2018/03/14

Шударга ёсны лекц 6-1: Өөрийн сэдлээ анзаар

Өмнөх - Эхийн сэтгэл - зарна

Сандел:
За өнөөдөр манай хичээлийн хамгийн хэцүү философич болох Иммануил Кантыг гаргаж ярилцана. Тэрээр “Яагаад бид нар хүний эрхэм чанарыг (dignity of person) хүндэтгэх хөтөлбөргүй үүрэг хүлээдэг вэ? Яагаад зөв зорилгын төлөө байсан ч хүнийг хэрэгсэл болгон ашиглаж болохгүй вэ?” гэсэн асуудлын тухай өөр тайлбар бидэнд хэлж өгнө.
Кант 16 настайдаа Конигсбергийн Их Сургуульд элсэн оржээ. 31 насандаа анхныхаа их сургуулийн багшийн ажилд хүрсэн. Цалин нь 100% пропорциональ систем бөгөөд, лекцэнд нь суусан оюутны тоонд тулгуурлан бодогддог байж. Энэ бол Харвардын Их Сургууль ч судалж үзвэл зохих ухаалаг систем юм (Бүгд хахаха, алга ташив).

Кант оюутнуудын дуртай багш байсны дээр хичээнгүй нэгэн байсан тул, ядуу ч гэлээ яаж ийгээд амжиргаагаа залгуулж чаддаг байв. 57 насандаа арай гэж анхныхаа бүрэн бүтээл болох “Цэвэр оюун ухааны шүүмж” номоо гаргасан. Гэвч энэ бүтээл бол хүлээх үнэ цэнэ бүхий эд байлаа. Лавтайяа ойрх үеийн философи дотроо хамгийн чухал бүтээлд тооцогдох болов уу.
Түүнээс хойш хэдэн жилийн дараа Кант өнөөдрийн бидний лекцэн дээр авч ярилцах “Моралын метафизик суурь” номоо бичсэн.
Яриа байхгүй Кант бол ойлгоход хэцүү сэтгэн бодогч. Гэвч түүний хэлсэн зүйлийг ойлгож авах нь маш чухал. Яагаад гэвэл, тэрээр энэ номдоо ёс суртахууны хамгийн дээд зарчим юу болохыг онолдсон байдаг. Цаашлаад тэрээр эрх чөлөө гэж юу вэ гэсэн асуултанд маш хүчирхэг тайлбар гаргаж тавьсан байгаа.

За тэгэхээр эхэлцгээе.
Кант утилитаризмыг хүлээн зөвшөөрөөгүй. Тэрээр ингэж бодсон байна. Бүх хүмүүст, бүх хувь хүмүүст, бид бүхэн хүндэтгэн үзэх үнэ цэнэ бүхий нэгэн төрлийн эрхэм чанар байдаг.
Кантын үгээр бол хувь хүн халдашгүй ариуны дээр, язгуур эрхтэй байдгийн шалтгаан нь өөрөө өөрийгөө эзэмшдэгтээ бус, бид бүхэн бүгдээрээ оюунлаг оршихуй болохоор тэр юм. Оюунлаг оршихуй гэдэг нь, оюун ухааныг хэрэгжүүлэх чадвартай оршихуй гэсэн утгатай. Мөн бид бүхэн хараат бус (autonomy буюу бие даасан) оршихуй ч бас мөн. Өөрөөр хэлбэл, чөлөөтэйгээр үйлдэж, сонголт хийх чадвартай гэсэн үг.
Тэгтэл, энэхүү оюун ухаан болон эрх чөлөөний чадвараас өөр чадвар ч бас бидэнд бий. Зовох болон баярлах, шаналж бас сэтгэл ханах чадварууд.

Кант утилитаристуудад ч бас зөв тал бий болохыг хүлээн зөвшөөрсөн. Мэдээж бид бүгд зовлон шаналалаас зугтаж, баяр баясгаланг таалдаг. Кант үүнийг үгүйсгээгүй. Кант юуг үгүйсгэсэн бэ гэхээр Жереми Бентамын хэлсэн “Зовлон шаналал болон баяр баясгалан л бид бүхний хамгийн дээд залуурдагч юм.” хэмээх өчлийг үгүйсгэсэн.
Кант, бидний оюун ухааны чадвар бид бүхнийг онцгой оршихуй болгож, ердийн нэг араатанлаг оршихуйнаас дээгүүр түвшинд аваачдаг, хэмээн боджээ.

Ингэхэд бид нар эрх чөлөө гэдгийг хүссэн зүйлээ хийж чадах явдал гэж бодох нь түгээмэл байдаг. Эсвэл хүссэн зүйлээ ямар нэг хохиролгүйгээр өөрийн болгох явдал ч юм уу. Гэвч, энэ бол Кантын бодсон эрх чөлөө биш.
Кантын тунгаах эрх чөлөөний ухагдахуун нь туйлын хатуу чанга эд юм. Гэхдээ сайн бодоод үзвэл үнэндээ туйлаас үнэмшилтэй, учир жанцантай болох нь харагдана.
Кант ийм гаргалаа хийсэн байна. Бид бүхэн амьтан шиг баяр баясгалан болон сэтгэл ханамж, хүсэл тачаалтайгаа хөөцөлдөн, зовлон бэрхшээлээс зайлсхийн үйлдэх үед, түүнийг үнэхээр эрх чөлөөтэйгээр үйлдэж байна гэж хэлэх боломжгүй. Яагаад вэ? Бодитоор тэр үед бид нар хүсэл тачаалынхаа боол нь болж үйлдэж байгаа болохоор тэр.

Бид тодорхой нэгэн өлсгөлөн ч юм уу хүсэл зорилгыг сонгодог учиртай биш. Тиймээс сэтгэл ханамжийн төлөө үйлдэх нь ердийн нэг байгалийн шаардлагад шахагдаж байгаа төдий л явдал. Тэгээд Кантын хувьд бол эрх чөлөө хийгээд шаардлага гээч нь харилцан эсрэгцэх зүйлс. 2, 3 жилийн өмнө нэгэн хийжүүлсэн ундааны реклам дээр ийм үг бичсэн байсан юм: “Цангаагаа дага.”
Энэ рекламны үгэнд Кант маягийн логик хавчуулагдсан байна. Энэ бол нэг талаар Кантын үг гэж хэлж болно. Та нар хийжүүлсэн ундаа уумаар санагдсан үедээ өөрийгөө эрх чөлөөтэйгээр сонголт хийж байна гэж боддог байх. Гэвч үнэндээ бол тийм бус, амны цангаандаа ч юм уу, эсвэл рекламнаас үүсч удирдуулсан дур тачаалдаа хөтлөгдөж байгаа юм. Өөрөө сонгосон ч биш, өөрөө бүтээж гаргасан ч биш тийм тушаалд захирагдаж байна гэсэн үг (юм уухгүй бол ам чинь цангадаг байхаар байгаль таныг бүтээсэн байж болно, гэхдээ энэ бол таны хүсэл зориг биш).

Тэгээд энэ бол Кантын тунгаах эрх чөлөөний талаарх онцгой хатуу ухагдахуунд анхаарлаа хандуулбал зохих чухал санаа юм. Бид бүхэн хэрхэн яаж үйлдвэл орчин тойрныхоо нөлөө ч юм уу өлсгөлөн, дур тачаал, хүсэл тэмүүлэлд захирагдалгүйгээр, өөрийн бодол санаагаа удирдаж чадах вэ?
Кантын хариулт ийм. Эрх чөлөөтэй үйлдэх гэдэг бол хараат бусаар үйлдэх явдал юм. Тэгээд хараат бусаар үйлдэх гэдэг бол өөрөө өөртөө оноосон дүрэмд захирагдан үйлдэх явдал бөгөөд, идэж уух дур хүсэл, жишээ нь ресторанд хоол сонгох дур хүсэл гэх мэт физик хууль дүрэм ч юм уу, шалтгаан ба үр дагаварын холбоонд захирагдах явдал биш юм.


Тэгвэл үүний эсрэг нь юу вэ? Хараат бусын эсрэг нь юу вэ? Кант хараат бус (autonomy)-ын эсрэг утгатай тусгай үг гаргаж ирсэн. Тэр нь хараат (heteronomy) гэсэн үг.
Хараат байдлаар үйлдэх үед, бид бүхэн өөрөө сонгосон учиртай биш хандлагат шинж (inclination) болон дур хүсэлдээ захирагддаг. Тиймээс хараат бус хэмээх эрх чөлөө бол Кантын тодотгон гаргаж тавьсан маш хүчирхэг санаа юм.


Тэгвэл яагаад хараат бусын эсрэг нь хараатаар үйлдэх явдал, эсвэл байгалийн дүрэмд захирагдан үйлдэх явдал юм бэ? Кант байгалийг хууль дүрэм, жишээ нь шалтгаан ба үр дагаварын хуулинд захирагддаг гэж хэлжээ. Бөмбөг уналаа гэе. Бөмбөг газар унах боловч, хэн ч тэр бөмбөгийг чөлөөтэйгээр үйлдэж байна гэж хэлэхгүй. Яагаад гэвэл энэ бол байгалийн хууль, шалтгаан ба үр дагаварын хууль, татах хүчний хуулийн дагуу хөдөлж байгаа болохоор тэр.

Кантын эрх чөлөөний талаарх ухагдахуун нь энэ мэт хатуу чангын дээр үнэмшилтэй зүйл байсан ба, үүгээр зогсохгүй түүний ёс суртахууны талаарх ухагдахуун ч бас нэгэн адил чанга хатуу эд байсан.
Чөлөөтэйгээр үйлдэх гэдэг бол өгөгдсөн даалгаварын төлөө хамгийн сайн аргыг сонгох явдал бус, харин тухайн зорилгынх нь төлөө тэр зорилгыг сонгох явдал юм. Тэгээд тэр л хүн чадах боловч, бөмбөг чадахгүй зүйл.
Хандлагат шинжийн дагуу үйлдэх үед буюу зугаа цэнгэлд хөтлөгдөх үед, бид бүхний хийж буй үйлдэл нь гаднаас оноогдсон зорилгын арга зам нь болж байдаг. Бид бүхэн өөрийн хөөцөлдөж буй зорилгынхоо зохиогч нь биш, харин ч эсрэгээрээ хэрэгсэл нь болсон байдаг. Тэр бол хараатаар бодол санаагаа удирдаж буй явдал.

Эсрэгээрээ хараат бус байдлаар, өөрөөр хэлбэл өөрөө өөртөө оноосон дүрэмд захирагдан үйлдэх үед, бид бүхэн тэр дүрмийг өөрийг нь зорилго болгон түүний төлөө үйлдэнэ. Хараат бусаар үйлдэх үед, бид бүхэн гаднаас оноогдсон зорилгын багаж байхаас татгалзаж, өөрийгөө өөрийнхөө зорилго хэмээн тунгааж чадах болно.

Энэхүү эрх чөлөөтэй үйлдэх чадвар бол хүний амь насанд онцгой эрхэм чанарыг оноож өгдөг хэмээн Кант хэлнэ. Хүний эрхэм чанарыг хүндэтгэх явдал бол хүнийг ердийн нэг багаж хэрэгсэл гэж үзэх бус, хүнийг өөрийг нь зорилго гэж харна гэсэн утгыг агуулна. Тийм ч учраас бусад хүмүүсийн сайн сайхан, аз жаргалын төлөө хүнийг ашиглах нь буруу юм. Энэ бол утилитаризм буруу байсны жинхэнэ шалтгаан юм, хэмээн Кант хэлнэ. Тийм ч учраас хүний эрхэм чанарыг хүндэтгэж, язгуур эрхийг нь хамгаалах нь чухал юм гэнэ.

Санаж байна уу? Жон Стюарт Милл “Бид бүхэн шударга ёсыг хамгаалж, хүний эрхэм чанарыг хүндэтгэвэл, урт хугацаандаа хүмүүсийн сайн сайхныг максималчилж чадна.” гэж хэлсэн.
Үүний эсрэг Кант юу гэж хэлсэн бэ? Тэрээр ингэж хариулсан:
Хэдий наад чинь үнэн бөгөөд, наад тооцоо чинь амжилттай явсан байлаа ч, хэдий “ирээдүйд айдас хүйдэс дэлгэрч ашиг тус доошлох учраас хүнийг арслантай тулалдуулах ёсгүй” гэж шийдсэн байлаа ч, утилитаристууд буруу үндэслэлээр шударга ёс, язгуур эрхийг хамгаалж, хүнийг хүндэтгэж байна. Тэр бол яаж ч бодсон хөтөлбөргүй биш үндэслэл, хэлбээс (өөрөөр хэлбэл) хэрэгсэл маягийн үндэслэл юм.
Урт хугацаандаа тооцоо зөв ажиллаж, хамгийн сайн үр дүнд хүрсэн байлаа ч, тэр бол хүнийг өөрийг нь зорилго хэмээн хүндэтгэж буй явдал бус, харин ч арга хэрэгсэл болгон ашигласан явдал болно.
Энэ бол Кантын хараат бус эрх чөлөөний санаа. Энэ хавиас түүний эрх чөлөө болон ёс суртахууны ухагдахуун хэрхэн яаж холбогдож ирэх нь харагдана.

Гэвч хараахан хариулагдаагүй асуулт бий. Юу аливаа үйлдэлд ёс суртахуунлаг үнэ цэнэ оноодог юм бэ гэх асуулт. Ашиг тус, эсвэл хүсэл тэмүүлэл, дур тачаалаа хангах нь зорилго биш юм гэвэл, юу аливаа үйлдлийн ёс суртахуунлаг үнэ цэнийг тодорхойлдог юм бэ? Энэ асуулт бид бүхнийг Кантын хатуу чанга эрх чөлөөний ухагдахуунаас түүний хатуу чанга ёс суртахууны ухагдахуун тийш хөтөлнө.
Кант ингэж хэлсэн. Үйлдлийг ёс суртахуунлаг үнэ цэнэтэй болгож өгдөг зүйл нь, тэр үйлдлээс үүдэх үр дагавар ч биш, үр дүн ч биш. Үйлдлийг ёс суртахуунлаг үнэ цэнэтэй болгож өгдөг зүйл бол сэдэл (motive), хүсэл зоригийн чанар, үйлдэл хийх болсон зорилго юм.

Чухал нь гэвэл сэдэл. Тэгээд тэр сэдэл бол тодорхой нэг төрлийн сэдэл байхгүй бол болохгүй. Үйлдлийн ёс суртахууны үнэ цэнэ нь үйлдлийнхээ сэдлээр тодорхойлогдоно. Тэгээд чухал нь гэвэл, тухайн хүн зөв үйлийг зөв шалтгаанаар үйлдэх явдал.


“Сайхан сэтгэл бол түүний үр дүн болон үр ашгаас хамаарч сайн зүйл болдог юм биш. Тэр нь өөрөө сайн зүйл юм. Хязгаартаа тултал хичээн мэрийгээд ямар ч үр дүнд хүрч чадаагүй байлаа ч, сайхан сэтгэл өөртөө бүхий л үнэ цэнийг агуулж, хэзээд эрдэнийн чулуу мэт гялалзан гялтганасаар байх болно.”


Ямар ч үйлдэл ёс суртахууны хувьд сайн зүйл байхын тулд, ёс суртахууны дүрэмд захирагдаад зогсохгүй, тэрхүү ёс суртахууны дүрмийнхээ төлөө байхгүй бол болохгүй. Сэдэл үйлдэлд ёс суртахуунлаг үнэ цэнэ оноодог. Тэгээд, үйлдэлд ёс суртахуунлаг үнэ цэнэ оноож чадах цорын ганц сэдэл бол үүргийн сэдэл юм.
Тэгвэл үүргийн сэдэл буюу “Тэгэх нь зөв учраас” гэсэн шалтгаанаар, үүргийн мэдрэмжээр ямар нэгэн юм хийхийн эсрэг нь юу вэ?
Кант түүний эсрэгийг бид бүхний хандлагат шинжтэй холбогдох бусад бүхий л сэдэл гэж хэлсэн.
Энд хэлэх хандлагат шинж гэдэг бол бид бүхний бүхий л дур тачаал, бүхий л санамсаргүй оноогдсон хүсэл тэмүүлэл, дур сонирхол, өдөөлтийг хэлж буй юм. Ёс суртахууны дүрмийн төлөө, мөн үүргийн төлөө үйлдэгдсэн үйлдэл л ёс суртахуунлаг үнэ цэнэтэй гэсэн үг.

Үүний тухай та бүхэн юу гэж бодож байгааг сонсмоор байгаа ч, түүний өмнө хэдэн жишээ гаргаж тайлбарлая. Кант эхлээд нэгэн мухлагийн эзнийг жишээ болгон гаргасан байдаг. Үйлдэлд ёс суртахуунлаг үнэ цэнэ оноож чадах нь, тэр үйлдэл зөв шалтгаанаар үйлдэгдсэн зөвхөн тэр тохиолдолд л байдаг болохыг хар ухаанаар ойлгуулахыг зорьжээ.
Нэгэн мухлагт юм авахаар нэгэн үл таних хүн орж иржээ гэе. Мухлагийн эзэн тэр үйлчлүүлэгчид өгөх хариулт мөнгийг албаар дутуу өгсөн ч тэр хүн анзаарахгүй болохыг мэдэж байв. Ямар ч байсан тэр үйлчлүүлэгч лав мэдэхгүй. Гэвч үүн дээр мухлагийн эзэн бодно: “Үгүй ээ, хэрвээ энэ хүний хариултыг хулхидах юм бол цуу яриа тархана. Манай дэлгүүрийн үнэлэмж унаж, үйлчлүүлэгчид ирэхээ болих байх. Тиймээс хариултыг нь хулхидаад хэрэггүй.”
Мухлагийн эзэн буруу зүйл хийлгүй, зөв хариулт өглөө. Түүний энэ үйлдэлд ёс суртахуунлаг үнэ цэнэ бий юу? Кант үгүй гэж хэлнэ. Мухлагийн эзэн өөрийн үр ашгийн төлөө гэх буруу шалтгаанаар зөв үйлдэл хйисэн төдийд, түүнд ямар ч ёс суртахуунлаг үнэ цэнэ байхгүй. Энэ бол маш ойлгомжтой жишээ.

Кант бас амиа хорлолтын тухай жишээг гаргаж ирсэн байдаг. Тэр бидэнд өөрсдийгөө хамгаалах үүрэг бий гэж хэлжээ. Амьдралдаа хайртай ихэнх хүмүүс өөрийн амь насыг хорлохгүй байх шалтгааныг хэд л бол хэдийг гаргаад хэлж чадах биз. Гэвч, амиа хорлохгүй байх жинхэнэ сэдлийг олж харахын тулд, хэн нэгэн үнэнхүү азгүй гаслант амьдралтай хүний тухай төлөөсөн бодох шаардлагатай. Нэг ёсондоо, үнэнхүү азгүй гаслант амьдралаар амьдарч яваа ч, тийм байлаа ч өөрийнхөө амь насыг хамгаалах үүргээ сайтар ухамсарлаж, амиа хорлолгүй яваа тийм хүн юм. Энэ жишээний хэлэх гэсэн санаа нь, чухал сэдлийг гэрэлд гаргаж харах явдал. Тэгээд ёс суртахууны төлөөх чухал сэдэл бол, үүргийн төлөө зөв зүйл үйлдэх явдал.

Өөр ганц хоёр жишээ гаргаж харцгаая. “Сайн бизнесийн товчоо”-ны жишээ байна. Тэдний уриа үгийг санаж байна уу?
“Үнэнч шударга байх нь хамгийн шилдэг бодлого.”
“Тэгвэл хамгийн өндөр ашиг олно.”


Энэ бол “Нью-Йорк таймс” сонин дээр тавигдсан “Сайн бизнесийн товчоо”-ны сурталчилгаа.
“Үнэнч шударга байдал. Энэ бол ямар ч капиталаас дутахгүй үнэ цэнэтэй. Бодит үнэн, нээлттэй шинж, тэгээд шударга үнэ бүхий бизнес гарцаагүй амжилтанд хүрнэ. Бидэнтэй хамт ашиг олцгооё.” Сайн бизнесийн товчооны гишүүдийн шударга наймааны ёс суртахуунлаг үнэ цэнийг Кант хэрхэн харах бол?
Тэдний үйлчлүүлэгчтэй шударга наймаа хийдэг шалтгаан нь ашиг олохын л төлөө. Тиймээс тэдний үйлдэлд ёс суртахуунлаг үнэ цэнэ дутагдаж байна. Энэ бол Кантын дүгнэлт.

Өөр жишээ гэвэл, хэдэн жилийн өмнө Мериланд коллежид шалгалтын үеэр булхайцах асуудал гарч, тэд өөрсдийгөө хянах кампанит ажил өрнүүлжээ. Орон нутгийн дэлгүүрүүдтэй хамтарч бүтээсэн програм ашиглан “шалгалтанд булхайцахгүй” гэсэн амлалтанд гарын үсэг зурвал дэлгүүрээс 10 – 15%-ын хөнгөлөлт эдэлнэ, гэх маягийн юм байж. Хөнгөлөлт эдлэхийн төлөө этикийн хэм хэмжээг баримтална гэж байгаа хүнийг юу гэж үзвэл зохих вэ? Энэ бол Кантын мухлагийн эзний жишээтэй ижил зүйл гэхэд болно.

Асуудлын гол нь хүсэл зоригийн чанар, сэдлийн шинж байдалд байгаа юм. Тэгээд ёс суртахуунтай холбогддог сэдэл бол зөвхөн үүргийн сэдэл бөгөөд, хандлагат шинжийн сэдэл биш. Эндээс хүн зөвхөн үүрэгт тулгуурлан үйлдэж, хандлагат шинж хийгээд хувийн ашиг, сэтгэл хөдлөл, бусдын эрх ашиг гэх мэт сэдлүүдтэйгээ тэмцэлдсэнээр, сая эрх чөлөөтэй хараат бусаар үйлдэж буйд тооцогдоно. Тэгж байж сая хүний хүсэл зоригийг гадны хүчин зүйлд захирагдаагүй гэж үзэх боломжтой болно. Энэ бол Кантын эрх чөлөө болон ёс суртахууны ухагдахууны холбоос хэсэг юм.

Одоо энд түр завсарлаад, та бүгд саяын яриаг бүрэн ойлгосон эсэхийг шалгая. Ямар нэгэн асуулт эргэлзээтэй хүн байна уу? Асууж нягталмаар байгаа хүн? Эсвэл үүргийн сэдэл л үйлдэлд ёс суртахуунлаг үнэ цэнэ оноодог гэсэн санааг дэмжихгүй хүн байвал бас сонсмоор байна. За, Чи!

Амади:
2 асуултын хариултыг тодорхой болгомоор байна. Юуны өмнө энэ санаанд “Юу ёс суртахуунлаг болох тухай хүн нэгэнтээ анхаараад эхэлбэл, ёс суртахууны зорилгод хүрэхийн төлөө өөрийн сэдлээ өөрчлөх боломжтой” гэх нэгэн төрлийн өөрийгөө мөхөөх тал байгаа юм шиг санагдаад байна.

Сандел:
Жишээ гаргаад тайлбарлаж болох уу?

Амади:
Мухлагийн эзний жишээ байна. Үйлчлүүлэгчид зөв хариулт өгье гэж шийдэх үедээ, эзэн өөрийгөө ёс суртахуулаг болгохын тулд сэдлээ өөрчилж болно. Ёс суртахуунлаг эсэх нь түүний үйлдлийн сэдлээр шийдэгдэнэ гэх нь, үйлдлийн цэвэр ариун байдлыг алдагдуулах биш үү? Түүний сэдэл нь ёс суртахуунлаг үйлдэл хийх явдал биш болно.

Сандел:
Тэгэхээр чиний төсөөлж байгаа нь, зүгээр л ашигч зантай нарийн тооцоотой мухлагийн эзэн бус, үйлчлүүлэгчийн хариултыг хулхидах тухай ч бодож байж мэдэх боловч, аман дээрээ “Муу цуурхал тархаж миний үнэлэмж унана” гэж хэлэлгүйгээр “Өөрийгөө зүгээр л ингэх ёстой гэсэн шалтгаанаар үйлчлүүлэгчид зөв хариулт өгдөг шударга хүн байхыг хүсч байна” гэж хэлдэг хүн байх нь ээ?

Амади:
Эсвэл зүгээр л “ёс суртахуунтай байхыг хүсч байна”

Сандел:
“Ёс суртахуунтай байхыг хүсч байна, сайн хүн байхыг хүсч байна. Тийм болохоор ёс суртахууны дүрмийг баримтлахыг хичээнэ.” (хэсэг бодолхийлснээ) Наадах чинь бүрхэг л юм даа. Сайн асуулт. Кантад чухал зүйлийг тулган асууж байна.

Кант ёс суртахууны дүрэмд захирагдахын тулд ямар нэгэн өдөөлт шаардлагатай гэж хэлсэн. Тэр нь хувийн ашиг маягийн өдөөлт биш. Тийм байх нь тодорхойлолтоосоо утгагүй явдал болно. Түүний хэлж буй нь хандлагаас өөр төрлийн өдөөлт бөгөөд, тэр нь ёс суртахууны дүрэмд хандсан хүндлэл юм.
Хэрвээ мухлагийн эзэн “Ёс суртахууны дүрмийг хүндэтгэх хүндлэлээ өндөрсгөмөөр байгаа учраас, би зөв үйлдэл хийе” гэж хэлсэн гэвэл, түүний үйлдэлд ёс суртахуунлаг үнэ цэнэ бий гэж бодож байна. Өөрийн сэдлийг хэлбэржүүлж, нэгэнтээ түүний чухлыг ухаарах юм бол, түүний хүсэл зориг нь ёс суртахууны дүрэмд нийцэх болно. Тиймээс тийм үйлдэлд үнэ цэнэ бий.

Амади:
Тэгвэл хоёр дахь асуулт. Хэрхэн яаж ёс суртахууныг бүрэн субъектив болохоос сэргийлэх вэ?

Сандел:
Хэрхэн яаж субъектив болохоос сэргийлэх вэ?

Амади:
Тийм ээ. Ёс суртахуунлаг байх нь 100% өөрийн ёс суртахуунаар шийдэгддэг юм бол, хэрхэн яаж тэрийг мөрдөх юм бэ?

Сандел:
Гайхамшигтай асуулт. Нэр хэн бэ?

Амади:
Амади.

Сандел:
Амади?

Амади:
Тийм ээ.

Сандел:
Баярлалаа.
Үнэхээр Амадигийн хэлсэнчлэн ёс суртахуунлаг үйлдэл гэдэг нь, үүргийн дагуу ёс суртахууны дүрмийг баримтлан үйлдэх явдал бөгөөд хараат бус гэдэг утгаар эрх чөлөөтэй үйлдэх явдал юм гэвэл, өөрөө өөртөө оноосон дүрэмд захирагдан үйлдэж байж хараат бусаар үйлдсэн болох учиртай.
Гэвч эндээс сонирхолтой асуудал гарч ирнэ. Хараат бусаар үйлдэх нь өөрөө өөртөө оноосон дүрэмд захирагдахыг хэлж, шалтгаан ба үр дагаварын хууль болон байгалийн хуулиас мултрах арга юм бол, би үүргийн дагуу үйлдэх үедээ өөрөө өөртөө оноосон дүрэм нь, Амадигийн өөрөө өөртөө оноосон дүрэм, эсвэл энд байгаа хүн нэг бүр өөрөө өөртөө оноосон дүрэмтэй ижилхэн байна гэсэн баталгаа хаана байгаа юм бол?

Үүн дээр асуулт. Кант энэ танхимд хичнээн ёс суртахууны дүрэм бий гэж бодох байсан бол?
1,000 дүрэм үү? Эсвэл ганц дүрэм үү?
Кант ганц гэж хариулсан. Тэр нь нэг талаар ёс суртахууны дүрэм гэж юу юм бэ гэсэн асуулт руу буцаж очно. Хараат бусаар үйлдэх нь цэвэр сэтгэлээ дагаж, нэг ёсондоо өөрөө өөртөө оноосон дүрмийн дагуу үйлдэх явдал.
Гэтэл бид оюун ухаанаа ашиглавал бүгд ижилхэн ёс суртахууны дүрэм бодож олно гэсэн баталгаа бий юу?
Үүн дээр Кант ингэж хариулсан. Бид бүгдээр хараат бус оршихуй байдлаар өөртөө дүрэм оноодог боловч, тэр дүрэмд хүргэж өгдөг оюун ухаан нь нэг юм. Тэр бол нэгэн төрлийн практик оюун ухаан (буюу цэвэр оюун ухаан) бөгөөд, бид бүхэн хүн болж төрсний хувьд бүгд түүнийг нийтлэгээр агуулдаг буюу хоорондоо ялгаатай биш.

Хүний эрхэм чанарыг хүндэтгэх шаардлагатай байдаг нь, бид бүгд оюун ухаант оршихуй болохоор тэр. Тэгээд хэн бүхэн эзэмшдэг тэрхүү оюун ухааны чадварыг хэрэгжүүлэх явдал нь биднийг бүгдийг нь хүндэтгэн үзэх үнэ цэнэ бүхий болгодог.
Тэрхүү оюун ухааны чадвар бол туршлага хйигээд орчноос үл хамаарах универсал (буюу нийтлэг) чадвар бөгөөд, ёс суртахууны дүрмийг хэлбэржүүлдэг зүйл учраас, хараат бусаар үйлдэх нь эцсийн эцэст бид бүхэн өөртөө оноосон дүрмийн дагуу үйлдэж оюун ухаанаа хэрэгжүүлэх явдал юм. Тэр бол бидний эзэмшиж буй универсал оюун ухаан бөгөөд, гарал үүсэл ч юм уу тухайн нэг үнэлэмжийн хэмжүүр, эрх ашгаас хамаарч тодорхойлогддог тусгай оюун ухаан биш.

Тэр бол Кантын үгээр хэлбэл “цэвэр практик оюун ухаан” бөгөөд, ямар нэгэн онцгой тохиолдол эсвэл туршлагаас үүдсэн зорилготой холбоогүйгээр, Апириори (a priori буюу байгалиас заяасан) байдлаар, өөрөөр хэлбэл ямар нэгэн туршлагад тулгуурлалгүйгээр дүрмийг тогтоодог зүйл юм.
Ийм оюун ухаанаар бий болох ёс суртахууны дүрэм нь ямархуу зүйл байх вэ? Ямар агуулгатай байх бол? Энэ асуултанд хариулахын тулд дараагийн удаа “Моралын метафизик суурь” номыг уншицгаая (Бүгд алга ташив).

Тайлбар:

Энэ удаад Кантын философийг тайлбарлалаа. Кант бол Жон Локтой эн зэрэгцэх ойрхи үеийн улс төрийн философийн төлөөлөгчдийн нэг юм.

Үүн дээр энэ хүртлэх лекцийн урсгалыг эргэн харвал, эхлээд утилитаризмыг ярьж, үр дүнгээс нь тооцдог “үр дагаварт суурилах үзэл”-ийг шүүмжилж, түүнтэй эсрэгцүүлж либертаризмын тухай ярьсан. Либертаризмыг шүүмжилснийхээ дараа, энэ удаад Кантыг гарган ярьсан учиртай бөгөөд, эдгээр нь үүргийн онол буюу “ингэхгүй бол болохүй учраас ингэх ёстой” гэсэн санаа бөгөөд, Кантын практик философи түүний гол цөмийг нь босгодог учиртай. Сонирхолтой жишээ болгож хариулт хулхиддаггүй мухлагийн эзний жишээ, мөн Сайн бизнесийн товчооны жишээ зэргийг гаргаж тайлбарлалаа.

Кант бол оюун ухаан, хараат бус шинж, эрх чөлөө гэх мэт ойрхи үеийн зарчмуудыг хамгийн системчилсэн байдлаар тайлбарлаж чадсан философич. Тиймээс либерализмын хамгийн сайн идеологи (үзэл суртлын) урсгалын нэг гэж үздэг.

Кантын философи бол туйлын ойлгоход хүнд хэцүү зүйл боловч, профессор Сандел энэ лекцээрээ ялангуяа ёс суртахуун ба этиктэй холбоотой практик философийн хэсэгт нь төвлөрч маш ойлгомжтойгоор тайлбарлаж байна. Үүнийг ойлговол Кантын философийн ёс суртахууны мөн чанарыг нь ойлгож чаднаа, гэсэн үг. Мөн энэхүү “Хүний эрхэм чанар”-ыг дөвийлгөх ойрхи үеийн хамгийн сайн үзэл санааг хангалттай ойлгосны үндсэн дээр, цуврал лекцийн сүүлийн хагасаас профессор Сандел энэхүү үзэл санааны чадамжийн хязгаарыг онолдох байдлаар, өөрийнхөө дэвшүүлсэн үзэл санааны хандлагыг тайлбарлах болно оо.



No comments:

Post a Comment