2017/04/03

31. Соссюр. Ертөнцийг ангилах нь

Өмнөх - 30. Хайдеггер. Оршихуй гэдэг бол хүний дотор үүсдэг зүйл

Явж явж тэгээд оршихуй гэж юу болж таарав аа?
Энэ асуултын хариу болгож, Швейцарийн хэл судлаач Соссюрын (1857 - 1913) философи бяцхан сэжүүр өгч магадгүй юм.
Соссюр нь үе үеийн эрдэмт хүмүүсийг төрүүлсэн нэртэй гэр бүлээс гаралтай нэгэн бөгөөд, Женевийн их сургуулийн профессор байв. Харин тэрээр төдийг хүртлэх хэл судлалын талаар сэтгэл дундуур явдаг нэгэн байжээ.
Тухайн үед хэл судлал нь “Энэ улсын хэл цаг үеэ дагаад ингэж ингэж хувирч иржээ” гээд түүх талаас нь судлах ч юм уу, төстэй хэлтэй улсуудын хэлүүдийг нь хооронд нь харьцуулж, нийтлэг язгуур хэлийг нь олж тогтооход гол судалгаанууд чиглэгддэг байсан авч, Соссюр үүнд байнга “нэг л биш” хэмээн толгой сэгсэрдэг байсан гэдэг.

-       Арай нэг тийм, хүн болон ертөнц хоорондын холбоог илэрхийлэхүйц,… цоо шинэ хэлбэрийн хэл судлалын салбар санаачлах арга байхгүй л юм байх даа?

Ийм бодолд уягдах болсон Соссюр цоо шинэ хэл судлалын салбар зохион бүтээхээр оролдох болж, өдөр шөнө гэлгүй судалгааны ажилд умбан оров. Гэвч түүнээ дагаад ердийн хэл судлалын үндсэн ажил нь хөсөр хаягдаж, салбарынхнаасаа олигтой үнэлэмж ч үгүй болж, судлаачийн хувиар азгүй амьдралыг элээх болно.
Тийм нэгэн өдрийн явдал. Соссюр эцсийн мөчид шинэ мэдлэгийн салбар бүтээх ажлынхаа ард гарч чаджээ. Тэгээд түүнээ их сургуулийн лекцэнд оюутнуудын өмнө илтгэхээр болов. Дашрамд өгүүлэхэд, тухайн үеийн Женевийн их сургууль бол тийм ч өндөр зэрэглэлтэй сургууль биш байсан бололтой. Бодвол орон нутгийн шинжтэй, 2-р зэрэглэлийн даруухан сургууль байсан юмдаг уу. Тиймээс тэндэхийн оюутнууд ч бас гавихгүй нөхдүүд байсан гэлцдэг.
Тэгэхээр аягүй бол нэг хэдэн идэвхи султай оюутнууд тал нь нойрмог царайлсан дуртай дургүй байдалтай лекцийн танхимд сууж байсан биз. Тэгтэл тэдгээр оюутнууд Соссюрын лекцийг сонсож эхэлмэгц мэл гайхацгаах болно. Өөрсөдтэй нь ижилхэн, гавьсан том гавьяагүй, салбар дотроо ч нэр хүндээр даруухан Соссюр багш. Тэр багш нь гэнэтхэн төдийг хүртэл сонсож байгаагүй цоо шинэ хэл судлалын онолыг заан тайлбарлаж эхэлсэн болохоор тэр.
Гэтэл үүнийг яг залгаад эмгэнэл тохионо. Соссюр багш өөрийн шинэ онолоо оюутнууддаа ярьж өгсөний хойно, түүнээ нийгмээр хэлэлцүүлж ч амжилгүй өвчнөөр насан эцэслэв. Шинэ хэл судлалын онол эрэлхийлэн эцсээ хүртэл зүтгэсэн Соссюр, эцсийн мөч хүртэл азгүй чигээрээ явсаар тийн дуусах нь тэр ээ.
Заа одоо яадаг билээ. Яах ёстой юм бол? Соссюр багш энэ гайхалтай онолоо бичгийн ажил болгож хаана ч хэвлүүлээгүй. Түүнийг нь одоо зөвхөн лекцэнд суусан хэдэн оюутнууд л мэднэ. Соссюр багш өөрийн амьдралаа бүхэлд нь золин байж хөөн эрэлхийлсэн их ажлын үр дүнг нь ингээд чимээгүйхэн булаад өнгөрч болно гэж үү? Үгүй ээ, тэгж л хэрхэвч болохгүй. Үүнийг ингээд хаячихвал бид бүхэн чухам юуны төлөө их эрдмийн мөр хөөж их сургууль бараадсан хэрэг болох билээ!.
 Соссюрын лекцэнд суусан оюутнууд бүгд сэрэн босов. Тэд лекцийн тэмдэглэлүүдээ өөр хоорондоо цуглуулж, хамжиж дэмжсээр нэгэн ном болгон гаргав. Тэр бол “Ерөнхий хэл судлалын лекц” гэгч ном байв. Оюутнуудын өнгөц ойлголтын буулгалт дунд өч дөчнөөн зөрчил гажуудал шургаж, яавч төгс ном болж чадаагүй хэдий боловч, Соссюрын чухам санааг олж дамжуулахад хангалттай гаргалгаа тэнд байсан юм. Тиймээс тэр ном нүд ирмэхийн зуур шуугиан тарьж, үр дүнд нь тэдний суусан Соссюр багшийн лекц нь хэл судлалын салбартаа “домог” болон яригдав.
Ийнхүү Соссюр нь өнөө цагт “Орчин үеийн хэл судлал”-ын эцэг гэж нэрлэгдэх агуу хэл судлаачийн хувиар түүхнээ мөнхөрчээ.

Ялгамжуудын систем

Тэгвэл Соссюрын хэл судлал гээч нь чухам ямар зүйл байсан юм бол?
Ерөөс Соссюраас өмнө хэл гэдэг нь “Юманд хадсан шошго маягийн зүйл” хэмээн ойлгогддог байв. Юу гэхээр, бодитоор оршин байдаг “улаан бөөрөнхий жимс” гэх зүйлд “АЛИМ” гэдэг үгийг шошго адил харгалзуулан хадсан, гэх маягийн төсөөлөл юм.
Харин Соссюр тиймэрхүү шошго маягийн хэлний талаарх үзлийг далаар нь хөмрүүлж, дараах байдлаар шинэчлэн тодорхойлов.

-       Хэл гэдэг бол ялгамжуудын систем юм.

Энд хэлэх ялгамж гэдэг бол, нэг ёсны ялгаа зөрүү гэх утгыг илэрхийлэх тул, ойлгоход илүү дөхөмтэй байх үүднээс “ангилал” гэдэг үгээр орлуулан илэрхийлье. Тэгвэл дээрх үг маань нь “Хэл гэдэг бол ангилах систем юм” болно.
Энэ тодорхойлолтоор бол, Соссюр нь “Хэл гэдэг бол аливаа зүйлийг бусад зүйлсээс ангилах зориулалттай” гэсэн хэлний талаарх шинэ үзэл санааг дэлгэн үзүүлжээ. Нэг ёсондоо, энгийнээр “улаан бөөрөнхий юм” байхаар нь алим гэж танихын тулд “алим гэдэг нэр” өгсөн бус, “улаан бөөрөнхий юм”-ыг бусад оршихуйнуудаас ангилахын тулд улаан гэдэг нэр өгсөн, гэх талаас нь тайлбарлажээ.
Тэгэхээр ингэж сонсох төдийд шалих шалихгүй ньюансын зөрүү шиг юм санагдаж мэдэх байх. Явж явж л алимыг алим гэж хэлэхийн тулд л “алим” гэж нэрлэсэн юм биш үү, гэмээр болох вий.
Энэ бол маш чухал хэсэг тул ахиад жоохон дэлгэрүүлэн тайлбарлая.
Юуны өмнө доорх зургийг анхаарна уу.



Хэдэн чулуу л байна. Тийм биз? Бид бүхэн үүнийг хараад “Олон чулуу байна” гэсэн бодол толгойд орж болох ч, тэр бодол маань “чулуу нэг бүрт нь нэр хайрлая” гэх хүртлээ цааш хөврөхгүй болов уу. “Хамгийн зүүн нь чулуужав, тэрний хажуух нь чулуумаа” энэ тэр гэж нэрлэх сэдэл төрөхгүй. Бүгдийг нь таширдуулж аваад “ЧУЛУУ” л гэж дуудна.

-       Зүүн дээдэх нь?
-       Чулуу
-       Тэгвэл тэрний хажуудах нь?
-       Бас л чулуу

Гэвч та анхааралтай харна уу. Тэд бүгд өөр хоорондоо хэлбэр хэмжээгээрээ ялгаатай байна шүү дээ. Илэрхий адилхан нийтлэг юм тэдэнд нэгээхэн ч алга. Гэтэл бид “Энэ ч тэр ч адилхан л чулуу” гэж хэлээд, тэдний хоорондын ялгааг нясалж орхино. Яагаад вэ гэвэл, бидний хувьд тэр ялгаа нь үнэндээ даанч сонин биш болохоор тэр юм. Бид тэдгээр чулуунуудын ялгааны талаар “ангилах үнэ цэнэ” олж харахгүй байна гэсэн үг. Тэгээд “ангилах үнэ цэнэ” байхгүй болохоор “ангилах шаардлага” ч байхгүй болно.
Эцсийн эцэст ангилах хэрэгцээ шаардлага байхгүй учраас л, бид бүхэн дээрх чулуунуудыг нэг бүрчлэн нэрлэж заах үг зохиолгүй, “чулуу” гэсэн ганц үгээр аргалчхаж байгаа хэрэг юм.
За тэгвэл доорх зургийг харна уу.


Төрөл бүрийн жимсний зураг байгаа биз? Бид бүхэн үүнийг хараад “Хоо, алим байна, мандарин байна, тарвас байна” гэх биз. Гэтэл яагаад билээ? Яагаад өмнөх зураг дээрхийг бүгдийг нь “чулуунууд байна” гээд бөөндөж хариулсан хэрнээ, энэ зурган дээр тэгэхгүй байна вэ?
Тэр бол, энэ зурагт байх зүйлс нь бид бүхний хувьд  ангилахад хүрэлцэхүйц чухал болохоор тэр юм. Өөрөөр хэлбэл “ангилах үнэ цэнэтэй” гэсэн үг. Тэгээд тийм ч учраас ангилах шаардлага ч үүсч, тус бүрийг нь нэрлэх зориулалт бүхий үг ч бий болсон хэрэг юм.
За тэгвэл, энд нэг ийм юм төсөөлж үзье л дээ. Хүн биднээс тэс ондоо бодисоор хооллодог, тэс өөр үнэ цэнийн хэмжүүртэй “харь гаригийн хүн” байжээ гэе. Тэд бидэн шиг органик жимс идэхгүй. Тийм амьтдад энэхүү жимснүүдийн зургийг үзүүлбэл юу гэх бол?

-       Хэдэн органик бодисууд л байна.

Тэдэнд дээрх органик бодисуудыг хооронд нь алим, мандарин, тарвас гэж ангилах шаардлага гэж байхгүй. Яагаад гэвэл органик бодис иддэггүй тэдний өнцөгөөс харвал, жимснүүдийг “ангилах үнэ цэнэ” харагдахгүй болохоор тэр. Тиймээс бидний хэлдэг алим, мандарин, тарвас гэдэг үгтэй дүйцэх утгыг илэрхийлэх үг тэдний хэлэнд байхгүй.
Тийм амьтдад “Сайн хар л даа. Энэ нь улаан өнгөтэй, тэр нь том байгаа биз дээ?” гээд жимснүүдийн ялгааг мянга тайлбарлалаа гээд цагийн гарз л болно. Тэр зэргийн ялгаа нь бидний хувь дахь “чулуунуудын ялгаа” шиг л тэдэнд харагдана. Эсрэгээрээ тэд бидэнд өмнөх чулуунуудыг үзүүлж “Сайн хар л даа, хоорондоо ийм ийм ялгаатай, шал өөр амттай байгаа биз дээ?” гээд яншаад унавал, тун ч тээртэй санагдах болов уу.
Тэгэхээр явж явж дээрх ярианаас ойлгосончлон, алим болон мандарин зэрэг үгс нь зүгээр л “тэнд юм байгаа болохоор, түүнийг нэрлэх гэж бий болсон” бус, “ялгаж ангилах дайны үнэ цэнэ байгаа болохоор, түүнийг ангилах гэж бий болсон” хэрэг юм. Нэг ёсондоо хэл гэдэг бол “алив оршихуйг хэрхэн ангилмаар байна вэ” гэсэн үнэлэмжийн хэмжүүрээс үүдэж бий болдог зүйл бөгөөд, тэрхүү үнэлэмжийн хэмжүүрүүдийн ялгаа зөрөө л чухам хэлний системүүдийн ялгааг төрүүлж байдаг аж. Үүнийг арай аятайхан эмхэтгэж тайлбарлавал

-       Хэл (буюу хэлний систем)-ний ялгаа гэдэг бол, ангилах систем (буюу хэрхэн ангилах вэ гэдэг үнэлэмжийн ялгаа)-ийн ялгаа юм аа.
гээд ойлгочход болох биз ээ.
Ингэхэд сая ойлгомжтой байх үүднээс харь гаригийн хүн гэсэн онцгой (туйлын) тохиолдлыг жишээ болгон тайлбарласан боловч, хүн болон харь гаригийнхны хооронд үүсдэг тэр ялгаа, үнэндээ манай дэлхийн хүмүүс хооронд ч үүсч байдаг билээ.
Жишээ нь, Монголчууд бид “эрвээхий”, “дэнгийн эрвээхий” хоёрыг хэл яриандаа ангилан илэрхийлж, тэдний талаарх төсөөлөл ч тэс өөр байдаг бол, франц хэлэнд хоёуланг нь “papillon” гэсэн ганц үгээр илэрхийлж, учиргүй хооронд нь ангилаад байдаггүй.
Япон хэлэнд “ах, эгч, эрэгтэй дүү, эмэгтэй дүү” гэхчлэн 4 тусдаа үг байдаг бол, англи хэлэнд ердөө л “brother, sister” л гэж байна. Өөрөөр хэлбэл, англи хэлний бүсэд амьдрах хүмүүс “This is my sister” гэж танилцуулдаг учиртай боловч, тэр нь тэдний үнэлэмжийн хэмжүүрээр харвал, өөрөөс нь насаар дээр доор эсэх нь төдийлөн чухал биш болохыг илэрхийлж буй юм.
Монголчууд малыг “гунж”, “дөнж” гэхчлэн нарийвчлан нэрлэж заадаг бол, англи хэлэнд түүнийг нь “cow” гэх ганц үгээр илэрхийлж, тайланд хэлэнд бол “waw” буюу үхэр гэсэн бүр ерөнхий үгээр төлөөлүүлэх жишээтэй.
Иймэрхүү жишээнүүд дээр “Биш ээ, сайн хар л даа. Ийм ийм ялгаа байгаа биз дээ?” гээд өөр хэлний бүсэд амьдрах хүмүүсийг залхтал шаллаа ч, “Гүй ээ яах вэ, ялгаатайг нь харж байна л даа. Гэхдээ нээх сүртэй юм биш л байна шдээ” гээд тэгтэл ач холбогдол өгөхгүй л болов уу. Яагаад гэвэл бид болон тэдний өсөж торнисон орчин нөхцөл, соёл иргэншил (буюу үнэлэмжийн хэмжүүр) ялгаатай, өөрсдийн соёл дахь “юуг юунаас ангилах вэ” гэсэн нийтлэг ойлголт нь бодол сэтгэглгээнд нь нэвчин шингэсэн байдагтай холбоотой юм. Тийм ч учраас тэрхүү ангилах систем (үнэлэмжийн хэмжүүр) нь хэлний систем болон нүдэнд хазагдаж, чихэнд амтлагдахуйцаар ил болсон хэрэг бөгөөд, чухам энэ л Соссюрын хэлсэн “Хэл гэдэг бол ялгамжуудын систем (буюу ангилах систем) юм” гэх үгний мөн чанар нь болой.


Оршин байхын тулд үнэ цэнэ хэрэгтэй

Тэгэхээр, Соссюрын дэлгэн үзүүлсэн хэлний талаарх үзэл дээр тулгуурлан ахиад жаахан “оршихуй”-н тухай тунгаан харцгаая. Соссюрын үгээр бол, бидний хүн төрөлхитөн ертөнцөөс “ямар нэгэн зүйлийг ангилах” гэдэг үйлийг байнга хийж, ангилж салгасан болгондоо “нэр” оноож ирсэн учиртай боловч, ингэхэд ерөөс тэр ангилах үйлдэл нь ямар зарчим дээр тулгуурладаг юм бол?
Жишээ нь, хүн бид энэ ертөнцийг атом гээч юмнаас бүтдэг гэж бодох боловч, үнэндээ атом гэх “хөдлөшгүй бат нот оршихуй” байдаг уу гэвэл үгүй. Юу гэвэл, атом гэдэг бол атомын цөм болон электроны нийлмэл бөгөөд, “тэдгээрийн бөөгнөрөл болсон зүйл”-ийг л атом гээд нэрлэчихсэн төдий байдаг. Тэгээд тэр цөм нь ч бас хөдлөшгүй тусгай оршихуй бус, үнэндээ “нейтрон болон протон”-оос бүтдэг бөгөөд, тэдгээрийн бөөгнөрөлийг “атомын цөм” гэж нэрлэдгээс цаашгүй. Дашрамд хэлбэл, нейтрон ч бас олон тооны кваркаас тогтдог гэж үздэг бөгөөд, хэдэн кваркын бөөгнөрлийг л “нейтрон” гэж дууддаг гэсэн үг.
Эндээс ойлгогдох зүйл гэвэл, атом гэдэг нь бид бүхний эгэлээр төсөөлдөг тийм “нэгэн цул үрэл” шиг хэлбэрээр оршин байдаг учиртай бус, үнэндээ бол зүгээр л “хэдэн тооны элементүүдийн бөөгнөрөл”-ийг заагаад түүнийгээ “атом” гэдэг нэгжээр “ангилдаг” төдий хэрэг юм.
Тэгвэл үүн дээр маш сайн эргэцүүлэн тунгааж үзнэ үү. Тэгж ангилах үед, үнэндээ заавал ингэж л ангилах ёстой гэсэн цор ганц хувилбар байх албагүй учиртай. Яадаг юм, нейтроныг электронтой нь багцалж түүнийгээ “үрлэнхүү” гэж нэрлээд, бусдыг нь “сүүлэнхүү” гэж нэрлээд, “Ертөнц бол үрлэнхүү, сүүлэнхүү 2-оос тогтдог” гэе л дээ. Яагаад болохгүй гэж?
Үрлэнхүү, сүүлэнхүү гэж ангилснаас одоогийн энэ атом гэдэг ангилал нь физикчдын хувьд олон талаар хялбар давуу байсан болохоор л тэгж ангилсан юм, гээд хэлбэл хэлэх л байх. Гэхдээ тийм байлаа ч, мөн л “Заавал ингэж ангилахгүй л бол болохгүй гэсэн зайлшгүй шаардлага” гэж хаана ч байхгүй юм. Ердөө л бид бүхэн бага байхаасаа боловсролоор дамжуулаад “ингэж ангилдаг юм шүү” гэж тархиа дүүртэл заалгачихсан болоод, үүнээс өөрөөр ангилж болох талаар төсөөлөх ч сөхөөгүй яваа болохоос, үнэндээ биднээс өөрөөр ангилдаг харийн үл мэдэх оюун ухаан байлаа гээд ер гайхах зүйл биш юм.
Тэгээд дашрамд хэлэхэд, энэхүү (юуг хаагуур нь ангилах вэ гэдэг) ангилалын асуудал нь атом молекулаар хязгаарлагдах яриа бус, хүн хийгээд нийгэм, төр гэх мэт макро болон хийсвэр асуудлын хувьд ч огт ялгаагүй хүчин төгөлдөр гэж хэлж болно.
Жишээ нь өнөөдөр бид хэсэг хүмүүсийн бөөгнөрлийг “гэр бүл” гэж нэрлэж, хэсэг гэр бүлийн бөөгнөрлийг “төр” гэж нэрлэх байдлаар ангилдаг учиртай боловч, бүр тэс өөрөөр ангилсан ч болох л асуудал. Хэрэв тэгвэл өнөөгийн нийгмийн тухай, төрийн тухай бүхий л онолууд шал өөрөөр бичигдэж..., ер нь л энэ ертөнц бүхэлдээ тэс өөр дүр төрхтэй байх байсан болов уу.
Тэгвэл та нэг ийм зүйлийг төсөөлөөд үзнэ үү. Сансар огторгуйн чанадаас, хүнээс огт өөр оюун ухаан бүхий “харийн” ямар нэгэн зүйл иржээ гэе. Магадгүй тэр нь бүх тэнгэрийг бүрхэх зүйрлэшгүй аварга мангас байгаад, үүлэн завсраас хэрцгий харцаар бүхнийг ширгэтэл ширтэж байна, гэж төсөөлье.
Энэ үед тэр мангас бид бүхнийг “хүн” гэж үзэх болов уу? Магад аягүй бол, хүнийг харсан ч ердийн нэг “атомуудын бөөгнөрсөн талст өнхөрч байна” гэж бодоод анзаарах ч үгүй байж мэднэ. Учир нь түүнд органик биетийг органик биш биетээс ангилж зааглах шалтгаан байхгүй байж болох.
Хэрэв тийм бол түүний хувьд үхэр ч, алим ч, бүгд хүнтэй л адил “атомуудын талст” болон харагдаж, хооронд нь ангилж салгая ч гэхгүй болов уу. Бүр тэр ч байтугай, хүн болон чулууг ч ангилахгүй байж мэднэ. Нэг нь тэрүүхэндээ өнхрөн чичирхийлэх “атомуудын талст”, нөгөө нь төдийлөн хөдөлдөггүй “атомуудын талст” гэх төдийхнөөр л ялгарч харагдах биз. Тиймэрхүү ялгаа бол аварга мангасын хувьд мөн чанарлаг биш тул, тийм юмсыг хооронд нь ангилаад байхгүй.
Энэхүү мангасын харах өнцөгийг зүйрлүүлж хэлбэл, бид бүхэн өвлийн талыг дүүрэн гялалзах их цасыг харахтай адил юм. Хаашаа ч харсан цас, зүгээр л зөндөө их цасан ширхэг буюу “мөсөн талст”-аар дүүрсэн нэгэн дүр зураг. Гэвч, сайн харвал салхинд хийсэн өнхрөх мөсөн талст ч байхад, хатуураад хөдөлгөөнгүй болсон мөсөн талст ч байна. Хөвсгөрхөн сэвсгэр мөсөн талст байхад, бутраад хагарчихсан нь ч байна. Гэсэн ч бид цасан талын дундах тэр мэт жижиг сажиг ялгааг тоогоод байдаггүй. Тэр бүх ялгаануудад нэр оноогоод, бусдаас нь ангилъя гэсэн санаа хэзээ ч төрөхгүй. Зүгээр л тал дүүрэн цас, зөндөө олон мөсөн талст байна гэх төдийгөөр л ажиглана.
Үүнтэй адилаар, тэнгэрээс бидний ертөнцийг ажиглах аварга мангасын хувьд хүн ч нохой ч алим ч ширээ ч чулуу ч бүгд ив ижилхэн бөгөөд, ердийн нэг “мөсөн талстууд” л юм. Тэгээд тэр мангас эв хавгүй гараа сунган тэр талстуудаас хутгаж аваад алгандаа бөөрөнхийлсөн ч, түүнд ямар ч сэтгэл хөдлөлийн мэдрэмж төрөхгүй биз. Тэр бол аанай л бид бүхэн цасаар цасан өвгөн хийхэд юу мэдрэгддэг вэ, тийм л мэдрэмж төрнө. “Мөсөн талстын үхэл”-ийн тухай бодол толгойд байтугай зүүдэнд ч орж ирэхгүй биз.
Тэгэхээр, эндээс ийм нэгэн асуулт урган гарч ирнэ. Энэхүү харийн мангасын харж буй ертөнц хийгээд, хүн бидний харж буй ертөнц хоёр үнэхээр нэг ертөнц мөн үү?
Мэдээж үүний хариулт нь “ертөнц” гэх үгийн тодорхойлолтоос хамаарах байх л даа. Бүүр дээд бурхны өнцөгөөс харвал, мангас хүн хоёр нэг л ертөнцийн оршин суугчид байж мэдэх юм. Гэхдээ энэ удаад ямартай ч зөвхөн хүн болон мангас тус бүрийн байр суурьнаас харагдах зүйлийг “ертөнц” гэж үзэх юм бол, илэрхийгээр мангасын “ертөнц” болон хүний “ертөнц” нь харилцан ялгаатай байх учиртай. Яагаад гэвэл, мангасын ертөнцөд хүн ч алим ч чулуу ч оршин байхгүй учраас тэр.
Тэгвэл яагаад мангасын “ертөнц”-д хүн ч алим ч чулуу ч үл оршино вэ? Тэр бол өмнөх ярианд ч өгүүлснээр, тэр мангас биднээс “аливааг ангилах хэмжүүр” буюу “юуг юунаас ангилж заах вэ гэсэн үнэ цэнийн систем (хэлний систем)” нь өөр учраас юм. Энэ нь нэг ёсондоо, ялгаатай үнэ цэнийн хэмжүүр бүхий хоёр этгээд тус бүрийнхээ үнэ цэнийн мэдрэмжээс хамааран өөр зүйлс оршин байдаг “ертөнц”-ийг харж байна, гэж ойлгож болно.
Тэгвэл байна шүү. Тийм бол “алим” гэх мэтийн “оршихуй”-нууд нь, алим гэдэг биет матери байгаа болохоороо оршдог бус, алимыг алим гэж ангилах үнэ цэнийн хэмжүүр байснаар сая тэнд оршдог гэж хэлж болох юм. Нэг ёсондоо, “алим гэж ангилах” хэн нэгэн байснаар сая “алим оршин байдаг” гэсэн үг болно.
За тэгвэл, хэрвээ “алим гэж ангилах үнэ цэнийн хэмжүүрийг тээгчид” бүгдээрээ энэ ертөнцөөс алга болчихжээ гэвэл юу болох бол?
Жишээ нь, бид бүхэн үндсэндээ бол өөрийгөө болон өөр хэн нэгнийг үхээд өгсөн ч “ертөнц” огтхон ч өөрчлөгдөлгүй, тэр янзаараа л цааш үргэлжлэх биз гэсэн хөдлөшгүй хатуу бодолтой явдаг. Тиймээс нүдний өмнөх алим ч бас би үхнэ үү хэн үхнэ хамаагүй, тэр л янзаараа “алим байдлаар үргэлжлэн оршиж таараа” гэж боддог. Гэвч тэр бол “алим” гэх зүйлийг ангилах оршихуй цаана нь ахиад үлдсэн болохоор тэгж боддогоос цаашгүй юм. Хэрвээ бүр томоор хараад, тэрхүү “бөөрөнхий улаан органик бодис”-оос үнэ цэнийг мэдрэх амьтны төрөл зүйл бүгд устчихсан гэвэл, тэр үед нэгэнт “алим” гэх зүйл оршин байхаа болино.
Үүнтэй адилаар, хэрвээ хүн төрөлхитөн мөхвөл, бидний төсөөлдөг “3 хэмжээст огторгуйд атомууд нисэлддэг” гэсэн тэр хэлбэрээрээ “ертөнц” нэгэнт үргэлжлэн оршихгүй болоход хүрнэ. “3 хэмжээст оршихуй” болон “атом” гэх зүйл бол эцсийн эцэст зөвхөн хүний л зохиосон “ангилал” болохоор тэр. Тиймээс тэр мэт “ангилал”-ыг үйлдэгчид үгүй болбол “3 хэмжээст огторгуй” ч “атом” ч оршихгүй, ердөө л нэг нилэнхүйдээ жигд үргэлжилсэн цул биет, хаагуураа ч ангилал үгүй ертөнц, зөвхөн цав цагаан цасан талын дүр зураг, ямар нэгэн юм оршин байна гэж хэлэх аргагүй замбараагүй зуурмаг, учир утга ч оноох боломжгүй хуйларсан хаос л болж хувирах болно.
Үүнээс хөрвүүлж хэлэх юм бол, хэрвээ танд яагаад ч орхиж үл чадах, хэнээр ч үгүйсгэгдэхийг үл зөвшөөрөх, өөрийн тань хувьд хамгийн эрхэм “үнэ цэнэ бүхий ямар нэгэн зүйл” оршин байдаг бол, тэр зүйл таныг үхэхтэй зэрэгцээд мөн л оршин байхаа болино. Аав тань аав байхаа больж, ээж тань ээж байхаа болино. Таны харж мэдэрдэг “ертөнц” гэдэг бол, зөвхөн таны хувийн үнэ цэнээр таслагдан бий болсон “ертөнц” бөгөөд, тэр ертөнцөд орших юмс бүгд зөвхөн таны хувийн үнэ цэнээс төрсөн оршихуйнууд юм.
Тиймээс та үгүй “ертөнц” гэдэг бол таны тунгаан төсөөлөх тэр “ертөнц” байдлаар хэрхэвч оршихгүй, үргэлжлэх нь ч үгүй.
Яагаад гэвэл оршихуй гэдэг бол, тэр оршихуйг ангилж ялгах үнэ цэнийг тээгч оршихуй байснаар, сая оршиж эхэлдэг учраас тэр болой.

No comments:

Post a Comment