2018/08/29

Шударга ёсны лекц 9-2: Хамгийн сайн лимбэ хэнд очих ёстой вэ?

Өмнөх - Би яагаад тэнцсэнгүй гэж?

Сандел:
Өмнөх лекцээр элсэлтийн журамд арьс өнгийг шалгуурын нэг фактор болгон оруулдаг цөөнхийг дэмжих хөтөлбөрийн зөв буруугийн талаарх үндэслэлийг ярилцаад дууссан.
Хэлэлцүүлгийн явцад цөөнхийг дэмжих хөтөлбөрийг дэмжсэн 3 янзын үндэслэл урган гарч ирсэн.


Нэг дэхь нь, арьс өнгө болон яс үндэс зэрэг суурь дэвсгэрийг харгалзаж, шалгалтын оноо болон сурлагын голч нь тухайн шалгалт өгөгчийн сурах потенциалыг зөв илэрхийлж байхаар залруулах шаардлагатай гэсэн санаа байсан.
Хоёр дахь нь “төлөөсийн аргумент” гэж нэрлэж болохоор зүйл бөгөөд, түүхийн алдаа болон шударга бусыг залруулах тухай санаа байсан.

Тэгээд гурав дахь санаа нь “Төрөлжүүлэлтийн аргумент” байсан.
Шерил Хопвүүд 1990 онд гаргасан Техасын Их Сургуулийн хуулийн ангийн цөөнхийг дэмжих програмын эсрэг зарга холбооны шүүхэд шилжсэн ба, тэр үед Техасын Их Сургуулиас гаргаж тавьсан нь өөр төрлийн төрөлжүүлэлтийн аргумент байсан.
Техасын хуулийн сургууль илүү өргөн хүрээний нийгмийн зорилго, нийгмийн үүрэг хүлээдэг ба, тэр нь хуулийн салбарт, шүүгч өмгөөлөгч сенаторчдын дунд манлайлагч төрүүлэн гаргах явдал. Тиймээс Техас мужийн онцлог, түүх болон хүн амын бүрдэл дэхь арьс өнгө, гарал үүслийн харьцааг өөртөө шингээсэн удирдагчдын давхрагыг бэлтгэн гаргах нь чухал юм. Энэ бол их сургуулийн илүү өргөн хүрээтэй нийгмийн үүргээ гүйцэтгэхийн төлөөх чухал зүйл.
Техасын Их Сургуулийн гаргаж тавьсан аргумент нь энэ.

Дараа нь бид төрөлжүүлэлтийн аргументад хандсан няцаалтын талаар ярилцсан.
Төрөлжүүлэлтийн аргумент гэдэг бол эцсийн эцэст нийгмийн үүрэг болон нийтлэг сайн гэдэг нэрийн дор яригддаг аргумент юм.
Нийтлэг сайн эсвэл нийтийн сайн сайхныг дэмжих процесс дунд хувь хүний эрх зөрчигдсөн ч бай хамаагүй, тийм байлаа ч мөн л нийтийн сайн сайхан нь дээгүүрт тавигдах ёстой, гэдэгт Ролз эгэлээр итгэгч байгаагүй. Энэ бол өмнөх лекцийн төгсгөлд гарч ирсэн, төрөлжүүлэлтийн аргументэд хандсан эргэлзээ байсан.

Энэ тохиолдол дээр ямар хувь хүний эрх асуудал дагуулж байна вэ?
Тэр бол ерөнхийдөө “Өөрийн чадал хүрэх хэм хэмжээн доторх хүчин зүйлээр өөрийгөө шийдүүлэх эрх” болов уу.
Шерил Хопвүүдын зарга ардаа ийм санааг агуулж байсан байх. Өөрийнхөө цагаан арьст гэх фактыг яагаад ч өөрчлөх боломжгүй. Яагаад хуулийн сургуулийн шалгуур нь өөрөө яагаад ч өөрчлөх боломжгүй ийм хүчин зүйлээр шийдэгдэх ёстой юм бэ?

Өмнөх лекц дээр, энэ мэтгэлцээний дундуур, Харвард өөрийн үүргээ дураараа тодорхойлох эрхтэй гэсэн санаа ч бас гарсан. Яагаад гэвэл Харвард бол хувийн боловсролын институц (улсынх биш). Харвард нэгэнтээ өөрийн нийгэм дэхь үүргээ тодорхойлчих юм бол, оюутнуудаас ямар шинж чанар шаардах нь тодорхой болно. Тиймээс хэний ч ямар ч эрхэнд халдсан болохгүй.

За тэгэхээр, энэ санаа зөв үү? Энэ санааг эсэргүүцсэн няцаалт сонсмоор байна. Дараа нь өөр саналууд ч сонсмоор байна. Чи! Босоод саналаа хэлээрэй. Хэн билээ?

Да:
Да байна..

Сандел:
Өмнөх лекц дээр ч бас саналаа хэлж байсан байхаа? Тэгэхээр чиний няцаалт юу вэ?

Да:
Хоёр үндэслэл байна.
Нэг нь, хувийн институц өөрийн үүргээ чөлөөтэй тодорхойлж болно, гэдэг санаа. Гэвч тэд үүргээ гарцаагүй зөв тодорхойлно гэсэн баталгаа байхгүй.
Жишээ нь, би өөрийнхөө үүргийг “Дэлхийн бүх мөнгийг өөрийн болгох” гээд тодорхойлсон ч болох боловч, энэ зөв үүрэг мөн үү? Тиймээс хувийнх юм чинь гээд юу дуртайгаа тодорхойлж болно гэж хэлэх боломжгүй.
Цөөнхийг дэмжих хөтөлбөрийн хувьд, өөр хамааралтай хүчин зүйлүүд ч бас зөндөө байгаа болохоор, арьс өнгийг нэг хүчин зүйл болгон оруулсан ч болно гэж үзэж болох байх...

Сандел:
Эхлээд чиний нэг дэхь үндэслэлийг чинь бодож үзье.
Дагийн сая хэлсэн няцаалт бол, их сургууль өөрийн нийгэм дэхь үүргээ дураараа тодорхойлж болно гэж үү, тэгээд түүндээ тохируулаад элсэлтийн журмаа шийдэж болно гэж үү, гэсэн санал (Да толгой дохив).

Техасын хуулийн сургуулийн хувьд юу гэж бодож байна? Өнөө үе биш, 1950-д оны үеийн явдал. 1950-д онд ч бас Техасын хуулийн сургуультай холбоотой зарга дээд шүүхэд очиж байсан. Элсэлтийн журам нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан шинжтэй, зөвхөн цагаан арьстнууд л элсдэг байж.
50-д оны заргын үеэр ч бас Техасын хуулийн сургууль их сургуулийн нийгэм дэхь үүргийг иш болгон гаргаж тавьсан.
“Хуулийн сургуулийн хувиар бидэнд ноогдох үүрэг бол, Техасын хуулийн салбар болон хуулийн компаниудын төлөө өмгөөлөгч бэлтгэн гаргах явдал. Гэтэл африк гаралтай америкчуудыг ажилд авах хуулийн компани байхгүй. Тиймээс бид үүргээ бүрэн биелүүлэхийн тулд зөвхөн цагаан арьстай хүн л сургуульдаа элсүүлэхээс өөр аргагүй.”

1930-д оны Харвард ч бас еврей оюутан элсүүлэхийг хориглож байсан. 30-д оны Харвардын захирал байсан Ровел “Хувь хүнийхээ хувьд ямар ч еврейн эсрэг үзэлгүй” гэж өгүүлсэн байдаг.
Гэвч тэрээр Харвардын нийгэм дэхь үүргийг иш болгон гаргаж, эрдэм мэдлэгтэй хүмүүс бэлтгэх төдийгүй, Уоллстрийтийн хувьцааны наймаачин, ерөнхийлөгч, сенатын гишүүдийг хүртэл бэлтгэн гаргах ч бас Харвардын үүрэг боловч, өнөөгийн байдлаар тийм ажил мэргэжилд очдог еврей хүн гэж бараг байдаггүй.” гэсэн байдаг.

Үүн дээр та нараас асуумаар байна.
Өнөөгийн их сургуулийн төрөлжүүлэлтийн аргумент хэмээн гаргаж тавьсан их сургуулийн нийгэм дэхь үүрэг болон, 1950-д оны Техасын Их Сургууль, 30-д оны Харвардын Их Сургуулиудын гаргаж тавьсан нийгэмд дэхь үүргүүдийн хооронд зарчмын ялгаа байна уу? Санал хэлэх хүн байна уу? Хана.

Хана:
Зарчмын ялгаа байна гэж бодож байна. Тэр нь “дэмжих” болон “хориглох” хоёрын ялгаа.
Их сургууль шашин шүтлэг болон арьс өнгөөр шалтаглан элсэгчдийг хориглох нь ёс суртахууны хувьд буруу. Ингэх нь тохиолдлын хүчин зүйлд тулгуурласан хаалт.
Одоогийн Харвард бол олон талт байдлыг дэмжих байдлаар, урьд нь хориглогдож байсан бүлгийг дэмжихийг зорьж байна.

Сандел:
Сайн байна. Түр хүлээж байгаарай. Хэн нэгэн эсрэг саналтай хүн байна уу? Чи!

Стиви:
Эсрэг санал биш, Ханаг дэмжих гэсэн юм...

Сандел:
Болно оо.

Стиви:
Миний бодож байгаа өөр нэг ялгаа бол, урьдын арьс өнгөний үзэл бол “муу сэтгэл”-ээс үүдэлтэй байгаа явдал. Хар арьстнууд болон еврей нарыг элсүүлэхийг зөвшөөрөхгүй байгаа нь, тэднийг чадваргүй сул дорой хүмүүс гэсэн үзлээс гарсан болов уу гэж бодож байна.

Сандел:
Өнөөгийн хөтөлбөр бол муу санаа агуулаагүй гэсэн үг байх нь ээ?
Хэн билээ?

Стиви:
Стиви.

Сандел:
Стивигийн хэлж байгаа нь, урьдын арьс өнгөөр ялгаварлан гадуурхагчид, арьс өнгөөр ангилагчид, еврейн эсрэг хориг хязгаарлалтанд ямар нэгэн төрлийн муу санаа, өөрөөр хэлбэл африк гаралтай америкчууд болон еврей хүмүүсийг бусдаас чадваргүй сул дорой гэсэн хатуу (муйхар) үзэл агуулагдаж байсан. Харин өнөөгийн цөөнхийг дэмжих програмд тийм муйхар үзэл байхгүй, гэж байна.

Нэг ёсондоо, хүмүүсийг мөн чанарынх нь хувьд чадваргүй дорой гэж дорд үзэхгүй, Стиви маягаар хэлбэл муу санаагаар алаг үзсэн зүйл байхгүй бол, сонголтын бодлого нь хүнийг тухайн инститүцийн нийгэмд хүлээсэн үүрэгтээ чухалчлан авч үзэж байгаа л бол, цөөнхийг дэмжихийг хүлээн зөвшөөрч болно, гэсэн үг.

Үүн дээр асуулт. Ажил дээрх албан тушаал, их сургуульд элсэхээр өрсөлдөх үед, бид нар бүгдээрээ шигшин шалгагдах бус ашиглагдахыг, тэгэхдээ бүр ёс суртахууны үнэ цэнэтэй холбоогүй аргаар ашиглагдахыг хүлээн зөвшөөрөөд байгаа юм биш биз?

Цөөнхийг дэмжсэн хөтөлбөрийн талаарх мэтгэлцээнийг эхлүүлэх үед, хуваарилалтын шударга ёс ёс суртахууны үнэ цэнэтэй холбогдох ёстой эсэх талаар судлахыг зорьж байсныг эргэн санана уу. Энэ асуудлыг барьж авсан шалтгаан нь Ролз байсан. Ролз, хуваарилалтын шударга ёсыг, тэр нь анги давхрага, орлого, баялаг дээрх статус ч юм уу байр суурийн хуваарилалт байлаа ч, хуваарилалтын шударга ёс бол ёс суртахууны үнэ цэнэтэй холбоотой асуудал гэсэн санааг үгүйсгэсэн.

Жишээ нь үүнийг Харвардын Их Сургуулийн элсэлтийн журмынх нь ёс суртахууны үндэслэл байжээ гэж бодьё. Тийм бол Харвард тэнцсэн болон тэнцээгүй хүмүүст ямар захидал бичих байсан бол?
Тэр нь нэг иймэрхүү зүйл байх байсан болов уу.
Шалгуурт тэнцээгүй өргөдөл гаргагч танаа!
Харамсалтайгаар та шалгуурт тэнцээгүй боловч, энэ нь огтхон ч таны буруу биш юм шүү.
Энэ бол ердөө л тохиолдлоор танд байдаг өгөгдөхүүнүүдийг нийгэм төдийлөн чухалчилдаггүй төдий л хэрэг юм (хахаха).
Таны оронд шалгуурыг давсан хүмүүс ч бас, өөрсдөө шалгуурт тэнцэх гавьяатай болоод тэнцсэн учиртай бус, зүгээр л шалгуурт тавигдсан өгөгдөхүүнтэй байж таарсан төдий явдал тул, шагшин магтаад байх гавьяа байхгүй билээ.
Бид нийгмийн зорилгынхоо төлөө тэдгээр өгөгдөхүүн хийгээд та бүгдийг зүгээр л ашиглах болно.
Дараагийн удаа танд аз хүсье.” (хахаха).

Та нар тэнцсэн захидал хүлээж авч байсан байх. Гэхдээ тэр захидлын чинь агуулга нэг иймэрхүү байх ёстой байсан болов уу.
Шалгуурт тэнцсэн өргөдөл гаргагч танаа!
Та манай шалгуурт тэнцсэн болохыг уламжлахдаа баяртай байна.
Таны хувьд гайхамшигтай аз тохиож, танд өнөөдрийн нийгмээс шаардаж буй тэр өгөгдөхүүнүүд байгаа тул, нийгмийн ашиг сонирхлын төлөө тэр өгөгдөхүүнүүдийг чинь ашиглахыг зөвшөөрнө үү (хахаха).
Та бол, таныг шалгуурт тэнцүүлсэн өгөгдөхүүнтэй байсныхаа төлөө магтуулах гавьяатай бус, сугалаанаас хонжвор хожсон хүнийг ерөөдөгтэй ижил утгаар ерөөгдөх төдий гавьяатай. Бидний саналыг болгоон авах юм бол, таныг ашигласнаар дагалдан ирэх үр ашгаас хүртэх эрх танд оногдох болно.
Ингээд, элсэлтийн баяр дээр уулзтал түр баяртай.” (хахаха)

Ийм агуулгатай захидал байвал нэг л хачин байгаа биз? Энэ агуулга элсэлтийн журмын ард нь яваа тэр логик ч юм уу философийг илэрхийлж байна аа гэж үзвэл, ёс суртахуун талаасаа ямар нэгэн байдлаар хачирхалтай байна. Эндээс ийм асуулт урган гарч ирнэ. Тэр асуулт бол биднийг улс төрийн философийн ноцтой асуудал руу буцаан аваачих асуулт юм.
Хуваарилалтын шударга ёсны асуудлыг, ёс суртахууны үнэ цэнийн асуудал хийгээд ариун ёсны асуудлаас салгаж тунгаах нь боломжтой юу? Мөн тэгэх нь хүсүүштэй зүйл мөн үү?

Энэ асуудал өнөөгийн улс төрийн философийг сонгодог улс төрийн үзэл санаанаас олон цэг дээр ангилж байдаг. Ёс суртахууны үнэ цэнийг хойш нь тавих уу үгүй юу гэдэг асуулт дээр, юу асуудал болдог вэ?

Ролзын номыг уншихад, тэрээр хуваарилалтын шударга ёсыг ёс суртахууны үнэ цэнээс салгах ёстой гэж үзсэн үндэслэл нь, эгалитарист (тэгш эрхт үзэл) маягийн зүйл юм шиг санагдана.
Ёс суртахууны үнэ цэнийг харгалзахгүй байснаар, эгалитарист санааг хэрэгжүүлэхийн төлөөх илүү өргөн харах өнцгийг олж авна. Үл мэдэх гивлүүр, хоёр зарчим (эрх тэгш язгуур эрх чөлөөний зарчим болон эерэг ялгаврын зарчим), хамгийн сул дорой хүмүүст хандсан тусламж, дахин хуваарилалт гэх мэт.

Гэвч сонирхолтой нь, өдийг хүртэл гаргаж ярьсан сэтгэн бодогч нарыг харахад, шударга ёсыг ёс суртахууны үнэ цэнээс салгаж тунгаах ёстой гэсэн үндэслэл нь, тэгш байдалд хандах сонирхлоос өөр зүйл дээр байх шиг байна.
Либертарист байр суурийг баримтлагч эрх төвт (right-oriented) онолчид, тэгээд эгалитарист (тэгш эрхт үзэл) байр суурийг баримтлагч эрх төвт онолчид, түүн дотроо Ролз, мөн энэ асуудлын хувьд Кант ч бас хамаарах ба, тэд хуваарилалтын шударга ёс болон халамжит төр зэргийн талаар ялгаатай үзэл бодол илэрхийлсэн хэрнээ, “шударга ёс бол ариун ёс (virtue) хийгээд ёс суртахууны үнэ цэнийг урамшуулж, түүнийг алдаршуулдаг зүйл мэтээр ойлгогдох ёсгүй” гэдэг тал дээр бүгд санал нийлдэг.
Яагаад бүгд тэгж бодно вэ?
Үүнийг эгалитарист маягийн үндэслэлээр бүрэн тайлбарлах боломжгүй. Учир нь тэд бүгд эгалитарист үзэлтэн биш.
Үүн дээр бид нар маш том философийн асуудалтай тулгарна.

Яагаад ч юм тэд шударга ёсыг ёс суртахууны үнэ цэнэ хийгээд ариун ёстой холбох нь, эрх чөлөөнөөс хөндийрүүлсэн явдал болох бөгөөд, эрх чөлөөт оршихуй гэдгээр нь хувь хүнийг хүндэтгэхээс холдуулсан явдал болно гэж үзэцгээсэн. Тэдний хувьд юу асуудал болоод байгааг ойлгохын тулд, мөн тэдний нийтлэг урьтач нөхцөл юу болохыг мэдэхийн тулд, өөр нэг сэтгэн бодогч, философичийг гаргаж ярилцъя.

Энэ философич бол тэднээс ялгаатайгаар, шударга ёсыг ариун ёс хийгээд бодит үнэ цэнэ (merit), ёс суртахууны үнэ цэнэд нь тохирох нэр алдартай нь шууд холбож үздэг. Энэ философич бол Аристотель юм.

Шударга ёсны талаарх Аристотелийн санаа нь, хар ухаанаар бодоход маш хүчтэй эд. Нэгэн бодлын этгээд санаа ч бас мөн.
Түүний хүч, үнэмшилтэй байдал, этгээд цэгийг нь уудлан гаргаж, шударга ёсыг ёс суртахууны үнэ цэнэ хийгээд ариун ёстой холбох шаардлагатай эсэхийг хэлэлцэж, асуудал юундаа байгааг тодорхой болгоцгооё.

За тэгэхээр, Аристотель шударга ёсыг хэрхэн тунгаасан юм бол?
Аристотелийн хувьд шударга ёс гэдэг бол хүмүүст хүртэх ёстой зүйлийг хүртээх явдал, оногдох ёстой зүйлийг нь оноох явдал. Өөр өөрийн ариун ёс бүхий хувь хүмүүс болон тэдний нийгэм дэхь зохистой үүрэг ролийн хоорон дахь зохистой харгалзааг олж гаргах явдал.
Ийм санаа бүхий шударга ёс тэгвэл ямархуу юм байх бол? Мөн либертарист болон эгалитарист маягийн эрх төвт онолчдын санал нийлдэг юм шиг харагддаг ухагдахуунаас ямар ялгаатай юм бол?

Шударга ёс гэдэг бол тухайн хүнд оногдох ёстой зүйл, хүртэх ёстой зүйлийг нь хүртээх явдал. Тэгвэл тухайн хүнд оногдох ёстой зүйл нь юу юм бол?
Бодит үнэ цэнэ, тохиромжтой үнэ цэнэ гээч нь юун дээр суурилан бодогдох ёстой вэ?
Аристотель үүнийг хуваарилах юмны шинж чанараас хамаарна гэж хэлнэ.
“Шударга ёсонд хоёр элемент бий. Нэг нь юмс (эд зүйл), нөгөө нь тэрийг хуваарилан авах хүмүүс. Ерөнхийлөөд хэлж болох зүйл гэвэл, тэнцүү хүмүүст тэнцүү юмс хуваарилагдах ёстой.”



Гэвч үүн дээр хэцүү асуудал гарч ирнэ.
“Тэнцүү” гэдэг нь юуны хувьд тэнцүү юм бол?
Аристотель үүнийг хуваарилах гэж байгаа юмны шинж чанараас хамаарна гэж хэлнэ.
Жишээ нь лимбэ хуваарилах гэж байлаа гэе. Лимбэ хүртэх зохистой бодит үнэ цэнэ, тохиромжтой үнэ цэнийг юун дээр суурилж тооцох вэ?
Хэн нь хамгийн сайн лимбийг авах ёстой юм бол?
Аристотелийн хариултыг мэдэж байгаа хүн байна уу? (Ам амандаа шуугилдав)
Хамгийн шилдэг лимбэчин авах ёстой, зөв!.

Лимбэ авах ёстой нь, хамгийн сайн лимбэ тоглодог хүн.
Лимбэ хуваарилах дээр хүмүүсийг ялгаж ангилах нь зөв үү?
Хариулт нь “Тийм”. “Бүхий л шударга ёс ялгаварлан ангиллыг дотроо агуулж байдаг” гэж Аристотель хэлнэ. Чухал нь гэвэл, тэр ялгаж ангилах нь хамаарал бүхий давуу шинж, саяын тохиолдолд лимбэ хуваарилахад тохирохуйц ариун ёсонд суурилж байх явдал юм.

Аристотель, өөр үндэслэлд суурилан лимбийг хуваарилах нь буруу гэж үзсэн.
Жишээ нь хөрөнгө чинээгээр, хамгийн өндөр үнэ хэлсэн хүнд хамгийн сайн лимбэ олгох. Төрсөн сурвалж гарлаар нь язгууртан хүнд олгох. Биеийн гадаад үзэмжээр нь хамгийн царайлаг хүнд олгох. Эсвэл аз эзэнд найдаж, сугалаа сугалж олгох ч бас буруу.
Сурвалж гарал болон зүс царай зэрэг нь лимбэ тоглох чадвараас хамаагүй дээгүүр сайн (эсвэл буян) байж болно, тэр сайныг агуулах хүмүүсийн тэр өгөгдөл дээрх давуу байдлын хэм хэмжээ нь лимбэчний лимбэдэх чадвараас илүү байж ч болно. Гэсэн ч, хамгийн сайн лимбийг авах ёстой нь хамгийн шилдэг лимбэчин мөн, гэсэн факт өөрчлөгдөхгүй.

Дашрамд хэлэхэд, энэ хариуцуулалт цаанаа нэг хачирхалтай.
Миний царайлгийн илтгэцүүр бол (оюутан руу заагаад) түүний лакросс (нэгэн төрөл спорт) тоглох чадварын илтгэцүүрээс илүү гэж харьцуулах нь тун хачирхалтай.
Гэхдээ яах вэ, тэрийг орхиод, Аристотелийн үзлээр бол бид бүхий л талаараа шилдэг хүнийг шаардах бус, шилдэг лимбэчинг л шаардана.

Яагаад вэ?
Чухал нь энэ. Яагаад хамгийн сайн лимбэ хамгийн шилдэг лимбэчинд оногдох ёстой юм бэ?
Яагаад гэж бодож байна? Мэдэх хүн байна уу? (оюутнууд хариулав)
Тэд хамгийн сайхан хөгжимдөх учраас гэнээ?
Юу? (оюутнууд хариулав)
Тэд хамгийн сайхан хөгжимдөх учраас? Тэгээд бүгд тэр хөгжмөөс илүү их таашаал авах учраас? Наадах чинь Аристотелийн хариулт биш.
Аристотель утилитарист биш. Тэгэх юм бол, илүү сайхан ая эгшиглэж, бүгд тэндээс таашаал авч ая тухтай болох учраас, гэж тэр хариулаагүй.

Түүний хариулт нь ийм юм. Хамгийн сайн лимбэ хамгийн шилдэг лимбэчинд очих ёстой үндэслэл бол, сайхан ая эгшиглүүлэх явдал нь лимбэний зорилго болохоор тэр.
Лимбэ тоглохын зорилго бол гайхамшигтай ая эгшиг гаргах явдал бөгөөд, тэр зорилгыг хамгийн сайн биелүүлж чадах хүн хамгийн сайн лимбийг авах ёстой.
Мэдээж тэгснээр сайхан ая эгшиг гарч, тэрийг нь сонссон хүмүүс таашаал авах нь үнэн л дээ. Тиймээс, саяын хариулт ч бас зөв гэж хэлж болно.
Гэвч чухал нь, Аристотелийн үндэслэл бол утилитарист маягийн үндэслэлээс ялгаатай болохыг ойлгох явдал.

Та бүгдэд бага зэрэг хачирхалтай үндэслэл гэж санагдаж магадгүй ч, Аристотелийн үндэслэл бол лимбэ тоглох зорилгыг, утга учрыг, зорилтыг чухалчилж байгаа юм. Өөр үгээр хэлбэл, зорилгоос нь хөөж шударга ёсонд нийцэх хуваарилалтыг мөрдөн гаргана гэсэн үг. “Зорилт”, “зорилго” гэхийг грек хэлэнд “Телос” гэдэг. Аристотель ингэж хэлсэн байгаа юм. Алив юмны утга учир, зорилго, зорилт, нэг ёсондоо “юмсын телос”-ыг бодолцохгүй бол болохгүй. Саяын тохиолдол дээр зорилго нь лимбэ тоглох байсан боловч, түүний зорилго нь тодорхой болж байж сая шударга ёсонд нийцсэн хуваарилалт, шударга ёсонд нийцсэн ялгаварлал хийх бололцоотой болж байгаа юм.

Телос буюу зорилгоос урвуулан хөөж тооцох онолын санааг Зорилгод суурилсан үндэслэл (телеологи үндэслэл), Зорилгод суурилсан ёс суртахууны онол гэнэ.
Энэ бол Аристотелийн арга. Зорилго, зорилтоос онолыг угсарч босгох. Миний саяын хэлсэн “Зорилгоос нь онолыг угсарч босгох” гэсэн арга хачирхалтай санагдаж магадгүй ч, нэг талаар үүнд хар ухаанд хандсан маш үнэмшилтэй шинж бий.

Харвардыг жишээ болгон авч, хамгийн сайн теннисийн талбайг хуваарилах талаар бодож үзье.
Хамгийн сайн талбайг ашиглах хамгийн давуу эрх хэнд оногдох ёстой вэ?
“Хамгийн их мөнгө төлсөн хүнд л ашиглуулах байлгүй.” гэж та нар хэлэх байх. Харин Аристотель бол “Үгүй” гэнэ.
Тэгвэл Харвардын хамгийн хүчирхэг хүн, хамгийн нөлөөтэй эрхэмд ашиглуулбал ямар вэ? Жишээ нь алдартай профессорт ашиглуулах ч юм уу.
Аристотель мөн л “Үгүй” гэх байх.

Сургуулийн шигшээ багийн теннисийн тамирчин байх илтгэцүүрээс илүү, шинжлэх ухааны мундаг эрдэмтэн байх илтгэцүүр дээгүүр байж болно л доо (өөрөөр хэлбэл, мундаг эрдэмтэн байх нь мундаг теннисчин байхаас илүү). Гэсэн ч теннисчин л хамгийн сайн теннисийн талбайг ашиглах давуу эрхийг эзэмших ёстой.
Энэ санаа нэг талаар хар ухаанаар бодоход маш үнэмшил төрүүлэхүйц зүйл.

Гэвч энэ санааг хачирхалтай гэж санагдуулаад байгаа шалтгааны нэг нь, Аристотелийн амьдарч байсан эртний тэр ертөнцөд телеологи үндэслэл, телеологи тайлбараар зохьцуулагдаж байсан нь зөвхөн нийгмийн үйл явц биш байсан явдал. Байгалийн бүхий л зүйлс цаанаа утга учир бүхий дэг журамтай гэж ойлгогддог байсан ба, байгалийг ойлгож, байгалийг хянаж, байгаль доторх өөрсдийн байр суурийг танин мэдэх нь, байгалийн зорилго буюу телосыг ухаж, түүнийг тайлж унших явдал гэж ойлгогддог байж.
Өнөөгийн шинжлэх ухаан гарч ирснээс хойш, ертөнцийг тийм өнцгөөс тунгаах нь хүндрэлтэй болж ирээд байгаа бөгөөд, шударга ёсыг телеологи байдлаар тунгаах нь бүр ч хэцүү болж ирээд байна.

Гэвч байгаль ертөнцийг ч бас зорилгод суурилсан дэг журамтай телеологи маягийн нэгдмэл биет гэж тунгаах нь нэг талаар жам ёсны (эрүүл буюу байх боломжтой) үзэгдэл.
Бодит байдал дээр ч бас, хүүхдийг тиймэрхүү өнцгөөр ертөнцийг харахыг болиулах зүг рүү боловсруулан хөгжүүлэх шаардлага гардаг.

Би хүүхдүүдээ жаахан байхад нь “Винни Пух” (Winnie-the-Pooh) номыг уншиж өгч байхдаа энэ тухай анзаарсан юм (хахаха).
“Винни Пух”-ыг уншихад, телеологи маягаар аливааг харах дунд, нэгэн төрлийн байгаллаг хүүхдийн гэмээр ертөнцийг үзэх үзэл тод ажиглагддаг.

Та нар энийг уншиж байсан ч байж магадгүй. Нэг өдөр Винни Пух ойд алхаж явтал модны оройгоос чанга гэгчийн дүнгэнэх чимээ сонсогдож гэнэ. Пух модны ёроолд суугаад, шанаагаа тулан бодолхийлж, амандаа бувтнав: “Энэ дүнгэнэсэн чимээнд ямар утга байгаа юм бол оо? Ингэтэл айхтар дүнгэнэж байгааг бодоход ямар ч утгагүй байна гэж байхгүй дээ. Дүнгэнэх чимээ сонсогдож байна гэдэг бол, хэн нэг нь дүнгэнэж байна аа гэсэн үг. Тэгээд дүнгэнэх чимээ гаргадаг миний мэдэх цорын ганц шалтгаан бол зөгий!”
Тэгснээ Пух хэсэг бодсоноо ингэж хэлнэ:
“Зөгий яах гэж дүнгэнэдэг дээр миний мэдэх цорын ганц шалтгаан бол, зөгийн бал хийх.” (хахаха)
“Тэгээд зөгийн бал хийх цорын ганц шалтгаан бол, би тэрийг идэхийн тулд!”
Ингээд Пух мод руу авирч эхлэв (хахаха).
Энэ бол телеологи (буюу зорилгод суурилсан) үндэслэлийн нэг жишээ юм (Бүгд хахаха, алга ташив). Тийм л биз дээ?

Ийм байдлаар тунгаах нь тийм ч байж боломгүй зүйл биш. Гэвч бид өсч том болохын хэрээр, иймэрхүү байдлаар аливааг тунгаахгүй байхаар хүмүүжил авдаг. Гэвч үүн дээр түрүүний асуултыг тавьж үзье. Хэдий телеологи маягийн тайлбар өнөөгийн шинжлэх ухаантай зохицохгүй байлаа ч, хэдий байгалийг танин мэдэхийн төлөө бид тийм байдлаар бодохоо больсон байлаа ч, Аристотелийн санаа одоо ч гэсэн хар ухаанаар бодоход болон ёс суртахуун талаасаа үнэмшилтэй, тэр ч бүү хэл хүчирхэг зүйл биш гэж үү?
Тэрээр шударга ёсны тухай тунгаах цорын ганц арга бол нийгмийн үйл явцын зорилго болон зорилт, өөрөөр хэлбэл телосоос нь судлах явдал гэж үзсэн.

Энэ бол цөөнхийг дэмжих хөтөлбөрийн эсрэг чухам бидний хийсэн няцаалт мөн биз?
Цөөнхийг дэмжих хөтөлбөрийн эсрэг няцаалтыг “Их сургуулийн боловсролын жинхэнэ зорилго, зорилт нь юу вэ?” гэсэн асуулт руу хувиргаж үзэх боломжтой. Зорилгоос нь судлах, зорилтоос нь буюу телосоос нь судлах нь, шударга ёсны талаар тунгаахад зайлшгүй шаардлагатай гэж Аристотель хэлсэн. Түүний зөв болов уу? Аристотелийн “Улс төр” бүтээл рүү орохдоо энэ асуудлын тухай бодож үзээрэй (Бүгд алга ташив).

Тайлбар:

Энэ удаагийн лекцээр телеологийн тайлбар явагдлаа. Энэ хүртлэх лекцийн өрнөлийг гүйлгэн харвал, эхлээд үр дагаварт суурилах үзлийг танилцуулж, тэрийг шүүмжилсэн. Дараа нь үүргийн онолыг танилцуулж, түүний чадамжийн хязгаарыг заан үзүүлсэн. Тодорхой хэлбэл үүн дээр Нозик, Кант, Ролз нарыг гаргаж ярьсан. Эдгээр онолчид халамжийн бодлогын талаар янз бүрийн санал илэрхийлсэн боловч, аль аль нь шударга ёсыг ёс суртахуун ба ариун ёстой холбоогүй хэмээн үзэж, нийгмийн гэрээ гээчээр онолын цөмөө хийцгээсэн учиртай. Улс төрийн философи дээр, Локоос хойш гэрээ л ярианы цөм сэдэв болсоор ирсэн байдаг.


Үүнд хандаж, энэхүү гэрээний онолын үзэл санааны хязгаарыг давахуйц санаа хэмээн энэ удаад судалж буй нь зорилгоос нь тунгаах санаа юм. Энэ үзэл санааны эх язгуурыг нь хөөн эртний Грек хүртэл ухарч, Аристотелийн онолыг танилцуулсан учиртай. Жишээ болгож лимбэний хуваарилалтын асуудлыг гарган ярьж, “Лимбэ бол өөрийн шинж чанар хийгээд зорилгоос хамаарч хуваарилагдах ёстой” гэсэн тайлбар хийгдэж байна. Аристотелийн хувьд, байгалийн зорилго зэргийг агуулсан философийн цогц систем хэлбэрээр телеологийг гаргаж тавьсан учиртай боловч, профессор Сандел тиймэрхүү хуучны сонгодог системээс өөр хэлбэрээр, лимбэ гэх мэт хүмүүсийн гараар бүтсэн зүйлс (эд зүйл, бүтэц систем, практик үйлдэл ч юм уу)-ийн тухайд зорилгыг нь тунгаан бодох аргыг санал болгож байгаа юм. Эндээс шударга ёсыг ёс суртахууны асуудал, өөрөөр хэлбэл ариун ёс болон этиктэй холбосон байдлаар, хуучин мөртлөө шинэ онолын гаргалгаа хөврөн явах болно оо.


No comments:

Post a Comment