2018/05/04

Шударга ёсны лекц 6-2: Ёс суртахууны хамгийн дээд зарчим

Өмнөх - Өөрийн сэдлээ анзаар

Сандел:
Энэ удаа ч бас Кантыг ярилцах бөгөөд, үүгээр та бүхэн үндсэндээ Кантыг ойлгож, түүний юу хийхээр зорьсныг мэддэг болох болно.
(Мушилзан инээснээ) инээгээд байна уу? Гэхдээ нээрээ шүү.

 Кант өөрийн бүтээл “Моралын метафизик суурь” дотроо хоёр том асуудлын тухай хөндсөн. Нэг дэхь нь ёс суртахууны хамгийн дээд зарчим юу вэ? Хоёр дахь нь хэрхэн яаж эрх чөлөөтэй болж чадах вэ? Энэ хоёр асуудал.

За тэгэхээр, Кантын гүн гүнзгий агуулгатай философийн номыг ойлгох нэг арга бол, харилцан хамаарал бүхий хоёр утгыг хооронд нь харьцуулж болон зэрэгцүүлж, эсвэл тэрхүү хоёр туйлт ухагдахууныг эмхэлж цэгцлэнгээ унших явдал. Энэ удаад тэдгээрийн тухай ярилцъя.

Үүнээс цааш Кантын дэвшүүлсэн “Ёс суртахууны хамгийн дээд зарчим юу вэ?” гэсэн асуултанд хариулаад явна. Энэ асуултанд хандаж Кантын хэлсэн хариултанд хүрч очихын тулд, Кантын бодож олсон 3 харьцуулалт буюу 2 туйлт ухагдахууныг цээжлээд орхих нь нэмэртэй болов уу.

Нэг дэхь харьцуулалт бол, бидний үйлдлийн сэдэл, өөрөөр хэлбэл юунд суурилж үйлдэж байна вэ гэдэгтэй холбоотой. Кант, үйлдлийг ёс суртахуунлаг болгодог сэдэл бол цор ганц бөгөөд, тэр нь үүрэг гэж хэлсэн. Энэ нь зөв зүйлийг зөв шалтгаанаар үйлдэх гэсэн үг.
Тэгвэл үүнээс өөр ямар сэдэл байдаг вэ? Кант тэдгээрийг хандлагаар нь багцалж ангилсан байна. Бидний сэдэл өөрийн хүсэл шунал болон дур сонирхлыг хангах эсвэл ямар нэгэн ашиг сонирхолтой хөөцөлдөж байгаа тохиолдолд, бид хандлагат шинждээ захирагдан үйлдэж байгаа явдал болно.
Тэгэхээр, үүн дээр та нарын саналыг сонсмоор байна. Үүрэг болон сайхан сэтгэлийн талаарх асуудалд, Кантын хэлсэн санаанд ямар нэгэн асуулттай хүн байна уу? Эсвэл бүгд Кантын санааг ойлгон зөвшөөрч байна уу? Чи!

Эрэгтэй оюутан:
Үнэхээр ёс суртахуунлаг үйлдэл гэж байдаг юм болов уу? Дандаа л ямар нэгэн өөрийн дур зоргын сэдлээр л үйлддэг юм шиг санагдах юм.

Сандел:
Хүмүүс ихэнх тохиолдолд өөрийн эрх ашгийн төлөө үйлддэг байх. Кант ч бас үүнийг хүлээн зөвшөөрсөн. Гэвч Кантын хэлж буй нь, бид нар ёс суртахуунлагаар үйлдэх тохиолдолд, өөрөөр хэлбэл бидний үйлдэлд ёс суртахуунлаг үнэ цэнэ байх тохиолдолд тэр үнэ цэнийг оноодог зүйл бол, хувийн эрх ашиг болон хандлагат шинжийг даван гарсан, үүрэгт тулгуурлан үйлдэж чаддаг бид бүхний чадвар юм, гэж байгаа юм.

Хэдэн жилийн өмнө би, үгийг зөв үсэглэх тэмцээн Спеллин контест (Spelling contest)-ийн тухай нэгэн нийтлэл уншсан юм. Тэнд түрүүлсэн Андрю гэдэг 13 настай жаалхүүгийн тухай бичсэн байсан. Түүний аваргын төлөө хариулсан үг нь “echolalia” (эколалиа) байж. Echolalia гэж мэдэх хүн байна уу?

Эрэгтэй оюутан:
Цэцэг?

Сандел:
Юу?

Эрэгтэй оюутан:
Цэцэгний нэр үү?

Сандел:
Биш ээ, цэцэгний төрөл биш (Бүгд хахаха). Энэ бол цуурай шиг хэлсэн зүйлийг давтаж хэлэх зуршлыг хэлдэг. Ямар ч байсан жаалхүү энэ үгийг үсэглэхдээ алдсан байна. Гэвч шүүгч буруу сонссоноос болж тэрээр үсэглэх тэмцээний улсын аварга болж орхиж. Гэтэл хүү сүүлд нь шүүгч дээр явж очоод “Би үнэндээ үсэглэхдээ алдчихсан болохоор аварга болох гавьяагүй” гэж хэлжээ. Хүү ёс суртахууны баатар болж “Нью-Йорк таймс” сонинд хүртэл гарав. “Үсэглэхдээ алдсан үсэглэлийн тэмцээний баатар!” (Бүгд хахаха).  (Материал үзүүлээд) Энэ бол Андрю ба хүүгээрээ бахархах ээжийнх нь зураг (Бүгд хахаха).



Гэвч чухал нь эндээс эхэлнэ. Андрю хожим нь сэтгүүлчид хариулахдаа, өөрийнхөө үнэнээ хэлэх болсон сэдлээ ингэж тайлбарласан байна: “Шүүгчид намайг маш үнэнч шударга гэж хэлсэн боловч, би өөрийгөө хөгийн амьтан гэж бодмооргүй байсан болохоор л тэгсэн юм.”
Заа Кант байсан бол үүнийг юу гэх байсан бол? За хариулаарай.

Васко:
Тэр нь түүний буруу үсэглэснээ илчлэхээр шийдсэн гол сэдэл нь байсан  уу, эсвэл олон сэдлүүдийн ердөө ганц нь байсан уу гэдгээс хамаарна гэж бодож байна.

Сандел:
Нэр хэн бэ?

Васко:
Васко.

Сандел:
Сонирхолтой санал байна. Хэн нэгэн энэ талаар өөр саналтай хүн байна уу? Кантын дүрэм хэтэрхий нарийн, шаардлага дэндүү чанга байна уу? Кант энэ тухай юу гэх байсан бол? Чи!

Жудис:
Кант, үйлдэлд ёс суртахуунлаг үнэ цэнэ оноодог нь цэвэр үүргээс төрсөн сэдэл гэж хэлэх байсан болов уу. Энэ тохиолдолд, жаалхүү олон сэдэлтэй байсан ч байж болно. Өөрийгөө хөгийн амьтан гэж бодмооргүй байсан гэсэн сэдлээс гадна, үүргээс төрсөн зөв зүйлийг хийх ёстой гэсэн сэдэл ч байсан юм билүү. Үүргийн сэдлээс гадна өөр сэдэл давхар агуулсан гэдэг шалтгаан төдийгөөр түүний үйлдлээс ёс суртахуунлаг үнэ цэнэ харагдахаа болино гэж бодохгүй байна. Яагаад гэвэл үүрэгтэй холбоотой сэдэл үйлдэлд ёс суртахуунлаг үнэ цэнэ оноодог.

Сандел:
Нэр хэн бэ?

Жудис:
Жудис.

Сандел:
Жудис! Чиний тайлбар Кантад үнэнч байна гэж бодож байна. Ёс суртахуунаас өөр сонирхол болон сэтгэл хөдлөл тээх нь, үйлдлийг дэмжиж байгаа ч, үйлдлийн гол сэдэл нь биш л бол асуудалгүй. Жудис энэхүү сэдлийн талаарх асуудал дээр маш оновчтойгоор Кантыг өмгөөлж өглөө. Баярлалаа.

За тэгвэл одоо 3 харьцуулалтын талаарх яриандаа буцаж оръё. Аливаа үйлдэл ёс суртахуунлаг үнэ цэнэтэй байхын тулд хандлагат шинжээр үйлдэгдэх бус үүргийн төлөө үйлдэгдэх ёстой, хэмээх Кантын санааг сайтар ойлгож авлаа. Гэвч өмнөх лекцээр хөндөөд өнгөрсөнчлөн, Кантын чанд хатуу ёс суртахууны ухагдахуун болон, бүр ч хатуу эрх чөлөөний ойлголт хоёрыг хооронд нь холбох холбоос бий.
Тэгээд тэр нь хоёр дахь харьцуулалт, цаашлаад ёс суртахуун хийгээд эрх чөлөө хоёрын холбоос руу орно. 2 дахь харьцуулалт бол, хараат бус болон хараат хэмээх, хүний бодол санааг удирдаж болох 2 ялгаатай аргыг илэрхийлж байгаа юм.

Кант, хүн эрх чөлөөтэй байх нь хараат бусаар бодол санаагаа удирдаж буй зөвхөн тэр үед гэж хэлнэ. Өөрөөр хэлбэл, өөрөө өөртөө оноосон дүрэмд захирагдаж байх зөвхөн тэр үед гэсэн үг. Бидэнд хараат бус гэдэг утгаар эрх чөлөөтэй байх чадвар байдаг юм бол, бид тулган хүлээгдсэн дүрэмд бус өөртөө оноосон дүрэмд захирагдан үйлдэж чаддаг байх учиртай.

Гэтэл, бид бүхний өөртөө оноох дүрэм хаанаас ирдэг юм бол? Тэр бол оюун ухаан (reason) юм. Оюун ухаан хүний бодол санааг удирдаж байвал, тэр бодол санаа нь байгалийн ноёрхол болон хандлагат шинж, эсвэл нөхцөл байдлаас хамааралгүйгээр шийдвэр гаргах чадвар болно. Тиймээс Кантын хатуу чанга ёс суртахуун болон эрх чөлөөний ухагдахуунтай холбоотой нь, бүр ч хатуу оюун ухааны ухагдахуун юм.

Тэгвэл оюун ухаан хэрхэн яаж бодол санааг удирдаж чаддаг вэ? Хоёр арга бий бөгөөд, тэр нь 3 дахь харьцуулалттай холбогдоно. Кант, оюун ухаан 2 төрлийн тушаал буулгадаг гэжээ. Тэгээд оюун ухаанаас буулгах тушаалыг Кант захирамж (imperative) гэж нэрлэсэн байна. Захирамж гэдэг бол хийхгүй бол болохгүй зүйл гэсэн үг.
Захирамжийн нэг нь магад хамгийн танил дотно эд бөгөөд, түүнийг нөхцөлт захирамж (hypothetical imperative) гэнэ. Нөхцөлт захирамжийг хэрэглэдэг нь багаж хэрэгсэл маягийн оюун ухаан. Х-ыг хүсч байвал Ү-г хий. Энэ бол зорилгын төлөө аргаа сонгох оюун ухаан. Мухлагийнхаа үнэлэмжийг сайжруулмаар байвал цуу яриа дэгдэж магадгүй учраас үйлчлүүлэгчийн хариултыг битгий хулхид. Энэ бол нөхцөлт захирамж.

“Хэрвээ үйлдэл нь ердөө л аливаа нэг зорилгын төлөөх арга хэрэгсэл гэдэг талаасаа л сайн бол, түүний захирамж нь нөхцөлт захирамж байна. Хэрэв үйлдэл нь өөрөө байгаагаараа сайн гэгдэж, тиймийн учир тэр нь оюун ухаантай нийцэж байхаар бодол санааг удирдахад шаардлагатай бол, түүний захирамж нь хөтөлбөргүй захирамж байна.”



Энэ бол нөхцөлт захирамж болон хөтөлбөргүй захирамж хоёрын ялгаа нь. Хөтөлбөргүй захирамж гэдэг нь хөтөлбөргүй, нэг ёсондоо түүнээс илүү зорилго гаргаж тавилгүйгээр, түүнээс илүү зорилгоос хамааралгүйгээр тушаана гэсэн утгатай.



Эдгээр 3 харьцуулалт дундаас хоорондын холбоос нь ойлгогдож ирж байгаа болов уу. Хараат бус гэдэг утгаар эрх чөлөөтэй байхын тулд, нөхцөлт захирамжаар үйлдэх бус, хөтөлбөргүй захирамжаар үйлдэх шаардлагатай. Кант дээрх 3 харьцуулалтыг ашиглан, биднийг өөрийнхөө бодож олсон хөтөлбөргүй захирамж хүртэл хөтөлж авчирлаа.

Гэвч, энд нэгэн том асуудал үлдэж байна. Хөтөлбөргүй захирамж гэж юу вэ? Ёс суртахууны хамгийн дээд зарчим нь юу вэ? Тэндээс бидэнд ямар тушаал буулгана вэ? Кант хөтөлбөргүй захирамжийн тухай 3 томьёо гаргаж тавьсан байдаг. Тэдгээрийн 2-ынх нь талаар та бүгдийн саналыг сонсъё гэж бодож байна. Нэг дэхь томьёог тэрээр Универсал хуулийн томьёо гэж нэрлэсэн.
“Универсал хууль болгож болохуйц гэж бодсон тийм хувийн зарчимд л тулгуурлаж үйлд.”



Хувийн зарчим (maxim) гэж юу вэ? Энэ бол хувь хүний өөрийнхөө үйлдлийг захирдаг журам, зарчмыг хэлж буй юм.
Жишээ нь, амалсандаа хүрэх явдал. Надад 100 доллар шаардлагатай болжээ гэе. Яадаг ч бай. Гэвч, шууд буцааж өгч чадахгүй. Чам дээр явж очоод, амалсандаа хүрч чадахгүйгээ мэдсээр байж худлаа амлалт өгнө.
“100 доллар зээлдүүлээч! Дараа 7 хоногт буцаагаад өгье.”
Энэ амлалт хөтөлбөргүй захирамжинд нийцэх үү? Кант үгүй гэж хэлнэ. Худлаа амлалтыг хөтөлбөргүй захирамжаас ялгаатай болохыг шалгах арга бол, түүнийг универсал хууль болгож үзэх явдал. Тэр үйлдлийнх нь хувийн зарчмыг универсал хууль болгож үзэх.
Мөнгө хэрэгтэй хүмүүс бүгд худлаа амлалт өгөөд байвал, хэн ч тийм амлалтанд итгэхгүй болно. Амлалт гээч юм үүргээ гүйцэтгэхээ байж, зөрчил үүснэ. Универсал хууль болсон хувийн зарчим нь өөрөө өөрийгөө боомилж нураана. Энэ тестээр худлаа амлалтыг буруу болохыг нь таньж болно.

Универсал хуулийн томьёог юу гэж бодож байна даа? Ямар нэгэн үнэмшил төрөв үү? Та нарын саналыг сонсмоор байна. Чи!

Тим:
Хөтөлбөргүй захирамж болон нөхцөлт захирамжийн ялгааны талаар асуух гэсэн юм.

Сандел:
Хөтөлбөргүй захирамж, нөхцөлт захирамж уу?

Тим:
Тийм ээ. Хэрвээ хувийн зарчим нь өөрийгөө боомилон нураахгүй байхаар, хөтөлбөргүй захирамжийн дагуу үйлдэнэ гэвэл, “Би Ү-г хүсч байгаа учраас Х-г хийнэ.” гэж байгаа аятай юм болно. Жишээ нь “Би амлалт хэрэгждэг нийгэмд амьдрахыг хүсч байгаа учраас, худлаа хэлэхгүй.” гэдэг ч юм уу.

Сандел:
Амлалтын талаарх нийгмийн дадлыг эвдэхгүйн тулд гэсэн үг мөн үү?

Тим:
Тийм. Тэр бол зорилгоосоо хамаарч аргаа зөвтгөж байгаа аятай болоод байна.

Сандел:
Үр дагаварт суурилах үзэл маягийн онол шиг болж байна, гэх гээд байна уу?

Тим:
Тийм.

Сандел:
Нэр хэн билээ?

Тим:
Тим.

Сандел:
Тим! Жон Стюарт Милл ч бас чамтай адилхан саналтай байсан. Тэр ч бас адилхан байдлаар Кантыг шүүмжилсэн.
Милл “Хэрвээ худлаа амлалт хийхгүй гэдэг шалтгаан нь, худлаа хэлэхийг зөвшөөрөх хувийн зарчмыг универсал хууль болгож үзсэнээр амлалтаа биелүүлэх нийгмийн дадал бүхэлдээ нуран унах явдалд байна гэвэл, би мөн л ямар нэгэн үр дагаварыг хүсч байхаас зайлахгүй.” гэж хэлсэн.
Милл саяын чиний Кантад хандаж хэлсэн няцаалтанд санал нэгдэж байсан.

Гэвч түүний буруу байсан (Бүгд хахаха).
Гэхдээ та 2 сайн түншүүд байна. Кантыг сая яг Тим ойлгосон шигээр, үр дагавар хүсч байгаа юм шигээр ойлгох явдал олон гардаг. “Бүгд худлаа яриад байвал бусдын үгэнд итгэх аргагүй болж, ертөнц улам дордоно. Тиймээс худлаа хэлж болохгүй” гэх байдлаар ойлгогдчих гээд байдаг боловч, Кант яг нарийндаа бол тэгж хэлээгүй.

Кантын хэлсэн “хувийн зарчмыг универсал хууль болгож үзэх” гэдэг бол тест. Тэр бол хувийн зарчим нь хөтөлбөргүй захирамжтай тохирч байгаа эсэхийг шалгах тест болохоос, нарийндаа бол үндэслэл нь биш. Хувийн зарчмыг тестлэхийн тулд универсал хууль болгож үзэхгүй бол болохгүй шалтгаан нь “Ямар нэгэн хувийн хүсэл шаардлагаа бусад хүмүүсийнхээс дээгүүр тавиагүй эсэх”-ээ нягтлахын төлөө юм.
Хувийн эрх ашиг болон шаардлага, онцгой нөхцөл байдлаа бусад хүмүүсийн тэр юмнаас чухал гэдэг үндэслэлээр өөрийн үйлдлийг зөвтгөх ёсгүй гэх нь хөтөлбөргүй захирамжийн онцлог бөгөөд хангах ёстой шаардлага нь юм. Энэ бол универсал хууль болгож үзэх тестийн ард яваа ёс суртахууны гаргалгаа нь.

Тэгвэл Кантын хоёр дахь хөтөлбөргүй захирамжийн тайлбарыг харцгаая. Магадгүй универсал хуулийн томьёотой харьцуулахад энэ нь илүү хар ухаанаар бодоход ойлгомжтой байх болов уу. Үүнийг Хүний зорилгот шинжийн томьёо гэнэ.
Кант хөтөлбөргүй захирамжийнхаа хоёр дахь томьёог дараах үргэлжилсэн логикоор тайлбарласан байдаг.
Хөтөлбөргүй захирамжийн үндэслэл нь тухайн нэг ашиг сонирхол болон тусгай зорилгын төлөө байж болохгүй. Яагаад гэвэл, тэгэх юм бол тэр захирамж тухайн зорилгын эзэнд л хамаатай болж хувирна.
“Харин тухайн оршихуй нь өөрөө абсолют үнэ цэнэтэй, өөрөөр хэлбэл тэр оршихуй нь өөрөө зорилго юм гэвэл, зөвхөн тийм зүйлээс л хөтөлбөргүй захирамжийн үндэслэл гарч ирж болно.”



Тэгвэл оршихуй нь өөрөө зорилго байна гэж юу гэсэн үг вэ? Кантын хариулт нь ийм юм.
“Хүн, эсвэл ерөнхийлөөд оюун ухаант бүхий л оршихуй нь өөрөө зорилго байдлаар оршдог ба, хэн нэгний бодол санааны дур зоргоор ашиглагдах гэж оршдог зүйл биш юм.”



Энд Кант хүн ба юмсыг ангилж байна. Оюун ухаант оршихуй гэдэг нь хүнийг хэлж байна. Хүн бол ердийн нэг харьцангуй үнэ цэнэ бүхий эд юмс бус, абсолют үнэ цэнэ, дотоод үнэ цэнийг өөртөө агуулдаг. Оюун ухаант оршихуй өөрийн эрхэм чанартай бөгөөд, тэд хүндэтгэл эрхэмлэл хүлээх үнэ цэнэтэй.

Энэхүү үргэлжилсэн логик гаргалгаагаар Кант хөтөлбөргүй захирамжийнхаа хоёр дахь томьёонд хүрч очно.
“Чиний болон бусад бүхий л хүний хувь чанарт байдаг хүний мөн чанарыг ердийн нэг хэрэгсэл гэж харах төдий бус, зэрэгцээд түүнийг өөрийг нь зорилго гэж харж үйлд.”



Энэ бол Хүний зорилгот шинжийн томьёо юм. Оюун ухаант оршихуй болох хүн нь өөртөө дотоод зорилготой бөгөөд, ердийн нэг хэрэгсэл байдлаар чөлөөтэй ашиглагдаж болохгүй, гэсэн санаа. Би чамд худлаа хэлж, чамайг өөрийнхөө зорилго, өөрөөр хэлбэл 100 доллар олох гэсэн хүслийнхээ төлөө хэрэгсэл болгон ашиглахыг завдвал, тэр нь би чиний эрхэм чанарыг үл хүндэтгэж, чамайг ашиглаж буй явдал болно.

Үүн дээр амиа хорлохыг буруушаах үүргийн тухай бодож үзье. Хүн алах болон амиа хорлох нь хөтөлбөргүй захирамжтай зөрчилдөж байна. Яагаад?
Хэрвээ би хэн нэгнийг албал, тэр хүний амь насыг ямар нэгэн зорилгын төлөө егүүтгэсэн болно. Би хөлсний алуурчин ч бай, эсвэл уурандаа ч юм уу сэтгэл хөдлөлдөө автсан ч бай хамаагүй, надад ямар нэгэн ашиг сонирхол эсвэл тухайн нэг зорилго байгаад, түүнийхээ төлөө тэр хүнийг хэрэгсэл болгон ашигласан болно. Тиймээс хүн алах нь хөтөлбөргүй захирамжийг зөрчиж байна.
Кантын хувьд амиа хорлох нь ёс суртахууны хувьд аллагатай адил. Хэдий тэр нь өөрийнх нь амь ч бай, ямар нэгэн амийг егүүтгэх гэдэг бол тэр амийг ашиглаж буй явдал болох учраас тэр. Бид оюун ухаант оршихуйг ашиглаж, хүний мөн чанарыг хэрэгсэл болгон ашигласнаар, хүнийг өөрийг нь зорилго хэмээн хүндэтгэж чадахгүй байна.

Тэгээд энэхүү оюун ухааны чадвар болон хүндэтгэл хүлээх үнэ цэнэ бүхий хүний мөн чанар бол хүний эрхэм чанарын үндэс суурь бөгөөд, бидний хэн бүхэнд ямар ч алагчлалгүйгээр тийм мөн чанар болон оюун ухааны чадвар заяагдсан бий. Амиа хорлолт бол өөрийнхөө хувь чанарт байх тэр эрхэм чанартаа халдаж буй явдал. Аллага бол хэн нэгний амийг егүүтгэснээр түүний эрхэм чанарт халдаж буй явдал. Ёс суртахууны байр суурьнаас харвал хоёулаа ижилхэн.

Тэгээд тэдгээр нь ижилхэн гэдэг нь, ёс суртахууны дүрмийн универсал шинжтэй холбогдож ирнэ. Бид бүхэн бусдын эрхэм чанарыг хүндэтгэхгүй бол болохгүй шалтгаан нь, бусад хүмүүсийн хувийн онцлогтой холбоотой юм биш. Тиймээс энэхүү Кант урсгалын хүндэтгэл гэдэг бол энэ талаараа хайраас өөр юм. Энэрэл ч биш. Нэгдэл, нөхөрлөлөөс ч ялгаатай. Хайр, эсвэл өөр ямар нэгэн бусдыг бодох ариун үйл нь тухайн хүнийхээ хувийн тодорхой онцлогтой холбогдож байдаг.
Харин Кантын хувьд бол хүндэтгэл гэдэг нь хүний универсал мөн чанар, оюун ухааны универсал чадварт хандах хүндэтгэл юм. Тиймээс өөрийнхөө мөн чанарт халдах нь бусдад халдахтай нэгэн адил тааламжгүй зүйл.

Асуулт, няцаалт байгаа хүн?

Патрик:
Кантын “Хэн бүхэн өөрөө зорилго учраас хүнийг хэрэгсэл байдлаар ашиглаж болохгүй” гэсэн санаа анхаарал татаж байна. Бид бүхэн өдөр тутамдаа ямар нэгэн юм амжуулахын тулд өөрийгөө болон ойр тойрныхоо хүмүүсийг зорилгынхоо төлөөх хэрэгсэл байдлаар ашиглахгүй бол болдоггүй. Жишээ нь, хичээл дээр сайн дүн авахын тулд репорт бичих ёстой байлаа гэе. Тэр үед би өөрийгөө репорт бичих хэрэгсэл болгон ашиглахгүй бол болохгүй. Хүнс худалдаж авахдаа би дэлгүүрийн худалдагчийг хэрэгсэл байдлаар ашиглахгүй бол болохгүй.

Сандел:
Тийм шүү. Тэр бол факт мөн. Нэр хэн билээ?

Патрик:
Патрик.

Сандел:
Патрик! Чи ямар ч буруу зүйл хийгээгүй. Чи бусад хүмүүсийг хэрэгсэл болгон ашиглалаа гээд хөтөлбөргүй захирамжийг зөрчөөгүй. Бид бүхэн өөрсдийн ажил болон зорилго, ашиг сонирхлын төлөө бусдыг ашиглах үедээ бусдын эрхэм чанарыг хүндэтгэсэн байдлаар харьцаж байвал ямар ч асуудалгүй юм. Тэгээд бусдыг хүндэтгэх гэдгийн утга нь хөтөлбөргүй захирамжаар тодорхойлогддог.

Зөвшөөрч байна уу? Кант ёс суртахууны хамгийн дээд зарчимд эсэргүүцэхийн аргагүй үнэмшил бүхий тайлбар оноож чаджээ гэж үзэж байна уу? Энэ талаар дараагийн лекцээрээ ярилцъя (Бүгд алга ташив).

Тайлбар:

Энэ удаагийн лекц онцгой хэцүү лекц байлаа. Хэдий Харвардын оюутнууд ч гэлээ, профессорын яриаг ойлгох гэж байдгаараа хичээж байгаа харагдлаа. Гэвч аргагүй өндөр зэрэглэлийн оюутнууд гэж харагдсан нь, лецкийн үеэр хангалттай асуулт тавьж, өөрсдийн санал бодлоороо лекцийг сайн дэмжиж оролцлоо.

Кантын философийн нэг чухал санаа бол хүнийг хэрэгсэл бус зорилго хэмээн харж үйлдэхийг шаардаж буй явдал. Тэндээс хүний эрхэм чанар урган гардаг учиртай. Өмнөх лекцүүд дээр яригдсан шиг амь настай холбоотой асуудлуудыг ч бас ийм өнцгөөс тунгааж болно. Энэ удаагийн лекцээр амиа хорлох болон бусдыг алах тухай жишээг гаргаж ярьсан.

Бас нэг чухал санаа бол универсал хууль болгох боломжтой эсэхийг тестлэх тухай тайлбар байсан ба, ийм тестийн юу нь чухал вэ гэхээр, “Бүхий л хүмүүст адилхан үйлчлэх ёс суртахууны дүрэм гэж байдаг ба, түүнийг бүх нийтээр мөрдөх ёстой” гэсэн санаа цаана нь явж байгаа юм. Ийм санаа нь Универсалист маягийн ёс суртахууны онолын нэг онцлог гэж хэлж болно. Жишээ нь, хүний эрх гэдэг бол бүхий л хүмүүст нийтлэгээр үйлчилж, бүс нутаг, арьс өнгө, гарал үүслийг даван хүчин төгөлдөр байдаг, гэх жишээтэй. Либерализмын онол энэхүү универсалист санааг туйлаас чухалчилдаг учиртай.


Хэдий энэ нь маш чухал санаа мөн ч гэлээ, мөнхүү сул тал ч бий. Тэр нь хүний тухайлсан нөхцөл байдал ч юм уу, эсвэл орчин нөхцөл гэх мэт зүйлс ёс суртахууны онолд тусгагдаад байдаггүй гэх асуудал. Үнэндээ профессор Сандел энэхүү сул талын тухай өөрийн номдоо заан тэмдэглэсэн байдаг. Иймэрхүү асуудлуудыг тунгаахын төлөөх суурь дэвсгэр болгож, энэ удаад Кантын философийг аль болох ойлгомжтойгоор тайлбарлахын зорьсон болов уу.



No comments:

Post a Comment