2018/01/23

Шударга ёсны лекц 3-1: "Татвар" шударга ёсонд нийцэх үү?

Өмнөх - Дээгүүр болон доогуур зэрэглэлийн таашаал

Сандел:
Өмнөх лекцүүдээр Бентамын утилитари үзлийн эсрэг байр сууринд сөргүүлэн тавьсан Жон Стюарт Миллийн няцаалтын талаар ярилцсан.
Милл “Утилитаризм” хэмээх өөрийн бүтээлдээ Бентамын үзлийг шүүмжлэгчдэд хандаж, утилитари үзлийн хүрээн дотор “дээгүүр болон доогуур зэрэглэлийн таашаалыг хооронд нь ангилах боломжтой” болохыг нотлохыг зорьсон байдаг. Бид тэр санааг нь Симпсонс болон Гамлетыг ашиглан туршилт хийж үзсэн.

Гэтэл туршилтын үр дүн биднийг Миллийн санаанд эргэлзэхээс аргагүй байдалд хүргэсэн. Та нарын олонх нь Симпсонст дуртай боловч, Гамлетыг дээгүүр зэрэглэлтэй үнэ цэнэ бүхий таашаал гэж үзсэн. Энэ бол Миллийн хэлснээс өөр үр дүн юм. Милл Утилитаризм номынхоо 5-р бүлэгт хувь хүний эрх болон шударга ёсыг онцгойлон чухал зүйл болохыг тайлбарлахыг оролдсоныг юу гэж бодож байна?
Милл хувь хүний эрхийг онцгойлон дээдлэх ёстой зүйл гэж тунгаасан. Бодитоор, шударга ёс гэдэг бол ёс суртахууны хамгийн халдашгүй ариун хэсэг бөгөөд, бусад юутай ч харьцуулашгүй хүчин төгөлдөр шинжтэй гэж бичсэн байдаг.
Гэвч энэ хэсгийн тухайд ч адилхан эргэлзээ чулуудах боломжтой гэж санагдана. Яагаад шударга ёс нь ёс суртахууны доторх хамгийн чухал бөгөөд, өөр юутай ч харьцуулашгүй хүчин төгөлдөр юм бэ? Миллийн тайлбараар бол, хэрвээ бид бүхэн шударга ёсыг баримталж, хүний эрхийг дээдэлбэл алсдаа нийгэм бүхэлдээ зөв зүг рүү хандах болно. Үнэхээр тэгэх үү?
Хэрвээ зарим онцгой тохиолдол гараад, хувь хүний эрхэнд халдсан чинь хүмүүсийн аж амьдрал сайжрах жишээ олдвол яах вэ? Тийм тохиолдолд хүнийг ашиглах нь асуудалгүй юу? Шударга ёс болон хүний эрхийн талаарх Миллийн санаанд ахиад ч няцаалт өгөх боломжтой.

Миллийн хэлж буйчлан, алс хэтдээ утилитаризмын тооцоолол зөв ажиллажээ гэж бодъё. Хүний эрхийг дээдэлснээр нийгмийн бүх гишүүдийн амьдрал үнэхээр сайжирсан байг.
Гэсэн ч энэ нь зөв үндэслэл болох уу? Нийгмийн сайн сайхны төлөө гэдэг зөвхөн тэр үндэслэлээр хүний эрхийг дээдлэх нь зөв үү? Хэрвээ эмч эрүүл мэндийн үзлэгт орохоор ирсэн эрүүл хүнээс эрхтнүүдийг нь сугалж аваад 5 хүнийг эмчилсэн гэвэл, урт хугацаандаа муу үр дагавар авчирна. Яваандаа тэр явдал хүмүүсийн чихэнд хүрч, бүгд эрүүл мэндийн үзлэгт орохоос татгалзана.
Гэвч энэ зөв үндэслэл мөн үү? Эмч хүний хувиар цоо эрүүл хүнээс эрхтэн сугалж болохгүй цорын ганц шалтгаан нь, тийм байдлаар түүнийг ашиглавал алс хэтдээ улам олон хүн амь насаа алдах учраас уу? Эсвэл өөр шалтгаан бий юу? Хувь хүнийхээ зөнгөөр (инстинкт) тэр хүнийг хүндэтгэн дээдлэх ёстой гэж санагдсан байж болохгүй юу? Хэрэв энэ үндэслэл чухал бол, Миллийн утилитаризмаар үүнийг яагаад ч тайлбарлаж чадахгүй бус уу?

Миллийн үзэлд хандах энэ хоёр няцаалт-болгоомжлолыг хангалттай судалж үзэхийн тулд ахиад цааш нь тунгаан харцгаая. “Дээгүүр зэрэглэлийн таашаал” эсвэл “илүү үнэ цэнэтэй баяр хөөр”-ийн тухай тунгаах үед, таашаалын үнэ цэнийн талаарх хувь хүний ёс суртахууны хэм хэмжээг бие даан илэрхийлэхүйц тийм онол бий юу? Бий гэвэл тэр нь ямархуу юм байх бол? Энэ бол эхний асуулт.
Шударга ёс болон хүний эрхийн асуудлын талаар хөндөхдөө, нарийн яривал утилитаризм гэж хэлэх боломжгүй “хүнийг хүнийх нь хувьд дээдлэх”, “бусдыг хүндэтгэх” гэсэн ухагдахуунд Милл өөрөө ч мэдэлгүй хушуу дүрчихсэн юм гэвэл, тэрхүү Милл хүртэл сэтгэлдээ тээж буй инстинктийг тайлбарлаж чадахуйц илүү хүчирхэг хүний эрхийн онол байх юм биш биз?
Өөрөөр хэлбэл, бусдыг хүндэтгэх шалтгаан, хүнийг ашиглаж болохгүй үндэслэл нь алс хэтийн “ашиг тус” (utility)-ыг ч даван гарахуйц, тийм үндэслэл гэсэн үг.

Өнөөдөр тийм нэгэн хүчирхэг хүний эрхийн онолын нэгийг хамтдаа харцгаая. Тэр эрхийн онолд хүвь хүнийг илүү том нийгмийн зорилгын төлөө, эсвэл ашиг тусыг хамгийн их байлгахын төлөө ашиглаж болдог ердийн нэг багаж биш гэж үздэг.
Хувь хүн бол хүндэтгэн үзэх үнэ цэнэ бүхий бие даасан өөрийн амьдралтай тусгаар оршихуй. Тиймээс хүний эрхийг чухалчлах хүчирхэг онолоор бол, хүмүүсийн дур сонирхол хийгээд үнэлэмжийн хэмжүүрийг хооронд нь нэмэх байдлаар шударга ёс болон хуулийн тухай хэлэлцэх нь буруу юм.
Өнөөдөр бидний ярилцах хүчирхэг хүний эрхийн тухай онол бол Либертаризм (Чөлөөт зарчим, зах зээлийн зарчим).
Либертаризм бол хувь хүний эрх чөлөө болон өмчлөх эрхийг оролцуулсан үндсэн эрхүүдийг туйлаас чухалчлан үздэг. Хүмүүс бид чухамхүү салангид хувь оршихуйнууд мөнийн учир, нийгмийн зүгээс хүлээж найдах (эсвэл сэдэж олсон) ямар ч зорилгод ашиглагдах ёсгүй. Чухамхүү салангид хувь оршихуй мөн болохоороо бидэнд эрх чөлөө хэмээх үндсэн эрх байдаг. Гэхдээ, бусдад ч байх тэр эрхийг нь хүндэтгэнэ гэсэн нөхцөл дор энэ эрх маань хүчин төгөлдөр. Либертаризмын үндсэн санаа нь энэ.

Либертаризмыг магтан дуулах философичийн нэг Роберт Нозик өөрийн номондоо ингэж бичсэн бий:
“Хүнд эрх бий. Тэр эрх бол арай дэндүү хүчирхэгийн дээр өргөн хүрээг хамрах тул, төрд хийж болох юм бий юу, бий гэвэл тэр нь юу вэ, гэсэн асуултыг гаргаж тавьдаг.”
Либертаризмд засгийн газар болон төрийн үүрэг ролийг хэрхэн авч үздэг юм бол? Орчин үеийн ихэнх төрөөс авч хэрэгжүүлдэг бодлого дотор, Либертаричуудын (либертари үзлийг дэмжигчид) зүгээс харахад буруу бөгөөд шударга бус гэж харагдах 3 үйлдэл байдаг.

Нэг дэхь нь гэвэл, эцгийн халамжит бодлого (paternalism) гэх зүйл. Энэ нь хүмүүст өөрсдийгөө хамгаалахыг хүчээр тулгадаг хуулийг хэлж буй. Жишээ нь, суудлын бүс хэрэглэх, мотоциклын хамгаалалтын дуулга хэрэглэх гэх мэт. Либертаричууд “Суудлын бүс хэрэглэх нь өөрт сайн зүйл байж болох ч, яг хэрэглэх эсэхийг хувь хүнд өөрт нь даатгах ёстой” гэж хэлнэ. Төр болон засгийн газар хууль гаргаж хүчээр хүмүүст суудлын бүс зүүлгэж болохгүй. Энэ бол “албадлага”. Тиймээс эцгийн халамжит хуулийг буруушаадаг.

Хоёр дахь нь гэвэл, ёс суртахууны шинжтэй хуулийг эсэргүүцдэг. Олон хууль иргэдийг журамт ариун байхыг уриалах ч юм уу, эсвэл нийгмийн ёс суртахууны үнэлэмжийн хэмжүүрийг бүхэлд нь илэрхийлэхийг зорьдог. Либертаричууд үүнийг ч бас эрх чөлөөнд халдсан явдал гэж үзнэ.
Сонгодог жишээ гэвэл, ёс суртахууныг сайшаах нэрийн дор ижил хүйстнүүдийн сексийн дотносолыг хориглосон хуулиуд урьд цагт байдаг байсан. Либертаричуудаар хэлүүлбэл, бусад хэний ч эрхэнд халдаагүй, хэнд ч хохирол учруулаагүй байхад төр журамт явдлыг хөхиүлсэн эсвэл ёс суртахуунлаг шинжтэй хууль батлах ажлаас бүрэн татгалзах ёстой, гэнэ.

Тэгээд гурав дахь нь гэвэл, либертарилаг философиор бол, орлого болон баялгийг чинээлэг давхрагаас буурай давхрага руу дахин хуваарилах зорилгоор хийгдсэн ямар ч хэлбэрийн албан татвар болон элдэв бодлогыг хүлээн зөвшөөрөхгүй. Либертаричуудын үгээр бол, дахин хуваарилалт гэдэг бол нэг төрлийн “албадлага” юм. Үүнийг ардчилсан нийгэмд хамааруулж хэлэх юм бол, төр эсвэл олонх нь амжилттай хөрөнгө хуримтлуулж яваа хүмүүсийг дээрэмдэж буйтай ижил. Нозик тэргүүтэй Либертаричуудын цорын ганц хүлээн зөвшөөрдөг зүйл бол, нийгмийн бүх гишүүдэд шаардлагатай батлан хамгаалах, цагдаа, гэрээ болон өмчлөх эрхийг хэрэгжүүлэх хууль шүүхийн бүтцийг ажиллуулахад шаардагдах зардлыг татвар хэлбэрээр хураадаг, тийм хамгийн жижиг төрийг л зөвшөөрнө.

Либертарилаг хандлагын энэхүү 3 дахь санааны талаар та бүхэн юу гэж бодохыг сонсмоор байна. Дэмжих хүмүүс, эсэргүүцэх хүмүүс, мөн тэдгээрийн үндэслэлийг сонсмоор байгаа боловч, юуны өмнө илүү тодорхой жишээ гаргах үүднээс, мөн яг одоо юу асуудал болоод байгааг тодорхой болгохын тулд, Америк дахь баялгийн хуваарилалтын талаар харцгаая. Америк бол ардчилал хөгжсөн өнөөгийн төр улсууд дотроос хамгийн тэгш бус баялгийн хуваарилалттай нийгэм юм.


Тэгэхээр энэ шударга уу, шударга бус үү? Либертаричууд юу гэж хэлэх бол? Либертаричууд, дээрх фактыг харах төдийд энэ хуваарилалт шударга эсэх талаар хэлэх боломжгүй, гэнэ. Зөвхөн хуваарилалт, хандлага, үр дүнг харах төдийгөөр түүний шударга эсэхийг шүүх боломжгүй. Хэрхэн яаж тийм болсныг (түүний процессийг) мэдэх шаардлагатай. Эцсийн үр дүнг харах төдий бус, дараах хоёр зарчмыг бодолцох шаардлагатай, гэж хэлнэ.

Нозик үүний нэг дэхь зарчмыг “Эзэмшлийн шударга ёс” эсвэл “Анхны өгөгдөл” гэж нэрлэсэн. Санаа нь, орлого олох арга замыг шударгаар бий болгосон эсэх. Нэг ёсондоо анхны өгөгдөл шударга ёсонд нийцэж буй эсэхийг мэдэх шаардлагатай. Тэдгээр хүмүүс газар, үйлдвэр эсвэл хөрөнгө хулгайлж, түүгээрээ баяжаагүй биз? Хэрвээ үнэн зөвөөр олж авсан зүйл бол, нэгдүгээр зарчмыг хангасанд тооцогдоно.

Хоёр дахь зарчим бол, тэрхүү хуваарилалт нь чөлөөт хүсэл зоригоор үйлдэгдсэн эсэх. Үүнийг “Солилцооны шударга ёс” гэнэ. Хүмүүс зах зээл дээр юм авч зардаг. Бид бүгдийн мэддэгчлэн, либертарилаг шударга ёсны ухагдахуун нь, чөлөөт зах зээлийн шударга ёсны ухагдахуунтай дүйцдэг. Өөрийн эзэмшлийн зүйлийг хулгайлж бус шударгаар өөрийн болгож, хувь хүний чөлөөт сонголтоор арилжиж солилцсоны үр дүнд хуваарилалт явагдсан бол, тэр хуваарилалт зөв. Тийм биш бол шударга бусад тооцогдоно.

Тэгэхээр хэлэлцүүлгийг ойлгомжтой байлгах үүднээс, нэгэн бодит жишээ гаргаж харъя. Америкийн хамгийн баян хүн, дэлхийн номер 1 баян хэн бэ? (Бүгд ам амандаа шуугилдав).
Майкрософт компанийг үндэслэгч Билл Гейтс. Яг зөв. Түүний зургийг харах уу? (Бүгд хахаха).


Баян болбол инээгээд л байна шүү дээ (Бүгд хахаха).
Билл Гейтсын хөрөнгийг баримжаагаар мэдэх хүн байна уу? (Бүгд ам амандаа тоо хэлэв).
40 тэрбум доллар. Аймар тоо (Бүгд хахаха).
Клинтоны засгийн газрын үеэр бөөн хэл ам дагуулсан улс төрийн хөрөнгө хандивлагчтай холбоотой асуудлыг санаж байна уу? Сонгуульд их хэмжээний хандив өргөсөн хүн Цагаан ордон дахь Линкольны унтлагын өрөөнд нэг үдшийг өнгөрөөх урилга авч байсан. 50,000 доллараас дээш хэмжээний хандив байсан шиг санаж байна. Тэгсэн чинь, Билл Гейтс үүнээс хойш 2,300 жилийн турш Линкольны унтлагын өрөөнд хоноглож болно гэсэн тооцоо хийсэн хүн байлуу даа (Бүгд хахаха).
Өөр нэг хүн Билл Гейтсын цагийн орлогыг тооцож үзсэн гэнэ. Билл Майкрософтыг үндэслэн байгуулснаас хойш өдөрт дундажаар 14 цаг ажилласан гэж үзээд тооцсон байна (1975 онд байгуулагдсан). Яах вэ, боломжийн л баримжаа. Тэгтэл Биллийн орлого 150 гаруй доллар гэж гарч. Гэхдээ энэ нь 1 цагийнх биш, 1 минутынх ч биш, 1 секунд тутамд 150 доллар (Бүгд хахаха).
Өөрөөр хэлбэл, Гейтс ажилдаа явж байхдаа зам дээрээс 100 долларын дэвсгэрт оллоо гэхэд, түрхэн зогсоод тэрийг тонгойж авах нь түүнд ямар ч ашиггүй ээ гэсэн үг (Бүгд хахаха).

Та нарын ихэнх нь “Ийм хур баян хүн бол татвар төлөхөд асуудалгүй. Тэгээд дээр нь боловсролоор дутмаг, эсвэл орох орон идэх хоолгүй хүмүүст туслах ёстой” гэж хэлэх байх, тийм үү? Мөнгө Билл Гейтст биш, тэдэнд илүү хэрэгтэй байгаа юм чинь, тэ?
Утилитаристууд байсан бол яах байсан бол? Ямар татварын бодлого гаргах бол? Суурин дээр нь бүгдийг дахин хуваарилаад хаяна даа? Тийм хур баян хүн чинь бараг доод түвшний хүмүүсийн аж амьдралыг үлэмж сайжруулахад хүрэлцэхүйц хэмжээний мөнгийг өөрөөс нь авсан ч анзаарахгүй байлгүй.
Гэвч, Либертаризмд бол хүмүүсийн дур сонирхол хийгээд сэтгэл ханамж зэргийг тийм байдлаар нэмж тооцож болохгүй гэж үзнэ. Хүн бусдыг хүндлэхгүй бол болохгүй. Бусдын эрхэнд халдалгүйгээр “эзэмшлийн шударга ёс” болон “солилцооны шударга ёс” гэсэн хоёр зарчмыг баримтлан шударгаар хөрөнгө хураасан бол, тэр хөрөнгийг хурааж авах нь буруу. Тэгэх нь “албадлага” (хүч хэрэглэсэн) болох учраас.

Майкл Жордан бол Билл Гейтс шиг биш ч гэсэн, бас л овоо баян. Майкл Жорданыг хармаар байна уу? Энэ байна (Бүгд хахаха).


Жорданы тоглолтоос олох орлого нь жилийн 31 сая доллар, Найк (Nike) гэх мэт компаниудтай хийсэн гэрээнээс олдог орлого нь 47 сая доллар. Нийтдээ жилийн 78 сая долларын орлоготой гэсэн үг. “Ядуу хүмүүст хүнс, орон байр, эмнэлэг болон боловсролын үйлчилгээ үзүүлэхийн тулд орлогынхоо 1/3-ийг засгийн газарт хандивла гэж Жорданд тулгавал албадлага болно. Тэгэх нь шударга бусын дээр, хүний эрхэнд халдсан хэрэг. Тиймээс дахин хуваарилалт бол буруу.”
Энэ байр суурийг дэмжих хүмүүс, өөрөөр хэлбэл хэдий ядуу хүмүүст туслахын төлөө байлаа ч, дахин хуваарилалт хийх нь буруу гэж бодож байгаа хүмүүс хэр олон байна? (Хэдхээн хүн гараа өргөв). Тэгвэл үүнийг эсэргүүцэх хүмүүс хэд байна? (Арай олон хүн гараа өргөв).
Сайн байна, тэгвэл эсэргүүцэгчдийн саналыг сонсоцгооё. Дахин хуваарилалтыг эсэргүүцэх либертаричуудын юу нь буруу гэж бодож байна?

Эрэгтэй оюутан 1:
Жордан шиг хүмүүс ердийн хүмүүстэй харьцуулахад нийгмээс илүү том хишиг хүртсэн юм чинь, дахин хуваарилах замаар түүнийгээ буцааж өгөх илүү том хариуцлага үүрнэ, гэж бодож байна. Жордан ч бас өдөрт 10 хэдэн цаг цэвэрлэгч хийж байгаа хүнээс дутахгүй аль байдгаараа шүд зуун гүрийж байгаа л байх, гэхдээ орлого нь цэвэрлэгчийнхтэй харьцуулашгүй их учир, тэрийг бүгдийг нь “Жордан хамгийн их хичээсэн нь учраас тэгж шагнуулах гавьяатай” гэж хэлэх нь буруу гэж бодож байна.

Сандел:
Баярлалаа. Тэгвэл одоо Либертаричуудыг өмгөөлөгч талын саналыг сонсоцгооё. Ядуу хүмүүст туслахын төлөө байсан ч, баян хүнээс татвар авах нь буруу гэж бодож байгаа хүмүүс?

Жо:
Намайг Жо гэдэг. Надад 100 гаруй скейт боордын цуглуулга байдаг. Би 100 гишүүнтэй нийгэмд амьдарч байжээ гэе. Тэгтэл гэнэт бүгдээрээ скейт боордтой болмоор санагдаад миний 99 боордыг аваад явчихлаа гэе. Би үүнийг шударга бус гэж үзнэ.
Гэхдээ, зарим төрлийн нөхцөл байдал дор тийм шударга бусыг хараагүй юм шиг өнгөрөөх шаардлага байж болно. Аврах завинд хорогдсон жаалхүү алагдсан нь аргагүй явдал, гэдэг шиг. Хүний үхэх сэхэх яригдаж байгаа тохиолдолд шударга бусыг нүдээ аниад өнгөрөөх шаардлага гарч болох ч, бусдын өмч хөрөнгийг хурааж авах нь шударга бус явдал мөн болохыг хэзээд санаж явах ёстой.

Сандел:
Тэгвэл өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүст хүнсний тусламж үзүүлэхийн төлөө байлаа ч, Жорданд 33%-ын татвар ногдуулах нь мөн л буруу бөгөөд, дээрэм гэж байгаа юм байна тийм үү?

Жо:
Тийм ээ, шударга бус. Бас дээрэм мөн. Гэхдээ тийм дээрмийг нүдээ аниад өнгөрөх шаардлага ч бас байж болох юм.

Сандел:
Гэхдээ дээрэм л бол дээрэм биз?

Жо:
Тийм ээ (хахаха).

Сандел:
Яагаад дээрэм юм бол?

Жо:
Яагаад гэвэл...

Сандел:
Чиний боордуудыг хурааж авсантай адилхан гэж буй үндэслэл нь юу вэ?

Жо:
Минийхээр бол, тэгээд бас либертаричуудын үзлээр бол, тэд тэр хөрөнгөө шударгаар хуримтлуулсан учраас тэдний юм мөн. Тэрийг хурааж авах нь дээрэм гэдэг үгийн тодорхойлолт ёсоор дээрэм болно.

Сандел:
Жогийн энэ санааг эсэргүүцэх хүн байна уу?

Эмэгтэй оюутан 1:
Жо чи зуугийн зуун боордтой юм байж, засгийн газар 99-ийг нь хурааж авсан ч цаана нь ахиад үлдэх юм чинь ямар ч асуудалгүй гэж бодож байна. Тийм их боордтой байлаа гээд бүгдийг нь хэрэглэж барахгүйгээс хойш, засгийн газар тодорхой хэсгийг нь хурааж аваад тараалаа гээд түй ч муу юм байхгүй биз дээ?
Засгийн газар баялгийг дахин хуваарилдаггүй нийгэмд байсан бол баячууд нь улам баяжаад, ядуус нь хэзээ хүртэл ч ядуу чигээрээ л байна. Хий хоосон төсөөллийн нийгэм биш, бодит нийгэмд бол амьдрал эхлэхэд л аль хэдийнэ ялгарал бий болчихсон байдаг болохоор, насаараа хүнээс доогуур цалингаар ажиллах болно.

Сандел:
Тодорхой хэмжээний дахин хуваарилалт байхгүй бол ёроолд орхигдсон хүмүүст хэзээ ч “тэгш боломж” олдохгүй, гэсэн үг байх нь ээ?

Эмэгтэй оюутан1:
(Толгой дохив).

Сандел:
Болно оо.

Татвар бол дээрэм гэх санаа. Нозик үүнийг ахиад 1 алхам чангаруулсан байдаг. Нозик татварыг дээрэм гэж үзсэн. Гэхдээ түүний үзэл Жогийнхоос ч хатуу. Жо болохоор “Дээрэм бол дээрэм, гэхдээ онцгой нөхцөлд дээрмийг өршөөж болно.” гэсэн санааг илэрхийлсэн. Өлсгөлөн гэр бүлээ хооллохын төлөө талх хулгайлсан эцгийг өршөөж болно. Жо! Чи өөрийгөө юу гэж дуудах вэ? Өрөвч сэтгэлтэй хагас либертарист гэх үү? (Бүгд хахаха).

Нозик татвар ногдуулахыг орлого хурааж авахтай ижилхэн гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, тэр нь ажлын үр шимийг нь хурааж авахтай утга нэг гэсэн үг. Төр хувь хүний ажлын үр шимийг хурааж авах эрхтэй юм гэвэл, тэр нь ёс суртахууны хувьд төр хувь хүний ажил хөдөлмөрийн тодорхой хэсгийг шаардах эрхтэй гэж буйтай утга нэг болно. Тийм бол, татвар бол ёс суртахууны хувьд албадан хөдөлмөр эрхлүүлж буй явдал гэсэн үг. Яагаад гэвэл, албадан хөдөлмөр эрхлүүлэлт зайлшгүйгээр хувь хүний зав чөлөө, цаг хугацаа, хөлс хүчийг хурааж авдаг болохоор тэр. Эндээс татвар бол хувь хүний ажиллаад олж авсан орлогыг нь хураан авч буйтай ижил үйлдэл юм.

Нозик нарын либертаричуудын хувьд, дахин хуваарилалтын төлөөх татвар бол дээрэм бөгөөд, зөвхөн дээрмээр тогтохгүй хүний амьдрал хийгээд хөдөлмөрөөс тодорхой хэсгийг нь шаардаж буйтай ёс суртахууны хувьд ижил. Тиймээс, татвар бол ёс суртахууны хувьд албадан хөдөлмөр эрхлүүлэлттэй адилхан.
Төр хувь хүний ажил хөдөлмөрийн үр шимийг шаардах эрхтэй юм гэвэл, тэр нь цаагуураа хувь хүний хөдөлмөрийг өөрийг нь өмчлөх ч эрхтэй болохыг далдуур илтгэж байна. Тэгвэл албадан хөдөлмөр эрхлүүлэлт гэж юу вэ? Нозикийн албадан хөдөлмөр эрхлүүлэлт гэж нэрлэсэн тэр зүйл чухамдаа юу юм бол? Тэр бол боолын систем юм.
Хувь хүнд өөрийнхөө хөдөлмөрийг бүрэн өмчлөх онцгой эрх байхгүй юм гэвэл, засгийн газар эсвэл улс төрийн субъект хувь хүнийг хэсэгчлэн өмчлөгч болж таарна. Төр хувь хүнийг хэсэгчлэн өмчилнө гэж юу гэсэн үг вэ?
Тэр бол “Би бол боол” гэсэн үг. Би өөрөө өөрийгөө өмчилдөггүй гэсэн үг. Энэхүү дараалсан логик гаргалгаанаас тодорхой болж ирж буй зүйл, тэр бол эрхийн талаарх либертари үзлийн үндсэн зарчим юм. Тэр зарчим нь юу гэхээр, намайг зөвхөн би л өмчилдөг гэсэн санаа, “өөрийгөө өмчлөх” тухай санаа юм.


Хүмүүсийг ердийн нэг “дур сонирхлуудын олонлог” гэж үзмээргүй байгаа бол, тэндээс мөрдөн гарах ёс суртахууны үндсэн ухагдахуун, тэр бол бид бүхэн өөрөө өөрсдийнхөө өмчлөгч, өөрөө өөрийнхөө эзэн нь гэсэн санаа.
Чухам энэ л утилитари үзэл нуран унасан шалтгаан юм.
Тийм учраас л эрүүл хүнээс эрхтэн сугалж авах нь буруу болдог. Хүн бусдад ч харьяалагддаггүй, бүлэгт ч харьяалагддаггүй. Хүн зөвхөн өөрөө өөртөө харьяалагддаг. Ижилхэн шалтгаанаар, өөрөө өөрийгөө хамгаалахыг хүчээр хуульчлах ч тэр, хэрхэн амьдрах, хэрхэн журамт ариун явахыг зааварчлан хуульчлах ч тэр бүгд буруу бөгөөд, ядуу хүнд туслах гэсэн хүндэтгэх шалтгаантай байсан ч чинээлэг хүмүүст татвар ногдуулах нь буруу болно. Өглөг хандив гуйж болно оо. Харин татвар ногдуулна гэдэг бол албадан хөдөлмөр эрхлүүлж буйтай агаар нэг.

Та нар Майкл Жорданд “Дараа долоо хоногийн тоглолтоо хаяад Катерина хар салхинд нэрвэгдсэн хүмүүст очиж туслаач” гэж гуйж чадах уу? Ёс суртахууны хувьд тэрэнтэй л ижил. Хэмээс хэтийдсэн үүрэг ноогдуулж байна гэсэн үг.
Либертаризмд хандсан няцаалт сая гарсан л даа. Гэхдээ либертаризмыг үнэхээр няцаая гэвэл “Хувь хүний орлогыг хурааж авах нь хувь хүний хөдөлмөрийг хурааж авахтай ижил бөгөөд, хувь хүний хөдөлмөрийг хурааж авна гэдэг бол хувь хүнийг боолчилж буйтай ижил” гэсэн логик гаргалгааг няцаах шаардлагатай.

Либертаризмыг эсэргүүцэгч талын хүмүүс няцаалтаа сайтар бэлдэж ирээрэй. Дараагийн лекцийг тэндээс эхэлье (Бүгд алга ташив).

Тайлбар:

Энэ лекцээр Билл Гэйтс ч юм уу, Майкл Жордан гэсэн маш алдартай хүмүүсийн жишээг харуулангаа, эдийн засгийн хувьд ч улс төрийн хувьд ч чухал онолыг тайлбарлалаа. Энд гаргаж ярьсан үзэл бол Либертаризм гэх үзэл байсан.

Энэ үзэл нь үндсэндээ “Баян хүнээс ахиухан татвар хурааж аваад ядуу хүмүүсийн төлөөх нийгмийн халамжид зарцуулах” бодлогыг туйлаас эсэргүүцдэг.

Энд анхаарамгүй өнгөрч боломгүй нь, тэрхүү бодлогын зөвхөн үр дүн төдийгүй, онолын гаргалгаа юм. Татвараар баян хүнээс мөнгө хураана гэсэн нийгмийн халамжийн санаа нь шударга ёсонд харшилж байгаа бөгөөд, (өгөөж муутай ч юм уу, эдийн засгийн өсөлтөнд муу нөлөөтэй гэх мэтээр) түүний үр дүн нь муудаа биш, ерөөсөө л шударга ёсонд харшилж байгаа учраас болохгүй. Өмнөх лекцүүдээр гарч байсан утилитари үзлээс ялгаатайгаар иймэрхүү талаас нь хүчтэй гаргаж тавьдаг нь либертари үзэл билээ.

Нэг талаар энэ нь зөвхөн Америк гэлтгүй дэлхийн дахинд нөлөө бүхий үзэл санаа бөгөөд, неолиберализмын бодлоготой нягт холбогдож ирдэг. Монголд ч бас сүүлийн үед Либертари үзлийг уухайлан дэмжигч, тунхаглан зарлах олны танил хүмүүс хүртэл цөөнгүй сонсогдох болсноор, бидэнд тодорхой хэмжээгээр танил үзэл болсон. Гэлээ ч Монголд либертари үзэл гэж чухам юу болох, тэдний итгэл үнэмшил, онолын суурь нь юу болох талаар төдийлөн дэлгэрэнгүй бус өнгөц ойлголт голцуу яригддаг болов уу, гэж санагдана.

Профессор Сандел энэхүү либертаризмийн эсрэг байр суурьнаас өөрийн онолоо дэлгэрүүлсэн байдаг ба, энэ нь Америктаа туйлаас сенсацтай мэтгэлцээн учир хэрэг болгож цаг гарган тайлбарлаж байна. Нийтийн философи (Public phylosophy)-ийн онол, улс төрийн философийн онолууд жинхэнэ ертөнцтэй нягт холбогддог болохыг харж болох бодит жишээ гэдэг талаасаа ч энэхүү либертаризмын талаарх лекц нь маш чухал сэдэв билээ.


1 comment:

  1. Баялагийн тэгш бус хуваарьлалт гэдгээс гадна хөдлөмөрийн тэгш бус үнэлгээ гэж нэг хүчин зүйл чухал нөлөөтэй юм уу даа ж,нь тэрбумтан цэвэрлэгч байтугай саятан цэвэрлэгч ч байхгүй нь хөдлөмөрийн тэгш бус үнэлгээний нотолгоо. Гэтэл сагсчин цэвэрлэгч хоёрын хэн нь илүү хөдлөмөрлөсөн, хэнийх нь хөдлөмөр илүү чухал вэ гэвэл адилхан л гэж үзэж байна ,, өөр нэг юм хэлбэл эсэргүүцэх гэхийг эсэргүйцэх гээд байх юмаа уншихад нээх төвөгтэй байнаа, гоё нийтлэл байлаа баярлалаа

    ReplyDelete