2018/05/15

Шударга ёсны лекц 7-1: "Худал хэлэх" ба "Бултах"

Өмнөх - Ёс суртахууны хамгийн дээд зарчим

Сандел:
Өмнөх лекцээр Кантын ёс суртахууны онолыг эхнээс нь дуустал нь харцгаасан. Тэгэхээр “Моралийн метафизик суурь” бүтээлд бичигдсэн Кантын ёс суртахууны онолыг ойлгохын тулд 3 асуултанд хариулах шаардлагатай.
Үүрэг болон хараат бус хоёрыг хэрхэн яаж зэрэг хэрэгжүүлж болох вэ? Үүргээ биелүүлэх явдлын онцгой эрхэм чанар нь юу юм бэ? Үүрэг ба хараат бус гэх хоёр ухагдахуун, өнгөц харахад харилцан эсрэг юм шиг санагдана. Үүн дээр Кант ямар хариулт хэлсэн бэ, үүнийг тайлбарлах хүн байна уу? Кант үүнд хариулт хэлсэн үү? Босоод хариулаарай.

Мат:
Кантын үзлээр бол, хүн үүрэг гэх нэрийн дор ямар нэгэн зүйл үйлдэж байх зөвхөн тэр тохиолдолд түүнийг хараат бус гэж хэлж болно. Өөрийн хувийн ашиг сонирхлын төлөө бус, үүргийн төлөө, ямар нэгэн ёс суртахуунлаг сайн зүйл хийж байх зөвхөн тэр тохиолдолд.

Сандел:
Хэн билээ?

Мат:
Мат.

Сандел:
Яагаад тэр үйлдлийг эрх чөлөөнөөс үүдэлтэй гэж хэлж чадна вэ?

Мат:
Ёс суртахууны дүрмийг хүлээн авахыг өөрөө сонгосон учраас тэр. Албадлагаар сонгосон биш.

Сандел:
Сайн байна. Үүргээс үүссэн үйлдлийн мөрдөж буй ёс суртахууны дүрэм нь...

Мат:
Өөрөө өөртөө оноосон зүйл.

Сандел:
Өөрөө өөртөө оноосон зүйл учраас, тэр нь үүрэг ба эрх чөлөөг зэрэг боломжтой болгож байна.

Мат:
Тийм.

Сандел:
Сайн байна. Яг зөв. Энэ бол Кантын хариулт. Баярлалаа.
Кант, би дүрмийн дагуу явж байгаа учраас надад эрхэм чанар бий гэж хэлээгүй. Харин ч эсрэгээрээ, тэр дүрмийн тухайд бол би өөрөө зохиогч нь юм. Тэгээд би тэр дүрэмд захирагдаж байгаа шалтгаан нь, би тэр дүрмийг хүлээн зөвшөөрсөн болохоор, Матын үгээр хэлбэл, өөрөө өөртөө тэр дүрмийг оноосон болохоор юм. Би тэр дүрмийг өөрөө хүссэн.
Энэ бол Кантын хувьд, үүргийн дагуу үйлдэх болон эрх чөлөөтэйгээр үйлдэх хоёр бол, хараат бус гэдэг утгаараа ижил болохын шалтгаан нь.

Эндээс дараагийн эргэлзээ гарч ирнэ. Ёс суртахууны дүрэм хэд бий вэ? Яагаад гэвэл хэрвээ эрхэм чанар нь, би өөрөө өөртөө оноосон дүрэмд захирагдах явдалд байдаг юм бол, миний цэвэр сэтгэл чиний цэвэр сэтгэлтэй ижилхэн байна гэсэн баталгааг хэн гаргаж өгөх юм бэ? Энэ талаар Кант юу гэж хариулсан бэ? Чи!

Кэлли:
Ёс суртахууны дүрэм бол субъектив нөхцөлөөс хамаарахгүй. Хувь хүмүүсийн хоорондын ялгааг бүгдийг нь даван гарах учир универсал дүрэм болдог учиртай. Тиймээс тэр нь хамгийн дээд дүрэм болох тул, ертөнцөд ганцхан дүрэм оршин байна.

Сандел:
Тийм. Яг зөв. Хэн билээ?

Кэлли:
Кэлли.

Сандел:
Кэлли! Кантын үзлээр бол, бид нар эрх чөрөөтэйгээр өөрийн цэвэр сэтгэлээсээ ёс суртахууны дүрэм сонговол, бид нар цор ганц нэг л дүрэмд хүрч очно гэдэг.

Кэлли:
Тийм.

Сандел:
Яагаад гэвэл, тэр бол би Майкл Сандел сонгож байгаа болохоор биш, Кэлли өөрөө сонгож байгаа ч юм биш. Тэгвэл яг нарийндаа юу гэсэн үг вэ? Сонголт хийж байгаа нь хэн бэ? Хэн нь эзэн бие, үйлийн эзэн нь вэ? Хэн сонголт хийдэг вэ?

Кэлли:
Оюун ухаан?

Сандел:
Тийм ээ, Оюун ухаан...

Кэлли:
Цэвэр оюун ухаан.

Сандел:
Цэвэр оюун ухаан. Цэвэр оюун ухаан гэж яг нарийндаа юу вэ?

Кэлли:
Цэвэр оюун ухаан гэдэг бол өмнө ярьж байсан, ямар ч гадаад нөхцөлийн нөлөөгүйгээр өөрөө өөртөө хэрэгжүүлдэг зүйл.

Сандел:
Тийм, яг зөв. Хүссэнээ хийдэг оюун ухаан. Өөрөөр хэлбэл, би ёс суртахууны дүрмийг хүсэх үед миний бодол санааг удирдах оюун ухаан бол, чиний ёс суртахууны дүрэм сонгох үед ажиллах тэр оюун ухаантай ижилхэн гэсэн үг.

Кэлли:
Тийм.

Сандел:
Тиймээс хараат бусаар үйлдэх, өөрөө сонголт хийх нь боломжтой бөгөөд, хүн нэг бүр хараат бус оршихуй байдлаар сонголт хийвэл, түүний үр дүнд бүх хүмүүс эцсийн эцэст ижил ёс суртахууны зарчим, нэг ёсондоо хөтөлбөргүй захирамжийг хүсэх болно.

Тэгтэл, хэрэв тийм гэвэл, нэг маш том асуудал цаана нь үлдэнэ. Мат болон Кэллигийн хэлсэн зүйлийг яг түүгээр нь зөв гэж хүлээн зөвшөөрсөн байлаа ч, хөтөлбөргүй захирамж хэрхэн яаж боломжтой байх вэ? Ёс суртахуун хэрхэн яаж боломжтой байх вэ?

Энэ асуултанд хариулахын тулд Кант “ангилах шаардлагатай” гэж хэлсэн байдаг.
Бид бүхэн өөрийн туршлага (experience)-аа ойлгож таньдаг хоёр байр суурийг ангилах шаардлагатай юм гэнэ. Тэр хоёр байр сууриар Кант юу илэрхийлэхийг хүссэнийг одоо тайлбарлая.
Туршлагынхаа объект (буюу бай) гэдэг утгаараа би “мэдрэмжийн ертөнц”-д харьяалагддаг. Тэнд бидний үйлдэл байгалийн хууль буюу шалтгаан ба үр дүнгийн хуулиар шийдэгдэнэ.
Гэвч, туршлагынхаа субъект (буюу эзэн бие) гэдэг утгаараа би оюун ухаанаар ойлгох боломжтой ертөнц буюу “оюуны ертөнц”-д харьяалагдаж байдаг. Энд надад байгалийн хуулинд захирагдахгүй хараат бус чадвар бий. Өөрөөр хэлбэл би өөрөө өөртөө оноосон дүрэмд захирагдан үйлдэж чадна.

Кантынхаар бол, зөвхөн энэхүү хоёр дахь байр суурьнаас л би өөрийгөө эрх чөлөөтэй гэж үзэж чадна. Яагаад гэвэл, шалтгааны нөлөөгөөр шийдвэр гаргах эрхшээлд орохгүй гэдэг бол, эрх чөлөөтэй байна гэсэн үг болохоор тэр.
Хэрвээ би утилитаристуудын боддог шиг прагматик оршихуй байсан тохиолдолд, хэрвээ би зовлон шаналал болон баяр баясгалан, өлсөх цангах ч юм уу хоолны дур хүсэл гэх мэт өөрийн мэдрэмжиндээ л захирагддаг оршихуй байсан тохиолдолд, хэрвээ хүн гэдэг бүхлээрээ ерөөсөө л тийм юм гэвэл, бидэнд эрх чөлөөний чадвар байхгүй гэж Кант онолдсон.

Яагаад гэвэл энэ тохиолдолд бодол санааны хэрэгжил бүгдээрээ ямар нэгэн бай руу чиглэсэн хүсэл тачааллаар нөхцөлдөж байгаа болохоор тэр. Энэ тохиолдолд, бүхий л сонголт нь хараат шинжтэй сонголт болж, гадны зорилгыг гүйцэлдүүлэх явдалд захирагдаж байна.
“Бид бүхэн өөрсдийгөө эрх чөлөөтэй гэж харах үедээ оюуны ертөнцийн нэг гишүүн болж, бодол санааныхаа хараат бус байдлыг анзаардаг” гэж Кант өгүүлсэн байдаг.



Энэ бол хоёр байр суурийн тухай санаа. Тэгвэл хэрхэн яаж хөтөлбөргүй захирамж боломжтой болох вэ? Түүний шалтгаан нь, ердөө л эрх чөлөө гэх бодол намайг оюуны ертөнцийн гишүүн болгож өгдөг болохоор тэр. Кант ч хүлээн зөвшөөрсөнчлөн, бид нар зөвхөн оюун ухаант оршихуй төдий биш. Бид нар зөвхөн оюуны ертөнц, өөрөөр хэлбэл зөвхөн эрх чөлөөний мужид амьдардаг учиртай биш. Хэрвээ тийм байсан бол бидний үйл хөдлөл бүхлээрээ гарцаагүй ямагт бодол санааны хараат бус байдалтай тохирох байсан биз.

Гэвч нэгэн зэрэг хоёр мужид, нэг ёсондоо эрх чөлөөний муж болон шаардлагын муж гэх хоёр мужид амьдардаг учраас, хэзээд хоёр мужид зэрэг амьдардаг учраас л бидний хийдэг зүйлс хийгээд хийх ёстой зүйлсийн хооронд байнга далд ялгаа оршиж байдаг. “Ийм ийм байна” болон “ийм ийм байх ёстой” гэсэн ангал үүсдэг. Энэ санааг өөр аргаар тайлбарлая. Кант энэ тайлбараар “Моралийн метафизик суурь” номоо дуусгасан ба, тэр нь “Ёс суртахуун бол эмпирик (туршлага) биш” гэсэн тайлбар байдаг. Энэ ертөнцөд юу ч хардаг бай, шинжлэх ухаанаар дамжуулаад юуг ч олж нээдэг бай, ёс суртахууны асуудлыг шийдэж чадахгүй. Ёс суртахуун бол эмпирик шинж бүхий энэ ертөнцөөс ямагт зай барин оршиж байдаг. Энэ бол шинжлэх ухаан ёс суртахууны үнэнийг мөрдөн гаргаж чадахгүйн шалтгаан юм.

Тэгвэл Кантын ёс суртахууны онолыг Кант өөрөө гаргаж тавьсан хамгийн хэцүү нөхцөл дор бодож үзье.
“Алуурчин ирвэл яах вэ?” Кант “Худал хэлж болохгүй” гэж хэлнэ. Тэр шалтгааны тухай түрүүнээс хойш ярьсан шүү дээ. Худлаа хэлэх бол хөтөлбөргүй захирамжинд нийцэхгүй учраас тэр.
Францын филсофич Бенжамин Констант “Моралийн метафизик суурь” номын талаар шүүмж бичиж, “Худлаа хэлэхийг бүрэн хориглох нь буруу. Тэгэх нь зөв байх учир үгүй.” гэж өгүүлсэн байдаг. Хэрвээ алуурчин танайд нуугдаж байсан найзыг чинь хайсаар танай гэрийн үүдэнд ирсэн байвал яах вэ? Философич Констанд “Тийм тохиолдолд ч бас үнэнийг хэлэх нь ёс суртахууны хувьд зөв гэх нь байж боломгүй.” гэжээ. Константынхаар бол, алуурчинд үнэнийг сонсох үнэ цэнэ байхгүй юм гэнэ.

Үүний эсрэг Кант юу гэсэн бэ?
Кант худлаа хэлэх нь буруу гэх дүрмээсээ булзаагүй. Хэдий гэрт чинь ирсэн алуурчны өөдөөс ч байсан хамаагүй. Тэгээд “Тэр нь буруу болохын шалтгаан нь, үр дүнг харгалзаад эхлэх юм бол, хөтөлбөргүй захирамжинд онцгой тохиолдол нэмж өгөхгүй бол болохгүйд хүрч, тэр нь ёс суртахууны хүрээг бүхэлд нь нурааж орхих аюултай” гэж өгүүлсэн. Тэгэх юм бол үр дүнд суурилагч юм уу, эсвэл утилитарист болж хувирна.

Гэвч та нарын олонх нь, Кантыг уншсан хүмүүсийн олонх нь, энэ хариултанд санал нийлэхгүй байгаа болов уу гэж бодож байна. Энэ асуудал дээр би Кантыг өмгөөлөх гээд үзье. Тэгээд та бүхэн миний өмгөөллийг сонсоод хүлээн зөвшөөрөх эсэхийг харъя. Би Кантын өмгөөллийг Кантын өөрийнх нь ёс суртахууны тайлбарын үзэл санааны хүрээн дотор хийх гээд оролдъё.

Тэгэхээр, алуурчин чиний гэрийн үүдэнд ирээд “Найз чинь байгаа юу?” гэж асууж. Чи найзыгаа нуусан байгаа. Худлаа хэлэлгүйгээр, бас найзыгаа барьж өгөлгүйгээр аргалах арга бий юу? Хэн нэгэнд гоё санаа байхгүй биз? Чи!

Эмэгтэй оюутан 1:
Би байсан бол, нууж байгаа найзтайгаа урьдчилж тохиролцоод “Хэрвээ алуурчин ирвэл чамайг би энд байгаа гээд хэлчинэ, гэхдээ чи зугтаарай за” гээд хэлчинэ (Сандел болон бүгд хахаха). Гэхдээ л байж болох л хувилбар биз дээ?

Сандел:
Кант тийм хувилбарыг сонгох болов уу даа? Наадах чинь ч бас худал хэлсэн болно.

Эмэгтэй оюутан:
Үгүй, найз маань гэрт байгаа нь үнэн. Хэлсний дараа л зугтана (Бүгд хахаха).

Сандел:
Аан тэгнэ гэж үү? (хахаха) Сайн байна. Ахиад нэг хүнийг сонсъё.

Жон:
“Найз маань хаана байгааг мэдэхгүй” гэвэл ямар вэ? Найз маань шүүгээнээс гараад явчихсан ч юм билүү, хаана байгааг нь би мэдэхгүй (Бүгд хахаха).

Сандел:
Тиймээс “мэдэхгүй” гэж хэлж болно. Чи яг тэр агшинд шүүгээ рүү өнгийж үзээгүй юм чинь, тэр нь худал хэлсэн болохгүй.

Жон:
Тийм (Бүгд хахаха).

Сандел:
Тиймээс яг нарийн хэлбэл худлаа биш бодит үнэн.

Жон:
Тийм.

Сандел:
Гэхдээ наадах чинь хүнийг төөрөлдүүлсэн, буруу ойлгуулж мэдэхээр хэллэг биш үү?

Жон:
Гэхдээ л үнэн (Сандел болон бүгд хахаха).

Сандел:
Хэн билээ?

Жон:
Жон.

Сандел:
Жон. Сайн байна.

Жон гоё зүйл олж анзаарсан бололтой. Чи ухаалгаар бултах гэсэн сонголтыг бидэнд дэвшүүллээ. Тэр бол яг нарийн хэлэх юм бол худал биш үнэн.
Үүн дээр нэгэн эргэлзээ гарч ирнэ. Улаан цайм худал хэлэх болон, төөрөгдүүлж мэдэх хэлбэрээр үнэнийг өчих хоёрын хооронд ёс суртахууны ялгаа бий эсэх талаарх эргэлзээ. Кантын үзлээр бол, худал болон төөрөгдүүлж мэдэх хэлбэрийн үнэн хоёрын хооронд маш том ялгаа бий.

Яагаад вэ? Аль аль нь адилхан үр дүнд хүрч ч болохоор байхад, яагаад юм бол? Үүн дээр та нарыг санахыг хүсч байгаа нь, Кантын ёс суртахуун бол үр дүн дээр суурилагддаггүй. Кант ёс суртахууныг, ёс суртахууны дүрмийн сахин мөрдөлт дээр суурилуулсан.

Бид бүхэн өдөр тутмын амьдралдаа “Худлаа хэлж болохгүй” гэсэн дүрэм дотроо “Гэхдээ цагаан худал хэлэхэд гэмгүй” гэсэн онцгой тохиолдол оруулах явдал байдаг. Жишээ нь, хүний сэтгэлийг сэвтээхгүйн тулд хэлсэн худал бол худал хэдий ч гэлээ үр дүнгээр нь зөвтгөж болно гэж бид нар бодоцгоодог.
Кант цагаан худлыг дэмжихгүй боловч, “төөрөгдүүлж мэдэхээр үнэн”-ийг бол дэмжиж магадгүй. Жишээ нь хэн нэгнээс зангиа бэлгэнд авсан гэж бодъё. Хайрцгийг онгойлгож үзтэл аймшигтай юм байна. Заа юу гэх вэ?

Эрэгтэй оюутан 1:
Баярлалаа.

Сандел:
Баярлалаа? Баярлалаа гэж болно л доо. Гэхдээ бэлэг өгсөн хүн чамайг зангиаг хараад юу гэж санагдсаныг чинь мэдэхийг хүсч байж болно, асууж ч магадгүй. Чи цагаан худал юм чинь гээд “Ямар гоё зангиа вэ” гэж хэлж болох ч, Кантын үзлээр бол тэгэхийг зөвшөөрөхгүй. Тиймээс төөрөгдүүлж мэдэхээр үнэнийг хэлэх гээд үзнэ. Хайрцгийг онгойлгоод “Пөөх, ийм зангиа хэзээ ч харж байгаагүй юм байна!” (Бүгд хахаха). “Баярлалаа”.

Эрэгтэй оюутан 2:
Яах нь вэ дээ, бэлэг өгч.

Сандел:
Яах нь вэ дээ, бэлэг өгч (Бүгд хахаха). Наадах чинь гоё шүү (хахаха).

Өнөөгийн улс төрийн удирдагч дотор энэ техникийг хэрэглэсэн хүнийг тааж чадах уу? (Бүгд хахаха). Таах хүн байна уу? Хэн бол?
АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтон Моника Луйвинскитэй холбогдсон хэргээ үгүйсгэх гэж маш болгоомжтойгоор сонгож хэлсэн үгийг санаж байгаа болов уу? Тэр үгүйсгэл шүүхийн сонсгол дээр бөөн мэтгэлцээний бай болж байсан. Клинтон ерөнхийлөгчийн хэлсэн үгийг сонсоцгооё. Худал болон болгоомжтойгоор илэрхийлсэн төөрөлдүүлэм үнэн хоёрын хооронд ёс суртахуунлаг чухал ямар нэгэн ялгаа байна уу? (Бичлэг үзүүлэв).



Клинтон:
-       Ард түмэндээ хандаж хэлье. Та бүхнийг намайг сонсоосой гэж хүсч байна. Луйвинскитэй сексийн харилцаанд орсон зүйл байхгүй. Хэнд ч нэг ч удаа худал хэл гэж тулгасан явдал байхгүй. Намайг сэжиглэх нь буруу.



Доод танхимын гишүүн:
-       Ерөнхийлөгч “Тэр эмэгтэйтэй секс хийж үзээгүй” гэж худлаа хэлсэн биз дээ?
Өмгөөлөгч:
-       Ерөнхийлөгч өөрийгөө худлаа хэлсэн гэж бодохгүй байгаа. Тэр ард түмэнд хандаж “Сексийн харилцаанд ороогүй” гэж хэлсэн. Та энэ хариултыг хүлээн зөвшөөрөхгүй, бултаж байна гэж бодож байгааг чинь ойлгож байна. Гэхдээ ерөнхийлөгчийн тодорхойлолтоор бол...
Доод танхимын гишүүн:
-       Заа за, юу хэлэх гэснийг чинь ойлголоо.

(Бүгд хахаха, алга ташив)

Сандел:
Хоёр талын юу хэлснийг сонссон биз? Тухайн үед та нар энэ яриаг Клинтоныг яллах гэсэн Бүгд найрамдах нам болон түүнийг өмгөөлөхийг зорьж буй өмгөөлөгч хоёрын хоорон дахь хоосон дүрэм ярьсан хэнд ч хэрэггүй савангийн дуурь гэж бодсон ч байж магадгүй.

Харин өнөөдөр Кантын үзэлтэй харьцуулан харж, худал хэлэх болон бултах, өөрөөр хэлбэл үнэн боловч төөрөгдөл төрүүлэхээр өчил хоёрын хооронд ёс суртахууны чухал зүйл байна гэж бодож байна уу?
Ялгаа байна гэж бодож байгаа хүмүүс буюу Кантыг өмгөөлөх хүмүүсийн саналыг эхэлж сонсъё. Сайн байна, Чиний өмгөөллийг сонсъё.

Даяана:
Худал болон төөрөгдөл дагуулсан үнэн хоёр ижилхэн гэж хэлэх тохиолдолд, тэр нь үр дүнд суурилах үзэл дээр тулгуурласан яриа болно. Аль аль нь адилхан зорилгыг биелүүлэх учраас.
Гэвч үнэнийг өгүүлж, түүнийгээ бусдад итгүүлэхийг оролдох болон, худлаа хэлж, түүнийгээ бусдад итгүүлэхийг оролдох хоёр нь ёс суртахууны хувьд ижил биш гэж бодож байна.

Сандел:
Сайн байна. Хэн билээ?

Даяана:
Даяана.

Сандел:
Даяанагийн саналаар бол Кантад үндэслэл байгаа л юм байна. Ерөнхийлөгч Билл Клинтоныг өмгөөлсөн болчих гээд байгаа ч, тэр талаар юу гэж бодож байна? Чи!

Визли:
Кантын хувьд гол түлхүүр нь сэдэл. Өөрийн сэтгэл ханамжийн төлөө хэн нэгэнд өглөг өгвөл, түүнийг ёс суртахуунлаг үнэ цэнэгүй гэж Кант хэлэх байх. Тийм бол төөрөгдөл дагуулсан хэллэг нь худал хэлэхтэй адилаар, хүнийг мэхлэхийг зорьж буй учир сэдэл нь адилхан. Өөрөөр хэлбэл энэ хоёрт ялгаа байхгүй.

Сандел:
Сайн байна. Тэгвэл Даяанагаас асууя. Энэ хоёрын сэдэл нь адилхан болов уу? Сэдэл нь ижилхэн гэсэн санаанд ямар няцаалт өгөх вэ? Аль аль нь үнэнийг асуусан хүнийг төөрөлдүүлье, төөрөлдөөсэй гэж бодож байгаа учиртай ч...

Даяана:
Шууд сэдэл нь “Надад итгэх ёстой” маягийн зүйл гэж бодож байна. Үр дүнд нь бүгд мэхлэгдэж бодит фактыг буруугаар ойлгож магадгүй боловч, хэлж байгаа талын сэдэл бол “Би үнэнийг хэлж байгаа тул надад та нар итгэх ёстой” гэсэн юм байгаа гэж бодож байна.

Сандел:
Бага зэрэг туслах үү?

Даяана:
Дуртайяа.

Сандел:
Кант та хоёрт? (Даяана инээв)

Өршөөгээрэй, нэр хэн билээ?

Визли:
Визли.

Сандел:
Визлид ийм няцаалт хэлбэл ямар вэ? Худал хэлэх тохиолдол болон төөрөгдөл дагуулсан үнэнийг хэлэх тохиолдол, энэ хоёр хоёулаа хүнийг мэхлэх гэсэн сэдэлтэй гэж шууд хэлэх боломжгүй. “Найз хаана байгааг мэдэхгүй” ч юм уу “Огт сексийн харилцаатай байгаагүй” гэж хэлснээр, хэлж буй тал нь сонсогч талыг төөрөлдөхийг найдаж байгаа. Сонсогч талыг төөрөлдөхийг найдаж байгаа боловч, гэхдээ бас үнэнийг хэлж байгаа нь маргашгүй бөгөөд, тэр сэдэл нь мэхлэх явдал байлаа ч гэсэн, үнэнийг өчиж, ёс суртахууны дүрмийг хүндэтгэж, хөтөлбөргүй захирамжийн хүрээн дотор байгаа нь ч бас үнэн факт. Кантын хариулт нэг иймэрхүү байх болов уу гэж бодож байна. Даяана, юу гэж бодож байна?

Даяана:
Тийм ээ.

Сандел:
Дэмжиж байна уу?

Даяана:
Тийм.

Сандел:
Сайн байна.
Кант байсан бол лавтайяа “Төөрөгдөл дагуулсан үнэн бол худлаас ялгаатайгаар, үүрэгт хандсан нэгэн төрлийн хүндлэлийг тээж байна” гэж хэлэх байсан болов уу, гэж би бодож байна. Үүрэгт хандаж хүндэтгэл үзүүлэх нь, булталтыг ч зөвтгөж чадна.

Даяана, санал нэг байна уу? Сайн байна. Болгоомжтойгоор сонгож илэрхийлсэн булталт дотор ёс суртахууны дүрэмд хандсан хүндэтгэл агуулагдаж байна.
Ерөнхийлөгч Клинтон улаан цайм худлаа хэлж болох л байсан, гэвч тэгээгүй. Тиймээс Кант шууд ингэж хэлэх байсан байх. “Болгоомжтойгоор сонгож илэрхийлсэн булталтанд ёс суртахууны дүрмийг хүндэтгэсэн нэгэн төрлийн хүндлэл байна. Тэгээд тэр хүндлэл бол улаан цайм худал дотор байхгүй зүйл юм.

Визли!, тэр ч бас сэдлийн нэг хэсэг нь. Нээрээ л би алуурчинг төөрөлдөхийг хүсч байгаа. Алуурчин болиод өөр тийшээ яваад өгөөсэй гэж хүсч, шүүгээ рүү өнгийгөөд үзээсэй гэж хүсээгүй. Би тийм үр дүн хүсч байгаа ч, гэхдээ тэр хүртэл нь удирдаж бол чадахгүй. Би үр дүнг удирдаж чадахгүй. Миний чадах зүйл бол, өөрийнхөө хүссэн үр дүн гарахын төлөө чадлаараа хичээх явдал боловч, тэр нь ёс суртахууны дүрэмд хандах хүндэтгэлтэй хосолсон арга барилаар учирлаж үзэхээр хязгаарлагдана.

Визли үүнийг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй ч байж болох ч, ямартай ч энэ удаагийн лекцээр Кантын хөтөлбөргүй захирамжийн ухагдахуунд юу ёс суртахууны хувьд асуудал дагуулдаг болохыг тодорхой болгож чадлаа гэж бодож байна (Бүгд алга ташив).

Тайлбар:

Энэ удаад Кантын философийн тухай ярьж дууслаа.
Юуны өмнө нэгдүгээрт, Кант мэдрэмжийн ертөнц болон оюун бодлын ертөнц хоёрыг ангилж тунгаасан. Тэгээд мэдрэмжийн ертөнц нь жаахан л юм болбол сэтгэлийн хөдөлгөөн болон хүсэл тачаалд амархан дийллдэг бол, оюун бодлын ертөнцөд өөрөө тунгааж, өөрөө шийдэж, өөрийгөө журамлаж чадна.

Тэгээд тэндээс хараат бус байх боломж үүснэ. Хараат бус гэдэг бол орчин үеийн ойлголт учир, Кант ийм хэлбэрээр энэхүү орчин үеийн ойлголтыг тайлбарласан учиртай.

Хоёрт, үүргийн онолыг үүргийн онол болгож буй цөм санааг нь тайлбарлалаа. Маш ойлгомжтой жишээ болгож “Алуурчин гэрт чинь ирвэл яах вэ?” болон ерөнхийлөгч асан Билл Клинтоны хэргийг гаргаж ярилаа. Ерөнхийлөгч Клинтон тийм үг хэлж бултсан нь худлаа хэлж байгаагаас өөрцгүй гэж санагдаж магадгүй ч, үнэндээ энэ хоёрт маш тодорхой ялгаа бий бөгөөд, худал биш булталтын ард ёс суртахууны дүрэмд хандсан хүндлэл байна гэж хэлж болно оо, гэж профессор Сандел өгүүлсэн.


Бид бүхэн өдөр тутамдаа жаахан л юм болоход ёс суртахууны дүрмийн ач холбогдлыг мартчих гээд байдаг талтай ч, эдгээр жишээг харахад түүний ямар чухал болохыг дахин бидэнд ойлгуулж буй мэт санагдана. Энэ удаа хоёр анхаарал татам жишээ гаргаж Кантын ёс суртахууны онолыг тайлан ойлгуулсан боловч, эндээс “Энэ тэгээд улс төрийн философитой хэрхэн холбогдох вэ?” гэсэн асуудал шинээр босч ирнэ. Энэ талаар дараагийн лекц дээр ярьгдах Жон Ролзын шударга ёсны онолтой холбогдоод явах учиртай билээ.



No comments:

Post a Comment