2014/06/23

Нойр хулжаам сансар огторгуй - Дөрөв дэхь шөнө


IV. “Газар төвтэй ертөнц”-өөс “Тэнгэр төвтэй ертөнц” рүү


Бурханы оронд ертөнцийн ширээнд заларсан “рациональ шинж”

Энэ үдэш, дундад зуунаас орчин үеийн эхэн хүртэл Европын хүмүүсийн төсөөлж байсан огторгуйн үзлийн талаар ярьж өгье.
“Дундад зуун” гэдэг бол өрнийн түүхэн дэхь 4-р зуунаас 16-р зууны үе хүртлэх хугацааг заасан нэршил юм. Энэ үед Европт Христийн шашин хүмүүсийн аж амьдрал болон бодол сэтгэлгээг эзэмдэж байлаа. Хүмүүс сүмийн сургаальд гарах огторгуйн тухай үзэл, өөрөөр хэлбэл дэлхий нь ертөнцийн төв бөгөөд, бусад бүх тэнгэр эрхэсүүд дэлхийг тойрон эргэлдэж байдаг гэх “газар төвтэй ертөнцийн” үзэлд итгэдэг байсан юм.
Гэсэн ч, 1000 илүү жилийн туршид үргэлжилсэн дундад зууны харанхуй бүдүүлэг үе ч гэлээ, цохигдон нурах цаг гарцаагүй хүрэлцэн ирнэ. Тэр бол Ренессанс буюу Европын сэргэн мандалтын үе юм. Коперник, Галилео, Ньютон нарын суутнууд шашны сургаалийг үгүйсгэж, цоо шинэ шинжлэх ухаанлаг огторгуйн тухай үзлийг дэлгэн үзүүлэх болно.
Тэгвэл тэд нар Есүс Христийг, “бурханыг” ч бас үгүйсгэсэн юм уу? Бурхан гэж энэ ертөнцөд байдаггүй, бурхан ертөнцийг бүтээгээгүй гэж тэд үзсэн хэрэг үү?
Үнэндээ бол тийм байгаагүй юм. Коперник ч, Галилео ч, Ньютон ч бас, бүгдээр бурханы оршихуйд итгэж байсан. Бүхнийг мэдэгч, бүхнийг чадагч агуу дээд бурхан ертөнцийг бүтээж, сансар огторгуйг удирдан захирч байгаад туйлаас итгэдэг байсан юм.
Гэсэн ч хэдий тийм байлаа гээд, тэдний нээн илрүүлсэн ертөнцийн талаарх жинхэнэ үнэн нь ертөнцийн хаан ширээнээс бурханыг түлхэн унагаж орхижээ.
Тэгвэл, бурхан үгүй болсоны дараа тэрхүү ертөнцийн хаан ширээнд суусан нь хэн байсан бол?
Тэр бол, дахин хэлэхэд хүний мөн чанар болох “Рациональ шинж” байсан юм.
Эртний Грекийн газар нутгаас төрсөн рациональ огторгуйн үзэл, дундад зууны туршид хэсэг зуур булагдан балартсан ч, 1000 илүү жилийн хугацааг элээсний эцэст гайхалтайгаар дахин сэргэн мандсан нь тэр байсан юм. Тэгээд түүнээс хойш бидний хүн төрөлхитөн рациональ сэтгэлгээ гэх хамгийн хүчирхэг зэвсэг агсан, огторгуйн үнэн төрхийг эрчит хуйн хурдаар илрүүлэн нээсээр одсон билээ.

Христийн шашны үүсэл ба хөгжил

Бүх дэлхийгээр хамгийн олон буюу 2 тэрбум дагалдагчтай Христийн шашин бол, өнөөгийн Израйльд төрсөн Есүсийг аврагч эзэн хэмээн итгэж, түүний сургаал номыг дагадаг шашин юм. Есүс өсч бойжсон Израйлийн Назар хот нь тухайн үедээ Ромын эзэнт гүрний зах хязгаар нутаг байв.
Тухайн үед Жүүдийн шашинтан байсан Есүс нь явсаар Жүүдийн шашныг шүүмжлэх болов. Тухайн үеийн Жүүдийн шашинд “Сургаалийг (Жүүдийн номлол) л мөрдөөд байвал аврагдана”, эсвэл “Сургаальд хориогүй л бол юуг ч хийж болно” гэх маягийн хандлага газар авсан байж. Хууль зөрчөөгүй л бол, аар шаар заль гаргаад мөнгө олоход болохгүй юмгүй гэх, өнөөгийн бидний үзэлтэй төстэй гэх үү дээ.
Үүний өөдөөс Есүс хүний дотоод сэтгэлийн нүгэл, өөрөөр хэлбэл төрөлхийн нүглийг асуудал болгов. Тэгээд бурханд хандах хайр болон дэргэдэх хүндээ хандах хайрын тухай сургаж, аврагч эзний шүүлт ирэх цаг ойртож буйг зөгнөн, Жүүдийн шашныг буруушаасан байна. Үр дүнд нь Есүс жүүдийн шашинтануудад адлагдан, загалмайд цовдлогдох цаазын ял сонсоно. Энэ бол МЭ 30-аад оны үед болсон явдал гэгддэг.
Тэгтэл гэнэт, Есүс цаазлагдсанаасаа хойш 3 хоногийн дараа дахин амилжээ гэх цуу яриа тархав. Тэндээс “Есүс өөрийн үхлээр хүмүүс бидний нүглийг ариусган цайруулжээ” гэх тайлбар төрөн гарч, Есүс бол аврагч эзэн Христ мөн хэмээгдэн ойлгогдох болсон байна. Хойд насны авралыг амлагч Христийн шашин нь энэ насны амьдралдаа цөхөрсөн дорд ядуус хийгээд боолчуудын дунд хурдтай тархан, цаашлаад дээд язгууртнуудын дунд хүртэл дэлгэрч одов.
Гэвч тухайн үеийн Ромын эзэнт гүрэнд төрийн шашныг чандлан мөрдөх тул, төрийн шашинд тэрсэлсэн Христийн сүсэгтэнүүдийг хэрцгийгээр залхаан цээрлүүлж, үй олон хүн хэлмэгдэж байлаа. Гэсэн хэдий ч Христэд итгэгчид эзэнт гүрний дотор тууштай нэмэгдэж ирэхэд, эзэн хаан ч шинэ шашны сүр нөлөөг үл тоох аргагүйд хүрч, эцэст нь 313 онд эзэн хаан Христ шүтэх хоригийг цуцалж, цаашлаад 392 онд тийнхүү Ромын эзэнт гүрний төрийн шашин болон зарлагджээ.

“Хоосноос бүтсэн ертөнцийг” дуулагч Августин

Төрийн шашин болсоныхоо дараа ч, Христийн шашин нь бусад шашин болон өөрийн дотоод урсгалуудтайгаа тэмцэлдсээр ялалт байгуулан, шашны ягшмал номлол болон тогтов. Ийм цаг үеэр гарч ирсэн нь, Христийн шашны хамгийн том эцэг ламтан гэгдэх Августин юм. Эцэг ламтан гэдэг бол эртний Христийн шашин дахь онолын удирдагч, шашны номлогчыг хэлдэг.
Августины бичсэн “Наминчлал” (Confessions) нь дэлхийн хамгийн анхны хувь хүний намтар бичиг гэгддэг. Өөрийн туулсан бүх амьдралынхаа тэн хагасыг өгүүлж, залуу насандаа олон эмстэй холбогдож, садар өдрүүдийг элээж явсан тухайгаа улаан цагаангүй илчилж бичсэн туйлын анхаарал татам ном бий.
Гэхдээ Августины хэлэх гэсэн хамгийн чухал хэсэг бол “Наминчлал”-ын сүүлийн хэсэгт бичигдсэн, Библи дэхь “ертөнц бүтсэн тухай” бүлгийн талаарх тайлбар байсан юм. Тэнд Августин, бурхан юу ч байхгүй хоосноос ертөнцийг бүтээн босгосон гэх “Хоосноос бүтсэн ертөнцийн” тайлбарыг дэлгэн харуулсан байдаг. Энэ бол төдийг хүртэл хэн ч төсөөлөөгүй, цоо шинэ санаа байсан юм.
Өмнөх бүлэгт ярьсанчлан, эртний Грекийн байгалийн философичид анхдагч “Архэ”-гийн тухай бясалгахаас эхэлсэн. Энэ ертөнц бол “анхдагч ямар нэгэн зүйлээс” эхэлсэн бөгөөд, хамгийн анх юу ч байхгүйсэн бол, тэндээс юу ч бий болохгүй байсан гэх нь хүмүүсийн нийтлэг ойлголт байсан юм.
Гэтэл Августин “Хов хоосон, юу ч үгүйгээс ертөнцийг бүтээсэн явдал нь, бурханы хүч чадлын илэрхийлэл мөн” хэмээн нотолсон байна. Үнэхээр ч юу ч үгүй ор хоосноос “юм” бий болгох нь, бурханаас өөр хэн ч үл чадах илбэ биз. Августин нь огторгуйг хоосноос бий болсон гэж тайлбарласанаар бурханы сүр жавхланг магтан дуулахыг зорьсон нь тэр байв. Мөн Августин нь бурхан огторгуйтай буюу “орон зайтай” хамт “цаг хугацааг” бий болгосон бөгөөд, огторгуй ертөнц үүсэхээс өмнө цаг хугацаа гэж байгаагүй хэмээн тэмдэглэсэн байдаг.
Цаашлаад Августин нь Грекийн байгалийн философи руу давшилна. Байгалийн философид байгалийн мөн чанар болон ертөнцийн бүтэц, зүй тогтлын талаарх бясалгал өрнөдөг боловч, тэр бол төдийлөн чухал явдал бус, хамгийн чухал нь тэрхүү байгаль хийгээд огторгуйг бүтээсэн нь ариун дээд бурхан болохыг мартаж болохгүй, гэдгийг онцолжээ.
“Энэ ертөнц хоосноос бүтсэн”, “ертөнц үүсэхээс өмнө цаг хугацаа байгаагүй” гэх Августины хачирхам өчил нь, үнэн хэрэгтээ өнөөгийн хамгийн орчин үеийн сансрын онолоор дэмжигдэж байдаг. Бурханы сүр хүчийг илтгэн, Грекийн байгалийн философийг дорд үзсэн Августины үзэл, Грекийн рациональ огторгуйн үзлийн залгамж халаа болох орчин үеийн сансрын онолтой дүйцэж байгаа нь үнэхээрийн гайхал төрүүлэх билээ.




Исламын эзэнт гүрнээр дамжигдсан Грекийн эрдэм мэдлэг

Христийн шашин төрийн шашин болсоны ердөө 3 жилийн дараа, Ромын эзэнт гүрэн нь баруун зүүн болон задран унажээ. Баруун Ромын эзэнт гүрэн нь умрын Герман үндэстэнүүдийн халдлагад өртөн үймэж, 476 онд мөхөв. Түүнээс хойш ч үргэлжилсэн дайн самууны дундаас баруун Европчуудын удирдагчийн сууринд хүрсэн нь Ромын сүм болов. Түүний хамгийн дээд удирдагч болох Ромын хамба ламтанг Ромын Пап гэж нэрийдэх болов.
Дайн самууны улмаас, мөн эрдэм мэдлэгээс илүү сүсэг бишрэлийг чухалчлах Христийн шашны дэлгэрэлтийн улмаас, Грекээс хойш өвлөгдөн ирсэн рациональ сэтгэлгээний уламжлал тасарчээ. Огторгуйн бүтэц болон оршин тогтнолын тухай бодох хүн ч үгүй болж, Европ нь дундад зууны харанхуй үедээ шигдэн орох нь тэр. Нөгөөтэйгүүр, зүүн Ромын эзэнт гүрэн (Византын эзэнт гүрэн) хөгжил цэцэглэлтээ хадгалж үлдсэн боловч, Грекийн эрдэм мэдлэгийг ахиулан хөгжүүлэх явдал байсангүй.
Энэ чигээрээ явбал, Грекийн эрдэм мэдлэг түүхийн гүн харанхуйд үүрд шингэн мартагдах байсан биз. Тэгтэл, 7-р зууны үед Арабын ертөнцөөс гэнэтхэн гарч ирсэн шинэ шашин энэхүү гунигт ирээдүйг эргүүлж чадсан юм.
Меккагийн худалдаачин Мохаммед нь цорын ганц бурхан Аллахын илчлэлийг хүлээж, түүний зөгнөгч гэгдэн Исламын шашныг үндэслэн байгуулсан нь 610 оны үеийн явдал гэдэг.
Мохаммед ба түүний дагалдагчидын байгуулсан “Исламын холбоо” (Исламын төр) нүд ирмэхийн зуур Арабын хойгийг бүхэлд нь эрхшээв. Мохаммедыг өөд болсоны хойно ч нөлөөний бүс нь тэлэн томорч, ердөө 100хан жилийн дотор өрнө тийш Испаний Иберийн хойгоос дорно тийш Энэтхэгийн баруун хойд хэсэг хүртлэх өргөн уудам Исламын эзэнт гүрэн төрөн гарлаа.
Исламын шашин нь нэг бурхантай шашин хэдий ч Христийн шашнаас ялгаатай нь, бусан шашинд нээлттэй хандсан явдал байв. Есүсийг Мохаммедийн өмнө гарч ирсэн зөгнөгч хэмээн үзэж, Христийн шашныг ч бас үгүйсгэсэнгүй. Ийм уян хатан шинжийг агуулах Исламын шашин нь зүүн Ромын эзэнт гүрнээр дамжин орж ирсэн эртний Грекийн эрдэм номыг ч сонирхон шимтэх болов. Грекийн олон ном зохиолыг араб хэлрүү орчуулж, тэдний мэдлэгийг идэвхитэйгээр өөртөө шингээж байлаа.
Исламчууд эртний Грек болон Ромын одон орны судалгааны үр дүнг онцгойлон анхаарчээ. Птолемейн бичсэн номыг орчуулж, түүндээ “Альмагест” (Хамгийн оргил судар бичиг) гэж нэр өгсөн нь ч тэдгээр Исламчууд байсан юм. Мөн Багдад зэрэг газар орон бүрт одон орон судлах төвүүд баригдаж, өндөр нарийвчлалтай одон орны ажиглалт судалгаанууд явагдав. Христийн шашны ертөнцөд хориглогдсон одон зурхайн урлаг Исламын ертөнцөд нээлттэй байсан явдал ч бас Исламчуудын одон орныг тухайлан сонирхох болсон том шалтгааны нэг болсон бололтой байдаг.

12-р зуунд “буцаж импортлогдсон” эртний Грекийн өв

Исламын ертөнцөд дамжигдан өвлөгдсөн эртний Грекийн эрдэм мэдлэгүүд дахин Европдоо буцаж очсон нь 12-р зуун гарч байж сая биелэв. Үүнийг 12-р зууны Ренессанс (сэргэн мандалт) гэдэг. Ренессанс гэхээр 14 – 16-р зуунаар Италиар төвөө хийн өрнөсөн, Грек ба Ромын сонгодог соёлыг дахин сэргээх гэсэн хөдөлгөөнийг төсөөлөх хүн олон байж болох юм. Гэвч түүнээс урьтаад эртний Грекийн чухал соёлын өвүүд хэдийнэ Европт орж ирсэн байсан нь тогтоогдсон байдаг. Тэр бол 12-р зууны Ренессанс байсан юм.
Түүний шалтгаан болсон нь, Реконкиста болон Загалмайтны аян дайнаар Исламын соёл Европт танигдсан явдал байв. Реконкиста гэдэг нь, Исламын шашинтанууд ноёрхсон Иберийн хойгийг (өнөөгийн Испани) Христийн шашинтанууд буцаан өөрийн болгох гэсэн газар нутгаа чөлөөлөх хөдөлгөөн юм. Нөгөөтэйгүүр, загалмайтны аян дайн нь ариун газар Иерүсалим хотыг Исламын шашинтануудаас булаан авах зорилгоор Европын олон орны тайж язгууртан хийгээд баатар жанжидын явуулсан 8 удаангийн аян дайн юм.
Энэ бүхний нөлөөгөөр Исламын ертөнцөд дэлгэрээд байсан эртний Грек Ромын эрдэм мэдлэгүүд Европдоо “буцаж импортлогджээ”. Тэгээд тийнхүү Европчууд 1000 жилийн тэртээ амьдарч байсан өвөг дээдсийнхээ гайхамшигт мэдлэг оюуныг бишрэн гайхсан нь тэр болов. Ингээд Аристотелийн философийн судрууд болон Птолемейн одон орны судрууд ээлж дараалан араб хэлнээс латин хэл рүү хөрвүүлэгдэж гарчээ.
12-р зууны Ренессансын үр дүнд Европын газар бүхэнд их сургуулиуд байгуулагдав. Гэхдээ их сургууль гээд орчин үеийн их сургуулиудтай адилгүй, хот суурин болгонд бий болсон хувийн гэр сургууль төдий зүйл байж. Тэнд эртний Грекийн философи болон байгалийн ухааныг заана. Тэгтэл Аристотель болон Птолемейн дэлгэн үзүүлэх огторгуйн үзэл нь ариун Библид нь бичигдсэн огторгуй ертөнцөөс өөр байсан нь асуудал болж ирэв.
Жишээлбэл өмнөх бүлэгт ярьсанчлан, Аристотель нь огторгуйг хязгааргүй өнгөрсөнөөс хязгааргүй ирээдүй хүртэл үргэлжилдэг гэж үзсэн байж. Гэтэл Библид болохоор, бурхан ертөнцийг бүтээсэн, өөрөөр хэлбэл ертөнц тодорхой нэг цаг хугацаанаас эхэлсэн гэж бичсэн байдаг. Иймэрхүү зөрчилүүдийг хэрхэн цэгцлэвэл зохилтой талаар, хүмүүс толгойгоо гашилгаж гарчээ.

“Ертөнцийн эхлэл бол итгэх ёстой зүйл” гэж сургасан Аквин

Эндээс гарч ирсэн нь, дундад зууны хамгийн том шашны номлогч гэгдэх Аквин юм. Аквины зорьсон нь, Аристотелийн огторгуйн үзлийг ямар ч зөрчилгүйгээр Библийн огторгуйн үзэлд шигтгэж өгөх явдал байв.
Зарим шашны номлогчид, Аристотелийн огторгуйн үзэл болон Библийн огторгуйн үзэл нь тус бүртээ үнэн зүйл болов уу гэж сэтгэцгээж байв. Үүнийг “давхар үнэний үзэл” гэдэг. Бага зэрэг хүндрүүлж хэлбэл, “ухамсараар хүрэх үнэн” болон “итгэлээр хүрэх үнэн” гэж хоёр тусад нь хувааж авч үзье гэсэн санаа юм. Хүний тархиар оюунлагаар сэтгэж хүрэх үнэн гэж байдаг бол, бурханы гаргаж ирсэн үнэн гэж бас байдаг бөгөөд, энэ хоёр нь хоорондоо зөрчилдөж байсан ч хамаагүй гэх байр суурийг баримтлана.
Харин Аквиныхаар бол юутай ч бурхан ертөнцийг бүтээсэн хийгээд, ертөнцөд эхлэл байсан явдал нь цор ганц хөдлөшгүй үнэн байв. Гэсэн хэрнээ Аквин нь Аристотелийг буруу ч гэж хэлсэнгүй. “Ертөнцөд эхлэл байсан гэдэг бол итгэх ёстой зүйл бөгөөд, нотлох ёстой зүйл биш юм” гэж тэр үзжээ. Хүний оюун ухаанд давж үл чадах хязгаар гэж байх агаад, ертөнцийн эхлэлийн тухай асуудал бол тэр хязгаарыг давсан асуудал учир, үүний талаар хичнээн мэтгэлцээд үр дүнд хүрэх боломжгүй, тиймээс зүгээр л ариун Библид харанхуй итгэх учиртай юм гэнэ.
Итгэл ба ухамсарын хоорондох асуудал нь магадгүй зарим хүнд ойлгоход бэрх байж болох юм. Гэвч, жишээлбэл “бурхан гэж байдаг уу?” гэх асуудлыг шинжлэх ухаанчаар “байдаг” эсвэл “байдаггүй” гэж нотлох нь маш хэцүү зүйл болохыг ойлгох болов уу гэж найдна. Бурхан гэж байдаг байдаггүй гэх нь шинжлэх ухаанаар авч үзэх асуудал биш, энэ бол итгэл үнэмшилийн асуудал юм. Огторгуй ертөнцийн эхлэлийн хувьд ч үүнтэй адилаар, оюун ухаанаар нотлох боломжгүй асуудал гэж үзсэн нь Аквины санаа байсан юм.
Харин өнөөгийн сансар судлал бол өөр өө. Бид бүхэн шинжлэх ухаанчаар огторгуйн эхлэлийн тухай судалж, “Огторгуйд эхлэл байсан”, “Үгүй, байгаагүй” гэхчилэн мэтгэлцэн хэлэлцэх боломжтой гэж үздэг төдийгүй, яг одоо ч тийм мэтгэлцээн өрнөсөөр бий. Энэ тухай яриаг дараагийн бүлгүүдээс таалан сонирхоорой.

Тэнгэрийн бөмбөлөгийг эргүүлдэг нь сахиусан тэнгэр

Ингээд огторгуйн эхлэлийн асуудлын тухайд гэвэл, Аквин нь Библийг дэмжжээ. Харин огторгуйн бүтцийн тухайд гэвэл, Аристотелийн тэмдэглэж үлдээсэн сонгино хэлбэрт огторгуйн моделийг хүлээн зөвшөөрөв.
Аквиныхаар бол огторгуйн төвд шороо болон уснаас бүтэх дэлхий оршиж, түүнийг тойроод агаар болон галын давхрага байдаг гэнэ. Энэ бол Аристотелийн 4 язгуур махбодын онолыг өөриймшүүлсэн санаа юм. Тэгээд түүний гадна талаар одод гаригсыг тээх тэнгэрийн бөмбөлөгүүд байдаг боловч, тэдний тоо нь гэвэл нар, сар, 5 гариг, тэгээд одод гэсэн 8 давхрагатай гэж үзэв. Аристотель 56 давхрага бүхий тэнгэрийн бөмбөлөгөөс тогтох огторгуйн моделийг бий болгосон бол, Аквин нь “Бурханы бүтээсэн огторгуй ертөнц бол маш энгийн хийгээд гоо үзэсгэлэнтэй зүйл байх учиртай” гэж сэтгэсэн байна.
Гэтэл ингэж үзэх юм бол өнөөх сөрөх хөдөлгөөн зэрэг, гаригсын бодит хөдөлгөөнийг зөв тайлбарлаж чадахгүйд хүрнэ. Тэгтэл Аквин нь гаригсын нарийн хөдөлгөөнүүдийг сахиусан тэнгэр зохьцуулж байдаг гэж тайлбарлаж. Аристотель хамгийн гадна талын тэнгэрийн бөмбөлөг болох одны тэнгэрийг эргүүлж байдаг “үл хөдлөх хөдөлгөгч” гэх оршихуйг төсөөлж байсан. Аквиныхаар бол тэрхүү үл хөдлөх хөдөлгөгч л чухам мөнөөх сахиусан тэнгэр (angel) юм гэжээ.
Бурхан болон сахиусан тэнгэр нь одны тэнгэрээс ахиад цааш орших хамгийн дээд тэнгэрт заларч байдаг. Тэгээд бурханы илч болох сахиусан тэнгэрүүд огторгуйг бүхэлд нь зогсоо чөлөөгүй хөдөлгөн эргүүлж байдаг юм байх. Аквины хувьд огторгуйн бүтэц зарчимыг нээн ойлгох явдал бол бурханы сүр жавхланг тодотгох учиртай зүйл байсан юм. Тэгээд Аристотелийн философи болон байгалийн шинжлэх ухаан зэрэг нь бурханы яруу алдрыг батлан илэрхийлэх багаж зэвсэг юм хэмээн тодорхойлов. Үүнийг “Философи (эсвэл шинжлэх ухаан) бол шашны ухааны шивэгчин юм” гэж хэлдэг. Тэгэхээр Аквины хувьд хамгийн чухал нь бурхан болон шашны ухаан бөгөөд, Грекийн эрдэм мэдлэг зэрэг бол түүнд бараа болохуйц ердийн нэг шивэгчин төдий зүйл байжээ.

Гэвч, бурханыг хамгаалахын тулд Аквин нь Грекийн эрдэм мэдлэг гэх шивэгчинг авч ашиглахгүй бол болохгүй байсан биз. Яагаад гэвэл энэ шивэгчин бол үргэлж шивэгчинээрээ байгаад байхаар зүйл нэгэнт биш байсан юм. Сүсэг бишрэлтэй яагаад ч үл авцалдах “рациональ шинж” дээр бүрэлдэн бий болсон Грекийн эрдэм мэдлэг нь мөдхөн бурханы мутраас бие дааж, өөрийн залгамж халаа болох орчин үеийн шинжлэх ухааныг төрүүлэх болно. Үүний улмаар гол дүр байх учиртай бурханыг хаан ширээнээс нь түлхэн унагаж, түүний оронд рациональ шинжээр сууриа хийсэн орчин үеийн шинжлэх ухаан орыг нь залгах жамтай байсан юм.





Цэцгийн хот Флоренцээс төрсөн Ренессанс

Аквины амьдарч байсан 13-р зуун дуусч 14-р зуун эхлэхэд, тийнхүү Итали нутагт Ренессансын үе (сэргэн мандалтын үе) цоморлигоо нээв.
Ренессанс гэдэг бол “дахин төрөх” гэсэн утгатай үг юм. Соёл болон урлагийн манлайлагчид 1000 илүү жилийн турш булагдан мартагдсан эртний Грек Ромын сонгодог соёлыг ухан уудалж, дахин төрүүлсэн нь тэр байв. Түүний үр дүнд дундад зууны Европыг бүрхээд байсан Христийн шашин төвтэй үзэл санаанд өөрчлөлт орж эхэллээ. Хүний хувь шинж болон рациональ шинж дээдлэгдэж, энэ насны хүсэл тэмүүлэл эерэгээр хүлээн зөвшөөрөгдөх болж, явсаар хүн төвтэй орчин үеийн нийгэм бүрэлдэх замдаа оров.
Ренессанс анх өрнөсөн газар гэвэл “цэцгийн хот” хэмээн дуулагддаг Италийн хойд нутгийн хот Флоренц юм. Ноосон эдлэл үйлдвэрлэл болон худалдаа арилжаа дэлгэрч, шинийг эрэлхийлэх эрч хүчээр бялхах хүмүүс нөр их ажил хөдөлмөрийг өрнүүлэн цэцэглэж байлаа. Түүн дотор банкны бизнес эрхлэн үлэмж баялагийг босгосон Медичийн гэр бүлийнхэн улс төрийн эрх мэдлийг атган Флоренцийг захирч, хожим Медичийн гэр бүл дотроос Ромын папыг гаргаж ирэх хүртэл байр сууринд хүрчээ.
Медичийн гэр бүлээр толгойлуулсан баян чинээлэг Флоренцийн иргэд багтаж ядсан хөрөнгөө урлагийг тэтгэн хамгаалахад зарцуулах болов. Флоренцийн мэдлэгтэнүүдийн дунд эртний Грекийн соёл урлаг үнэлэгдэн дээдлэгддэг байсан нь нэгэнт тогтоогдоод байгаа бөгөөд, өндөр хэргэм зэрэг бүхий хүмүүс урлагийг хамгаалан дэмжихийг өөрийн ариун үүргийн нэг хэмээн үздэг байжээ. Төдийг хүртэл сүм хийдээс захиалга авах төдийхөн ажил хийдэг байсан урлагийнхан, чинээлэг ард түмэн гэх шинэ спонсортой болсоноор шашны сэдвээр хязгаарлагдахгүй чөлөөт сэтгэлгээгээр бүтээл туурвих болов. Чухам эндээс Боттичелли, да Винчи, Микеланжело, Рафаэль зэрэг урлагийн суут гигантууд төрөн гарсан юм. Мөн Медичийнхэн мэдлэгийн салбарыг тэтгэн дэмжихэд ч сэтгэл гаргаж, эрдэмт мэргэдийг цуглуулан эртний Грекийн сонгодогуудаас суралцаж, “хайр” гэх зэрэг сэдвийг тойруулан чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлдэг байсан гэдэг.
Ийм дүр зургийг агуулах Флоренц нь эртний Грекийн полистой тун төстэй харагддаг. Милет болон Афин ч мөн л худалдаа арилжааг даган хөгжсөн. Тэгээд баялагийг хураасан чинээлэг ард түмэн улс төр хийгээд урлаг соёлын түүчээ болж, үлгэр домогт найдалгүй өөрсдийн толгойгоор аливааг тунгааж ойлгохыг хичээж байсан. Түүний адилаар Флоренцэд ч шашны номлодог байгаль ертөнцийн үзэлд авталгүй, хүний дотоод мэдрэмж болон рациональ шинжийг чухалчилах үзэл санааг дээдлэн залсан юм. Эртний Гректэй ижилхэн нөхцөл байдал үүссэн учраас л эртний Грекийн соёл “дахин төрж” чаджээ.
Цаашлаад 15-р зууны сүүлийн хагас гэхэд Германд бий болсон хэвлэх технологи Европ даяар түгнэ. Хэвлэх технологи Ренессансын дэлгэрэлтэд жинтэй ташуур болсоныг хэлэх ч хэрэггүй биз. Мөн Колумбын шинэ тивийн нээлт (Америк) зэргээр “бөмбөрцөг дэлхийн үзэл” батлагдсан нь ч энэ үетэй давхцана.
Ингээд 16-р зуун гарахад одон орон судлалд ч Ренессансын давалгаа түрэн орж ирэх нь тэр. 1000 илүү жил итгэгдэж ирсэн газар төвт ертөнцийн үзэл сэжиг төрүүлэх болж, нэгэн цагт дурьдагдаад өнгөрсөн тэнгэр төвт ертөнцийн үзэл дахин сэргэж ирнэ ээ.

“Тэнгэр төвт ертөнцийн үзлийг” дахин нээсэн Коперник

Коперник нь Польшийн хойд хэсгийн Торунь гэдэг хотод баян худалдаачны хүү болон төржээ. 10 настайд нь эцэг нь нас барж, удалгүй эх нь ч бас бурхан болсон тул, Коперник хамба лам нагац ахынхаа гар дээр өсөж торнив. Их сургуульд шашны ухаанд суралцаж, Италид очин хууль болон анагаахаар суралцсан байна. Эх орондоо буцаж ирсэнийхээ дараа сүмийн ажилтан хийнгээ эмч болон ажиллаж, цэх шулуун, үнэнч шударга зангаараа хүмүүст хүндлэгдэн амьдарсан гэдэг.
Коперник одон орон сонирхож эхэлсэн нь, Ренессанс оргилдоо хүрээд байсан Италид суралцаж байх үеийн явдал гэгддэг. Их сургуульд Аристотель болон Птолемейн одон орны талаар заалгаж байсан боловч, Коперник түүнд нэг л идээшиж өгсөнгүй. Тухайлбал, эрхэс гаригийн хөдөлгөөний тухай Птолемейн Альмагестийг сурах бичиг болгон ашигладаг байж. Гэтэл гаригууд нь бяцхан эпицикл тойргоор эргэж, тэр эпицикл тойргийн төв нь том деферент тойргоор эргэдэг гэх Птолемейн огторгуйн модел нь арай л дэндүү төвөгтэй санагджээ.
-         Бурхан үнэхээр ийм ярвигтай толгой эргүүлэм огторгуй бүтээлээ гэж үү?
Ийн бодсон Коперник эртний Грекийн өөр бусад одон орончидын үлдээсэн бүтээлүүдийг лавшруулан судалж, өмнөх бүлэгт танилцуулсан Аристархийн “Тэнгэр төвт ертөнцийн үзэлтэй” учирна. Энэ үзлээр асуудалд хандвал эпицикл болон деферент тойрог гэх зэрэг төвөгтэй моделийн хэрэг огт шаардлагагүй болно. “Огторгуйн төвд нар байж, дэлхий болон бусад гаригууд нарыг тойрон эргэж байдаг” гэж төсөөлөх төдийд, гаригсын сөрөх хөдөлгөөний үзэгдэл, тодролт бүдгэрэлт, бүгд хялбархан тайлбарлах боломжтой болно. Эндээс, энэхүү хялбархан бөгөөд ойлгомжтой ертөнцийн дур зураг л бурханы бүтээсэн тэрхүү гайхамшигтай үзэсгэлэнт огторгуйн жинхэнэ төрх биш гэж үү гэх бодол төрөн гарчээ.
Мөн Коперник нь гэрэлтэн гялтганаж 4 зүгийг гийгүүлэгч нарыг хамгийн дээд оршихуй гэж үзэв. Тиймээс нар бол огторгуйн төвд орших хааны сэнтийд сандайлж, тойрон хүрээлэх дэлхий зэрэг гаригсыг өөрийн дагалдагч мэт захиран буй дүр зургийг илүүтэй бодит байдалд нийцнэ хэмээн сэтгэж.
Нэг ёсондоо Коперник нь “тэнгэр төвт ертөнцийн үзлийг” өөрөө шинээр бодож олсон бус, Аристархын үлдээсэн өвийг “дахин нээсэн” хэрэг байх нь. Түүнээс гадна Коперник нь бурханд тэрсэлдэх гэсэндээ “тэнгэр төвт ертөнцийн үзлийг” сэдсэн ч биш юм. Харин ч бурханд итгэж, огторгуйг “агуу дээд бүтээгчийн гайхамшигт бүтээл” гэж чин сэтгэлээсээ итгэж байсан юм. Тийм ч учраас “бүтээгч бурханы байгуулсан үзэсгэлэнт огторгуйн дүр төрхөд тохирох нь, газар төвт ертөнцөөс илүү тэнгэр төвт ертөнц байх учиртай” гэж бат итгэсэн гэдэг. 




Оршил нь зөвшөөрөлгүй засагдсан Коперникийн бүтээл

Гэвч, тэнгэр төвт ертөнцийн үзлийг түс тас зарлаж орхивол, сүмийн мяндагтануудын таалах огторгуйн үзлийг нь үгүйсгэсэн явдал болно. Коперник өөрөө сүмд алба хашиж байсан болохоор өөрийн санаандаа тун нухацтай хандаж байлаа.
Коперник 1530 оны үед нар төвт огторгуйн моделийг тайлбарлах “Тэнгэрийн эрхэсийн хөдөлгөөний тухай” гэх бүтээл бичиж дуусгав. Гэвч үүнийгээ хэвлэн нийтлэлгүй, ердөө ойр дотны хэсэгхэн хүмүүст гар дамжуулан сонирхуулсан бололтой. Гэтэл Коперникийн бүтээлийн хуулбар далдуурхан одон орончид болон сүмийн мяндагтануудын хараанд өртөж, гайхалтай нь багагүй дэмжлэг авсан гэдэг. Тухайн үеийн Ромын пап хүртэл түүний бүтээлийг үнэлж, Коперникт түүнийгээ хэвлүүлэхийг зөвлөсөн тухай захиа хүртэл илгээсэн гэгддэг.
Гэвч нөгөөтэйгүүр, Коперникийг эсэргүйцэн шүүмжлэх хүмүүс ч байлаа. Тэдний манлайд “шашны шинэчлэгчидийн” гол удирдагч болох Германы Лютер байв. Шашны номлогч байсан Лютер нь, Ромын сүмээс эрхэлдэг байсан “өршөөлийн пайз” (indulgence) гээчийн худалдааг буруушаан, улмаар Ромын сүмээс хөөн зайлуулагдана. Өршөөлийн пайз гэдэг нь, түүнийг худалдаж авсанаар нүгэл нь өршөөгддөг гэх сахиус маягийн зүйл бөгөөд, тухайн үеийн Ромын сүмийн хувьд томоохон орлогын эх үүсвэр болдог байсан бололтой. Гэвч Лютер нь, өршөөлийн пайз худалдаж авсанаар хүн өршөөгдөнө гэж байхгүй, өршөөлийн пайз зарах Ромын сүмд ч тэгэх эрх чадал байхгүй, цорын ганц итгэлийн эх ундрага бол ариун Библи юм хэмээн мэдэгдсэн байна. Лютерийн үзлийг дэмжин таашаах хүмүүсийн байгуулсан шашны шинэ урсгал нь “Протестант” юм. Түүнээс хойш Протестантууд болон Ромын сүмийн талын Католикчуудын хооронд ширүүн тэмцэл өрнөж, Европын газар орон бүрт “шашны дайн” дэгдэх болжээ.
Лютерийн хувьд ариун Библид бичигдсэн зүйлс л абсолют хөдлөшгүй үнэн байлаа. Хуучин гэрээний “Жошуагийн тэмдэглэлд”, зөгнөгч Жошуагийн “Нар минь, зогс” гэж тушаасанаар өдрийг уртасган дайнд ялалт байгуулдаг тухай бичсэн байдаг. Жошуагийн “зогс” гэж тушаасан тэр зүйл, өөрөөр хэлбэл ердийн үед хөдөлж байдаг нь дэлхий биш нар болохыг ариун Библид хоёргүй утгаар бичсэн байна бус уу гэх нь Лютерийн үндэслэл байв. Лютер нь Коперникийг “Библийг үгүйсгэж, тэнгэр газрыг хөмрүүлэхийг завдсан мунхаг этгээд” хэмээн зэмлэсэн гэдэг.
1543 онд Коперник нөгөө ертөнцөд одохын өмнөхөн “Тэнгэрийн эрхэсүүдийн хөдөлгөөний тухай” бүтээлийнхээ эх хувийг найз санваартандаа дамжуулж, ном болгон хэвлүүлж өгөхийг гуйна. Гэтэл тэр санваартан нь Лютер нарын дайралтаас болгоомжилж, зөвшөөрөлгүйгээр оршил үг нэмж бичээд хэвлүүлж орхив. Тэрхүү оршил нь “Энэ номд танилцуулах тэнгэр төвт ертөнцийн үзэл бол, ердөө л гаригсын хөдөлгөөнийг хялбархан тайлбарлах зорилготой математик аргачилал төдий зүйл юм” гэх утгатай байв. Ингээд ном хэвлэлтэнд гарсаны хэдэн 7 хоногийн дараа Коперник насан эцэслэсэн гэдэг.

Энгийн нүдээр эрхэсийг ажиглагч суут Брахе

Коперникийн “Тэнгэрийн эрхэсийн хөдөлгөөний тухай” бүтээл нь тухайн үеийн шинэ технологи болох хэвлэх машины хөгжилийн ачаар олон хүний хараанд өртөн тархана. Гэвч тухайн үедээ сүмийн зүтгэлтэнүүд төдийгүй одон орончидын дунд ч тэнгэр төвт ертөнцийн үзлийг дэмжигсэд төдийлөн олон байсангүй. Тухайлбал, тэр үеийн хамгийн мундаг одон оронч гэгдэн өргөмжлөгдсөн Брахе, өндөр нарийвчлалтай одон орны ажиглалт судалгаа хийгээд, дэлхий хөдөлж байгаа гэх нотолгоо хаана ч алга гэсэн дүгнэлтэнд хүрсэн байдаг.
Данийн язгууртан Брахе нь их сургуульд хуулиар суралцаж байсан 16 насандаа нар хиртэлт зөгнөсөн ёсоор болсон явдалд туйлаас сэтгэл нь хөдөлсөн гэдэг. Ингээд одон орон судлал тийш мэргэжилээ өөрчилж, Птолемейн Альмагест зэрэг сурах бичгүүдийг шимтэн судлах болов.
Гэвч 1000 илүү жилийн тэртээ бичигдсэн Альмагест дээр суурьлах тухайн үеийн одон орны онолд олон тооны дутагдалууд байж, нар хиртэлт зөгнөж тооцоолсоны дагуу болохгүй байх явдал ч гардаг байж. Эндээс Брахе нь тэнгэрийн үзэгдэлүүдийг алдаа мадаггүй зөгнөж чаддаг болох зорилгоор, өндөр нарийвчлалтай ажиглалт хийн их хэмжээний мэдээлэл (дата) цуглуулах явдалыг өөрийн энэ насны үүрэг болгон тогтооно.
1572 онд, Хүн таван одны ордон (Cassiopeia) дээр гэнэтхэн нэгэн тод од үзэгдэв. Энэ бол аварга том од өөрийн насны төгсгөл дээр аварга том тэсрэлт хийн гялалзах “нэн шинэ од” хэмээх үзэгдэл юм. Брахе нь энэхүү нэн шинэ одыг 1 жил илүү хугацаанд ажиглаж, нарийвчилсан тэмдэглэл хийж авчээ. Энэ ажлаа Данийн хаанаар өндрөөр үнэлүүлж, Данийн хойд зүгт орших бяцхан арлаар шагнагдан, тэндээ одон орон судлалын төв байгуулж авав. Ингээд тэндээ олон шавь нараа дайчлан, одон орны ажиглалт судалгаагаа үргэлжлүүлэх болжээ. Брахегийн цаг үед, хараахан телескоп (одон орны дуран авай) бүтээгдээгүй байж. Гэсэн ч Брахегийн энгийн нүдээр явуулсан тэнгэрийн ажиглалт нь нарийвчлалын хувьд туйлын өндөр тул, Брахег “энгийн нүдээр эрхэс ажиглалтын суутан” хэмээн өнөө үед ч магтан өргөмжилдөг билээ.
Дашрамд хэлэхэд, тухайн үеийн огторгуйн үзлээр бол, сарнаас цаашхи “дээд тэнгэрийн ертөнц” нь үүрд мөнх үл хувирах төгс ертөнц хэмээн тооцогддог байв. Гэтэл нэн шинэ одны ажиглалт хийсэн Брахе нь, нэн шинэ од нь бусад ододтой харьцангуйгаар хөдөлгөөнгүй байх шинжээс нь, түүнийг “дээд тэнгэрийн ертөнц” дэхь үзэгдэл болохыг олж тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, дээд тэнгэрийн ертөнц бол үүрд мөнх үл хувирдаг ертөнц  биш болж таарсан хэрэг. Мөн Брахе нь сүүлт одны хөдөлгөөнийг анхааралтай ажиглаж, сүүлт од нь сарнаас хол оршдог, нэг ёсны дээд тэнгэрийн ертөнцөд өрнөдөг үзэгдэл хэмээн дүгнэнэ. Сүүлт одыг сарнаас наашхи буюу “доод тэнгэрийн ертөнц дэхь үзэгдэл гэж үздэг байсан тул, энэ ч бас тухайн үеийн одон орны ердийн мэдлэгийг үндсээр нь хөмрөхөд хүрчээ.

“Тэнгэр төвт ертөнц”, “Газар төвт ертөнц” хоёрыг нэгтгэсэн модел

Гэсэн ч Брахе нь, Коперникийн тэнгэр төвт ертөнцийг үзлийг хүлээн зөвшөөрч чадсангүй. Учир нь түүнийхээр бол, дэлхий нь огторгуйд хөдөлж байвал, гарцаагүй оддод “шилжилтийн өнцөг” ажиглагдах учиртай байв.
Өмнө ярьсанчлан, нэг юмыг хоёр өөр газраас ажиглах үед үүсэх чиглэлийн (өнцөгийн) зөрүүг шилжилтийн өнцөг гэдэг (үзэх). Хэрвээ дэлхий нь нарыг тойрч эргэдэг л юм бол, жишээлэхэд хавар гэхэд дэлхий нь намар байснаасаа өөр байрлалд шилжсэн байх учиртай тул, түүнийг дагаад оддод шилжилтийн өнцөг ажиглагдах ёстой хэмээн Брахе боджээ. Гэвч хичнээн өндөр нарийвчлалтай ажиглалт хийдэг гээд, шилжилтийн өнцөг ажиглагдсангүй. Өөрийн ажиглалтандаа итгэл дүүрэн Брахе нь, нэгэнт шилжилтийн өнцөг ажиглагдахгүй байгаа хойно “тэнгэр төвт ертөнцийн үзэл” бол худлаа гэж үзэв.
Гэвч үнэндээ бол суут ажиглагч Брахе байгаад ч, энгийн нүдээр одны шилжилтийн өнцөгийг олох боломж огтоос байхгүй юм. Учир нь одны шилжилтийн өнцөг нь, хамгийн томдоо л гэхэд 1/5000 хэм төдийхөн л байдаг. Энэ бол 0.36 мм хэмжээтэй биетийг 1 км-ийн цаанаас олж харах дайны аймшигтай хурц хараагүй л бол яагаад ч бүтэхгүй явдал юм. Хамгийн ойрын од хүртлэх зай л гэхэд 4 гэрлэн жил (40 их наяд км) байдгаас, шилжилтийн өнцөг нь тийм өчүүхэн хэмжээтэй байдаг. Харин од хүртлэх зай нь өдий дайны хол, огторгуй нь төдий дайны уудам том чинээ тухайн үеийн хүмүүс огт төсөөлсөнгүй. Одны шилжилтийн өнцөг анх ажиглагдаж, тэнгэр төвт ертөнцийн үзэл үнэн болох нь батлагдсан нь, аварга том телескопүүд бүтээгдэх болсон 1838 оны явдал, Брахегийн үеэс даруй 250 жилийн дараах явдал байлаа.
Брахе нь хэдийгээр тэнгэр төвт ертөнцийн үзлийг хүлээн зөвшөөрөөгүй боловч, нөгөөтэйгүүр түүний гаригсын хөдөлгөөнийг хялбархан тайлбарлаж болдог давуу талыг шохоорхон олзуурхаж байсан бололтой. Ингээд түүний бодож олсон нь, тэнгэр төвт ертөнц болон газар төвт ертөнцийн үзлийг нэгтгэсэн шинэ модел байв. Сугар болон ангараг зэрэг 5 гариг нь нарыг тойрч эргэх боловч, тэрхүү нар болон сар нь үл хөдлөх цэг болох дэлхийг тойрч эргэдэг гэх нь Брахегийн мэргэн санаа байсан юм.
Сонирхуулахад, Брахе нь туйлын дээрэлхүү бардамын зэрэгцээ ууртай нэгэн байсан гэж яригдаж иржээ. Язгууртан гаралтай Брахе нь гарын доорхи ажилчиддаа харгис ширүүн хандаж, хавь ойрын хүмүүстээ муу нэртэй явсан гэгддэг. Тэгж явсаар эцэстээ эзэн хааныхаа итгэлийг ч алдаж, өтлөх насандаа улсаа орхиж гарахаас өөр аргагүйд хүрчээ. Түүний нас эцэслэхийн өмнөх сүүлчийн үг нь “Миний амьдралыг хий дэмий зүйл байсан гэж надад бүү бодуулаач” гэсэн цөхрөлийн үг байсан гэдэг. Агуу суут одон орончын үг гэхэд, даанч харамсалтай үг байж дээ.





Математикийн гоо сайхнаас огторгуйн бүтцийг төсөөлсөн Кеплер

Брахегийн амьдралыг хий дэмий зүйл болгоогүй нь, түүний туслах байсан Кеплер байв. Өмнөд Германы хот Вайльд төрсөн Кеплер нь, идэр наснаасаа математикийн авъяас билиг нь бялхаж байсан гэдэг. Их сургуульдаа Коперникийн тэнгэр төвт ертөнцийн үзлийг мэдэж, туйлаас сонирхон дурлав. Их сургуулиа төгссөний дараа, математикийн багш болон одон зурхайчын ажил хийнгээ, Кеплер нь гаригсын хөдөлгөөний тухай судалгаа хийх болов. Ингээд 1596 онд “Огторгуйн нууц” хэмээх ном хэвлүүлнэ. Түүн дотроо Кеплер нь, гариг тус бүрийн тойрог замын хэмжээ болон, “зөв олон талстуудын” (зөв 6 талт шоо гэх мэт) хооронд тусгай хамаарал байна гэсэн онцгой нэгэн таамаг онолыг дэвшүүлдэг.
Кеплерийн онолын талаар энд нарийвчлан дурдахгүй боловч, тэнд анхаарууштай нь, Кеплер дэлхийн тойрог замын тухай авч үзсэн явдал, өөрөөр хэлбэл тэнгэр төвт ертөнцийн үзэлд суурилж огторгуйн бүтцийг тайлбарлаж буй явдал юм. Кеплерийн хувьд газар төвт ертөнцийн үзлээс илүү энгийн хялбараар гаригсын хөдөлгөөнийг тайлбарлаж чадах тэнгэр төвт ертөнцийн үзэл нь, математик талаасаа гоо үзэсгэлэнтэй гэж санагдсан биз. Мөн, зөв олон талстыг ашиглан гаригсын тойрог замын хэмжээг тайлбарлах гэсэн нь ч, математиктаа гарамгай Кеплерийн л бодож олох санаа гэж болно. Үнэндээ бол гаригсын тойрог замын хэмжээ болон зөв олон талстуудын хооронд ямар ч хамаарал байхгүй. Кеплерт огторгуй ертөнцийн туйлын үнэн бол математиклаг дэг журам юм гэх зөн совин, итгэл үнэмшил байсан болов уу. Яг л эртний Грекийн Пифагортой нэгэн адил философитой байжээ гэж хэлж болох биз.
Гэхдээ Кеплер зөвхөн математиклаг гоо сайхантай л хөөцөлдөөд явсан бол, магад хүн төрөлхитөн огторгуйн туйлын үнэнийг нээж чадалгүй төгсөх байсан биз. Кеплер нь багш болох Брахегээс одон орны ажиглалтын ач холбогдолын чухлыг заалгаж авчээ. Хичнээн үзэсгэлэнтэй огторгуйн онол байлаа гээд, бодитоор тэнгэрийн үзэгдэлүүдийг зөв тайлбарлаж чадахгүй л бол, тэр бол үнэн биш юм.
Брахегийн үхлийн дараа, Кеплер түүний үлдээсэн асар их ажиглалтын мэдээлэл дээр үндэслэн бодож гарсан байна. Тэгээд нэгэн эргэлт хийхүйц том санаанд хүрч очно. Тэр бол, гаригсын тойрог зам нь үзэсгэлэнт төгс дугуй бус, муруйсан зуйван хэлбэртэй гэх санаа байлаа.

Гаригсын тойрог зам зуйван хэлбэртэйг нээсэн нь

Эрт цагаас, гаригс нь төгс дугуй хөдөлгөөн хийдэг гэж итгэгдэж иржээ. Дугуй бол хамгийн үзэсгэлэнтэй төсөөллийн төгс хэлбэр бөгөөд, мөн тэнгэрийн цаадах ертөнц ч бас төгс төгөлдөр ертөнц тул, тэнгэрийн цаадах ертөнцийн гаригс гарцаа байхгүй тойрог хөдөлгөөн хийдэг хэмээн үздэг байжээ. Гэвч ердийн нэг дугуй хөдөлгөөнөөр гаригсын бодит байдлыг тайлбарлах боломжгүй. Чингүүт, олон тооны тэнгэрийн бөмбөлөгүүдийг холбож угсараад ч юм уу, эсвэл гаригсыг давхар эргэлт хийлгүүлээд, бүр эсвэл сахиусан тэнгэрүүдийн зохицуулалтаар хөдөлдөг гэх зэргээр тайлбарлаж ирцгээсэн байдаг.
Тэнгэр төвт ертөнцийн үзлийг дэвшүүлсэн Коперник ч бас, гаригсыг дугуй хөдөлгөөн хийдэг гэдэгт эргэлзэж ч байгаагүй юм. Брахегийн дэвшүүлсэн нийлмэл модел дээр ч бас, гаригсын тойрог зам нь мөн л дугуй хэлбэртэйгээр зурагдсан байлаа.
Кеплер математиклаг энгийн бүтцээс нь тэнгэр төвт ертөнцийн үзэлд итгэж байсан боловч, гаригсыг дугуй тойрог замтай гэж үзэж байгаа цагт, хэрхэвч Брахегийн ажиглалтын мэдээллүүдийг зөв тайлбарлаж чадахгүй байв. Аргаа барсан Кеплер туршилтын журмаар гаригсын тойрог замыг муруйсан дугуй буюу зуйван хэлбэртэй болгож үзэв. Тэгтэл ажиглалтын мэдээлэлтэй гайхалтайгаар тохирох нь тэр.
Гаригсын тойрог зам нь зуйван хэлбэртэй гэдэг энэхүү үнэнийг Кеплерийн нэгдүгээр хууль гэдэг. Кеплерийн нээж олсон гаригсын хөдөлгөөний тухай 3 хууль байдаг бөгөөд, түүний хоёрдугаар нь гаригсын хөдөлгөөний хурдны тухай, гуравдугаар нь гаригсын тойрог замын хэмжээний тухай байдаг. Эдгээр нь бүгд Брахегийн найдвартай ажиглалтын мэдээллийг ашиглан, Кеплерийн гарамгай математикаар боловсруулан гаргаж ирсэн нээлтүүд юм. Нэг ёсондоо багш шавийн хамтын ажиллагааны үр дүнд, огторгуйн бодит үнэнийг нээн таньж чадсан хэрэг юм.
Гээд хэлэхээр ямархан гайхамшигтай багш шавийн холбоо болох нь төсөөлөгдөж магадгүй боловч, саяхан үүнийг чанх эсрэгээр нь сөргүүлсэн нэгэн ном хэвлэгдээд нэлээдгүй шуугиан болоод авсан. Энэ бол Жошуа, Анн-Ли  нарын бичсэн “Кеплерийн сэрдлэг” (Kepler’s witch) гэх ном юм. Кеплер нь Брахег хордуулж алаад, түүний асар их мэдээллийг хулгайлж авсан тухай цочирдмоор түүхийг энд өгүүлэн бичжээ.
Дээрэлхүү бөгөөд язгууртан гаралтай Брахегийн дэргэд, Кеплер нь харц ядуу гаралтай сул дорой биетэй, зан араншингийн хувьд ч дүнсгэр нэгэн байсан гэдэг. Тэгээд Брахе нь амь шигээ хайрладаг өөрийн мэдээллээ хэрхэвч Кеплерт үзүүлдэггүй байсан гэнэ. Хараа муутай учир хангалттай ажиглалт хийх боломжгүй байсан Кеплер хор шар нь буцлан бачуурахдаа багшийгаа хорлож орхисон юм болов уу?
1991 онд Брахегийн шарилд малталт хийн гаргаж ирсэн үсний ширхэгт шинжилгээ хийтэл, өндөр агууламжтай мөнгөн ус илэрсэн гэнэ. Эндээс бичигч Брахегийн хорлогдож үхсэн тухай таамгийг дэвшүүлж, түүндээ Кеплерийг буруутан болгон дүгнэсэн юм байна. Энэхүү цочир таамганд хандах үнэлгээ шүүмжлэлүүд хуваагдмал байдалтай байгаа боловч, одон орон судлалын түүхийн хэлхээсийг тайлах гэдэг талаасаа тун чиг сонирхол татам сэдэв гэж хэлж болох биз ээ.




Хязгааргүй ертөнц хийгээд харь гаригийн хүний тухай төсөөлсөн Бруно

Брахегийн хорлогдож үхсэн тухай яриа үнэн эсэх нь маргаантай боловч, тэнгэр төвт ертөнц болон хязгааргүй ертөнцийн үзлийг дэвшүүлээд үнэнгээсээ алагдаж орхисон хүн гэвэл Бруно юм. Бруно нь Италийн Неаполь хавьд төрж, гүн сүсэг бишрэлтэй Христийн санваартан байхын хажуугаар, өөрийн оргиналь огторгуйн тухай үзлийг түгээн Европоор тойрдог байжээ.
Бруногийн огторгуйн тухай төсөөлөл нь тухайн үедээ бол хэмээс хэтэрсэн хэт алтернатив эд байв. Бруногийн үед, Коперникийн тэнгэр төвт ертөнцийн үзэл нь Европын газар бүр тархсан байж. Бруно дэлхийг огторгуйн төвд хөдөлгөөнгүй оршин байдаггүй гэдэг дээр Коперниктэй санал нийлсэн боловч, нарыг огторгуйн төвд байдаг гэдэг дээр Коперникээс өөр байр суурьтай байв. Бруногийнхоор бол, огторгуйд үзэгдэх тоогүй олон одод нь нартай адилхан тэнгэрийн эрхэсүүд бөгөөд, бидний ганц нар л тийм онцгой тусдаа оршихуй биш юм гэнэ. Бодитоор, нар бол огторгуйд хэдэн тэрбумаар тоологдох оддын л нэг төдий боловч, түүнийг олж харсан Бруногийн хурц совинг үнэхээр гайхаад барамгүй мэт.
Огторгуйд тоймгүй олон нарнууд байж, тэднийг тойрох дэлхий шиг гаригууд ч тоогүй олон байх бөгөөд, тэр бүгдийг агуулах огторгуй нь өөрөө хязгааргүй уудам орон зайтай хэмээн Бруно төсөөлжээ. Хязгааргүй чадалтай бурхан нь хязгаарлагдмал хэмжээний огторгуй, ердөө ганцхан нар, ердөө ганц дэлхий төдийхөн бүтээсэн байх учиргүй гэх нь түүний үндэслэл байсан юм. Гүн сүсэгт санваартан явсан Бруногийн хувьд, хязгааргүй огторгуйн үзлийг батлан харуулах нь, бурханы бүхнийг чадагч агуу шинжийг магтан дуулах явдал байжээ.
Цааш нь дэлхий шиг гаригууд тоогүй олон байх юм бол, мэдээж хэрэг огторгуйд хүн шиг оршихуйнууд ч тоогүй олноор байх магадлалтай болно. Өөрөөр хэлбэл Бруно нь харь гаригийн хүмүүсийг ч бас зөгнөн төсөөлсөн юм.
Бруногийн хэт алтернатив санаа нь, огторгуйг хязгаартайн дээр дэлхийг ч нарыг ч цор ганц оршихуй гэж сургах Ромын сүмийн номлолтой халз зөрчилдөж байв. 1592 онд Бруно баривчлагдан, 8 жилийг гянданд өнгөөрөнө. Сүмийн шашны шүүхэд өөрийн үзлээсээ буцахыг тулгагдах боловч, Бруно огтхон ч эрмэлгүй өөрийн үзэлдээ бат зогсоно. Ингээд 1600 онд, Ромд галд шатаагдах цаазын ял заагджээ.

Бруно бол одон оронч ч биш, шинжлэх ухаанч ч биш, тоймгүй олон нар хязгааргүй уудам огторгуйг шинжлэх ухааны аргаар эргэцүүлэн тунгаасан ч биш юм. Гэсэн хэрнээ, хожмын Ньютонтой ижилхэн огторгуйн үзэлд хүрч чадсан гэхээр, нэгэн бодлын Бруно л жинхэнэ эгэлгүй суутан байжээ гэж хэлж болмоор санагдана.





Одон орны дуран авайгаар анх огторгуйг харсан Галилео

Бруногийн адилаар Ромын сүмийн шашны шүүхэд дуудагдаж, тэнгэр төвт ертөнцийн үзлээсээ буцахыг тулгагдсан хүн бол Галилео юм. Флоренцэд өсвөр насаа өнгөрүүлсэн Галилео нь, залуу наснаасаа шинжлэх ухааны авъяас нь тодорч, 17 настайдаа Пизагийн ариун сүмийн салхинд савлах дэнлүүг хараад, дэнлүү нь 1 удаа бүтэн савлахад өнгөрөх хугацаа нь савлалтын далайцаас хамааралгүй тогтмол болохыг олж анзаарсан гэдэг. “Энгийн дүүжингийн дүрэм” хэмээх хуулийг нээж олсон нь тэр байсан юм.
Галилеон тухай алдартай цуу яриа гэвэл, Пизагийн хазгай цамхаг дээр хийсэн юм унагах туршилтыг хэлж болно. Ижилхэн хэмжээний модон болон тугалган бөмбөгийг цамхагийн оройгоос зэрэг унагатал, газарт нэгэн зэрэг буужээ гэх туршилт хийсэн тухай ярьдаг. Биет нь хүнд байх тусмаа унах хурд нь их байх учиртай гэх тухайн үеийн ердийн мэдлэгийг няцаасан гэдгээрээ алдартай яриа. Гэтэл үнэндээ энэ туршилтыг Галилео хийсэн бус, шал өөр хүн хийсэн гэгддэг. Галилеогийн хийсэн туршилт нь, налуу гулсууран тавцангаар бөмбөг өнхрүүлж, түүний хурдыг хэмжих туршилт байсан бололтой.
Шашны шүүхэд аман дээрээ тэнгэр төвт ертөнцийн үзлээс татгалзахаа амласан боловч, “Гэхдээ л дэлхий хөдөлдөг л юм даа” хэмээн шивнэсэн гэх дам яриа ч бас, бодитоор болсон явдал биш гэгддэг. Дээр дурьдсан “энгийн дүүжингийн дүрмийн” нээлт хүртэл бас л үнэн эсэх нь тодорхойгүй гэдэг юм билээ. Ньютоны толгой дээрээс алим унасан тухай яриа гэхчилэн, суут хүмүүсийн тухай ам дамжсан ярианууд дотор хожмын хүмүүсийн зохиож тэмдэглэсэн зүйлс нэлээдгүй байдаг бололтой шиг байгаа юм.
За ингээд, суут Галилеог огторгуй тийш далласан зүйл, тэр бол телескоп байлаа.
Телескоп нь 1608 онд, Голландын нэгэн нүдний шилчин санаандгүй хотгор линзийг гүдгэр линзтэй давхцуулж үзсэнээр зохиогдсон гэдэг. Тэр тухай дам сонссон Галилео нь шалавхан өөрийн гараар телескоп хийж, юун түрүүн тэнгэр тийш чиглүүлэн харсан байна. Телескопоор анх удаа огторгуйг дурандсан хүн бол Галилео байсан юм. Тэнд хүн төрөлхитөн анх удаагаа өнгийн харах ертөнцийн үнэн төрх тодорч байлаа.
Юуны өмнө, сарны гадаргуу нь Аристотелийн хэлсэн шиг мөлгөр бус, дэлхийнхтэй адилхан уул хөндийнүүд олон тоогоор байлаа. Том гэгчийн хонхорхой газрыг Галилео “тогоо” гэж нэрлэв.
Түүний дараа тэнгэрийн заадлыг хараад, тэр нь тоогүй олон оддын бөөгнөрөл болохыг нээн тогтоов. Телескопын тусламжтайгаар төдийг хүртэл харагддаггүй байсан болон бүрэлзэх төдий харагддаг байсан оддыг тов тодорхой харах боломжтой болжээ.

Бархасбадь гаригийн сарнаас “тэнгэр төвт ертөцөд” итгэсэн нь

Галилео нэн ялангуяа гайхсан нь, бархасбадь гаригийн ойролцоо бяцхан бүрэнхий эрхэс дөрвийг олж харсан явдал байв. Дээр нь тэдгээр эрхэс нь заримдаа 2 болж, заримдаа 3 болж харагддаг байж. Тэдний төлвийг сайтар ажигласан Галилео нь, 4 эрхэс нь бархасбадь гаригийг тойрон эргэдэг учир, бархасбадийн цаагуур халхлагдах үедээ тоо нь цөөрч харагддаг болохыг олж тогтоов. Өөрөөр хэлбэл 4 эрхэс нь бархасбадь гаригийн сар буюу дагуул гаригууд байсан байна.
-         4 жижигхэн сар нь томоо гэгчийн бархасбадь гаригийг тойрч байдаг. Тийм бол, жижигхэн дэлхийг тойроод том нар эргэлдэж байдаг гэх газар төвт ертөнцийн үзлээс, дэлхий нь нарыг тойрдог гэх тэнгэр төвт ертөнцийн үзэл нь илүүтэй зөв байх бус уу?
Тийнхүү Галилео нь тэнгэр төвт ертөнцийн үзэлд нэг мөр итгэсэн гэдэг.
Түүнээс гадна, сугар гариг тэргэлтэж бас хавиргалж байдаг болон, наран дээр хар толбо байдаг, тэр хар толбоны хөдөлж буй төлвөөс нарыг тэнхлэгээрээ эргэлдэж байдаг гэх зэргээр, телескопын ажиглалтаар ээлж дараалан нээлтүүд хийв. Эдгээр үр дүнгүүдээ Галилео нь 1610 онд хэвлүүлсэн “Оддын ертөнцийн илтгэл” дотроо дэлгэн үзүүлжээ.
Энэ үеэс эхлэн тэнгэр төвт ертөнцийн үзлийг хээв нэг онцлох болсон Галилео тийш Ромын сүмээс буруушаасан хоолой гарах болов. 1616 онд Галилео нь шашны шүүхэд дуудагдан, тэнгэр төвт ертөнцийн үзлийг нийтэд дэлгэхгүй байх талаар амлалт авна. Гэвч 1632 онд Галилео шинээр “Хоёр ертөнцийн тухай яриа” номоо туурвиж, тэнгэр төвт ертөнцийн үзлээ хүчтэй илэрхийлнэ. Хойтон жилийн 1633 онд Галилео дахин шашны шүүхэд дуудагдаж гэм буруутай нь тогтоогдон, тэнгэр төвт ертөнцийн үзлээсээ татгалзах амлалт өгөн, Флоренцээс гадагш гэрийн хорионд үлдсэн насаа өнгөрүүлсэн гэдэг.
Дашрамд хэлэхэд, тэнгэр төвт ертөнцийн үзэлдээ тууштай явсан Галилео боловч, нэгэн үед амьдарч байсан Кеплерийн нээсэн 3 хуулийг огтоос сонирхож хараагүй гэдэг. Кеплертэй захиагаар харилцдаг байсан хэдий ч, Кеплерээс гаригсын тойрог зам зуйван хэлбэртэй болохыг сонсоод, хэрхэвч тийм байх учиргүй хэмээн ширвээсэн гэнэ. Огторгуй бол бурханы бүтээсэн төгс ертөнц бөгөөд, огторгуйн эрхэсүүд төсөөллийн төгс хэлбэр болох дугуй тойрог хөдөлгөөн л хийж таараа гэж Галилео итгэж байж. Галилеогийн хувьд тэнгэр төвт ертөнцийн үзэл нь бурханаас нүүр буруулах явдал бус, харин ч ариун Библитэй эн зэрэгцэх учиртай үнэн байсан юм.




Тэнгэр газрын хуулийг нэгтгэсэн Ньютон

Галилео нас барсаны дараа жил, 1643 оны 1 сард Английн зүүн хэсэг дэх нэгэн тосгонд төрсөн нь Ньютон байв. Гэрлийн тухай судалгаа хийж, интеграл бодох аргачилалыг боловсруулж, Ньютоны механикийн хууль гэгдэх хүч болон хөдөлгөөний онолыг боловсруулсан Ньютоны агуу том гавъяаны ач холбогдолыг ганц үгэнд багтааж илэрхийлье гэвэл, тэр нь “тэнгэр газрын хуулийг нэгтгэсэн явдал” болох биз ээ.
Аристотелиэс хойшхи 2000 жилийн туршид, тэнгэр болон газар нь тусдаа дүрмэнд захирагдах тусдаа ертөнцүүд хэмээн төсөөлөгддөг байсан юм. Эх газрын ертөнцөд юмс нь 4 язгуур бодисоос бүтэж, шулуун замын хөдөлгөөн хийж байдаг. Харин тэнгэрийн ертөнцөд эфир гэх үүрд мөнх үл устах бодисоор хийгдсэн эрхэсүүд, үүрд мөнх үл дуусах тойрог хөдөлгөөнийг хийдэг гэгддэг байв.
Тэгтэл Ньютон тэнгэрийн эрхэсүүд ч газрын биетүүд ч, бүгд ижилхэн хөдөлгөөний хуулинд захирагддаг болохыг нээн илрүүлэв. Алим газар унах болон, сар дэлхийг тойрох нь Бүх ертөнцийн таталцалын хүч гэх ижил хүчний нөлөөгөөр бий болдог болохыг олж харсан байна.
Модны мөчрөөс тасарсан алим эгц доошоо чөлөөт уналт хийдэг бол, алимыг газартай параллелаар шидвэл парабол муруй зурсаар чөлөөт уналт хийдэг. Алимыг хүчтэй шидэх тусам алим хол газар туулж чөлөөтэй унана. Маш хүчтэй шидвэл, алим нь бөөрөнхий дэлхийн гадаргатай ижилхэн муруйн дагуу чөлөөт уналт хийхэд хүрч, газарт буулгүйгээр дэлхийг нэг бүтэн тойрч орхино. Энэ бол сарны хөдөлгөөн бөгөөд, үнэн чанартаа сар ч бас дэлхий рүү чөлөөт уналт хийж байдаг гэсэн үг юм.
Тэгээд хоёр биетийн хооронд үйлчлэх татах хүчний хэмжээ нь, хоёр биетийн жингийн үржвэрээс шууд хамаарч, биетийн хоорондын зайны квадратаас урвуу хамаардаг гэх нь, өнөөх алдарт Бүх ертөнцийн таталцалын хууль юм. Энэ хуулин дээр, мөн Ньютоны нээсэн хөдөлгөөний 3 хуулийг (инерци хадгалагдах хууль зэрэг) холбож нийлүүлбэл, тэнгэр газрын бүхий л биетийн хөдөлгөөнийг зөв тайлбарлаж чадах болно.
Ийнхүү тэнгэр газрын хууль нэгдэж, түүнийг дагаад огторгуйн тухай үзэлд ч том өөрчлөлт оров. Огторгуй нь нэгэнт онцгой тусдаа ертөнц бус, эх газартай адилхан хуулинд захирагдах үргэлжлэл ертөнц болж таарав. Өөрөөр хэлбэл, дэлхий ч бас огторгуй ертөнцийн нэг хэсэг гэсэн үг болно. Огторгуйн нэг хэсэг болох дэлхий нь огторгуйн төвд орших учиргүй нь нэгэнт тодорхой. Эндээс дэлхийг ертөнцийн төв гэх газар төвт ертөнцийн үзэл үгүйсгэгдэж, хүн төрөлхитөн БИ төвт ертөнцийн үзлээ даван гарч, тийнхүү уудам огторгуйн үнэн тийш нүдээ бэлчээх сөхөөтэй болсон билээ.

Хязгааргүй огторгуйг бүтээсэн нь хязгааргүй чадалтай бурхан

Коперник болон Галилео нь тэнгэр төвт ертөнцийн үзлийг дэвшүүлсэн боловч, яагаад дэлхий нарыг тойрдог вэ гэх цаад шалтгааныг нь тодорхойлж чадаагүй. Кеплер ч бас, яагаад гаригс нь дугуй биш зуйван хэлбэр бүхий тойрог замтай болохыг нь тайлбарлаагүй. “Тийм байх учиртай”, “тийм зүй тогтол байна” гэж хэлж чадсан ч, “яагаад тийм байгаа юм?” гэх шалтгааныг нь мэдэж чадаагүй юм.
Харин Ньютон бол татах хүч гэх хүч оршин байдгийг үзүүлсэнээр, хүнд нарыг тойроод хөнгөн гаригууд тойрон эргэдэг болох, тэр үед гариг нь зуйван тойрог замаар хөдөлдөг болохыг гайхалтайгаар тайлбарлан үзүүлсэн юм. Тиймдээ ч хүмүүс Ньютоны хэлэх үгэнд итгэж, тэнгэр төвт ертөнцийн үзэлд итгэцгээх болжээ.
Дашрамд хэлэхэд, татах хүч нь зайтай байгаа биетэд шууд хүрэлгүйгээр нөлөөлдөг хүч бөгөөд, нэг ёсны “зайнаас нөлөөлөх хүч” юм. Аристотелиэс хойш, хүчийг дамжуулахын тулд заавал тухайн биетэд хүрэхгүй бол болохгүй гэх нь ердийн мэдлэг байж. Тиймээс, огторгуйд оддыг тээх тэнгэрийн бөмбөлөгүүд байж, тэднийг сахиусан тэнгэрүүд эргэлдүүлдэг болохоор эрхэсүүд хөдөлж байдаг гэж төсөөлдөг байв. Гэтэл татах хүч хэмээх зайнаас нөлөөлөх хүч байдаг нь тогтоогдонгуут, нэгэнт сахиусан тэнгэр болон бурхан гэх мэтийн хэрэг үгүй болно.
Гэвч Ньютоны хувьд бурханы оршихуйг үгүйсгэх явдал байсангүй. Үнэхээр ч, гаригсын хөдөлгөөний механизмыг таталцалын хуулийн тусламжтайгаар тайлбарлаж болох боловч, нар болон гаригс, тэгээд огторгуй нь анхнаасаа яагаад бүтээгдсэн юм бол гэх асуудал хараахан шийдэгдээгүй л байлаа.
Ньютоны суут бүтээл “Принцип (Байгалийн философийн математик зарчим)” дотор, нар болон гариг эрхэс зэрэг үлэмж сүрлэг системт бүтэц нь, бүхнийг мэдэгч бүхнийг чадагч бурханы төлөвлөгөө, удирдлага үгүйгээр бүтэх боломж огтоос байхгүй хэмээн онцолсон байдаг. Тэгээд хязгааргүй чадал бүхий бурхан нь үүрд мөнх хийгээд хязгааргүй орон зай, цаг хугацааг бүтээж, огторгуйн бүхий л орон зайд, бүхий л цаг хугацааны туршид оршин байж, огторгуйг зохьцуулж байдаг гэжээ.
Хэрвээ огторгуй нь хязгаартай байвал, огторгуйд “төв” болон “зах” гэж байхад хүрнэ. Тэгвэл, огторгуйн доторх бүхий л биет нь татах хүчний нөлөөгөөр төвдөө цуглаж, эцэстээ огторгуй нь бүхэлдээ хэмхэрч орхих болно. Тийм юм болохгүй тулд, огторгуйн хэмжээ нь хязгааргүй байхгүй бол болохгүй. Тэгээд хязгааргүй хэмжээтэй, хязгааргүй өнгөрсөнөөс хязгааргүй ирээдүй хүртэл үргэлжлэх огторгуйг бүтээж чадах нь, хязгааргүй чадал бүхий бурханаас өөр юу ч байх боломжгүй, гэх нь Ньютоны төсөөлөл байлаа.
Хязгааргүй тэлэлт бүхий орон зайг абсолют орон зай гэж, үүрдийн өнгөрсөнөөс үүрдийн ирээдүй хүртэл үргэлжлэх цаг хугацааг абсолют цаг хугацаа гэдэг. Абсолют орон зай болон абсолют цаг хугацаа гэх ухагдахуун нь, огторгуйн хэмжээнд хязгаар байж, огторгуйд эхлэл болон төгсгөл байгаа гэх сүмийн номлолтой халз эсрэгцэв. Гэсэн ч Ньютон нь Коперник болон Галилеогийн нэгэн адилаар, бүхнийг мэдэгч бүхнийг чадагч агуу бурханд итгэдэг учраас л ийм огторгуйн үзлийг дэлгэн харуулсан нь тэр байжээ.
Ингээд яриа маань ч нэлээд сунжирлаа. Энэ үдэш үүгээр өндөрлөе. Сайхан амраарай.



Үргэлжлэл - Уудам галактик огторгуйн ертөнц тийш

11 comments:

  1. mash sonirholtoi oilgomjtoi bailaa :)

    ReplyDelete
  2. https://www.youtube.com/watch?v=KOxrtFMykQc

    ReplyDelete
  3. Сайхан нийтлэл байна.Нэг жижигхээн алдаа байна.Бруно 1592 онд баригдаад 1800 онд цаазлуулсан гэдэг.

    ReplyDelete
  4. Гайхалтай, баярлалаа.

    ReplyDelete
  5. Тэнгэр төвт биш Нар төвт гэхгүй бол юу ч ойлгогдохгүй болоод байх шиг байна.

    ReplyDelete
    Replies
    1. за бас магадгүй л юм. Орчуулга маань хэт модон болсон байж.

      Delete
  6. Anonymous23/7/16 13:06

    saihan niitlel bna. bayrlalaa.

    ReplyDelete