2018/09/03

Шударга ёсны лекц 10-1: Гольф тоглохын зорилго бол "алхах"?!

Өмнөх - Хамгийн сайн лимбэ хэнд очих ёстой вэ?

Сандел:
Өмнөхийн үргэлжлэл болгож, өнөөдөр ч бас Аристотелийн тухай ярилцъя.
Өнөөгийн шударга ёсны онолууд нь ёс суртахууны үнэ цэнэ ч юм уу ариун ёс гэх мэт ухагдахууныг шударга ёс болон эрхээс салгаж заагласан зүйлс байсан.
Харин Аристотелийн санаа нь Кант, Ролз нарынхаас ялгаатай. Түүний хэлэх шударга ёс бол, хүмүүст тохирсон юмыг нь оноох явдал. Аристотелийн шударга ёсны онолын гол цөмд нь ийм нэг санаа яваа. Шударга ёс болон эрхийн тухай онолдох үед, нийгмийн үйл явц болон тогтолцооны утга учир, зорилго, өөрөөр хэлбэл телосийн талаар тунгаах нь зайлшгүй явдал юм, гэх санаа.


Шударга ёсыг тэнцүү хүмүүст тэнцүү зүйл хуваарилах явдал гэж үзэх юм бол, тэр дороо асуудал гарч ирнэ. Тэнцүү гэдгийг юугаар хэмжих юм бэ? Энэ асуултанд хариулахын тулд, хуваарилж байгаа юмныхаа зорилт, мөн чанарлаг шинж, тэгээд зорилгыг тунгаахгүй бол болохгүй гэж Аристотель хэлсэн.
Лимбэний жишээгээр тайлбарласан шүү дээ. Хэн нь хамгийн сайн лимбийг авах ёстой вэ? Аристотелийнхоор бол хамгийн шилдэг лимбэчин. Хамгийн шилдэг лимбэчин хамгийн сайн лимбийг авна. Энэ бол чухамхүү нэр төрийн хэрэг.

Хамгийн сайн лимбэ. Түүнийг авснаар гайхамшигтай лимбэний эгшиглэлт болон шилдэг лимбэчинд байх ариун ёс урамшуулагдана. Өнөөдрийн ярианы сэдэвт гарах анхаарал татам асуудал бол, бидний нийгмийн тогтолцоо болон улс төрийн үйл явцтай холбоотой асуудлыг хэлэлцэх үед “телеологигүйгээр аргалах нь хэрхэвч амар биш” гэх явдал юм.

Ерөнхийдөө бол телеологийг тооцолгүйгээр этик ба шударга ёс, ёс суртахууны асуудлыг тунгаах нь хэцүү. Ямар ч байсан Аристотель тэгж үзсэн. Тэгвэл түүний санаа хэр хүчтэй болохыг тодруулж харахын тулд хоёр жишээ гаргаж үзье.

Нэг нь, Аристотель ч бас нэлээд нуршиж өгүүлсэн улс төрийн асуудал. Улс төрийн статус болон нэр төр, улс төрийн засаглал хэрхэн яаж хуваарилагдах ёстой вэ?
Хоёр дахь жишээ нь, өнөөгийн гольфтой холбоотой хэрүүл. Бүх америкийн мэргэжлийн гольфын холбоо (PGA) хөлөндөө гэмтэлтэй гольфчин Кейси Мартиныг тэмцээний үеэр машин хэрэглэхийг нь зөвшөөрөх ёстой юу, үгүй юу?

Энэ хоёр жишээнээс бид нар Аристотелийн телеологид суурилсан шударга ёсыг илүү гүнзгий танин мэдэх болно. Телос буюу зорилгын тухай бодох үед, нийгмийн үйл явцын зорилго нь үнэндээ яг юу вэ гэдэг дээр хүмүүсийн санал хуваагддаг. Тиймэрхүү саналын хуваагдал нь хэн юу авах ёстой вэ гэдэг асуудлаар тогтохгүй. Энэ бол ердийн нэг хуваарилалтын асуудал биш, нэр төрийн асуудал ч бас мөн. Чухам ямар байдлаар хувь хүмүүсийн шинж чанар хийгээд давуу талд алдар хүнд оноох ёстой юм бол?

Зорилго буюу телосын тухай мэтгэлцээн нь, түүнтэй зэрэгцээд алдар хүндийн мэтгэлцээн байх нь олонтаа байдаг.

Одоо тэгвэл Аристотелийн улс төрийн онолыг энд харцгаая. Өнөө үеийн хуваарилалтын шударга ёсонд орлого, хөрөнгө, тэгээд боломж бололцооны хуваарилалт хамгийн гол ярианы сэдэв болдог. Харин Аристотель орлого хөрөнгөөс илүү нийгмийн байр суурь, алдар хүндийн талаарх хуваарилалтын шударга ёсны тухай тунгаасан байдаг. Хэн нь засаглалын эрхийг авах ёстой вэ? Хэн нь иргэн байх ёстой вэ? Хэрхэн яаж улс төрийн эрх мэдэл хуваарилагдах ёстой вэ? Эдгээрийн талаар Аристотель хэрхэн тунгаасан юм бол?

Улс төрийн эрх мэдлийг хуваарилах аргыг олж мэдэхийн тулд, эхлээд улс төрийн зорилго, утга учир, тэгээд телос нь юу болохыг асуухгүй бол болохгүй. Тэгвэл улс төр гэж юу вэ? Энэ асуултанд хариулж чадвал, засаглагчийг сонгох боломжтой болох уу?

Аристотель ингэж хариулсан байдаг. Улс төр гэдэг бол сайны хувь шинжийг цогцлоох явдал, иргэдийн ариун ёсыг өндөрсгөх явдал. Өөрөөр хэлбэл, сайн амьдрахуйг авчрах явдал. “Улс төр” бүтээлийнхээ 3-р ботьдоо тэрээр ингэж бичсэн бий. Төр хийгээд улс төрийн коммунитийн (буюу улс төрийн нэг дээвэр дор хамтран амьдарч буй бүлэг хүмүүс, нэг үгээр улс орон) зорилго бол зүгээр л амьдраад байх биш юм. Эдийн засгийн үйл ажиллагаа, аюулгүйн баталгаагаар хязгаарлагдах яриа ч биш. Улс төрийн зорилго бол сайн амьдрахуйг бий болгох явдал юм.

Та бүхний дунд энэ санааг эргэлзэж, орчин үеийн шударга ёсны онол болон улс төрийн онол нь илүү зөв юм шиг санагдах хүн байж болно. Санаж байна уу? Кант болон Ролз нарын хувьд улс төрийн утга учир бол иргэдэд ёс суртахууны хувь шинжийг цогцлоох явдал биш байсан. Улс төр бол биднийг сайн болгох явдал биш, харин бид бүхний сайн хийгээд үнэлэмжийн хэмжүүр, зорилгоо сонгох эрх чөлөөг хүндэтгэж, бусдад ч бас тэр эрх чөлөө бий болохыг хүлээн зөвшөөрөх явдал байсан.

Харин Аристотель бол өөр. “Хоосон нэр бус жинхэнэ Полис гэж нэрлэгдэх зүйл бол сайныг эрэлхийлэх зорилгын төлөө өөрийгөө зориулах ёстой. Тийм биш бол улс төрийн коммунити нь ердийн нэг холбоотнууд л болж хувирна.”



“Хууль нь бусдаас хүний эрхийг хамгаалах зорилготой ердийн нэг тохиролцоо төдий болно. Үнэндээ бол полисын иргэдэд сайн хийгээд шударга ёсыг тогтоох хэм хэмжээ байх ёстой атал.”




“Полис бол нэг дор амьдрах хүмүүсийн бөөгнөрөл биш. Харилцан биесийнхээ шударга бусыг сэргийлж, амар хялбараар арилжаа наймааг хөтлөхөд зориулагдсан газар ч биш. Полисын зорилго хийгээд утга учир бол сайн амьдрахуй бөгөөд, нийгмийн амьдрал дахь хууль тогтолцоонууд бол тэр зорилго өөд хүрэх арга зам нь юм.”



Аристотель цааш нь ингэж асууна. Үүнийг улс төр хийгээд полисын зорилго юм гэвэл, хуваарилалтын шударга ёсны зарчим дээр суурилж хэн нь хамгийн нөлөөтэй байх ёстой вэ? Хэн нь хамгийн дээд улс төрийн эрх мэдлийг эзэмших ёстой вэ? Аристотель ингэж хариулсан. Ийм онцлог бүхий бүлэгт, өөрөөр хэлбэл сайныг эрэлхийлэх бүлэгт хамгийн их үлгэр жишээ болох чухам тэр хүн л улс төрийн засаглал дахь гол дүр, полис дахь алдар хүндийг авах ёстой. Яагаад гэвэл улс төрийн коммунитийн мөн чанар дотор, бусдад үлгэр жишээ болох хүч байдаг.

Аристотель иргэний эрх болон улс төрийн эрх мэдлийн хуваарилалтыг улс төрийн зорилготой хэрхэн яаж холбосныг одоо та нар ойлгосон байх.
Гэвч үүн дээр тэр дороо эргэлзээ төрөн гарах вий. Яагаад Аристотель улс төрийн амьдрал болон улс төрд оролцох оролцоо нь сайн амьдрахуйтай салшгүй холбоотой гэж үзсэн юм бол? Яагаад улс төрд оролцохгүй бол төгс сайн амьдрахуй, хүн шиг амьдрахуй, ёс суртахуунлаг амьдралаар амьдрах боломжгүй юм бол? Тэрээр үүнд хандаж хоёр хариулт гаргаж тавьсан. Нэг дэхь нь, “Улс төр” бүтээлийнхээ 1-р ботьдоо товчхон тэмдэглэсэн бий.

Аристотелийнхоор бол, полист амьдарч, улс төрд оролцох зөвхөн тэр замаар л бид бүхэн хүн болсныхоо мөн чанарыг хангалттай гаргах боломжтой. Нэг ёсондоо хүн бол уулаасаа полисын амьтан (үүнийг “Хүн бол улс төрийн амьтан” гэдэг) юм гэнэ. Яагаад гэвэл, бид бүхэн гагцхүү улс төрийн амьдралаар дамжуулж л хэлний чадвар гэх зөвхөн хүнд байдаг тэр чадвараа дайчлах боломжтой. Аристотель энэхүү хэлний чадвараараа л хүмүүс алив зүйлийн сайн муу, шударга шударга бусыг номлож чадна, гэж үзжээ.

Тэрээр “Улс төр” бүтээлийнхээ 1-р ботид ингэж бичсэн байдаг. “Улс төрийн коммунити болох полис нь байгалиас бий болдог зүйл бөгөөд, хувь хүнээс дээгүүрт тавигддаг. Цаг хугацааны хувьд дээгүүрт тавигддаг бус, өөрийн зорилгынхоо хувиар дээгүүрт тавигддаг.”



Хүн коммунитийн гадна амьдарлаа ч өөрийгөө бүрэн хөгжүүлэх боломжгүй.
“Тусгаарлагдмал хүн, улс төрийн коммунитийн үр ашгийг эс ойлгох хүн, эсвэл тэрийг ойлгох шаардлагагүйгээр өөрийгөө хангасан хүн бол араатан юм уу бурхны аль нэг байхаас зайлахгүй.”



Бид зөвхөн хэлний чадвараа ашигласнаар л хүн болж төрснийхөө мөн чанар, хүч чадвараа бүрэн гүйцэт дайчилж чадна. Өөрөөр хэлбэл, бид бүхэн ахан дүүс болох полисын иргэдтэй аливаа юмны сайн муу, шударга шударга бусын тухай хэлэлцэх тэр үед гэсэн үг.

Тэвэл бид нар яагаад зөвхөн улс төрийн коммунитид л хэлний чадвараа ашиглаж чаддаг юм бол? Аристотелийн илүү дэлгэрэнгүй хоёр дахь хариулт, түүний “Никомахын этик” бүтээлд тайлбарлагдсан бий. Тэр нь бидний уншдаг номын нүүрэнд хүртэл ишлэгдсэн байгаа.

Аристотель тэр ном дотроо, улс төрийн тухай тунгаах явдал, иргэн болж амьдрах явдал, засаглаж засаглагдах явдал, тэгээд эрх мэдлийг хуваарилах явдал нь бүгдээрээ ариун ёсонд зайлшгүй шаардлагатай зүйлс хэмээн тайлбарласан байдаг. Аристотелийн тодорхойлох аз жаргал бол, зовлон шаналал болон баяр баясгалангийн харьцааг максималчилдаг зүйл биш. Аз жаргал гэдэг бол ариун ёсонд суурилсан сэтгэл зүрх (soul буюу сүнс)-ний үйл ажиллагаа юм. Цаашлаад тэрээр, улс төрөөр суралцаж буй оюутнууд бүгдээрээ сэтгэл зүрхэнд суралцах шаардлагатай, гэж хэлсэн. Сэтгэл зүрхийг цогцлоох явдал бол сайн хот дахь хууль тогтоомжийн нэг зорилго юм.

Гэвч ариун ёст амьдралаар амьдрахын тулд яагаад сайн хотод амьдрах шаардлагатай юм бол? Гэр дотроо ч юм уу философийн хичээлээр, эсвэл номноос ёс суртахууны хэм хэмжээнд суралцаж, тэдгээр зарчмууд болон хууль дүрмийг, эсвэл чиг шугамыг баримтлаад амьдрахад болохгүй гэж үү? Аристотель, ариун ёс бол тийм байдлаар эзэмшдэг зүйл биш гэнэ. Түүнийхээр бол ариун ёс гэдэг бол бодитоор хэрэгжүүлж, өөрөө үйлдэх явдлаар л сая олж болдог зүйл. Бодитоор хийж үзсэнээр сая чамд шингэнэ. Номноос суралцдаг зүйл биш.

Тэр талаараа лимбэ тоглож сурахтай төстэй. Зүгээр гарын авлага уншсаар байгаад мундаг тоглодог болж чадахгүй. Дасгал сургуулилт хийж, шилдэг лимбэчний тоглолтыг үзэж байж л сайжирна. Өөр төстэй жишээнүүд ч бий. Хоол хийх байж болно. Нэгдүгээр зэрэглэлийн тогооч нар дунд хоолны ном уншсаар байгаад хоол хийх аргыг сурсан хүн гэж байхгүй. Хоолыг бодитоор хийж үзэх байдлаар л сурна. Хошин шог ч бас нэг жишээ гэж хэлж болно. Хошин шогийн зарчмыг уншсаар байгаад алиа хошин болсон хүн гэж байхгүй.

Яагаад юм бол? Хошин шог, хоол, хөгжим тоглох зэрэгт нийтлэг юм юу байна вэ? Ном болон хичээлээс дүрмийг нь заалгуулж ойлгосон төдийд яагаад тэдгээрийг эзэмшиж чаддаггүй юм бол? Эдгээр гурван үйл ажиллагаанд нийтлэгээр байгаа зүйл бол, эвийг нь олох явдал юм. Тэгвэл хоол хийх, хөгжим тоглох, хошигнохын тулд юуны эвийг олох шаардлагатай вэ?

Тэр бол өгөгдсөн тухайн нөхцөл байдлын онцлогийг олж харах явдал. Хошин шогчид, тогоочид, хөгжимчид нь тухай тухайн нөхцөл байдлыг бүхэлд нь хяналтандаа байлгаж байхгүй бол болохгүй.

Гэвч тийм юмыг хяналтандаа байлгах зуршил чадварыг өөриймшүүлэх дүрэм болон арга зам гэж хаана ч байхгүй.
Ариун ёс ч бас тэрэнтэй ижил, гэж Аристотель хэлнэ. Тэгвэл энэ нь хэрхэн яаж улс төртэй холбогдох юм бол? Бид бүхэн сайн амьдрахын тулд, ариун ёстой байхгүй бол болохгүй. Түүний төлөөх цорын ганц арга бол шаардлагатай зуршил чадварыг өөриймшүүлэхийн төлөө ариун ёсыг бодитоор хэрэгжүүлж, цаашлаад сайны мөн чанарын тухай иргэд хоорондоо хэлэлцэн ярилцах явдал юм. Энэ бол улс төрийн хамгийн төгс хэлбэр.

Бидэнд иргэний ариун ёс болон, эн тэнцүү нөхөдтэйгээ харилцан хэлэлцэх чадвар хэрэгтэй. Ийм зүйлсийг улс төрд оролцохгүйгээр ганцаараа амьдраад хэзээ ч олж чадахгүй. Тиймээс бид өөрсдийн мөн чанарыг дайчлан гаргахын тулд улс төрд оролцохгүй бол болохгүй.

Тэгээд Афины улс төрч Периклес шиг хамгийн дээд иргэний ариун ёстой хүнд хамгийн дээд улс төрийн байр суурь хийгээд алдар хүнд оногдоно. Нэг ёсондоо, байр суурь хийгээд алдар хүндийн хуваарилалтын тухай яриа нь телеологи шинжтэй төдийгүй, алдар хүндтэй ч холбоотой. Периклес шиг хүмүүсийг алдаршуулах нь ч бас улс төрийн зорилгын нэг учраас тэр. Периклест эрх мэдэл олгох ёстой гэдэг нь, хамгийн сайн үр дүнг иргэдэд авчрах шийдвэр гаргаж чадна гэдэг үндэслэлээр хязгаарлагдахгүй. Мэдээж тэр ч бас үнэн бөгөөд чухал зүйл мөн.
Гэвч Периклес шиг хүн полисын хамгийн дээд байр суурь, алдар хүнд, эрх мэдэл, тэгээд нөлөөлөх чадвартай байх ёстой өөр нэг үндэслэл бий. Тохиромжтой ариун ёс бүхий хүнийг сонгож, түүнийг алдаршуулах явдал нь өөрөө улс төрийн чухал зорилгын нэг болохоор тэр. Энэ тохиолдолд ариун ёс гэдэг нь, иргэний ариун ёс болон шилдэг гарамгай шинж, практик эрдэм ухаан зэргийг хэлж буй.

Энэхүү алдар хүнд гэдэг өнцөг нь Аристотелийн улс төрийн онолын салшгүй нэг хэсэг нь.
Тэгвэл энд бүгдээрээ Аристотелийн онолыг бодит жишээгээр өнөөгийн нийгмийн мэтгэлцээнд орлуулан бодож үзье гэж бодож байна. Аристотелийн хоёр онолын холбоосыг харахын тулд. Хоёр онол гэдэг нь шударга ёс ба эрхийн тухай онол, тэгээд нийгмийн үйл явцын телос буюу зорилгын тухай онол.

Одоо бидний харах Кейси Мартины гольфын машины зарга бол зөвхөн заргаар тогтохгүй, дараах хоёр асуудлын хамаарлыг ил болгож өгнө. Нэг нь, нийгмийн үйл явцын зорилго, энэ жишээн дээр хэлэх юм бол уралдаан тэмцээний зорилго гэж юу болох талаарх асуудал. Өөр нэг нь алдар хүнд, нэр төр хүртэх гавьяатай шинж чанар гэж юу болох талаарх асуудал. Өөрөөр хэлбэл, зорилго ба алдар хүндэд суурилсан хуваарилалтын шударга ёсны хамаарлыг ил болгох юм.

Кейси Мартин бол маш чадварлаг гольфчин бөгөөд, нэгдүгээр зэрэглэлийн тамирчидтай өрсөлдөхүйц түвшний хүн байж. Гэвч нэг асуудал байв. Түүний хөлөнд цусны урсгалын нэгэн онцгой саатал байсан тул алхахад асуудалтай байж. Асуудалтайгаар барахгүй алхах нь аюултай байсан байна. Тиймээс Мартин гольфын цуврал тэмцээн зохион байгуулж буй гольфын холбоонд хандаж нэгэн хүсэлт гаргажээ. Мэргэжлийн цувралд оролцох үедээ гольфын машин хэрэглэхийг зөвшөөрөхийг хүссэн байна. Тэгтэл гольфын холбоо хүсэлтийг хэрэгссэнгүй. Тэгэхээр нь Мартин хөгжлийн бэршээлтэй иргэдийн хуулийг үндэслэн гольфын холбоог шүүхэд өгч, энэ зарга дээд шүүх хүртэл дамжсан.

Тэгээд дээд шүүх дээр гол асуудал болсон нь, Мартинд гольфын холбооноос зөвшөөрөл авч, тэмцээний үеэр машин хэрэглэх эрх байгаа эсэх болов.

Үүн дээр та бүхний саналыг сонсъё. Та нарын дунд ёс суртахууны үүднээс бодоход Кейси Мартинд гольфын машин хэрэглэх эрх байх учиртай гэж бодож байгаа хүмүүс гараа өргөөрэй. Тэгвэл тэмцээнд машин хэрэглэх эрх байхгүй гэж бодож байгаа хүн?

Талаас илүү нь Мартины эрхийг зөвшөөрч байгаа бололтой. Гэхдээ эсрэг тал ч бас нэлээд олон байх шиг байна.

Эхлээд Мартины эрхийг зөвшөөрөхгүй хүмүүсийн саналыг сонсож үзье. Яагаад гольфын холбоо машин хэрэглэхийг зөвшөөрөх ёсгүй гэж бодно вэ? Чи!

Том:
Гольф гэдэг спорт үүссэн цагаас л, талбайг алхаж туулах нь тэмцээний нэг хэсэг байсан ба, өнөө үед гольфын фундаментал элемент болсон. Тиймээс гольфын талбайг алхаж чадахгүй бол мэргэжлийн тамирчны хувиар өрсөлдөхөд шаардлагатай нөхцлийг хангахгүй гэж хэлмээр байна.

Сандел:
Мөөн. Нэр хэн бэ?

Том:
Том.

Сандел:
Чи гольф тоглодог уу?

Том:
Нээх их биш ээ, бага зэрэг л...

Сандел:
Гольф тоглодог өөр хүн байна уу? Жинхэнэ гольфчин? (хахаха)

Том:
Баярлалаа профессор оо! Сайхан хэллээ...

Сандел:
Үгүй үгүй, тийм утгаар хэлээгүй шүү (хахаха). Гольфын секцэнд явдаг хүн байхгүй биз? Чи! Нэрээ бас саналаа хэлээрэй.

Майкл:
Намайг Майкл гэдэг. Би голдуу машин хэрэглэдэг болохоор (хахаха), миний саналыг анхаарах хэрэггүй ч байж магадгүй.

Сандел:
Тийм болоод эргэлзэн эргэлзэн гараа өргөсөн юм уу?

Майкл:
Харин тийм (хахаха).

Сандел:
Бололгүй яах вэ. Сая Том ямар ч байсан мэргэжлийн гольфчдын хувьд талбайг алхах нь тэмцээний фундаментал элемент гэж хэллээ, чи дэмжиж байна уу?

Майкл:
Тийм.

Сандел:
Дэмжиж байна гэж үү? Тийм бол өөрөө яагаад машин хэрэглэдэг болж байна? Чамайг гольфчин гэж хэлэх үү? (хахаха) За за тоглосон юм. Үндэслэлээ хэлээч!

Майкл:
Талбайг алхах нь маш их ачаалал өгч, тэмцээн маш хэцүү болдог.

Сандел:
Мөөн. За тэгвэл Майкл Том хоёр тэр чигтээ байж байгаарай. Одоо Мартинд машин хэрэглэх эрх байх учиртай гэж үзэж байгаа хүмүүсийн саналыг сонсъё. Мартиныг өмгөөлөх хүн байна уу? Чи!

Рэба:
Гольфын холбоо машин хэрэглэхийг зөвшөөрөх ёстой гэж бодож байна. Зөвшөөрөөгүй тайлбартаа ч бас Мартиныг ачаалал мэдэрдэггүй бол биш гэдгийг тэмдэглэсэн байдаг. Машинаар явах боломжгүй газар ч бас байгаа болохоор 1 миль (1.6 км) хэртэй алхах шаардлага гарна. Ганц миль ч гэлээ түүний хувьд бол бусад тамирчдаас илүү их ядралт мэдэрнэ. Ямар ч ачаалалгүй гэсэн үг биш.

Сандел:
Нэр хэн билээ?

Рэба:
Рэба.

Сандел:
Рэба! Талбай алхах нь гольфын фундаменталь элемент мөн гэх Томын саналыг хэрхэн эсэргүүцэх вэ? Жишээ нь, хөгжлийн бэрхшээлтэй тамирчин NBA-ийн сагсны тэмцээнд гарахыг зөвшөөрвөл, талбай дээр гүйх шаардлагагүй байх уу?

Рэба:
Үүн дээр 2 хариулт байж болно гэж бодож байна. Нэгт, алхах нь гольфын мөн чанар гэж бодохгүй байна. Ялангуяа хоббигоороо гольф тоглодог хүмүүс машин хэрэглэж л байдаг.

Сандел:
Яг Майкл шиг (хахаха).

Рэба:
Тэрнээс гадна, машин ашиглаж болдог тэмцээн ч гэж байдаг. Жишээ нь гольфын холбооны ахмадын тэмцээн, их сургуулиудын тэмцээн, аль аль нь гольфын холбооны цувралтай адилхан өндөр түвшний тэмцээнүүд. Алхах бол гольфын чухал элемент энэ тэр гэдэг бол санаанаасаа зохиосон л зүйл. Тэгээд ч Мартин огт алхахгүй гээгүй. Суугаа чигээрээ биш, зогсож байгаад гольф тоглоно.

Сандел:
Баярлалаа. Өөр санал байна уу? Чи!

Девид:
Тэмцээний зорилго бол нэгдүгээр байр, хоёрдугаар байр, гуравдугаар байрыг шалгаруулах явдал гэж бодож байна. Энэ бол дэлхийн хэмжээний цуврал учраас хамгийн дээд түвшний тэмцээн. Асуудал бол өрсөлдөөний зорилго. Өрсөлдөөний зорилго талаас нь харвал, дүрмийг өөрчилж болохгүй.

Сандел:
Өрсөлдөөний зорилгод алхах ч бас агуулагдаж байгаа юу?

Девид:
Тийм.

Сандел:
Томынхтой ижил санал байна. Хэн билээ?

Девид:
Девид.

Сандел:
Дээд шүүх гольфын холбоог Кейси Мартины хүсэлтийг хүлээж авах ёстой гэсэн шийдвэр гаргасан. Түүний үндэслэл нь Рэбагийн хэлсэнтэй ижил, алхах нь тэмцээний фундаменталь элемент биш гэж үзсэн.

Тэд талбай алхах нь ганбургер ганцыг идээд олох хэмжээний илчлэг л шатаана гэсэн мэдүүлгийг иш болгосон. Иргэдийн төлөөллийн олонхын санал энэ байсан. Харин шүүгч Скалиа өөр байр суурь илэрхийлсэн. Тэрээр Девидтэй ижил саналтай байсан. Скалиагийнхаар бол, гольфод зорилго энэ тэр гэж байхгүй, гольфын мөн чанарлаг зорилгыг тунгаах нь шүүхийн хийх ажил ч биш. Гольф бол бусад бүх спортын адилаар зугаа цэнгэл. Онцгой ямар нэг дүрэм баримталмаар байгаа бол хамаагүй, тэгж болно. Хүмүүс тэрнээс таашаал авах уу, үзэхээр очих уу, телевизийн шууд дамжуулалтыг үзэх үү гэдэг бол зах зээлийн л шийдэх асуудал.

Скалиагийн эсрэг санал бол анти Аристотель (Аристотелийн эсрэг) маягийн зүйл юм. Үүн дээр хоёр зүйл дээр анхаарлаа хандуулна уу.
Нэгт, бид нар гольфын мөн чанарлаг шинж чанар болон зорилгын талаар ярилцсан. Алхах нь гольфын мөн чанарт агуулагдах уу? Энэ ярианд бүр чухал асуудал агуулагдаж байна. Алхах нь гольфын нэг хэсэг мөн биш эсэх нь, гольф ерөөс спортын төрөл мөн үү гэсэн асуудалтай холбогдоно. Гольф бол хөдөлгөөнгүй байгаа бөмбөгийг нүх рүү оруулдаг тоглоом. Энэ нь сагсан бөмбөг ч юм уу бейсбол, эсвэл америк хөл бөмбөгтэй төстэй юу, эсвэл биллъяардтай илүү төстэй юу (хахаха). Бөмбөг нь хөдөлгөөнгүй юм чинь бие бялдараа хөгжүүлээд байх ч шаардлагагүйгээр ялах боломжтой. Техник хэрэгтэй л дээ, гэхдээ хөдөлгөөний чадвар шаардахгүй.

Нэгдүгээр зэрэглэлийн гольфчидын өнцгөөс харах гээд үзье. Тэдний хувьд гольф нь биллъяард мэтийн техникт тулгуурласан тэмцээн биш, спорт гэдгээр хүлээн зөвшөөрөгдөж, олонд өргөмжлөгдөх нь чухал байх.
Хэрвээ тийм бол энэ мэтгэлцээн нь зорилго буюу телос төдийгүй алдар хүндийн ч асуудлыг хөндөж буй явдал болно.

Гольф гэдэг тэмцээн чухам ямар ариун ёсыг үнэлж, алдаршуулдаг юм бол? Энэ бол Аристотелийн дэлгэн тавьсан хоёр дахь асуулт. Үргэлжлэлийг дараагийн лекцээр ярилцъя (Бүгд алга ташив).

Тайлбар:

Энэ удаад Аристотелийн үзэл санааны талаарх дэлгэрэнгүй тайлбар явлаа. Түүний үзэл санаанд 3 чухал цэг байсан. Нэг нь өмнө яригдсанчлан, Аристотель зорилгын онолыг дэвшүүлсэн чухал сэтгэн бодогч гэх явдал. Хоёр дахь нь, хүн бол полист амьдардаг оршихуй гэсэн санаа. Үүнийг “Хүн бол улс төрийн амьтан” хэмээн ярих нь түгээмэл байдаг ба, хүний амьдралын хувьд коммунити ямар чухал болохыг эндээс гарган харж болдог учиртай. Гурав дахь нь, улс төрийн зорилго гэдэг утгаар сүнс ч юм уу, сайн ч юм уу, ариун ёс гэх мэт оюун санаалаг, этикийн элементүүд туйлаас эрхэм чухал гэсэн санаа. Профессор Сандел энэхүү “Сүнсийг бэлтгэх урлаг” гэдэг өнцгөөс нь улс төрийг чухалчлан харж байна.


Тэгээд сүүлийн хэсэгт гольфтой холбоотой заргын жишээ яригдсан. Өнөөгийн орчин үеийн ертөнцөд телеологи маягийн санаа төдийлөн хүчгүй болоод байгаа учиртай хэдий ч, профессор Сандел энэ жишээг гаргаж тавьснаар, телеологи онол өнөө цагт ч бас чухал байх тохиолдол бий болохыг үзүүлэхийг зорьж байна. Гольфод “Гольф бол спорт мөн. Алхах бол гольфын зорилготой ямар ч холбоогүй. Тиймээс заргыг шүүн таслах логик талаасаа ч бас, гольфыг зорилгоос нь тунгаан харвал алхах нь зорилго биш учраас машин хэрэглэж болно” гэсэн шийдвэр гарсан. Профессор Сандел, телеологи бол өнөөгийн ертөнцийн хувьд ч бас зарим талаар чухал байж болох талтай гэдгийг, энэ мэт амьд жишээгээр илэрхийлэн үзүүлж байна.


No comments:

Post a Comment