2014/06/10

Нойр хулжаам сансар огторгуй - Гурав дахь шөнө


өмнөх - II. Бурханы бүтээсэн сансар огторгуй
III. Рациональ огторгуйн үзэл


Грекчүүд ба Тройн домог

Энэ үдэш танд эртний Грекээс эртний Ромын үе хүртлэх огторгуйн тухай үзлийн талаар ярьж өгье.
Уул гарлаараа бол Грекчуудийн өвөг угсаа нь Европын эх газрын гүнд мал адгуулж амьдардаг үндэстэн байсан бололтой. Тэд Эгейн тэнгисийн ойролцоох газар нутагт шилжин суурьшисан нь МЭӨ 2000 оны үеэс хойш гэж яригддаг. Тухайн газар нутагт амьдарч байсан Трой болон Крит зэрэг эртний иргэншилүүдийг мөхөөж, байлдан эзэлсэн улс үндэстэнүүдээ боолчилсоор Грекчүүдийн сүр нөлөө улам бүр тэлж иржээ.
Тэд суурьшсан газрууддаа хана хэрэм босгож, түүгээрээ төвөө хийсэн “Полис” гэгдэх хот улсыг хэд хэдээр нь үүсгэв. Цаашлаад, Эгейн тэнгисийг гаталж, бага Азиас (одоогийн Турк) Газар дундын тэнгис хүртэл өөрийн колонийг тэлж, мөн ойр хавийн улс үндэстэнүүдтэйгээ худалдаа арилжаа өрнүүлдэг байсан гэдэг.
Ингэж явсаар МЭӨ 7-р зууны үед, өмнөх бүлгийн төгсгөлд ярьсан байгалийн философи үүсэж мэндэлсэн юм. Гэхдээ түүнээс жаахан өмнө, эртний Грекийг төлөөлөх 2 том яруу найрагч болох Хомер болон Хэсиод нар гарч ирнэ.
МЭӨ 9-р зууны үед амьдарч байсан хараагүй яруу найрагч Хомерийн алдарт бүтээл гэвэл, Тройн дайны тухай өгүүлэх “Илионы дуулал” болон “Одиссейн дуулал” гэсэн туульсууд юм. “Илионы дуулал” дээр, Грекийн нэг ястан болох Ахейчууд алдарт “Тройн модон морийг” бүтээснээр Тройг мөхөөсөн тухай бичигдсэн байдаг. Гэвч энэ бол ердөө л нэг үлгэр домог бөгөөд, Тройн иргэншил болон Тройн дайн гээч нь түүхэн бодит явдал огтоос биш хэмээн түүхчид үздэг байв.
Харин бүр хожим хойно, Германы бизнесмен Шлиман балчир насандаа сонсож байсан Тройн домогт итгэдэг байлаа. Ингээд тэрээр археологийн малталт хийхэд шаардлагатай хөрөнгийг олохоор худалдаа наймаанд шамдаж үлэмж хөрөнгийг босгомогц, 41 насандаа ажил хэргийг орхин, насны мөрөөдөл байсан Тройн малталтыг эхлүүлнэ. Ингээд 8 жилийн дараа 1871 онд, тийнхүү Тройн археологийн үлдэгдэлийг хайж олсон гэдэг. Үнэхээрийн гайхаад барамгүй итгэл үнэмшил, хүсэл тэмүүлэл байгаа биз?
Нөгөөтэйгүүр, МЭӨ 8-р зууны үеийн хүн гэгддэг Хэсиодын алдарт бүтээлүүд бол “Теогони” болон “Ажил ба өдрүүд” юм. “Теогони”-д Грекийн бурхадын үүсэл хийгээд хэлхээ холбооны талаар дүрсэлж, мөн “Ажил ба өдрүүд”-эд төрөл бүрийн бурхадын домог болон афоризмуудаас ишлэсэн сургааль шүлгүүд бичигдсэн байдаг.




Грек үлгэр домог дахь огторгуйн үзэл

Хомес ба Хэсиодын бүтээлүүдэд дуулагдах үйл явдалууд нь бүхэлдээ өрнийн соёл иргэншилийн сонгодог элементүүдийн нэг болох Грекийн үлгэр домгууд дээр суурилсан байдаг. Тэнд хүний шинжийг агуулсан төрөл бүрийн гайхамшигт бурхад гол дүрүүдэд тоглох, үлгэр домгийн огторгуйн үзэл дүрслэгдсэн байдаг.
Тухайлбал Теогонид эзэн бурхан Зевсийн охин болох яруу найргийн дагина Муза нь ертөнц болон бурхадын үүслийг дараах байдлаар өгүүлдэг. Эртний Грекчуудын хувьд, ертөнцийн үүсэл гэдэг нь нэг ёсны бурхадын үүсэл байжээ.
Ертөнцөд анх эмх замбараагүй буюу “Хаос” ноёлж байв. Хаосоос эх газын бурхан Гаяа, газар доорх ертөнц, тэгээд хайрын бурхан Эрос төрнө. Цаашлаад Хаосоос харанхуйн бурхан Эреб ба шөнийн бурхан Нюкт төрж, Эросын адислалаар Эреб Нюкт хоёр гэрлэн, дундаасаа гэрлийн бурхан Эфир ба өдрийн бурхан Хемераг төрүүлнэ.
Нөгөөтэйгүүр Гаяа нь өөрийн хүчээр тэнгэр, уулс болон тэнгисийг төрүүлж, тэндээсээ өөрийн хүү тэнгэртэй гэрлэж 12 аварга бурхад болох Титанчуудыг төрүүлнэ. Харин тэдний отгон хүү Кроносын отгон хүү нь Зевс юм. Зевс нь явсаар Олимпосын бурхадын их хүчийг манлайлан Титанчуудыг байлдан дийлж, ертөнцийн хааны суудалд заларна…
Тэгэхээр, Грекийн үлгэр домогт эмх замбараагүйгээс эх газар үүсч, эх газраас тэнгэр, уулс болон тэнгис зэрэг төрж үүсчээ гэгддэг байх нь. Эртний Грекчүүд ургамалыг төрүүлж, баялаг үр жимсийг гаргаж өгдөг “эх газрыг” түмэн бодисын эх ундрага хэмээн тооцож, эх газарт сүсэглэн залбирдаг байсан бололтой.
Хомер ба Хэсиодын цаг үед Грек хүмүүс бусад овог үндэстэнүүдийн нэгэн адилаар, үлгэр домгийн огторгуйн үзэл дунд амьдарч байлаа. Тэгтэл түүнээс хойш төд удалгүй, Грекчуудын огторгуйн үзэлд том өөрчлөлт явагдаж эхлэв. Төдийг хүртэл итгэж ирсэн үлгэр домгууддаа хандсан эргэлзээнүүд төрөн гарч, хүмүүс бурханд найдалгүйгээр огторгуйн бүтцийг таниж мэдэх оролдлого хийж эхэлжээ.
Тэгэх болсон шалтгаан нь эртний Грекийн газар нутагт бий болсон улс төрийн нэгэн тогтолцоотой гүнзгий холбоотой. Улс төр огторгуй хоёр хоорондоо холбоотой гэхээр гайхал төрмөөр байгаа биз? Гэвч Ардчилал гэгдэх тэрхүү цоо шинэ улс төрийн тогтолцоо үүсээгүйсэн бол, магадгүй рациональ огторгуйн үзэл ч бас бий болохгүй байсан биз ээ.

Ардчиллаас бий болсон үлгэрт хандах эргэлзээ

Ардчилалыг англи хэлэнд Democracy гэдэг. Энэ нь эртний грек хэлэнд ард түмнийг илэрхийлэх demos болон, эрх мэдлийг илэрхийлэх kratos хоёроос бүтсэн demokratia гэдэг үгнээс гаралтай.
Эхэн үеийн Грекийн полисуудад бусад эртний улс гүрний нэгэн адилаар хаан болон язгууртанууд өргөн уудам газар нутгийг эзэгнэж, жирийн ард түмнийг захирдаг байж. Тэгтэл, үйлдвэрлэл худалдаа эрхлэх ард түмний дундаас хур баячууд ч төрөн гарах болов. Тэд гар урлал болон ваар сав зэргийг үйлдвэрлэж, түүнийгээ далай гатлан зөөж, хөрш улсууддаа экспортлосоноор баялаг хуримтлуулж байлаа.
Мөн эхэн үеийн полисуудад бусад полисуудтай хийх дайн байлдаан ч тасардаггүй байж. Чингүүт эдийн засгийн чадамжтай худалдаачид болон тариачид өөрсдийн хөрөнгөөр өөрсдийгөө хамгаалж, зэр зэвсэг босгож, саадаг агсан дуулга зүүгээд, эзэн дээдсүүдийнхээ хамтаар тулаанд оролцох болов. Үүний үр дүнд жирийн ард түмний улс төрд оролцох боломж нэмэгдэн, полисын улс төрийг дангаар эзэгнэж байсан хаад язгууртануудад хандан улс төрийн эрх мэдэл өгөхийг шаардах болсон байна.
Ийнхүү ардчилсан үзэл газар авч, хаад язгууртануудын эрх мэдэл сулраад ирмэгц, түүнийг дагаад хүмүүсийн үлгэр домогт итгэх итгэл алдарч ирэв. Яагаад гэвэл, үлгэр домгуудад “эзэн дээдэст зориулж зохиогдсон” гэдэг талын шинж чанар байдаг учраас тэр юм.
-         Бидний хаан бол, энэ ертөнцийг бүтээсэн агуу дээд бурханы зүй ёсны залгамж удам бөгөөд, бурханы зарлигаар хаан сэнтийг эзэгнэгч юм. Тиймээс ард түмэн хаанд захирагдах ёстой.
Иймэрхүү өнгө аяс аль ч улс үндэстэний үлгэр домогт гарцаагүй шахуу агуулагдаж байдаг. Хаад өөрийн эрх мэдлийг хууль ёсны болгохын тулд үлгэр домгуудад засвар оруулж, үлгэр домгууд дээр суурьлан ард түмнийг захирдаг байсан юм. Тиймдээ ч, хаад язгууртануудын тусгай эрх мэдэл нь суларч ирэх юм бол, түүнийг дагаад үлгэр домогт итгэх хүмүүс ч бас цөөрөх болно.
Мөн, харь газар арилжаа наймаа хийх худалдаачид газар газраар аялахдаа, нутаг нутгийн үлгэр домгуудаас сонсох завшаан тохионо. Тэгтэл, үлгэр домог бүрийн хувьд тэдний агуулга нь тэс өөр болохыг анзаарна. Өмнөх бүлэгт, үлгэр домгуудад дүрслэгдэх огторгуйн тухай үзэл, ертөнцийг үзэх үзлүүдэд тухайн бүс нутгийн онцлогууд хүчтэй тусгагдсан байдаг тухай ярьсан шүү дээ. Нэг ёсондоо аль ч үлгэр домгууд нь явж явж ердөө л орон нутгийн шинжтэй зүйлс болохыг Грекчууд анзаарчээ.
-         Аль ч үлгэр домгууд итгэхэд бэрх юм. Ер нь жинхэнэ үнэн гэж байна уу? Байгаль орчлон, огторгуй ертөнцийн туйлын үнэн гэж юу юм бол?
Эндээс бий болсон нь, үлгэр домогт найдалгүйгээр рациональ сэтгэлгээнд тулгуурлан, өөрсдийн толгойгоор ойлгож таних боломжтой туйлын үнэнийг эрж хайдаг Байгалийн философи байсан юм.

Түмэн бодисын анхдагчийг ус гэж үзсэн Фалес

Эртний Грекийн түүхийн тэмдэглэлүүдэд үлдсэн хамгийн эртний байгалийн философич бол Фалес гэгддэг. Фалес өнөөгийн Туркийн баруун хэсэгт орших боомт хот Милетэд амьдарч байсан гэх бөгөөд, тухайн үедээ Милет нь хамгийн цэцэглэн мандсан полис байв.
Фалес, ертөнцийн Архэ (Arkhe) нь юу юм бол гэдэг талаар боджээ. Архэг анхдагч гэж орчуулж болох юм. Ертөнцийн анхдагч, мөн ертөнцийн суурь зарчим, тэр бол Архэ юм.
Фалес усыг архэ гэж үзэв. Ус бол амьдралын хувьд байхгүй байхын аргагүй зүйл, тэгээд ч хаа сайгүй оршиж, төрөл бүрийн хэлбэр төлөвт шилжиж чаддаг. Тиймээс түмэн бодисын анхдагч нь ус бөгөөд, түмэн бодисууд усаар бүтээгдсэн, гэсэн дүгнэлтэнд хүрсэн гэдэг.
Үлгэр домгуудад ч ертөнц уснаас үүссэн тухай өгүүлдэг нь олон бий. Тэр бол “усны бурхан” гээчээс ертөнц үүсчээ гэдэг төсөөлөл юм. Харин Фалесийн хэлж буй тэр ус гээч нь туйлын бодислог шинжтэй, матераллаг шинжтэй тийм зүйл байв. Гэхдээ яг ч цэвэр бодислог шинжтэй буюу нэг ёсны “үхмэл ус” биш, дотроо амьдраллаг шинжийг агуулах “амьд ус” гэдэг байдлаар ойлгож байсан бололтой.
Мөн Фалес нь, эх газрыг усан дээр хөвөн тогтож буй гэх огторгуйн төсөөлөлтэй байсан байна. Газар хөдөлдөг нь, усан дээр тогтворгүйгээр хөвөх эх газар дайвалздагаас үүсдэг хэмээн тайлбарладаг байв. Грекийн үлгэр туульсад, далайн бурхан Посейдон эх газрыг чичиргэсэнээр газар хөдлөлт үүсдэг гэж гардаг. Хэдийгээр Фалесийн тайлбар нь шинжлэх ухаан талаасаа зөв биш боловч, үлгэр домгийн тайлбарзүйг үгүйсгэж, илүү рациональ байдлаар байгалийн үзэгдэлийг таньж ойлгох гэж оролдсон гэдэг талаасаа үнэхээр онцгой явдал байлаа.
Фалес нь одон орны ухаан болон тооны ухаанд ч нэвтэрхий нэгэн байсан бөгөөд, тухайн үедээ нар хиртэлтийг гайхалтайгаар зөгнөн хэлж чадсан гэдэг. Гэвч нөгөөтэйгүүр ядуу нэгэн байсан тул ойр тойрны хүмүүсээс “Байгалийн философи гэж хэнд ч хэрэггүй хоосон зүйл байна” хэмээгдэн үл тоогдох явдал гардаг байв. Тиймээс нэгэн удаа Фалес тэнгэрийн ажиглалтанд тулгуурлан дараа жилийн чидун жимсний ургац арвин байхыг урьдчилан тааварлаад, чидун жимснээс тос боловсруулдаг багажийг их хэмжээгээр бэлдэн базаажээ. Таавар ч байндаа тусч, Фалес базаасан багажаа өндөр үнээр борлуулж, үлэмж ашиг олж үзүүлсэн гэдэг.

Сансарт хөвөх эх газрыг төсөөлсөн Анаксимандр

Фалес түмэн бодисын анхдагч архэг ус гэж үзэв. Гэвч, жишээ нь халуунаар дүрэлзэх гал л гэхэд шинж чанарын хувьд уснаас хамаагүй өөр. Усыг архэ гэж үзэх юм бол, халуун гал ч бас хүйтэн нойтон уснаас үүссэн болох тул, үүнийг мунхаг яриа хэмээн Фалесийн шавь байсан Анаксимандр үзэв. Ингээд Анаксимандр өөр зүйлийг архэ гэж бодож. Тэр бол “Апейрон” гэгч зүйл бөгөөд, “хязгааргүй зүйл, төсөөлөшгүй зүйл” гэх утгыг илэрхийлнэ. Ус болон гал зэрэг энэ ертөнцөд оршин байх бүхий л бодисуудын шинж чанарыг бүхэлд нь агуулах оршихуй, тэр бол апейрон юм гэж Анаксимандр сэтгэжээ. Энэ бол Грекийн үлгэр туульс дээр өгүүлдэг анхдагч эмх замбараагүй “Хаос”-ыг төсөөлсөн зүйл гэж хэлж болох биз. Хаосоос орчлон ертөнц үүссэнтэй адилаар, апейроноор бүхий л зүйлс хийгдсэн гэж хэлж байгаа хэрэг юм.
Цаашлаад Анаксимандр нь өөрийн оригинал “огторгуйн үүслийн онол”-ыг дэвшүүлсэн байдаг. Огторгуйд анхлан байсан зүйл нь апейрон юм. Явсаар апейрон нь хүйтэн “үүл” хийгээд, түүнийг хүрээлэх “гал” болон хуваагдана. Эндээс үүлний хэсэг нь хатуурсаар эх газар болж, галын хэсэг нь тэнгэр болон тогтов. Эх газар нь асар зузаан зээрэнцэг хэлбэртэй бөгөөд, юунд ч тулах явдалгүй сансарт хөвөн оршиж байдаг. Нөгөөтэйгүүр, гал болох тэнгэр нь хөвдөг цагираг маягийн хэлбэр үүсгэж, эх газрыг цагираглан хүрээлнэ. Тэр “хөвдөг цагирагт” нь олон тооны бяцхан нүхнүүд байж, тэр нүхнүүдээс цагираган доторх гал цухуйж буй дүр зураг нь бид бүхний мэдэх нар сар хийгээд гялтаганах одод эрхэсүүд болж харагддаг юм гэнэ. Нар сар хиртэлт болдог нь, уг нүхнүүд нь үе үе таглагддаг учраас хэмээн Анаксимандр тайлбарлав.
Анаксимандрын огторгуйн тухай үзэл нь ер бусын өвөрмөц эд байсан бөгөөд, түүн дотроо нэн гойд байсан нь, эх газар юунд ч тулалгүйгээр сансарт хөвж байгааг төсөөлсөн явдал байв. Үүнийхээ шалтгааныг “Эх газар нь түмэн бодисоос яг адил зайд алслагдсан байдаг учраас” гэж Анаксимандр тайлбарладаг байв. Эх газар нь хөвдөг цагираган хэлбэртэй тэнгэрийн төвд нь байрлаж, тэнгэрийн аль ч хэсгээс адил зайд байх тул, нэг ёсондоо “хаашаа ч унах явдалгүйгээр” хөвөн тогтдог учиртай юм гэнэ. Мэдээж энэ бол шинжлэх ухаан талаасаа эндүүрэл боловч, байгалийн үзэгдэлийг рационалиар тайлбарлахыг оролдсон тэр эрмэлзэл нь багш Фалестайгаа адилаар гойд шинэлэг байжээ гэж хэлж болох биз ээ.
Дашрамд хэлэхэд Анаксимандр нь хүнийг загаснаас үүссэн гэх, нэг төрлийн хувьсалын онолтой төстэй санааг бас дэвшүүлсэн байдаг. Бурханаас хамааралгүйгээр сансар огторгуй хийгээд амьдралын үүслийг тайлбарлаж, сансарт хөвөх эх газрын төрх болон амьдралын хувьсалын түүхийг хүртэл таамаглах, үнэхээрийн зүйрлэшгүй суут төсөөлөн бодох авъяастан байжээ.



“Эх газар бөмбөрцөг хэлбэртэй” гэж анх хэлсэн Пифагор

Ийнхүү Анаксимандр эх газрын хэлбэрийг асар зузаан зээрэнцэг хэмээн төсөөлжээ. Тэгтэл үүний өөдөөс “эх газар бол бөөрөнхий бөмбөрцөг хэлбэртэй” гэж сөргүүлсэн нь, математикч гэдгээрээ алдартай өнөөх Пифагор байв. Эх газар бол бөмбөрцөг гэх “бөмбөрцөг дэлхийн үзлийг” хамгийн анх хэлсэн хүн бол Пифагор байсан юм.
Пифагор нь Милетийн ойролцоох Самосын аралд төрж, математикт суралцахаар Египедыг зорьдог. Тэндээсээ өмнөд Итали дахь колони Кротонд суурьшиж, нэгэн төрлийн шашны бүлгэм үүсгэнэ. Пифагор болон түүний дагалдагчид “хойд насны амьдрал” байдагт итгэн, алд бие гэх зуурдын хүлээсийг огоорон сүнсээ ариун байлгаж, хойд төрөлдөө дээд тэнгэрийн ертөнцөд очихыг залбирах болов. Ингээд нарийн чанд дүрэм журам тогтоож, хүсэл тачаалаас ангид гоонь амьдралыг сонгосон гэх боловч, түүний хажуугаар математикийг шимтэн судалцгаадаг байжээ. Математик бол туйлын үнэн хийгээд дэг журмыг илэрхийлэгч, тиймээс математикийг судалсанаар орчлон ертөнцийн үнэнийг мэдэж, сүнс ариусах болно хэмээн Пифагорчууд үздэг байлаа.
Пифагорчуудын хувьд түмэн бодисын архэ бол “тоо” байв. Бүхий л зүйлс хувьсан өөрчлөгдөж, төрсөн бол үхэж, үүссэн бол мөхдөг байхад зөвхөн тоо л үүрд мөнхөд оршин байдаг. Тиймийн учир математикийг ойлгосоноор огторгуйн зүй тогтолыг бүхэлд нь танин мэдэж чадах болно, гэж Пифагорчууд итгэдэг байв.
Тэгэхээр ингэтэл тоог шашин болгон шүтсэн Пифагор боловч, тэрээр “эх газар бол бөмбөрцөг хэлбэртэй” гэж анх хэлсэн нь, бөмбөрцөг бол хамгийн төгс хийгээд үзэсгэлэнтэй дүрс гэж үздэг байсантай нь холбоотой юм. Тойрог болон бөмбөрцөгийг үзэсгэлэнтэй хийгээд, төсөөлж болох хамгийн төгс хэлбэр хэмээх үзэл газар газрын иргэншилд ажиглагддаг. Энэ бол тойрог болон бөмбөрцөгийн тэгш хэмт шинжээс болдог зүйл гэгддэг. Хүн бид баруун зүүн тэгш хэмтэй зүйлийг хараад тэндээс геометрлог гоо үзэсгэлэнг мэдэрдэг. Харин дээд доод баруун зүүнгүй, хааш нь харуулж яаж ч эргүүлсэн хэлбэр нь үл хувирах тойрог болон бөмбөрцөг нь яриа байхгүй туйлын гоо үзэсгэлэн гэж хэлж болох биз ээ.
Ингэхэд далай гаталж худалдаа хийдэг байсан Грекчууд хөлөг онгоц боомтонд ойртон ирэх үед, эх газар уулын оргил зэрэг өндөрлөг хэсгээсээ харагдаж эхэлдэгийг мэддэг байв. Эсвэл, зарим газар оддын өндөр хүртэл өөрөөр харагддагийг анзаарсан байж. Эд бол эх газрыг хавтгай биш, нумарсан хэлбэртэй болохыг илэрхийлж байгаа юм.
Гэвч, үүнийг хараад эх газрыг төгс бөмбөрцөг гэлгүй хагас бөмбөрцөг гэж үзсэн ч болох л асуудал. Гэсэн ч Пифагор тийм бус, “эх газар бол төгс бөмбөрцөг хэлбэртэй” гэж үзсэн байна. Гэхдээ энэ бол логикоор бодож гаргасан дүгнэлт бус, “Ертөнц бол математиклаг үнэн хийгээд дэг журам, мөн математик гоо үзэсгэлэн дээр тогтсон байх учиртай” гэсэн хатуу итгэл үнэмшил дор бий болсон санаа байсан бололтой.
Түүнээс хойш 2000 жилийн хойно, Кеплер болон Ньютон нарын гараар эрхэс гаригийг агуулах бүхий л биетийн хөдөлгөөнийг хялбархан математик томъёогоор илэрхийлэх боломжтой нь тогтоогдоно. “Математик л ертөнцийн туйлын үнэн, дэг журам мөн” гэж үзсэн Пифагорын нугарашгүй итгэл үнэмшил гайхалтайгаар батлагдсан нь тэр байсан билээ.

Афиний мандалт ба их гурвал гарч ирсэн нь

Ингээд үйл явдал эртний Грекийн соёлын төв цэг болох Афин руу шилжинэ. Хуучин нэр нь Афенай бөгөөд, Милеттэй зэрэгцээд эртнээс цэцэглэн хөгжсөн полисуудын нэг.
МЭӨ 530 он, Милет зэрэг Иониа хүмүүсийн олон полисууд эртний Ираны супер эзэнт гүрэн Ахеменидын Персэд эзлэгдэнэ. Улмаар Перс нь Эгейн тэнгис дэхь худалдаанд ноёрхол тогтоохоор МЭӨ 5-р зуун гарахад гурван ч удаа их цэргийг Грек руу илгээв. Грекчууд, Афин болон Спарта зэрэг алдарт полисуудаар цөмөө хийсэн холбоотны арми үүсгэж угтан хориглосоноор, тэнд Персийн дайн дэгдэв. Марафон анх бий болсон гэх үйл явдалаар алдартай Марафоны тулалдаан, цаашлаад Саламын далайн тулаанд Грекийн холбоотны арми ялалт байгуулсанаар, Персийн довтолгоог зогсоож чадсан байдаг.
Саламын далайн тулаанд хөлгийн сэлүүрчин болж оролцсон ядуу ардууд Грекийг ялалтанд хүргэхэд том түлхэц болжээ. Тиймээс дайны дараа тэд улс төрийн эрх мэдэл нэхэх болов. Ингэж явсаар эмэгтэйчүүд болон боолчуудыг эс тооцвол бүх ард түмэнд улс төрийн эрх мэдэл олгогдож, ардчилсан тогтолцооны оргил үеэ угтсан Афин тийнхүү хөгжил цэцэглэлтийн туйлдаа хүрэв.
Гэвч бусад полисуудаас цоройн ялгарах Афинд хандсан дургүйцэл аажмаар ихсэж, улмаар МЭӨ 431 онд өрсөлдөгч цэргийн их гүрэн Спартагийн хооронд (Пелопонессийн гэгдэх) дайн өрнөж, Афин тэнд ялагдсанаар цаашдын уналтын зам нь эхэлнэ.
Эртний Грекийн философийн их гурвал гэвэл, таны сайн мэдэх өнөөх Сократ, Платон, тэгээд Аристотель билээ. Тэдний эхнийх нь болох Сократ гарч ирсэн нь Пелопонессийн дайны үеийн Афин юм. Сократ цэрэг болж Спартатай хийсэн дайнд оролцон, багагүй гавъяа байгуулсан гэдэг. Гэсэн ч Спартад ялагдан эзлэгдсэнээр ард түмний дунд улс төрийн болон нийгмийн тогтворгүй байдал гүнзгийрэв. Энэ цөвүүн үед Сократ нь “Үнэн гэж юу вэ?” гэдэг талаар эргэцүүлж, тухайн үеийн мэдлэгтэн гэгдэх хүмүүстэй харилцан ярилцаж, тэдний мухар сүсэг хийгээд буруу ойлголт, хоосон төөрөгдлийг илчлэн шившиглэх болов. Үүнээс болоод олон хүмүүсийн эгдүүцлийг өөртөө цуглуулж, улмаар “полисын шашныг үл тоож, залуусыг уруу татсан” гэх хэргээр цаазын ял заагдаж, хор уун амиа тасалсан гэдэг.
Сократын хувьд түүний анхаарлын төвд байсан нь хүний оршихуйн талаарх асуудал бөгөөд, огторгуй ертөнцийн тухайд бол огт юу ч өгүүлсэнгүй. Эсрэгээрээ бүр огторгуйн тухай яриаг “ярих ч хэрэггүй дэмий зүйл” хэмээн үл ойшоосон гэдэг.

Сонгино хэлбэрийн огторгуйг төсөөлсөн Платон

Харин Сократын шавь болох Платон нь одон орон болон сансрын онолын талаар гүн сонирхолтой нэгэн байв. Тэгээд ч тэр нь Платоны философийн мөн чанартай нарийн уялдаатай байсан юм.
Платоны философи нь, аливаа нэжгээд зүйлийн ард түүний мөн чанар болох “идей” оршин байдаг тухай Идейн онолыг цөмөө болгодог. Жишээлбэл, ширээ болгон нь, хүн тус бүр нь бүгд өөр өөр дүр төрх, хэлбэр хэмжээтэй байдаг ч, бид бүхэн ямар ч ширээг “ширээ” гэж ялгаж, ямар ч хүнийг “хүн” гэж таньдаг шүү дээ. Яагаад гэвэл, бид бүхэн “ширээний идей” болон “хүний идей”, өөрөөр хэлбэл ширээ гэж юу юм бэ, хүн гэж юу юм бэ гэдгийг мэддэг болохоор “энэ бол ширээ”, “энэ бол хүн” гэж таньж чаддаг. Арай өөрөөр хэлбэл, бодит ертөнцөд орших ширээ болон хүмүүс нь, өөр өөрийн идейгээс гарсан, түүний “төгс биш хуулбарууд” гэж хэлж болох юм.
Тэгээд, бидний оршин амьдрах энэ бодит ертөнц бол тэнгэрт орших идей ертөнцийн хуулбар бөгөөд, идей ертөнц л төсөөллийн хамгийн төгс ертөнц хэмээн Платон үзсэн байна. Тиймээс Платоны хувьд тэнгэр буюу сансар огторгуй нь түүний хүслийн газар байж, сансар огторгуйн бүтэц механизмыг судлах явдал бол хамгийн дээд идей гэгдэх “сайны идейг” хайх явдал байсан юм.
Ингээд цааш нь Платоны төсөөлсөн сансар огторгуйн тухай ярьхад, түүнийхээр бол огторгуй нь бөмбөрцөг газар төвд нь хөвж буй төрхтэй байв. Дэлхий юунд ч тулах явдалгүй хөвж байгаа шалтгааныг “огторгуй бүхэлдээ тэнцвэрт шинжтэй учир, түүний төв цэг дээр орших дэлхий нь хаашаа ч хэлбийлгүйгээр тогтвортой оршиж чаддаг” хэмээн тайлбарлав. Энэ бол өмнө ярьсан Анаксимандрын тайлбартай төстэй санаа юм. Нөгөөтэйгүүр, ертөнцийн бүтцийн тухайд гэвэл, тэр нь сонгинын хальс шиг олон давхаралдсан бөмбөлөг бүхий зүйл хэмээн төсөөлөв. Нар ба сар, эрхэс гариг болон одод бол тэдгээр тэнгэрийн бөмбөлөгүүдийн ханан дээр наалдсан байдаг ба, тэнгэрийн бөмбөлөгүүдийн эргэлтийг дагаад хөдөлж байдаг гэнэ.
Хамгийн гадна талын тэнгэрийн бөмбөлөгт нь тоогүй олон одод наалдсан байдаг. Түүнээс дотогш санчир, бархасбадь, ангараг гаригуудын бөмбөлөгүүд дараалан байрлаж, хамгийн дотор талд нь сарны бөмбөлөг байна. Энэ дараалал нь, тухайн гариг бүрийн харагдах хурдаар шийдэгдэв. Юмс ижил хурдаар хөдөлж байх тохиолдолд, хол байгаа нь ойр байгаагаасаа алгуурхан хөдөлж харагддаг шүү дээ. Тэндээс гариг бүрийн харагдах хурднаас нь түүний хол ойрыг нь тооцож, дээрхи дараалал дээр тогтсон аж.
Гэвч нар болон буд, сугар гаригуудын хурд нь харагдах байдлаараа төдийлөн ялгарахгүй. Чингүүт хамгийн тод гэрэлтэх нарыг сарны дараах дэлхийд ойрхон болгож, удаагаар нь тод харагдах сугар, тэгээд буд гэх дарааллыг бий болгов.
Ийнхүү төвд нь эх газар оршиж, түүнийг тойроод хэдэн тооны тэнгэрийн бөмбөлөгүүд бүрхэх “сонгино хэлбэрийн” огторгуйн модел бий болжээ. Хожим нь, нар бол бүх огторгуйг захирагч оршихуй учраас олон тэнгэрийн бөмбөлөгүүдийн голд нь орших учиртай гэж үзэх хүмүүс олширч иржээ. Ингээд нар буд хоёрын байрыг сольж, дэлхий талаасаа сар, буд, сугар, нар, ангараг, бархасбадь, санчир, одод гэсэн дарааллаар тэнгэрийн бөмбөлөгүүд байдаг хэмээх модел боловсров. Энэ дараалал нь дундад зууныг дуустал өрнөдөд түгээмэл ойлголт байсаар ирсэн билээ.



27 тэнгэрийн бөмбөлөг ээдрээтэйгээр эргэлдэх огторгуй

Платон “сонгино хэлбэрт” огторгуйн бүтцийг төсөөлсөн боловч, түүнд нь ноцтой нэг дутагдал байв. Энэ моделоор бол эрхэс гаригуудын хөдөлгөөнийг зөв тайлбарлаж чадахгүй байсан юм.
Гаригууд болон нар, тэгээд сар нь бараг дув дугуй тойрог замыг зуран, тэнгэрийн бөмбөлөг дээр нэгэн хэмнэлээр хөдөлж байдаг. Гэтэл хааяадаа тойрог замынхаа чанх эсрэг зүг чиглэн хөдлөх хачирхалтай гаригууд байдаг болохыг эртний Грекчүүд анзаарсан байж. Тэндээс грек хэлээр “тэнэмэл хүн” гэх утгаар “Планет” гэж нэрлэсэн нь өнөөгийн англи хэлний “planet” буюу гариг юм.
Үнэндээ гаригууд хачирхалтай хөдөлгөөн хийдэг нь, нарыг тойрч эргэх тойргийн хурд нь өөр хоорондоо болон дэлхийгээс ялгаатайд оршдог. Тойргийн хурд нь нарнаас хол байхын хэрээр удаан байдаг. Тийм учраас буд болон сугар нь үе үе дэлхийг гүйцэж түрүүлэн, эсрэгээрээ ангараг, бархасбадь болон санчир нь үе үе дэлхийд гүйцэгдэнэ. Энэ үед дэлхийгээс харахад тухайн гариг нь ердийнхөөсөө эсрэг зүг рүү хөдөлж байгаа юм шиг харагддаг. Машинаар явж байхад замын машиныг гүйцэж түрүүлэх үед, гүйцэгдэж байгаа машин яг л ухарч байгаа юм шиг харагддагтай ижил юм. Үүнийг гаригсын сөрөх хөдөлгөөн гэдэг.
Өнөөгийн бид дэлхий болон бусад гаригууд нарыг тойрч байдгийг мэдэх тул, гаригсын сөрөх хөдөлгөөнийг хялбархан тайлбарлаж чадна. Харин Платоны бодож олсон огторгуйн модел дээр суурилж, өөрөөр хэлбэл дэлхийг огторгуйн төвд хөдөлгөөнгүй оршиж байгаа гэсэн нөхцөл дор гаригсын сөрөх хөдөлгөөнийг тайлбарлах нь маш төвөгтэй байв. Ингээд Платоны шавь болох Евдокс тун ээдрээтэй моделийг дэвшүүлэв. Тэр бол нэг гаригийн хөдөлгөөнийг ялгаатай эргэлтийн тэнхлэг болон хурд бүхий олон тооны тэнгэрийн бөмбөлөгүүдээр тодорхойлох гэсэн санаа байв.
Жишээлбэл, 2 давхар тэнгэрийн бөмбөлөг байна гэж бодъё. Гадна талын бөмбөлөг нь яг хойд урд туйлын дагуу эргэлтийн тэнхлэгтэй байг. Харин дотор талынх нь түүнээс 30 градус хазайсан тэнхлэгээр гадна талынхтайгаа холбогдож, тэр тэнхлэгийнхээ дагуу эргэдэг байг. Тэгээд дотор талын бөмбөлөг дээр нэг гариг байна гэвэл, түүний тойрог зам нь ердийн дугуй хэлбэр биш, хавьгүй ээдрээтэй болж ирнэ (Гадна талын бөмбөлөг эргэхэд дотор талынх нь бас түүнийг дагаж эргэх боловч, өөрөө бас тэнхлэгээрээ эргэж байгаа). Ийм байдлаар олон тооны тэнгэрийн бөмбөлөгүүдийг холбож угсарвал, онолын хувьд ямар ч ээдрээтэй хөдөлгөөнийг дүрслэх боломжтой юм. Евдокс нь ийм аргаар нийт 27 тэнгэрийн бөмбөлөгүүдийн хөдөлгөөнийг холбож нийлүүлсэнээр гаригсын ээдрээтэй хөдөлгөөнийг тайлбарлажээ.


Огторгуй бол үүрд мөнх гэж хэлсэн Аристотель

Платон болон Евдоксын дэвшүүлсэн газар төвт огторгуйн моделийг Платоны шавь болох Аристотель өвлөн авав. Гэвч Аристотель багшийнхаа тайлбарыг байгаа чигээр нь хүлээж авалгүй, түүнийг даван гарахуйц шинэ огторгуйн онол бодож олжээ.
Ерөөс Аристотель нь “Бодит ертөнцөөс тусдаа газар идей ертөнц болохуйц зүйл огт байхгүй” гэж үзэн, Платоны Идейн онолыг шууд үгүйсгэв. Юмсын мөн чанар тэнгэр дээрх идей ертөнцөд байдаг бус, тэдгээр юмсад өөрт нь, түүний дотор нь бий хэмээн үзэж, энэ бодит ертөнцийг л бодитоор оршин байдаг гэж хэлсэн байна.
Тиймээс бодит ертөнц буюу байгаль ертөнцийг судалж, түүний дотор агуулагдах мөн чанар хийгээд зүй тогтолт шинжийг нь олж нээх явдал л Аристотелийн хувьд учир утгатай байв. Аристотель нь философи болон Этик (ёс зүй), Логик судлал зэрэг дээр нэмээд одон орон судлал ба цаг уур судлал, амьтан судлал гэх мэт байгалийн судалгаануудад ч үлэмж гавъяа байгуулан, “Бүх эрдэмийн эцэг” хэмээн дуулагдах болсон нь ийм учиртай билээ.
Аристотель бидний бодит ертөнцийг үндсэн 4 язгуур махбодоос бүрэлдэн тогтдог гэж үзэв. Тэр нь гал, агаар, шороо, тэгээд ус 4 юм. Эдгээр нь “халуун байна уу, хүйтэн байна уу” болон, “хуурай байна уу, нойтон байна уу” гэсэн харилцан эсрэгцэх хоёр туйлт шинжүүдийн хослолоос тогтоно. Ухаандаа, гал бол “халуун бөгөөд хуурай зүйл”, агаар бол “халуун бөгөөд нойтон зүйл”, газар бол “хүйтэн бөгөөд хуурай зүйл”, ус бол “хүйтэн бөгөөд нойтон зүйл” гэх байдлаар тодорхойлогдоно. Ингээд эдгээр 4 язгуур махбодыг элдэв харьцаагаар хольсоноор, ертөнц дээрх түмэн бодисуудыг гаргаж авч болноо гэж сэтгэв.
Харин тэнгэрийн ертөнц бол үүнээс тусдаа. Тэнгэрийн ертөнц нь 5 дахь язгуур махбод болох Эфир гэгчээс бүрэлдэн тогтох тусгай ертөнц хэмээн Аристотель үзэв. Идей ертөнцийг төсөөлсөн Платоноос өөр утгаар, Аристотель тэнгэрийг тусгайлан авч үзсэн нь энэ байсан юм.
Эфир гэх нэр бол “үргэлж давхиж байдаг” гэх утгатай грек хэлний Айфер гэдэг үгнээс гаралтай. Одод нь огт амрах явдалгүйгээр үргэлжид хөдөлж байдгийг илэрхийлж өгсөн нэр юм. Газар дахь бодисууд нь хэлбэрээ өөрчилж, хувирч бас устаж байдаг бол, эфир нь үүсэх ч явдалгүй, устах ч явдалгүй тусгай махбод юм хэмээн Аристотель үзжээ. Тэгээд эфирээс бүтсэн тэнгэрийн ертөнцийг, өөрөөр хэлбэл сансар огторгуйг үүрд мөнхийн өнгөрсөнөөс үүрд мөнхийн ирээдүй хүртэл үргэлжлэх, мөхөшгүй үүрд мөнхийн оршихуй хэмээн өргөмжилсөн байна.

Хамгийн гадна талын бөмбөлөгийг эргүүлэх
“үл хөдлөх хөдөлгөгч”

Ийнхүү, сансар огторгуйн тухайд Аристотель нь Платоны “сонгино хэлбэрт” моделийг өвлөн авчээ. Энэ бол эх газар нь огторгуйн төв бөгөөд, түүний эргэн тойронд нар ба сар, гаригс болон оддын гэх тэнгэрийн бөмбөлөгүүд эргэлдэж байдаг гэсэн огторгуйн төсөөлөл юм.
Гэхдээ, эх газар ертөнцийн төвд оршдогийн шалтгааны талаар, Аристотель нь Платоноос өөр тайлбар хэлсэн байдаг. Тэр нь, “Шорооноос бүтсэн эх газар нь хүнд учраас, огторгуйн аль хэсгээс ч илүү доор байрлах ёстой. Тийм учраас дэлхий нь огторгуйн төвд тогтворжин байрладаг” гэж үзсэн байна. Хүнд бодисууд нь огторгуйн төв рүү чиглээд “унацгааж”, хөнгөн бодисууд нь эсрэг чиглэл рүү “хөөрдөг” шинж чанартай тул, шорооноос бүтсэн хүнд дэлхий нь огторгуйн төвд байрладаг юм, гэсэн логик. Тэгэхээр Аристотель нь биетийн хөдөлгөөний хуулинд тулгуурлаж, огторгуйн бүтцийг тайлбарласан байх нь.
Үүнийг тэнгэрийн ертөнц дээр ч хамаатуулан хэлж болно. Эх газар дээр биетүүд унах болон хөөрөх зэргээр “шулуун хөдөлгөөн” хийдэг бол, тэнгэрийн ертөнцөд “тойрог хөдөлгөөн” нь үндсэн хөдөлгөөн болдог. Эфир гэдэг үүрд мөнхийн язгуур бодисоос бүтсэн одод нь тойрог хөдөлгөөн гэдэг хэзээ хүртэл ч үргэлжлэх хөдөлгөөнийг үүрд мөнх хийж байдаг нь, сансар огторгуйн үнэн төрх хэмээн айлджээ.
Дашрамд хэлэхэд, Евдокс 27 ширхэг тэнгэрийн бөмбөлөгөөс тогтох огторгуйг бодож олох үедээ, бодит байдал дээр огторгуйд яг тийм бөмбөлөгүүд байдаг гэж үзсэнгүй. Түүний модел бол ердөө л гариг эрхэсүүдийн хачирхалтай хөдөлгөөнийг тайлбарлах зорилготой математик аргачилал төдий зүйл байсан бололтой. Зүйрлүүлж хэлбэл, дэлхий дээрх газарзүйн байрлалыг тоогоор нарийн илэрхийлэхийн тулд, дэлхийн гадарга дээр бодитоор зурагдан оршдоггүй уртраг, өргөрөг гэх мэт шулууныг хийсвэрээр оруулж ирдэгтэй адилхан юм. Харин Аристотелийн хувьд, тэнгэрийн бөмбөлөгүүд нь үнэхээр оршин байдаг бөгөөд, тэр нь болор хавтан шиг зүйлс хэмээн сэтгэжээ. Тэгээд Евдоксийн моделийг сайжруулж, нийтдээ 56 ширхэг тэнгэрийн бөмбөлөгүүд нарийн төвөгтэйгээр эргэлдэн хөдлөх огторгуйг төсөөлөн дэвшүүлсэн байдаг.
Аристотелийн моделоор бол хамгийн гадна талын бөмбөлөгийн эргэлт нь түүний дотор талын бөмбөлөгт нь нөлөөлж, түүний эргэлт нь бас дахин дотогшоогоо нөлөөлөх байдлаар дамжсаар, бүх тэнгэрийн бөмбөлөгүүд эргэлдэж байдаг гэнэ. Тэгвэл хамгийн гадна талын бөмбөлөг, өөрөөр хэлбэл тоогүй олон одод наалдсан “одны тэнгэр” хэрхэн эргэдэг юм бол? Аристотель одны тэнгэрийг хөдөлгөх оршихуйн тухай сэтгэж, түүнийгээ Үл хөдлөх хөдөлгөгч хэмээн нэрлэв. Өөрөө хөдлөлгүйгээр бусдыг хөдөлгөх тул тийн нэрлэжээ. Энэхүү “үл хөдлөх хөдөлгөгч” л тэнгэрийг хөдөлгөгч хүч бөгөөд, ертөнц дээрх бүхий л хөдөлгөөнүүдийн анхдагч шалтгаан юм гэх нь нэг ёсны Аристотелийн механикийн онол байсан юм.


Соёлын шинэ төв цэг Александр

Сократ, Платон, Аристотелийг төрүүлсэн Афины буурал гялбаа ч тийнхүү бөхөх цагтаа тулж ирэв. Афиныг оролцуулаад Грекийн олон полисууд МЭӨ 338 онд, II Филиппийн манлайлах Грекийн хойд зүгийн Македоны хаант улсад эзлэгдэн, түүний цэргийн сүрэнд дарагдав.
II Филиппийн хүү бол, Аристотель гэрийн багш нь байсан мөнөөх алдарт Александр их хаан юм. Их хаан Египед болон Персийг буулган авч, цаашлаад Инд мөрнийг гатлан дорно зүгийг дайлаар мордож, өрнөөс дорно хүртэл 4500 км газрыг эзэгнэсэн аварга том эзэнт гүрнийг цогцлоов.
Энэхүү дэлхийн эзэнт гүрэн бий болсоны нөлөөн дор Грекийн үзэл санаа дорно зүгт дамжигдаж, өрнө дорнын соёлын харилцаа өргөжин хөгжсөн байна. Энэ үеийг, эсвэл өрнө дорнын энэхүү нийлмэл соёлыг, Грекчуудийн өөрсдийгөө дуудах “Хеллэнэс” хэмээх нэрнээс улбаалан Эллинизм гэж нэрлэдэг. Ингэхэд өнөө үеийн Грек улсын албан ёсны нэр нь “Хеллэникийн бүгд найрамдах улс” (Hellenic Republic) бөгөөд, Грек гэдэг нь ердөө л нэг албан бус түгээмэл нэр төдий болохыг та мэдэх үү? Грек гэдэг нэр бол латин хэлний “гялалзах орон” гэх утгатай “Graecia” гэдэг үгнээс гаралтай юм.
Их хаан Александр МЭӨ 323 онд зуурдаар нас нөгчихөд, дэлхийн эзэнт гүрэн нь түүний албат түшмэдүүдийн гараар Македон, Сир, Египед болон хуваагдана. Үүнээс хойш Афинтай солигдон соёлын төв цэг болсон нь Египедийн шинэ нийслэл Александр хот юм. Египедийг захирагч I Птолемей нь их хаан Александрын нэгэн адил Аристотелийн шавь байсан хүн тул, мэдлэгийн салбар болон соёлыг тэтгэн дэмжиж хамгаалалтандаа авсан гэдэг.
Александр хотод Мусейон (хожим үүнээс музей гэдэг үг үүссэн) гэх хааны судалгааны төв болон, дэлхийн хамгийн том 700,000 аар тоологдох сан хөмрөгтэй номын сан зэргүүд байгуулагдаж, олон судлаач мэргэд эрдэм номонд шамдах болов. Геометрийг системчилэн босгосон математикч Евклид болон, шингэн доторх хөвөх хүчний хэмжээг тооцдог “Архимедийн зарчимаараа” алдартай математикч, физикч Архимед зэрэг нь тэдний төлөөлөл билээ.

Сар ба нарны хэмжээг хэмжсэн Аристарх

Эллинизмийн үеийн шинжлэх ухаанд Афины үеийнхээс ялгагдах онцлог ажиглагддаг. Тэр нь, онолоос илүү ажиглалт болон туршилтыг чухалчлах, мөн математикийн аргачилалыг өргөнөөр ашиглах явдал байлаа.
Одон орон судлал ч бас тэр жишгээр хөгжив. Эрхэсүүдийн байрлал ба өндөр, овор хэмжээ зэргийг хэмжихийн тулд төрөл бүрийн хэмжигч багаж хийгдэх болов. Түүгээр хэмжиж олсон мэдээлэлдээ геометр анализ хийх замаар Эллинизмийн үеийн одон орончид сансар огторгуйн бүтэц механизмыг нээхийг оролдож байлаа.
Тэдгээрийн анхдагч болсон нь “эрт цагийн Коперник” гэгдэх Аристарх юм. Аристарх нь сар ба нарны хэмжээг хэмжиж, нар нь маш том болохыг мэдээд, огторгуйн төвд байдаг нь дэлхий бус нар ч байж мэдэх юм хэмээн сэтгэсэн гэдэг. Өөрөөр хэлбэл, Аристарх нь Коперникээс даруй 1800 жилийн өмнө “Тэнгэр төвтэй ертөнцийн үзлийг” төсөөлөн бодсон хүн юм.
Аристархын нар сарыг хэмжсэн аргыг энд тайлбарлая. Эхлээд Аристарх нь сар хиртэлтийг ажигласан байна. Сар хиртэлт гэдэг нь сар дэлхийн сүүдэрт халхлагдах явдал боловч, Аристарх үүнийг сайн мэдэж байлаа. Бүтэн сар хиртэлтийн үед сар нь дэлхийн сүүдэрт аажмаар халхлагдсаар, яваандаа бүхлээрээ алга болж, хэсэг хугацаа өнгөрөхөд дахин үзэгдэж эхлэн төрхөндөө ордог. Эндээс, сар нь дэлхийн сүүдрээс жижигхэн, өөрөөр хэлбэл дэлхийгээс жижигхэн болохыг барагцаалж болно. Аристархын ажиглалтын үр дүнд сар нь ойролцоогоор дэлхийн 1/3-тэй тэнцүү хэмжээтэй гэж тооцоолов. Бодитоор сар нь дэлхийн 1/4 гэдэгтэй харьцуулбал муугуй баримжаалжээ гэж хэлж болно.
Дараа нь Аристарх сарны хэмжээг харааны өнцөгөөр 2 хэм гэж тооцоолов. Тэгэнгүүт, дэлхийгээс сар хүртлэх зай нь дэлхийн 1/3 тэй тэнцүү хэмжээний сарыг хаа хүртэл хол тавьхад түүний харагдах өнцөг нь 2 хэм болж харагдах вэ гэсэн геометрийн бодлого болох тул, тооцоод үзтэл тэр нь дэлхийн диаметрээс ойролцоогоор 10 дахин урт гэж гарчаа.
Гэвч үнэндээ бол сарны хэмжээ нь харааны өнцөгөөр 0.5 хэм байдаг. Үүгээр зөв тооцоолох юм бол сар хүртлэх зай нь дэлхийн диаметрээс 30 дахин урт болно. Аристархийн үр дүн бодит байдлаас нэлээн том зөрсөн боловч, ажиглалт болон тооцоогоор эрхэсийн хэмжээ, огторгуйн хэмжээг шинжлэх ухаанчаар хэмжих гэж оролдсон явдалын ач холбогдолыг үнэлээд баршгүй гэлтэй.

Том нарыг жижиг дэлхий тойрох огторуйн үзэл

Үргэлжлүүлээд Аристарх нь дэлхийгээс нар хүртлэх зай болон сар хүртлэх зайны харьцааг тооцохын тулд гайхамшигтай санаа бодож олов. Сар яг тал хэлбэртэй болох үед, нар түүнийг чанх хажуу талаас нь гэрэлтүүлж байдаг. Энэ үед дэлхий, нар, сар 3 аар орой хийсэн гурвалжин байгуулбал, сарны орой нь тэгш өнцөг буюу 90 хэм байна. Эндээс дэлхий оройн өнцөгийн хэмжээ, өөрөөр хэлбэл, дэлхийгээс харагдах нар ба сарны хоорондох өнцөгийг хэмжиж чадвал, автоматаар нарны оройн өнцөгийн хэмжээ бас олдоно. Үүгээр гурвалжины 3 оройн өнцөгийг мэдэж болох тул, төсөөтэй гурвалжин зурах боломжтой болж, гурвалжины талуудын харьцааг, өөрөөр хэлбэл дэлхийгээс нар хүртэл зай болон сар хүртлэх зайн харьцааг мэдэж чадах юм.
Үдээс хойш нар хэлбийх үед дээд хагас нь цайрах сар зүүн тэнгэрт хүрээлж, өглөөгүүр доод хагас нь цайрах сар баруун тэнгэрт үлдэх байдлыг та үзсэн биз. Аристарх энэ үеийн нар ба сарны хоорондох өнцөгийг хэмжин 87 хэм гэсэн тоо гаргаж аваад, дэлхийгээс нар хүртлэх зай нь сар хүртлэхээс ойролцоогоор 20 дахин урт гэж тооцоолсон байна. Гэвч жинхэнэ өнцөгийн хэмжээ нь 89.5 хэм байдаг бөгөөд, нар хүртлэх зай нь сар хүртлэх зайнаас 390 дахин урт байдаг. Үл ялиг өнцөгийн зөрүүнээс ийм том уртын ялгаа үүсдэг ч, өнцөгийг зөв хэмжинэ гэдэг үнэндээ хэцүү зүйл тул яалтай ч билээ.
Юутай ч, Аристархын тооцсоны дагуу дэлхийгээс нар хүртлэх зайг сар хүртлэх зайнаас 20 дахин урт гэж бодъё. Дэлхийгээс харахад, нар ба сарны харагдах хэмжээ нь бараг тэнцүү учир, сарнаас 20 дахин хол орших нарны бодит хэмжээ нь, сарныхаас 20 дахин том гэсэн үг болно. Нөгөөтэйгүүр, өмнө ярьсан сар хиртэлтийн ажиглалтаас, сар нь дэлхийгээс 3 дахин жижигхэн гэж Аристарх тооцоолоод байсан. Гээд үзвэл, дэлхий нь сарнаас 3 дахин том бөгөөд, нар нь сарнаас 20 дахин том гэхээр, нар нь дэлхийгээс ойролцоогоор 7 дахин том гэсэн тооцоо гарахад хүрнэ. Үнэндээ бол нар нь дэлхийгээс 107 дахин том л доо.
Гээд 7 дахин ч бай, 107 дахин ч бай, нар нь дэлхийгээс хамаагүй том л юм бол, огторгуйн төвд байвал зохилтой нь нар бус уу гэж сэтгэсэн нь Аристархын “Тэнгэр төвтэй ертөнцийн үзлийг” гаргаж ирэх шалтгаан байв. Гэвч, дэлхий нь нарыг тойрч эргэж байгаа юм гэвэл, яагаад дэлхий дээрх бидэнд дэлхийн хөдөлгөөн мэдрэгддэггүй юм бэ гэдгийг хэн ч тайлбарлаж чадсангүй. Аристарх өөрөө ч гарцаагүй нар огторгуйн төвд байх ёстой гэж ам гарах явдалгүйгээр, “газар төвтэй ертөнц” ч “тэнгэр төвтэй ертөнц” ч математикийн хувьд тайлбарлах боломжтой юм гэх байдлаар тэмдэглэн үлдээсэн гэдэг. Тиймдээ ч “математикаар бол тэнгэр төвтэй ертөнцийн модел байж болох ч, бодитоор бол хэрхэвч тийм байх учиргүй” гэгдэн хожмын хүмүүст үл тоогдоод өнгөрчээ.


Хиппархын нээсэн дэлхийн прецесслэх хөдөлгөөн

Аристархаас 1 зууны дараа нэр алдраа мандуулсан нь, эртний Грекийн хамгийн мундаг одон оронч гэгдэх Хиппарх байлаа. Хиппарх нь Эгейн тэнгисийн өмнөд хэсэгт орших Лодосс арал дээр 40 жилийн турш өндөр нарийвчлалтай одон орны ажиглалт судалгаа хийж, олон ажил хийж үлдээжээ.
Түүний анхны том ажил бол шилжилтийн өнцөг ашиглан сар хүртлэх зайг нарийвчлалтай хэмжсэн явдал байв. Шилжилтийн өнцөг гэдэг нь “тухайн нэг биетийг хоёр өөр байрлалаас харах үеийн өнцөгийн зөрүүг” хэлдэг. Жишээ нь, нүүрнийхээ өмнө хуруугаа гозойлгоод, баруун зүүн нүдээ ээлжилж аниад харвал, хуруу болон арын дэвсгэр хоёрын байрлал баруун зүүн нүдний хооронд нэлээдгүй өөрчлөгдөх болно. Энэ бол баруун зүүн нүдний хоорондох шилжилтийн өнцөг юм.
Хиппарх нь дэлхий дээрх ялгаатай хоёр газраас нэгэн зэрэг сарны төвийг харж, түүний шилжилтийн өнцөгийг хэмжив. Шилжилтийн өнцөг дээр нэмээд, тухайн 2 газрынхаа хоорондын зайг мэдэж байвал, тригнометрын аргыг хэрэглэн сар хүртлэх зайг тооцоолж болно. Хиппархын тийн хэмжсэнээр сар хүртлэх зай нь дэлхийн радиусаас ойролцоогоор 59 дахин урт болов. Бодитоор сар хүртлэх зай нь дэлхийн диаметрээс 30 дахин урт, өөрөөр хэлбэл радиусаас 60 дахин урт гэхээр, гайхамшигтай нарийвчлалтайгаар хэмжсэн болох нь харагдана.
Мөн Хиппарх нь нарийвчлалтай оддын газрын зураг буюу одны бүдүүвч зургийг бүтээв. Ойролцоогоор 850 одны байрлалыг тэмдэглэж, хамгийн тод 20 одыг 1-р зэргийн од, арай чүү харагдах бүрэлзсэн одыг 6-р зэрэг болгон, оддыг гэрэлтэлтээс нь хамааруулан 6 шатлалд хуваасан байна. Энэ бол өнөө үед ч хэрэглэгддэг одны шаталбарын эхлэл юм. Өнөө үед 1 шаталбараар зэрэг өөрчлөгдөхөд түүний гэрэлтэлт нь ойролцоогоор 2.5 дахин, 5 шаталбараар өөрчлөгдөхөд гэрэлтэлт яг 100 дахин өөрчлөгдөнө хэмээн нарийвчлан тодорхойлсон байдаг.
Ингээд, Хиппархын гүйцэтгэсэн хамгийн том ажил бол дэлхийн Прецесслэх хөдөлгөөнийг (precession) нээн илрүүлсэн явдал юм. Дэлхий нь өөрийн тэнхлэг дээрээ эргэлдэж байдаг боловч, эргэлт нь суларсан удган ээрүүл тэнхлэгээрээ даялан хөдөлж эхэлдэгийн адилаар,  дэлхий ч бас өөрийн эргэлтийн тэнхлэгийг алгуурханаар өөрчилж байдаг. Үүнийг прецесслэх хөдөлгөөн гэдэг.
Прецесслэх хөдөлгөөнөөс болоод тэнгэрийн хойд тулын байрлал бага багаар өөрчлөгдөж байдаг. Өнөө үед тэнгэрийн хойд туйл нь Шаргын одны ордны (Ursa minor) Альфа одны яг харалдаа чиглэж буй бөгөөд, бид тэр одыг зүг чигийг заагч Алтан гадас хэмээн өргөмжилдөг. Үнэндээ Хиппархыг амьдарч байх цаг үед хойд туйл нь Алтан гадасаас нэлээд өөр чигтэй байсан юм. Дашрамд хэлэхэд одоогоос 7000 жилийн ирээдүйд Хунгийн одны ордоны нэгдүгээр од Денеб, 12000 жилийн дараа гэхэд Тэнгэрийн сан одны ордоны (Lyra) нэгдүгээр од Вега нь хойд туйлтай давхцах болно. Тэр үед Алтан гадас маань зүгээр л “Гадас” гэж дуудагдах болов уу?


Хамгийн оргил одон орны бүтээлийг бүтээсэн Птолемей

Цаг үе урсаж, энэ удаа эртний Ромын үетэй золгов. МЭӨ 3-р зуунаар Италийн хойгийг нэгтгэсэн Ром нь Грекийг харъяандаа оруулан, Газар дундын тэнгисийг бүхэлд нь эзлэн тогтоно. МЭӨ 1-р зуун болоход дотоодын самуун өрнөж, баатар Цезарийн дарангуйлал хийгээд түүний нууц аллага зэрэг үймээнүүд шил даран үргэлжлэв. Гэвч Цезарийн өргөмөл хүү Октавиан өөрийн улс төрийн өрсөлдөгч болох Антони болон Египедийн Клеопатра хатан хаан нарыг буулгаж авсанаар эрх мэдлийг гартаа авна. МЭӨ 27 онд Август (оройн дээд) гэх цол хүртсэн Октавиан нь эзэн хаан болсоноор Ромын эзэнт гүрэн төрөн гарав. Үүнээс хойш Ромын эзэнт гүрэн нь даруй 400 жилээр урт удаан оршин тогтносон билээ.
Ромчууд барилга байгууламж зэрэг практик шинжлэх ухаан болон технологийг чухалчилж, өдөр тутмын аж амьдралд нь хэрэг болохгүй Грекийн философи болон огторгуйн онол зэргийг үл ойшоох болов. Тиймээс одон орон ердөө л нарийвчлалтай цаг тооны бичиг зохиох хэрэгсэл төдийхөнөөр ашиглагдаж байлаа. Өмнөх бүлэгт ярьсан Юлийн хуанли нь энэ үеийн бүтээл юм. Харин огторгуйн бүтэц зэргийн талаар бодлоо чилээх одон орончид туйлын цөөхөн болжээ.
Ийм цаг үед гарч ирсэн суут одон оронч бол Ромын эзэнт гүрний захиргаан доорх Александр хотод ажиллаж амьдарч байсан Птолемей юм. Англи уншлагаар нь Толеми (Ptolemy) гэх нь ч бий. Үнэндээ энэ хүн бол, Египед хүн гэхээс өөрөөр бараг юу нь ч тодорхойгүй нууцлаг нэгэн юм.
Птолемей нь уналтанд орсон одон орон судлалыг дахин сэргээж, өндөр нарийвчлалтай эрхэсийн ажиглалт судалгааг өрнүүлэв. Мөн Хиппархын ажил бүтээлийг ухан судалж, түүний гайхамшигт уулга алдан биширч, Хиппархын судалгааны агуулгаар цөмөө хийсэн одон орны ухааны эмхэтгэл сурах бичиг “Альмагест” гэх номыг туурвижээ. Альмагест гэдэг нь “Хамгийн оргил судар бичиг” гэсэн утгатай юм.
Птолеймей уг номондоо Аристотелийн төсөөлсөн сонгино хэлбэрт огторгуйгаас ялгаатай огторгуйн төрхийг дүрслэн үлдээжээ. Тэр бол Эпицикл моделийн огторгуйн үзэл гээч байсан юм.
Аристотелийн сонгино хэлбэрт огторгуйн модел нь нар ба сар, гаригсын ээдрээтэй хөдөлгөөнийг чадмаг тайлбарлаж байсан хэдий ч, түүнд өөр нэг том асуудал байв. Тэр нь, гаригсын гэрэлтэлт өөрчлөгдөх явдалыг хэрхэн тайлбарлах вэ гэдэг байв. Гариг нь дэлхийтэй цуг нарны нэг талд байх үед гариг ба дэлхийн хоорондох зай нь ойрхон байх тул, дэлхийгээс харахад тухайн гариг нь тод хийгээд том харагдана. Гэтэл гариг нь нарны цаад талаар явж байх үед, дэлхийгээс хол болох тул үзэгдэх төрх нь ч жижигхэн бүдэг болж ирдэг. Гэтэл Аристотелийн сонгино хэлбэрт модел дээр, гаригс нь дэлхийгээр төвөө хийсэн тэнгэрийн бөмбөлөг даган хөдлөх тул, дэлхий болон гаригсын хоорондын зай хэзээ ч өөрчлөгдөх учиргүй болж, үзэгдэх байдлын өөрчлөлтийг тайлбарлах боломжгүйд хүрнэ.
Энэ асуудлыг шийдэх зорилгоор нэрэгдэн гарч ирсэн мэргэн санаа бол Эпицикл модел байв. Юуны өмнө, гаригууд дэлхийгээр төвөө хийсэн энгийн тойрог хэлбэрийн хөдөлгөөн хийх бус, эпицикл гэгдэх бяцхан тойргийн дагуу эргэлдэж байдаг хэмээн сэтгэв. Харин тэр эпициклийн төв нь дэлхийгээр төвөө хийсэн деферент гэх том тойргийн дагуу эргэлдэж байдаг гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл, гаригс нь бяцхан тойрог зурангаа том тойрон зуран “давхар эргэлт” хийн урагшилж байдаг гэсэн үг юм. Үүний нөлөөгөөр эпицикл тойрог дээрх гариг нь дэлхийд ойртож бас холдож байдгаар түүний тодорч бүдгэрч харагддагийг тайлбарлаж болно.
Эпицикл модел нь маш ээдрээтэй нарийн бүтэцтэй хэдий ч, түүнд гайхалтай нэг давуу тал байлаа. Тэр бол гаригсын сөрөх хөдөлгөөнийг хялбархан тайлбарлах боломжтой явдал юм. Гаригс нь том деферент тойргийн дагуу хөдлөх учир ерөнхийдөө бол үргэлж нэг зүгт чиглэх боловч, зэрэгцээд бяцхан эпицикл тойргийн дагуу эргэлдэж байх тул, чиглэх зүг нь үе үе эсрэг тийшээ харах явдал гарах юм.

“Рациональ” гэх хүний мөн чанар

Фалесаас эхлээд Птолемей хүртэл, эртний Грекээс Эллинизм, тэгээд эртний Ром хүртлэх огторгуйн тухай үзлийг нэг амьсгаагаар танд толилууллаа.
Дахин хэлэхэд, эртний Грек хүмүүсийн бодож төсөөлсөн тэр огторгуй ертөнц бол үнэхээр гойд онцгой зүйл байсан гэж хэлж болно. Бусад улс үндэстэнүүд цөм үлгэр домгийн шинжтэй байгаль огторгуй дунд амьдарч байх тэр цаг үед, зөвхөн Грекчууд л рациональ огторгуйн тухай төсөөлж чадсан явдал бол туйлаас гайхалтай явдал байсан юм.
Хэрвээ эртний Грекийн огторгуйн тухай үзэл байгаагүйсэн бол, бид бүхэн 21-р зууны өнөө үед ч мөнөөх л үлгэр домгийн огторгуй ертөнц дотроо амьдарч байх байсныг ч үгүйсгэмгүй санагдана. Эцсийн эцэст эх газар огторгуйд хөвж байдаг гэх уран төсөөлөл ч, бөмбөрцөг дэлхийн үзэл ч, тэнгэр төвтэй ертөнцийн үзэл гээд цөм Грекчүүдээс гарсан санаа шүү дээ.
Түүнээс гадна, эртний Грек хүмүүсийн бодол сэтгэлгээний талаар дурсах үед өөр нэг анхаарал татах зүйл бий. Тэр бол, хүн гэдэг бол уул шугамандаа “рационалиар сэтгэдэг” шинжтэй амьтан болох тухай юм.
Эзэд ноёдын тулгасан үлгэр домгийн ертөнцийн үзлээс мултармагц, Грекчууд өөрсдийн толгойгоороо, рациональ бодол сэтгэлгээг уралдуулан бодит ертөнцийн үнэн төрхийг мэдэхээр бясалгасан юм. Энэ бол хүн гэдэг мөн чанартаа аливаа зүйлд рациональ сэтгэлгээгээр хандах чадварыг өөртөө агуулдаг учиртайг илэрхийлнэ.
Ердийн үед “Энэ яасан рациональ нөхөр вэ?” гэж ярих нь, сэтгэлгүй хүйтэн, хүнлиг чанараар дутмаг гэх талын өнгө аястайгаар ойлгогддог шүү дээ. Гэвч үнэндээ бол, “рациональ” байх явдал л хүний үндсэн мөн чанар бөгөөд, хүн бол хэзээд рационалиар л сэтгэдэг амьтан юм.
Грекийн рациональ огторгуйн үзэл нь явсаар дундад зууны харанхуй үед ирээд урт удаан булагдан дарагдах болно. Гэвч тэр нь дахин нар харж, орчин үеийн шинжлэх ухаан мэндлэх тэр үед гол дүрд оройлон тоглосон нь мөн л хүний “рациональ шинж” байсан юм. Энэ тухай дараагийн бүлэгтээ ярьж өгөх болно.
Ингээд энэ үдшийн яриагаа үүгээр өндөрлөе. Сайхан амраарай.




2 comments:

  1. gaihaltai goy bichleg bna. thanks

    ReplyDelete
  2. Anonymous23/7/16 12:10

    dajgui boljee

    ReplyDelete