2016/08/23

Квалиа (6) - Идэвхгүй ухамсрын тайлбар


Магад зарим хүмүүс
-      Үгүй ингэхэд, хүн чинь квалиагаас л мэдээлэл авч, алив шийдвэрүүдээ гаргадаг биз дээ? Зүгээр энгийнээр бодоод үзэхэд, квалиа гэж юм байхгүй байсан бол яаж шийдвэр гаргах юм бэ? Тэгээд бодохоор квалиа (сэтгэл, ухамсар) тархинд нөлөөлдгөөр зогсохгүй, нөлөөлөх нь харин ч илэрхий юм биш үү?
гэсэн энгийн хар ухаанаар бодож байж болох юм.


Нээрээ ч бодоод үзвэл, нүдний өмнөх гэрлэн дохионоос
○○
гэсэн “улаан” гэх квалиаг мэдрэхээрээ “Өө, улаан асч байна” гэж дүгнээд, зам гарахаа болих шийдвэр гаргадаг.
Гэж тайлбарлах нь тун ч мэдээжийн, ойлгомжтой, зөв гэж санагдана.
Үүнтэй адилаар
-      Чихэрлэг гэх квалиаг мэдэрсэн учраас улам идмээр санагдсан.
-      Өвдөлтийн квалиаг мэдэрсэн учраас “улам хүчтэй” гэж орилмоор санагдсан.
гэх мэтчилэн “Квалиагийн нөлөөгөөр тархи шийдвэр гаргадаг жишээг” тоочоод барахгүй биз.
Гэвч, физикийн ухааны өнцгөөр харах юм бол, тэгж эгэлээр бодох нь сууриараа ТАШАА бөгөөд ердийн хоосон ТӨӨРӨГДӨЛ юм.
Физикчид ингэж хэлэх байх
-      Гэрлэн дохио хараад квалиаг мэдэрч, зогсох шийдвэр гаргасан, гэж хэлж байгаа боловч, үнэндээ түүний цаана ямар процесс явагддаг гэж бодож байна?

Болдог процесс гэвэл, тодорхой урттай гэрэл нүдний торлогоор орж, харааны мэдрэлийг дамжаад тархинд хүрэхэд, тархи хуучин ой санамжаасаа түүнийг “улаан” гэдэг категорит хамаардаг гэрэл болохыг таньж, түүнээсээ дамжаад “улаан бол зогсоно” гэдэг дүрмийн тухай ой санамжийг сэргээн санаж, “Зам гарахаа азная” гэх шийдвэрт хүрсэн гэх энгийн механик үйлдлүүд л явагдсан.
Тэрэн дунд квалиа энээ тэрээ гэсэн физик биет бус зүйлс хавчуулах ямар ч завсар байхгүй юм.
Тэгж яривал, гэрлэн дохио хараад улааныг таниад, танихаараа зогсох зэргийн үйлдлийг энгийн робот ч чадна шүү дээ.

Нэг ёсондоо хэрэг болгож квалиа ч юм уу гаргаж ирээд байлгүйгээр, хүний алив шийдвэрүүдийг зөвхөн тархины механик үйл ажиллагаа төдийгөөр хангалттай тайлбарлах боломжтой.
Хүний шийдвэр гаргах функцийг “Тархины механик үйл ажиллагааны зарчмаар явагддаг” гэсэн логикоор тайлбарлах бүрэн боломжтой л юм бол, заавал квалиаг оролцуулж тайлбарлах зайлшгүй шаардлага гэж байхгүй.

Тиймээс эцсийн эцэст “Хүний шийдвэрт квалиа нөлөөлдөг” гэж үзэх нь сууриараа ТАШАА бөгөөд хоосон ТӨӨРӨГДӨЛ, хуурмаг мэдрэмж-ийн шинжтэй мунхаглал гэсэн үг болно.
Магад аягүй бол физикчдийн энэ тайлбарыг сонсоод
-     Яалаа гэж дээ, юу яриад байгаа юм? Яах вэ, логикоор хандвал тархитай адилхан үйлдлийг техникээр ч хийлгүүлж болох л байх. Гэхдээ л яалт ч гүй би гэдэг хүн энэ “улаан”-ыг мэдэрч л шийдвэр гаргасан. Энд ямар ч эргэлзээ байхгүй. Би “” энийг хараад, улаан гэж таниад “Зогсъё” гэж шийдсэн. Ийм илэрхий ойлгомжтой мэдээжийн зүйлийг яагаад төөрөгдөл, хуурмаг мэдрэмж гээд байгаа юм бэ?

гэж эргэлзэх хүн гарч болох юм.

Тэгвэл, физикчдийн санааг гүйцэт ойлгох үүднээс, та кино театрт кино үзэж буй өөрийгөө төсөөлөөд нэг үзнэ үү.

Нүдний өмнөх дэлгэц дээр янз бүрийн дүр зураг (квалиа) дүрслэгдэнэ.
Жишээ нь, “Өмнөөс машин ирээд, гол дүрийн хүн баруун тийшээ зайллаа” гэсэн дүрс гарчээ гэе.
Энэ үед хэрэв та
-      Машин дэлгэцэнд харагдсан болохоор нь, би машин ирж байгааг мэдээд орилсон чинь гол дүрийн хүн баруун тийшээ амжиж зайлсан байхгүй юу.
гээд яривал олны доог тохуу болно биз?

Яагаад гэвэл дэлгэцэнд гарах дараагийн дүрсийг та шийдэхгүй, ард байгаа прожектор шийдэж байгаа шүү дээ.
Өөрөөр хэлбэл кино театрт дэлгэц ширтэж суугаа “та (үзэгч)” бол киноны өрнөлд нөлөөлөх боломжгүй оршихуй бөгөөд, киног “зүгээр л үзэж буй төдий” хэнд ч хэрэггүй этгээд юм.
“Баруун тийшээ зайлъя” гэсэн шийдвэр ч, бодитоор баруун тийш зайлсан нь ч бүгд ард байгаа прожектор (төхөөрөмж) л шийдэж байгаа зүйлс. Тиймээс хэрвээ та (үзэгч) дэлгэцэнд гарсан дүрсийг хараад “киноны дараагийн өрнөлийг би шийдсэн” гэж яривал, тэр бол илэрхий ТӨӨРӨГДӨЛ болно.
ГЭВЧ, сэтгэлийн хөдлөл ихтэй хөөрүү хүн байгаад, өөрийн эрхгүй кинондоо уусч ороод, ёстой л өөрөө шийдээд өрнөлийг өөрчлөөд байгаа юм шиг хуурмаг мэдрэмжинд автах тохиолдол байх уу гэвэл, тэр бол байна аа, хааяа (хэхэ).

Тэгэхээр, физикчид “тархи, квалиа, ухамсар” гэсэн холбоог саяын зүйрлэл яриан дахь “прожектор, дэлгэц, үзэгч”-ийн холбоотой ижилхэн гэж үзээд байгаа юм.
Нэг ёсондоо,
Прожектор = Тархи
Дүрс = Квалиа
Үзэгч = Ухамсар
гэж холбосон учиртай бөгөөд, нөгөө физикчид маань дараах байдлаар тайлбарлаад байгаа юм.
Квалиа гээч юм бол прожектор (тархи) ажилласны үр дүнд гардаг дэлгэцийн дүрс шиг эд бөгөөд, дэлгэцэнд гарах дүрс (квалиа) нь түүнийг үүсгээд байгаа прожекторт (тархинд) ямар нэгэн хэлбэрээр огт нөлөөлдөггүй, ухамсар (үзэгч) ч бас квалиаг (дүрс) зүгээр л харж байгаа төдийд, тархи (прожектор) гээч төхөөрөмжид юуны ч нөлөөгүй юм.
Тиймээс квалиаг мэдрээд байгаа хүмүүс эгэлээр
-      Ухамсарт улаан (квалиа) дүрслэгдсэн учраас улааныг таниад, тэгээд би зам гарахаа болъё гэж шийдсэн юмаа. Тийм болохоор яалт ч гүй квалиа миний тархинд нөлөөлөөд байгаа байхгүй юу.

гэж зүтгүүлэх юм бол физикчид ингэж л хариулна

-      Наадах чинь яаг саяын кино театрт кино үзэж буй үзэгчийн зүйрлэл яриатай адилхан, бүгдээрээ чиний бодон төөрөгдөл, хуурамж мэдрэмж юм аа. Юу гэвэл, тархинаас гарсан шийдвэрийг “өөрөө квалиа мэдрээд гаргасан шийдвэр” гэж төөрөөд байгаа байхгүй юу. Яг тэр сэтгэлийн хөдлөл ихтэй хөөрүү хүн шиг, хэхэ.

Энэхүү “Ухамсар гээч юм бол ердөө л үзэгч шиг зөвхөн харж байдаг, зөвхөн мэдэрч байдаг, шийдвэр гаргалтанд огт оролцдоггүй, тархины механик үйл ажиллагааны үр дүнд гарсан шийдвэрийг өөрийн чөлөөт хүсэл зориг гэж хоосон төөрөлддөг хөөрхийлэлтэй оршихуй юм” гэсэн санааг Идэвхгүй ухамсрын тайлбар гэж нэрлэдэг.
Мэдээж Идэвхгүй ухамсрын тайлбарыг хүлээн зөвшөөрөх юм бол
Хамгаас хайртай түүнийгээ харахаар төрдөг ид шидийн мэдрэмж ч,
Мөрөөдлийнхөө төлөө тууштай тэмцье гэсэн гал халуун эрмэлзэл ч,
бүгд ухамсрын ар дахь тархи хэмээх төхөөрөмж (прожектор)-өөс бий болсон бүтээгдэхүүн бөгөөд, өөрийн чөлөөт хүсэл зоригоороо өөрөө гаргасан шийдвэр гэж санагдах нь бүгд хоосон төөрөгдөл гэсэн үг болно.
Тэгэвч ийм зүйлийг хүлээн зөвшөөрөх нь зарим хүнд маш хүнд санагдаж болох юм.
-      Юу гэсэн хэл вэ, тэгэхээр чинь тэгээд бидэнд ямар ч чөлөөт хүсэл зориг гэсэн юм байхгүй болж таарах нь уу?
гэсэн дотор харанхуйлам айдас төрж ч мэднэ. Гэтэл, ерөөс энэ хорвоо ерөнцөд физик ухагдахуунаас гадуур оршихуй байхыг хүлээн зөвшөөрөхгүй л гэж байгаа бол, ертөнц бүхэлдээ зөвхөн физикийн хуулийн дагуу л өрнөх механик үзэгдэл юм чинь, мөнхүү тархи ч бас ухамсар ч бас адилхан механик оршихуй болохыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй, гэсэн илэрхий ярианд тулж очно. (Тэгээд тархи нь механик оршихуй л юм чинь, прожектор шиг л өөрөө ажиллаад явна, та бол ердөө түүний үр дүнг үзэж суугаа үзэгч болж таарна).
Харин эсрэгээрээ яадаг ч бай хүний чөлөөт хүсэл зоригийг магтан дуулмаар байгаа бол, одоогийн физикт байхгүй дээд оршихуй, ямар нэгэн ухамсар сүнс хйиморь онгод, өөр юу юу ч билээ тиймэрхүү юмс биетэд физик нөлөө үзүүлдэг гэж хүлээн зөвшөөрөхдөө тулна.

Алийг нь сонгох нь таны л асуудал…

Гэсэн сонголт ч тархи л шийдэх асуудал…

Гэж сэтгэж буй нь ч тархи л шийдсэн асуудал…



…Бид бүхэн квалиаг ойлгох өдөр ирэх болов уу?

Үргэлжлэл - Квалиа (7) - Дайвар үзэгдлийн парадокс

4 comments:

Anonymous said...

Үүнээс л нэг л айгаад байдаг юм. Багаасаа л ертөнц бол биллиардын ширээ шиг урьдчилж таамаглаж болохоор үр дүн гаргадаг машин байх гэсэн айдастай байсан. Мөн цаг хугацаа орон зайн 4-н хэмжээст орчинд бид зүгээр л хөдөлгөөнгүй биет байх гэж боддог. Яг л тэндэхийн ундааны сав шиг, эсвэл сандал шиг. Гэтэл тэглээ гээд шийдвэр гаргахаа болиод үйлдэл хийхээ боличилтой биш. Үгүй ээ ер нь кино л үзэж байгаам чинь зүгээр л үзэж болдоггүй юм байхдаа. Энэ кинонд гарч байгаа дүрүүд дотроо үзэгчтэй бол уу? Тийм байх ямарч албагүй юм. Тэгэхээр угаасаа надаас өөр энэ ертөнцийг мэдэрч байгаа хүн ер нь байгаа юм уу. Ганцаардчлаа. хэхэ. Ерөөс энэ үзэлээ өөрчлөхийн тулд бөө, лам, зөн билэгт итгэх хэрэгтэй болоод байдаг. Миний хамгийн дургүй зүйл!

Anonymous said...

Дараа нь information paradox-ын талаар мэдээлэл оруулж өгөөч. мэдээлэл устахгүй гээд байдаг нь ямар учиртай юм бол?

Уламбаяр said...

шинжлэх ухааны парадокс уу? их зальтай тайлбар байна. шинжлэх ухаан ч ингэж тайлбарладаг л даа. Тархины "бүтээгдэхүүн"-ийг бид "үзэж" сууна гэхээр хэтэрхий механик, бас утга учиргүй юмаа. Тархи бол тусгалын гол эрхтэн. Тэрхүү тусгал ертөнцийн дүр зургийг тархинд буй болгодог. тэгээд л тэндээ бид "амьдардаг". харъя гэснээ л харж, сонсъё гэснээ л сонсож, мэдэрье гэснээ л мэдэрдэг. яг л харанхуй өрөөнд гар чийдэн тусгаад тэрхүү тусгалаа л харж байгаатай адил. их л "тэнэг" санагдаад байгаа юм даа. :)

Anonymous said...

1) yg ingej bodoj uzsen yum bna. Zon bilegt ,boo-d itgelee gehed ireeduid tiim yum bolno gej helle.ireeduid heden nastaidaa uhne,tiim huuhedtei bolno.!!! Utga bnu, ugaasa shiidegdsen amidral yum bol .Iim uchraas itgeh durgui iimerhuu zuild.
2)shinjleh uhaand itgeed burhan gej baidaggui.bid oorsdin husel,sanaagaar amidardag gey bdoy.ene zamaar ywhaar yah argagui tailbarlah bolomjgui asuultuud garj ireed.boo,zon bileg dald zuiluud bdag shig zanagdana.(bdag ch bj magadguildee)
3) hun baigaliin buteel!!!, muur har tsagaan hardag, nohoi zarim ongo ylgadaggui.hun sain ongo ylgaddag.gehdee zarim ongiig harj chaddaggui.teriig ni het ulaan tuyaa ch yumuu , arai urt,bogino dolgionii urttai ongonuud bdag. Hun tarhitai.Ter tarhi ni logic gedeg zuileer ajilladag.Ene tarhi muurni har tsagaan hardag shig hyzgaarlagdmal zuil bwal yah we. "A" zow bwal "B" zow bdag."B" zow bwal "C" zow bdag. Iim uchraas "A" zow bwal "C" zow bna gej l ajilladag.Hunii tarhi hyzgaarlagdmal sanagdahgui bn gejuu???.
ene buh shinjleh uhaan yrtsontsiig "A"->"C" hureeleld l bodoj bna.bidnii tarhi muurni haraa shig bwal yah we?(ene bodlin hariultgui asuultuudiin hariult yum)
Bayarlalaa
hahahah

Post a Comment