2015/10/28

Эерэг хүндрэл


Ийм нэг алдартай оюуны тест байна.
Асуулт1: Бөмбөг цохиур хоёрын үнэ нийлээд 1 доллар 10 цент. Цохиур бөмбөгнөөс 1 доллараар үнэтэй бол бөмбөг ямар үнэтэй вэ?
A bat and a ball cost $1.10 in total. The bat costs $1.00 more than the ball. How much does the ball cost?
(Ихэнх хүмүүс 10 цент гэж ташаардаг)
Асуулт2: 5 машинаар 5 бараа үйлдвэлэхэд 5 минут зарцуулна. Ийм 100 машинаар 100 бараа үйлдвэрлэхийн тулд ямар хугацаа зарцуулах вэ?
If it takes 5 machines 5 minutes to make 5 widgets, how long would it take 100 machines to make 100 widgets?
(Энд ч бас 100 минут гэж хэнэггүй хариулагсад олон)

Асуулт3: Нууранд сараана цэцгийн навч хөвж байна. Навч өдөр бүр хоёр дахин үржсээр, нуурыг бүхэлд нь бүрхэхэд нийт 48 өдөр зарцуулав. Тэгвэл нуурын талыг бүрхэхэд хэдэн өдөр зарцуулсан бэ?
In a lake, there is a patch of lily pads. Every day, the patch doubles in size. If it takes 48 days for the patch to cover the entire lake, how long would it take for the patch to cover half of the lake?
(Ямар ч байсан 24 өдөр бол биш шүү)

(Зөв хариултыг төгсгөлд тавив)


Дээрхи бол Йеллийн их сургуулийн профессор Jan Hendrick-ийн дэвшүүлсэн Cognitive Reflection Test юм. Өчнөөн цаг зарцуулж, хэдэн зуун бодлого  бодуулалгүй, ердөө 3хан асуулт асуухад л ердийн оюуны тесттэй бараг адилхан үр дүн гардаг гэнэ. Жишээ нь дэлхийн гавалнуудын цуглуулга Массачусетсийн технологийн их сургуулийн оюутнууд дундажаар 3 асуултын 2.18-д нь зөв хариулдаг.

Үнэндээ бол зөв хариулах магадлалыг хялбархан ихэсгэдэг нэг арга бий.
Malcolm Gladwell-ийн хэлж буйгаар бол, Принстоны их сургуулийн оюутнууд дээр тэр аргыг туршиж үзтэл, дундаж оноо 1.9-с 2.45 хүртэл ахижээ. Массачусетсийг хүртэл давчихсан гэсэн үг.
Тэр арга гэвэл “Тестын өгүүлбэрийг албаар уншихад төвөгтэйгээр хэвлэх” юм. Жишээ нь нэг иймэрхүү.
- Бөмбөг цохиур хоёрын үнэ нийлээд 1 доллар 10 цент. Цохиур бөмбөгнөөс 1 доллараар үнэтэй бол бөмбөг ямар үнэтэй вэ?

Gladwell:
- Ийм өгүүлбэрийг уншиж эхэлмэгц л цухалдаад ирнэ. Нүдээ онийлгон дахин дахин уншихгүй л бол бичиг нь гаргагдахгүй. Уншихад амар, ойлгомжтой хэлбэрээр бодлогыг тавьбал зөв хариулах магадлал тэр хэрээр өснө гэж хэн бүхэн бодох биз. Гэвч бодит байдал дээр эсрэгээр байсан юм.

Дээрхи 3 асуулт бол нэг ёсны “гэнэдүүлдэг асуултууд” гэх үү дээ, хайхрамжгүй хариулбал ер нь л онхолдох талдаа. Тиймээс хэргээр өгүүлбэрийг уншихад хүндрэлтэй болгосоноор унших хурдыг удаашруулна. Чингүүт өөрийн эрхгүй анхааралтай уншихаас өөр аргагүйд хүрч, нухацтай бодож эхэлдэг гэнэ.

Gladwell:
- Таагүй зүйлээс аль болох тойруулах нь зөв гэх нь бидний ердийн ойлголт шүү дээ. Үгүй бол байдал улам л дордож, муудах хандлагатай. Гэвч гарцаагүй тийм байх албагүй. “Эерэг хүндрэл” ч гэж бас байдаг юм.

  • Бичиг үсгийн бэрхшээлтэй (dyslexia) өмгөөлөгч
David Voice бол бичиг үсгийн бэрхшээлтэй, юм уншихдаа маруухан нэгэн. Сонирхолоороо ном уншиж байсан удаа ганц ч үгүй. Ахлах сургуулийнх нь дүнг харахын ч аргагүй. Шалгалтын асуултыг унших төдийд л бүтэн цаг өнгөрчихнө. Арай чүү ахлах сургуулиа дүүргэсэн Voice барилгын ажил хийж эхлэв.
- Гадаа хийдэг биеийн хүчний ажил. Гайхмаар их мөнгө олдог байсан шүү. Зугаатай ч байж. Одоо бодоход хайран л санагддаг юм.
Илиной мужийн хөдөөд унших бичих чадвар төдийлөн чухал байсангүй. Ойр тойрны хүмүүс нь ч тэр, хар ажилчид голцуу.
Гэвч анхны хүүхэд төрсөнөөр байдал өөр тийшээ эргэв.
- Эхнэр маань ирээдүйгээ нухацтай бодож эхэлсэн юм.

Voice өмнө нь хуулинд дур сонирхолтой байснаа санаж, хуулийн сургуульд элсэн оров.
- Их сургууль төгсөөгүй байсан ч хуулийн сургуульд орох боломжтой. Энийг мэдээд баярласан гэж жигтэйхэн. Итгэж чадахгүй байж билээ.

Бичиг үсгийн бэрхшээлтэй хүн яахаараа хууль гэдэг билээ? Тийм юмтай хутгалдвал, шүүхийн жишгээс авахуулаад шийдвэр хүртлээ учиргүй хүнд өгүүлбэрүүдийн парад л гэсэн үг баймаар.
Харин аз болоход Voice сонсохдоо сайн нэгэн байж. Хар багаасаа л ээжийнхээ уншиж өгдөг номнуудыг бүгдийг нь цээжилдэг байв.
- Төрсөн цагаасаа хойш би зөвхөн сонсож ирсэн. Үүнээс өөр суралцах арга гэж үнэндээ байхгүй. Тиймээс хүний хэлсэн болгоныг би үг үсэггүй цээжилчихдэг.
Ангийнхан нь бүгд жирийтэл бичиж байх дунд, Voice зүгээр л сууж харагдана. Лекцийн агуулгад бүх оюунаа төвлөрүүлж, нэгд нэгэнгүй ой тойндоо чихдэг байсан нь тэр. Уншихдаа тааруу Voice чихээрээ түүнийгээ нөхдөг байв.
Тэгж явсаар өмгөөлөгч болоод авлаа.
1990-д оны үед гарсан Микрософтын монополын эсрэг хууль зөрчсөн маргаанд баг ахлан оролцов. Шүүх ажиллагааны үеэр Voice “логин (login)” гэхийг байнга “ложин” гэнэ. Бичиг үсгийн бэрхшээлтэй хүмүүсийн түгээмэл гаргадаг алдаа. Үг хэлэхдээ үе үе гацаж түгжирнэ. Тэгэнгүүт шууд л үгийг үсэглэж гарна. Хөндлөнгөөс харвал дөнгөж уншиж сурсан хүүхэд үсэглэх тэмцээнд оролцож байна уу л гэлтэй.
Гэсэн ч гэрчүүдийн мэдүүлгийн үеэр Voice тун ч соргог байв. Ямар ч өчүүхэн ньюансыг тэрээр сонсолгүй алдана гэж үгүй. Тэгээд нэг сонссон л бол бүтэн сар өнгөрлөө ч мартана гэж үгүй. Voice-ийн өмнө хэн ч яагаад ч бултаж чадахааргүй мэт санагдана.
Voice:
- Дуржигнатал уншиж чаддагсан бол ч олон юм зугаатай байхсан биз. Гэлээ ч хүний яриаг сонсож, хүнээс асуунгаа суралцаж явсныхаа ачаар, асуудлыг тултал нь хялбарчилж чаддаг болсон. Тэр нь шүүх дээр миний хамгийн том зэвсэг минь болсон юм.
Гэрчийн ам өчүүхэн л ээрвэл Voice түүнийг нь алдахгүй.
- Хоолойны өргөлт, ярианы хурд, үгийн сонголт гээд олон сэжүүр бий. Сул зай авах ч бас адилхан. Хэлэхэд хэцүү юм хэлэх үед үгээ бодож сул зай ихээр гаргадаг ч юм уу, тойруу бүрхэг үгийн сонголт ихэсдэг. Тэрэн дээр нь өлгөж дайрсаар байгаад л өөрсдийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрүүлнэ шүү дээ.

  • Амжилтын эзэд
Malcolm Gladwell хэлж байна:
- Оюуны тестийн өгүүлбэрийг уншихад хүндрэлтэй болгосоноор зөв хариулах магадлал ахисан. Амар унших боломжгүй болсон оюутнууд түүнээ нөхөхийн тулд болгоомжтойгоор бодлогыг уншихаас өөр аргагүйд хүрсэн. Voice ч бас түүнтэй адил. Унших чадвараар туйлын дутмаг тэрээр бусдын адил амьдрахын тулд бусдын яриа сонсох чадвараа хөгжүүлэх тактик барьж. Ээжийнхээ ном уншихыг сонсож, дараа нь бусдад ойлгогдохоор дамжуулдаг болох хүртлээ сэтгэл тавгүйтэл эсвэл ичиж зовох гээд олон асуудлыг давж гарах шаардлагатай тулсан биз. Гэвч тэр мэт саадыг туулсны хүчинд Voice хүчирхэг зэвсэгтэй болж авчээ. Зовлонгүй цээжилсэн зүйлсээс илүүтэй, аргагүй шаардлагаар өөриймшүүлсэн чадвар хамаагүй иртэй байдаг болохоор тэр юм.
Гайхаж магадгүй ч, үнэндээ амжилтанд хүрсэн хүмүүс дотор бичиг үсгийн бэрхшээлтэй хүмүүс хавьгүй олон байдаг.
City University London-ын профессор Julie Logan-ы саяхан явуулсан судалгаанаас харвал, ойролцоогоор 3 хүн тутмын 1 гэж гарчээ. Жишээ нь Англид гэхэд, Richard Branson (интерпрениор) бичиг үсгийн бэрхшээлтэй. Цахим брокерийн компани үүсгэн байгуулагч Charles Schwab, JetBlue авиа компаний үүсгэн байгуулагч David Neeleman, сүлжээний компани Cisco Systems-ийн CEO John Chambers, Kinkos-ийн үүсгэн байгуулагч Paul Orfalea,... гэх мэтээр нэрсүүд цуварна.
IKEA-ийн үүсгэн байгуулагч Kamprad ч бас тэдний нэг.
Malcolm Gladwell цааш нь:
- Дээрхи фактыг 2 янзаар тайлбарлаж болох байх. Ясны төрмөл ялагчидыг ямар ч саад бэрхшээл зогсоож дийлдэггүй юм байна гэж ойлгож болно. Эсвэл яг эсрэгээр нь “хүндрэл бэрхшээлтэй тулсаны ачаар тэд амжилтанд хүрчээ” гэж тайлбарлаж ч болно.

Brian Grazer ч бас бичиг үсгийн бэрхшээлтэй.
- Сургууль надад үнэхээр там байсан. Уншиж чадахгүй болохоор ангайтал хоосон юм гиеүрэн төсөөлж суухаас өөр юм хийдэггүй байлаа. Хичээлийн дүн бол тэр чигээрээ F.

Хоосон төсөөлж явсаар Brian Grazer холливудад продюссер болов. “Splash”, “Apollo 13”, “Beautiful mind”, “8 mile” зэрэг олон кинонд тэрээр гар бие оролцжээ.

Gladwell хэлнэ:
- Хэрвээ бичиг үсгийн бэрхшээлгүй байсан бол тэр өдий дайны амжилт гаргах байсан болов уу? Цаг нь, тохиолдол нь бүрдвэл ямар ч найдваргүй бэрхшээл төсөөлөхийн аргагүй үр дүнд хүргэж ч болно.

  • Gary Cohn-ий уран панал
Gary Cohn бас л бичиг үсгийн бэрхшээлтэй нэгэн. Уншиж чадахгүйгээсээ болоод 1-р ангид 2 ч удаа суусан.
- 2 дахь жилдээ ч өөдлөөгүй дээ.
Эцэг эх нь яах аргаа олохгүй.
- Чамайг ахлах сургуулиа л төгсчих юм бол тэр миний амьдралын хамгийн сайхан өдөр байх болно.
Түүнд үргэлж ингэж үглэдэг байсан ээж нь ахлах сургуулийн төгсөлтийн өдөр нь хэнгэнэтэл уйлсан гэдэг.
- Би амьдралдаа тэгж их уйлж байгаа хүн үзээгүй юм даг.

Амьдрал дээр гараад хөнгөн цагаан цонхны хүрээ зардаг байсан Cohn нэг амралтаараа Wallstreet ээр тэнэж байгаад санаандгүй нэг хүнтэй таарчээ.
Гэнэт нэг эр коридороор гүйх зуураа туслахдаа “Нисэх онгоцны буудал яаралтай явах болчлоо” гэж хашгирч байхыг нь сонсоод тэр дор нь яриа өдөв.
- Онгоцны буудал явах бол хамт такси гуялахгүй биз?
Cohn:
- Түүнийг “тэгье” гэхийг сонсоод дотроо “Болчлоо!” л гэж бодож билээ. Тэндээсээ таксигаар бүтэн цаг явах зуураа ажилд орох ярилцлага өгч байгаа аятай л юм болсон.

Cohn-ын барьж авсан хүн бол Wallstreet-ийн нэгэн том брокерийн компаний менежер байв. Тэрээр Options trading дөнгөж хариуцаж эхлээд байсан боловч, options trading гэж юу болохыг хараахан ойлгоогүй явж. Мэдээж Cohn ч бас тэрийг мэдэх нь байтугай, тийм үг сонсож ч байсангүй. Гэсэн ч Cohn бууж өгсөнгүй ээ.
- Онгоцны буудал орох хүртэл ёстой нэг паналдаж өгсөн дөө. “Options trading-ийн тухай мэдэх үү?” гэхээр нь “Мэдэлгүй яахав” л гэсэн. Тэгсэн чинь таксинаас буухдаа надад утасны дугаараа өгсөн.
Утсадаад үзтэл Нью-Йоркод ярилцлагатай гэнэ. Тэнд нь очиж бүр лав хулхидаж өгөөд, дараа 7 хоногийн даваагаас ажилд орохоор болов.
Тэр хооронд “Options as a Strategic Investment” номыг зогсоо зайгүй уншсан. Options trading-ийн библи нь байгаа юм.
Бичиг үсгийн бэрхшээлтэй Cohn-д тэрийг унших гэдэг зүгээр нэг хүндрэлтэй байсангүй. 6 цаг тэмцээд тэмцээд дөнгөж 20 хуудас л ахина. Гээд үсэглэн байж түгдрэн байж, нэг өгүүлбэрийг дахин дахин гүйлгэсээр бүрэн ойлготлоо гар салгалгүй уншив.
Ингээд даваа гарагт Cohn анхныхаа ажлыг авав.
- Түүний ард зогсоод “тэрийг ав, одоо энийг ав” гээд зааварчилж гарсан. Өөрийнхөө үнэн төрхийг эцсийн мөч хүртэл нуусан. Мань эр үл ялиг анзаарсан байж магадгүй ч тэр тусмаа үг цухуйлгаагүй юм. Арга ч үгүй биз, тэгэхэд би түүнийг хагартал баяжуулсан л даа.

Худал хэлэхээс эхэлсэн Wallstreet. Гудамжны Cohn мэргэжлийн диллерийг амжилттай тоглож чаджээ.
Хэрвээ Cohn ердийн хүн байсан бол “Options trading-ийн учрыг нь олж чадахгүй бол яанаа?” ч юм уу, “Эхэндээ аргаллаа гэхэд 7 хоноод л баригдах байх даа?” гэх мэтээр бодон шаналах байсан биз. Бүр ер нь таксин дотор ажилд орохоор зүтгүүлэх байсан болов уу? Ердийн хүн байсан бол бүтэлгүйтэхээс айх учиртай.
Cohn:
- Хүүхэд байхаасаа л би бүтэлгүйтэлд дасчихсан. Миний мэдэх бичиг үсгийн бэрхшээлтэй хүмүүс голцуу тийм л байдаг. Бүтэлгүйтэлтэй эвлэрэх чадвар толгойд нь суусан байдаг юм. Юм яаж муугаар эргэдэгийг үзэхээрээ л нэг болсон болохоор баргийн юмыг тоохгүй болчихдог. Тэр л миний эхлэл цэг байсан юм даа.

Ингэж диллерийн нууц авъяас нь анхлан тодорсон Cohn. Харин өнөөдрийн Cohn гэвэл,... Goldman Sachs-ийн гүйцэтгэх захирал.

Gladwell энэхүү "Эерэг хүндрэл"-ийн талаарх номоо бичихийн тулд Cohn дээр очиж ярилцлага авчээ. Cohn инээвхийлэн хошигноно:

- Сайн ном гарвал сайн л байна. Би ч гэхдээ уншихгүй л дээ.




Асуулт1: Бөмбөг цохиур хоёрын үнэ нийлээд 1 доллар 10 цент. Цохиур бөмбөгнөөс 1 доллараар үнэтэй бол бөмбөг ямар үнэтэй вэ?

хариулт: 5 цент

Асуулт2: 5 минутанд 5 бараа үйлдвэрлэх чадалтай 5 машин байна. Ийм 100 машинаар 100 бараа үйлдвэрлэхийн тулд ямар хугацаа зарцуулах вэ?

хариулт: 5 минут

Асуулт3: Нууранд сараана цэцгийн навч хөвж байна. Навч өдөр бүр хоёр дахин үржсээр, нуурыг бүхэлд нь бүрхэхэд нийт 48 өдөр зарцуулав. Тэгвэл нуурын талыг бүрхэхэд хэдэн өдөр зарцуулсан бэ?

хариулт: 47 өдөр

9 comments:

  1. 2 дахийг дээр 1 минут гээд бодчихжээ. Уул нь жоохон бодоход л их амархан асуултууд мөртлөө толгой эргэхээр юм.

    ReplyDelete
  2. 2 дах асуултын хариулт 1 минут шүү дээ юу гэж 5 минут байхав дээ

    ReplyDelete
  3. 5 mashin 5 min-d 5 baraa
    1 mashin 5 min-d 1 baraa

    ---

    100 mashin 5 mind 100 baraa ;-)

    ReplyDelete
  4. Bi 3uulang ni zuv bodoj Ehniih deer jaahan ergeldlee. Yavj yavj hamgiin amarhan deer ni

    ReplyDelete
  5. It was all easy for me . . .

    ReplyDelete
  6. Хадхүү7/1/16 15:56

    1 дүгээр бодлогыг яаж бодов?
    2 ба 3 дугаар асуулт бол шууд тодорхой юм байна..?
    1 дүгээр асуулт яаж гарахаараа 5 цент болоод байгаа юм бол?

    ReplyDelete
    Replies
    1. бөмбөг 5 цент, цохиур 1 доллар 5 цент. зөрүү нь 1 доллар. Нийлээд 1 доллар 10 цент.

      Delete
    2. Anonymous13/2/17 12:36

      X - oloh bumbugni une gevel X+X+10cent=1dollar10cent 2x=10cent buyu x=5cent ingej bodjigosh d he he he

      Delete
  7. 3 dah bodlogo 2 hariutai. 47 esvel 1 udur. 2uulaa zov.

    ReplyDelete