2015/05/01

"Хайрлах урлаг" номын хураангуй (3р хэсэг)

Өмнөх - "Хайрлах урлаг" номын хураангуй (2р хэсэг)


3.    Амьд хүнтэй харилц

  • Хайр гэдэг бол өгдөг зүйл

Энэ удаад “Хайрлах урлаг”-ийн үндсэн сэдэв гэж хэлж болох “Жинхэнэ хайр гэж юу вэ?” гэдэг тухай тайлбарлая.
“Хүнийг ганцаардлаас аврах цорын ганц арга бол хайр юм. Гэвч, өнөөгийн хүмүүс бүрэн бус түүхий хайрыг жинхэнэ хайр хэмээн эндүүрцгээдэг” – энэ хүртэл өмнөх бүлгүүдэд тайлбарласан бол, Фромм уг номдоо цааш нь гүйцэт боловсрон төлөвшсөн хайрыг л чухам жинхэнэ хайр юм, хэмээн өгүүлсэн байдаг. Фромм номдоо “боловсрон төлөвшсөн хүн”, “боловсрон төлөвшсөн хайр” гэх үгийг олонтаа ашигласан байдаг боловч, ерөөс “боловсрон төлөвшсөн хайр” гэдэг нь чухам ямар хайр юм бол?
Тэрээр 2-р бүлэгтээ доорх байдлаар боловсрон төлөвшсөн хайрыг тайлбарлажээ.

-         Боловсрон төлөвшсөн хайр бол, өөрийн бие даасан шинж болон хувь шинжийг хадгалсан чигтээ бусадтай нэгдэх холбоо юм. Хайр бол хүний доторх идэвхитэй хүч юм. Хүнийг бусад хүмүүсээс тусгаарлах тэр хаалтыг даван гарах хүч бөгөөд, хүнийг хүнтэй холбох хүч юм. Хайраар хүн ганцаардлын мэдрэмж, тусгаарлагдмал мэдрэмжээ анагаах боловч, урьдын адил өөрөөрөө байж, өөрийн бие даасан шинжээ хадгална. Хайрын дор хосууд нэг хүн болж, зэрэгцээд бас хоёр тусдаа байх, гэсэн парадокс үүсдэг.

Энд юун түрүүн онцлууштай нь, хосууд нэг хүн болонгоо, зэрэгцээд бас тус тусдаа бие даасан өөрөөрөө үргэлжлэн орших тухай юм. Фромм захирагч болон дагалдагчийн холбоог хэдий нэгдэл мөн ч жинхэнэ хайр биш хэмээн няцаасан бөгөөд, дээрх үгээрээ тэрхүү шалтгааныг илэрхийлж буй. Аль нэг талынхаа хувь шинжийг хороох бус, тус бүртээ өөрийгөө алдахгүй байх тийм нэгдлийг боловсрон төлөвшсөн хайрын хэлбэр гэж томъёолжээ.
Платоны “Симпосиум” бүтээлд хайр хэрхэн үүссэнийг тайлбарлах бурхадын домог гардаг. Товчлоод өгүүлбэл, эрт цагт хүн нь 2 нүүртэй 4 хөлтэй 4 гартай байж. Гэтэл түүндээ хэт сагсууран бардамнах тул, бурхан түүнийг дундуур нь хувааж орхиж. Ийнхүү тал болсон хүмүүс өөрийн нөгөө талаа үргэлж хайн эрэлхийлэх болсон нь хайр юм, гэж гардаг. Фроммын санааг үүнтэй харьцуулж үзвэл арай өөр болох нь харагдана. Хүн бид бол “тал хэлтэрхийнүүд” бус, тус бүртээ биеэ даасан тусгаар байдалтай. Тиймээс партнертайгаа нэгдсэнээр сая бүрэн төгс болдог учиртай биш юм.
Гэвч, бие даасан чигээрээ бусадтай нэгдэх хэмээх нэгэн бодлын зөрчилтэй мэт үзэгдэл бол хайр юм. Бие даасан тусгаар хүн чигээрээ байх төдийд түүнд өсөж хөгжих найдвар үгүй. Бусадтай нэгдэх процессийг туулсанаар сая бие даасан шинжээ хадгалсан хэвээрээ өсөж хөгждөг учиртай гэсэн үг.
Үүнийг сонсох төдийд ойлгож болох ч, бодит байдал дээр бол тийм ч хялбар биш. Хэдий хосууд ч гэлээ харилцан өөр бодол санаатай юм хойно, оюун санаагаараа нэгдэе гэвэл гарцаагүй тэнд хувь шинжүүдийн хоорон дахь мөргөлдөөн үүснэ. Тэгмэгц, хүн өөрийн эрхгүй партнераа аялдан дагаж, эсвэл партнераа хүчээр өөртөө дагуулахыг санаархана. Нэг ёсондоо захирагч болон дагалдагчийн холбоо тийш чиглэмтгий байдаг гэсэн үг. Харин тэнд жинхэнэ хайр бий бол, харилцан биесийнхээ хувь шинжийг алдалгүйгээр нэгдэж чадах учиртай гэж Фромм онцолжээ.
Өөр нэг чухал санаа бол “Хайр бол хүний доторх идэвхитэй хүч юм” гэсэн хэсэг. Фромм үүнтэй ижил утгыг доорх үгээр илэрхийлсэн байдаг.

-         Хайр бол идэвхитэй үйл ажиллагаа бөгөөд, идэвхигүй мэдрэмж биш юм. Тийшээ санаандгүй “унадаг” бус, “зорьж очоод дотор нь ордог” эд юм. Хайрын идэвхитэй шинжийг ойлгомжтойгоор илэрхийлэх юм бол, хайр гэдэг нь юунаас ч илүүтэй өгөх явдал бөгөөд авах биш юм, гэж хэлж болох биз ээ.

“Хайрлуулах бус хайрлах нь чухал”, “Авах бус өгөцгөөе” гэх мессежүүд энэ хүртэл олонтаа гарч ирсэн ч, энд ч бас Фромм түүнийгээ давтсан буй.
“Өгөх” гэдэг үгийг сайтар тунгааж үзвэл тэрүүхэндээ бас ээдрээтэй олон янзаар ойлгогдоно. Өгөх нь, хүний зан араншин байр суурьнаас шалтгаалан төрөл бүрийн утгад хувирах боломжтой. Жишээ нь гутранги бодолтой хүний хувьд, өгөх гэдэг нь ямар нэгэн зүйлээ золиосолж, эсвэл алдах явдал гэдэг утгаар бууж болно. Дандаа өгөө аваа ярьж зуршсан хүний хувьд, өгөх гэдэг үйлдэлдээ түүнээс буцаж ирэх хариунд үргэлж хүлээлттэй үлдэнэ. Мөн, олны дунд өгөх явдлыг буян, эсвэл ач гэж үздэг хүмүүс ч байх ба, тэр ч бас сэтгэлийнх нь гүнд хаа нэгтээ “Өөрийгөө үл хайхран бусдын төлөө зориулж байна” гэх хувиа золиослох нарциссизм нуугдаж байх нь бий.
Фромм энэ мэт өөрт ямар нэг юм буцаж ирэх хүлээлттэй, эсвэл нарциссизм агуулсан үйлдлийг жинхэнэ утгаараа өгөх явдал болохгүй хэмээн няцаасан байдаг.
Дашрамд хэлэхэд, хайрыг бусдад өгөх үйлдэл нь зөвхөн хувь хүмүүсийн хоорондохоор хязгаарлагдахгүй. Үйлдвэр компаниудын нийгэмдээ үзүүлж буй хувь нэмэр ч бас үүнд хамаарна. Өрнөдийн баян компаниуд оюутны тэтгэлэгийн систем байгуулах, эсвэл хөгжиж буй оронд хөрөнгийн дэмжлэг үзүүлэх зэргээр нийгмийн халамжийн үйл ажиллагаа явуулах нь дээр үеэс ердийн явдал байж. Энэ утгаар нь харвал компанид ч бас “өгөх” гэдэг соёл гүнзгий соёолон суусан мэт боловч, Монголд хараахан тийм сөхөөтэй компани тэр бүр харагдахгүй байгаа нь харамсалтай.
Жишээ нь зарим нэг бэлтэй компаниуд (эсвэл хувь хүмүүс) өгөх гэдэг ойлголтгүй, тэгсэнээ энд тэнд элдэв янзын суварга босгох болохоор харамгүй зарлагадаж харагддаг. Магадгүй үнэхээр нийгмийн сайн сайхны төлөө санаа зовних ганц нэгэн компани байдаг л байх. Гэвч тэдний ихэнхи нь CSR (corporate social responsibility – нийгмийн хариуцлага)-аа ухамсарлаж ажилладаг болохоо үзүүлэн байдлаар харуулж, хариуд нь компанийхаа үнэ цэнийг өргөх явдлыг санаархаж байдаг. Өөртөө хариу ашиг харж буй талаасаа бол энэ нь жинхэнэ утгаараа өгөх үйлдэл биш юм.

  • Нарциссизмаа анагаая

“Хайрыг өгөх” нь хариу хүсэх болон нарциссизмыг агуулсан байж болохгүй гэдгийг ойлголоо гэхэд, тэгвэл жинхэнэ утгаараа “Хайрыг өгөх” гэдэг нь юуг хэлдэг юм бол? Зүгээр л хэн нэгэн надад таалагдах төдийд хангалтгүй юм гэж үү?
Фромм, хайрыг өгөх гэдэг бол өөрийн амь амьдралаа өгөх явдал юм гэж өгүүлсэн байдаг. Энд хэлэх амь амьдрал гэдэг бол “амь нас” гэдэг утгаар бус “өөрийн дотор амьдран буй зүйл”-ийг зааж буй юм. Партнертаа зориулж “өөрийн баяр баясгалан, дур сонирхол, ухамсар, мэдлэг, хошигнол, гуниг зэрэг өөрийн дотор амьдран буй бүхий л илэрхийллээ өгөх” явдал бол хайр юм, хэмээн Фромм хэлжээ. Тэгээд “өгсөний үр дүнд гарцаагүй бусдын дотор ямар нэгэн зүйл шинээр төрж, тэр төрсөн зүйл өөрт чинь буцаж ирэх болно. Жинхэнэ утгаар нь өгөх юм бол, гарцаагүй ямар нэгэн зүйл гардаж авна. ...Өгсөний үр дүнд тэндээс шинэ амь төрж, өгсөн авсан хоюулаа тэдний төлөө төрөн гарсан тэр аминд талархах болно” гэж үргэлжлүүлнэ.

-         Хайр гэдэг бол хайрыг төрүүлэх хүч бөгөөд, хайрлаж чадахгүй байна гэдэг бол хайрыг төрүүлж чадахгүй байна гэсэн үг юм.

Үүнийг “Хайрлагдахыг л хүсч шаардах мөртөө бусдыг хайрладаггүй хүн хэзээ ч жинхэнэ хайрыг мэдэрч чадахгүй” гэсэн утгаар ойлгох нь зүй болов уу. Гэлээ гээд, өнөө цагийн олон хүмүүс өөрийн эрхгүй хайрлахаас илүүтэй хайрлагдахыг хүсч горьдох хандлагатай байдаг. Түүнээ засахын тулд юуг өөрчлөхөөс эхлэх ёстой юм бол?
Өгч чаддаг хүн болохын тулд юуны өмнө “би л хамгийн чухал” хэмээх нарциссизмаа анагаах шаардлагатай, хэмээн Фромм өгүүлнэ.
Тэгж хэлэхээр “Би бол тийм ч би төвтэй сэтгэдэг төрлийн хүн ч биш, нарциссизм энэ тэр бол анхнаасаа надад байх ч гүй” гэлцэн өөрөөсөө түлхэх хүн гарч ирж болох ч, энэ ертөнцөд нарциссизмгүй хүн гэж нэгээхэн ч үгүй юм. Жишээ нь “Таны хувьд мөрөөдлийн ханиа ямар хүнээр төсөөлдөг вэ?” гэж асуувал та юу гэж хариулах бол?
“Хамт байхад нөмөртэй, сэтгэл уужирмаар хүн” эсвэл “Намайг зөв тийш нь чиглүүлж өгдөг эерэг сэтгэлгээтэй хүн” гэх зэргээр хариулна биз? Өнгөц харвал байдаг л илэрхий хариулт боловч, үнэндээ ихэнхи хүмүүс “өөрийнх нь хүсэл шаардлагыг хангаж өгөх” тийм хүнийг л төсөөлж байдаг. Өөрийн минь төлөө зогсож чадах хүн, өөрт минь тааламжийг мэдрүүлэх хүн, нэг үгээр бол “өөрт минь нийцүүлэх хүн”-ийг л далд ухамсартаа хүсч байдаг. Энэ ч бас нэг хэлбэрийн нарциссизмын илрэл юм.
Зөвхөн ийм бодлоор партнераа сонгох юм бол хайр удаан үргэлжлэхгүй. Яваандаа ахиад өөр зүйл хүсэх болж, тэр нь ханахгүй бол ахиад өөр партнер хайгаад явж өгөх биз. Өөрийгөө хамгийн чухал гэж бодоод байх юм бол, харилцан биестээ “надад юм өгөөч!” гэж шаардах төдий холбоо болон мухардаж, тогтвортой харилцаа бүрэлдэхгүй. Сүүлийн үеийн залуус амархан салдаг болсон шалтгааны нэг нь ч бас, тэдний нарциссизмын хандлага улам бүр хүчтэй болж ирж буй явдал гэж үздэг.
Гэлээ гээд, Фромм огтхон ч өөрийгөө хайрлах хайраа бүгдий нь авч хая гэж ч хэлсэнгүй. Тэрээр нарциссизмаа анагаах хэрэгтэй гэж хэлэхийн хажуугаар, өөрийгөө хайрлах хайрын чухлыг доорх байдлаар илэрхийлсэн байдаг.

-         Хэрвээ хэн нэгэн бусдыг бүтээмжит хайраар хайрлаж чадаж байвал, тэр хүн өөрийгөө ч бас хайрлаж байна. Хэрвээ өөрийгөө бус зөвхөн бусдыг л хайрлаж чадна гэвэл, тэр хүн огт хайрлаж чадахгүйн шинж юм.

Ерөөс хүн өөрийгөө хамгийн чухал гэсэн бодол тээх нь зүй ёсны явдал юм. Хүн бид энэ ертөнцөд унаж ирээд юун түрүүн өөрийгөө хайрлах явдлаас бүхнийг эхэлдэг. Өөрийгөө чухал гэж боддог учраас л дөнгөж төрсөн нярай эхийнхээ хөхтэй наалдан зууралдаж, яаж ийгээд амь тэмцэн үлдэхээр чармайдаг учиртай. Өөрийгөө хайрлах бодол өчүүхэн ч үгүй болбол өөрийгөө нураан сүйтгэж, эцэстээ амиа хорлохдоо тулахыг ч байг гэхгүй.
Мөн өмнөх бүлэгт тайлбарласанчлан, нярай үеийн өсөлтийн шатанд төдийгүй, бусадтай харилцан том болж хөгжих процесс дунд ч бас өөрийгөө хайрлах хайр нь чухал утгыг агуулдаг. Яагаад гэвэл, өөрийгөө хайрлах бодол үгүй бол бусдын сэтгэлийг ойлгож чадахгүй учраас тэр. Бусдын оронд өөрийгөө тавьж үзэхийн тулд өөрийгөө хайрлах хайр гарцаагүй шаардлагатай байдаг.
Үүнийг “Яагаад хүн алж болохгүй вэ?” гэдэг асуултын тухай тунгааж үзвэл хялбархан ойлгох болов уу.
Өөрийгөө алагдахыг хүсэх хүн гэж мэдээж үгүй. Энэ нь бусдын хувьд ч адилхан юм. Өөрөөр хэлбэл, өөрийгөө алагдахыг хүсэхгүйтэй адилаар бусад хүмүүс ч бас алагдахыг хүсэх учиргүй тул хүн алж болохгүй, гэж бид бүхэн боддог учиртай. Харилцагчаа хүндэтгэх сэтгэл хийгээд санаа тавих ч бас бусдын оронд өөрийгөө тавьж бодох дээр суурилдаг гэдэг утгаараа, өөрийгөө хайрлах хайраас бүгд эхэлдэг.
Харин өөрийгөө хайрлах хайр нь хэтрээд ирэхээрээ хүн аминч үзэл тийш чиглэж оддог. “Өөрийгөө хайрлах хайр” болон “Аминч үзэл” хоёрыг хольж хутгах хүн цөөнгүй харагддаг ч, үнэндээ тэс ондоо зүйлс юм. “Аминч үзэл” нь зөвхөн өөр рүү нь чиглэж, бусдыг хайрлах хайртай холбогддоггүй бол, жинхэнэ “өөрийгөө хайрлах хайр” нь өөрийгөө хайрлаад зогсохгүй, тэндээсээ бусдыг хайрлах сэтгэл тийш холбогдоод явдаг. Нэг ёсондоо, өөрийгөө хайрлах хайраа аминч үзэл рүү зүглүүлчилгүйгээр нарциссизмын тэнцвэрээ хадгалан амьдрах нь чухал болохыг Фромм энд өгүүлж буй юм.

  • Боловсрон төлөвшсөн хүн гэж юу вэ?

Нарциссизм хүчтэй болохын хэрээр хүн “бусдыг ашиглах = аминч үзэл” тийш зүглэх төдийгүй, бусдад хүлээн зөвшөөрөгдмөөр байна гэх хүсэл ч аажмаар ихсэж ирнэ. Өөрийгөө хайрлах төдийд сэтгэл ханахаа байж, “бусдад хүлээн зөвшөөрөгдмөөр байна”, “бусдад хайрлагдмаар байна” гэсэн хүчтэй хүсэл тачаал соёолж ирнэ.
Энэ бол өмнө ч өгүүлсэнээр, БИ гээч нь үнэндээ туйлын сул дорой эд бөгөөд, өөрөө өөрийгөө хайрлах төдийд хараахан хангалтгүй тул, бусдаар ч бас хайрлуулахгүй бол тайвгүйтлаас мултарч чаддаггүй.
Сэтгэл судлалд “20-р зууны сүүлчийн хагасаас нарциссизмын эрин үе ирсэн” гэгддэг боловч, 21-р зууны өнөөдөр “зөвхөн хайрлагдмаар байна” гэж хүсэх аминч үзэлтэнгүүд улам бүр ихсэж ирсэн мэт санагдана. Тэгвэл үүний шалтгаан нь юу юм бол?
Сэтгэл судлалд нарциссизмын тархалтанд, нярай хүүхдийн насанд хүрэх хөгжлийн шатан дахь эцэг эхийн холбоо нөлөөлж байна гэж үздэг. Дөнгөж төрсөн хүүхэд бүгдээр “бүхнийг чадах мэдрэмж”-тэй байдаг. Би юуг ч хийж чадна, хүсэх л юм бол бүгд биелэнэ гэх мэдрэмжийг “бүхнийг чадах мэдрэмж” гэдэг. Үүнийг психоаналитикт “Нэгдүгээр нарциссизм” гэдэг ба, ердийн хөгжлийн явцад энэ нь бага багаар бүдгэрээд явдаг. Эхэндээ өөрийгөө Superman шиг санавч, ганцаараа юу ч хийж чадахгүйгээ дор нь анзаарч, бүтэлгүйтлийг бага насандаа давтан давтсаар том хүн тийш өсөж хөгждөг учиртай.
Гэтэл балчир наснаасаа хэмээс хэтийдсэн эрхлүүллийг амсаж өссөн тохиолдолд, хэзээ болтол ч нарциссизм нь хүчтэй чигээрээ өсөөд явна. Хүссэн болгоныг нь эцэг эх нь хийж өгөх учир бүтэлгүйтэлтэй нүүр тулалгүй, түүхий чигээрээ насанд хүрч орхино. Фромм уг номдоо хүнийг хайрлаж чадах нь зөвхөн боловсрон төлөвшсөн хүн юм хэмээн олон давтаж буйн жинхэнэ санаа нь чухам энд бий болов уу.
Цаашлаад Фромм, хүнийг хайрлаж чадах боловсрон төлөвшсөн хүний нөхцөл болгож, нарциссизмаа анагаах дээр нэмээд “бүтээмжит зан”-г бас гаргаж ирнэ. Энэ тухай өмнөх хэсгийн “бүтээмжит хандлага” дээр тайлбарласан ба, зүгээр л өөдрөг амьдрах гэсэн утгатай биш юм. Өнөөдрийг зүгээр л амьдраад байх бус, амьдрахын утга учрыг, аз жаргалтай байхын тулд яавал зохилтойг тасралтгүй тунгааж, өөрийн амьдралаа идэвхитэйгээр бүтээн урагшилах амьдрахуйг хэлж буй. Үнэхээр ч тийм бус хандлагаар амьдарвал, бусдыг хайрлаж, хүн хоорондын баялаг харилцааг бүтээн босгох нь туйлын хүнд байх нь лав биз ээ.

  • Хайранд шаардлагатай 4 идэвхитэй шинж

Энэ хүртэл хүнийг хайрлахын өмнөх хувийн бэлтгэл болох шаардлагатай хандлага болон сэтгэлийн төлөв зэргийн тухай ярьсан бол, үүнээс цааш “хүнийг хэрхэн хайрлах вэ?” гэдэг тухай дэлгэрүүлэн харцгаая.
Фромм, хүнийг хайрлахад шаардлагатай идэхвитэй шинж хэмээн гаргаж ирсэн нь “халамж”, “хүндэтгэл”, “хариуцлага”, “ойлголт (мэдлэг)” дөрөв юм.
Юуны өмнө хамгийн суурь болох нь “халамж”. Энгийнээр хэлбэл, халамж гэдэг нь партнерийнхаа бодол санаа болон байр суурийг бодолцох, бусдад сэтгэл гаргах явдал юм. Энэ үгүй бол мэдээж хэрэг хүн хоорондын харилцаа тогтохгүй.
Үнэндээ бол хэн нэгэнд дурлах (хайрлах) үед, түүнийхээ талаар үргэлж бодож “юу хийвэл баярлах бол? юу хийвэл уурлах бол?” гэхчилэн элдвийг тунгаадаг учиртай. Гэвч нарциссизм нь хүчтэй бол тэр мэт зүйлс толгойд орж ирэхгүй. Халамжинд шаардлагатай нь “партнер маань одоо жаргалтай байгаа болов уу? Яаж байгаа бол?” гэсэн бусдын талаар төсөөлөх чадвар юм. Бусдын бодол санааг ургуулан төсөөлж, түүндээ тааруулан өөрөө ямар үйл хөдлөл хийхээ тунгаах нь халамж юм.
Хоёр дахь нь хүндэтгэл бөгөөд, энэ нь партнераа учир зүггүй залан шүтэхийг хэлж буй биш. “Партнер маань ч бас бие даасан хувь хүн, надтай эн тэнцүү үнэ цэнэ бүхий чухал оршихуй” гэдгийг хүлээн зөвшөөрөх нь хүндэтгэл юм. Өөр үгээр илэрхийлбэл, өөрийгөө бие хүн болон өсөж дэвжихийг хүсч байдагтайгаа зэрэгцүүлээд, партнертаа ч бас аз жаргал, өсөлт хөгжилийг хүсэх сэтгэлийг тээх нь хүндэтгэл гэж ойлгож болох биз ээ.
Гурав дахь болох “хариуцлага” гэдгийг үүрэг гэх мэт гаднаас хүлээгдэн тулгагдсан зүйл гэх утгаар буруу ойлгох нь олонтаа байдаг ч, тийм биш юм. Түүний жинхэнэ утга нь, партнерийнхаа оюун санааны хүсэл шаардлагад бэлэн байхыг хэлж буй. Өнөө үед энэ л хамгийн ихээр гээгдэн үгүйлэгдэж байж мэдэх юм.
Гэрлэлт болон тогтвортой үерхэлийг дагаад зайлшгүйгээр хариуцлага гэх зүйл дагалдаж ирдэг. Сүүлийн үед танилцсан дороо үерхэж эхлэх мөртлөө салчих хосууд олонтаа харагддаг ч, түүний ард “хариуцлагад дарагдах нь тээртэй” гэх бодол цөөнгүй байдаг гэж санагддаг. Түүнийг хүлээж авах нь жинхэнэ хайр байх ёстой атал, тэгж тэсч гүрийж амьдрахаар огт гэрлээгүй нь дээр гээд больж орхино. Энэ хандлага цаашид ч хүчтэй байх магадлалтай.
Дөрөв дэхь болох “ойлголт (мэдлэг)” нь, партнераа ойлгох тухай төдийгүй, партнераа таньж мэдсэнээр өөрийгөө ч бас таних гэсэн утгыг агуулна. Сэтгэл судлалд “Бусад бол өөрийгөө харах толь юм” гэх үг олонтаа хэрэглэгддэг. Харилцагчийнхаа нүдийг харахад тэнд гарцаагүй өөрийн төрх бас тодорч байдаг. Хүн гээч амьтан өөрийгөө мэддэг гэж боддог хэрнээ, үнэндээ ёстой л юу ч мэддэггүй. Бусадтай харилцан холбогдсоноор л сая өөрийн төрхөө олж мэдэх боломжтой болно.
Жишээ нь партнераа хараад, баярлаж байвал өөрийн үг үйлдэлийг маань тааламжтайгаар хүлээн авч буйг мэднэ. Эсрэгээрээ гунигтай төрх тодруулж байвал өөрийн минь үгэнд шархлан эмзэглэж буйг ойлгоно. Хүн бусдын төрх байдал, үйл хөдлөлийг ажиглаад, юуны өмнө түүний уг шалтгааныг хайна. Тэгээд түүнээ өөр дээрээ буулгаж харсанаар өөрийн сайн ба муу талуудаа олж мэддэг учиртай.
Хүн нэг бүр өөр өөрийн хувийн шинж чанарыг агуулж байдаг ч, тэдгээрийн үндэс суурьт буй оюун бодлын бүтэц тогтолцоо болон сэтгэлгээ нь нийтлэг байдаг. Хүн тус бүртээ тэс ондоо амьтад байсан бол нийгэм судлал, сэтгэл судлал гээч юмс огт бий болохгүй байсан биз. “Ямар ч хүн бай бүгдээр яг л ийм байдаг” гэсэн нийтлэг суурь нөхцөл байснаар сая түүн дээр онол босгож ирэх боломжтой.
Хүний дотоод сэтгэл болон сэтгэлгээний схемд нийтлэг зүйл гарцаагүй оршин бий. Тийм ч учраас, хэн нэгэн өөр хүнийг гүнзгий мэдсэнээр өөрийгөө ч мэдэж, бусдыг ч ойлгож болно. Бүр цаашилбал “хүнийг олж нээх” явдалтай ч холбогдоно.
Дээрх бол Фроммын хэлэх “хүнийг хайрлахад шаардлагтай 4 идэвхитэй шинж” боловч, магад зарим нэг хүн “Ийм юмыг хэлүүлээд байлтгүй угаасаа мэднэ” гэж бодож байж болох юм. Гэвч, толгойгоороо ойлгосон ч, түүнийг бодитоор хэрэгжүүлэх гэдэг бол тун ч хэцүү. Хэрвээ бүхий л хүмүүс дээрх дөрвийг хэрэгжүүлж чаддаг юм гэвэл, өнөөдөр нийгэм маань ийм байх учиргүй байхсан. Хайр бол суралцах ёстой зүйл гэх Фроммын өчил ч бас, өнөөгийн хүмүүс хүний хувьд илэрхий мэдээжийн зүйлсийг мартаж орхисон гэж санагдсантай нь шууд холбоотой биз ээ.

  • Өнөөгийн нийгэм дэхь хайрын сүйрэл

Хоёрдугаар бүлэгт бичигдсэн “Хайрын онол”-ын талаарх тайлбараа үүгээр төгсгөөд, Гуравдугаар бүлэг “Хайр ба өнөөгийн барууны нийгэм дэхь түүний сүйрэл” дотор гарч ирэх өнөөгийн нийгэм (уг ном бичигдсэн 1950-д оны нийгмийг зааж буй)-ийн асуудлаар яриагаа үргэлжлүүлэе. Нэгдүгээр бүлэгт, Фромм сэтгэл судлалын өнцөгөөс хүний үйл хөдлөлийн шалтгааныг эрэх төдийгүй, нийгмийн тогтолцооноос ч бас хүнд анализ хийхийг зорьсон тухай ярьсан боловч, гуравдугаар бүлэгтээ Фромм энэхүү аргыг ашиглан капиталист нийгэм өнөөгийн хүмүүсийн зан араншин болон бодол сэтгэлгээнд хэрхэн нөлөөлж буйд анализ хийсэн байдаг.
Юуны өмнө Фромм, өнөөгийн нийгмийн тогтолцоо эцсийн дүндээ хайрын сүйрлийг даллаж буйг дараах байдлаар шүүмжилжээ.

-         Барууны нийгмийг хөндлөнгийн нүдээр харвал ах дүүгийн хайр, эх үрийн хайр, эсрэг хүйстний хайр ялгаагүй, бүхий л хайр гэж нэрлэж болох зүйлс харьцангуй ховорхон ажиглагдах болж, төрөл бүрийн хэлбэрийн хуурамч хайрууд тэднийг орлох болсон нь илэрхий байна. Энэ мэт хуурамч хайрууд бол чухам хайрын сүйрлийн илрэл юм.

Энд хэлэх “хуурамч хайр” гэдэг бол өдийг хүртэл тайлбарлаж ирсэн “бүтээмжит бус хайр”, өөрөөр хэлбэл зөвхөн “хайрлагдахыг” хүсэх аминч үзлийн хайрыг хэлж буй юм. Тэгвэл яагаад энэ мэт хуурамч хайрууд нийгэмд тархах болов оо? Үүнийг мэдэхийн тулд, хүн ба хөдөлмөрийн хамтын түүхийг мэдэж авах шаардлагатай.
Эрт цагаас нааш, хүн болон хөдөлмөр нь салшгүй холбоонд байж иржээ. Газар хагална, далайд загасчилна, ууланд ан хийнэ, модоор гэр барина... Өнөөдөр хөдөлмөрийн төрөл улам өргөжсөн боловч, ажил хөдөлмөр нь амьдрахын төлөөх зайлшгүй зүйл гэдгээрээ өмнө ч одоо ч хэвээрээ. Гэвч, ялгаатай тал нэг бий. Урьдын ажил хөдөлмөр нь өнөөдөртэй харьцуулахад хүний аж амьдралд хамаагүй ойр зүйл байсан явдал юм. Өөрийн хоол хүнс болон амьдрал ахуйтай холбоотой зүйлсээ бүгдийг өөрийн гараар бүтээдэг байж. Өөрөөр хэлбэл өөрийнхөө төлөө ажиллах нь хөдөлмөрийн үндэс байсан хэрэг.
Харин 18-р зууны хагасаас хөдөлмөрт хамаарах нөхцөлүүдэд илт өөрчлөлт орж ирнэ. Аж үйлдвэрийн хувьсгал өрнөж, үйлдвэрлэлийн дамжлагыг нарийвчлан хуваарилж энгийн хялбар ажлуудад хувааснаар бүтээмж өндөрсөнө гэдэг шалтгаанаар хөдөлмөрийн хуваарилалт хэмээх ажиллах арга ердийн болж ирэв. Хөдөлмөрийн хуваарилалтын хэлбэр түгэж, аж үйлдвэрүүд цар хүрээ, бүтцийн хувьд улам томорч ирэхийн хэрээр өөрийнхөө төлөөх хөдөлмөр нь хүний (хөрөнгөтөн) төлөөх хөдөлмөр болон хувирч одно. Марксийн хэлдэгээр хямд хөлсөөр ажиллах хөдөлмөрчид болон тэднийг шулах хөрөнгөтөнүүдээс тогтох ангит нийгэм гарч ирсэн юм.
Туузан дамжуургын өмнө хямд хөлсөөр энгийн ажил хийдэг болон хувирсан хөдөлмөр нь, хүнээс хөдөлмөрлөхийн баяр баясгалан, бахархалыг булааж, явсаар хүн нь машины ердийн нэг эрэг шураг шиг оршихуй болж ирэв. Түүнээ дагаад хүний бодол сэтгэлгээ болон зан араншин ч бага багаар хувирахад хүрэв. Машины эрэг шураг эвдэрвэл түүнийг дор нь солихгүй бол болохгүй. Өөрөөр хэлбэл хүн ч бас хөдөлмөрлөх хүчний нэг нөөцийн хувиар орлуулах боломжтой оршихуй байхыг нийгэм шаардах болсон хэрэг.
Фромм, капиталист нийгмийн шаардан хүсэмжлэх хүний төрхийг дараах байдлаар егөөдөн илэрхийлжээ.

-         Өнөөгийн капиталист нийгэм ямар хүнийг шаардаж байна вэ? Тэр бол, олон нийтээр гар нийлүүлэн ажиллаж чадах хүн, уйдах явдалгүй шунан хэрэглэдэг хүн, дур сонирхол нь стандарчлагдаж, бусдын нөлөөнд автахдаа амархан, үйл хөдлөл нь урьдчилан тооцоход хялбар хүн юм. Мөн, өөрийгөө эрх чөлөөт тусгаар хүн гэдэгт итгэж, ямар ч эрх мэдэл, үзэл баримтлал, цэвэр сэтгэлд ч дагалдахгүй, тэгсэн хэрнээ үүрэг даалгаварыг үг дуугүй хүлээн авч, итгэл алдалгүй үйлдэж, ямар ч үрэлт үүсгэлгүйгээр нийгэм хэмээх том машин руу зорьж очоод өөрийгөө хавчуулдаг, тийм хүн юм.

Нэг ёсондоо, энгийн хялбар ажил болон шулалтыг огтхон ч сэжиглэлгүйгээр ажилдаа сэтгэл шулуудаж, нэмээд бусад хүмүүстэй ижилхэн байхыг хүсэх хүчтэй хэрэглээний хандлага бүхий хүн, шулуухандаа бол эдийн засгийн нийгэм гацалгүй ажиллахад нийцэхүйц хүнийг нийгэм шаардах болжээ, гэсэн үг юм.
Уул шугамандаа бол, хүн нэг бүрийн хувийн чадамжийг хөгжүүлж чадах, оюун санааны хувьд ч өндөрсөхүйц тийм нийгмийн тогтолцоо л хүний хувьд хүсэмжит байх учиртай. Тийм атал өнөөгийн нийгэм түүний чанх эсрэг зүг рүү чиглэнэ. Ийм нийгэм бий болсон нь хүний оюун санааны амьдралд ч муу нөлөө үзүүлж байна, хэмээн Фромм онцолжээ.
Эдийн засгаар цөмөө хийн хөдлөх нийгэмд хамагдан орох явцдаа хүмүүс хайрын хэлбэрийг мартан хөндийрч, хуурмаг хайр тийш чиглэх дүр зургийг тэрээр дараах байдлаар дүрсэлсэн байдаг.

-         Бараа, кино, дуу, хоол, архи, тамхи, хүн, хурал, ном, энэ бүгдийг хүмүүс нэг захаас нь үлдээлгүй хаман сорж хэрэглэнэ. Дэлхий бол бидний хэрэглэх хүслийг хангахын төлөөх нэгэн томоо биет юм. Томоо алим, томоо архины лонх, томоо дэлэн хөх юм. Бид бүхэн тэр дэлэнтэй барьцалдан зууралдаж, хязгааргүй их хүлээлтийг тээн, хүсэл мөрөөдлөө алдалгүй, тэгсэн хэрнээ үргэлжийн цөхрөлд байна. ...Үүнтэй холбогдон зайлшгүйгээр хайрыг тойрох нөхцөл байдал ч, өнөөгийн хүмүүсийн энэ мэт нийгмийн шинжтэй зан араншинд тохирон өөрчлөгдсөөр буй. Робот хайрлаж чадахгүй. Робот ердөө л “товар болсон хүн чанар”-ыг солилцож, өгсөн авсандаа өлзийтэй наймаа хийхийг л хичээнэ.

Гуравдугаар бүлэгт Фроммын үзүүлэх нийгмийн анализыг уншаад байвал, 21-р зуунд төрсөн бид бүхэн ч бас яг ижил нөхцөлд буйгаа анзаарах биз ээ. Бүхний төвд эдийн засаг = “эд, мөнгө” байж, хүн нь эдийн засаг хэмээх аварга сав руу өөрийн мэдэлгүй татагдан орж буй төдий л оршихуй болон хувирчихаж...
Энэ бол туузан дамжуурга дээр энгийн ажил хийж байгаа хүнээр хязгаарлагдах яриа биш юм. Цагаан цамцат бизнесман, бүтээлч ажил хийх хүмүүс ч бай, эдийн засаг гэх аварга машины эд анги болон амьдарч буй гэдэг талаасаа бүгд ижилхэн. Ээлж дараалан зарагдах шинэ бараа, улирал болгонд өөрчлөгдөх моод загваруудыг алдалгүй нэхэн хөөж, хэрэглээг зорилгоо болгон амьдарч буй нь өөрөө, эдийн засгийн системд татагдан орж буйг илтгэнэ.
Мөн телевиз, кино, уран зохиол зэрэг массмедиа нийгэмд хүч түрэхийн хэрээр төсөөллийн хийсвэр хайр тийш зүглэх хүмүүс сүүлийн үед олширох болсон. Хүүхэд насандаа хэн бүхэн кинонд гарах гайхамшигт баатруудад татагдан дурладаг. Тэгээд бэлгийн бойжилт гүйцэж ирэх үед цаг үеийнхээ алдартай хүмүүсийг бишрэн шүтэж эхэлнэ. Энэ бол огтхон ч ховор явдал биш боловч, асуудал ямар үед үүсэх вэ гэхээр, бодит амьдрал дээрх хайраа төсөөллийн хийсвэр хайртайгаа холиод эхлэх үед юм. Өөрийн толгой дотроо төсөөлөн зурсан хайрын партнертаа хоргодож, бодит амьдрал дээр учирсан болгоноо түүгээрээ хэмжин голж орхино. Ийм байдлаар бол тогтвортой хайрын холбоо үүсэх учир үгүй нь тодорхой.
Гэвч зөрчилтэй мэт санагдах авч, сэтгэл судлал талаасаа бол төсөөлөлд хайртай болох нь буруу гэж шууд хэлэх боломжгүй. Хүн хоорондын харилцаа гэдэг нь амьд хүмүүсийн хоорондын харилцаа юм шиг харагдах хэдий ч, үнэндээ тийм бус, харилцан биесийнхээ талаарх төсөөлөлтэйгээ харилцаж буй төдий байдаг. Өөрөөр хэлбэл хайр дээр ярьвал, амьд партнертайгаа бус, партнерийнхаа талаарх өөрийн дотоод төсөөлөлтэйгээ үерхдэг гэж хэлж болно. Хэдий тийм ч, ердийн үед амьд хүмүүс хоорондоо харилцан байх дунд, өөрийн дотоод төсөөлөлтэй нь зөрөлдөх явдал мэдээж гарч таарах тул, тэр бүрийд өөрийн төсөөллөө засаад явах учиртай. Тэгээд чухам тэгсэнээр л жинхэнэ хайрыг хэлбэржүүлэн бүтээх ёстой юм.
Өнөөгийн Монгол ямар ч онол бодлого, алсын хараагүйгээр капитализмыг хэлбэрдэн жонхууруулж орхисон нь тэртээх 1950-д оны Америкийн нийгмээс дутахгүйгээр хайрыг сүйрүүлж буй мэт сэтгэгдэл төрүүлнэ. Үүнээс цааш эдийн засаг төвтэй нийгмээс “хүн төвтэй нийгэм” тийш шилжилт хийхгүй л бол энэ мэт нөхцөл байдал улам бүр хурдсан уруудах болов уу. Жинхэнэ хайр харагдахаа больж буй энэ нийгэмд бид бүхэн яавал зохилтой юм бол?
Төгсгөлийн бүлэгтээ дээрхийн хариулт болгож Фроммын дэлгэн үзүүлсэн жинхэнэ хайрыг гартаа оруулахын төлөөх шаардлагатай “хайрын дасгал сургуулилт”-ын талаар тоймлон хүргэх болно оо.

8 comments:

  1. Hippie movement - n talaar daraa baga saga yum oruulj boloh uu ? Yagad delgersen gol uzel sanaa ni yu baisan geh zereg, yag l ene nom bichigdej bh uetei holbogdoh yum shig sanagdaad bna l daa

    ReplyDelete
    Replies
    1. Unless you could just leave a comment in here pls.

      Delete
    2. сонирхолтой source олдвол бичихийг бодъё

      Delete
  2. Маш их тааладгдлаа.

    ReplyDelete
  3. Төгсгөл хэсгээ бичээгүй байна тийм уу. эсвэл би блогоос тань олохгүй байна уу

    ReplyDelete
    Replies
    1. Тиймээ, бичээгүй байгаа.

      Delete
  4. За маш их баярлалаа эдгээр зүйлсийг бичсэн хүнд

    ReplyDelete