2018/06/07

Шударга ёсны лекц 7-2: Гэрээ л бол гэрээ юу?

Өмнөх - "Худал хэлэх" ба "Бултах"

Сандел:
Өмнөх лекцээр Кантын хөтөлбөргүй захирамжийн тухай ярилцаж, Кант худал хэлэхийн эсрэг хэрхэн яаж хөтөлбөргүй захирамжийг хэрэгжүүлэх талаар тунгаасан. Кантын ёс суртахууны онолыг хэрэгжүүлсэн бас нэг жишээг одоо харцгаая. Тэр бол Кантын улс төрийн онол юм.


Кант, шударга ёсонд нийцэх хууль бол нэгэн төрөл нийгмийн гэрээнээс бий болдог гэжээ. Гэхдээ тэр гэрээ бол тусгай шинж чанар бүхий гэрээ. Юугаараа тусгай вэ гэхээр, хүмүүс нэг дор бөөгнөж цуглаж байгаад үндсэн хууль баталдаг шиг бий болдог тийм бодит гэрээ биш, юм гэнэ.

Кантынхаар бол, шударга ёсыг тогтоох гэрээ гэдэг нь “оюун ухааны үзэл санаа” гэж нэрлэсэн зүйл юм. Тэр нь үндсэн хууль батлахаар танхимд цугласан бодит хүмүүсийн үйлддэг бодит гэрээ биш. Яагаад тийм биш юм бол? Кант ингэж онолдсон байна. Жинхэнэ бодит үндсэн хууль батлах хуралд оролцож буй бодит хүмүүс бол ялгаатай ашиг сонирхол, үнэт зүйл, зорилго бүхий хүмүүс байхаас гадна, хэлэлцээр хийх ур чадвар, мэдлэг туршлагаараа ч ялгаатай байх нь дамжиггүй.

Тиймээс тэдгээр хүмүүсийн хэлэлцүүлгийн үр дүнд бий болсон үндсэн хууль бол гарцаагүй шударга ёсонд нийцсэн байх албагүй, язгуур эрхийн зарчимтай яв цав нийцсэн байх баталгаагүй бөгөөд, ердөө л хэлэлцээр хийх ур чадварын ялгаа ч юм уу онцгой ямар нэгэн ашиг сонирхлын хамаарал, аль нэг хүн хууль хийгээд улс төрийн талаар бусдаасаа өндөр мэдлэгтэй байсан гэх мэт бодит фактуудыг тусгасан зүйл л болж хувирна (Жишээ нь Монголын өнөөгийн Үндсийн Хуулийг монголын ард түмэн гэхээсээ Чимэд багшаар овоглож ярих нь бий).

Үүн дээр Кант ингэж өгүүлсэн байдаг:
“Язгуур эрхийн зарчмыг төрүүлэх гэрээ бол ердөө л оюун ухааны үзэл санаа төдий. Гэвч, тэр бол эргэлзэхийн аргагүй практик бодит байдлыг агуулна. Тэр бол бүх хууль тогтоогчдод хууль санаачлах үедээ, тэр хууль нь ард түмний нийтлэг хүсэл зоригоос урган гарсан лугаа адилаар санаачлах үүргийг тохоож чадна.”



Тиймээс Кант бол гэрээний онолч. Гэхдээ Кант хуулийн үүсэл болон хуулийн зөв эсэхийг бодит нийгмийн гэрээнээс эрэлхийлсэнгүй. Мэдээж хэрэг эндээс дараах асуудал урган гарна. “Хийсвэр гэрээ”, өөрөөр хэлбэл бодитоор байгуулагдаагүй гэрээний ёс суртахууны хүч нь юу юм бол?
Энэ бол өнөөдрийн лекцийн сэдэв.

Гэвч үүнийг судлахын тулд, өнөө үеийн философич Жон Ролз тийш харах шаардлагатай. Жон Ролз нь өөрийн бүтээл болох “Шударга ёс” дотроо шударга ёсны суурь үндэслэл гэдэг талаас нь хийсвэр гэрээний чухлыг асар нарийвчлан гаргаж тавьсан байдаг. Ролзын шударга ёсны онол нь ерөнхий агуулгаараа 2 чухал цэг дээр Кантын онолтой тохирдог.

Канттай адилаар Ролз ч бас утилитаризмыг шүүмжилсэн.
“Хүн бүр шударга ёсонд суурилсан халдаж үл болох шинжийг агуулдаг ба, бүх нийгмийн сайн сайхны төлөө байлаа ч түүн рүү халдаж болохгүй. Шударга ёсоор хамгаалагдсан тэр язгуур эрх бол улс төрийн наймаа болон нийгмийн ашиг сонирхлын төлөөх тооцоонд өртөж болдог зүйл биш.”



Ролзын онол Кантынхтай тохирдог хоёр дахь цэг нь, шударга ёсны зарчим бол бодит гэрээ бус, хийсвэр нийгмийн гэрээнээс мөрдөн гарч ирнэ гэх санаа юм. Ролз үүнийгээ өөрийн бодож олсон “үл мэдэх гивлүүр” хэмээх санаагаа ашиглаад, маш нарийн тайлбарласан байдаг. Бидний хүндэтгэхгүй бол болохгүй суурь язгуур эрх, язгуур эрх ба үүргийн үндсэн бүтцэд хүрч очих арга бол, дараах байдлаар төсөөлж үзэх явдал.

Юу гэвэл, хэсэг бүлэг хүмүүс хамтарч амьдрахаар болж, хамтын амьдралынхаа дүрмээ тогтох гэж байгаа боловч, тэнд цугласан хүмүүс нь ямар байр суурьтай юун хүмүүс вэ гэдэг дээр хэн нь ч хэнийгээ огт мэдэхгүй байгаа тийм нөхцөл байдал. Энэ бол “үл мэдэх гивлүүр” гэдэг санаа юм.

Тэгэхээр бид нар энд цугласан байгаа шигээ цуглаад хамтын амьдралаа засаглах шударга ёсны зарчмаа ярилцъя гэвэл, энд юу болох вэ? Хүн тус бүрийн харилцан ялгаатай ашиг сонирхол тусгагдаж, санал санаачлагын мөргөлдөөн үүсэх биз. Хүчтэй хүн байхад сул дорой хүн ч байна, мөнгөтэй нь ч байна, мөнгөгүй нь ч байна.

Гэвч тийм бус, эрх тэгш анхдагч хэлбэрээр цугласан байдлаар төсөөлж үзэхийг Ролз хэлсэн байна. Тэрхүү эрх тэгш байдлыг баталгаажуулах нь үл мэдэх гивлүүр юм. Бид бүгдээрээ үл мэдэх гивлүүр зүүсэн байна гээд төсөөлөөд үз. Тэр гивлүүр бидний хэн болохыг халхалчихсан байгаа. Гарал үүсэл, зэрэг зиндаа, нийгэм дэхь байр суурь, давуу тал, сул тал, эрүүл мэнд гээд бүхий л зүйлийг түрхэн зуур халхалчихна.

Зөвхөн энэ тохиолдолд л бид бүхний зөвшлөөр тогтох зарчим нь шударга ёсны зарчим болж чадах болов уу, гэж Ролз онолджээ. Ийм байдлаар хийсвэр гэрээ гэдэг нь үүснэ. Тэгвэл ийм төрлийн хийсвэр зөвшлийн ёс суртахууны хүч юу байх вэ? Бодит зөвшил болон (үндсэн хууль гэх мэт) бодит нийгмийн гэрээнээс хүчтэй юу, эсвэл сул уу?

Энэ асуултанд хариулахын тулд, эхлээд бодит гэрээний ёс суртахууны хүчийг бодитоор нягтлахгүй бол болохгүй. Үүн дээр үнэндээ 2 асуух ёстой зүйл гарч ирнэ. Түүний нэг дэхь нь, бодит гэрээ хэрхэн яаж намайг албаддаг вэ? Үүрэг хүлээлгэдэг вэ? Энэ эхний асуулт. Хоёр дахь эргэлзээ нь, бодит ертөнцийн бодит амьдрал дээрх гэрээ нь хэрхэн яаж гэрээний зүйл заалтаа зөвтгөдөг вэ?



Хоёр дахь эргэлзээний хувьд Ролз болон Кантын санал тохирдог. “Бодит гэрээ хэрхэн яаж гэрээнийхээ нөхцлийг зөвтгөдөг вэ?” гэдэг асуултанд хоёулаа “Зөвтгөж чадахгүй” гэж хариулна. Үгүйдээ л бодит гэрээ дангаараа лав зөвтгөхгүй. Бодит гэрээ гэдэг бол өөрөө дангаараа хангалттай ёс суртахуунлаг арга биш. Ямар ч бодит гэрээ эсвэл зөвшил ч гэсэн, зөвшиж буй агуулга нь шударга (fair) эсэхийг яаж л бол яаж эргэлзэх боломжтой.

Зөвшсөн гэдэг факт нь тэр зөвшлийн шударга байдлыг баталгаажуулахгүй. Үүнийг АНУ-ын үндсэн хуулийн цэцийн талаар бодоод үзэхэд л ойлгогдоно. Цэц боолын систем байхыг зөвшөөрсөн үндсэн хуулийг баталсан. Тэр бол зөвшлөөр бий болсон бодит гэрээ байсан. Гэвч энэ нь зөвшлөөр батлагдсан хууль бүхэлдээ шударга ёсонд нийцнэ гэсэн баталгаа болохгүй.
Тийм бол бодит гэрээний ёс суртахууны хүч нь юу юм бэ? Гэрээ нь биднийг албадах хүрээндээ хоёр аргаар бидэнд үүрэг хүлээлгэдэг. Ойлгомжтой байдлаар жишээ гаргаж үзье.

Бид гэрээ байгуулжээ. Худалдааны гэрээ.
Хэрвээ чи надад 100 хавч барьж ирвэл, би чамд 100 доллар төлнө, гэсэн гэрээ байгуулжээ. Чи хавч бариад ирлээ. Би хавчийг чинь идээд, найзаа хүртэл дайлсан боловч, мөнгөө төлсөнгүй. Чи “Чамд төлбөрөө төлөх үүрэг байгаа шдээ” гэх боловч би “Яагаад? Юу яриад байгаа юм?” гэе. Чи тэгэхээр нь хэлж. “Бид наймаа хийсэн. Та ашиг олсон. Хавчнуудыг бүгдийг нь идээ биз дээ?”

Энэ бол маш хүчтэй аргумент. Би чиний хөдөлмөрөөс ашиг олсон гэдэг факт дээр суурилсан аргумент л даа. Үүн шиг, гэрээ нь талуудын үр ашгийн арга хэрэгсэл байх тохиолдолд, гэрээ биднийг албадаж болно. Би хавч идсэн. Тиймээс хавч барьж ирсэн чамд 100 доллар төлөх ёстой.

Гэвч, хоёр дахь жишээг бодож үзье.
Саяынхтай адилаар 100 хавчийг 100 доллараар авах гэрээ боловч, гэрээ байгуулснаас 2 минутын дараа, чамайг загасчлахаар явахын өмнө би чам руу утасдаад “Бодлоо өөрчиллөө” гэж хэлж. Гэнгүүт, би ямар ч ашиг олоогүй, чи ч ямар ч ажил хийгээгүй.
Нэг ёсондоо харилцан солилцооны элемент огт байхгүй гэсэн үг. Энэ тохиолдолд ямар вэ? Зөвшсөн гэх төдийгөөр би 100 доллар төлөх үүрэгтэй болох уу? Надад төлөх үүрэг байсаар байгаа гэж бодох хүмүүс гараа өргө? Яагаад юм бол? Сайн байна, чи! Яагаад төлөх үүрэгтэй вэ? 2 минутын дараа ярьсан юм чинь, чи хараахан юу ч хийгээгүй шүү дээ?

Жулиан:
Гэрээ байгуулахад би цаг хугацаа, хөдөлмөрөө зарцуулсан, дээр нь надад “ажил оллоо” гэсэн сэтгэл санааны хүлээлт үүссэн.

Сандел:
Гэрээ байгуулахад цаг орсон гэнэ ээ? Үгүй ээ, бид нар утсаар яриад л тохирсон.

Жулиан:
Гэхдээ тэгэхээр чинь албан ёсны гэрээ болохгүй.

Сандел:
За тэгвэл факс явуулсан гэе. Ганц минутанд л дууссан (Бүгд хахаха).

Жулиан:
Ямар нэгэн хөдөлмөр зарцуулсан л бол гэрээ хүчинтэй бөгөөд, тэндээс албадлага үүснэ гэж бодож байна.

Сандел:
Гэхдээ яагаад? Яагаад тэндээс надад ёс суртахууны үүрэг хүлээлгэж чадна гэж? Зөвшсөнийг бол хүлээн зөвшөөрч байгаа ч, чи юу ч хийгээгүй, би ямар ч ашиг олоогүй биз дээ?

Жулиан:
Хавч барих ажлыг төсөөлөл дотроо гүйцэтгэж дууссан ч байж магадгүй учраас (хахаха).

Сандел:
Хавч барих ажлаа төсөөлөлдөө хийчихсэн гэнээ? (хахаха) Гэхдээ тэр чинь тийм их үнэ хүрэхгүй байлгүй дээ? Хавч барихаар явахыг төсөөлсны чинь төлөө 100 доллар төл гэж үү? (хахаха)

Жулиан:
100 доллар биш юм аа гэхэд, тодорхой хэмжээнд үнэлэх хүн байж болно шд.

Сандел:
За яах вэ, 1 доллар өгье (хахаха). Гэхдээ сонирхолтой нь чи бас л гэрээний харилцан солилцооны элементыг гаргаж тавьсаар байна. Чи надад тусалсан ч юм уу, эсвэл тусалсан гэж төсөөлөөд байна.

Жулиан:
Жишээ нь, хоёр хүн гэрлэхээр зөвшсөн байжээ гэе. 2 минутын дараа нэг нь “Бодлоо өөрчиллөө” гэжээ. Гэхдээ энэ гэрээ хоёр талд үүрэг хүлээлгэх биш үү? (Бүгд хахаха) Аль нь ч хараахан юу ч төлөөгүй, ажил ч хийгээгүй, ашиг ч олоогүй (хахаха).

Сандел:
Би бол “Үүрэг хүлээхгүй” гэж л хэлмээр байна (Бүгд хахаха).

Жулиан:
Болно оо (Бүгд хахаха, алга ташив).

Сандел:
Сайн байна. Нэр хэн билээ?

Жулиан:
Жулиан.

Сандел:
Баярлалаа, Жулиан. Хэн нэгэн өөр, Жулиантай адилаар надад мөнгө төлөх үүрэг байгаа гэж бодох хүн байна уу? Гэхдээ өөр үндэслэлээр. Чи! Босоод хариулаарай.

Адам:
Гэрээг цуцалбал, гэрээ гэх механизмыг үл тоомсорлох юм шиг санагдаж байна.

Сандел:
Сайн байна. Гэхдээ яагаад?

Адам:
Кант маягийн санаа байх гэж бодож байна. Нөгөө тал намайг гэрээгээ биелүүлэхийг найдаж хүлээж байгаа бөгөөд, гэрээ байгуулах гэдэг нь өөрийн дотоод үнэ цэнэтэй гэж бодож байна.

Сандел:
Сайн байна. Өөртөө үүрэг хүлээж авчихаад түүнийгээ цуцлахаар гэрээний уул зорилгыг үл хэрэгссэн явдал болно. Гэсэн үг биз?

Адам:
Тийм ээ.

Сандел:
Хэн билээ?

Адам:
Адам.

Сандел:
Адамын санал бол, талуудын ашиг сонирхол болон харилцан солилцоо бус, зөвшил гэсэн зөвхөн тэр фактанд анхаарлаа хандуулсан санал байлаа. Өөрөөр хэлбэл, бодит гэрээ үүрэг хүлээлгэхэд, үнэндээ 2 ялгаатай арга бий болох нь харагдана.
Нэг дэхь арга бол, сайн дураараа зөвшсөн явдалтай холбоотой. Адам үүнийг “Кант маягийн санаа” гэж хэлсэн боловч, Адамын зөв гэж бодож байна. Яагаад гэхээр, тэр бол хараат бус хэмээх идеалыг илэрхийлж байгаа учраас тэр. Би гэрээ хийх үед, тэр үүргийг би өөрөө өөртөө оноосон. Тэр бол бусад асуудлуудтай ямар ч хамааралгүйгээр, нэгэн төрлийн ёс суртахууны жинтэй байна.

Тэгээд гэрээний онолд ёс суртахуунлаг хүч оноодог хоёр дахь арга бол, бодит гэрээ нь талуудын харилцан ашиг сонирхлын арга хэрэгсэл болдогтой холбоотой. Энэ нь харилцан солилцоо (reciprocity) гэсэн санааг илэрхийлнэ.



Өөрөөр хэлбэл, би чиний өмнө үүрэг хүлээнэ. Яагаад гэвэл, чи надад ямар нэгэн юм хийж өгөх учраас. Бид яг одоо ёс суртахууны хүч болон бодит гэрээний ёс суртахууны хязгаарын тухай ярилцаж байна. Үүн дээр бодит гэрээний ёс суртахууны хязгаарын талаар ахиулан ярилцаж үзье.

Хүмүүс хоорондоо цуглаад “Чи тэрийг хийх юм бол би энийг хийе” гэж тохиролцох үед, ямар ёс суртахууны элемент тэндээс бий болох вэ? Үүнийг та бүхэн одоо мэддэг болсон.

Одоо тэгвэл эхлээд, хоёр хүн хоорондоо ямар нэгэн юм солилцохыг харилцан зөвшөөрсөн байлаа гээд, тэр зөвшлийн нөхцөл нь шударга байх албагүй гэдэг талаар ярилцмаар байна.
Миний хоёр хүү бага байхдаа бейсболын карт цуглуулж, хоорондоо солилцдог байсан юм. Том нь багаасаа 2 ах байсан болохоор, карт солилцох үедээ намайг “Болно” гэж хэлэхээс нааш солилцоо хэрэгжихгүй гэдэг дүрэмтэй байлаа (Бүгд хахаха). Шалтгаан нь мэдээж ойлгомжтой. Ах нь картны үнэ цэнийг дүүгээсээ илүү мэддэг болохоор, дүүгийнхээ мэдэхгүйг далимдуулж таарна. Тиймээс тэр хоёрын зөвшилцөл шударга эсэхийг нягтлахын тулд би наймааг нь шалгадаг байсан учиртай. Яах вэ дээ, эцгийн халамжит үзэл гэх үү дээ (Бүгд хахаха). Тийм л юм чинь. Түүний төлөө л эцгийн халамжит үзэл байдаг биз дээ? (Бүгд хахаха).

Энэ жишээ юуг өгүүлж байна вэ? Тэр бол зөвшсөн байлаа гээд, зөвшлийн нөхцөл нь шударга байх албагүй ээ, гэсэн үг.
Хэдэн жилийн өмнө уншсан Чикагогийн нэгэн сонины нийтлэлийг үзүүлье. Роуз гэдэг 84 настай бэлэвсэн хатагтай жорлон нь бөглөрөөд балраад байж. Роуз жорлонгоо засуулахаар туслалцаа дуудтал, нэгэн хөгийн слесарьтай гэрээ хийж орхиж. Юу гэвэл, жорлон засварын төлбөр нь 50,000 доллар гэсэн гэрээнд гарын үсэг зурчихсан гэнэ. Роуз гэрээг зөвшөөрсөн нь хөдлөшгүй үнэн. Хатагтай оюун санааны хэвийн төлөвт байсан авч, байж боломгүй гэнэний дээр сантехникийн засварын зах зээлийн ханшны талаар ямар ч мэдлэггүй байсан гэнэ. Азаар энэ гэрээ илчлэгджээ. Банканд очоод 25,000 доллар авах гэтэл үйлчилгээний цонхны ажилтан “Ийм их мөнгөөр юу хийх гэж байгаа юм бэ?” гэж асуусан гэнэ. Роуз “Жорлон бөглөрөөд баларч байна” гэж хариулж (Бүгд хахаха). Ингээд ажилтан цагдаад мэдэгдэж, нөгөө хөгийн слесарь баригдсан байна.

За тэгэхээр. Энэ танхимд байгаа гэрээний онолоор хамгийн нэвтэрхий хүн байлаа ч, Роуз гэрээг зөвшөөрсөн гэх факт нь гэрээний заалт нь шударга болохыг батлах хангалттай нөхцөл болохгүй гэдгийг дэмжих болов уу, гэж бодож байна. Хэн нэгэн өөр саналтай хүн байна уу? (Хэн ч гар өргөсөнгүй).
Хэн ч алга шив? Эсвэл би олж харахгүй байна уу? Алекс! Чи байна уу? (Бүгд хахаха) Гараад ир!.

За тэгвэл эсэргүүцэх хүн байхгүй бололтой. Миний анх хэлсэн “Зөвшсөн гэдэг факт бол үүрэг хүлээх хангалттай нөхцөл биш” гэдгийг бүгд дэмжиж байна, тийм үү?

Тэгвэл бодит гэрээний ёс суртахууны хязгаарын талаар ахиад цааш нь нэг алхам ахиулж, илүү ширүүн мэтгэлцээн өрнөж мэдэхээр санааг гаргаж тавья гэж бодож байна.
Гэрээ хийсэн, эсвэл зөвшсөн гэдэг факт бол, үүрэг хүлээх хангалттай нөхцөл бишээр тогтохгүй, зайлшгүй нөхцөл ч хүртэл биш (өөрөөр хэлбэл, гэрээ байхгүй байсан ч үүрэг үүсэх тохиолдол байж болно). Үүн дээр гарах санаа гэвэл, харилцан солилцол байвал, өөрөөр хэлбэл үр ашгийн солилцоо явагдсан л бол зөвшил байсан байгаагүй үүрэг үүсч болно гэх зүйл юм.

Үүнтэй холбоотой ийм нэг сайн жишээ бий.
18-р зууны Шотландын ёс суртахууны философич Девид Хьюм гэж хүн байсан. Хьюм залуудаа Локийн анхдагч нийгмийн гэрээний санааг эсэргүүцэж ном бичиж байжээ. Гэрээний онолын санааг нь элдэв үгээр тохуурхаж, нийгмийн гэрээ энэ тэр гэдэг бол философийн уран зөгнөл бөгөөд яаж ч бодоод ойлгох боломжгүй ид шидийн санаа гэж бичиж байж.

Тэгтэл 62 насанд нь Хьюмд, “Зөвшил бол үүрэг хүлээлгэх үндэслэл мөн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн өөрийн байр суурь нь бодитоор туршигдсан нэгэн явдал тохиожээ.
Хьюм Эдинбүргт байшинтай байж. Тэрээр түүнийгээ найздаа түрээслэж, найз нь тэрийг нь ахиад цааш нь танилдаа давхар түрээслэдэг байж. Тэр танил нь байшинг дахиж будах шаардлагатай гэж үзээд, будагчинд хандаж гэнэ. Будагчин ажлаа хийж дуусаад, төлбөрийн бичгийг Хьюм рүү явуулж. Хьюм өөрийгөө үүнийг зөвшөөрөөгүй, будагчинг хөлслөсөн нь би биш гэдэг үндэслэлээр төлбөр төлөхөөс татгалзаж, тэр нь шүүх дээр очсон байна.

Будагчин шүүх дээр “Хьюм зөвшөөрөөгүй хэдий ч, байшин будах шаардлагатай болсон байсан, тиймээс би маш хэрэгтэй ажил хийсэн” гэж өгүүлж (Бүгд хахаха).
Хьюм үүнийг зөвшөөрсөнгүй. “Энэ будагчны цорын ганц үндэслэл бол энэ ажил хийгдэх шаардлагатай байсан гэж хэлж байна. Тийм бол энэ будагчин Эдинбүргийн бүх байшингуудаар тойрч, байшингийн эзний зөвшөөрөл авалгүйгээр, өөрийнх нь хувьд хийх шаардлагатай гэж үзсэн ажлаа хийгээд, хойноос нь “Миний ажил хийгдэх шаардлагатай ажил байсан бөгөөд, үр дүнд нь байшин сайжирсан” гэдэг үндэслэл яриад явсан ч болох хэрэг үү?” гэж Хьюм боджээ. Тиймээс Хьюмд “зөвшилцөөгүй байхад төлбөр төлөх үүрэг үүсч болдог” гэдэг санаа таалагдсангүй. Гэвч шүүх дээр ялагдаж, Хьюм төлбөрөө төлөхөөс өөр аргагүйд хүрсэн гэдэг.

Өөр нэг жишээ ярья.
Зөвшлөөс үүрэг үүсэх болон, үр ашгаас үүрэг үүсэх хоёрын ялгааны талаар тунгааж, энэ хоёр тохиолдол давхцаж ч болох тохиолдлын талаар бодож үзэцгээе. Энэ бол надад өөрт тохиолдсон явдал л даа. Хэдэн жилийн өмнө найзуудтайгаа цуг бүх Америкийг хөндлөн гулд машинаар аялахаар гарсан юм. Нэг харсан чинь Индиана мужийн Хамонд хавьцаа, сайн мэдэхгүй газар ирчихсэн байна. Бид амрах цэг дээр зогсож, машинаасаа бууцгаалаа.

Хэсэг явж байгаад буцаад иртэл машин маань асахаа больчиж. Бидний хэн нь ч машин сайн мэдэхгүй тул, яах учраа олохгүй мунгинаж байтал, зогсоол руу ачааны машин орж ирээд бидний хажууд зогслоо. Тэр машины бөөрөнд “Самийн хөдөлгөөнт машин засвар” гэсэн бичиг байсан ба, машинаас нэг залуу буугаад ирэв. Бодвол Сам бололтой (хахаха).

Тэр бидэн дээр хүрч ирээд ингэж хэлж байна: “Тусламж хэрэгтэй юу? Би цагийн 50 доллараар машин засдаг. Хэрвээ 5 минутанд засвар дууссан ч 50 доллар авна. Цагийн дотор машинаа засч чадаагүй ч 50 доллар авна.”
Тэгэхээр нь би “Манай машин засагдах магадлал хэр бол?” гэж асуулаа. Тэр хариулалгүйгээр жолоон доогуур өнгийн харж, энд тэндээс нь оролдож эхлэв. Хэсэг хугацаа өнгөрсний дараа тэрээр машины доороос цухуйснаа “Гал хамгаалагчинд асуудал алга. Ахиад 45 минут байгаа юм чинь хамрыг нь сөхөөд үзчих үү?” гэдэг байгаа (Бүгд хахаха).
Би хэллээ: “Хүүе, байж бай. Чамайг хараахан хөлслөөгүй байна. Бид нар юу ч зөвшилцөөгүй биз дээ?”
Тэгтэл залуу айхтар уурлаж “Би жолоон доогуур харж байх үед, хэрвээ машиныг засчихсан бол мөнгө төлөхгүй санаатай байжээ?” гэлээ. Тэгэхээр нь би “Наадах чинь бол ахиад өөр асуудал.” гэсэн юм (Бүгд хахаха). Гэхдээ би зөвшлөөс үүссэн үүрэг болон үр ашгаас үүссэн үүргийн ялгааны тухай хүртэл хөндөөгүй л дээ (Бүгд хахаха).

Тэр залуу өөрийгөө жолоон доогуур өнгийж байхдаа машин засчихсан бол 50 доллар гарцаагүй авах ёстой гэж бодож байсан биз. Би ч бас түүнтэй санал нэг байна. Тиймээс залуу бидний хооронд автоматаар (харанхуйгаар) зөвшил үүсчихсэн гэж дүгнэсэн байх. Логик талаасаа алдаатай дүгнэлт боловч, тэр нь түүний уурлах болсон шалтгаан байх гэж бодсон юм.
Гэвч минийхээр бол, тэр дүгнэлт бол алдаатай. Гэрээний онолын үндэслэлийн 2 тохиолдлын (зөвшлөөс үүрэг үүсэх болон үр ашгаас үүрэг үүсэх, гэсэн 2 тохиолдол) ялгааг мэдэхгүйн алдаа гэж бодож байна.

Хэрвээ тэр залуу миний машиныг засчихсан бол, би түүнд 50 доллар төлөх үүрэг хүлээх байх л даа. Гэхдээ тэр нь гэрээ байгуулсан учраас биш юм. Бодитоор бол гэрээ байгуулаагүй шүү дээ. Харин тийм бус, машиныг зассанаар би үр ашиг олж байгаа учраас, харилцан солилцоо болон шударга байдлыг бодолцож үзвэл, би түүнд төлбөр төлөх үүрэг хүлээнэ.
Энэ бол гэрээний ёс суртахуунлаг хүчний хоёр тал, зөвшлөөс үүссэн үүрэг болон үр ашгаас үүссэн үүргийн ялгаа юм.

Намайг зөв зүйл хийсэн гэж дэмжих хүн хэр олон байна? (Олон гар өргөв).
Ашгүй дээ, ингэж уужрах гэж (Бүгд хахаха).

Тэгвэл намайг буруу зүйл хийсэн гэж бодож байгаа хүн? (хахаха). Хэн нэгэн байна уу? Хүүе, байна. Яагаад? Алив хариулаарай.

Нэйт:
Үр ашиг гэдэг чинь субъективээр тодорхойлогдох зүйл биз дээ? Хэрвээ багш та машинаа эвдэрсэн байхыг хүсч байсан чинь машиныг чинь засаад хаячихвал...

Сандел:
Үгүй ээ, би эвдэр гэж хүсээгүй (хахаха).

Нэйт:
Энэ тохиолдолд тийм байх л даа.

Сандел:
Хэн тийм юм хүснэ гэж?

Нэйт:
Мэдэхгүй л дээ, гэхдээ тийм хүн байж болно биз дээ? (хахаха).
Жишээ нь, Хьюмын байшинг будагчин цэнхэр өнгөөр будчихсан, Хьюм тэр өнгөнд нь дургүй байсан гэвэл яах вэ? Өөрийнхөө хүсч байгаа үр ашгийг юу болохыг нөгөө тал хийж өгөхөөс өмнө шийдэхгүй бол болохгүй шүү дээ?

Сандел:
Чи наанаасаа ямар дүгнэлт хэлэх гэсэн юм бол? Зөвшил бол үүрэг хүлээх зайшлгүй нөхцөл мөн гэж хэлэх гээд байна уу?

Нэйт:
Тийм.

Сандел:
Тийм үү. Нэр хэн билээ?

Нэйт:
Нэйт.

Сандел:
Нэйтийн санал бол “Хувь хүмүүс ялгаатай субъектив байдлаар аливааг дүгнэдэгээс хойш, үр ашгийн солилцоо шударга ч юм уу эн тэнцүү байсан эсэхийг хэрхэн яаж мэдэх юм бэ?” гэсэн утгатай. Маш сайн харсан байна.
Гэрээний ёс суртахууны талаарх хоёр тохиолдлын хамаарлыг туршиж үзэхийн тулд, өөр нэг жишээ гаргаж ярья.

Гэрлээд 20 жил болохдоо би эхнэрээсээ өөр хүнтэй байгаагүй байжээ гэе. Тэгтэл 20 жил өнгөрсний дараа, жил бүр хөдөө аялдаг гэр бүлийн аялалын үеэр, эхнэр маань өөр эрэгтэйтэй болох нь баригдаж. Индиана мужийн хөдөлгөөнт машин засварын залуу. Мэдээж энэ бол хийсвэр яриа шүү (хахаха).
Миний ууранд ёс суртахууны хоёр үндэслэл бий.
Нэг дэхь нь, эхнэр бид хоёр харилцан бие биедээ үнэнч байна гэж амласан байтал, эхнэр тэр амлалтаа зөрчсөн явдал. Энэ бол зөвшилтэй холбоотой.
Гэвч хоёр дахь нь амлалттай ямар ч холбоогүй уур. “Би гэр бүлийнхээ төлөө өдий хүртэл явж ирсэн байхад, арай ч дээ. Миний чамд үнэнч явсны хариу энэ үү?” Ингэж уурлахад харилцан солилцооны элемент агуулагдах байх.

Аль ч үндэслэл нь бие биенээсээ харилцан үл хамаарах ёс суртахууны хүчтэй. Энэ бол ерөнхий тохиолдол нь. Үүнийг, энэ жишээний алтернатив хувилбаруудыг төсөөлж үзвэл ойлгоно. Жишээ нь, бид гэрлээд 20 жил болоогүй байжээ гэе. Эхнэрийн араар тавилт бал сарын аялалын Индиана мужийн Хамонд хавьцаа явж байтал болов. Хэдий амлалт өгсөн ч гэлээ, миний талд хараахан бахархам түүх байхгүй (Бүгд хахаха). Хамтын амьдралын бахархам түүх гэсэн утгаар шүү (Бүгд хахаха, алга ташив).

Энэ үед Жулианы адилаар “Чи амлаа биз дээ?” гэж хэлж чадах уу? Энэ жишээ бол зөвхөн зөвшил гэсэн элементийг нь л тодруулан харуулж буй хэрэг болох байх. Хэдий ямар ч ашиг олоогүй ч бай, тэр хамаагүй. За за, энэ санааг ойлгосон байх (Бүгд хахаха).

Гол санаа нь ийм юм. Бодит гэрээ ёс суртахууны хүчтэй байдаг нь, хараат бус ба харилцан солилцоо гэсэн хоёр ялгаатай идеалын ач юм. Гэвч өдөр тутмын бодит амьдрал дээрх гэрээнд, ёс суртахууны хүч оноох учиртай тэр хоёр идеал нь дутуу ч юм уу, эсвэл хэрэгжихгүй байх тохиолдол байдаг.

Хараат бус гэдэг идеал нь, гэрээнд оролцогч талуудын хэлэлцээр хийх ур чадварт ялгаа байх тохиолдолд биелэхгүй байх магадлалтай. Харилцан солилцооны идеал ч бас, талуудын мэдлэгт ялгаа байх тохиолдолд биелэхгүй байх магадлалтай. Талууд юу нь юутай эн тэнцүү үнэ цэнэтэй болохыг буруу дүгнэсэн байж мэднэ шүү дээ.

Үүн дээр бодож үзье. Хараат бус болон харилцан солилцооны идеал ямар нэгэн санамсаргүй өгөгдлөөс үл хамааран гарцаагүй хэрэгжих нь баталгаажсан тийм гэрээ байхын тулд, тэр нь ямар гэрээ байхгүй бол болохгүй вэ? Оролцогч талуудын мэдлэг чадвар тэнцүү байх тохиолдолд, мөн оролцогч талууд харилцан ялгаатай нөхцөл байдалд биш, бүгд ижил нөхцөлд байх тохиолдолд, тийм нөхцөл дор бий болсон гэрээний тухай бодож үзье.

Энэ бол Ролзын илэрхийлсэн зүйл, өөрөөр хэлбэл шударга ёсны талаар тунгааж үзэх арга бол үл мэдэх гивлүүрийн дор бий болох хийсвэр гэрээ гэх санаанд бий хэмээх үзэл санаа юм. Үл мэдэх гивлүүр эрх тэгш нөхцөл байдлыг бий болгоно. Түр хугацаанд оролцогч талуудын хоорондын мэдлэг чадварын ялгааг байхгүй болгож мартуулснаар, шударга бус үр дүнд хүрэх эрсдлээс зарчмын хувьд сэргийлнэ. Эрх тэгш хүмүүсийн дундаас гарсан хийсвэр гэрээ л шударга ёсны зарчмын талаар тунгааж болох цорын ганц арга. Энэ бол Кант ба Ролз нарын, эрх тэгш хүмүүсийн дундаас гарсан хийсвэр гэрээ л шударга ёсны зарчмын талаар тунгааж болох цорын ганц арга гэж хэлсэн үндэслэл нь юм. Тэгвэл тэр гэрээний агуулга нь ямар юм байх бол? Тэр талаар дараагийн лекцээр ярилцацгаая (Бүгд алга ташив).

Тайлбар:

Энэ удаад Жон Ролзын шударга ёсны онолын тайлбар явлаа. Юуны өмнө яагаад Жон Ролзын онол чухал вэ гэдгийг товч тайлбарлая.

Жон Ролз бол Санделтай адил Харвардын Их Сургуулийн профессор байсан ба, чухам тэр л өнөөгийн ертөнцөд улс төрийн философийг дахин сэргээсэн хамгийн чухал сэтгэн бодогч юм. Үнэндээ түүнээс өмнөх улс төрийн ухаанд позитивизм (гаргалгааны үзэл), эмпиризмийн урсгал хүч түрэн орж, улс төрийн философи мөхөхийн наагуур байлаа. Гэвч Ролз гэрээний онолын бүтцийг ашиглан шударга ёсны онолыг дэвшүүлснээр, улс төрийн ухаанд улс төрийн философийг эрч хүчтэйгээр дахин амилуулсан байдаг.

Ролз нь үүгээрээ өнөөгийн либерализмын төлөөлөгч, түүний үндэслэгч гэгддэг. Түүний онол нь “үл мэдэх гивлүүр” (veil of ignorance) гэсэн ухагдахууныг ашиглан хийсвэр гэрээний онолыг гарган ирж, гэрээний онолыг буцаан сэргээсэн зүйл байсан. Тиймээс “Гэрээ гэж чухам юу юм бэ?” гэдгийг тайлбарлах нь маш чухал явдал болж байгаа юм. Профессор Сандел энэ удаад хараат бус буюу зөвшил гэсэн элемент болон, бас нэг нь харилцан солилцоо буюу харилцан үр ашиг гэх элементийг гарган тавьж, гэрээний талаар тайлбарлалаа.

Тэгээд үүнийхээ тулд төрөл бүрийн сонирхолтой жишээ, хавч худалдах гэрээ, жорлон засварлах гэрээ, Хьюмд тохиолдсон явдал, бас профессорт өөрт нь тохиолдсон машин засварчин Сам гэх мэт бодит амьдрал дээр элбэг тохиолдохуйц жишээнүүд ашиглангаа, зохистой гэрээ ямар шаардлагыг хангах ёстойг тодруулж өглөө.

Яагаад энэ чухал вэ гэхээр, чухам энэхүү гэрээний онолоор л улс төрийн философи өнөөгийн ертөнцөд дахин эргэж ирсэн болохоор тэр билээ.



No comments:

Post a Comment