2018/02/20

Шударга ёсны лекц 5-1: Цэргийг мөнгөөр хөлслөж болох уу?

Өмнөх - Нийгэмд элсэн орох "зөвшил"

Сандел:
Өмнөх лекцээр Локийн “зөвшилд суурилсан төр” хэмээх онолын талаар хэлэлцэж, үр дүнд нь хэдэн тооны эргэлзээ гарч ирсэн. Олонхын дэмжлэг байгаад ч өөрчилж чадахгүй “төрийн хязгаарлалт” гэж юу вэ? Энэ бол лекцийн төгсгөлд гарч ирсэн асуулт байсан.

Өмчлөх эрхийн талаар гэвэл, Локийн онолоор бол ардчилсан зарчмаар сонгогдсон төр иргэддээ татвар ногдуулах эрхтэй. Гэхдээ тэр нь зөвшилд тулгуурласан байх ёстой. Яагаад гэвэл татвар гэдэг бол нийтийн эрх ашгийн төлөө иргэдийн хөрөнгийг хурааж буй үйлдэл болохоор тэр. Гэхдээ, татварын систем үүсгэж, татвар ногдуулахдаа иргэн нэг бүрээс зөвшөөрөл авах шаардлагатай юу гэвэл үгүй. Шаардлагатай нь юу вэ гэвэл, нийгэмд элсэн орж улс төрийн үүрэг хариуцлага хүлээж буй бол урьдчилаад зөвшилцсөнд тооцогдоно. Нэгэнт улс төрийн үүрэг хариуцлага хүлээсэн л бол, олонхоор шийддэг зарчмыг дэмжиж байна гэсэн үг. Татварын тухайд ингэсгээд орхиё.

Одоо амьд явах эрхийн талаар бодож үзье. Төр ард иргэдийг цэрэгт татаж, дайны талбар руу илгээж чадах уу? “Намайг зөвхөн би л өмчилнө” гэсэн зарчим маань юу болох вэ?
Төр албадлагын шинжтэй хууль баталж, түүнээ хэрэгжүүлэн “Чи Ирак явж, амь өрсөн тулалд” гэж тушааж чадна гэвэл, тэр нь өөрийгөө өмчлөх эрхэнд халдсан явдал болох уу? Лок төрд тэгэх чадамж бий гэж хэлсэн болов уу?
Хариулт нь гэвэл “тийм” юм. Лок ингэж хэлсэн:
“Чухал нь гэвэл улс төрийн эрх мэдэлтэн, эсвэл цэргийн эрх мэдэлтэн нь эрх мэдлээ урвуулан ашиглахгүй байх явдал юм.” гэж. Энэ л хамгийн чухал нь.

Энэ талаар Лок нэгэн гайхамшигтай жишээ гаргаж тайлбарласан байдаг. Цэргийн жанжин байтугай жагсаалын дарга ч гэсэн цэрэгт хандаж “Их бууны өөдөөс гар” гэж тушаах эрхтэй. Хэдий үхэх нь тодорхой гэдгийг мэдэж байсан ч, ямар ч авралгүй нөхцөл байдал дор бай хамаагүй, жагсаалын даргад тийм эрх бий.
Цэрэг тэр тушаалыг нь биелүүлэхгүй байх ч юм уу, өөрийн байраа орхин явах юм бол дарга тэр цэрэгт цаазын ял оноож ч болно. Гэвч, цэргийн амьдрал үхлийг шийдэхүйц тушаал буулгах эрхтэй байлаа гээд, тэр дарга цэргээс сохор зоос ч хураан авах эрхгүй юм.
Яагаад гэвэл, зүй ёсны эрх мэдэлд суурилсан тушаал биш учраас тэр. Тэр бол дур зоргын шинжтэйн дээр эрх мэдлийн урвуулан ашиглалт. Тиймээс Локийн онолоор бол “зөвшил” гээч нь асар хүчирхэг эд. Тэр “зөвшил” бол тухайн нэг татвар болон цэргийн даргын тушаалыг зөвшөөрсөн хувь хүний зөвшил бус, төрд элсэж олонхын засаглалыг дагахыг зөвшөөрсөн урьдчилсан зөвшил юм.

Хувь хүн амь нас, эрх чөлөө, өмчид хандах үл шилжих эрхтэй хэмээх факт дээр тулгуурлан бий болсон “хязгаарлагдмал эрх мэдэл бүхий төр улс”. Тэгээд тэр төр улсыг засаглах нь зөвшлөөр батлагдсан хууль байна. Зөвшил гэдэг бол төдий чинээ чухал зүйл.
Эрх мэдлийн урвуулан ашиглалт харин байж болохгүй. Энэ бол Локийн үзэл.

Гэвч эндээс зөвшлийн талаар эргэлзээ төрөн гарна. Улс төрийн эрх мэдэл болон даган биелүүлэхгүй бол болохгүй үүрэг хүртэл тохоож чаддаг гэдэг утгаараа, яагаад зөвшил нь төдий дайны хүчирхэг ёс суртахууны хэрэглүүр байж чадна вэ?

Өнөөдөр зөвшлийн талаарх энэхүү асуудлын тухай хэлэлцэхийн тулд, цэрэг татлагын систем хэмээх тодорхой жишээг гаргаж ярья. “Хүнд, өөрөө өөрийгөө өмчилдөг хэмээх үзлээс төрөн гарсан язгуур эрх байдаг юм бол, төр иргэдийг цэрэгт татан дайны талбар руу илгээх нь язгуур эрхэнд халдсан явдал болно” гэж үзэх хүмүүс бий.
Эсрэг байр суурьтай хүмүүс ч бий. Эсрэг талынхан болохоор “Тэр бол ардчилсан зарчмаар сонгогдсон төрийн зүй ёсны эрх учир, иргэдэд даган биелүүлэх үүрэг бий” гэж хэлдэг.

Иракт дайн хийж буй Америкийг жишээ болгон харъя л даа. Мэдээ сонсоход, арми шаардлагатай тооны цэрэг нөхөж чадахгүй, нэлээн зүдэрч байгаа сурагтай. Шаардлагатай тооны цэрэг бүрдүүлэхийн тулд Америкийн засгийн газраас хэрэгжүүлэх боломжтой дараах 3 бодлогыг төсөөлж үзье.
Хувилбар 1: цэргийн цалин хангамжийг нэмэгдүүлж, хангалттай тооны цэрэг цуглуулах.
Хувилбар 2: Албадан цэрэг татлагын системд шилжих. Сугалаа сугалж, таарсан хүн нь хэн ч бай хамаагүй Ирак явж байлдана.
Хувилбар 3: Аутсорсинг буюу гаднаас цэрэг хөлслөх. Хөлсний цэрэг гэгдэх мэргэжлийн хүмүүсийг ажиллуулах. Хөлсний цэргүүд бол дэлхий даяар хаа сайгүй байдаг, цэрэг хүний стандартыг хангасан, дайны талбарт туршлагатай, тохирсон хөлсийг нь өгвөл дуртайяа өмнөөс байлдаад өгнө.


Тэгэхээр та бүгдийн саналыг сонсъё. Цалин хангамж нэмсэн нь дээр гэсэн хүмүүс? (Олон хүн гараа өргөв). Дийлэнх нь байх шив.
Албадан цэрэг татлагыг дэмжих хүмүүс? (Цөөхөн хүн гараа өргөв). 10 хүрэхгүй хүн албадан цэрэг татлагыг дэмжиж байх шиг байна.
Тэгвэл хөлсний цэрэг нь дээр гэсэн хүмүүс? (энд, тэндээс сийрэг тооны гар өргөв). 20, 30-аад л хүн байна уу даа.

Америкийн иргэний дайны үеэр, умардын арми цэрэг нөхөхдөө албадан цэрэг татлагыг зах зээлийн системтэй хослуулсан аргыг ашигласан байдаг. Юуны өмнө цэрэг татлагын зарлан тараана. Гэвч зарлан дуудах авсан ч цэрэгт явахыг хүсэхгүй хүн байвал, тэр хүн өөрийнхөө өмнөөс өөр хүн орлонгоор хөлслөхийг зөвшөөрсөн байж.
Олон хүн орлон хөлслөсөн. Орлон хөлслөхийн тулд ямар ч төлбөр төлж болдог байв. Хүмүүс сонин дээр зар тавьж, өөрийнх нь өмнөөс дайнд явж өгвөл 500 доллар, заримдаа бүр 1,000 доллар өгнө гэцгээж байв. Хожмоо гангийн хаан хэмээн алдаршсан Андрю Карнеги өөрийнхөө орлонгийн хүнийг, түүний навчин тамхиндаа зарцуулдаг жилийн зардлаас ч бага мөнгөөр хөлслөсөн гэлцдэг.

Тэгэхээр иргэний дайны энэ системийн тухай санал сонсмоор байна. Үндсэндээ бол албадан цэрэг татлага боловч, шилжүүлэн зарах боломжтой гибрид систем гээд нэрлэчих үү дээ? Үүнийг шударга гэж үзэж байгаа хүн, иргэний дайны системийг дэмжих хүн гараа өргөөрэй (гар өргөсөнгүй).
Хэн ч байхгүй гэж үү? Ганц хүн? 2, 3, 4, 5 хүн.
Шударга бус гэж үзэж байгаа хүн? (ихэнх нь гараа өргөв).
Та нарын дийлэнх нь иргэний дайны системийг онцгүй, шударга бус гэж үзэж байгаа юм байна. Яагаад онцгүй гэж? Юу нь таалагдахгүй байна? Чи!

Лиз:
Нэг удаа цэрэг татлагаас чөлөөлөгдөхийн тулд 300 доллар төлнө гэдэг бол, хүний амийг үнэлж байгаатай ижил явдал. Энэ хүртлэх лекцээр тодорхой болсончлон, хүний амь насанд үнэ хэлж болохгүй учраас утгагүй явдал гэж бодож байна.

Сандел:
Тэгэхээр 300 доллар ч байна уу, 500 доллар ч байна уу, 5,000 доллар ч бай...

Лиз:
“Тэр бол чиний амь насны чинь үнэ” гэж хэлж байгаатай ижил гэсэн үг.

Сандел:
Өөрөөр хэлбэл, амь насыг үнэлж байгаа хэрэг болох нь ээ? Нэр хэн бэ?

Лиз:
Лиз.

Сандел:
Лизийг няцаах хүн байна уу?
(Жейсоныг хуруугаараа заан) Чи иргэний дайны системийг дэмжиж байсан байх аа?

Жейсон:
Тэр үнэ таалагдахгүй бол өөрийгөө зарахгүй байх, эсвэл хөлслөгдөхгүй байх эрх нь байгаа. Тэр хүний л шийдэх асуудал болохоор, амь насыг үнэлж байгаа явдал гэж бодохгүй байна. Өөрийнхөө хүсэл зоригоор тэр хүний өмнөөс явна гэж шийдсэн бол, тэрийг гарцаагүй буруу гэж хэлэх аргагүй.

Сандел:
Тэгвэл, 500 доллар авсан хүн өөрөө өөрийнхөө амь насыг, эсвэл өөрийнхөө амь насанд учрах эрсдлийг мөнгөөр үнэлсэн хэрэг болох учраас...

Жейсон:
Тийм.

Сандел:
Тэр хүний л сонголт гэж үү?

Жейсон:
Тийм.

Сандел:
Нэр хэн билээ?

Жейсон:
Жейсон.

Сандел:
Баярлалаа, Жейсон. Одоо иргэний дайны системийг эсэргүүцсэн саналыг сонсъё. Чи!

Сам:
Орлого багатай хүний хувьд, энэ бол нэг төрлийн албадлага мөн. Карнеги бол цэргийн зарланг зүгээр л үл тооно. 300 долларыг түүний орлоготой харьцуулбал юу ч биш.

Сандел:
Тийм шүү.

Сам:
Бага орлоготой хүн зарлан авах нь мөн чанартаа бол албадан цэрэг татлагад явж байгаатай агаар нэг. Тийм хүнд орлонгийн хүн олдохгүй нь бараг л тодорхой.

Сандел:
Нэр хэн билээ?

Сам:
Сам.

Сандел:
Сам! Тэгэхээр чи ядуу хүн 300 доллар аваад хүний өмнөөс дайнд явж байгаа тохиолдолд, эдийн засгийн нөхцөл байдлыг бодолцож үзвэл, үнэндээ бол албадлагаар цэрэгт явж байгаатай ижил гэж хэлж байна тийм үү? Эсрэгээрээ, Карнеги бол мөнгөтэй болохоор цэргийн албанд явахгүйгээр аргалчихна. (Жейсон толгой дохив).

Сайн байна. Тэгвэл одоо Самийн саяын саналын эсрэг санал сонсъё. “Өнгөц харахад чөлөөт солилцоо шиг харагдаж байгаа ч, үнэндээ бол албадлага” гэх Самийн саналыг няцаах хүн? Чи!

Раул:
Би ч бас Самийг дэмжиж байна.

Сандел:
Дэмжиж байна аа?

Раул:
Хувь хүнээс зөв шийдвэр гаргах чадварыг нь булааж байна гэдэг талаасаа албадлага мөн, гэж бодож байна.

Сандел:
Нэр хэн бэ?

Раул:
Раул.

Сандел:
Раул, Сам хоёр өнгөц харахад чөлөөт солилцоо, чөлөөт сонголт, сайн дурын үйлдэл мэт харагдах ч, үнэндээ бол албадлага гэдэг тал дээр санал нийлж байна.

Раул:
Хамгийн адгийн төрлийн албадлага. Албадуулж байгаа нь нийгмийн тодорхой нэг давхрагын хүмүүс зонхилж байгаа учраас.

Сандел:
Сайн байна. Раул болон Самийн саналд бодит үндэслэл байна. Хэн нэгэн Раул, Сам хоёрт хандаж хэлэх саналтай хүн байна уу? Чи!

Эмили:
Миний хувьд албадан цэрэг татлага ч, сайн дурын цэргийн алба ч, бодит байдал дээр бараг ялгаагүй биш үү гэж санагдаж байна. Цэрэгт явбал цалин авна гэдэг бол, хүмүүсийг цэрэгт явуулахын төлөөх албадлагын шинжтэй тактик. Сайн дураар цэрэгт элсэж байгаа хүмүүс бол бага орлоготой давхрагынхан, бүр цаашлаад “Иракт байлдахын төлөө сайн дураар цэрэгт элсэх нь ариун явдал” гэсэн эх оронч үзлээр дутмаг хэсгийнхэн зонхилж байгаа нь өнөөгийн бодит байдал.

Сандел:
Нэр хэн бэ?

Эмили:
Эмили.

Сандел:
Сайн байна. Эмили болохоор (гэснээ Раул руу хуруу заан), дараа нь чи хариулахдаа бэлдэж байгаарай (хахаха).
Эмили болохоор иргэний дайны систем, өөрөөр хэлбэл “ядуу ажилчид 500 доллараар Карнегийн оронд дайнд явахыг зөвшөөрч болдог” системд албадлагын шинжтэй элемент байгаа болохыг хүлээн зөвшөөрч байна. Үүн дээрээ бас, иргэний дайны системд асуудал байгаа бол, өнөөгийн сайн дурын цэргийн албанд ч бас асуудал байна гэж хэллээ.
(Раулд хандаж) Ингэхэд чи эхний 3 хувилбар дээр сайн дурын цэргийг дэмжсэн байх аа?

Раул:
Гараа өргөөгүй.

Сандел:
Гараа өргөөгүй ээ? (Бүгд хахаха).

Раул:
Тийм ээ.

Сандел:
Гараа өргөөгүй нь, хажуугийн хүндээ саналын эрхээ зарчихсан болохоор уу? (Бүгд хахаха).
Заза, тоглосон юм. Тэгвэл саналыг нь сонсъё.

Раул:
Одоогийн нөхцөл байдал бол иргэний дайны үеийнхээс өөр гэж бодож байна. Одоо бол цэрэг татлага биш сайн дурын цэргийн албаны систем. Одоогийн цэрэгт сайн дураар явж байгаа хүмүүс бол иргэний дайны үед цэрэгт албадан татагдаж байсан хүмүүсээс илүүтэй эх оронч үзэлтэй, өөрийнхөө сонголтоор цэрэгт явж байгаа гэж бодож байна.

Сандел:
Албадлагын шинж бага гэж үү?

Раул:
Бага.

Сандел:
Америкийн нийгэмд одоо ч бас тэгш бус байдал байгаа, Эмили хэлсэн шиг цэрэгт явж байгаа хүмүүс гол төлөв тодорхой нэг давхаргынхан зонхилж байна гэсэн факт байлаа ч гэсэн үү?

Нэг туршилт хийж үзье. Өөрөө цэрэгт явж үзсэн, эсвэл гэр бүлээс нь цэрэгт явсан хүн байгаа хүмүүс хэр олон байна? Эцэг эхийн чинь үе биш, өөрсдийнхөө үе дотроос? (тодорхой тооны хүн гараа өргөв).
Өөрөө ч, ах дүүс нь ч цэрэгт яваагүй хүмүүс хэр олон байна? (дийлэнх нь гараа өргөв).
Эмили? Төлсөөлснөөр чинь байна уу?

Эмили:
Тийм ээ.

Сандел:
Заа болно.
Тэгэхээр та бүгдийн дийлэнх нь сайн дурын цэргийн албаны системийг дэмжсэн ч, зэрэгцээд дийлэнх нь иргэний дайны системийг шударга бус гэж үзсэн.
Сам, Раул нар иргэний дайны системийг эсэргүүцэж буй үндэслэлээ тов тодорхой гаргасан. Түүний цаана тэгш бус байдал байна, тиймээс мөнгө авч цэрэгт явах сонголт хийх нь жинхэнэ чөлөөт хүсэл зориг бус, нэг талаар албадлага гэж үзэж болно.

Эмили тэр мэтгэлцээнийг цааш нь ахиулж шинэ асуулт гаргаж тавьсан. Сайн дурын цэргийн албыг дэмжсэн хүмүүс энэ хоёрын хооронд зарчмын ямар ялгаа байгааг тайлбарлах ёстой бөгөөд, тайлбарлахгүй бол болохгүй. Сайн дурын цэргийн албаны систем бол, дийлэнх олонхын эсэргүүцсэн иргэний дайны систем буюу шилжүүлэн зарах боломжтой албадан цэрэг татлагын системийн ердийн нэг ерөнхий хувилбар төдий биш гэж үү? Эмили! Чиний хэлэхийг хүссэн санаа энэ мөн биз?

За тэгвэл, сайн дурын цэргийн албыг дэмжсэн хүмүүсээс Эмилигийн гаргаж тавьсан асуудалд хариулахыг хүсч байна. Хариулах хүн байна уу? Чи!

Гокл:
Иргэний дайны систем болон сайн дурын цэргийн албаны систем хоёрын ялгаа нь, иргэний дайнд бол төрд хөлслөгдөх биш, хувь хүнд хөлслөгдөж байсан явдал. Хүмүүс ялгаатай хүмүүст хөлслөгдөж, ялгаатай хөлс авч байсан. Сайн дурын цэргийн албаны системд бол бүгд төрд хөлслөгдөж, ижил цалин авна. Ижил үйлчилгээний төлбөрт ижил мөнгө авч байна гэдэг утгаараа, сайн дурын цэргийн албаны систем нь шударга ёсонд нийцэж байна, гэж бодож байна.

Сандел:
Эмили?

Эмили:
Шударга ёсны тухайд гэвэл, сайн дурын цэргийн алба гэдэг систем дор хувь хүмүүс арми болон дайнтай огт холбоогүй замыг сонгох боломжтой.
Нэг ёсондоо “Армид элсэж цалин ч авах сонирхолгүй. Эх орноо хамгаалах ёстой талаар ямар ч хариуцлагын мэдрэмж үүрэхгүй” байж болно гэсэн үг. Энэ тохиолдолд цэрэгт явах уу үгүй юу гэдэг нь цэвэр хувь хүний сонголт болно.
Харин албадан цэрэг татлагын системд бол, бүх хүмүүс армийн талаар ямар нэгэн шийдвэр гаргахгүй бол болохгүй учиртай бөгөөд, тэр нь илүүтэй шударга явдал гэж бодож байна. Аль нь ч байлаа гэсэн Карнеги цэрэгт явахгүй байж чадах л байх. Гэхдээ л сайн дурын цэргийн албанд бол “Надад падгүй” гэж хэлэх боломжтой бол, албадан цэрэг татлагын системд тодорхой хэмжээнд хариуцлага хүлээхгүй бол болохгүй.

Сандел:
Эмили! Чи алийг нь дэмжих вэ? Албадан цэрэг татлага уу?

Эмили:
Хэцүү асуулт хэдий ч, албадан цэрэг татлагыг дэмжинэ. Яагаад гэвэл иргэн бүрт дайны хариуцлагыг мэдрүүлж чадах учраас. Цөөн тооны хүмүүсийн идеологид хөтлөгдсөн дайн дэгдэхийн дэргэд дээр гэж бодож байна.

Сандел:
Сайн байна. Няцаах хүн байна уу? Чи!

Жакки:
Сайн дурын цэргийн алба болон иргэний дайны системийн хооронд зарчмын ялгаа бий. Сайн дурын цэргийн албанд “цэрэгт явмаар байна” гэсэн сэтгэл эхэнд байж, цалин хөлс бол араас нь дагаж ирдэг. Нөгөөтэйгүүр иргэний дайны системд, хүмүүс бүгдээрээ дайтахыг хүссэн учиртай биш. Мөнгө авахын төлөө л дайнд явдаг төдий байсан.

Сандел:
Сайн дурын цэргийн албанд, хүмүүсийг цэрэгт явуулах мөнгөнөөс хүчтэй сэдэл нь юу гэж бодож байна?

Жакки:
Эх орноо хайрлах сэтгэл ч юм уу.

Сандел:
Эх оронч үзэл. За тэгвэл...

Жакки:
Бас эх орноо хамгаалахыг хүсэх сэтгэл. Мөнгө ч бас тодорхой хэмжээнд сэдэл болох л байх. Гэхдээ л сайн дурын цэргийн албанд улсаа хамгаалах гэсэн сэтгэл л анхны сэдэл нь болно гэж бодож байна.

Сандел:
Тэгэхээр..., нэр хэн билээ?

Жакки:
Жакки.

Сандел:
Жакки, чи бол мөнгө биш эх оронч үзлийн сэдлээр армид элсэх нь зүйтэй гэж бодож байна, тийм үү?

Жакки:
Мэдээж. Иргэний дайны үеийн цэргүүд шиг, мөнгөний төлөө арга буюу цэрэгт явж дайтаж байгаа цэргүүд бол өөрийн итгэл үнэмшлээрээ байлдахаар явж байгаа цэргүүдийн дэргэд чанарын хувьд дор гэж бодож байна.

Сандел:
Сайн байна.
Жаккигийн хэлэх “эх оронч үзэл”-ийн талаар та бүхэн юу гэж бодож байна даа? Эх оронч үзэл гэдэг, цалинд санаархахаас эрхэм дээд сэдэл мөн юм болов уу? Энэ талаар хариулт хэлэх хүн байна уу? Чи!

Филлип:
Эх оронч үзэл бол цэргийн чанар чадвартай холбоогүй гэж бодож байна. Хөлсний цэргүүд Америкийн далбааг мандуулах ч үгүй, биднийг хамгаалах ёстой гэж төрийн итгэдэг зүйлсийг хамгаалъя энэ тэр гэж бодох ч үгүй л байх. Гэсэн ч тийм байлаа гээд, цэрэг хүний чанар чадварын хувьд ялгараад байх юм байхгүй.

Сандел:
Чи “Хөлсний цэрэг” хувилбарыг дэмжигч талынх уу?

Филлип:
Yes sir (Тийм ээ, дарга аа). (хахаха)

Сандел:
Сайн байна. Тэгвэл Жаккигийн хариултыг сонсъё.
Нэр хэн билээ?

Филлип:
Филлип.

Сандел:
Жакки, юу гэж бодож байна? Эх оронч үзэл хамаагүй гэнэ.

Жакки:
Гэхдээ хүн хүсэл тэмүүлэлтэй байхын хэрээр сайн ажил хийдэг. Амь насаараа дэнчин тавихаар эгзэгтэй нөхцөл байдалд хэрэв орвол, мөнгөний төлөө цэрэгт орсон хүмүүсийн дэргэд, эх орноо хайрлах хүн нь илүүтэй зорьж очоод аюулыг сөрөх байлгүй дээ?
Харин хөлсний цэргүүд байлдааны туршлага өндөр байлаа ч, эх орон минь энэ тэр гэж бодох ч үгүй. Эх орон яах нь тэдэнд ямар ч падлийгүй хэрэг.

Сандел:
Гэхдээ өөр асуудал ч бас байна. Тэр нь эх оронч үзлийн асуудал бөгөөд, Жаккигийн хэлж буйчлан хамгийн чухалчлан үзэх ёстой нь мөнгө биш эх оронч үзэл юм гэвэл, цэрэгт ороход нь цалин өгдөг өнөөгийн армийн систем зохистой юу, зохисгүй юу?
“Сайн дурын цэргийн албаны систем” гэж нэрлэж байгаа ч, сайн бодоод үзвэл ташаа нэршил. “Сайн дурын цэргийн алба” биш “цалинтай цэргийн алба” гэж нэрлэвэл таарна.
Тийм бол, цэрэгт явах гол сэдэл нь мөнгө биш эх оронч үзэл байх ёстой гэсэн санаа маань юу болох вэ? Өнөөгийн “цалинтай цэргийн алба”-ыг сайшаах болов уу, эсвэл албадан цэрэг татлагыг сайшаах болов уу?

Асуудлыг тодорхой болгохын тулд Филлипийн хөлсний цэргийг дэмжих үндэслэлд суурилан бодвол, сайн дурын цэргийн албаны систем, өөрөөр хэлбэл цалинтай цэргийн систем хамгийн сайн нь болж таарна.
Яагаад гэвэл, “Ийм хэмжээний мөнгө өгөх юм бол цэрэгт явахад болж байна” гэсэн хүмүүсийн тооцоо хийгээд хүсэл тэмүүлэлд нь зохьцоод зах зээл өөрөө хуваарилаад өгчихнө. Энэ онолоор бол албадан цэрэг татлагаас илүү иргэний дайны үеийн гибрид систем нь илүүтэй онолд нийцэж, ахиулаад бодвол сайн дурын цэргийн албаны систем нь бүр ч онолд нийцнэ. Тэгээд зах зээл дэхь сонголтын эрх чөлөөг хил давуулан тэлж харвал, хөлсний цэрэг нь хамгийн шилдэг сонголт болж таарна, мөн үү?
Энэ онолд хандаж “Үгүй” гэх юм бол, эсвэл Жаккигийн хэлсэн шиг эх оронч үзлээс утга учир гаргаж тавина гэвэл, албадан цэрэг татлага руугаа буцаж очих ёстой болов уу. “Эх оронч үзэл”-ийг иргэний үүрэг гэдэг утгаар нь харвал шүү дээ.

За тэгвэл, энэ мэтгэлцээнээс түр хөндийрөөд, “Зөвшил” зах зээл дэхь солилцоонд хэрэглэгдэх тохиолдлын талаар бодож үзье.
Энэ тухайд хоёр эсрэг санал гарсан. “Цэргийн албыг зах зээлийн солилцоогоор зохьцуулж болохгүй” гэсэн эсрэг санал хоёр гарсан.

Нэг дэхь нь Сам, Раул нарын онцолсон албадлагын тухай яриа. Тэр хоёр “Зах зээлийн зарчмаар цэргийн албыг хуваарилах нь шударга бус бөгөөд, чөлөөт сонголт гэж хэлэх боломжгүй” гэж онцолсон.  Яагаад гэвэл, хэрвээ нийгэмд ноцтой баян хоосны ялгарал байгаа тохиолдолд, мөнгө авч цэрэгт орж байгаа хүмүүс дунд цэрэгт ормоор байгаадаа орсон бус, эдийн засгийн боломж олдоогүйдээ цэрэгт явсан нь хамгийн дээр гэж үзсэн хүмүүс ч байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Тийм байвал, тэнд “албадлага”-ын элемент байна. Энэ бол нэг дэхь төрлийн няцаалт.

Цэргийн албыг хуваарилахдаа зах зээлээр дамжуулахыг эсэргүүцсэн хоёр дахь санал бол, цэргийн албыг “мөнгө олохын төлөөх ердийн нэг ажил” гэж үзэж болохгүй гэх зүйл байсан. Цэргийн алба бол эх оронч үзэл болон иргэний үүрэгтэй нягт холбоотой болохоор тэр. Энэ төрлийн эсрэг санал нь тэгш болон тэгш бус, албадлага гэх мэт шалтгаанаар эсэргүүцэх саналаас ялгаатай. Иргэний үүрэгтэй холбоотой зүйлийн тухайд, зах зээлийн зарчмаар үүрэг болон эрхийг хуваарилах ёсгүй гэсэн санал юм.

Ерөнхийлөөд хуваавал дээрх хоёр төрлийн эсрэг санал гарлаа. Энэ хоёр эсрэг саналыг хэрхэн авч үзэх ёстой вэ?
Албадлага, тэгш болон тэгш бус гэдэг шалтгаанаар эсэргүүцэх эхний саналын тухайд, “Хүмүүс өөрсдийн хөдөлмөрөө үнэлэх үед, нийгмийн дэвсгэр дэхь орлогын тэгш бус байдал хэрхэн яаж тэдний сонголтын эрх чөлөөг боомилж байна вэ?” гэдэг талаар судлах шаардлагатай.
Энэ бол эхний асуулт. Хоёр дахь асуулт бол, иргэний үүрэг болон эх оронч үзлийг тунгаах үед, иргэний үүрэг гэж юу вэ? гэдгийг тодруулах шаардлагатай. Цэргийн алба нь иргэний үүргийн нэг мөн үү, биш үү?

Бидэнд иргэний үүрэг тохоодог тэр зүйл юу вэ? Улс төрийн үүрэг юун дээр тулгуурладаг вэ? “Зөвшил” дээр тулгуурладаг уу? Эсвэл нийгэмд бусадтай хамтран амьдарч байгаа л бол, зөвшилтэй зөвшилгүй бүгдэд ноогддог иргэний үүрэг гэж юм байдаг юм болов уу?
Өнөөдөр иргэний дайны систем болон сайн дурын цэргийн албаны системийн талаар хэлэлцэх явцад эдгээр асуултууд гарч ирлээ. Эдгээрийн хариултыг цаашдын лекцээрээ ярилцацгаая (Бүгд алга ташив).

Тайлбар:

Энэ удаад өмнө ярилцсан зөвшилтэй холбоотойгоор, албадан цэрэг татлагын систем болон сайн дурын цэргийн албаны систем зэрэг цэрэг армийн асуудлаар ярилцлаа. Дайн болон арми гэдэг бол амь насны эрсдэл өндөртэй зүйл гэдэг утгаараа, хүмүүсийн хувьд хамгийн ярвигтай асуудлыг гаргаж тавьсан учиртай.

Профессор Сандел энэхүү цуврал лекцийнхээ эхнээс л “Хүний амь насыг хэрхэн үнэлэх вэ? Амь насыг мөнгөөр хэмжиж болох уу?” гэсэн асуудлыг тавьж ирсэн. Энэ удаад ч бас цэрэг армийн асуудлыг гарган тавьж, сайн дурын цэргийн албаны систем, албадан цэрэг татлагын систем, мөн иргэний дайны үеийн хольмог систем гурвыг харьцуулсан мэтгэлцээнийг оюутнуудын дунд өрнүүлж, түүнээс урган гарах суурь асуудлын талаар тунгаасан учиртай.

Мөн либертаризмын шүүмжлэл гэдэг талаас харвал, цэрэг арми ба зах зээлийн хоорондын холбоо ч бас мэтгэлцээний нэг сэдэв болно. Сайн дурын цэргийн алба гэж хэлдэг ч, үнэндээ цалинтай цэргийн алба тул, сайн дурын цэргийн албаны систем болон иргэний дайны үеийн хольмог систем нь бодит байдал дээр “ядуу хүмүүсийн мөнгөний төлөө явдаг алба болчихсон юм биш үү?” гэсэн асуудал гарч ирсэн.

Тийм өнцгөөс харах юм бол, баян хүмүүсийн хувьд “Ядуучуудаа дайнд явуулахад л болоо юм чинь, дайн хийхэд асуудал байхгүй” гэсэн хандлага төрөхийг ч байг гэхгүй. Бодит байдал дээр зах зээл болон баян хоосны ялгаа үүнтэй холбогдож ирдэг.

Тиймээс тэр мэт шударга бусаас сэргийлэхийн тулд, ёс суртахуун талаас нь харвал сайн дурын цэргийн албанаас илүү албадан цэрэг татлагын систем нь зохистой бус уу, гэсэн асуудал дэвшүүлэгдэнэ. Албадан цэрэг татлагын систем нь эх оронч үзэл, эсвэл иргэний үүрэг зэргээр зөвтгөгдөх нь түгээмэл учир эдгээр нь ч бас мэтгэлцээнтэй холбогдож буй юм.


No comments:

Post a Comment