2016/02/02

5. Кант. Ертөнцийн үнэн төрхийг мэдэх боломжгүй

Өмнөх - 4. Хьюм. Бурхан ч, шинжлэх ухаан ч хоосон төөрөгдлөөс цаашгүй

Хьюмын эргэлзээ чинхүү тууштай байж чаджээ. Аливаад “тууштай” байна гэдэг юутай гайхалтай. Төдийг хүртэл эргэлзэх ч хориотой байсан бурхныг няцааж, цаашлаад шинжлэх ухаанд (учир шалтгааны холбоо) хүртэл эргэлзэх тэрхүү туйлбартай эргэлзээ бол тэр чигээрээ шижир байлаа.
Гэлээ гээд, зөвхөн эргэлзээд үнэндээ юу ч эхлэхгүй. Харин тэндээс “эргэлзэхийн аргагүй ямар нэгэн зүйлийг” олох нь чухал юм. Яг л Декартийн адилаар тууштайгаар эргэлзэнгээ, тэрхүү эргэлзээгээ даван гарахуйц “хүчирхэг санаа” бодож олох хэрэгтэй.
Тэгээд Хьюмын хүчирхэг эргэлзээг халз өөдөөс нь тогтоон барьж, түүнийг даван гарахуйц үнэнийг олж нээх агуу үйлийг гүйцэлдүүлж чадсан хүн бол Германы философич Кант (1724 – 1804) билээ.
Уул шугамандаа бол Кант нь Декартын нэгэн адил оюун ухааныг дээдлэгч рациональ үзэлтэн бөгөөд, хүн өөрийн оюун ухаанаа гүйцэт дайчилбал үнэнд гарцаагүй хүрэх учиртай хэмээн эгэлээр итгэгч нэгэн байжээ. Гэвч тэрээр Хьюмын философийг олж мэдээд гүн шоконд орж, түүний хүчирхэг эргэлзээний өмнө өөрийн балчирхан философио олж мэдрэх нь тэр. Тэр цагаас хойш Кант Хьюм гэх агуу дайснаас мэгдрэх явдалгүйгээр, түүний эргэлзээг сөрөн зогсохоор хатуу шийдсэн гэдэг.
Ерөөс Хьюмын дүгнэлт бол “бүхий л мэдлэг хийгээд ухагдахуунууд бол, хүний туршлагаас үүдэн гарсан зүйлс төдий юм” гэх агуулгатай байсан. Тэр бол туйлаас үнэмшилтэй, бас үндэслэлтэй гэж санагдана. Тэгтэл Кантад тэндээс ийм нэгэн эргэлзээ төрнө.

-      Тийм бол математик болон онол гэх зэрэг олон хүмүүс нийтлэгээр ойлгодог мэдлэгийн салбарууд яагаад оршин байна вэ?

Хэрвээ, бүхий л мэдлэг болон ухагдахуун нь тухайн хүний туршлага дээр суурилж байдаг юм бол…, хүн бүрийн хувьд харилцан өөр мэдлэгийн салбарууд ахиад зөндөө байсан ч болох л учиртай. Нээрээ ч, ив ижилхэн туршлага хураасан хүмүүс гэж төдийлөн байдаггүй шүү дээ. Гэтэл бодит байдал дээр, огт өөр амьдралаар амьдарч, өөр туршлага хураасан хүмүүс байлаа ч, тодорхой хугацаа зарцуулаад гарцаагүй ижилхэн дүгнэлтэнд хүрч чаддаг. Үүний бэлэн жишээ гэвэл математик, геометр, логик гэх мэт өөр олон салбарууд бий.
Кант энд Хьюмын эргэлзээг даван гарах түлхүүр байна гэж сэтгэв. Тэгээд тэрээр ийм дүгнэлтэнд хүрнэ.

-      Үнэхээр Хьюмын хэлснээр хүмүүс өөрийн туршлагаасаа мэдлэгийг олж авдаг. Гэхдээ хүмүүс туршлагыг өөртөө боловсруулж авах тэр механизмд “хүн” гэдэг амьтны “хувийн хэв шинж” байдаг бөгөөд, тэр нь туршлагаас үл хамаарах “байгалийн (буюу төрөлхийн)” өгөгдөл юм.

Үүнийг сийрүүлбэл иймэрхүү утгатай юм. Хүн гэдэг төрсөн цагаасаа эхлээд янз бүрийн туршлага хуримтлуулж байдаг. Тэгээд зарим хүн алим идэж, зарим нь лийр идэх зэргээр бүгд харилцан өөр туршлага хураан амьдарч явдаг. Харин үүн дээр Кант “иймэрхүү туршлагуудын агуулгын ялгаанаас үл хамаарах, хүмүүсийн хоорондох нийтлэг ямар нэг зүйл”-ийг олохыг хичээв. Түүний үр дүнд Кант “хүн аливаа зүйлийг харах үед гарцаагүй цаг хугацааны хувьд болон орон зайн хувьд тухайн зүйлийг харж байдаг” гэх байдлаар, туршлагаа боловсруулах механизмын хувьд “нийтлэг хэв шинж (буюу схем)” байгаа болохыг олж анзаарсан байна.
Тэгвэл энэ “нийтлэг хэв шинжийн” талаар яльгүй дэлгэрүүлж тайлбарлая.  Жишээлбэл, бид бүхэн алим ч бай лийр ч бай “ямар нэгэн зүйл харах” гэдэг туршлага хураахдаа гарцаагүй “хаа нэг газрын, ямар нэг цаг хугацааны алим” гэх байдлаар хардаг байх учиртай. Үүнийг эсрэгээр нь хэлбэл, бид бүхэн “аль ч орон зайд байхгүй алим” эсвэл “аль ч цаг хугацаанд байхгүй алим” гэх зүйлийг харах боломжгүй гэсэн үг. Нэг ёсондоо бидний хувьд “орон зайн байршил эзлээгүй алим”, “цаг хугацааны (өнгөрсөн – одоо - ирээдүй) аль ч эгшинд оршин байгаагүй алим” гээч юм хэрхэвч байж таарахгүй. Тэгээд энэхүү нөхцөл байдал нь Дорж нь ч байна уу, Жорж нь ч байна уу, аль ч улсын хэний ч хувьд нийтлэг юм.
Тэгвэл яагаад нийтлэг юм бэ? Яагаад бид бүгдээрээ “цаг хугацааны хувьд, орон зайн хувьд” л аливаа зүйлийг харах гэдэг туршлага олж авдаг юм бэ?
Үүний шалтгааныг нэг үгээр хэлбэл, бид бүхэн “тийм тархитай” төрсөн учраас тийм юм. Өөрөөр хэлбэл, бидний тархи бол өөрийн бүтцийн хувьд, мэдрэлийн эсүүдээр дамжин ирэх сэрлүүдийг “цаг хугацааны”, “орон зайн” мэдээлэл байдлаар боловсруулдаг байхаар бүтээгдсэн гэсэн үг. Тэгээд тэрхүү тархины бүтэц болон механизм нь хүн гэх амьтны төрөл зүйлд байгалиас заяагдсан өгөгдөхүүн юм.
Тийм бол, тархины бүтцээс хамааран тодорхойлогдох “туршлага боловсруулах хэв шинж (буюу схем)” нь, хүн тус бүрийн туршлагын ялгааг даван гарах хүний заяагдмал нийтлэг шинж гэж хэлж болох биз. Өөрөөр хэлбэл, бид бүхэн амьдралынхаа туршид ямар ч туршлага хуримтлуулдаг бай, гарцаагүй түүнийгээ “цаг хугацааны хувьд” болон “орон зайн хувьд” мэдрэнэ гэх, “хүн төрөлхитөний нийтлэг хэв шинжийг” агуулж байдаг гэж үзэх боломжтой.
Тэгээд хүн төрөлхитөний хувьд энэхүү нийтлэг хэв шинж байдаг учраас л математик гэх мэтийн “хүн төрөлхитөний хувьд харилцан хуваалцах боломжтой ухагдахуун” оршин байдаг хэмээн Кант сэтгэсэн байна. Чухам ингэж үзсэнээр
-      Хүмүүсийн аливаа ухагдахуунууд нь бүгд туршлага дээр суурилж буй бөгөөд, туршлага гэдэг бол хүн бүрийн хувьд харилцан адилгүй тул, хүн төрөлхитөний хувьд нийтлэг абсолют ухагдахуун гэж хэзээ ч байх боломжгүй.
гэх Эмпиризмын эргэлзээг сая даван гарч
-      Тийм биш. Туршлагын агуулга нь хүн бүрийн хувьд харилцан өөр байвч, түүнийг хүлээж авах арга барилд хүн төрөлхитөний нийтлэг хэв шинж гэж байдаг. Тэр бол чухамдаа тэрхүү нийтлэг хэв шинж дээр тулгуурлах хязгаар дотор, бүх нийтээр “тийм” гэж зөвшөөрөх ухагдахуун гарцаагүй байх боломжтой. Тиймээс хүн төрөлхитөний хувьд үл хувирах үнэн, нийтлэг үзэл санаа, мэдлэгийн салбарыг цогцлоон босгох бүрэн боломж бий.

хэмээн, туйлын үнэн оршин байж болохыг онцлон тэмдэглэж чадах юм.
Үүн дээр Кантын жинхэнэ агуу байсан нь, тэрээр өөрийн үзэл бодолдоо ташууран туйлшралгүй, маш няхуураар туйлын үнэнд хязгаар тогтоож өгчээ. Кант нь “Туйлын үнэнийг бий болгох боломжтой” гэж өгүүлснийхээ дараа, цаашлаад ийн тэмдэглэсэн байдаг.

-      Хэдий тийм ч, тэр үнэн бол зөвхөн “хүн төрөлхитөний хувьд” л үнэн байх болно.

Нэг ёсондоо Кант нь Эмпиристүүдийн “Туршлага бол хүн бүрт өөр өөр тул, хүн төрөлхитөний хувьд нийтлэг ухагдахуун (үнэн) байх боломжгүй” гэх тайлбарын өөдөөс “хүмүүст туршлага хүлээж авах нийтлэг хэв шинж байдаг болохоор, хүн төрөлхитөний хувьд нийтлэг ухагдахуун (үнэн) байх боломжтой” гэж няцаасан учиртай боловч, тэр нь эсрэг утгаар нь хэлбэл биднээс өөр “нийтлэг хэв шинжтэй” бусад төрлийн амьтдын хувьд (харь гаригийн ч юм уу) тэр үнэнийг хуваалцах боломжгүй гэсэн үг юм.

Хүн төрөлхитөний үнэн

Жишээлбэл ийм нэг амьтан төсөөлж үзье л дээ. Тэр амьтан нь огт нүүж хөдөлдөггүй, ердөө л дээрээс унаж ирэх хоолыг хүлээж байдаг “ангаахайжав” маягийн амьтан байг. Тэр амьтан хөдлөх ч үгүй, дээр нь амьд явахад шаардлагатай хүнс тэжээл нь зөвхөн ганц зүгээс (дээрээс) унаж ирэх тул, түүнд “зүг чигийг мэдрэх эрхтэн” байх шаардлагагүй. Нэгэнт зүг чигийг мэдрэх эрхтэн байхгүй юм бол, хүмүүс бидэн шиг “юм”-ыг 3 хэмжээст орон зай дотор буйгаар хүлээж авахгүй.
Ерөөс тэр амьтны хувьд “юм” гэдэг нь зөвхөн л “хоол” бөгөөд, түүний хувьд мэдэрч чадах юм гэвэл, ердөө л “хоол нь хэзээ, ямар амттайгаар, ямар хэмжээтэйгээр ирэх вэ?” байх болно. Чингүүт тэр амьтан нь юмыг (буюу хоолыг) “цаг хугацаа, найрлага, хэмжээ” гэсэн 3 үзүүлэлтээр боловсруулдаг байж болох бөгөөд, магадгүй юмыг “цаг хугацааны хувьд өөрчлөгдөж байдаг өнгө” гэх байдлаар мэдэрдэг ч байж болох юм. Жишээ нь, найрлагыг нь “өнгөний төрлөөр нь (улаан байх тусмаа хортой, цэнхэр байх тусмаа тэжээллэг гэдэг ч юмуу)”, хэмжээг “өнгөний нягтралаар нь (тод байх тусмаа их, бүдэг байх тусмаа бага)” мэдэрдэг байг. Нэг ёсондоо “бүхий л амьтад өөрийн мэдрэхүйнхээ хүрээнд л ертөнцийг ойлгож байдаг” гэсэн л яриа бөгөөд, энэхүү ангаахайжавын хувьд бол “цаг хугацааны туршид өнгө нь хувирч, тодорч бүдгэрч, алга болж байдаг 1 хэмжээст ертөнцөд” тэрээр амьдарч байдаг гэсэн үг.
Мэдээж хүний өнцгөөс харвал энэ азгүй ангаахайжавын ертөнцийн төсөөлөл гэдэг яавч хэвийн бус.
-      Ишш чааваас хөөрхий, ертөнцийг оогт мэдэхгүй л байна даа. Бэлцийсэн олгой царайлчихаад, өөрийгөө 3 хэмжээст ертөнцөд амьдарч буйгаа яаж ч мэдэх билээ дээ.
гэж хэлмээр санагдана.

Гэвч..., гэвч үнэндээ бидний хүн төрөлхитөн өөрсдөө яг энэ болхи ангаахайжав шиг мунхагууд байхыг ч үгүйсгэхгүй юм.
Тийм биш гэж үү? Биднээс тэс өөр мэдрэх эрхтэнтэй амьтан, эсвэл бидний яагаад ч мэдэрч үл чадах тийм ертөнцөд оршин суудаг амьтан хэрвээ байвал..., хүн болон ангаахайжав хоёрын харьцаа яг тэр чигээрээ тэнд биелэх болно. Өөрөөр хэлбэл хүн бидний харж мэдрэх энэ ертөнц анхнаасаа зөвхөн “хүний л ертөнц” бөгөөд, жинхэнэ ертөнцийн ердөө ганцхан тал нь байхыг үгүйсгэх аргагүй. Тэгээд тэрхүү жинхэнэ ертөнцөд амьдрах “амьтан Х” нь хүн биднийг заагаад
-      Энэ нэг хүн гэдэг бэлцийсэн олгой шиг юмнууд, ертөнцийг оогт мэдэхгүй л байна даа. ертөнц 3 хэмжээст гэнэ үү? Хахаха, арай ч дээ
гээд инээгээд сууж байж ч мэдэх юм.
Тэгтэл, үнэхээр тийм байж таарвал, бид бүхэн хэрхэн тэр “жинхэнэ ертөнцийн төрхийг” олж мэдэж чадах вэ?

Матери

Кантаар хэлүүлбэл, тэр бол ямар ч боломжгүй юм гэнэ. Хүн хэзээ ч “жинхэнэ ертөнцийн төрхийг” олж мэдэж чадахгүй. Кант үүнийг дараах үгээр илэрхийлжээ.

-      Хүн хэзээ ч Материт өөрт нь хүрч чадахгүй.

Энд Кантын хэлэх “Матери” гэдэг бол, хүний (амьтны) мэдрэхүйн хэв шинжээр дамжин хөрвүүлэгдэхийн өмнөх “жинхэнэ ертөнцийн” тэр биетийг зааж буй юм.
Ерөөс хүн бид мэдрэхүйгээрээ “оршин байна” гэж бодон төөрөгдөж байдаг алим болон лийр зэрэг “биет” бол, үнэндээ “мэдрэхүйгээрээ (туршлагаараа) мэдрэхийн өмнөх ертөнцөөс” амьтны хувийн хэв шинжээр хөрвүүлэгдэн дүрслэгдсэний дараах юмс л байдаг. Өөрөөр хэлбэл, жинхэнэ ертөнцийн материйг эхлээд бидний мэдрэхүй мэдрээд, мэдэрсэнээ хувийн хэв шинжээрээ хөрвүүлээд, бидэнд ойлгомжтой хэлбэрт оруулж боловсруулсны дараах тэр зүйлийг л бид “алим, лийр” гэж ойлгодог. Тэгэхээр бидний тархин дотор дүрслэгдэх алим болон, жинхэнэ ертөнцөд орших матери хоёр нь тусдаа зүйлс байх нь. Тиймээс хүн болон ангаахайжавын хэв шинж нь мэдээж өөр тул, нэг обьектийг мэдэрсэн ч түүнийгээ оогт өөр хэлбэртэйгээр тус тусдаа ажиглах болно.
Тэр үед хоёр этгээдийн дор бүртээ харж буй тэр зүйлийн “жинхэнэ төрх”, өөрөөр хэлбэл “мэдрэхүйн хэв шинжээр хөрвүүлэгдэхийн өмнөх тэр Материйн төрхийг” чухам ямар болохыг асуувал, хүн ч ангаахайжав ч хариулж яасан ч чадахгүй. Энэ бол мэдээжийн хэрэг юм. Матери гэж туршлагаар мэдрэхийн өмнөх тэр төлвийг хэлж байгаа хойно, тэр “Материйг” туршлагаар мэдье гэх нь өөрөө тодорхойлолтоосоо зөрчилд хүрэх тул, энэ нь зарчмын хувьд боломжгүй асуудал. Тиймээс хүн ч ангаахайжав ч “Материт” өөрт нь хүрэх боломж огт үгүй бөгөөд, өөрсдийн хэв шинжээр хөрвүүлэхийн өмнөх “ертөнцийн жинхэнэ төрхийг” хэрхэвч мэдэж чадахгүй гэсэн үг.
Гэсэн ч Кант үүнийг огтхон ч асуудал биш гэж үзнэ. Мэдэхгүй юм бол мэдэхгүй л юм хойно, юу ч яриад нэмэргүй. “Зарчмын хувьд мэдэх боломжгүй” гэсэн дүгнэлт гарсан л бол, нэгэнт үүнээс цааш юу ч ярьсан агаарын яриа л болно.
Тиймээс Кант тэр мэт “мэдэх ч боломжгүй ертөнцийн” тухай ор тас мартаж орхиод, “хүний хэв шинжээр дүрслэгдэх ертөнцийн (бодит ертөнц)” хүрээнд л үнэнийг эрэлхийлэх ёстой хэмээн уриалав. Өөрөөр хэлбэл ангаахайжав бол “ангаахайжавын ертөнц дотроо”, хүн бол “хүний ертөнц дотроо” л өөрсдийн ертөнцийн үнэнийг олоход хангалттай гэсэн яриа юм.
Тэгээд ч ер нь ангаахайжавт хандан
-      Хөөе, та нар буруу бодоод байна аа. Ертөнц чинь яг жинхэнэдээ 3 хэмжээст байхгүй юу
гэж хэлээд, чухам ямар утга байх билээ? Тэдэнд “ертөнцөд өндөр, урт, өргөн гэсэн 3 зүг чиг байдаг юм” гэсэн хүний ертөнцийн яриа дэлгэвэл “өндөр гэж юу юм бэ? утгагүй юм...” л гэж бодох байлгүй. Бидэнд ч гэсэн хаа нэгтээ өөр ертөнцийн амьтан хүрч ирээд
-      Хөөе, ертөнц гэдэг чинь яг үнэндээ мүгэ, мога, ёга, бажо, шитугаас тогтдог байхгүй юу!
гэж хэллээ гээд ямар утга байна гэж? Эцсийн эцэст тийм үнэнийг бусдаас тулгагдлаа гээд, “өөрсдийн хэв шинжтэй авцалдахгүй”, “өөрсдийн хэзээ ч мэдэж мэдэрч чадахгүй” тийм үнэн байвал, тэндээс ямар ч утга үүсэх учиргүй.
Явж явж хүн бол “хүний ертөнц (буюу бодит ертөнц)”, “хүний үнэнд” л хүрч чадна. Тэгээд, хүний хувьд хүрэх боломжтой тэр үнэн л “үнэн” гэж хэлж болох цорын ганц үнэн байх болно (Яагаад гэвэл, тэрнээс бусад “хүрч үл болох үнэн” бол ямар ч утга учиргүй, нэгэнт үнэн гэж нэрлэх боломжгүй). Кантын хамгийн агуу байсан нь, энэ мэт үнэний талаарх нөхцөл байдлыг авч үзээд, дараах байдлаар “үнэнийг” шинэчлэн тодорхойлсон явдал байлаа.

-      Үнэн бол хүнээр тодорхойлогдоно


Энэ бол, “Үнэн бол хүнээс дээгүүр оршихуй, амьдран ядах бүхнийг сөрөн зогсож ард нь үлдэх хувирашгүй тэр зүйлийг л үнэн гэнэ” гэх маягтай төдийг хүртлэх ердийн ойлголт байсан үнэний талаарх баримжааг тас хөмрүүлсэн санаа юм. Кант, хүн ба үнэний байр суурийг сольж, анх удаа хүн нь үнэний дээр заларсан юм. Төдийг хүртэл “хөдлөшгүй туйлын үнэнийг” хөөн эрэлхийлж байсан тухайн үеийн философичдыг Кантын энэ үг гүн цочролд оруулав. Тэгээд, түүнээс хойш философи нь “хүний мэдлэгийг давсан дээд үнэнийг” эрж олох гэсэн романтик хандлагаас, “хүний хувь дахь үнэнийг” (хүн төрөлхитөний хэв шинжийн хувьд биелдэг үнэн) эрэлхийлэх амьдраллаг хандлага тийш зүглэнэ. Ийнхүү Кант гарч ирсэн нь, хүн төрөлхитөний үнэнийг эрэлхийлэх их аянд нэгэн том эргэлт болсон билээ.


Үргэлжлэл - 6. Гегель. Үнэнд хүрэх цорын ганц арга бол тэмцэл

Хялбаршуулсан философи

1 comment:

  1. хүн хэзээ ч цаадах жинхэнэ ертөнцийн материйг олж илрүүлж чадахгүй гэх энэ тайлбар нь ажиглаагүй байх үеийн электрон хаана ч байж болно гэдэгтэй тунчиг адил төстэй санагдлаа

    ReplyDelete