2014/09/04

Философийн түүх (10-р хэсэг)

  • Сократ (МЭӨ 450-д он)
Ийнхүү МЭӨ 450 оны үед эртний Грекэд Харьцангуй үзэл түгэн дэлгэрчээ.

Философийн түүхэнд ийм нэг зүй тогтол байдаг бөгөөд, философи маань өөрөө ерөнхийдөө доорх процессын давталтууд байдаг гэхэд болно.
1.    Нэг ухаантай нөхөр гарч ирээд тэр цаг үедээ хамгийн үнэмшил бүхий философийг дэлгэрүүлнэ.
2.    Тэр философи нь хорвоогоор нэг улиг болтолоо түгэж дэлгэрсээр, сүүлдээ мухардан гацна.
3.    Тэрс үзэлтэн гарч ирэн урьдын улиг болсон философийг даван гарахуйц шинэ философи бодож олон хувьсгал хийнэ.

Энэ удаа ч бас дээрх загвар давтагдав.
Харьцангуй үзэл нэвчиртэл шингэсэн Грекэд хувьсгал өрдсөн хүн бол, философийн том кадруудын нэг болох Сократ байлаа.

Тэгэхээр Сократыг танилцуулахын өмнө, Харьцангуй үзэл түгэн дэлгэрсэний үр дүнд Грекийн төр хэрхэн гацаанд орсон болохыг дүрслэн үзүүлэе.

Ерөөс Харьцангуй үзэл гээд байгаа нь
-       Абсолют үнэн, үнэмлэхүй зөв гэж юм байх ч учиргүй, байлаа ч мэдэх боломжгүй. Угаасаа л үнэн зөв гэдэг бол, хувь хүн тус бүр өөрийн таалал болон мэдрэмжээрээ дураараа шийддэг эд бөгөөд харьцангуй шинжтэй юм шдээ.

гэсэн яагаад ч нэмэргүй яриа юм.

Өнөөгийн хүмүүс
-       Үнэн л биз дээ? Махан толгойт хүн яаж тэр абсолют үнэн гээчийг мэдэх вээ дээ. Энэнд чинь асуудал болгоод байх юу байна?
хэмээн, Харьцангуй үзэлд талтай хандаж мэдэх л юм.

Гэлээ ч, эртний Грек ч бас л төрт улс юм хойно, ямарваа нэгэн “үнэн зөвөөр” баримжаалж бодлого шийдвэрээ гаргахгүй бол болохгүй. Адаглаад л
-       Одоо аль улс руу довтолж, алж талж, эд хөрөнгий нь булааж боолчлох вэ?
гэхчилэн, шийдэх асуудлууд гарч ирнэ.

Тэгвэл ийм үед юугаар баримжаалж төрийн бодлогыг залах ёстой юм бэ?

Тэр бол мэдээж хэрэг, эцсийн эцэст олонхын байр суурь, олонхийн үнэлэмжийн хэмжүүрийг чигээ болгох нь зүйн хэрэг. Өөрөөр хэлбэл, олонхын ардчилал.
Аргагүй л эрх тэгш тогтолцоо. АРДЧИЛАЛ УРА Ура ура…

Гэтэл эндээс зөрөө гарч ирнэ.
Бодоод үз дээ, олонхын саналаар “олонх нь зөв гэж бодож буй” сонголтоор шийдээд явъя аа гэж байхад, бүгд сэтгэл дотроо
- Гэхдээ л худлаа шдээ. Ямар абсолют үнэн гэж байх биш…
гэж л бодоцгоож байгаа шүү дээ. кк.

Эцсийн эцэст бүгд өөрийн гэсэн үзэл бодол, үнэлэмжийн хэмжүүргүйгээр санал хураалтад оролцож, тэгэс хийж олны уур амьсгал дагуулж байгаал зөв юм шиг санагдсанаа дугуйлж орхих болно.

Чингүүт амны фигуртэй уран илтгэгч, нэг ёсны том дуутай, өөртөө итгэлтэй, ам паналтай нөхрийн санал илүүтэй дэмжигдэж, тиймэрхүү нөхдүүд эрх мэдэлд илүүтэй заларч таарна.

-       Ард түмэн минь! Хайрт эх орныхоо төлөө эр зориг, тэвчээр хатуужилтайгаар заналт дайснуудтай байлдах цаг ирлээ.

-       Ooh, Yeah. Болж байна, болж байна.. (алга тас няс тас ная)

Иймэрхүү байдлаар баян тансаг Грекэд тоглоомын улс төр тогтох нь тэр.

Тэгээд чухам ийм үе дээр нь тэрс үзэлтэн Сократ гарч ирнэ.
Сократ тийн дампуурсан Грекийн эрх дархтануудтай тэрсэлдэх болов.

Түүний арга барил тун өвөрмөц байлаа.
Сократ, дээрхийн адил уран яруу илтгэл тавьж буй улс төрчид дээр “юу ч мэдэхгүй тэнэг хүний дүрээр” явж очин, хэтэрхий гэмээр элементар асуултууд тавина.

-       Уучлаарай, эрхэм ээ. Юу,, сая, та “зөв” гэдэг үг айлдлаа л даа. Наадах чинь яг юу гэсэн үг юм бол?

Тэгэнгүүт нөгөөх нь “Зөв гэдэг бол, бүх хүн аз жаргалтай болох явдал юм шүү дээ” гэдэг ч юм уу, нэг тиймэрхүү юм хариуллаа гэж бодоход, Сократ улам маанаг царайлан
-       Аз жаргал гэнээ? Тэр чинь юу билээ?

-       Аз жаргал гэдэг бол, нэг ёсондоо…, нөгөө юу…

Ингэж явсаар нөгөөх нь хэзээ нэгэн цагт хариулж чадалгүй мухардаж, эсвэл зөрчилтэй зүйл яриад баригдана. Яг тэрийг нь өлгөж аваад Сократ
-       Өө хөөрхий, хариулж мэдэхгүй юм шив дээ. Тэгэхээр та энийг огт мэдэхгүй байх нь ээ?
хэмээн хорыг нь малтаж олон түмний өмнө шившигтэй нь хутгадаг байлаа.

Сократын арга үнэхээр өвөрмөц байлаа. Ерөөсөө л “Би юу ч мэдэхгүй, алив заагаад өг” гэж шалан, өөрөө юу ч хэлэлгүйгээр харилцагчийнхаа алдаан дээр тоглох тул, угаас мэтгэлцээнд ялагдах учир ч байсангүй (Мэтгэлцээнд ялъя гэвэл энэ аргыг хэрэглээд үзээрэй. Гэхдээ хүмүүсийн дургүйг л хүргэх байх, кк).

Ямартай ч ийм байдлаар Сократ өдийг хүртэл мундаг царайлан уран илтгэдэг байсан их мэдэгчидийн “үл мэдэгчид” болохыг нь олны өмнө илчилж гарах болжээ.

Ингэхэд Сократ яах гэж ингэсэн юм бол?
Үнэндээ Сократын ард олонд хандаж хэлэх гэсэн зүйл бол
-       Та нар “Зөв” ч юм уу “Хайр” ч юм уу “Эр зориг” гэхчилэн гайхалтай яриа сонсон алгаа ташин хөөрөлдөж байгаа ч, шулуухан хэлэхэд та нар үнэндээ юу ч ойлгоогүй л байхгүй юу. Тэгээд энэ уран чалчих мэдлэгтэнүүд ч бас үнэндээ юу ч мэддэггүй юм. Тийм бол, ингэж Болор цом шиг хоосон үг урсгалцаж байхын оронд, ерөөс “Зөв гэж юу юм бэ?”, “Хайр гэж юу юм бэ?”, бүгдээр энэ тухай нухацтай тунгаацгаах ёстой юм биш үү? (Мөн чанарын эрэл)

гэсэн санаа бөгөөд
-       Үүний төлөө юун түрүүнд “Би үүнийг мэдэхгүй” гэдгээ үнэнээр нь ухамсарлавал зохино. Бид нар үнэний тухай юу ч мэдэхгүй. Тийм ч учраас “Мэдье” гэж хүсч, мэдэхийн төлөө тэмүүлэх ёстой юм байгаа биз дээ? (Мэдэхгүйгээ мэдэх)

гэсэн яриа байв.

Хоосон амнаас цаашгүй улс төрчид болон их мэдэгчидээс залхаад байсан Грекийн залуучууд Сократын философи болон түүний зоримог үйл хэрэгт автан ховсдуулж, нүд ирмэхийн зуур Сократ залуусын дэмжлэгийг нэгэн биед хураан, их багш гэгдэн алдарших болжээ.

Гэвч Сократад чадуулсан улс төрчид, их мэдэгчид үүнийг зүгээр хараад суусангүй. Мэдээж түүнийг үзэн ядах нь тодорхой. Үр дүнд нь Сократ “залуусыг уруу татсан гэмт хэрэгтэн” хэмээн шүүхэд дуудагдаж, цаазын ял сонсоно.

Тэр үед Сократ цаазын ялаас зугатах боломжтой байсан гэдэг. Яагаад ч юм, цаазын ял гүйцэтгэх хүртэл бүтэн сарын тэнсэн түүнд оноож, хэзээ л бол хэзээ зугатаж болохоор байж. Магадгүй улс төрчдөд түүнийг алсанаас илүүтэй, ум хумгүй зугатан одох нь тэдний нэр хүнд сэргэхэд хэрэгтэй байсан байж болох юм.

Гэсэн ч… Сократ зугатсангүй.

Өөрийн итгэл үнэмшилээ даган, цаазын ялыг хүлээж авахаар шийднэ. Мэдээж, цаазлах хүртэл нь өдөр бүр шавь нар нь ирж зугатахыг ятгаж  байсан нь тодорхой. Гэвч, Сократ сүүлчийн өдөр хүртэл өөрийн итгэл үнэмшилдээ бат зогсож, хор уун өөрийн амийг тасалсан гэдэг.

Тэгэхээр, Сократ бол үнэндээ гүн гүнзгий, хүнд хэцүү философи өгүүлсэн ч биш юм.

Мөн Сократын тухай
-       Утгагүй асуултууд тавьж, хүний дургүй хүргэсэн тэнэг амьтан
гэж үзэх хүмүүс байхад
-       Сократыг дээдлэх явдал бол, амьдрал хийгээд байгалиас илүү философилог үзэл суртлыг өмнөө болгосон хэнхэг нөхрийг дээдэлсэнтэй агаар нэг
хэмээн Сократад бие физиологиороо дургүйцэх хүн ч бий.

Гэсэн ч үгүйдээ л Харьцангуй үзэл нэвчиртэл шингэсэн хотын гудманд цор ганцаар зогсож

     - Үнэхээр бид бүхэн үнэн, мөн чанар, жинхэнэ тэр нэг зүйлийн тухайд юу ч мэдэхгүй байж болно… Гэсэн ч байна шүү. Хий дэмий гэж хэлүүлдэг ч бай, тэнэг гэж шоолуулдаг ч бай, бүтэхгүй боломжгүй байлаа ч хамаагүй, түүнийг мэдэхийг хүсэн байж ядан, байж ядан, байж ядтал бачууран бясалгах чинь л өөрөө Философи юм байгаа биз дээ?!?

гэж орилсон Сократын чин хүсэл тэмүүлэл хойчийн философичидыг манартал доргиосон нь маргашгүй үнэн билээ.

Мөн чанарын эрэл.
Өнөөдрийг хүртэл үе дамжигдан залгаж ирсэн философийн энэхүү хамгийн том асуулт бол чухам Сократаас эхэлсэн нь энэ билээ.


Үргэлжлэл - Платон (МЭӨ 400-д он)


5 comments:

Anonymous said...

энэ мэдээллийг хаанаас авдаг вэ. Ямар ном нтр байна ?

Mongolian hydraulic structures said...

Сайн байна уу. Таны блогт их дуртай шүү. Та математикийн талаар нийтлэл бичиж болох уу. Яагаад гэвэл таны бичлэгийн стил хэн нэгнийг уйдаахааргүй сонирхолтой байдалтай байдаг учир дифференциал тэгшигэл, түүнийг хэрхэн бодохоос авхуулаад оруулж байвал зүгээр юм болов уу гэж бодож байна. монгол хэл дээр мат-ын тухай ховор байдаг.

Unknown said...

Зарим үг хэллэгийг нь харахад япон хэлнээс орчуулжээ гэмээр байдаг. Таныг япон эх сурвалжуудтай ажилладаг гэж ойлгоод байгаа. Гоё блог шүү.

ТОМё БОДё said...

удахгүй ном болгож гаргана аа.

ТОМё БОДё said...

тийм сэдэв ч яаж бичээд ч уйтгартай л байх даа

Post a Comment