Сандел:
Сайн байна. Энэ хүртлэх мэтгэлцээнийг түр орхиод, саналаа хэлсэн бүх
хүмүүст баярлалаа.
Анхааралтай сонссон хүмүүс, арьс өнгө болон гарал үүслийг элсэлтийн
дүнг шийдэх хүчин зүйлд оруулан тооцохыг дэмжсэн талынхнаас 3 төрлийн
үндэслэл гарч ирснийг анзаарсан болов уу.
Нэгдүгээрх нь, төдийг хүртлэх боловсрол эзэмшсэн орчин нь таатай биш
байснаас үүдэх үр дүнг тэгшитгэх явдал.
Энэ бол Анишагийн санал байсан. Үүнийг “Тэгшитгэлийн аргумент” гээд
нэрлэчихье. Сурч байсан сургууль, оногдсон боловсрох боломж гэх мэт
боловсролын талын дэвсгэрийг нь тэгшитгэх гэсэн санаа. Энэ нэг дэхь.
Гэлээ гээд энэ санал бол, элсэлтийн дүнг шийдэхэд харгалзах ёстой зүйл
бол зөвхөн сурч боловсрох хүсэл тэмүүлэл, суралцах чадвар байх ёстой гэсэн санаатай
тохирно. Түүн дээр, сурч боловсрох хүсэл тэмүүлэл, суралцах чадвар зэргийг
зөвөөр үнэлье гэвэл, сурлагын голч болон шалгалтын оноог харах төдийд
хангалтгүй гэсэн үг. Энэ бол нэг дэхь үндэслэл.
Хоёр дахь үндэслэл бол, тодорхой нэг өргөдөл гаргагчийн хувьд хэдийгээр
боловсролын таатай биш дэвсгэрийг тэгшитгэх шаардлага байхгүй байлаа ч, цөөнхийг
дэмжих нь зөвтгөгдөнө, гэсэн санаа. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн цагийн алдаа,
түүхэн дэхь шударга бус явдлын нөхөн төлөөс гэдэг утгаар зөвтгөгдөнө, гэсэн
үндэслэл. Урьдын алдааг нөхөн төлөхийн төлөөх зүйл учир, “Төлөөсийн аргумент”
гэе.
Гурав дахь нь, Хана тэргүүтэй хэд хэдэн хүнээс гарсан цөөнхийг дэмжих
програмыг дэмжсэн санал бөгөөд, түүний үндэслэл нь төрөлжүүлэлт байсан.
Төрөлжүүлэлт бол нөхөн төлөөсийн аргументээс өөр зүйл.
Яагаад гэвэл энэ нь, нийгэм дэхь их сургуулийн зорилго болон үүрэгт
хандаж буй учиртай. Төрөлжүүлэлтийн үндэслэлд хоёр өнцөг бий.
Нэг нь, бүх хүмүүст олон хэлбэрийн боловсролын туршлага хэрэгтэй
учраас, оюутнуудын бүрэлдэхүүн олон төрөлтэй байх нь чухал гэх явдал. Энэ бол
Ханагийн гаргаж тавьсан өнцөг.
Илүү өргөн хүрээний нийгмийн талаар хөндөх хүн ч бий. Хопвүүдийн зарга
дээр Техасын Их Сургууль ингэж хэлсэн байдаг:
“Бид Техас муж, цаашлаад улс орны хэмжээнд хүчтэй иргэнлэг хуульч,
шүүгч, удирдагч, төрийн албан хаагчдыг бэлтгэх үүрэгтэй.”
Төрөлжүүлэлтийн үндэслэлд ийм хоёр өнцөг байгаа боловч, аль аль нь
нийгэм дэхь зорилго, нийгэмд гүйцэтгэх үүрэг, эсвэл их сургуулийн
үйлчилгээний нийтлэг сайны төлөөх үндэслэл юм.
Эдгээр үндэслэлүүд хэр үнэмшилтэй вэ? Няцаалтууд ч бас гарсан.
Төлөөсийн аргументад хандсан хамгийн хүчтэй няцаалт нь ийм зүйл байсан.
Өнгөрсөн цагт үйлдэгдсэн жигшмээр шударга бус явдлын төлөөсөнд, өнөө
цагт амьдарч байгаа Хопвүүдийг хэлмэгдүүлэхээр албадах нь шударга явдал мөн
үү?
Дээр нь тэр охин өөрөө хуучны шударга бус явдалтай ямар ч холбоогүй
атал, түүнээс төлөөс төл гэж шаардах нь шударга явдал мөн үү?
Энэ бол төлөөсийн аргументийн эсрэг чухал няцаалт.
Энэ няцаалтанд хариулахын тулд, цаг хугацааг давсан бүлгийн эрх болон
бүлгийн үүрэг гэх мэт зүйлс үнэхээр байдаг эсэхийг судлахгүй бол болохгүй.
Тодорхой болсон энэ асуудлыг хойш нь орхиод, төрөлжүүлэлтийн аргумент рүү
буцаж оръё.
Төрөлжүүлэлтийн аргумент дээр бол, хуучны алдаанд хандах бүлгийн
үүргийн талаар шаналах шаардлагагүй.
Яагаад гэвэл Хана нарын хэлсэнчлэн, хэрвээ олон янзын арьс өнгө, үндэс
угсаа бүхий оюутнууд байх юм бол нийтийн үр ашиг ихэснэ. Төрөлжүүлэлтийн
ачаар бүгд тэр хишгээс хүртэх болно.
Энэ үндэслэл бол үнэндээ цөөнхийг дэмжих програм хэрүүлийн бай болоод
байсан 1978 оны Баккэгийн заргын үеэр Харвардаас гаргаж тавьсан үндэслэл
бөгөөд, дээд шүүхийн зөвлөхийн санал болон гарч байсан.
Энэ зарга дээр тухайн үед хөдлөх санал (буюу аль талд саналаа өгөхөө
шийдээгүй саналын эрхтэй хүн) болоод байсан шүүгч Паувэл тэрхүү Харвардын
үндэслэлийг иш болгон цөөнхийг дэмжих хөтөлбөрийг дэмжигчдийн талд шилжсэн
байдаг.
Тэрээр үндсэн хуулиар зөвшөөрөгдсөн үндэслэлийг гаргаж тавьж байна
хэмээн Харвардын үндэслэлийг ишлэсэн. Харвардын гаргаж тавьсан үндэслэл нь
ийм зүйл байсан:
“Бид төрөлжүүлэлтийг чухалчлан хардаг. Харвардын
Их Сургуулийн элсэлтийн шалгуур зөвхөн академик чадвараар хэмжигддэг байсан
тохиолдол, өдийг
хүртэл нэг ч байгаагүй.
15 жилийн өмнө төрөлжүүлэлт гэвэл Калифорни, Нью-Йорк, Массачүсетсээс
гаралтай оюутан гэдэг утгыг илэрхийлдэг байсан. Хотынхон ба хөдөөнийхөн,
хийлч, уран зураач, хөл бөмбөгийн тамирчин, биологич, түүхч, археологич,
сонгодог хэл судлаачдыг заадаг байсан.
Тухайн үе ба өнөө үеийн цорын ганц ялгаа бол, төрөлжүүлэлтийг
харгалздаг тэр урт жагсаалтад арьс өнгө, үндэс угсаа гэсэн мөр л нэмэгдсэн
явдал.
Шилдэг оюутан болно гэж найдаж болох олон хүмүүсийн элсэлтийн өргөдлийг
шалгах үед, арьс өнгө эерэгээр тооцогдоно. Тэр бол Айова мужаас гаралтай ч юм
уу, сайн хөл бөмбөгчин ч юм уу, төгөлдөр хуурч байхтай адилхан зүйл.
Айдахо мужийн фермээс ирсэн жаалхүү Бостон гаралтай оюутны чадахгүй
ямар нэгэн зүйлийг их сургуульд авчирна. Үүнтэй адилаар, хар арьст оюутнууд
цагаан арьст оюутнуудын чадахгүй ямар нэгэн зүйлийг авчирна. Оюутан тус
бүрийн хувийн суурь дэвсгэр дэхь ялгаа болон харах өнцгийн олон талт байдал
нь бүх оюутнуудын сургуулиас олж авах боловсролын чанарт томоор нөлөөлнө.”
Энэ бол Харвардын гаргаж тавьсан үндэслэл.
Энэхүү төрөлжүүлэлтийг дэмжих үндэслэл үнэмшихуйц байж чадаж байна уу?
Үнэмшилтэй байхын тулд, маш хүчтэй няцаалтанд хариулах шаардлагатай. (Тед ба
Бри руу заагаад) Саяын мэтгэлцээн дээр гарч ирсэн, Тед ба Бри нарын
няцаалтанд.
Та бүхэн утилитаристууд л биш бол, хувь хүний эрхэнд халдаж болохгүй
гэдэгт итгэдэг байх учиртай. Тэндээс, уг асуудал хувь хүний эрхэнд халдсан
явдал болох уу, гэсэн асуудал руу шилжинэ.
Шерил Хопвүүдийн эрх зөрчигдсөн үү? Эсвэл ашиглагдсан уу? Өөрөөр хэлбэл
Техасын Их Сургууль өөрсдийн гаргаж тавьсан эрхэм зорилго, эсвэл нийгэмд
хүлээх үүргийнхээ төлөө Хопвүүдийг элсүүлэн авахаас татгалзсан уу? Хопвүүдэд
тэр сургуульд орох эрх бий юу? Бид бүхэн өөрсдийн чадвар, сурлага, амжилт,
хичээл зүтгэлээрээ үнэлүүлдэг биш билүү? Энэ чинь хүний эрхийн асуудал бус
уу?
Бид аль хэдийнэ энэ асуудлын хариултыг мэднэ. Хопвүүдэд тийм эрх байхгүй.
Хопвүүд сургуульд элсэх үнэ цэнэтэй гэж хэлэх боломжгүй. Тийм үнэ цэнэтэй хүн
гэж нэг ч байхгүй.
Энэ нь биднийг “үнэ цэнэ” ба “зүй ёсны эрх” гэсэн сэдэв рүү буцааж
аваачна.
Хопвүүдэд хувь хүний хувьд тийм эрх байгүй.
Тэрээр өөрийн чухал гэж үздэг ямар ч шалгууруудын хувилбараар тооцож
үзсэн ч, тэр хувилбар нь зөвхөн хичээл зүтгэл болон сурлагын амжилтыг
харгалздаг шалгуур байгаад ч, тэрээр их сургуульд элсэн орох үнэ цэнэтэй биш.
Яагаад биш гэж?
Энэ ярианы цаад санаа нь, Ролз ёс суртахууны үнэ цэнэ дээр суурилж
хуваарилалтын шударга ёсыг тунгаахыг үгүйсгэсэнтэй ямар нэгэн байдлаар төстэй
санагдаж байна.
Харвард нэгэнтээ өөрийн үүргээ тодорхойлж, тэр үүрэгтэйгээ уялдуулан
элсэлтийн журмаа шийдчихвэл, тэр журманд нь тэнцсэн хүмүүс л элсэхийг
зөвшөөрөгдөх болно. Өөрөөр хэлбэл элсэн орох зүй ёсны эрхтэй болно.
Харин саяын яриагаар бол, хэн бүхэн, зүгээр л оршин байна гэдгээрээ (буюу
амьд хүн гэдгээрээ) сургуульд элсэн орох үнэ цэнэтэй бол биш юм.
Харвард юун түрүүн өөрийн үүргийг тодорхойлж, элсэлтийн журмаа шийдэх
ба, тэр нь элсэх өргөдөл гаргагчдад тохиолдлоор харамгүй заяагдсан шинж
чанарыг нь үнэлэх байдлаар шалгуур тогтооно. Тэр шинж чанар нь шалгалтын оноо
ч байж болно, сурлагын голч ч байж болно, төгөлдөр хуурийн авьяас ч байж
болно, чадварлаг хөлбөгчин ч байж болно, Айова нутгийн хүн ч байж болно,
үндэсний цөөнх ч байж болно.
Энэхүү цөөнхийг дэмжих програмын талаарх яриа, ялангуяа төрөлжүүлэлтийн
тухай яриа яагаад биднийг эрхийн асуудал руу буцаан аваачсаныг, цаашилбал ёс
суртахууны үнэ цэнэ хуваарилалтын шударга ёсны суурь мөн эсэх тухай асуудал
руу буцаан аваачсан учрыг одоо та нар ойлгосон байх гэж бодож байна. Энэ
талаар сайтар тунгааж үзэхийг хүсье. Дараагийн лекцээр үргэлжлүүлэн ярилцах
болно (Бүгд алга ташив).
|
No comments:
Post a Comment