2018/02/04

Шударга ёсны лекц: Намайг хэн өмчилдөг вэ?

Өмнөх - "Татвар" шударга ёсонд нийцэх үү?

Сандел:
Өмнөх лекцээр либертаризм (чөлөөт зарчмын үзэл)-ын тухай ярилцсан. Энэ удаа ч бас орлогын дахин хуваарилалтыг дэмжигч эсэргүүцэгчдийн дунд мэтгэлцээн өрнүүлье гэж бодож байна.
Гэхдээ түүний өмнө “Минимал төр” (жижиг төр)-ийн талаар ганц үг хэлээд орхиё.


Либертарист эдийн засагч Милтон Фридман, төр хариуцах нь мэдээжийн мэтээр бид бүгдийн боддог олон үйлчилгээнүүдийг үнэндээ тийм байх албагүй хэмээн онцолдог. Тэдгээр үйлчилгээнүүд бол эцгийн халамжит үзэл. Жишээлбэл Фридман нийгмийн халамжийн системийг тэгж нэрлэсэн. Фридманыхаар бол, орлоготой үедээ сайн гэгч хуримтлуулан, хөгшрөхдөө бэлдээд авах нь сайхан санаа. Гэвч “хүмүүс хуримтлуулмаар байна уу, үгүй юу” гэдгийг үл харгалзан, орлогынхоо тодорхой хэсгийг хөгшрөхдөө бэлдээд хадгал гэж хүчээр шаардах нь хүний эрхэнд халдаж буй явдал бөгөөд буруу. Хэрвээ аз эзээ үзмээр байгаа ч юм уу, “Өнөөдөр гэдэг өдрийг л томхон амьдраад өнгөрвөл хөгширсөн хойноо ядуу явсан ч хамаа алга” гэж бодох хүн байвал, тэр бол тухайн хүний л сонголт. Эрсдэл үүрэх эсэхээ тэр хүн чөлөөтэй сонгож болно.
Тиймээс нийгмийн халамжийн бодлого хүртэл Милтон Фридманы онцлох минимал төртэй авцалдахгүй зүйл юм. Цагдан сэргийлэх болон гал сөнөөх гэх мэт дундын өмч ч бас үйлчилгээг нь нээлттэй хүртээхгүй бол туулайчлагч (буюу free rider) гэсэн асуудлыг байнга төрүүлдэг. Туулайчлагч гэдэг нь үйл ажиллагаанд шаардлагатай хөлсийг нь төлөхгүйгээр өөртөө завшдаг хүмүүсийг хэлдэг.
Гэхдээ туулайчлагчдаас сэргийлэх арга ч бий. Нийгмийн үйлчилгээ (дундын өмч) гэдгээс өөр хэлбэртэй байж болох талаар төсөөлж ч байгаагүй гал сөнөөх үйлчилгээг жишээ нь хязгаарлах боломжтой.

Жаахан дээхэн, гишүүнчлэлтэй гал сөнөөх үйлчилгээний компанийн талаарх нийтлэл уншиж байсан юм. Аркансас дахь “Салем гал сөнөөх компани”. Тэр компанид бүртгүүлж жилийн хураамжаа төлбөл, гэрт гал гарсан тохиолдолд галыг унтрахаар ирнэ. Гэхдээ компани гал болгоныг унтраагаад байхгүй. Гишүүний гэрт гал гарсан бол ирж унтраана. Бас гал тархаад гишүүний гэрт ойртоод ирвэл унтраана.
Сонины нийтлэлд, өмнө нь тэр компанид гишүүнчлэлтэй байсан боловч гэрээгээ сунгаагүй гэрийн эзний тухай бичсэн байсан юм. Түүний гэрт гал гарчээ. Гал сөнөөгч компанийн галын машинууд ирж, асч байгаа түймрийг зүгээр л хараад байж. Түймэр хаашаа тархах нь уу гэдгийг харж байгаа нь тэр. Гэрийн эзэн гал сөнөөгчдийн ахлагчаас асууж л дээ. Үгүй ээ, үнэндээ бол CEO (гүйцэтгэх захирал) нь байсан байх (хахаха). “Гал унтраах хэрэгсэлтэй ирчхээд яагаад унтраахгүй зүгээр хараад байгаа юм бэ?” гэж. Тэгсэн нөгөөх нь “Гишүүний үл хөдлөх хөрөнгөд аюул байхгүй эсэхийг нягталбал, бид нар үүргийн дагуу буцахаас өөр аргагүй.” гэж хариулж. “Түймэр болгоныг унтраагаад байвал гишүүн байхын давуу тал байхгүй болчихно.” гэнэ.
Тухайн үед гэрийн эзэн газар дээр нь гэрээгээ сунгахыг оролдсон боловч (Бүгд хахаха), компанийн төлөөлөл зөвшөөрсөнгүй. Урьдчилж бэлдэхээс залхуурчхаад, одоо хойноос нь даатгуулна гэж байхгүй. Бид бүхний мэдээжээр засгийн газар л хариуцах ёстой нийтийн үйлчилгээ гэж боддог зүйлс хүртэл, тэдний олонход хязгаар тогтоох боломжтой бөгөөд, зөвхөн мөнгө төлсөн хүмүүст л тусгай үйлчилгээ үзүүлдэг болгож болно. Эдгээр нь бүгд дундын өмч тойрсон сэдэв гэх мэт эцгийн халамжит үзэлд либертаричуудын зүгээс хориг тавьдаг асуудлууд юм.

За ингэсгээд дахин хуваарилалтын талаарх мэтгэлцээндээ орцгооё. Жижиг төрийн талаарх либертарист үзлийн үндэс язгуурт байгаа зүйл бол “албадлага”-д хандах болгоомжлол. Гэтэл, албадлага ер нь яагаад болохгүй юм бол?
Либертаричуудын хариулт бол ийм. “Хэн нэгэн хүнийг албадах, нийтийн сайн сайхны төлөө хэн нэгнийг ашиглах нь буруу. Яагаад гэвэл, хүн өөрийгөө өмчилдөг хэмээх суурь факт, өөрийгөө өмчлөгч хэмээх ёс суртахууны суурь фактыг хөндөхөд хүрэх учраас тэр.”
Либертаричууд дахин хуваарилалтыг эсэргүүцдэг гол аргумент (үндэслэл) бол “Намайг өмчилдөг нь зөвхөн би” гэсэн суурь үзэл юм. Нозикийн үгээр бол, хэрвээ нийгэм Билл Гейтс болон Майкл Жорданаас хөрөнгөнийх нь тодорхой хэсгийг татвар болгон хурааж авч болдог гэвэл, нийгэмд Билл Гейтс болон Майкл Жорданы хөрөнгийг хамтрах эзэмших эрх бий гэсэн үг болно.
Гэтэл тийм бол “Намайг өмчилдөг нь зөвхөн би” хэмээх суурь зарчимтай зөрчилдөнө.

За тэгэхээр либертарист үзэлд хандах няцаалтууд олноор гарч ирсэн. Өнөөдөр энд сууж байгаа та нарын доторх либертаричуудад тэдгээр няцаалтуудад хариулах боломж олгоё. Хэдэн хүн энэ хичээлийн блогт оролцож, либертаризмын няцаалтуудад хариу барьж, либертаризмд онолын нотолгоо оноохоор болсон байгаа. Либертаризмыг өмгөөлж, няцаалтуудад хариулахаар бэлдэж ирсэн хүмүүс гараа өргөөрэй. (Алекс гараа өргөв).
Нэр хэн бэ?

Алекс:
Алекс Харрис.

Сандел:
Алекс! Блог дээр од болоод байсан чинь чи юу? Алив энд хүрээд ир. Энийг “Либертаричуудын улаан булан” болгочъё (Бүгд хахаха). Өөр либертари хүн байна уу?
(Жон гараа өргөв).
Хэн билээ?

Жон:
Жон.

Сандел:
Жон?

Жон:
Шефилд.

Сандел:
Жон Шефилд. Өөр? Тулалдах бэлтгэлтэй эрэлхэг либертари өөр байна уу? (Жулия гараа өргөв)

Хэн бэ?

Жулия:
Жулия.

Сандел:
Жулия. Энд хүрээд ир. Ингээд Либертари баг бүрдлээ (Бүгд хахаха). Жулия, Жон, Алекс.

Баг бүрдсэн болохоор, лекц болон блог дээр гарсан гол гол няцаалтуудыг эмхэтгэж харцгаая.
Хамгийн эхний няцаалт энэ байсан:
“Ядуу хүмүүст мөнгө илүүтэй шаардлагатай.”
Маш ойлгомжтой няцаалт. Тэр шаардлагын түвшин нь Билл Гейтс болон Жордан нарынхаас хамаагүй өндөр биз.

Хоёр дахь няцаалт бол “Татвар хураах нь боолын систем биш.”
Ямар ч байсан ардчилсан нийгэмд татвар ногдуулж буй нь боолын эзэд биш парлиамент юм чинь, гэсэн санаа. Парлиамент бол ардчилсан шинжтэй учраас...
Инээгээд байна уу, Алекс? Няцаалтад хариулах итгэл дүүрэн болоод уу? (Алекс толгой дохив).
Ард түмний төлөөллийн зөвшөөрөлтэй татвар бол албадлага биш.

Гурав дахь няцаалт бол, Гейтс мэтийн амжилтанд хүрсэн хүмүүс амжилтынхаа хэрээр нийгэмд өртэй учраас, татвар хэлбэрээр тэр өрөө буцааж төлөх ёстой гэсэн санаа.


Хамгийн эхний “Ядуу хүнд илүүтэй мөнгө шаардлагатай” гэдэгт ямар хариулт хэлэх вэ?

Жон:
Ядуу хүнд илүүтэй мөнгө шаардлагатай гэдгийг сайн ойлгож байна. Би ч гэсэн Билл Гейтс надад 1 сая доллар өгвөл, үгүй ээ 1,000 доллар ч байсан зөндөө баярлана (хахаха). Гэхдээ баялгийн дахин хуваарилалтад давуу тал байна гэдэг үндэслэлээр хүний өмчлөх эрхэнд халдахыг зөвтгөх боломжгүй болохыг ойлгох хэрэгтэй. “Ядуу хүнд илүүтэй мөнгө шаардлагтай” гэсэн ярианы тухай бодохдоо ч бас “хүн өөрөө өөрийгөө өмчилдөг” гэсэн зарчмыг зөрчиж болохгүй. Хүнд өмчлөх эрх гэж бий. Түүнийг хэдий сайн зүйлийн төлөө ч бай муу зүйлийн төлөө ч бай, хэсэг хүмүүсийн аж амьдралд шаардлагатай ч бай, тэр нь эрхэнд халдах үндэслэл болох учиргүй.
Гэхдээ сайн дурын буяны үйлс гэдэг арга бий. Милтон Фридман энэ тухай онолдсон байдаг.

Сандел:
Билл Гейтс өөрөө л хүсвэл түүний хөрөнгийг тарааж болно?

Жон:
Тийм.

Сандел:
Гэхдээ албадаж бол болохгүй?

Жон:
Аанха.

Сандел:
Ядуу хүнд тэр нь хэрэгтэй байсан ч уу?

Жон:
Тийм ээ.

Сандел:
Нөгөө хоёр ч бас санал нэгтэй байна уу?

Жулия:
“Ямар нэгэн юм шаардлагатай” болон “ямар нэгэн юм хүртэх гавьяатай” хоёр хоорондоо ялгаатай гэж бодож байна. Төгс нийгэмд байсан бол, бүх хүний шаардлага хангагдах л байсан байх, энд бол бид нар юу хүртэх гавьяатай вэ гэдгийг хэлэлцэж байгаа болохоор...

Сандел:
Тэгвэл, ядуу хүмүүс Майкл Жорданаас авсан татварын мөнгөнөөс тусламж хүртэх гавьяагүй гэсэн үг болох нь ээ? (Бүгд хахаха)

Жулия:
Энэ хүртлэх мэтгэлцээний урсгалаар бол, тийм гэж бодож байна.

Сандел:
Жулия! Ахиад жаахан тэр талаар тодруулаач. Катерина хар салхинд өртсөн хохирогчид хүнд нөхцөлд байна, тэдэнд тусламж хэрэгтэй. Тийм байсан ч тэд татвараар бий болсон нэгдсэн улсын засгийн газрын тусламж хүртэх гавьяагүй юу?

Жулия:
Хэцүү асуулт байна. Энэ бол тусламж хэрэгтэй боловч, тусламж хүртэх гавьяагүй тохиолдол гэж бодож байна. Гэхдээ амь насаа алдаж ч мэдэх түвшинд очвол туслах хэрэгтэй. Хоол хүнс, орогнох орон гэх мэт.

Сандел:
Тусламж хэрэгтэй болон тусламж хүртэх гавьяатай хоёр тусдаа гэж үү?

Жулия:
Тийм ээ.

Сандел:
Няцаах хүн байна уу?

Раул:
Эхний мэтгэлцээний сэдэв, хувь хүний өмчлөх эрхийн тухай ярианд буцаж очиход, өмчлөх эрх бол төрийн зохицуулалтаар хэрэгждэг. Төр нь ардчилсан төр бөгөөд, тэнд эрх бүхий бидний төлөөлөл бий. Ийм дүрмээр ажилладаг нийгэмд амьдарч байгаа юм чинь, татвараар дамжуулан баялгийг хэрхэн хуваарилахыг төрд даатгах ёстой. Тэрэнд дургүй байгаа бол тэгж ажилладаг нийгэмд амьдрах шаардлага байхгүй.

Сандел:
Сайн байна. Нэр хэн бэ?

Раул:
Раул.

Сандел:
Раулын саяын хариулт бол яг хоёр дахь няцаалт байлаа. Хэрвээ засаглагч талын зөвшилцлөөр бий болсон татварт албадлага бий гэвэл, тэр нь зүй ёсных гэсэн үг. Билл Гейтс ч, Майкл Жордан ч Америкийн иргэн, парлиаментын сонгуульд саналаа өгөх ч эрхтэй, бусад бүгдийн адилаар төрийн бодлогын талаарх өөрийн итгэл үнэмшлээ сонгуульд санал өгөх хэлбэрээр илэрхийлэх боломжтой. Үүнд ямар няцаалт өгөх вэ, Жон?

Жон:
Үндсэндээ либертаричууд үүн дээр гаргаж тавьдаг нь, доод давхрагын 10%-ийн төлөө дээд давхрагын 10% юу хийх ёстойг дунд давхрагын 80% шийдэж байгаа явдал.

Сандел:
Хүүе хүүе, Жон. Наадах чинь олонхын шийдвэр шүү дээ? Чи арай ардчилалд итгэдэггүй юм биш биз дээ?

Жон:
Тэр ч тийм л дээ...

Сандел:
Ардчилсан нийгэмд олонхын шийдвэр үйлчилдэг гэсэн дүрэмтэй байх аа? Талаас олонх нь ялдаг. Ардчиллыг эсэргүүцээд байна уу?

Жон:
Үгүй ээ, яалаа гэж. Ардчиллыг дэмждэг. Гэхдээ... (Бүгд хахаха)
Түр хүлээгээрэй. Ардчилал болон олонхын дарангуйлал (mob rule) хоёр нэг зүйл биш.

Сандел:
Олонхын дарангуйлал?

Жон:
Тийм ээ.

Раул:
Гэхдээ нээлттэй нийгэмд чи өөрийнхөө саналыг төлөөлөгчөөрөө дамжуулан илэрхийлдэг. Хэрвээ засаглагч талын дийлэнх олонхын шийдвэр чинийхтэй нийцэхгүй байсан ч, чи энэ нийгэмд амьдрахыг сонгосон л юм бол дийлэнх олонхын сонголтыг хүлээн зөвшөөрөх ёстой.

Сандел:
Алив Алекс! Ардчиллын талаар юу гэж бодож байна?

Алекс:
Парлиаментын нэг гишүүний хувьд миний санал бол 500,000 мянган саналын ердөө ганц л төдий учир, тэр бол өөрийнхөө өмчлөх эрхээ хэрхэн эдлэхийг өөрөө шийдэж байгаагаас өөр. Хувин доторх ганц дусал л гэсэн үг.

Сандел:
Чиний санал тусгагдахгүй гэж үү?

Алекс:
Тийм.

Сандел:
Тусгагдахгүй бол яах вэ?

Алекс:
Татвараа төлнө. Татварыг төлөх төлөхгүйгээ шийдэх эрх надад байх биш. Төлөхгүй гэвэл шоронд орох юм уу, энэ улсаас гар гэх байлгүй.

Сандел:
Гэхдээ, Алекс! Ардчиллын талаар бяцхаан өмгөөлөл хиймээр байна л даа (хахаха). Чи юу гэх вэ?
Бид нар үг хэлэх эрх чөлөө бүхий ардчилсан нийгэмд амьдарч байна. Сонгуулийн сурталчилгаа хийж, татвар ногдуулах нь буруу болохыг иргэдэд ухуулж, дийлэнх олонхын саналыг цуглуулж яагаад болохгүй гэж?

Алекс:
Өөрийнхөө эрхийг эдлэхийн төлөө 280 сая хүнийг ухуулах шаардлагатай гэж бодохгүй байна. Тэгж өөрийгөө зовоохгүй байсан ч, эрхээ эдлэх боломжтой байх ёстой гэж бодож байна.

Сандел:
Тэгвэл чи ардчиллыг эсэргүүцдэг байх нь ээ?

Алекс:
Үгүй ээ, миний хувьд хязгаарлагдмал хэлбэрийн ардчиллыг дэмжинэ. Ардчилсан зарчмаар шийдэж болох асуудлын хүрээг хатуу хязгаарласан, үндсэн хуульт ардчиллыг дэмжинэ.

Сандел:
Тийм үү. Тэгвэл үндсэн эрхэнд л гар хүрэхгүй байвал ардчилал ОК гэсэн үг үү?

Алекс:
Тийм.

Сандел:
Чи уул нь ухуулга хийвэл ялна даа? Чиний санаанд ахиад ганц элемент нэмэрлээд өгье. Эдийн засгийн мэтгэлцээн, татварын талаарх яриаг түр хойш нь тавьчъя. Шашин шүтэх эрх чөлөөний талаар мэтгэлцэж байна гэж бодъё л доо. Чи ухуулга хийхдээ “Хувь хүний шашин шүтэх эрх чөлөөний асуудлыг сонгуулиар шийдэж болохгүй” гэх байх тийм үү?

Алекс:
Яг тэгнэ. Тийм ч учраас үндсэн хуулинд өөрчлөлт оруулахад илүү чанга нөхцөл байдаг, тиймдээ ч үндсэн хуулийг засах нь асар хүнд ажил болдог.

Сандел:
Өөрөөр хэлбэл, хувийн өмчийн талаарх эрх, Майкл Жордан өөрөө олсон мөнгөө бүгдийг нь өөртөө эзэмших эрх, үгүйдээ л түүнийг нь дахин хуваарилахаас хамгаалах эрх бол үг хэлэх эрх, шашин шүтэх эрхтэй адилаар нийгмийн дийлэнх олонхын санаархлыг дараад ч болтугай хамгаалах ёстой чухал эрх байх нь ээ?

Алекс:
Яг тийм. Үг хэлэх эрх байгаа нь, бидэнд өөрийгөө өмчлөх эрх болон үзэл санаагаа хэрэгжүүлэх эрх байгаагийн ач.

Сандел:
Баярлалаа. Саяын ардчиллын хэлбэрийн тухай ярианд саналаа хэлэх хүн байна уу? Тэнд байгаа чи!

Ана:
Шашин ба эдийн засаг хоёр ижил зүйл биш гэж бодож байна. Билл Гейтс зөндөө мөнгө олж чадсан нь, нийгэм маань эдийн засгийн хувьд тогтвортой байгаагийн ач. Төр хамгийн ядуу давхрагын 10%-д туслаагүй бол гэмт хэргээс сэргийлэхийн төлөө бүр их татвар хураах шаардлага гарах байсан биз. Шаардлагатай зүйлсийг төрөөс хангахын тулд бүр их хэмжээний татвар хураахад хүрнэ гэж бодож байна.

Сандел:
Нэр хэн бэ?

Ана:
Ана.

Сандел:
Нэг юм асууя. Шашин шүтэх эрх, Алексийн хэлж байгаа хувийн өмчийн эрхээс ямар ялгаатай юм бол? Тэр ялгааг юу гэж бодож байна?

Ана:
Яагаад гэвэл нийгэм тогтворгүй байх юм бол баяжих ч боломжгүй болж, хөрөнгөө өмчлөхөд хүндрэл гарна. Шашин бол хамаагүй хувь хүнтэй холбоотой зүйл, гэртээ ганцаараа шүтээд байж байхад л болно. Би өөрийнхөө шүтэх шашны номлолыг дагалаа гээд хажуу айлын хүнд ямар ч гай болохгүй. Харин би ядуу байх юм бол цөхөрч галзуурахдаа гэр бүлийнхээ төлөө гэмт хэрэг хийж ч магадгүй. Тэр нь бусдад нөлөөлнө.

Сандел:
Сайн ойлголоо, баярлалаа.

Өлсгөлөн гэр бүлээ тэжээхийн төлөө талх хулгайлах нь буруу болов уу?

Алекс:
Буруу.

Сандел:
Ер нь та 3 дээр санал хураая. Чи бол буруу гэж байна тийм үү?

Алекс:
Тийм ээ.

Сандел:
Жон?

Жон:
Өмчлөх эрхэнд халдаж байгаа учир буруу.

Сандел:
Гэр бүлээ тэжээхийн төлөө байсан ч уу?

Жон:
Гэхдээ өөр арга байх л ёстой. Хулгайг зөвтгөхөөс өмнө... Намайг шоолохоо түр хүлээж байгаарай (Бүгд хахаха).
Хулгайг зөвтгөхөөс өмнө, бид бүгдээр нэгэнт оршин байдаг гээд хүлээн зөвшөөрчихсөн эрх зөрчигдөж байгааг бодолцох ёстой. Өөрийгөө өмчлөх эрх, хувийн өмчийн эрхийг бид “оршин байдаг эрх мөн” гээд хүлээн зөвшөөрчихсөн шүү дээ.

Сандел:
Тэр бол хулгай. Юм гэвэл өмчлөх эрх асуудлын гол нь биш гэсэн үг үү?

Жон:
Аанха, гэхдээ...

Сандел:
Яагаад гэр бүлээ тэжээхийн тулд хулгай хийж болохгүй гэж?

Жон:
Багш та анхны лецээр ярьж байсан шиг, сайн үр дагавар гарна гэдэг нэрийдлээр бүх үйлдлийг зөвтгөх боломжгүй байдаг.

Сандел:
Жулия! Чи юу гэж бодож байна? Гэр бүлээ тэжээхийн төлөө хулгай хийх, хүүхдээ үхүүлэхгүйн тулд шаардлагатай эм хулгайлахыг өршөөх үү?

Жулия:
Би бол болно л гэж бодож байна. Либертарист онолын үүднээс бодсон ч, зөндөө мөнгөтэй хүнээс зохистой хэмжээний мөнгийг авч ядууст тарааж болно гэж бодож байна. Талх хулгайлж байгаа хүн гэхэд л өөрийгөө аврахын төлөө өөрөө гүйж байна. Өөрийгөө өмчлөх тухай үзлээс харсан ч хүн өөрөө өөрийгөө хамгаалах эрхтэй байх учиртай. Тиймээс либертарист онолын үүднээс авч үзсэн ч өршөөгдөнө гэж бодож байна.

Сандел:
Маш сонирхолтой мэтгэлцээн болж байна.

За тэгвэл 3 дахь нь, амжилтанд хүрсэн чинээлэг хүн нийгэмд өртэй гэсэн няцаалт байсан. Бүгд цэвэр өөрийн хүчээр амжилтанд хүрсэн учиртай биш. Бусдын дэмжлэг туслалцааны ачаар амжилтанд хүрсэн болохоор тэд нийгэмд өртэй бөгөөд, тэр нь татвар гэсэн хэлбэрээр илэрхийлэгдэнэ. Жулия! Энийг чи юу гэж бодож байна?

Жулия:
Үүний талаар бол миний хувьд “дандаа тэнцүү хуваадаг нийгэм” маягийн юм байхгүй гэж бодож байна. Тийм хүмүүс баян болсон нь, нийгэм тэднийг өндрөөр үнэлсэн болохоор тэр. Тэд нийгэмд аль хэдийнэ үйлчилгээ үзүүлж, нийгэм түүнд нь төлбөр төлсөн бөгөөд, түүний үр дүнд тэд баян болцгоосон учиртай.

Сандел:
Ойлгомжтой байх үүднээс Майкл Жорданыг жишээ болгож бодъё. Жордан баян болж чадсан нь багийн гишүүд, дасгалжуулагч, сагс тоглохыг зааж өгсөн хүмүүсийн ач байлаа ч, тэд аль хэдийнэ тэр үйлчилгээнийхээ хөлсийг авцгаасан гэсэн үг үү?

Жулия:
Тийм ээ. Жорданы тоглолтыг үзсэнээр нийгэм тэндээс үлэмж таашаал авч, Жордан аль хэдийнэ нийгэмдээ өрөө төлсөн гэж бодож байна.

Сандел:
Сайхан мэтгэлцээн болж байна.
Саяын саналын тухайд хариу саналтай хүн байна уу?

Виктория:
Нийгэм дотор амьдарч байх үед “хүн өөрөө өөрийгөө өмчилдөг” гэсэн суурь нөхцөл өөрөө асуудалтай гэж санагдаж байна. Нийгмийн дунд амьдрахын тулд өөрийгөө өмчлөх эрхээсээ татгалзахгүй бол болохгүй. Жишээ нь би дургүй хүнээ алмаар байна гэж боджээ гэе. Тэр бол миний өөрийгөө өмчлөх эрх боловч, нийгмийн нэг гишүүн мөн л бол тэгж болохгүй. Энэ бол “хэрвээ надад мөнгө байсан бол хүмүүсийг авармаар байна” гэдэгтэй адилхан яриа. Өөрийгөө өмчлөх эрхэнд хязгаар бий, яагаад гэвэл нийгэмд амьдарч байгаа л хойно бусдыг бодолцохгүй бол болохгүй болохоор тэр.

Сандел:
Нэр хэн билээ?

Виктория:
Виктирия.

Сандел:
Чи тэгэхээр хүмүүс өөрийгөө өмчилдөг гэсэн хамгийн суурь нөхцөлд нь эргэлзэж байгаа хэрэг байх нь ээ?

Виктория:
Тийм ээ. Нийгэм дотор амьдрах замыг сонгосон бол өөрийгөө бүрэн өмчлөх боломжгүй. Эргэн тойрны хүмүүсээ үл тоож болохгүй учраас.

Сандел:
Сайн байна. Сүүлчийн асуудал дээр Либертари багийн няцаалтыг сонсмоор байна. Сүүлчийн асуудал бол Викториягийн хэлсэнчлэн “Бид нар өөрийгөө бүрэн өмчилдөггүй юм биш үү?” гэсэн санаа. Билл Гейтс болон Майкл Жордан баян болсон нь тэд нарын зөвхөн өөрсдийнх нь хүчин чармайлтаас үүдэлтэй биш. Олон олон аз завшааны нийлбэр дүн бөгөөд, тиймийн учир олсон мөнгө нь бүгд ёс суртахууны хувьд өөрсдийнх нь өмч гэж хэлэх боломжгүй.


Юу гэж няцаамаар байна? Алекс?

Алекс:
Цэвэр сэтгэл байвал тийм их хөрөнгийг ганцаараа эзэгнэх учиргүй гэж хэлэх хүн байж магадгүй ч, энэ бол ёс суртахууны асуудал биш. Асуудлын гол нь, тэд хүмүүст ямар нэгэн үйлчилгээг чөлөөт солилцооны хэлбэрээр нийлүүлсний үр дүнд одоо байгаа эд хөрөнгөө өөрийн болгосонд байгаа юм.

Сандел:
Сайн байна.
За өнөөдрийн мэтгэлцээнээс сурсан зүйлээ эмхэтгэж харъя. Түүний өмнө Жон, Алекс, Жулия гурвын зүтгэлд талархъя (Бүгд алга ташив).

Саяын мэтгэлцээний төгсгөлд, Виктория либертари онолын суурь нөхцөлд хандаж эргэлзээ чулуудсан. Бид бүхэн яг үнэндээ өөрийгөө өмчилдөггүй юм биш үү, гэх эргэлзээ.
Дахин хуваарилалтыг эсэргүүцэх либертаризмын аргументыг (үндэслэлийг) хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд, либертари онолын гаргалгааг тасалж болох цэг нь онолын хамгийн эхлэл хэсгийн дөнгөж онол өрнөх түвшинд байх шиг байна. Энэ үндэслэлээр олон хүмүүс “Татвар гэдэг бол ёс суртахууны хувьд албадан хөдөлмөр эрхлүүлэлттэй ижилхэн” гэсэн санааг үгүйсгэдэг.
Гэвч либертарилаг сэтгэлгээний үндэс язгуурт байгаа, түүний цөмийг бүрдүүлж буй үзэл санааг юу гэж бодож байна? “Хүн өөрийгөө өмчилдөг” гэх нь үнэхээр үнэн үү? “Хүн өөрийгөө өмчилдөг” гэсэн зарчим байхгүйгээр либертаричууд санаархалдаа хүрэх боломжтой юу? Либертаричуудын санаархал гэдэг нь, шударга ёс гэдэг нэрийн дор хэсэг хүмүүсийг бусад хүмүүсийн сайн сайхны төлөө ашиглачхаж болдог тийм нийгэм байгуулахаас сэргийлэх явдал.

Либертаричууд “Хүнийг бүлгийн аз жаргалын төлөөх багаж байдлаар ашиглаж болно” гэх утилитари маягийн үзлийг зөвшөөрдөггүй. Тэгээд утилитари маягийн “хүнийг ашиглах” үзлийг зогсоохын тулд хүн байгалиасаа өөрөө өөрийгөө өмчилдөг гэсэн санааг гаргаж тавих нь үр дүнтэй гэж үзсэн. Тэд бол Алекс, Жулия, Жон, тэгээд Роберт Нозик нар байсан.
Өөрийгөө өмчлөх тухай санааг үгүйсгэчихвэл тэр нь шударга ёсны зарчим болон хүний эрхийн ач холбогдолд хэрхэн нөлөөлөх бол? Бид бүхэн буцаад утилитаризм руугаа орж, хувь хүнийг нийт бүхлийн төлөө ашиглаж, тарган залууг гүүрнээс түлхэн унагаадаг болох болов уу?

“Өөрийгөө өмчлөх” гэдэг санаа бол үнэндээ Роберт Нозик өөрөө бодож олсон зүйл биш. Нозик үүнийг философич Жон Локоос зээлж авсан байдаг. Жон Лок нь Нозик тэргүүтэй либертаричуудын хэрэглэсэнтэй тун төстэй онолын гаргалгаа хийн байгалийн төлвөөс хувийн өмч үүсдэг тухай тайлбарладаг. Жон Локийнхоор бол, хараахан өмчлөгдөөгүй байгаа зүйлсэд хөдөлмөр шингэснээр сая хувийн өмч үүсч, бид тэдгээр зүйлсийг өмчлөх эрхийг олж авдаг. Түүний шалтгаан нь гэвэл, бид өөрсдийн хөдөлмөрөө өмчилдөг учраас тэр.
Яагаад бид өөрсдийн хөдөлмөрөө өмчилдөг вэ гэхээр, бид өөрсдийгөө өмчилдөг болохоор тэр. Тиймээс, хүн өөрийгөө өмчилдөг гэх либертарилаг аргументын ёс суртахууны чадавхийг нь шалгая гэвэл, Английн улс төрийн философич Жон Локийн хувийн өмч болон өөрийгөө өмчлөх тухай тайлбарыг судлах шаардлагатай. Үүнийг дараагийн хичээл дээр ярилцацгаая (Бүгд алга ташив).

Тайлбар:

Энэ удаа ч бас либертаризмын тайлбар явсан ба, нийгмийн халамжийг шүүмжлэхдээ “Баян хүнээс мөнгө хурааж нийгмийн халамжид зарцуулах санаа бол хүмүүсээр албадан хөдөлмөр эрхлүүлж байгаатай адилхан гэж хэлж болохуйц бөгөөд, боолын систем маягийн зүйл юм” хэмээн тун хурцаар хэлж байна.

Эдийн засгийн байр суурьнаас ч бас нийгмийн халамжийн бодлогыг буруушаах нь байдаг ч, либертаризмд үүнийг зөвхөн шударга ёс гэсэн өнцгөөр туйлын хүчирхэг логик гаргалгаа хийн шүүмжилдэг учиртай.

Энэ нь “Чөлөөт зах зээл л хамгийн чухал. Чөлөөт өрсөлдөөн л хамгийн чухал” гэсэн үзлийн суурь нь болж өгдөг тул, өнөө цагт маш нөлөө бүхий үзэл болоод байгаа. Мөн профессор Сандел өөрийн философио дэлгэрүүлж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл Америк, цаашлаад дэлхий даяар гол сэдвүүдийн нэг болон яригдаж, бодит улс төрд хүчтэй нөлөөлж буй тул, профессор Сандел ч бас чухал ач холбогдол өгөн нухацтай тайлбарлалаа.

Үүнийхээ тулд оюутнуудаар хэрэг болгож либертари баг хүртэл бүрдүүлж, либертари онолын мэтгэлцээн өрнүүлсэн. Оюутнууд ч зоригтойгоор, маш тодорхой мэтгэлцээн өрнүүлж чадлаа гэж санагдана.

Цаашлаад уг мэтгэлцээнд илүү гүнзгий философилог асуудал байгаа болохыг профессор Сандел тайлбарласан. “Хүн бол тус тусдаа салангид оршихуйнууд бөгөөд, тэдгээр салангид оршихуйнууд өөрсдийгөө өмчилж байдаг” хэмээх нь либертарилаг шударга ёсны үзлийн гол үндэслэл нь байсан. Гэвч, оюутнууд “Үнэхээр тийм гэж үү? Хүмүүс тус тусдаа салангид оршихуй төдий бус, нийгмийн шинжтэй биш үү?” гэсэн асуудлыг дэвшүүлсэн. Үнэндээ бол чухам энэ санаа профессор Санделын хэлэхийг хүссэн зүйл бөгөөд, профессорын либертаризмд хандсан шүүмжлэлийн цөм санаа нь билээ.





No comments:

Post a Comment