2014/11/29

Жаргалтай үхэл

Jackson Bowers хүү төрсөнөөсөө сарын дараа томуунд өртөж, уушгинд нь нүх үүссэнээр амьсгалж чадахгүй болжээ.
Яаралтай түргэн тусламж дуудаж, шууд л эрчимт эмчилгээний тасагт хүргүүлэгдэж, тэндээ наркозонд орж хиймэл амьсгалын аппаратанд залгагдав. Энэ хооронд нялх хүүгийн амь нас ёстой л дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байлаа.

- I died (Би үхсэн)

2 нас хүрсэн Jackson хүү гэнэт ингэж яриад эхлэх нь тэр.

- Бурхан дээр очсон. Аягүй гоё газар байсан.

Ээж Michelle нь бүр гайхаж орхив.
- Хүү маань түргэний машинд суусан тухай, нөхөр маань хамт дагалдаж явсан тухай хүртэл ярьсан. Түүний ярианууд үнэндээ яалт ч гүй үнэхээр болсон явдлууд байгаа юм.

Зүрхэнд нь катетер тавихын тулд хөлөнд нь мэс засал хийж байсан гэх зэргээр, Jackson өөрийн бяцхан биеэ орхин гарч эмч нар болон ээжийгээ харж байсан гэдэг.

Уг яриаг сонссон эмч нь хөмсөг зангидана.
- Наркозонд ороод ямар ч ухаангүй болсон 1 - 2 хон сартай нярай хүүхэд тэр үеийн тухай санана гэдэг, анагаах ухаан талаасаа бол байж боломгүй зүйл.
  • Клиник үхэл
Jackson хүү үхлийн хөндийгөөр тэнүүчилж байхдаа харсан зүйл, тэр бол "Клиник үхэл" гэж нэрлэгдэх тэр зүйл байсан ч байж мэдэх юм.

Хүн, үхэж байх тэр үедээ хачирхалтай зүйл мэдэрдэг гэдэг.

Дэлхийд хамгийн анх "Клиник үхлийн" тухай илтгэж бичсэн хүн бол Raymond Moody юм. Одоогоос 40-өөд жилийн өмнөх 1975 оны явдал.


Түүнээс хойш тэр зүгийн судалгаа өргөн хийгдэх болж, 1981 онд албан ёсоор байгуулагдсан "Олон улсын клиник үхлийн судалгааны төвийн" (IANDS) дор одоо ч тогтмол эрдэм шинжилгээний хурал зохиогдсоор байна.

Хурлын үеэр клиник үхлийг биеэр үзсэн хүмүүс ярина.
- Тэр үед би өөрийн биеэсээ мултарч, хөөрөн дээшилж буйгаа мэдэрсэн. Тэгээд таазны буланд очоод, тамиргүй болсон өөрийгөө дээрээс нь харж байсан. Тэгтэл нэгэн ер бусын зүйл гарч ирэн намайг дагуулж, туннел нэвтлэн сансар огторгуй шиг орчинд явж очсон. Тэнд гэнэт гэрэл намайг бүчин авсан.

Шуурхай эмчилгээний арга техник улам хөгжиж, үхлийн хөндийгөөс буцаж ирэх хүн олширсондоо ч юм уу, клиник үхлийг биеэр үзэгсэд улам ихсэж байгаа гэх. Өнөө үед, зүрх зогсолтоос буцаж амьдрагсадын 5 хүн тутмын нэг нь клиник үхэл үздэг гэсэн судалгаа бий.
  • Хуурамч ой санамж
Гэвч, ийм үзэгдлийг няцаах дуу хоолой ч цөөнгүй. Наадах чинь ердөө л тархины хэвийн бус ажиллагаанаас үүдэх хуурмаг мэдрэмж шүү дээ гэх.

- Хүн бол хуурамч ой санамжинд (false memory) өртөхдөө амархан амьтан юм.
хэмээн Нобелийн шагналт Тонэгава Сүсүмү хэлнэ.

Хүний тархинд хуурамч ой санамж бий болгох нь тийм ч хэцүү явдал биш.
Жишээ нь, бага насных нь зургийг өөрийнх нь хэзээ ч үзээгүй агаарын бөмбөлөгийн аялалын зурагтай эвлүүлж үзүүлээд, өөрт нь "хэзээ явсан, ямар аялал байсан тухай" дахин дахин асуугаад байхад л хэзээ нэгэн цагт өнөө хүн маань нээрээ л тэгсэн юм шиг болж орхидог гэнэ.

1 дэхь өдөр
- Энэ зургийн тухай санаж байна уу?
- Бараг юу ч санахгүй байна.

7 дахь өдөр
- Энэ зургийн тухай санаж байна уу?
- Аа тийм, агаарын бөмбөлөгөнд сууж байсан үеийн зураг байна. Аваарын шатаар авираад сууж байсан.

Тонэгава гуай ярьж байна
- Хүн нэгэнт бат итгэх үед хуурамч ой санамж гээч юм бий болдог. Ургуулан бодох чадвартай амьтан юм хойно, ийм аюул дагалдах нь ч аргагүй. Байнга л тархин дотроо элдвийг бодлогоширч яваад, тэр нь нэг мэдэхэд гаднаас ирсэн мэдээлэлтэй ялгагдахаа больчихно. MRI (тархины цахилгаан соронзон бичлэгийн аппарат) -аар хараад ч жинхэнэ ой санамжаас (genuine memory) ялгарах юмгүй. Тэр нь ч аргагүй, яагаад гэвэл уг хүн маань түүнийг хуурамч ой санамж гэж огт бодохгүйд байгаа юм.
  • Тархи ба сэтгэл
Гэхдээ шинжлэх ухаанчид бүгд үгүйсгэдэг үү гэвэл үгүй.

Ганц удаа л клиник үхэл гэх чанга мэдрэмжийг биеэр амсчихсан байхад, түүнийгээ үгүйсгэх санаа барагтай бол гарахаа болино.

Тархи судлаач профессор Eben Alexander (60 настай) бол тийм хүмүүсийн нэг. 6 жилийн өмнө түүний тархи бактеринд өртөж ухаангүй болсноор клиник үхэлтэй учирчээ.

Үрэвсэлээс ялгарсан идээ тархины судсыг шахаж, цусны урсгал муудан тархины үйл ажиллагаа зогсож. Дээр нь нэрмээд амь насанд зайлшгүй чухал тархины судал (brain sterm) хэмээх гүнд байрлах хэсэг нь хүртэл гэмтэж, буцаж амь орох магадлал 2% гэх хариугүй утсан дээр дэнжигнэж байсан гэдэг.

Тэрхүү хагас үхсэн төлөвт байхдаа Alexander профессорын харж байсан зүйл гэвэл, тоогүй олон эрвээхийнүүд нисэлдэх дүр зураг, ёслолын том хаалга сүндэрлэх ертөнц, тэгээд түүний цаана байрлах бурханы оршихуй.

Золоор амьд үлдсэн профессор өвчинөөсөө тэнхэрмэгц өөрийн эмчилгээний датаг бүхлээр нь дахин нягтлав.

- Энэ бол миний ухаангүй болсон 3 дахь хоногийн тархины зураг. Цагаан хэсэг нь өнөөх хүнд үрэвсэлийн ул мөр.

Тэрхүү тархины зураг бол, профессорын тархины үйл ажиллагаа нэгэнт бүрэн зогсож, мэдрэл ч бодол ч ой санамж ч ажиллаагүй болохыг байгаагаар нь хүүрнэж буй зураг юм. Ийм аюулт ухаангүй байдал бүтэн 7 хоногийн турш үргэлжилжээ.

Сэтгэл гэдэг чинь, тархинаас үүсдэг эд биш билүү?
Яагаад тархи зогссон байхад тийм зүйл мэдэрсэн юм бол?
Би үнэхээр диваажинд очсон. Энийг бол баттай хэлж чадна...

Alexander профессор
- Тархи ажиллаагүй байхад, яагаад тэр хоорон дахь зүйлийг санаж чадаад байна гэдгийг өнөөгийн тархи судлалын онолоор бол яагаад ч тайлбарлаж чадахгүй. Шинжлэх ухаанд "Сэтгэл бол тархинаас гардаг" гэж хэлдэг. Гэвч үнэхээр тийм гэж ам гарч чадна гэж үү?
  • Үхсэний дараах тархины долгион
МЭӨ, Грекийн философич Платон "Тархи сэтгэлийг үүсгэдэг" гэж хэлж. Тэгтэл түүний шавь Аристотель "Сэтгэл зүрхэнд байрладаг" гэв.
Түүнээс хойш өрнөдөд "Сэтгэл бие хоёр бол тусдаа оршихуй" гэх уламжлалт сэтгэлгээ дамжигдсаар ирж. 17-р зууны философич Декартын хэлсэн дараах үг бол тэр үзлийн дээд оргил нь байв
- Би сэтгэж байна, тиймээс би оршиж байна.

Ингэж сэтгэх юм бол, хүн үхвэл сэтгэл нь ч бас үгүй болохоос өөр аргагүй.

Профессор Alexander ч бас "Үхвэл сэтгэл ч бас алга болно" гэдэгт итгэдэг байлаа. Гэвч өнөөх клиник үхэлтэй учирсаны дараа түүний итгэл үнэмшил сууриараа хөмөрч орхих нь тэр.

Үхэх үед тархинд юу болдог юм бол?

Өдийг хүртэлх тархи судлалд бол, зүрх зогсоход хэдэн секундийн дотор тархи руу урсах цусны урсгал зогсож, улмаар тархины үйл ажиллагаа зогсдог гэдэг байв.

Тэгтэл, илүү нарийвчилсан сүүлийн үеийн судалгаагаар бол, үхээд зогссон гэгдэж байсан тархины долгион нь, түүнээс хойш ч хэдэн 10 секундийн турш үргэлжилж байдаг болох нь тогтоогдсон гэнэ.

Мичиганы их сургуулийн дэд профессор Jimo хэлж байна
- Энэ граф харахад тэгшхэн юм шиг боловч, томруулаад харахаар тун үл ялиг тархины долгион дотор нь нуугдаж байгаа юм. Тархины долгион нь маш өчүүхэн байсан болохоор өдийг хүртэл тархийг нэгэнт ажиллагаагүй болжээ гэж тооцож байсан юм. Тэгэхээр, үхэх үед юу өрнөж байгааг, тархи тэр үед ямар үүрэг гүйцэтгэж буйг цааш нь гүнзгийрүүлэн судлах шаардлагатай гэсэн үг.
  • Сэтгэл бий юу?
Платоноос хойш өрнийн хүмүүс хүслэн болсон "Сэтгэл бийг" эрж хайсаар ирсэн.

Гэвч тархин доторх аль ч мэдрэлийн эсийг судалсан, тэндээс сэтгэл (буюу мэдрэл) олдсонгүй. Тийм ч учраас "Сэтгэлийн нэг хэсэг болох мэдрэл (Consciousness) бол шинжлэх ухааны хувьд туйлын оньсого" гэгдсээр иржээ.

Тэгтэл тэндээс Висконсины их сургуулийн профессор Tononi нэгэн эргэлтийн шинжтэй гойд онол дэвшүүлэв.
- Хүний мэдрэл гэдэг бол, аалзны тор шиг зүйл юм.

Профессор мэдрэлийг аливаа нэг мэдрэлийн эсээс эрсэнгүй. Харин тэднийг холбох хэлбэр хэмжээгүй "торон сүлжээ (network)" л чухам мэдрэл мөн гэж хэлсэн хэрэг юм (Нийлмэл мэдээллийн онол). Яг л интернетийн Web (аалзны тор) шиг, тус бүрийн серверүүд (terminal) гэхээсээ илүү, тэднийг холбож буй сүлжээний торонд анхаарлаа хандуулах ёстой гэсэн үг.

Профессор Tononi тэр онолоо томъёо болгон тодорхой хэлбэрээр илэрхийлжээ.

Тэр томъёоны дагуух тооцоогоор бол, тархи нь үхэжсэн гэгдэж байсан өвчтөн ч бас өөрийн гэсэн мэдрэлтэй болох нь тодорхой болно. Цаашлаад амьтан хийгээд шавьж ч бас, тархиныхаа хэмжээнээс хамаарсан мэдрэлтэй болохыг мэдэж болно.

Түүнээс гадна профессор Tononi бас ингэж ярьж байна
- Өнөөгийн бидний бүтээсэн техникт мэдрэл байхгүй боловч, миний онолоор бол, өөрийн мэдрэлтэй техникийг хиймлээр бүтээх нь огт боломжгүй зүйл биш юм.
  • Сэтгэлийн төлөв
Дэлхийд хамгийн анх клиник үхлийн талаар бичсэн мөнөөх Raymond Moody. Тэрээр тухайн үедээ үхлийн дараах амьдралыг (хойд нас) үгүйсгэдэг нэгэн байв.

- Үхлийн дараах амьдрал байдаг талаар ямар ч нотолгоо байхгүй.

Тэгтэл түүнээс хойш, сэтгэл мэдрэлийн өвчинөөсөө болж амиа хорлохыг завдсаны дараа, үхлийн дараах амьдралд итгэх болжээ.

Moody ийн хүүрнэнэ
- Тухайн үед үхлийн дараах амьдралыг хүлээн зөвшөөрч чадалгүй, өөр ямар нэгэн тайлбараар таглахыг оролддог байлаа. Одоо бодоход, үхлийн дараах амьдралыг барин тавин баталж чадахгүйдээ, түүнийг хүлээн зөвшөөрөхөөс зугатдаг байж дээ гэж санадаг юм. Би өөрийнхөө сэтгэлийг илүү чагнах болсон. Өнөөдөр өөрийгөө ингэж ярьж байгаад үнэндээ өөрөө ч гайхаж байна. “Үхлийн дараах амьдрал байдаг” гэж итгэлтэй хэлж байгаа өөртэйгээ зөрчилдөөд байгаа ч юм шиг санагддаг.

23 жилийн өмнө Тачихана гуай Moody-тэй уулзаж байжээ. Тэндээс анх Тачихана гуай “Клиник үхэл” номоо бичих санаа төрсөн гэдэг. Гэтэл одоо Moody-гийн тухайн үеийн үзэл орвонгоороо өөрчлөгдчихсөн байдаг.

Тачихана гуай хэлж байна
- Хүн 70 насны босго давмагц, 70 насны өмнө хойдох сэтгэлийн төлөв нь хувирдаг юм байна. Одоо би 74 настай. Төдий холгүй болов уу хугацааны дараа үхэл над дээр айлчлан ирэх нь гарцаагүй. Энэ бол надад баттай ойлголт болон намайг хучин авсан ухаарал юм.

  • Ер бусын мэдрэмж
Тачихана гуай 7 жилийн өмнө давсагны хорт хавдараа авахуулжээ. Гэвч хорт хавдар нь дахин үсэрхийлж, энэ жил ч бас мэс засалд оров.

Тэр үедээ Тачихана гуай нэгэн ер бусын зүүд зүүдэлжээ
- Тэр үед би, хүзүүгээрээ огт хөдлөх боломжгүй эвгүй байрлалтайгаар бүтэн хагас өдрийг өнгөрүүлсэн. Тэр хооронд би зүүд үү бодит уу нь ч ойлгогдохгүй жигтэй зүүд үзсэн юм. Тэрийг хуурамч ой санамжаас төрсөн хуурмаг үзэгдэл гэж хэлдэг ч бай хамаагүй, би тэрийг хэзээ ч мартаж чадахгүй. Тэр бол бодит мэдрэмжийг дагуулж байсан.

Түүний үзсэн зүйл нь клиник үхэл үзсэн олон хүмүүсийн ярьдаг ер бусын мэдрэмжтэй тун төстэй байсан гэнэ.

Яагаад, хүн үхэлтэй нүүр тулахдаа тийм ер бусын мэдрэмж амсдаг юм бол?

Энэ эргэлзээгээ Тачихана гуай Кэнтаккийн их сургуулийн профессор Nelson-оос асуув. Профессор Nelson бол ер бусын мэдрэмжийн тархин доторх механизмыг судалдаг эрдэмтэн юм.

- Ер бусын мэдрэмжүүд бол тархины лимбийн систем дотор өрнөдөг үзэгдэл юм.

Лимбийн систем гэдэг бол, хэвлээр явагчид ч байдаг тархины хамгийн хуучин хэсэг юм. Нойр болон зүүдийг удирддаг газар.

- Лимбийн систем хачирхалтай үйл ажиллагаа явуулдаг. Нойрны кнопыг дарахтай зэрэгцээд, сэргэлт өдөөх кнопыг ч хамтад нь дарж орхино. Үүний улмаар нойр нь туйлын сэвэлзүүр төлөвтэй болж, сэрүүнээрээ зүүдлэх буюу, өдрийн цагийн зүүрмэглэлтэй төстэй болно. Цаашлаад лимбийн систем нь мэдрэлд нөлөөлөх бодис ихээр ялгаруулж, хүнийг аз жаргалтай мэдрэмжээр дүүргэдэг.

Нойрны үеийн аз жаргалтай мэдрэмж гэдэг амьтанд байгалиас суулгагдсан суурь инстинкт гэмээр зүйл бөгөөд, үхэл амьдралын зааг дээр ч бас ажиллаж байдаг бололтой. Хүн ч бай амьтан ч бай, үхлийн ирмэг дээр хэрхэвч гуниг зовлонгийн мэдрэмжинд автан урсдаггүй төдийгүй, харин ч аз жаргалын далайд шумбан шингэдэг гэх.

Тархи тэрхүү сүүлчийн замдаа гарах үест, хамгийн үндсэн хэсэг нь эцсийн мөч хүртэл байдаг чадлаараа биднийг аз жаргалаар ороон хучих гэж сүүлчийн хүчээ шавхан мэрийнэ. Тэр нь Jimo-ийн ажигласан “үхлийн дараа ч үргэлжлэх үл ялиг тархины долгион” юм болов уу? Тэр амьнаас үлдэх долгион дараагийн аминд дамжин үргэлжилдэг эд юм болов уу?

Тачихана гуай хүүрнэж байна
- Хүн үхэх үедээ юу мэдэрдэг юм бол гэдгийг эрэн сурвалжилж хэдэн сарын турш дэлхийгээр аяллаа. Бүх сурвалжлага дууссаны дараа надад хүчтэй мэдрэгдсэн зүйл бол “хүн үхэх гэдэг бол тийм ч аймар зүйл биш” болохыг гүнзгий ойлгосон юм шиг санагдана. Үгүйдээ л өмнөхөө бодвол хавьгүй итгэлтэйгээр тэгж бодох болсон. Грекийн философич Эпикурос “амьдралын хамгийн том зорилго бол Ataraxia (сэтгэлийн амар амгалан) –г олж авах” гэж хэлсэн байдаг. Одоо бол би амар амгалан сэтгэлээр үхлийн тухай тунгааж чадна. Гоё зүүд үзмээр байна, үзэх юмсан гэсэн тийм тэмүүллээр хүн өөд болдог юм болов уу. Надад тэгж санагдах болсон.

Профессор Nelson
- Аз жаргалтай ер бусын мэдрэмж бол, Borderland (мэдрэл ба бодит байдлын зааг) дээр үүсч байдаг сэтгэл хөдлөм хийгээд фундаменталь үзэгдэл юм. Гэхдээ түүний нарийн ширийн болон яагаад ийм механизм бидний тархинд суугдсан эсэх нь шинжлэх ухаан биш. Ерөөс шинжлэх ухаан гэдэг бол “Ямар механизмтай юм бэ?” гэдгийг л судалдаг зүйл болохоос, “Яагаад ийм механизмтай юм бэ?” гэдэг асуултанд хариулж чадахгүй. “Яагаад?” гэдэг асуултын хариултыг хувь хүн бүрийн итгэл үнэмшилд үлдээхээс өөр аргагүй.
  • Итгэл үнэмшил
Нэгэн асрах өрөөнд, профессор Nelson эхнэр Ann-ийн хамт байлаа.
Эхнэр нь асууна
- Одоо хаачих юм бэ?
Профессор хариулав.
- Хаашаа ч явахгүй. Энд чамтай хамт байнаа.

Үнэндээ Ann гуайн тархи бүхэлдээ хорт цулцан дүүрч, одоо хаана байгаагаа мэдэхгүй байлаа. Түүнд ахиад хэдэн сарын л нас үлдсэн гэж оношлогдсон аж.

Профессор Nelson
- Би эхнэртэйгээ илэн далангуй ярьдаг. Тэр маань гүн сүсэгт католик номтон. Хичнээн хөдлөшгүй шинжлэх ухааны нотолгоо байлаа гээд, тэр бол хэний ч итгэл үнэмшилийг өөрчлөх зүйл биш. Хэдий клиник үхлээр бурхан болсон ээжтэйгээ уулзлаа ч, түүнийг ээжийнхээ сүнс гэж хүлээж авах уу, тархинд нь үлдсэн ой санамж гэж хүлээж авах уу, тэр бол тухайн хүний сэтгэл л шийдэх асуудал. Хувь хүн бүрийн үзсэн харсан туршлагуудыг шинжлэх ухаанаар нэг бүрчлэн батлах шаардлага гэж байхгүй юм...





... Хагас сарын дараа эхнэр Ann нь өөд болов.

Түүнийг аз жаргалтайгаар мөнхөрсөн байгаасай гэж залбирая даа.


4 comments:

  1. sonirholtoi... bicheed bai

    ReplyDelete
  2. sonirholtoi sedew bn...
    goy blog shu, ilu sonirholtoi medeell oruulad bgarai

    ReplyDelete
  3. Нар дэлхийг тойрдог гэсэн маягаар л шинжлэх ухаан хүний биеийг харах юм. Үнэндээ дэлхий нарыг тойрдог ш дээ. Хүний бие сүнснээс хамаарч л одоогийн төрхөнд байгаа гэдэг үнэн байх шүү.

    ReplyDelete
  4. Сонирхолтой байлаа. Баярлалаа.

    ReplyDelete