үүрэлцэх явдал ч байхгүй. Харин Макинтайр ингэж тунгаах нь ёс суртахуун талаасаа дэндүү түүхий бөгөөд мунхаг гэж хэлнэ. Мунхаг гэдэг нь бүлгийн үүрэг, өнгөрсөн түүхээс үүдсэн үүрэг зэргийг агуулсан хамгийн чухал үүргээс мултрахыг завдах мунхаглал юм.

Тэрээр тиймэрхүү индивидуализмын хэд хэдэн жишээг гаргаж үзүүлсэн байдаг.
Жишээ нь, “Би боол эзэмшиж үзээгүй” гэдгээр боолын системээс америкийн хар арьстнуудад учруулсан нөлөөтэй холбоотой хариуцлагыг өөрөөсөө түлхэх өнөөгийн америк цагаан арьстнууд. Эсвэл “Би 1945 оноос хойш төрсөн учраас өнөөгийн еврейчүүдтэй харилцахад Нацистуудын еврейн эсрэг хийсэн үйл явдал бидний хооронд ямар нэгэн ёс суртахууны асуудал үүсгэхгүй” гэж боддог өнөөгийн залуу герман хүмүүс.

Макинтайрынхаар бол, өөрийгөө хэн болохыг, өөрийнхөө үүргийг юу болохыг тодорхой болгохын тулд, өөрийг нь тодорхойлох амьдралын түүхийг өөрөөсөө салгаж тунгааж болохгүй, салгах ч ёсгүй. Үүнийг нэгэнтээ ойлговол, ямар ч ой санамжгүй мэтээр түүхэнд хандах нь ёс суртахуунаас шууд татгалзсантай ижил болно. Макинтайрын үгээр бол:
“Түүхчилсэн бие хүн гэх санааны харьцуулалт тодорхой. Миний амьдралын түүх ямагт коммунитийн түүхэнд гүнзгий суурилдаг бөгөөд, миний ялгамж чанар (identity) тэндээс төрөн гардаг.”



“Би өнгөрсөнтэй цуг төрж гарч ирсэн. Намайг тэр өнгөрснөөс салгахыг оролдох юм бол миний өнөөдрийг гажуудуулахад хүрнэ.”



Бие хүнийг бүлгийн гишүүн, түүх, түүхчилсэн зохиомжтой холбогдох холбоосоос салгах боломжгүй, салгах ч ёсгүй гэж онцлох Макинтайрын хүчирхэг мессежийг ойлгож авсан байх гэж бодож байна.

Одоо тэгвэл, индивидуализм (бодгальч үзэл), волунтаризм (сайн дурын үзэл буюу үүрэг үгүй бие хүн гэх үзэл)-д хандах коммунитаричуудын шүүмжлэлийн талаарх та бүхний байр суурийг сонирхъё. Яриаг илүү тодорхой болгоё. Та нарын хариулт зөвхөн онолоор хязгаарлагдахгүй байхын тулд, ёс суртахууны болон улс төрийн үүргийн тухай ялгаатай хоёр санааг одоо харцгаая. Хувь хүний талаарх ухагдахууны алийг нь хүлээн зөвшөөрөх вэ гэдгээс тэнд ялгаа үүсдэг. Либерал үзэмжээр бол, ёс суртахууны болон улс төрийн үүрэг нь дараах хоёр хэлбэрийн аль нэгээр үүснэ. Нэг нь, “Хүн ёсоор хүнийг хүндэтгэнэ” гэх маягийн, хүн бүрийн өмнө хүлээсэн бидний үүрэг. Ийм үүрэг нь бүх хүнд байгалиас байна. Өөр нэг нь, Ролзын хэлсэн сайн дурын үүрэг. Амлалт ч юм уу, наймаа ч юм уу, гэрээ гэх мэт өөрөө зөвшиж зөвшөөрснөөс үүсэх тухайн хэн нэгэн хүний өмнө хүлээх үүрэг.

Бие хүний тайлбар дээр либерализм ба коммунитаризмын хооронд үүсдэг асуудал бол, үүрэг дотор дээрхээс өөр ангилал бас байх юм биш үү, гэх зүйл юм. Коммунитаричууд “Өөр ангилал (категори) байгаа. Нэгдэл нягтрал, үнэнч байдал, бүлгийн гишүүний үүрэг ч гэж нэрлэж болох 3 дахь ангилал бий.” гэж онцолно. Коммунитаричууд, хэрвээ бүх үүргийг байгалийн үүрэг ба сайн дурын үүрэг гэсэн хоёрхон ангилалд хуваачих юм бол, бүлгийн гишүүний үүрэг эсвэл нэгдэж нягтрах үүрэг орхигдоход хүрнэ гэж үзнэ.

Бүлгийн гишүүний үүрэгтэй байхын ёс суртахууны хүч нь “Бид өөрсдийгөө танин мэдэхийн төлөөнөө, тэр үүргээ дагаж амьдрах зайлшгүй шаардлагатай” хэмээх факт дээр тулгуурладаг. Одоо үүнийг жишээ гаргаж тайлбарлах тул, та бүхний санал бодлыг сонсъё гэж бодож байна.

Бүлгийн гишүүний хувиар үүрдэг үүрэг нь тусгай зүйл мөн хэдий ч, заавал зөвшлөөс үүсдэг байх албагүй буюу, бүлгийн гишүүн байх, үлгэр, коммунити, хувь хүний нөхцөл байдал зэргээс үүсч болно. Хамгийн түгээмэл нь гэр бүлдээ хандах үүрэг. Эх (эцэг) хүүг жишээ болгож харъя.
Хоёр хүүхэд живж байжээ гэе. Яг нэгийг нь л аварч чадах ба, хоёр хүүхдийн нэг нь чиний хүүхэд, нөгөө нь танихгүй хүний хүүхэд байг. Энэ үед зоос шидэж алийг нь аврахаа шийдэх ёстой юу? Өөрийн хүүхдээ аврахаар хөдлөхгүй байх нь ёс суртахууны мэдрэмжгүйд тооцогдохгүй юу?

Энэ тохиолдол дээр та нар “Эцэг эх бол хүүхдийнхээ өмнө үүрэг хүлээхийг өөрөө сонгосон” гэж хэлж болох юм. Тэгвэл эсрэг тохиолдолд, эцэг эхдээ хандах хүүхдийн үүргийг бодож үзье. Бид өөрсдийн эцэг эхээ сонгоогүй. Ерөөсөө эцэг эхтэй байхаа ч сонгоогүй. Үүн дээр тэгш хэмт бус шинж бий. Гэвч, хоёр хөгшин хүн байгаад, нэг нь чиний эх, нөгөө нь танихгүй хүн байжээ гэе. Энэ тохиодлолд, өөрийн эхээ асрах үүрэг нь, зоос шидэж шийдэх ч юм уу танихгүй хөгшнийг асрах үүргээс том гэж тунгаах нь ёс суртахууны хувьд утгагүй явдал болох уу?

Гэхдээ энэ үүрэг зөвшлөөс төрсөн үүрэг үү? Эсвэл тийм биш үү?
Дараагаар нь улс төрийн жишээ бодож үзье.

Дэлхийн 2-р дайны үеэр, Францын чөлөөлөх арми Германд эзлэгдсэн Францын газар нутгийг бөмбөгдөх болов. Нэг өдөр нэг нисгэгч өөрийнх нь бөмбөгдөлтийн бай болох тосгон нь өөрийнх нь төрсөн тосгон болохыг анзаарч гэнэ. Тэрээр бөмбөгдөхөөс татгалзаж. Тэр тосгоныг бөмбөгдөх шаардлага, өчигдрийн бөмбөгдсөн тосгонтой харьцуулахад ач холбогдол бага учраас гэж бодсон юм биш. Тэрээр Франц улсыг чөлөөлөх агуу үүргийн төлөө байлаа ч, өөрийн төрсөн тосгоныхоо хүмүүсийг бөмбөгдөх нь ёс суртахууны хувьд нүгэл тул бөмбөгдөх ажиллагаанд оролцож чадахгүй гэдэг шалтгаанаар татгалзсан байна.

Түүний энэ үйлдэл сайшаагдана гэвэл, тэр нь бид бүгд бүлгийн гишүүний үүргээ ухамсарладагтай холбоотой гэж коммунитаричууд хэлнэ.

Өөр жишээ хэлье. Хэдэн жилийн өмнө Этиоп улсад өлсгөлөн нүүрлэж, хэдэн 100 мянган хүн өлсгөлөнд нэрвэгджээ. Израйль улсын засгийн газар Этиоп гаралтай еврей хүмүүсийг аврахын тулд онгоц гаргаж гэнэ. Этиопын бүх хүмүүсийг аврах чадамж байгаагүй тул, хэдэн 100 Этиоп гаралтай еврейчүүдээ л сонгож аварсан байна.

Та бүхэн үүнийг ёс суртахууны хувьд хэрхэн үнэлэх вэ?
Энэ бол ёс суртахуун талаасаа асуудалтай ялгаварласан хэрэг, нэгэн төрлийн алагчилсан хайр уу? Эсвэл Израйлийн засгийн газрын үзсэн шиг, бид бүхэн нэгдэл нягтрал хэмээх онцгой үүрэгтэй бөгөөд, агаараас хүнсний тусламж үзүүлсэн явдал нь тэр үүргийнхээ дагуу хийсэн зүйл үү? Эндээс эх оронч үзэл гэсэн бүр өргөн хүрээний асуудал босч ирнэ.
Ёс суртахуун талаас нь харвал, эх оронч үзэл гэж юу вэ?
Ижилхэн Франклин нэртэй хоёр хотыг жишээ болгон харъя. Нэг нь Техас мужид, нөгөөх нь Рио Гранде голын цаадах Мексик улсад байдаг. Улсын хил ёс суртахууны хувьд хэрхэн чухал вэ? Яагаад бид америк хүний хувиар Техас мужийн Франклин хотын иргэдийн эрүүл мэнд, боловсрол, сайн сайхных нь тухайд илүү том үүрэг хүлээнэ вэ? Дөнгөж голын цаана байгаа Мексик талын Франклин хотын иргэд ч бас адилхан л асуудал бэрхшээлтэй байгаа шүү дээ...

Коммунитари үзлээр бол, бүлгийн гишүүн байх нь чухал бөгөөд, эх оронч үзэл үгүйдээ л далд ариун ёс гэгддэгийн шалтгаан нь, тэр нь иргэний үүргийн нэг илрэл болохоор тэр юм.

Үүргийн тухай 3 дахь ангилал, өөрөөр хэлбэл нэгдэл болон бүлгийн гишүүний үүрэг гэж байдаг гэх санааг дэмжих хүмүүс байна уу? Үүнтэй санал нийлэх хүн хэр их байна?
Тэгвэл үүнийг эсэргүүцэх хүмүүс? Бүхий л үүрэг нь эхний хоёр ангилалаар бүрэн тайлбарлагдана гэж бодох хүмүүс хэр их байна?

За болно. Тэгвэл эхлээд, коммунитаризмыг эсэргүүцэх хүмүүсийн саналыг сонсъё. Чи!

Патрик:
Үүрэг хүлээх тухай санаан дээр миний хамгийн их санаа зовж байгаа нь, бүлгийн гишүүн ч юм уу нэгдэл гэдэг үндэслэл нь ёс суртахууны чадамжтай гээд тийм үүрэг хүлээх юм бол, үүрэг давхцаж, сайн сайнтайгаа зөрчилдөх боломж өндөрсөх вий гэж бодож байна. Тэр тохиолдолд, би алийг нь сонгох нь зүйтэйг мэдэхгүй.

Сандел:
Хэн билээ?

Патрик:
Патрик.

Сандел:
Өөрөөр хэлбэл, чиний санаа зовж байгаа нь, бүлгийн гишүүн байх ч юм уу эсвэл нэгдлээс төрөх үүргийг зөвшөөрөх юм бол, бид нар олон янзын коммунитид харьяалагддаг болохоор коммунити хоорондын эрх ашиг мөргөлдөх тохиолдол байж болох тул, үүрэг бас мөргөлдвөл яах болж байна, гэсэн үг байх нь ээ? Чи!

Никола:
Ийм шийдэл байж болох юм. Өөрийгөө “хүн төрөлхитөн” гэсэн туйлын коммунитийн нэг гишүүн гэж үзэх. Түүн дотор жижиг жижиг мужууд бий. Жишээ нь би бол америк хүн, Харвардын оюутан.
Гэхдээ би үүрэг хүлээх ёстой хамгийн чухал коммунити бол хүн төрөлхитөн гэдэг коммунити. Тэндээс өөрийнхөө хувьд хамгийн чухал үүргийг сонгох боломжтой гэж бодож байна.

Сандел:
Хэн билээ?

Никола:
Никола.

Сандел:
Тэгвэл хамгийн үнэмлэхүй коммунити болох “хүн төрөлхитөн” гэдэг коммунити нь ямагт хамгийн дээгүүрт тавигдах уу?

Никола:
Тэгнэ.

Сандел:
Патрик! Санал нийлж байна уу?

Патрик:
Үгүй ээ (хахаха).

Сандел:
Яагаад?

Патрик:
Тодорхой үүргээс илүүтэй универсал үүргийг сонгох ёстой гэх нь илүү тохиолдлын шинжтэй гэж санагдаж байна.
Би эхлээд өөрийнхөө хувьд хамгийн тодорхой үүргээ биелүүлэх ёстой гэж бодно. Жишээ нь, нэгдлийн хамгийн жижиг нэгж болох өөрийн гэр бүл. Би эхлээд гэр бүлийнхээ өмнө үүрэг хүлээж, дараа нь амьдардаг хот, тэгээд улс, тэгж байж хүн төрөлхитөн болох байх.

Сандел:
Сайн байна. Баярлалаа.
Ахиад нэг коммунитаризмын эсрэг санал сонсъё.
“Хэрвээ сайн сайнтайгаа мөргөлдвөл юу болох вэ?” гэсэн эсрэг санал гарсан боловч, коммунитарист байр суурийг өөрийг нь эсэргүүцэх хүн, жишээ нь эх оронч үзэл бол алагчилсан хайр бөгөөд түүнийг даван гарч байж илүү идеалны (төгс) болно гэж бодох хүн байна уу? Чи!

Элизабет:
Эх оронч үзэл бол коммунитийн гишүүн гэдгийг тусгасан зүйл бөгөөд, тэр бол “оноогдсон зүйл”. Асуудал нь, натуралны (жам ёсны) түүхчилсэн харьяаллын мэдрэмж байхын хажуугаар, иргэний түүх нь зохиомол, буруу байх тохиолдол ч байж болох явдал. Рио Гранде голоор улсын хил тогтоогдсон нь түүхийн санамсаргүй тохиолдол гэдэгтэй адилаар, би Мексик биш Америк талд нь төрсөн нь ч бас тохиолдлын зүйл атал, Америк талын коммунитийн гишүүн гэсэн үзэлтэй байх нь мэдээжийн явдал гэж бодох нь утгагүй яриа.

Сандел:
Сайн байна. Нэр хэн билээ?

Элизабет:
Элизабет.

Сандел:
Элизабет. Эсрэг саналтай хүн байна уу? Чи!

Эрэгтэй оюутан:
Ерөнхийдөө бол “Бидний ёс суртахууны үүрэг хаанаас хэрхэн бий болдог вэ?” гэдгийг тунгаах шаардлагатай гэж бодож байна. Би бол үндсэндээ, нэг бол цусан төрлийн холбооноос, нэг бол харилцан хамаарлын шинжээс бий болно гэж бодож байна. Бусадтай нягт холбогдох тусам холбоо харилцаа гүнзгийрч, байгалиасаа харилцан хамаарал бий болдог юм болов уу. Гэрийнхээ хөршүүдтэй дотно байдгийн адилаар, нэг улсын хүн нь илүүтэй эдийн засгийн харилцаатай байна байх...

Сандел:
Гэхдээ, би ч чи ч Мексик талын Франклин хотоос илүү Техас мужийн Франклин хотыг сайн мэддэг биш биз дээ?

Эрэгтэй оюутан:
Бусад улсын хүмүүсээс илүү өөрийн улсын хүн нь харилцаа болон худалдаа арилжааны тал дээр магадгүй амархан холбогддог юм болов уу.

Сандел:
Сайн байна. Өөр хүн байна уу? Чи!

Рина:
Эх оронч үзлийн суурь нь сургуулиа гэсэн сэтгэл болон дотуур байрандаа хандах сэтгэлтэй төстэй гэж бодож байна. Шинэ оюутан дотуур байранд орохоороо ганц өдрийн дотор л дотуур байраа гэсэн сэтгэлтэй болж, түүгээрээ бахархах сэтгэл хүртэл төрдөг. Тиймээс коммунитаризмын хэлээд байгаа ёс суртахууны үүрэг болон ердийн нэг сэтгэл хөөрлийн хайр хоёр ялгаатай болов уу, гэж бодож байна.

Сандел:
Сайн байна. Хэн билээ?

Рина:
Рина.

Сандел:
Сая эцэг эхдээ хандах хүүхдийн үүргийн тухай яриан дээр ч бас, чи адилхан саналтай байна уу? Нэг ёсондоо, түүн дээр сэтгэл хөөрлийн хайр л байгаа болохоос бус, ёс суртахууны жин байхгүй юу?

Рина:
Ерөөсөө эхний алхмаасаа л санамсаргүй шинжтэй болохоор, ёс суртахууны үүрэг төрөхгүй гэж ам гарч чадах эсэхийг би сайн мэдэхгүй юм. Бид нар ямар дотуур байранд орохоо сонгодоггүй, ямар эцэг эхийн дор, ямар улсад төрөхөө ч сонгодоггүй. Гэхдээ “Өөрөө сонгоогүй” гэлээ ч, зөвхөн өөрт үүссэн үр ашигт суурилсан үүрэг ярих нь тийм ч үгүйсгэм зүйл биш байх...

Сандел:
Тэгэхээр өөрийн хөгшин эцэг эхдээ хандах үүрэг нь дэлхийн бусад бүх хөгшин хүмүүст хандах үүргээс том байдгийн шалтгаан нь, “Чи өсөж том болох явцдаа эцэг эхээсээ хүртсэн ачийг нь хариулахын төлөө гэдгээс өөр ямар ч шалтгаан байхгүй” гэсэн үг байх нь ээ?

Рина:
Жишээ нь өргөмөл хүүхдийн тухай бодож үзвэл, төрүүлсэн эцэг эхтэйгээ ямар ч холбоо байхгүй, өсгөсөн эцэг эх нь л түүнийг өөр дээрээ өсгөсөн. Аль нэгийг нь сонгохгүй бол болохгүй гэвэл, өөрийг нь энхрийлэн өсгөсөн эцэг эхийнхээ өмнө илүү том үүрэг хүлээнэ гэж бодох хүн олон байх болов уу.

Сандел:
Эцэг эхийн талаар ахиад 1 юм асууя.

Рина:
За.

Сандел:
Муу эцэг эхтэй байвал, эцэг эхийнхээ өмнө хүлээх үүрэг багасах уу?

Рина:
Сайн мэдэхгүй байна. Муу эцэг эхтэй байж үзээгүй болохоор (Бүгд хахаха)

Сандел:
Өндөрлөхөд тохиромжтой хариулт байлаа. Ингээд өндөрлөцгөөе.

Рина:
Баярлалаа.

Сандел:
Дараагийн удаа ч бас энэ сэдвээр үргэлжлүүлцгээе (Бүгд алга ташив).

Тайлбар:

Энэ удаад Коммунитаризм гэх үзэл санаа гарч ирж байна. Үнэндээ энэ бол профессор Санделын өөрийнх нь үзэл санаатай нягт холбоотой зүйл учир, энэ талаар тайлбарлалаа. Профессор Сандел нь үнэндээ Ролзыг шүүмжилж энэхүү коммунитаризм гэх үзэл санааг эхлүүлсэн төлөөлөгчдийн нэг гэгддэг. “Бие хүнийг хэрхэн авч үзэх вэ?” гэх нь улс төрийн философид туйлаас чухал. Профессор Сандел Ролзын хэлэх “үл мэдэх гивлүүр”-ийн доорх бие хүн шиг, өөрийгөө абстракт буюу хэлбэр төдий байдлаар авч үзэх бус, бодит нөхцөл байдлын доорх бие хүн гэх байдлаар авч үзэх шаардлагатай гэж онцолсон. “Бодит байдал дээр бие хүн нь коммунитийн дотор оршиж, коммунитийн түүхийн дотор “Ямар амьдралаар амьдрах нь зөв бэ?” хэмээх сайны талаар тунгаадаг. Тэндээс хүн өсч хөгжиж, өөрийн амьдралыг хүүрнэл түүх байдлаар туулдаг оршихуй юм.” гэсэн өнцгийг дэвшүүлсэн. Үүнийгээ тайлбарлахын тулд профессор Сандел Ролзын бие хүний үзлийг “Үүрэг үгүй бие хүн” хэмээн шүүмжилж, “Үүрэг бүхий бие хүн”, “Үүрэг хүлээсэн бие хүн” гэсэн илэрхийллийг гаргаж тавьсан ба энэ үг нь маш алдаршин түгсэн.


Үүн дээр энэ удаад коммунитаризмын үзэл санааны тайлбар болгож өөр нэгэн төлөөлөгч болох Макинтайрын онолыг тайлбарласан. Макинтайр бол этик судлаач бөгөөд ариун ёсны этикийг дахин амь оруулсан хүн гэгддэг. Тэрээр Аристотелиос их нөлөө авсан ба, уламжлал, соёл, мөн ариун ёсыг чухалчилж, “Хүний амьдралыг, төрснөөсөө хойш зүсэн зүйлийн адал явдалтай учирсаар үхээд дуусдаг нэгэн үргэлжилсэн түүх үлгэр хэмээн харж болно. Тэгээд тэр түүх дотроо сайныг хэрэгжүүлээд явах нь тустай.” гэсэн санааг дэвшүүлэн гаргасан билээ. 


No comments:

Post a Comment