2016/01/28

4. Хьюм. Бурхан ч, шинжлэх ухаан ч хоосон төөрөгдлөөс цаашгүй

өмнөх - 3. Декарт. Эргэлзэхийн аргагүй найдвартай юм юу вэ?

Декарт “эргэлзэн буй би оршин байгаа” нь хөдлөшгүй үнэн хэмээн, түүнийг философийн нэгдүгээр зарчим болгон залсан. Гэлээ ч, жинхэнэ чухал нь юу вэ гэвэл, “Тэгвэл одоо үүн дээрээ суурилаад ямар философийн онол босгох вэ?” гэдэг юм. Нэг ёсондоо, “Эргэлзэн буй би оршин буй нь хөдлөшгүй үнэн. төгсөв” гэдэг философийн онол байвал ямар утга байх билээ.
Мэдээж, Декарт “Би сэтгэж байна, тиймээс би оршиж байна” гэдгээс өөр зүйл хэлээгүй биш, үүнийгээ Нэгдүгээр зарчим болгон залснаар ямар философийн систем бий болох талаар үргэлжлүүлэн өгүүлсэн байдаг. Тэрээр нэгдүгээр зарчим дээр суурилан бясалгасны үр дүнд ийм дүгнэлт мөрдөн гаргана.

-      Миний оршихуй маргашгүй үнэн юм бол, миний тунгалагаар ойлгож, мэдэрч буй бүхэн ч бас оршин байх нь маргашгүй үнэн.

Ямар вэ дээ? Дөнгөж саяыг хүртэл Декарт бүхнийг эргэлзэхийг тууштайгаар хэрэгжүүлж байсан бус уу? Тэгснээ “Миний оршихуй бол маргашгүй үнэн” гэдэг нэгдүгээр зарчмыг гартаа оруулмагц, гэв гэнэт эргэлзэхээ больчихож буй мэт. Тэндээсээ бүр байгаад, Декарт дээрх мэдрэхүй үнэн болохын үндэслэл болгож хээв нэг бурхныг хүртэл залан гаргаж ирэх нь тэр.

-      Яагаад миний мэдрэхүй үнэн бэ? Тэр бол бурхан намайг бүтээсэн учраас тэр юм. Бурхан намайг бүтээснээс хойш, миний мэдрэхүйнүүд зөв ажилдаг байхаар бүтээгдсэнээс зайлахгүй.

Магадгүй өнөө үед энэхүү Декартын дүгнэлт үнэмшилтэй гэж санагдах хүн төдийлөн гарахгүй болов уу.  Декартийн эхний алхам зүйрлэшгүй гайхамшигтай байсан хэрнээ, тэндээ ёстой л байдаг хүчээ шавхаж орхио юу гэлтэй түүнээс хойшхи бясалгалууд нь даанч гүехэн байжээ.
Мэдээж хэрэг, ийм ноотой философи хойноосоо олон шүүмжлэл дагуулав. Тэгээд тэдгээр шүүмжүүдийн дундаас янз бүрийн философийн урсгалууд төрөн салаалсан нь, анхнаасаа философийг нэгтгэхийг зорьсон Декартын санааг бодон үзвээс даанч хоржоонтой өрнөл байлаа.
Ингээд, Декартын шүүмж дундаас гарсан философи урсгалууд дунд Эмпиризм (Туршлагад суурилах үзэл) гэж нэрлэгдэх нэгэн онол бий. Эмпиризм гэдэг нь нэг ёсондоо “Хүний дотор эргэлдэх мэдлэг болон ухагдахуун зэрэг нь бүгд туршлагаас үүдэн бий болсон зүйлс юм” гэх санааг илэрхийлдэг. Тэгээд чухам Хьюм (1711 - 1776) гэгч болбоос энэхүү эмпиризмийг бүрэн гүйцээсэн гэгддэг Английн нууц зэвсэг байсан юм.
Хьюм Декартын “Би сэтгэж байна, тиймээс би оршиж байна” гэх үнэнд хандаж дараах байдлаар няцаав.

-      Магадгүй үнэхээр “эргэлзэн буй би оршин буй” нь хөдлөшгүй үнэн байж болох. Гэвч ерөөс тэр оршин буй БИ гэдэг нь чухам юу вэ? Декартын “би оршин байна” гэх илэрхийллээр бол, БИ нь махан биенээсээ ангид орших сүнс ч юмуу онгод маягийн дээд оршихуй ч юм шиг сонсогдох авч, үнэндээ бол БИ гэдэг чинь ердөө л “төрөл бүрийн мэдрэхүйнүүдийн нийлмэл” төдий оршихуй юм. Эцсийн эцэст БИ гэдэг бол нэг бол ядрах, нэг бол өвдөх, тэгснээ баярлах гэх зэрэг хойно хойноосоо гарч ирэх мэдрэмжүүдийн тасралтгүй үргэлжлэл дундаас үүсэж буй хуурмаг мэдрэмж л юм шүү дээ.

Уг няцаалтын үр дүнд Декартын хөдлөшгүй үнэн гэж тунхагласан “Би оршин байна” гэх үгний илэрхийлэх утгын хүрээ нь хязгаартаа тултал нарийсч орхих нь тэр. Өөрөөр хэлбэл, Декарт найдвартайгаар “оршин буй” гэж хэлсэн “БИ” гээчийн бодит төрх нь үнэндээ ердөө л “Туршлага (би хэмээх тасралтгүй үргэлжлэх мэдрэмжийг төрүүлж буй мэдрэхүйн туршлага)” болохыг Хьюм онцолсон юм.
Үнэхээр ч Хьюмын гаргасан БИ гээчийн тодорхойлолт танд нэгийг бодогдуулах болов уу. Ухаан алдсан үедээ (эсвэл архи уугаад тасарсан үедээ) та өөрийгөө мэдэрдэггүй шүү дээ. Тэр үед өвдөж байна, ядарч байна гэх зэрэг үргэлжилсэн мэдрэмж байдаггүй. Шулуухан хэлэхэд тэнд ТА байдаггүй. Энэ бол гарцаа байхгүй “БИ гэдэг бол мэдрэхүйнүүдийн нийлмэл төдий” гэх Хьюмын тодорхойлолтыг батлах мэт.
Цаашлаад Хьюм нь үүн дээрээ тулгуурлаад, Декартын “миний тунгалагаар мэдэрсэн бүхэн баттайгаар оршин байна” гэх онолд ч бас хориг тавина.

-      “○○-г тунгалагаар мэдэрлээ. ○○ бол ийм зүйл юм байна.” гэх миний бодол нь бүгд туршлагаас үүдэн хэлбэржиж бий болдог учиртай тул, тэр нь үнэхээр бодит байдалтай тохирч байгаа гэх ямар ч баталгаа тэнд байхгүй.

Бурханд хандсан эргэлзээ

Бодит байдал дээр бид бүхэн хуурмаг үзэгдэл ч юм уу хоосон төөрөгдөлд орох явдал бишгүй байдаг. Адгийн наад зах нь гэхэд л, 3D кино үзээд аанай л өөрөө дотор нь яваа юм шиг автдаг шүү дээ. Тиймээс ямар ч туршлага хуримтлуулдаг бай, тэр туршлага чинь “жинхэнэ ертөнцтэй үнэхээр тохирч байгаа эсэх” нь яагаад ч нягтлах боломжгүй юм.
Ингээд Хьюмын жинхэнэ шижрийг нь танд өгүүлье. Тэрээр энэ мэт “бүх мэдрэхүй болон ухагдахуунууд нь бүгд туршлагаас үүдэн гардаг бөгөөд, тэрхүү туршлага нь жинхэнэ ертөнцтэй тохирч байгаа гэх баталгаа хаана ч байхгүй” гэсэн үгүйсгэлийн харцаа тийнхүү бурхан тийш, цаашлаад шинжлэх ухаан тийш тусгаж эхэлнэ ээ.
Ерөөс тухайн үе хүртлэх шинжлэх ухаанчдын хувьд, бурханд эргэлзэх нь нэг төрлийн хориотой үйлдэл байжээ. Ямар сайндаа тэгтэл бүхнийг үгүйсгэн эргэлзэж байсан Декарт хүртэл бурхныг тусгайлан авч үзэж, өөрийн онолыг зөвтгөх үндэслэлээ болгон гаргаж байх вэ.
Иймэрхүү “бурхныг тусгайлан авч үзэх” хандлага нь (Хьюмээс бусад) эмпиристуудын дунд ч адилхан байлаа. Ерөнхийдөө тэдний философи гэвэл “хүний бодон төсөөлөх мэдлэг болон ухагдахуунууд нь бүгд туршлагаас үүдэлтэй” гэх агуулгатай боловч, тэгж хэлэх мөртлөө “тэгвэл бурхан?” гээд ирэнгүүт “Бурхан бол тусдаа. Бурхан бол туршлагаас үүдэлтэй биш” гэж өгүүлнэ. Тэдний тайлбар нь нэг иймэрхүү логиктой.

-      Хүн бол “төгс төгөлдөр” бурхан оршин байдгийг мэднэ. Гэвч, хүн бол “төгс биш” оршихуй тул, угаас төгс бурхныг практикаар мэдэж мэдрэх ямар ч боломжгүй. Тэгвэл анхнаасаа яаж хүн бурхан оршдогийг мэдсэн юм бэ гэвэл, хүний хувьд бурхан нь туршлагаас үүддэггүй цорын ганц зүйл юм.

Тэгэхээр, эмпиризм хэмээх реалист хийгээд рационал байр суурь бүхий философи урсгал дотор ч, бурхныг үгүйсгэх бүдүүн зүрхтэн нэгээхэн ч байгаагүй юм. Тэгтэл тэндээс Хьюм анх удаагаа бурханд хандаж “Үгүй” гэж хэлэх нь тэр. Юун түрүүн тэрээр бодит ертөнцөд оршин байдаггүй ухагдахуунууд, өөрөөр хэлбэл “төсөөллийн хийсвэр бүтээгдэхүүн” гэх зүйлс нь бүгд “өмнөх туршлагуудын холимог” дундаас бүтдэг хэмээн сэтгэв. Жишээлбэл, ганц эвэрт (unicorn) гэдэг амьтан бодитоор оршин байдаггүй. Тиймээс хүн ганц эвэртийг туршлагаар таньж мэдэх боломжгүй. Гэлээ ч бид бүхэн сэтгэлдээ ганц эвэртийг төсөөлөн бодож чадах буюу, бас ганц эвэрт гэдэг үг огт мэдэхгүй байлаа ч түүнтэй төстэй амьтныг ургуулан бодох чадвар ч хангалттай бий. Тэгвэл бид хэрхэн яаж ганц эвэрт гэдэг огтоос оршин байдаггүй зүйлийг төсөөлөн бодож чадаад байна вэ гэвэл, ганц эвэрт гэдэг бол ердөө л хуучны туршлагууд болох “морь” болон “эвэр” хоёрыг хооронд нь холбож үүсгэсэн ухагдахуун төдий юм.
Хьюм иймэрхүү “хуучны туршлагуудын холимог дундаас бий болсон, бодитоор оршин байдаггүй ухагдахуун”-ыг Нийлмэл ухагдахуун гэж нэрлээд, хүний төсөөлөн бодох чадвар нь энэхүү нийлмэл ухагдахууны (хязгаарлагдмал туршлагуудын холимог) хүрээн дотор л эргэлдэнэ гэж тунгаав. Тэгээд Хьюм нь “бурхан” хэмээх ухагдахуун ч бас ганц эвэрт шиг нийлмэл ухагдахуун болохыг онцолсон юм. Жишээ нь, бид бүхэн бурхныг мэдэрсэн туршлага байхгүй ч “өөрийг минь нөмөрлөн хамгаалах хэн нэгэн”, “хэрхэвч арсалдаж үл болох эзэн” мэтийн ухагдахууныг бол аль нялх наснаасаа л ээж ааваараа дамжуулан туршлагаар мэддэг. Тэгэхээр хүний төсөөлөн ургуулах “бурхан” гэдэг бол тэдгээрийн холимог дундаас бий болсон “нийлмэл ухагдахуун” гэж үзэх боломжтой бөгөөд, ингэж үзэх нь ч өөрөө хангалттай логиктой (үндэслэлтэй) гэж санагдана. Ийнхүү Хьюм нь
-      Бурхан гэдэг бол хүний туршлагаас үүдэн гарсан үзэл суртлын хийсвэр бүтээл төдий зүйл юм.
гээд палхийтэл нь хэлж орхив.
Тэндээсээ цаашлан Хьюм нь өөрийн эргэлзлийн илдний ирийг “шинжлэх ухаан” дээр буулгана. Тэрээр шинжлэх ухааны хууль дүрмүүд ч мөн туршлагаас төрсөн бүтээл бөгөөд, жинхэнэ ертөнцтэй тохирч буй эсэх нь мэдэх аргагүй хэмээн онцлов. Энэ бол шинжлэх ухааныг мухраар шахуу шүтдэг өнөөгийн хүмүүсийн хувьд, арай ч ташаа дүгнэлт байлгүй гэж санагдах биз. Гэвч Хьюмын дүгнэлт бол хаа хүртэл ч хэрэлдээд үл гүйцэгдэх рационаллаг бөгөөд үндэслэлтэй.
Жишээлбэл бид бүхэн “гал бол халуун” гэдгийг шинжлэх ухаанаар батлагдсан найдвартай гэж ойлгодог. Харин Хьюмээр хэлүүлбэл, “галанд хүрч үзтэл халуун байлаа” гэсэн туршлагууд маань олон давтагдсаны үр дүнд “гал → халуун” гэсэн учир шалтгааны холбоо байна гэж “хүмүүс санаан зоргоор бодон төөрөгдсөнөөс” хэтрэхгүй юм гэнэ. Тэгээд тэрхүү бодон төөрөгдсөн учир шалтгааны холбоогоо үнэн эсэхийг яагаад ч мэдэх боломжгүй. Яагаад гэвэл, “гал бол халуун” гэсэн туршлага байлаа гээд, үнэндээ “гал” болон “халуун”-ы хооронд ямар ч шууд холбоо байхгүй байж ч мэдэх юм.
Эцсийн эцэст хүн төрөлхитөн галанд 1,000,000 удаа хүрч үзээд 1,000,000 удаа түлэгдсэн байлаа ч, тэр нь 1,000,001 дэхь удаагийнх дээр ч бас түлэгдэнэ гэдгийн баталгаа болохгүй. Тэгээд ч ер нь яг үнэндээ гал өөрөө халуундаа ч биш, зүгээр нэг үл үзэгдэгч дүрсгүй нөхөр хаа нэгтээ байгаад, хүмүүс галанд хүрэх бүрт тэр нөхөр хүмүүсийг түлээд байдаг ч юм билүү, яаж мэдэх юм? Хэрэв тийм байж таарвал тэр дүрсгүй нөхрийг барьж аваад хүлчихвэл түүнээс хойш ахиж хэзээ ч гал биднийг түлэхгүй болох биз. Энд яригдаж буй “үл үзэгдэгч дүрсгүй нөхөр” гэсэн уран фантаз танд таалагдахгүй байгаа бол, арай шинжлэх ухаанчаар “үл мэдэх физик үзэгдэл Х” гэж орлуулаад бодсон ч болно. Гал халуун байдгийн шалтгаан нь яг үнэндээ гал биш, харин “үл мэдэх физик үзэгдэл Х” байж болох шүү дээ.
Тэгээд зүгээр л яагаад ч юм тэр үл мэдэх физик үзэгдэл Х нь галтай хамт тохиох нь элбэг байдаг бөгөөд, тэр л байхгүй бол гал гэдэг угаас өөрөө ямар ч халуун шинжгүй.
Тиймээс хүн төрөлхитөн галыг хичнээн судалж, гал болон түүнд байх дулааны энерги хоёрын хамаарлыг яаж ч нарийвчлан тогтоогоод, эцсийн эцэст “халууны жинхэнэ шалтгааныг” хэзээ ч олж чадахгүй. Нэг ёсондоо, хүн “Ямар нэгэн төлөв А бий болоход, тухайн нэгэн төлөв Б үүсдэг” гэсэн туршлага цуглуулж байх явцдаа, “А-аас Б үүсдэг нь гарцаагүй болдог ертөнцийн зүй тогтол юм байна” хэмээн бодон төөрөгддөг төдий л юм. Тэгээд шинжлэх ухаан гэдэг бол тэрхүү туршлагаас бий болсон бодон төөрөгдлийг албан ёсжуулдаг процесс төдий гэсэн үг болно.

Хьюм нь ийнхүү тууштайгаар эргэлзэж “БИ”, “бурхан”, “шинжлэх ухаан” гэсэн абсолют хөдлөшгүй ухагдахуунуудыг үгүйсгэн няцаав. Тэгээд энэхүү ховорхон эргэлзэгчийн хүчээр өрнийн философийн Эмпиризм хэмээх урсгал бүрэн боловсорч, нэгэн цац оргил болон дүнхийсэн нь тэр билээ (Дашрамд дурьдахад, Хьюмтай тун төстэй философийг Энэтхэгийн будда Гуатама Сидхарта аль 2,500 жилийн өмнө өгүүлээд өнгөрсөн нь бий).


Үргэлжлэл - 5. Кант. Ертөнцийн үнэн төрхийг мэдэх боломжгүй

Хялбаршуулсан философи

7 comments:

  1. Anonymous2/2/16 02:06

    энерги гэж бичээрэй ийм гоё зүйлд үгийн алдаа битгий гаргаарай

    ReplyDelete
    Replies
    1. Боломжтой бол "эрчим" гэж бичвэл ямар вэ? Ямар нэг эрчимэй, эрчсэн зүйл шүү дээ. Энерги гээд харь үгийн оронд??? хэхэ

      Delete
    2. Тэр хэцүү. 2 тусдаа үг учраас

      Delete
  2. ёстой гоё бичжээ маш их баярлалаа

    ReplyDelete
  3. гайхалтай. буддын философын талаар бичихгүй биз?

    ReplyDelete
    Replies
    1. Хэзээ нэгэн цагт бичнээ.

      Delete