2018/06/27

Шударга ёсны лекц: Ялагчид тохоогдох зүйл

Өмнөх - Гэрээ л бол гэрээ юү?

Сандел:
Өнөөдөр “Хуваарилалтын шударга ёс” гэсэн асуудлын талаар ярилцъя. Бид бүхэн ямар зарчимд тулгуурлан баялаг болон эрх мэдэл, боломжийг хуваарилах ёстой вэ? Жон Ролз энэ асуултанд маш нарийвчлалтай хариулсан байдаг. Өнөөдөр тэр хариултыг судалцгаая.


Өмнөх хичээлээр бид үүний эхлэл болгож Ролзын нэгэн санаатай танилцсан. “Шударга ёсны зарчим нь хийсвэр гэрээнээс хамгийн сайн мөрдөн гарна.” гэх санаа байсан. Хамгийн чухал нь, тэрхүү хийсвэр гэрээ нь Ролзын үл мэдэх гивлүүр гэж нэрлэсэн тэр зүйлийн ард байх эрх тэгш анхдагч төлвийн дор хэрэгжинэ, гэх явдал. Энэ хүртэл ойлгомжтой биз?

За тэгвэл цааш урагшилъя. Ролзын хэлэх “үл мэдэх гивлүүр” дор, хүмүүс ямар зарчмыг сонгох бол?
Юуны өмнө тэрээр хэд хэдэн боломжийг судалж үзсэн. Утилитаризмыг сонгох болов уу? Утилитаризмын зарчим нь үнэмлэхүй олонхын төлөөх үнэмлэхүй аз жаргал боловч, анхдагч төлөвт байгаа хүмүүс утилитаризмд тулгуурласан засаглалыг сонгох болов уу?
Ролзынхоор бол “Үгүй, тэд тийм юм сонгохгүй” юм гэнэ. Яагаад гэхээр, үл мэдэх гивлүүрийн ард байхдаа, гивлүүрээ авч бодит амьдрал эхлэхээр бидний хүн нэг бүр өөрийн эрхэм чанараа хүндлүүлэхийг хүснэ гэдгийг бүгд мэдэж байгаа болохоор тэр.
Жишээ нь цөөнхийн нэг болсон байлаа ч, олонхын дарамтанд орохыг хүсэхгүй. Тиймээс бид утилитаризмаас татгалзаж, оронд нь үндсэн эрх чөлөөний нэгдүгээр зарчим болох “Эрх тэгш язгуур эрх чөлөө”-г сонгох дээр санал нэгдэнэ.
Өөрөөр хэлбэл үг хэлэх эрх чөлөө, эвлэн нэгдэх эрх чөлөө, шүтэх эрх чөлөө, цэвэр сэтгэлийн эрх чөлөө гэх мэт үндсэн язгуур эрхүүд. Бид олонхын засаглал дор дарамтлуулж боогдсон цөөнхийн нэг байхыг хүсэхгүй. Тийм эрсдэл хүлээхийг хүсэх хүн гэж хаана ч байхгүй. Тиймээс Ролз утилитаризмаас татгалзана, гэж боджээ.
Тэрээр ингэж бичсэн байдаг: “Утилитаризм бол хүний хувь шинжийг гээдэг, эсвэл чухалчилдаггүй гэсэн алдааг гаргадаг.
Анхдагч төлөвт байгаа тохиолдолд бид үүнийг анзаарч, утилитаризмаас татгалзана. Бид өөрсдийн үндсэн язгуур эрх болон эрх чөлөөгөө ямар ч эдийн засгийн үр ашгаар солихгүй. Энэ бол нэгдүгээр зарчим.

Хоёр дахь зарчим бол нийгмийн болон эдийн засгийн тэгш бус байдалтай холбоотой.
Бид үл мэдэх гивлүүрээ тайлаад хартал баян байна уу ядуу байна уу, эрүүл саруул явах уу өвчин зовлон тохиолдох уу гэдгээ урьдчилан мэдэхгүй гэдгийг сана!. Баян айлд төрөх үү, ядуу айлд төрөх үү гэдгээ хэн ч мэдэхгүй. Тиймээс эхэндээ ингэж бодож болох юм: “Юу ч гэсэн орлого болон баялгийг эрх тэгш эн тэнцүү хуваахыг шаардъя. Тэгвэл найдвартай.” гэж.

Гэвч гай нь таараад хамгийн доод давхрага руу уналаа ч муудахааргүй тийм арга байж болохыг анзаарах болно.
Муудахааргүй арга гэдэг нь Эерэг ялгаврын зарчим (difference principle) гэгдэх, нэгэн төрлийн нөхцөлт эрх тэгш зарчимд санал нэгдэх явдал.
Эерэг ялгаврын зарчим гэдэг нь, хамгийн азгүй хүмүүст өгөөжтэй байхуйцаар, нийгмийн болон эдийн засгийн тэгш бус байдлыг зөвшөөрдөг зарчим юм. Өөрөөр хэлбэл, бид бүхий л баялгийн болон орлогын тэгш бус байдлыг үгүйсгэх бус, тодорхой хэмжээнд тэгш бус байдлыг зөвшөөрөх учиртай. Ролзын зарчмаар бол, гол шаардлага нь ялангуяа хамгийн доод давхрагын хүмүүст тэр нь өгөөжтэй байх эсэх. Үл мэдэх гивлүүрийн ард, хамгийн азгүй хүмүүст өгөөжтэй хэлбэрийн тэгш бус байдал л шударга ёсонд нийцнэ, гэж Ролз үзжээ.

Өмнө Майкл Жордан жилийн 31 сая доллар олж, Билл Гейтс хэдэн тэрбумын хөрөнгөтэй тухай ярьсан. Тэгвэл эерэг ялгаврын зарчим дор энэ тэгш бус байдал зөвшөөрөгдөх үү? Энэ тэгш бус байдал нь, хамгийн азгүй хүмүүст өгөөж болдог байх зөвхөн тийм механизм байгаа тохиолдолд зөвшөөрөгдөнө. Тэр нь тэгвэл ямар механизм бэ?
Ямар нэгэн ажилд тохирох хүнийг ажиллуулахын тулд бодитоор ямар нэгэн урамшуулал хэрэгтэй байдаг шүү дээ. Тэгээд хамгийн тохирсон хүнийг хамгийн тохирсон ажилд томилох нь, хамгийн доод давхрагын хүмүүст өгөөжтэй тусч болно.

Тиймээс Ролз үл мэдэх гивлүүрийн ард эерэг ялгаврын зарчим сонгогдоно, гэж үзжээ. Үл мэдэх гивлүүрийн ард эдгээр хоёр зарчим сонгогдоно гэсэн Ролзын санааг та бүхэн юу гэж бодож байна? Энэ саналыг эсэргүүцэх хүн байвал саналаа хэлээрэй. Тэр хоёр давхрын залуу хариулаарай.

Майк:
Таны яриа улс төрийн бодлого болон шударга ёсыг доороос, өөрөөр хэлбэл хамгийн доод давхрагын өнцгөөс харж шийдэхийг урьтал болгоод байна. Яагаад дээрээс харж болдоггүй юм бэ?

Сандел:
Нэр хэн билээ?

Майк:
Майк.

Сандел:
Майк. Сайн асуулт байна. Тэгвэл өөрийгөө үл мэдэх гивлүүрийн ард тавиад, хийсвэр туршилт хийгээд үзье. Чи ямар зарчим сонгох вэ? Бодоод үз дээ.

Майк:
Харвард ч бас өөдөө тэмүүллийг дэмжих нэг жишээ гэж бодож байна. Би төрөхдөө өөрийгөө хэр зэрэг толгой сайтай болохыг мэдээгүй ч, энэ байр сууринд хүрч очихын төлөө мэрийж ирсэн. Хэрвээ Харвард ямар ч хамаагүй 1,600 хүнийг санамсаргүйгээр сонгож авсан гэвэл мэрийж шамдах нь ямар ч утгагүй явдал болж хувирна.

Сандел:
Тэгээд чи ямар зарчмыг сонгох вэ?

Майк:
Би байсан бол, чадварт суурилсан зарчмыг сонгоно. Өөрийн хичээл зүтгэлийнхээ хэмжээгээр урамшуулал хүртдэг системийг дэмжинэ.

Сандел:
Тэгвэл чи үл мэдэх гивлүүрийн ардаас, хичээл зүтгэлдээ тохирсон урамшуулал авдаг, чадварт суурилсан системийг (буюу мэрит системийг) сонгох нь ээ. Сайн байна. Чи хариулаарай.

Кэйт:
Нэг асуулт байна. Тэр чадварт суурилсан гэдэг нь бүгд эн тэнцүү түвшний гараанаас гарна гэж үзээд, тэндээс хаа хүртэл явж чадсанаасаа хамаараад урамшуулал хүртэнэ, гэсэн санаа мөн үү? Боловсрол эхлэх үед, тухайн хүн хэр давуу байдалтай байсныг үл харгалзана гэсэн үг үү?

Майк:
Бүх хүн ив ижил гарааны цэгээс эхлэх боломжгүй гэж хэлэх гээд байгаа бололтой. Би бол тэгж бодохгүй байна. Чадварт суурилсан систем бол хэний ч хувьд хамгийн сайн хувилбар гэж бодож байна. Манлайд яваа 2%-ийн хүмүүс, сүүлд яваа 2%-ийн хүмүүс гээд ялгарал гарах л байх. Гэхдээ энэ бол эцсийн эцэст төрөлхийн ялгаа биш (буюу өөрчлөгдөх боломжтой). Хичээл зүтгэлээрээ урамшуулал хүртэх явдал бол доод давхрагын хүмүүсийг ч дээш нь өргөж өгнө.

Кэйт:
Гэхдээ энэ хүртэл явж ирэх замдаа илэрхий давуу нөхцөл байдалд байсан хүмүүс ч бас байж таараа. Тийм хүмүүсийн хичээл зүтгэл яагаад урамшуулагдах ёстой гэж? Надтай адилхан хэмжээнд хичээж зүтгэсэн л бол хэн ч энэ сургуульд орж чадна, бүгдэд адилхан боломж байсан гэж бодохгүй байна.

Сандел:
Тийм байж. Хэн билээ?

Кэйт:
Кэйт.

Сандел:
Кэйт! Чи нэг ёсондоо ингэж бодож байгаа байх нь. Шилдэг сургуульд орох чадвар бол, чинээлэг гэр бүлээс гаралтай байх ч юм уу, гэр бүлийн таатай орчин ч юм уу, эсвэл нийгмийн, соёлын, эдийн засгийн хувьд давуу байх гэх мэт хүчин зүйлээс маш ихээр хамаарна, гэж.

Кэйт:
Яг тийм. Ялангуяа эдийн засгийн нөхцөл гэдэг талаас нь хэлсэн.

Сандел:
Дээхэн ийм нэг судалгаа хийсэн хүн байсан. Америкийн шилдэг 146 их сургуулийн оюутнуудын дундаас статистик авч, тэдний эдийн засгийн талын нөхцөл байдлыг судалж үзсэн байна. Тэр дунд өрхийн орлого нь нийгмийн доод 25%-д харьяалагдах оюутан хэр их байсан гэж бодож байна? Мэдэх хүн байна уу?
Хамгийн шилдэг сургуулиудад ядуу гэр бүлээс гаралтай оюутан ердөө 3-хан хувь нь байсан. 70%-аас дээшхи нь чинээлэг гэр бүлээс гаралтай байсан.



Тэгвэл цааш нь нэг ахиулаад, Майкийн саналыг бодож үзье.
Ролз өөрийн шударга ёсны зарчим, ялангуяа эерэг ялгаврын зарчмыг нотлохын тулд, нэг биш, хоёр үндэслэл гаргаж тавьсан байдаг.

Нэг дэхь нь албан ёсны үндэслэл бөгөөд, үл мэдэх гивлүүрийн ард юу сонгогдох вэ, гэдэг тухай. Үүнд хандаж “Хүмүүс аз эзээ үзэх ч юм билүү?”, “Үл мэдэх гивлүүрийг аваад хартал би дээгүүр байрлалд байж ч мэднэ гэж найдаад, азаа үзээд алдах ч юм билүү?” гэсэн өөр санал хэлэх хүн ч байж болно. Энэ бол Ролзод тулгасан нэг сорилт.

Гэвч Ролзод энэхүү анхдагч төлвийн хэлэлцүүлгийг дэмжих хоёр дахь үндэслэл бас бий. Тэр бол шууд утгаараа ёс суртахууны үндэслэл бөгөөд, иймэрхүү агуулгатай зүйл: “Орлого болон баялаг, эсвэл боломж хуваарилалт бол “Энэ миний өөрийн гавьяа мөн” гэж хэлэх боломжгүй тийм зүйл дээр тулгуурлах ёсгүй. Өөрөөр хэлбэл, ёс суртахуун талаасаа тохиолдлын хүчин зүйлд суурилах ёсгүй.”

Ролз шударга ёсны онолд сөргүүлэн тавьж болох хэд хэдэн асуултыг судлах байдлаар үүнийг тайлбарласан. Тэрээр эхлээд өнөө цагт ихэнх хүмүүс дэмжихээ байсан угсаа залгамжлах феодлын (язгууртны) нийгмийн тухай өгүүлсэн байдаг. Угсаа залгамжлах феодлын нийгэмд, хүн нэг бүрт оноогдсон ирээдүйн юу нь асуудалтай вэ?
Үүн дээр Ролз ингэж хэлсэн: “Илэрхий буруу байгаа нь, хүмүүсийн ирээдүй түүний хаана төрснөөр шийдэгдэх явдал юм. Ахиж дэвжинэ гэж байхгүй. Юунд хүрэх, ямар боломж олдох гэх мэт нь чиний үйлдлээс хамаарахгүй. Тэр бол ёс суртахууны байр суурьнаас харвал тохиолдлын хүчин зүйл юм.”
Тиймээс угсаа залгамжлах феодлын нийгмийн эсрэг, хүмүүс түүхийн явцад ингэж эсэргүүцэж ирсэн: “Каррьер бол авьяас чадварт нээлттэй байх ёстой. Гарал үүслээс үл хамаарсан, хэлбэрийн хувьд тэгш боломж олгогдсон байх ёстой. Бүх хүмүүс бүхий л ажил мэргэжилд хүрэхийн төлөө хичээн чармайх эрх чөлөөтэй байх ёстой.”

Нэг ёсондоо, хэрвээ чи ажлын зар тавьж, тэр зарын дагуу ирсэн хүн чиний ажлыг чадлынхаа хэрээр хийж байвал, түүний үр дүн нь шударга ёсонд нийцнэ гэсэн үг. Энэ бол ямар нэгэн байдлаар либертаризм маягийн систем юм.
Үүнийг Ролз юу гэж үзэх бол? Тэрээр үүнийг дэвшил гэж хэлнэ. Гарал үүслээс хамаарч ирээдүй шийдэгдэхгүй байгаа байдал нь дэвшил. Гэвч тэрээр хэлбэрийн хувьд эрх тэгш боломж олгогдож байгаа ч гэсэн, иймэрхүү либертаризмлаг систем байх төдийд мөн л хангалтгүй гэнэ.
Хэн бүхэн өрсөлдөөнд оролцох боломжтой байлаа ч, хүн нэг бүрийн гарааны цэг нь ялгаатай байх юм бол, тэр өрсөлдөөнийг шударга (fair) гэж хэлэх боломжгүй болохоор тэр. Энэ систем илэрхий шударга ёсонд харшилж байна, яагаад гэвэл ёс суртахууны байр суурьнаас харахад тохиолдлын хүчин зүйлийн нөлөө тэнд байсаар байна, гэж Ролз хэлнэ.

Тэр нь юу гэвэл, сайн боловсрол эзэмшсэн эсэх, чамайг дэмжиж хөдөлмөрийн ёс зүйд сургасан эсэх, боломжийн гэр бүлд төрж өссөн эсэх гэх мэт юм. Энэ бол Ялгаваргүй тэгш боломж (fair equality of opportunity) гэдэг систем рүү шилжихийг илэрхийлж байгаа юм.
Тэгээд тэр нь чухам Майкийн хэлсэн систем буюу, чадварт суурилсан систем, мэрит тогтолцоо гэж бидний нэрлэдэг тэр систем. Шударга мэрит тогтолцоо бүхий нийгэмд, өрсөлдөөн эхлэхээс өмнө бүгд ижил гараанаас хөдөлдөг байх тийм механизм бүрдүүлж өгнө.
Тэр нь жишээ нь эрх тэгш боловсрол эзэмших боломж. Жишээлбэл сургуулийн өмнөх боловсролын програмд гэр бүлийн орчноос үл хамаарсан, бүх хүүхдэд жинхэнэ шударга боломж олгогдож байхаар, ядуу хорооллын сургуулиудыг дэмжих. Хэн бүхэн яг ижил гараанаас хөдөлж эхэлнэ.

Тэгвэл Ролз чадварт суурилсан системийг хэрхэн авч үзэх бол?
“Энэ систем ч бас, байгалийн өгөгдөл гэсэн ёс суртахуун талаас нь харахад тохиолдлын хүчин зүйлийг залруулахад хангалттай биш.” гэж тэр хэлнэ. Юу гэвэл, бүх хүмүүсийг нэг гараан дээр эгнүүлж зогсоож байгаад уралдуулбал хэн ялах вэ?
Жишээ нь гүйлтийн тэмцээн байвал, хэн нь түрүүлэх вэ? Мэдээж хамгийн хурдан нь түрүүлнэ. Гэвч хурдан гүйдэг гэх тэр авьяас тохиолдлоор байгалиас түүнд заяагдсан нь, түүний гавьяа мөн үү? Ролз ингэж хэлсэн байдаг. Бүгдийг ижил гараанаас гаргасан тохиолдолд, мэритократ (чадварт суурилах үзэл) зарчим нь нийгмийн талын санамсаргүй хүчин зүйлийг бүрэн арилгаж болох ч, тэр нь урьдын адилаар, баялаг хийгээд орлогын хуваарилалт нь байгалиас хуваарилагдсан авьяас чадварын нөлөөгөөр шийдэгдэх явдлыг зөвшөөрөхөд хүрнэ.



Тиймээс орлого хийгээд баялгийн хуваарилалт дээрх тохиолдлын шинжийг арилгах зарчим нь, Майкийн дуртай мэрит тогтолцоог ч даван гарах шаардлагатай, гэж Ролз үзсэн байна.

За тэгвэл хэрхэн яаж тэрийг даван гарах вэ? Бүгдийг ижил гараан дээр зогсоосон ч хурдан гүйдэг хүмүүс, хурдан гүйдэггүй хүмүүс байгаа гэдэг факт бас л санаа зовоогоод байвал, яасан нь дээр вэ? Илүү тэгш байдлыг шаардагчид хурдан гүйдэг хүмүүсийн хөлийг тушихаас өөр аргагүй гэх байх. Тугалган гутал өмсгөнө. Гэвч болбол тийм юм хиймээргүй байна. Ингэх нь өрсөлдөөний мөн чанарыг нурааж орхино шүү дээ.

Ролз, мэритократ ухагдахууныг даван гармаар байвал, бүх хүний түвшинг нэг ижил болгох шаардлагагүй гэж хэлнэ. Авьяастай хүмүүст тэр авьяасаа ашиглахыг нь зөвшөөрч, бүр дэмжсэн ч болно. Харин тэр авьяасаа ашигласны үр дүнд бий болох үр ашгийг хүртэх эрхээ эдлэх нөхцлийг нь өөрчлөхөд хангалттай гэнэ.
Тэгээд тэр нь чухам өнөөх эерэг ялгаврын зарчим юм. Хүмүүс сайн гентэй төрснийхөө ачаар үр ашиг хүртэхэд, “тэр нь хамгийн азгүй хүмүүст ч бас өгөөж болж очдог” механизм байх ёстой.
Тэгэхээр жишээ нь Майкл Жордан орлогоосоо багагүй хэсгийг бусад хүмүүст туслах зориулалттай татвар байдлаар төлдөг, зөвхөн тийм систем дор л 31 сая долларын орлого олох нь зөвшөөрөгдөнө.
Билл Гейтс ч мөн адилхан. Хэдэн тэрбумаар нь олж болох ч, өөрийгөө ёс суртахууны хувьд төдий дайны үнэ цэнэтэй гэж бодож болохгүй. “Азтай хүмүүс нь азгүй хүмүүсийн нөхцөл байдлыг сайжруулна гэсэн зөвхөн тийм нөхцөл дор, өөрийн азнаасаа ашиг хүртэхийг зөвшөөрч болно.”



Үүнийг эерэг ялгаврын зарчим гээд байгаа бөгөөд, энэ бол ёс суртахууны хувь дахь тохиолдлын шинжээс урган гарсан үндэслэл юм. Ролз, хэрвээ ёс суртахууны өнцгөөс харахад тохиолдлын хүчин зүйлд тулгуурласан хуваарилалтанд асуудал байна гэж чамд санагдаж байвал, феодлын нийгмээс татгалзаж чөлөөт зах зээлийг дэмжээд ч, эсвэл мэритократ системийг дэмжээд ч сэтгэл ханахгүй болов уу, гэж хэлсэн байдаг.

Аз завшаанаар авьяас билиг цогцолсон хүн тэр авьяас билгээ дайчилснаар, хамгийн доод давхрагын хүн төдийгүй бүхий л хүмүүс түүний үр өгөөжийг нь хүртэх, тийм систем байгуулах. Энэ санаа хэр үнэмшилтэй санагдаж байна? Ролзын энэ санааг ямар ч утгагүй гэж бодож байгаа хүн, саналыг нь сонсмоор байна.

Нүдний шилтэй Кэйт:
Тэгш үзэлтнүүд бодохдоо, авьяастай хүмүүс олсон орлогынх нь нэг хэсэг нь хураагдаад алга болохыг мэдсээр байж, тэгсэн ч гэсэн хамаг чадлаараа чармайн ажиллах байх гэж бодох нь, арай л өөдрөг гэж санагдаж байна. Авьяас чадвартай хүмүүс авьяасаа тултал нь гаргаж чадах систем бол зөвхөн мэрит (буюу меритократ) систем гэж бодож байна.

Сандел:
Мөөн. Хэн билээ?

Нүдний шилтэй Кэйт:
Кэйт.

Сандел:
Кэйт! Тэгээд бас Майкаас ч бас асуумаар байна. Мэрит системд тэгш боломж олгогддог байлаа ч, хэсэгхээн хүмүүс тохиолдлоор гайхамшигтай авяастай төрсөн гэдгээрээ, байж боломгүй их орлого олдог. Үүнийг юу гэж бодож байна?

Нүдний шилтэй Кэйт:
Авьяас бол яриа байхгүй тохиолдлын хүчин зүйл мөн ч гэлээ, тэрийг тэгшитгэх гэх нь бусармаг явдал гэж бодож байна. Тэгснээр...

Сандел:
Өдөөлт (урамшуулал) буурах учраас?

Нүдний шилтэй Кэйт:
Тийм.

Сандел:
Майк юу гэж бодож байна?

Майк:
Энэ танхимд сууж байгаа бид нар бүгдээрээ “Та нар бол юу ч хийж бүтээгээгүй юм байж, хүртэх гавьяагүй нэр төрийг хүртсэн” гэж хэлж байгаа аятай сонсогдож байна. Хурдан гүйдэг хүн уралдаанд оролцсоноор нийгэмд бүхэлд нь муу нөлөө үзүүлнэ гэдэг үзлийг бид жигших ёстой. Хамгийн авьяастай хүн хурдан гүйснээр, бид нар ч бас хурдан гүйж болно, бидний ард яваа хүмүүс, тэгээд тэдний ард яваа хүмүүс ч бас улам хурдан гүйж болно.

Сандел:
Ойлголоо. Майк! Чи сая хичээл зүтгэлийн талаар ярилаа. Амжилтанд хүрэхийн тулд хамаг чадлаараа ажилласан хүн, тэр хичээл зүтгэлдээ тохирсон шан хүртэх эрхтэй гэж бодож байна, тийм үү? Энэ чиний үзлийн ард яваа санаа.

Майк:
Мэдээж тийм. Майкл Жорданыг энд авчраад, яагаад 31 сая долларын орлого олсныг нь асуугаад үз. Хамгийн шилдэг нь байхын тулд тэр ямар их зүтгэснийг нь ойлгож авах байлгүй. Өөр өнцгөөс харвал, бид нар ч бас үндсэндээ цөөнхийг дарлаж байгаа олонх мөн.

Сандел:
Баярлалаа. Хичээл зүтгэл гэнэ ээ? Чи ... (энд тэнд алга ташив) чамд дэмжигч хүртэл байна гээч!

Майк:
Тийм ч олон биш байна (хахаха).

Сандел:
Хичээл зүтгэл. Ролз үүнд хандаж ингэж хариулсан байдаг.
Хэн нэг хүн хүчирхэг хөдөлмөрийн ёс зүйтэй байгаад, цөхрөлтгүй хичээн зүтгэсэн байлаа ч, тэр хичээл зүтгэл хүртэл гэр бүлийн таатай нөхцөл байдлаас бий болсон зүйл тул, бид бүхэн түүнийг өөрийн гавьяа гэж хэлэх боломжгүй.

За үүн дээр... (алга ташив). Түр хүлээнэ үү. Үүн дээр нэгэн тест хийж үзье. Эдийн засгийн ялгаанаас үүдэх тэгш бус нь маш том ч гэлээ, түр зуур тэрийг хойш нь тавья. Сэтгэл судлаачид төрсөн дарааллаас хамаараад, хөдөлмөрийн ёс зүй болон хичээл мэрийлтийн хэмжээ өөрчлөгддөг гэдэг.
Тэгвэл та нар дотроос айлын том хүүхдүүд нь гараа өргө дөө (дийлэнх хагас нь гараа өргөв. хахаха).
Би ч бас. Майк! Чи ч бас гараа өргөлөө (Бүгд хахаха).

Мэритократ ухагдахуунд бол хичээл зүтгэл урамшуулагдах ёстой гэдэг. Гэвч хичээл зүтгэл, хөдөлмөрийн ёс зүй зэрэг нь төрсөн дарааллаас хамаардаг юм бол, түүнийг өөрийн гавьяа биш гэж хэлэх Ролзын өчил зөв юм шиг санагдана. Майк! Чи өөрийнхөө чадлаар айлын том нь болж төрсөн үү? (Майк толгой сэгсрэв)
Мэдээж тийм биш байлгүй. Үүн дээр Ролз асууна. Ёс суртахууны байр суурьнаас харахад, амьдрал дээрх орлого, баялаг, боломжууд тохиолдлын хүчин зүйл дээр суурилдаг байж болох уу?
Энэ бол Ролзын зах зээлийн нийгэмд тулгасан асуулт боловч, зэрэгцээд энд сууж буй бидэнд ч тулгасан асуулт юм. За үргэлжлэлийг дараагийн лекцээр ярилцъя (Бүгд алга ташив).

Тайлбар:

Энэ удаа Ролзын шударга ёсны онолын агуулгыг тайлбарлалаа. Үнэндээ бол энэхүү Ролзын шударга ёсны онол бол туйлаас чухал бөгөөд, профессор цуврал лекцээ “Шударга ёс” гэж нэрлэсэн нь Ролзын шударга ёсны онолыг заасан нэр байх гэж хүртэл бодогдохоор байгаа юм.

Үнэндээ профессор Сандел нь Ролзын шударга ёсны онолыг шүүмжилснээр үзэл санааны том тэсрэлт үүсгэж, чухам үүгээрээ дэлхийд алдаршсан философич билээ.

Ролз хийсвэр гэрээг ашиглан шударга ёсны 2 зарчмыг дэвшүүлэн тавьсан. Нэг нь, хүний эрх тэгш суурь эрх чөлөөний язгуур эрхийг шударга ёс гэж үзэх санаа. Нөгөөх нь, шударга тэгш боломжийн зарчим болон эерэг ялгаврын зарчим. Үүний эерэг ялгаврын зарчим гэдэг нь хамгийн азгүй хүмүүсийн хувьд ч ашигтай байх нөхцөл дор тэгш бусыг зөвшөөрч болно, гэх санаа юм.

Тэгш бусын зарчим нь өнөөгийн улс төрийн философид нийгмийн халамж болон халамжит төрийг зөвтгөдөг хамгийн хүчирхэг улс төрийн философийн зарчим болоод буй. Үүнийг биелүүлэх нь үүрэг ч мөн, шударга ёс ч мөн гэдэг тал нь маш чухал. “Нийгмийн халамжийн бодлого баримталбал ард түмний дэмжлэг илүү авах уу” ч юм уу ”Нийгмийн халамжийн бодлого баримталбал эдийн засаг сайжрах уу” мэтийн яриа бус, “Шударга ёсонд нийцэх учраас үр дүнгээс үл хамааран гарцаагүй хийхгүй бол болохгүй” гэсэн хүчирхэг утгыг илэрхийлдэг учиртай.

Энэхүү эерэг ялгаврын зарчим нь социализм, коммунизм шиг “Бүх хүн бүрэн эрх тэгш нийгмийг цогцлоох ёстой” гэж хэлж байгаа юм биш. Тодорхой хэмжээнд ялгаа байж болно гэж үзнэ. Гэхдээ “Тэр ялгаа нь, хамгийн азгүй хүмүүсийн хувьд ч ашигтай байх, тийм ялгаа байх шаардлагатай” гэсэн онол.


Профессор Сандел төгсгөлд нь Харвардын оюутнуудын ихэнх нь айлын том хэмээх маш сонирхолтой фактыг үзүүлсэн. “Иймэрхүү төрөлхөөс үүдэлтэй ялгааг тоохгүй орхиж болох уу?” гэх нь, Ролзын эерэг ялгаврын зарчмаас тулгаж  буй чухам асуулт юм.



No comments:

Post a Comment