2017/03/23

30. Хайдеггер. Оршихуй гэдэг бол хүний дотор үүсдэг зүйл

Өмнөх - 29. Гуссерль. Бүхий л үзэгдэл хаанаас ирнэ вэ?

Гуссерль бүхий л мэдлэгийн салбарын онолуудыг “Субъектив ухамсрын туршлага” дээр суурилан засч тайлбарлах цоо шинэ мэдлэгийн салбар буюу Үзэгдэл судлалыг үндэслэн санаачилжээ. Тэр бол туйлаас амбицлаг хийгээд өргөн хүрээний оролдлого байсны дээр, өнөөдөр ч Үзэгдэл судлалын фенүүд олон бий.
Харин Гуссерлийн нэр хүнд гэвэл Үзэгдэл судлалтай чанх эсрэгээр төдийлөн гавьж шальсангүй. Бодит байдал дээр ч Гуссерль хэмээх философичийн нэрийг ердийн хүмүүс бараг мэддэггүй гэхэд болно. Тэр бүү хэл, Үзэгдэл судлал гэх гойд санаачлагыг үндэслэгч байсаар атал, түүний Үзэгдэл судлалын лекц үргэлж эл хуль байдалтай, суудаг цөөхөн оюутнууд нь голцуу нойроо дарж ядан сонсдог байсан гэлцдэг. Ер нь л Гуссерль гэгч хүн хувь хүнийхээ хувьд уйтгартай номын төрхтэй, залхтал онол ярьж улиглан бувтнахаас цаашгүй базаахгүй нэгэн байсан бололтой. Шулуухандаа бол хүнийг өөртөө татах манлайллын ямар ч элементгүй нөхөр байжээ.
Харин, түүний шавь бол өөр хүн байлаа. Түүний шавь ер бүсийн харисматик байлдан дагуулагч байв. Чухам түүний шавь л Үзэгдэл судлалын арга барилд тулгуурлан өөрийн бие даасан оршихуйн онолыг дэлгэн үзүүлсэн Германы философич Хайдеггер (1889 - 1976) байсан юм.
Хайдеггер бол өнөө үед “20-р зууны хамгийн том философич” гэдгээрээ өндөр нэртэй нэгэн боловч, юу юунаас илүүтэй түүний гайхалтай харисматик төрх бусдаас илт гойд байв. Тэрээр багшаасаа ялгаатайгаар уран яруу илтгэгч, философиор бусдыг увдистан таттал ярих авьяасаар бялхсан нэгэн байсан гэдэг.
Жишээ нь Хайдеггер хүнийг зүгээр хүн гэж хэлэхийн оронд Бодит оршихуй ч юм уу, Ертөнцийн дотоод оршихуй гэхчлэн өгүүлнэ. Тиймээс түүнийг номыг аваад шууд дундаас нь сөхөж үзвэл “…Бодит оршихуй болох ертөнцийн дотоод оршихуй бол, оршихуйн онолын ялгацын нөлөөгөөр оршигчийг баттай оршоох оршихуйг…” (үнэндээ монгол хэлэнд яаж буухыг төсөөлөх ч юм алга) гэхчлэн бичигдсэн байх тул юу ч ойлгогдохгүй. Эдгээр нь Хайдеггерийн өөрөө бодож зохиосон хэлцүүд шиг байгаа юм. Гэсэн ч дуулж сонсоогүй мэргэжлийн үгс зайгүй урсан хөврөх нь, сонсогчийн өнцгөөс харахад тун ч мундаг, гоё харагдана.
Мөн тэрээр өөрийн философи хийгээд үзэл санаагаа багцалж эмхэтгэхийг туйлаас цааргалах тул, аль болох л гүн гүнзгий ноцтой чухал зүйл ярьж байна уу гэж бодогдохоор этгээд ярьдаг байжээ. Тиймдээ ч энгийн олон түмний “Яг тэгээд Хайдеггер юу гэх гээд байгаа юм бол оо?” гэсэн эргэлзээнд, бусад философичид хүртэл “Харин ээ?!?” гэлцэн бантдаг байсан гэдэг. Гэлээ ч, түүний өөрийн өвөрмөц хэлцүүдээ холбон уран яруу илтгэж, юу юугүй ертөнцийн нэгэн том нууц яг одоо тайлагдах нь уу гэлтэй догдлол төрүүлэх лекц нь үргэлж анхаарлын төвд байж, оюутнууд ч ёс мэт ярайн шавдаг байлаа.

Оршихуйн философи

Тэр мэт харисматик төрхтэй Хайдеггерийн философидох арга барил нь ч бас аливаад ямагт тэрслэгч шинжтэй байв.

-     Философи өдийг хүртэл хүн болон биетийн орших байдлын талаар тунгааж ирсэн боловч, түүнээс ч чухал асуудал орхигдсон байна. Тэр бол “Ерөөс оршин байна гэдэг юу гэсэн үг вэ?” гэх асуудал юм.

Өөрөөр хэлбэл, философи нь төдийг хүртэл “Алим үнэхээр оршин байна уу?”, “Оршин буй алимны бодит төрх нь чухам ямар юм бэ?” гэх зэргээр байдгаараа тунгааж ирсэн боловч, “Ерөөс алим оршин байна гэж яг юу гэсэн үг юм бэ?” гэсэн фундаменталь асуудлын тухайд төдийг хүртлэх философичид анзааралгүй өнгөрөөчихжээ, хэмээн Хайдеггер хэлжээ. Тэгээд тийнхүү “Одоогийн философи оршихуйн тухай юу ч мэдэхгүй” гэж үгүйсгэмэгцээ, “Би тэрхүү оршихуйн нууцыг тайлж чадсан” хэмээн учир битүүлэг илтгэх юм гэнэ.
Тэрээр “Оршихуй гэдэг бол хүний дотор үүсдэг зүйл” гэж тунгаажээ. Юуны өмнө илэрхий тодорхой зүйл гэвэл, “Оршихуй” гэдэг бол үг юм. Тэгээд тэрхүү “оршихуй” гэдэг үгийг хэрэглэж, “Оршихуй гэж юу вэ?” гэлцэн тунгаах нь ч бас мэдээж хүн юм. Амьтад “Оришхуй гэж юу вэ?” гэж хэзээ ч асууж тунгаахгүй. Амьтад бодитоор яг юу бодож тунгаадгийг мэдэхгүй ч, үгүйдээ л “оршихуй” гэдэг үгийг хэрэглэх нь зөвхөн хүн гэж болно. Тиймээс “Оршихуй гэж юу вэ?” гэх асуултын цаад утга нь үнэндээ “Хүний хувь дахь оршихуй гэж юу вэ?” гэсэн асуулт руу шилжүүлэх боломжтой гэсэн үг болно.
Гэвч, үүн дээр та сайтар бодож үзнэ үү. Хүн аль хэдийнэ “Оршихуй” гэдэг үгийг хэрэглэчихсэн байна шүү дээ. Юу гэхээр, хүн бид “оршихуй” гээчийн тухай философидох ч явдалгүйгээр, “оршихуй” гэх үгийн утгыг анхнаасаа яагаад ч юм мэддэг гэсэн үг болно. Тийм биш бол хэрхэн яаж “оршихуй” гэх үгийн утгыг мэдэхгүйгээр “Юу оршин байна вэ?” гэхчлэн асуулт зохиож чадах билээ.
Тэндээсээ Хайдеггер юуны өмнө бид бүхний хэрэглэх “оршихуй” гэдэг нь юунаас эхтэй үг болохыг, үнэндээ яг ямар утга илэрхийлдэг болохыг тодруулах шаардлагатай хэмээн тодотгов. Нэг ёсондоо, оршихуйн тухай мэдмээр байгаа бол, юун түрүүн хүнийг мэдэх хэрэгтэй хэмээн өөрийн онолоо дэлгэрүүлсэн байна.
Тэгэхээр дээрх гаргалгаагаа Хайдеггер мөнөөх алдартай “Орших ба цаг хугацаа” номдоо бичсэн учиртай боловч, харамсалтай нь уг ном нь бүрэн дуусаагүй бөгөөд, Хайдеггер оршихуйн асуудлыг хэрхэн тайлбарлах гэж байсан нь бодит байдал дээр онисого болон үлджээ. Үнэхээр ч түүний “Орших ба цаг хугацаа” ном нь “Оршихуйг тунгаан буй хүн гэгч чухам юу вэ?” гэсэн хүний талаарх анализ руу хэлбийн лавширсаар, дундаасаа “Хүн өөрийнхөө үхлийг ухамсарласнаар сая хүн болдог” гэхчлэн амьдралын онол маягийн агуулгаар өрнөж, нэгэнт “оршихуйн философи” гэхээсээ илүү “хүний философи” гэгдэн өндөр үнэлэгдсэн байдаг. Мөн түүний номыг “Оршин байхгүй оршихуйн онол” гэхчлэн элэглэдэг нь ч бас үүнээс улбаатай билээ.
Явж явж Хайдеггерийн “Орших ба цаг хугацаа” ном маш том сэдэв болон олныг шуугиулсан боловч, зөвхөн тэргүүн боть нь хэвлэгдээд өнгөрсөн тул, оршихуйн нууц ил болсонгүй. Түүнийхээр бол тэргүүн боть нь ердөө л төгсгөл ботийнхоо бэлтгэл оршил төдий бөгөөд, “Төгсгөл боть дээр оршихуйн бодит төрхийг гайхам өрнөлөөр ангайтал дэлгэн үзүүлэх болно” хэмээн хавь ойрынхондоо ярьж явсан гэлцдэг. Харамсалтай нь, төгсгөл боть хэвлэгдэх явдал гэж байсангүй. Хайдеггер тэнд чухам юу ярихаар төлөвлөж байсан нь өнөөдөр хэрхэвч мэдэх боломжгүйгээр дарагдаж, философийн түүхэн дэхь хамгийн том нууц болон хоцорчээ.

Үргэлжлэл - 31. Соссюр. Ертөнцийг ангилах нь

Филсоофи сурах бичиг

1 comment:

  1. Баярлалаа, cynicism-ийн талаар бичиж өгөхийг хүсч байна.

    ReplyDelete