2018/09/12

Шударга ёсны лекц 10-2: Боолын нийгэмд шударга ёс бий гэв үү?

Өмнөх - Гольф тоглохын зорилго бол "алхах"?!

Сандел:
Өмнөх лекцээр Кейси Мартин гольфын холбооны цуврал тэмцээний үеэр гольфын машин хэрэглэх эрхтэй эсэх талаар ярилцсан. Иймэрхүү мэтгэлцээн хийх нь улс төрийн философийг ойлгох тал дээр юугаараа чухал болохыг эргэн санана уу.


Бид Аристотелийн шударга ёсны онолын талаар ярилцаж байсан. Түүний шударга ёсны онолын санааг телеологи гэж нэрлэх явдал байдаг. Аристотель, эрхийг хуваарилахын тулд эхлээд асуудал болоод байгаа нийгмийн үйл явцын утга учир хийгээд зорилгыг ойлгохгүй бол болохгүй гэсэн.
Аристотелийн шударга ёсны онолыг өөр үгээр тайлбарлая гэвэл, шударга ёс бол харгалзуулалтын асуудал юм. Өөрөөр хэлбэл, ариун ёс хийгээд давуу шинжийг агуулах хүн түүндээ харгалзах дүр (буюу үүрэг роль) авах ёстой гэсэн үг.

Тэгвэл өмнөхийн үргэлжлэл болгож, гольфын машин хэрэглэмээр байгаа Кейси Мартины заргын тухай ярилцъя. Тэгээд дараа нь, Аристотельтой холбоотой бас нэгэн чухал сэдэв болох боолын системийн асуудлыг тунгаан харцгаана.
Та бүгд Кейси Мартины шаардлагыг хэрхэн харж байна вэ? Тэмцээн уралдааны шинж чанар болон зорилгыг бодолцон зохистойгоор шийдэгдэх ёстой юу? Эсвэл зарга цуцлагдах ёстой юу?

Гольфын машин хэрэглэхийг хориглох нь ялгаварлал гэж үзэх хүн ч гарч болох юм. Эсрэгээрээ Кейси Мартин машин хэрэглэх юм бол бусад тамирчдад шударга бус явдал болно гэж үзэх хүн ч байгаа байх. Бусад тамирчид алхсаар байтал хамаг тамираа барчихна. Өмнөх лекцээр энэ хүртэл ярилцсан шүү дээ. Шударга, шударга бусын хувьд юу гэж бодож байна? За, Жени!

Жени:
Яагаад гольфын холбоо машин хэрэглэхийг зөвшөөрөөгүйг ойлгохгүй байна. Гольфын холбооноос өөр зөндөө л машин хэрэглэхийг зөвшөөрсөн тэмцээнүүд байдаг. Ахмадын тэмцээнд харин ч бүр машин хэрэглэхийг дэмждэг. Яагаад гольфын холбоо тэгэхгүй байгаа юм бол?

Сандел:
Бүх хүмүүст машин хэрэглүүл гэж үү?

Жени:
Эсвэл машин хэрэглэх эсэхийг нь бүх хүмүүсээр сонгуулж болно. Хуучинсаг хүмүүс машин хэрэглэхийн оронд илүү ядрахаа зөвшөөрсний үндсэн дээр талбай алхахыг сонгож болно.

Сандел:
Мөөн. Женигийн саяын саналыг юу гэж бодож байна? Машин хэрэглэх нь давуу нөхцөл болдог гэвэл, шударга байхын тулд зөвхөн Мартинд биш хүссэн хүн болгонд машин хэрэглүүлнэ.
Ийм шийдэлд бүх хүмүүс сэтгэл хангалуун үлдэх болов уу? Асуудал шийдэгдэх үү? Женид хандаж саналаа хэлэх хүн байна уу? Чи!

Да:
Багш та өмнөх лекцээр ярьж байсанчлан, бүх хүмүүст машин хэрэглэхийг зөвшөөрчих юм бол, олон хүмүүсийн гольфыг гэсэн сэтгэлийг сэвтээх явдал болно. Хэдий бүх хүмүүст ижил нөхцөл олгохын төлөө байлаа ч, гольфыг спортын төрлөөс улам холдуулж орхино гэж бодож байна. Гольфын дүрмийг зоргоороо өөрчилж байгаа аятай юм болно. Жишээ нь, усанд сэлэлтийн спортод хөлөндөө сэлүүр ашигламаар байгаа хүн гарвал, бүх хүнийг сэлүүр ашиглахыг нь зөвшөөрөх үү?

Сандел:
Хэрвээ хүн бүр чөлөөтэй сэлүүр хэрэглэж болно гэвэл олимпын усанд сэлэлтийн төрөл юу болох бол? Женигийн саналыг сонсож үзье.
Дагийн хэлснээр бол, олимпын усанд сэлэлтийн тэмцээнд сэлүүр хэрэглэхийг зөвшөөрч байгаатай адил явдал тул, машин хэрэглэх нь спортод хайртай хүмүүсийн сэтгэлийг сэвтээсэн явдал болно. Жени юу гэж хариулах вэ? Спортыг гэсэн сэтгэл сэвтэх үү?

Жени:
Гольфод сэтгэл зүрхээ зорилсан чадварлаг тамирчин байсаар атал, тэмцээний төдийлөн чухал биш ганц талыг төвийлгөн Кейси Мартиныг оролцуулахгүй байх нь мөн л гольфыг гэсэн сэтгэлийг сэвтээнэ. Гольфод хамгийн чухал нь цохиураар бөмбөгийг цохиод нүхэнд оруулах явдал. Би гэхдээ гольф тоглодоггүй л дээ (хахаха).
Гэхдээ минийхээр бол тэр л гольфын гол утга нь. Гольфын холбоо, Кейси Мартин нарын хэргийн шийдвэрийг уншиж байхад ч адилхан зүйл бичсэн байсан. Талбай алхах бус, цохиур даллах нь л гольфын мөн чанарын нэг хэсэг гэж.

Сандел:
Өөрөөр хэлбэл Жени Дагаас өөр саналтай буюу, талбай алхах нь гольфын амин сүнс биш гэж байна. Буцаад зорилгын яриандаа ирчихлээ шүү дээ.

Жени:
Жишээ нь, зөвхөн гар нь ажилладаг хүмүүс оролцож болдог тэргэнцэртэй сагсан бөмбөг гэдэг спортын төрөл ч гэж байдаг, тэр бол өөр төрлийн зүйл гэж бодож байна.

Сандел:
Сайн байна. Майкл! Чи юу гэж бодож байна?

Майкл:
Сагсан бөмбөг тоглож чадахгүй хүнд зориулсан тэргэнцэртэй сагсан бөмбөг гэдэг сонголт байдаг шиг, гольфын холбооны цувралаас өөр сонголт бий гэж бодож байна. Гольфын холбооны цуврал бол гольфын ертөнцийн хамгийн оргил нь учраас түүнд оролцохын тулд бүх нөхцлийг нь хангах шаардлагатай.

Сандел:
Аанха. Нэг ёсондоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан олимп гээд пара олимп байдаг юм чинь, Кейси Мартин ч бас пара олимп шиг тэмцээнд оролцвол таарна. Чиний санал чинь энэ мөн үү, Майкл?

Майкл:
Тийм ээ. Алхах бол гольфын нэг хэсэг. Талбай алхаж чадахгүй бол гольфын холбооны цувралд оролцох зүй ёсны эрх байхгүй.

Сандел:
Мөөн. Чухал санал хэлсэнд баярлалаа.

Энэ мэтгэлцээн Аристотелийн шударга ёсны онолтой хэрхэн холбогдох юм бол?
Энэ мэтгэлцээнээр алхах нь гольфын мөн чанарын нэг хэсэг мөн эсэх нь асуудал болсон. Гольфын холбоо Кейси Мартины шаардсан эрхийг зөвшөөрөх ёстой юу? Үүнд хариулахын тулд Аристотелийн гаргаж тавьсан аргыг авч хэрэглэхгүй бол болохгүй. Бид, алхах нь гольфын тэмцээний мөн чанарын нэг хэсэг мөн эсэхийг хэлэлцэж байж, асуудлыг нэг тийш нь болгохгүй бол болохгүй. Энэ бол бидэнд үлдэж буй нэг сургамж юм.

Энэ ярианд хоёр дахь сургамж ч бас бий. Аристотель маягийн өнцгөөс тунгаах үед, энд асуудал дагуулж буй зүйл, тэр бол нэр алдар. Кэйси Мартин машин хэрэглэхийг хүссэн нь, хамгийн оргил тэмцээнд түрүүлэх гэсэн нэр алдрын төлөө байсан. Хэргийн материал дээр Жак Никлөүс, Том Кайт нарын мэргэжлийн шилдэг гольфчид уг шүүх хуралд мэдүүлэг өгч, Мартины машин хэрэглэхийг эсэргүүцсэн байдаг. Лавтайяа тэд “Бүх хүмүүст машин хэрэглүүлье” гэсэн Женигийн саналыг ч бас буруушаан эсэргүүцэх байсан биз. Үүн дээр Дагийн саналыг дахин харъя.

Юу ч гэж хэлмээр юм бэ дээ. Мэргэжлийн гольфчид гольфыг жинхэнэ спорт мөн эсэхэд маш эмзэг хандаж байгаа юм (Бүгд хахаха). Хэн бүхэн тэргэнд суугаад явж болдог, эсвэл тийм сонголттой байх юм бол, магадгүй зарим хүмүүс гольфыг спорт биш, харин тоглоом гэж бодох байх. Тамирын өрсөлдөөн бус, техникээр (ур чадвараар) өрсөлдөх тоглоом гэж.

Бид телеологи талаас нь гольфын утга учрыг тунгаасан. Үүнтэй зэрэгцээд гольфын хувьд юу нь мөн чанар болох талаар хэлэлцсэн.  Аристотель, иймэрхүү мэтгэлцээн нь зайлшгүйгээр алдар хүндийн хуваарилалтын асуудал руу очно гэнэ. Гольфын зорилго бол үзэгчдийг баясгах төдий явдал биш. Аристотелийн өнцгөөс харвал, үүн дээр Скалиа шүүгч дутуу бодсон.

Гольф бол хүмүүст зугаа цэнгэл мэдрүүлж баясгах төдий зүйл биш. Гольф бол тамирчдын ур чадварыг нотолж, өргөмжилж, түүгээрээ нэр алдар оноодог. Үгүйдээ л хамгийн дээд алдар хүндийг дийлэн авсан хүний хувьд, гольф нь спорт мөн гэсэн санал дэмжигдэх нь маш чухал.

Та бүхний дотор шүүгч Скалиатай адилхан саналтай хүмүүс ч байсан. Тэрээр юу гольфын мөн чанар вэ мэтийн юм бодох нь хэтэрхий хүндээс гадна шал дэмий асуудал гэж хэлсэн. Иймэрхүү асуудлыг нэгдсэн улсын дээд шүүх шийдэх боломжгүй, шийдэх ч шаардлагагүй. Энэ бол түүний санал.
Шүүгч Скалиа ийм санал гаргаж тавьж буй нь, тоглоом гээч зүйлийг тодорхойлох тал дээр тэрээр эрс шулуухнаас анти Аристотель маягийн байр суурийг баримталж байгаатай холбоотой. Скалиа ингэж хэлсэн: “Тоглоомны мөн чанар бол зугаа цэнгэлээс өөр юу ч биш юм. Энэ бол тоглоом болон бүтээмжит үйл ажиллагаа хоёрын чухам ялгаа.” (хахаха).



Түүнийг ямархан спортын фэн болох нь төсөөлөгдөж байгаа болов уу (хахаха). Тэрээр бас ингэж ч хэлсэн байдаг: “Тоглоомны ямар ч дурын дүрмийг мөн чанарлаг гэж хэлэх боломжгүй.” Тэгээд тэрээр Марк Твэйны гольфод хандсан дайралтыг иш болгон татсан: “Алхах бол гольфын үндсэн онцлог гэж олон хүмүүс үздэг. Харин Марк Твэйн “Наадах чинь явган салхилахыг доромжилсон яриа” гэж гольфыг буруушаасан.” (Бүгд хахаха).



Гэвч үүн дээр шүүгч Скалиа чухал өнцгийг орхигдуулсан байна. Ямар ч тоглоомонд байдаг “эрх” хийгээд “шударга шинж”-ийн асуудал. Тэрээр тоглоом, спорт, эсвэр тамирын өрсөлдөөнийг ердийн нэг зугаа цэнгэлийн зорилготой гэж үзсэн. Өөрөөр хэлбэл утилитари маягийн үйл ажиллагаа. Гэтэл нөгөө талаар, Аристотель маягийн харах өнцгөөр бол, спортыг ердийн нэг зугаа цэнгэл гэж үзэхгүй. Жинхэнэ спорт, жинхэнэ тамирын өрсөлдөөн нь шударга шүүлтийг шаарддаг. Спорт үзэж, спортыг хайрлаж, бодитоор спортод оролцдог хүмүүс үүнийг мэдэх байх. Спорт бол зүгээр үздэг үзвэрээс ялгаатай гэдгийг. Спорт ба үзвэрийн ялгаа, тэр бол спорт нь тухайн чадварлаг байдал, тухайн ариун ёсыг уудлан гаргаж, түүнийг өргөмжлөн үнэлэх явдалд байдаг.

Тэрхүү спортын ариун ёсыг ойлгох чухам тийм хүн л жинхэнэ мэдлэгтэй фэн. Тэдний хувьд спорт үзэх нь ердийн нэг зугаа цэнгэл биш. Үүнээс улбаалаад, ямар элемент нь тухайн спортын хувьд мөн чанарлаг болохыг тунгаах нь утга учиртай явдал. Байх ч ёстой мэтгэлцээн. Тэрийг шүүх шийдэх ёстой эсэх бол чухал биш.

Гольфын холбооны дотоод хурал дээр ч энэ мэтгэлцээн нь чухал утгыг агуулж байсан. Тийм ч учраас гольфын холбоо талбай алхаж инерги зарцуулах нь мөн чанарлаг элемент мөн болохыг хүчтэй илэрхийлсэн. Гольф гэдэг спортын хувьд огтхон ч нэмэлт элемент биш гэж.

Энэ жишээ, эрхийн тухай мэтгэлцээнд зорилго болон алдар хүнд гэсэн хоёр элемент агуулагддаг болохыг ил болгож өгч байна. Аристотелийнхоор бол, шударга ёсны тухай бодох үед, энэ хоёр элемент зайлшгүй холбогддог.

Одоо бүгдээрээ Аристотелийн шударга ёсны онол нь ерөөс зөв үү буруу юу, тэгээд үнэмшилтэй зүйл мөн эсэх талаар ярилцъя. Та нарын саналыг сонсмоор байгаа ч, түүний өмнө эхлээд нэгэн чухал няцаалтыг энд ярьж өгье.

Аристотель нь шударга ёс гэдэг бол харгалзуулах явдал гэж хэлсэн. Шударга ёс гэдэг бол, хүмүүст харгалзах дүрийг нь оноож, ариун ёсонд нь тохирох нэр хүнд болон батламж олгох явдал. Тэгвэл тэнд эрх чөлөөний зай завсар бий болов уу? Аристотелийн телеологид суурилсан шударга ёсны онолоос ийм эргэлзээ төрөн гарна.
Жишээ нь, надад яг таарсан, зохистой нийгмийн үүрэг роль бий гэвэл, би өөрөө өөрийнхөө нийгэм дэхь үүрэг роль, амьдралынхаа зорилгыг сонгох эрх надад байгаа болов уу?
Телеологид эрх чөлөө оршин байх зай завсар бий юу? Санаж байна уу? Ролз телеологийн шударга ёсны тайлбарыг үгүйсгэсэн. Түүний хэлснээр бол, телеологиор шударга ёсыг онолдсон тохиолдолд, иргэдийн эрх тэгш үндсэн эрхүүд аюулд өртөх болно.

За тэгвэл бодож үзье. Аристотелийн зөв үү? Телеологид суурилсан шударга ёсны тайлбар нь эрх чөлөөтэй зэрэгцэн орших боломжгүй зүйл үү?
Бидэнд сэрэмжлэх ёстой улайм цайм нэг баримт бий. Тэр бол Аристотель боолын системийг өмгөөлсөн явдал. Түүний амьдарч явсан цаг үед Афинд систем хэлбэрээр бүрэн тогтсон байсан боолын системийг тэрээр зөвтгөсөн байдаг. Тэгвэл хэрхэн өмгөөлсөн юм бол? Боолын систем шударга ёсонд нийцэж байхын тулд, хоёр нөхцлийг хангахгүй бол болохүгй.

Нэг нь шаардлага. Аристотель, ямар ч байсан түүний нийгэмд боолын систем шаардлагатай гэж үзсэн. Үндэслэл нь ийм. Цуглаанд оролцож улс төрийн мэтгэлцээн өрнүүлэх иргэд гар хөлний аар саар ажил, эсвэл гэрийн ажлаас чөлөөлөгдөхгүй бол болохгүй. Тиймээс тэдний оронд ойр зуурын аж ахуйн асуудалд нь туслах хүн хэрэгтэй гэсэн үг. Шинжлэх ухааны хүчээр уран зөгнөлд гардаг шиг учиргүй супер робот ч юм уу бүтээчихдэггүй л юм бол, хүнд хүчир биеийн ажил болон аар саар ажлуудыг нугалах хүмүүс оршин байсаар байна. Тиймэрхүү аар саар зүйлтэй хутгалдалгүйгээр сайны тухай тунгааж, мөн чанарыг эрэлхийлэх хүн байж байх ёстой. Иргэд оролцож, мэтгэлцэж, практик мэдлэг олж явахын тулд, боолын систем нь полисын амьдралд салшгүй хэрэгцээт зүйл юм.

Гэвч үүн дээр ахиад нэг нөхцөл бий. Хамтын амьдралын механизм ажиллаж байхын тулд л боолын систем оршин байх ёстой биш. Харгалзааны шалгуураар харвал боол болоход тохирсон хүн гэж байхгүй бол болохгүй. Тэр нь, боол байх нь шударга ёсонд нийцсэн, зохистой нөхцөл байдалд байгаа тийм хүн юм. Боолын систем шударга ёсонд нийцэхийн тулд энэ хоёр нөхцөл хангагдаж, тэдгээр нь бодит үнэн байхгүй бол болохгүй гэдгийг Аристотель ч хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэрээр ийм нэгэн харамсмаар үг бичиж үлдээсэн байдаг: “Төрөлхийн боол байхад тохирсон хүн гэж үнэхээр байдаг. Бие цогцос нь сүнснээс ялгаатай байдгийн адилаар, тиймэрхүү хүмүүс ердийн хүмүүсээс ялгардаг. Тэд бол засаглагдагч байхаар заяагдсан хүмүүс. Тэдний мөн чанар нь боол байснаар сая амь ордог. Бусдын оюун ухааныг ойлгож чадах боловч, түүнд нь оролцож чадахгүй, суралцаж чадахгүй. Түүнийг нь бид мэддэг.”

Аристотель өөрөө ч бас өөрийнхөө хэлсэн үгийг ямар нэгэн байдлаар зохисгүй, хүчиндмэл шинжтэй болохыг анзаарч байснаас зайлахгүй. Яагаад гэвэл Аристотель эсрэг байр суурьтай хүмүүсийн саналд ч бас үндэслэл байгааг хүлээн зөвшөөрч байсан. Эсрэг талынхны үндэслэл нь ийм. Афинд байгаа боолчуудын олонх нь төрөлхөөс боол юм уу боол байхад тохиромжтой хүмүүс биш. Тэд бол дайнд ялагдаж баригдаад, арга буюу боол болцгоосон хүмүүс. Тиймээс Аристотель ч бас эртний Афинд оршиж байсан боолын системд, яг ч бас боол байхад тохирсон хүмүүс нь боол болсон учиргүй гэдгийг зөвшөөрч байсан. Боолуудын дунд эз нь таарч дайнд ялагдаад баригдаж боол болсон хүмүүс үнэхээр байсан болохоор тэр.

Аристотелийн өөрийнх нь санаагаар бол, хэдий иргэдийн төлөө боолын систем шаардлагатай байлаа ч, тохиромжгүй хүн боол болох нь шударга ёсонд харшилж байсан. Тохиромжгүй харгалзаа үүсэх болохоор. Түүний санаагаар бол, боол байхад тохирохгүй хүнд тийм үүрэг роль ноогдуулах нь нэгэн төрлийн албадлага болно. Гэхдээ энд албадлагадаа асуудал нь байгаа юм биш. Албадлага буруу зүйлийг илрүүлнэ, яагаад гэвэл тэр нь хэвийн бус учраас. Хэн нэгнийг ямар нэгэн үүрэгт албадан томилох нь, тэр үүрэг тухайн хүнд зориулагдаагүй, тэр үүрэг тухайн хүнд тохирохгүй байгаа болохыг илтгэнэ. Аристотель үүнийг ойлгож байсан. Аристотель боолын системийг өмгөөлсөн ч гэлээ, тэглээ гээд түүний телеологи онол болон “Шударга ёс бол хүн ба үүргийн харгалзаа” гэсэн санаа нь зарчмын хувьд буруу гэсэн үг биш. Яагаад гэвэл, Аристотель өөрийн онолоо боолын систем дээр хэрэглэх үед, юу нь буруу болохыг өөрийнхөө үгээр тайлбарлах боломжтой байгаа болохоор тэр.

Тэгвэл эрх чөлөөний асуудал дээр Аристотелийн онолыг цааш нь ухаж үзье. Түүний өмнө, та бүхний саналыг сонсмоор байна. Харгалзуулахыг шударга ёс гэж үзэх Аристотелийн онол, шударга ёсны телеологи гаргалгаа, тэгээд эрх болон хуваарилалтын шударга ёсон дахь нэр алдар гэх ухагдахууныг хэрхэн харж байна вэ? Энэ хүртэл лимбэ, улс төр, гольфын жишээний талаар ярилцлаа шүү дээ. Аристотелийн талаар ямар нэгэн тодорхойгүй зүйл байхгүй биз? Эсвэл түүний онолыг бүхэлд нь эсэргүүцэх хүн байна уу? Чи!

Эрэгтэй оюутан:
Би Аристотелийн, хүнийг үүрэгтэй нь уялдуулах тухай санааг нь эсэргүүцэж байна. Жишээ нь “Далайн дээрэмчин шиг алхаж, далайн дээрэмчин шиг ярьж байвал далайн дээрэмчин болох ёстой” болж таарна. Аристотелийн байр сууринд юу нь хачирхалтай бас утгагүй байна вэ гэхээр, “Далайн дээрэмчин шиг алхаж ярьдаг хүн байх юм бол, тэр хүнийг банкны ажилтан байх ёсгүй, тийм байхаар төрөөгүй” гэсэн юм болчих гээд байна. Модон хөлтэй, өрөөсөн нүдээ боосон, ууртай царайтай байх юм бол (хахаха) тэгээд шууд далайн дээрэмчний онгоцонд ачигдаад, далай руу цөлөгдөх юм болох нь. Тиймээс...

Сандел
Аягүй бол гэхдээ далайн дээрэмчин, банкны ажилтан хоёрын мөн чанарт төдийлөн ялгаа байхгүй ч байж мэдэх юм (Бүгд хахаха, алга ташив). За за, гэхдээ чиний хэлэх гэснийг чинь ойлголоо. Чи хариулаарай.

Мэри Кэйт:
Хувь хүний эрхийг үл тоож байгаа юм шиг санагдаж байна. Жишээ нь би нийгэмд байдаг ямар нэгэн ажилд маш тохироод, хэнээс ч илүү чадварлагаар тэр ажлыг хийдэг байж болно. Тэр тохиолдолд, би хичнээн тэр ажлыг хийх дургүй байлаа ч, бусад ажил хийж болохгүй болчиж байгаа юм шиг санагдаж байна.

Сандел
Нэр хэн бэ?

Мэри Кэйт:
Мэри Кэйт.

Сандел:
Ахиад ганц хоёр санал сонсъё. Чи!

Патрик:
Саяын гольфын машины мэтгэлцээн Аристотелийн телеологи гаргалгаанд хандсан няцаалтыг дэвшүүллээ гэж бодож байна. Чамайг Майкл гэсэн байх аа? Майкл алхахыг гольфын үндсэн хэсэг гэж хэлсэн. Харин би бол алхахыг зөвхөн гольфод байдаг зүйл гэж бодохгүй байна. Ийм хэрүүлд хичнээн ч хугацаа зараад бид нар санал нэгдэлд хүрэхгүй биз. Телеологи гаргалгаа гэдэг хүрээн дотор бид нэгдмэл саналд хүрэх боломжгүй гэж санагдаж байна.

Сандел:
Хэн билээ?

Патрик:
Патрик.

Сандел:
Тэгвэл Аристотельд хандсан няцаалтуудын талаар харцгаая.
Эхлээд Патрикийн нялцаалтаас. Энэ бол чухал няцаалт.

Бид алхах нь гольфын үндсэн элемент мөн эсэх талаар ярилцсан боловч, тиймэрхүү өнгөц харахад шалихгүй мэт яриан дээр ч зөвшилд хүрч чадаагүй. Бүр чухал асуудал, жишээ нь улс төрийн коммунитийн суурь зорилгын талаар яривал саналын нэгдэлд хүрч чадахгүй нь бүр ч тодорхой.

Иргэдийн хамтын амьдрал дахь зорилго болон сайны талаар зөвшилд хүрч чадахгүй юм бол, бид бүхэн зорилго болон сайн гэх ухагдахуунд суурилсан шударга ёс болон эрхийн тухай тунгаах ч боломжгүй болох биз. Энэ бол чухал няцаалт. Тиймээс өнөөгийн олон улс төрийн онол сайны талаар зөвшилд хүрэх боломжгүй гэсэн урьтач нөхцөл дээр суурилж байдаг. Тэгээд үр дүнд нь шударга ёс, эрх, үндсэн хууль бол тусгай ямар нэгэн сайны талаарх үзэл ч юм уу улс төрийн амьдралын зорилгыг суурь нөхцлөө болгож болохгүй. Харин “Эрхийн дэвсгэр хүрээг тодорхойлж, түүнийхээ доор хүмүүс өөрсдийнхөө сайн болон амьдралынхаа зорилгыг эрх чөлөөтэйгээр сонгох боломжтой болгох” ёстой гэдэг.

Гэтэл нөгөө талд Мэри Кэйтийн хэлж буй нь “Жишээ нь, манаач ч юм уу ямар нэгэн ажилд тохиромжтой хүн улам дээшээ ахимаар байна, өөр амьдрал сонгомоор байна гэж бодвол яах вэ?” гэсэн асуулт. Үүн дээр эрх чөлөөний асуудал дахин гарч ирнэ. Хэрвээ бид өөрсдийн мөн чанартаа тохирсон дүрдээ суурилсан амьдралаар амьдрахаар шийдэгдсэн гэвэл, ядаж л бидэнд тэр дүрээ сонгох эрх байх ёстой биш үү? Ямар дүр надад тохирох вэ гэдгээ өөрсдөө шийдэх ёстой биш үү?

Аристотель ба Кант, Ролз нартай холбоотой мэтгэлцээнийг эргэн санана уу. Кант, Ролз нар болохоор Патриктай ижилхэн бодолтой байсан. Олон туйлт нийгэмд сайн амьдрахуйн мөн чанарын талаар зөвшилд хүрэх боломжгүй. Тиймээс ийм асуултын хариултанд тулгуурлан шударга ёсыг тунгаах ёсгүй. Кант, Ролз нар шударга ёсыг тухайн ямар нэгэн сайны талаарх үзэлтэй холбодог телеологиос татгалзсан.

Ролз маягийн, Кант маягийн либерал урсгалаар бол, телеологийн маргаан дээр дараах асуудал чухал. Шударга ёсыг тухайн нэг сайны ухагдахуунтай холбож, шударга ёс нь хүнийг үүрэгтэй харгалзуулах явдал гэж үзэх юм бол, эрх чөлөөний орон зай тэнд үлдэхгүй. Тэгээд эрх чөлөөтэй байхын тулд, өөрийн эцэг эх, нийгмээс тулгагдсан аливаа үүрэг, уламжлал эсвэл ёс заншил зэрэгт хүлэгдэхгүй гэсэн үг.

Аристотель уу? Эсвэл Кант ба Ролз уу? Энэ хоёр уламжлалт том урсгалын аль нь зөв болохыг шүүхийн тулд, шалгах ёстой асуудлууд бий. Нэг нь, эрх сайнаас дээгүүр тавигдах уу, үгүй юу? Тэгээд нөгөө нь, эрх чөлөөт хүн, эрх чөлөөт ёс суртахуунлаг эзэн бие гэж юуг хэлэх вэ? Эрх чөлөө гэдэг нь өөрийн үүрэг роль хийгээд зорилт зорилгоо сонгох боломжийг хэлдэг юм болов уу? Эсвэл өөрийн мөн чанараа олохыг зорих явдал уу? Дараагийн лекцээр эдгээр асуудлыг авч ярилцъя (Бүгд алга ташив).

Тайлбар:

Энэ удаад өмнөхийн үргэлжлэл болгож Аристотелийн онолд төвлөрч ярилцлаа. Яагаад Аристотель ингэтэл чухал юм бэ гэхээр, энэ хавиар эхэлж яригдах профессор Санделын өөрийнх нь онолын хувьд, Аристотелийн онол нь үзэл санааных нь эх урсгал ч гэж хэлэхүйц чухал утгыг агуулж буй учраас тэр юм. Дараагийн лекцээр коммунитаризм хэмээх үзэл санаа яригдах боловч, иймэрхүү үзэл санааны уг гаралын эхлэл цэг нь Аристотель гэж хэлж ч болно.

Энэ хүртэл профессор Санделын тайлбарласан Лок, Кант, Ролз, Нозик тэргүүтэй ойрхи хийгээд өнөө үеийн сэтгэн бодогчид өнөө цагийн үнэмлэхүй нөлөө бүхий үзлийг дэлгэрүүлсэн. Тэдний өнцгөөс харвал, телеологи онол буюу эртний сонгодог онолууд нь сайн хийгээд хүний амьдрахуй дээр төвлөрдөг боловч, үнэлэмжийн хэмжүүр туйлын олон төрөлтэй болоод буй өнөө цагт эдгээрийн талаар дундын нэг санаан дээр нэгдэх ямар ч боломжгүй. Тиймээс хүмүүс зөвшилд хүрэх боломжтой “эрх ~ шударга ёс” гэсэн байдлаар онолдох ёстой. Ойрхи үеийн онолчид ингэж тунгаасан учиртай.

Ийм өнцгөөс харах юм бол, Аристотель боолын системийг өмгөөлсөн явдал нь хуучны онолууд эрх чөлөөг үл ойшоодог болохын чухам сонгодог жишээ болдог учиртай. Тиймээс үүн дээр ямар нэгэн няцаалт гаргаж тавих нь чухал утгыг агуулна. Профессор Сандел Аристотелийн өөрийнх нь онол гарцаагүй боолын системийг өмгөөлөхгүй гэх гаргалгааг хийх байдлаар, телеологийг яг ч бас эрх чөлөөг үл ойшоосон биш болохыг илэрхийлэхийг зорьж байна.


Улмаар профессор Сандел уг логикоо дэлгэрүүлэн хөгжүүлснээр, телеологийг өнөө цагт тохируулсан хэлбэрээр дахин сэргээх боломжийн талаар шинэ эрэл хийсэн учиртай билээ.


No comments:

Post a Comment