2014/05/28

Нойр хулжаам сансар огторгуй - Хоёр дахь шөнө



II. Бурханы бүтээсэн сансар огторгуй

Автын осолд өртөмтгий ордон

Энэ үдэш танд эртний хүмүүсийн төсөөлж ирсэн сансар огторгуйн тухай ярьж өгье.
Ингэхэд танаас санаандгүй асуухад, та ямар ордонд төрсөн бэ? Жинлүүрийн ордон болон бумбын ордонд төрсөн бол авто машин жолоодож явахдаа бага зэрэг анхааралтай явахад илүүдэхгүй байж мэднэ шүү. Дээрхи ордны хүмүүс автын осолд өртөмтгий юм гэнэ лээ.
Өмнө ярьсанчлан, тэнгэрийн үзэгдэлээс аз эзээ тольдох одон зурхайн урлаг бол хуанли зохиохтой эн зэрэгцэн эртний одон орончидын хувьд чухал ажил байжээ. Ерөөс эрт цагт, одон зурхай ч, одон орон ч Англи хэлэнд “тэнгэрийн тухай ухаан” гэсэн утгаар Астрологи (Astrology) гэж нэрлэгддэг байж. Тэндээс хожим хойно од гаригсын хөдөлгөөн зэрэг зүй тогтол нь илэрхий нотлогдсон хэсгийг нь тэнгэрийн (astro) зүй тогтол (nomos) судлах ухаан болгон салгасан байна. Тэр нь явсаар өнөө цагийн одон орон судлал гэсэн утгатай Астроном (Astronomy) болсон учиртай юм.
Шинжлэх ухаан хөгжсөн өнөө үед ч одон зурхайн урлагаас эхлээд зүсэн зүйлийн мэргэ төлөг амь бөхтэйгээр олны дунд түгсээр байна. Өглөөний телевизийн хөтөлбөр болон олон янзын сэтгүүл дээр гарцаагүй гэж хэлэхүйцээр заавал тэнд “өнөөдрийн зурлага” ч юм уу, “энэ сарын юуны ч юм төлөг” гэхчилэн булангууд байдаг. Тэдгээр нь ч телевиз үзэгчидийн тоо болон сэтгүүлийн борлуулалтанд багагүй нөлөө болдог гэхээр, нээрээ л гайхмаар. Тэгээд бид нар ч тиймэрхүү зүйлд туйлаас итгээд байдаг биш хэрнээ л яагаад ч юм тийшээ анхаарал чиглэж, сайхан зүйл бичсэн байвал тэрүүхэндээ бас олзуурхах нь бий.
Мэргэ зурхайд жирийн хувь хүмүүс баярлаж гомдохыг яая гэхсэн. Гэтэл саяхан гайхмаар нэгэн мэдээг сонссон юм. Канадад даатгалын судалгааны үйлчилгээ эрхэлдэг нэгэн компани, автын осолд өртөмтгийн ордон байдаг тухай илтгэл бичиж зарласан гэнэ. Тэрхүү компаний захирал болох буурь суурьтай насанд хүрсэн эрхэм тоглоом наргиангүй нухацтай гэгч нь ийн ярьж байна:
- Даатгалын компаниуд даатгалын хураамжаа тогтоохдоо үйлчлүүлэгчийн амьдарч байгаа газар болон машины төрөл зэрэг олон хувьсагчийг харгалзан үздэг. Гэвч эмгэнэлтэй нь, тухайн хүний төрсөн ордон гэдэг хамгийн чухал элементийг огт хайхардаггүй.
Уг илтгэлд бичсэнээр бол, хамгийн осолд өртөмтгий нь жинлүүрийн ордоны жолооч нар бөгөөд, шалтгаан нь гэвэл “Жинлүүрийн ордоныхон баланс болон найрлагыг чухалчлах тул, яаравчлан шийдвэр гаргахаас зайлсхийдэг” юм байх. Түүний араас “Огцом зан авиртай” бумбынхан, “Өөрийгөө дээгүүрт тавигч” хониныхон гээд үргэлжилнэ. Инээмээр ч юм шиг хэрнээ, үнэхээр төрсөн ордоноос болоод даатгалын хураамж маань өөрчлөгддөг болчихвол тун ч инээгээд өнгөрөхийн аргагүй л болох болов уу.
Бичигч би зурхайг төдийлөн үл хайхрагч нэгэн тул, төрсөн ордоноос шалтгаалж зан чанар хийгээд төөрөг тавьлан шийдэгддэг мэтийн яриаг “амны зугаанаас” илүүгээр бодох нь үгүй. Харин эртний хүмүүсийн огторгуйн тухай үзэл дээр суурьлах тэрхүү одон зурхай нь одоо ч орчин үеийн соёлт бидний сэтгэлгээ болон үйл хөдлөлд ингэтэл нөлөөлж байна гээд бодохоор, хүн болон сансар огторгуйн хоорондох нягт холбооны илрэл гэдэг талаасаа үнэхээр гайхал төрүүлэх билээ.

Бүс нутгийн онцлогийг агуулах эртний сансар огторгуй

Ингээд дахин эртний хүмүүсийн огторгуйн тухай төсөөллийн талаарх яриандаа оръё. Эртний хүмүүс сансар огторгуйг (эсвэл ертөнцийг) хэрхэн төсөөлж ойлгож байсныг, дэлхийн өнцөг булан бүрт яригдах үлгэр домгуудаас мэдэж болно.
Тийм үлгэр домгуудаас тодрон гарах огторгуйн тухай үзэлд нэгэн нийтлэг шинж ажиглагддаг. Тэр бол, тухайн бүс нутгийн газарзүйн болон байгалийн онцлог шинжүүд хүчтэй тусгагдсан байдаг явдал юм. Тиймээс үүнийг Бүс нутгийн сансрын онол гэнэ.
Эртний хүмүүсийн ихэнх нь нэг хээр талд ч юм уу, нэг хөндийд, эсвэл нэг арал дээр төрж, тэндээ нэгэн насыг элээдэг байж. Тээврийн хэрэгсэл хөгжөөгүй, мэдээллийн солилцоо ч хязгаарлагдмал байсан тул, өөрсдийн амьдрах бяцхан бүс нутгаа л бүх ертөнц мэтээр сэтгэцгээж байсан нь даанч аргагүй явдал байлаа. Мэдээж тийм болохоор, хүмүүсийн огторгуйн талаарх төсөөлөлд нь тэр газар нутгийнх нь онцлог шинжүүд гүнзгий тусгагддаг байсан байна.
Тухайлбал, эртний Египед хүмүүс эх газрын төв нь хотгор газар бөгөөд, аварга том мөрөн гол түүнийг хоёр хэсэг болгон хуваасан байдлаар төсөөлдөг байсан бололтой. Тэгээд тэрхүү эх газрын дөрвөн буланд аварга том уулс дүнхийж, тэдгээр уулсаар тулгуур хийсэн тэнгэр нь эх газрыг бүрхдэг, гэсэн огторгуйн бүтцийн талаарх төсөөлөлтэй байсан гэнэ. Энэ бол гарцаа байхгүй эргэн тойрны элсэн цөл болон өндөрлөг газраар хүрээлүүлэх Нил мөрний сав газар суурьшиж байсан Египед хүмүүсийн өдөр тутамдаа хардаг байсан тэр л дүр зураг юм.
Тэгтэл эртний Энэтхэгт, эх газрын төвд цаглашгүй өндөр уул дүнхийж, нар сар тэнгэр одод огторгуйн төвд манхайх тэр уулыг тойрон эргэлддэг, гэсэн огторгуйн талаарх үзэлтэй байжээ. Огторгуйн төвд манхайх өндөр уул гэдэг нь, Энэтхэг хүмүүст хамгийн дотно өнөөх Гималайн уулсыг билэгдсэн болох нь тодорхой. Цаашлаад, эх газар нь хагас бөөрөнхий хэлбэртэй ба, тэр нь яагаад ч юм аварга том гурван зааны нуруун дээр тулсан байдалтай байдаг. Тэгсэнээ тэр заанууд нь ахиад бүр том яст мэлхийн нуруун дээр мордож, харин тэр яст мэлхий нь цагирагласан аварга могойн дээр тулдаг. Эд бүгдээрээ нийлээд Энэтхэгчүүдийн хувьд бүхий л огторгуй ертөнц тэр чигээрээ байсан юм. Огторгуйн тухай гайхалтай төсөөлөл байгаа биз?

Эртний хүмүүсийн төсөөлсөн газар тэнгэрийн хэлбэр

Тэгэхээр, өнөөгийн бид бол дэлхий бөмбөрцөг хэлбэртэй болохыг, тэгээд бөмбөгцөг дэлхийг маань сансар огторгуй хүрээлэн буйг мэддэг. Тэгвэл, эртний хүмүүс сансар огторгуй буюу “тэнгэр”, дэлхий буюу “газрын” хэлбэрийг хэрхэн төсөөлж байсан бол?
Эртний хүмүүсийн төсөөлж байсан газар тэнгэрийн хэлбэрийг ерөнхийд нь үндсэн 3 төрөлд хувааж болно. Тэр бол “тэнгэр ч газар ч хавтгай”, “тэнгэр бөөрөнхий, газар хавтгай”, “тэнгэр ч газар ч бөөрөнхий” гэсэн 3 төрөл юм.
“Тэнгэр ч газар ч хавтгай” гэх үзэл нь эх газрын гүн дэхь уудам тал хээрт амьдрах хүмүүсийн төсөөлөл байв. Эртний Хятад хүмүүс тэнгэр нь дугуй (зээрэнцэг) хэлбэртэй бөгөөд, газар нь дөрвөлжин гэх огторгуйн талаарх үзэлтэй байжээ. Зээрэнцэг дугуй тэнгэр нь дөрвөлжин газартайгаа параллелаар зэрэгцэн тэлж байдаг. Тэгээд тэнгэр нь өөрийн хойд туйлаар төвөө хийн, нар сар зэрэг тэнгэр эрхэсүүдийн хамтаар зүүнээс баруун тийш өдөрт 1 удаа эргэлдэж байдаг. Яг л эх газар дээр эгц дээш нь шүхэр (зонтиг) дэлгээд, шүхэрний хээг эргэлдүүлэн буйтай төстэй дүр зураг тул энэхүү огторгуйн үзлийг “Шүхэр тэнгэрийн үзэл” гэж нэрлэнэ. Үүнийг Хятадын хамгийн эртний огторгуйн тухай үзэлд тооцдог.
Гэвч, тэнгэр ба газар нь харилцан параллел гэх шүхэр тэнгэрийн үзэлд бодит байдал дээрх эрхэс гаригийн хөдөлгөөнийг төдийлөн зөв тайлбарлах боломжгүй. Ингээд, тэнгэрийг бүтэн бөмбөрцөг хэлбэртэй гэж үзэх огторгуйн үзэл шинээр төрөн гарчээ. Үүнийг “бөмбөрцөг тэнгэрийн үзэл” гэх бөгөөд, хоёр дахь төрлийн “тэнгэр бөөрөнхий, газар хавтгай” гэх үзэлд харъяалагдана. Бөмбөрцөг тэнгэрийн үзлээр хавтгай газар нь усан дээр хөвж, бөмбөрцөг тэнгэр нь эх газрыг тойрон хүрээлэх байдлаар оршиж, тэнгэрийн хойд туйлаар төвөө хийн эргэлддэг гэж үзэв. Өндөгөөр зүйрлэх юм бол, өндөгний хальс нь тэнгэртэй харгалзах бөгөөд, эх газар нь өндөгний шар хэсэг (гэхдээ бөөрөнхий биш хавтгай хэлбэртэй) болж, ус буюу тэнгис далай нь өндөгний цагаан хэсэг болох юм (гэхдээ өндөгний зөвхөн дотор төдийгүй гадна талаар ч цэлийн буй).
Бөмбөрцөг тэнгэрийн үзлээр тэнгэр эрхэсийн хөдөлгөөнийг шүхэр тэнгэрийн үзлээс хамаагүй чадмаг тайлбарлах боловч, түүнд ганц дутагдалтай тал байв. Тэр нь
-  Яагаад тэнгэрийн эрхэс болох нар нь эх газрын доогуурх усан дундуур өнгөрөхдөө унтралгүйгээр өглөө болгон гарч ирж чадаад байна вэ?
гэдэг асуудал байж. Тэндээс бөмбөрцөг тэнгэрийн үзэлд бага зэрэг засвар оруулан, тэнгэр ч газар ч үл ялиг нумарсан хэлбэртэй гэх моделийг дэвшүүлжээ. Гэсэн ч бөмбөрцөг тэнгэрийн үзлийн үнэмлэхүй түгээмэл байдал нь өөрчлөгдөх явдалгүйгээр, Хань династиас хойшхи Хятадын эрдэмт хүмүүс бөмбөрцөг тэнгэрийн үзэл дээр суурилсан огторгуйн тухай ойлголттой байжээ.




Харин сүүлчийн хувилбар болох “тэнгэр ч газар ч бөөрөнхий” гэх үзэл нь эртний Грекийн “Байгалийн философичидын” сэтгэлгээнээс төрөн гарсан зүйл юм. Үүний талаар дараагийн бүлэгт тухайлан ярьж өгөх болно.
Эх газар бөмбөрцөг хэлбэртэй болохыг, харамсалтай нь Хятад зэрэг дорнын Ази хүмүүс өөрсдөө таньж нээж чадалгүй явсаар өрнөөс орж ирсэн “бөмбөрцөг дэлхийн үзэлтэй” золгосон бололтой. Үүнд нэг талаар хятад үндэстэний хувийн үзэл санаа нөлөөлсөн байх талтай. Өөрсдийн улсаа ертөнцийн төв хэмээн тооцдог Дундад иргэн улсад ертөнцийг хавтгай гэж үзэх зайлшгүй шаардлага байсан биз. Үнэхээр ч, ертөнц бөмбөрцөг хэлбэртэй байх юм бол, тэнд яахан төв гэж байх билээ дээ.

Төрөл бүрийн бүтээгч бурхад

Одоо танд эртний хүмүүсийн төсөөлсөн “ертөнцийн эхлэлийн” талаар сонирхуулая.
Өмнөд номхон далайн арлуудаар дамжигдан яригдах үлгэр домогт огторгуй ертөнцийн (буюу тэнгэр газрын) эхлэлийн талаар төдийлөн тодорхой тэмдэглэл үгүй, тэнгэр газар анхнаасаа л оршин байсан байдлаар үлгэр өрнөх нь түгээмэл бололтой. Гэвч бүх дэлхийгээр харвал, газар газрын үлгэр домгийн ихэнхид нь энэ ертөнц хэрхэн бүтсэн тухай, нэг ёсны “бүтээгч бурханы” талаар өгүүлсэн байдаг.
Юун түрүүнд санаанд буух нь Хэбрайчуудын (буюу эртний Еврейчүүдийн) бүтээгч бурхан буюу Хуучин гэрээ судрын “Ертөнц бүтсэн тухай” хэсэг болов уу. Бурхан эхлээд тэнгэр газрыг бүтээж, “гэрэл бий бол” гэж айлдахад гэрэл болон харанхуй зааглагдаж, өдөр шөнийг бүтээжээ. Цаашлаад далай болон хуурай газрыг бүтээж, нар сарыг бүтээж, загас, амьтан хийгээд жигүүртнийг бүтээгээд, хамгийн сүүлд нь нэгэн хос хүнийг бүтээжээ гэж гардаг.
Иймэрхүү, бүтээгч бурханы гараар тэнгэр газар бүтсэн тухай домог Маяа, Ацтек болон Инка зэрэг эртний Америк тив дэхь соёл иргэншилүүдэд бас яригддаг. Японд бас Изанаги ба Изанами нь Япон арлыг бүтээжээ гэх домог байдаг нь дээрх төрөлд харъяалагдах болов уу.
Ертөнцийг бурхан бүтээхээс гадна аварга том хүний хүүрнээс тэнгэр газар бий болсон гэх төрлийн домгууд бас энд тэнд яригдах нь бий. Исланд зэрэг хойд Европоор дамжигдан яригдах домогт, мөнхийн галтай халуун тивийн элчинд мөсөн тивийн шүүдэр хайлж, түүний дуслаас үлэмж биет Имир төрөн гарсан гэдэг. Имир нь явсаар Один зэрэг бурхадтай зөрчилдөж эцэстээ алагдаж орхино. Имирийн цус нь далай болж, бие нь эх газар болон, яс нь уул нурууд болж, гавал нь тэнгэр болсоноор ертөнц бүтжээ гэдэг.
Түүнээс гадна, ертөнц нь нэг ширхэг өндөгнөөс төрсөн гэх үлгэр ч цөөнгүй яригддаг. Хүйтэн, хатуу, чулуу шиг өндөгнөөс гэнэт нэг өдөр амьд бялзуухай төрөн гарч ирэх нь эртний хүмүүсийн гайхлыг төрүүлж, “Ертөнц ч бас яг л ингэж анх үүссэн байхаас зайлахгүй” гэж бодоцгоосон юм болов уу. Жишээ гэвэл, Энэтхэгийн Хиндү шашны сургаальд Прахма гэх бүтээгч бурхан “сансрын өндгийг” дундуур нь хоёр хувааснаар тэнгэр болон газрыг бүтээжээ гэх, ертөнцийн үүслийн тухай домог яригдаж иржээ.
Мөн анхдагч далайгаас тэнгэр газар бий болсон гэх төрлийн үлгэр ч олон бий. Эртний Египедийн үлгэрт, ертөнц эхэндээ анхдагч усаар дүүрэн далайгаас өөр юмгүй байжээ гэдэг. Тэр далай дотроос ертөнцийг бүтээгч бурхан мэндэлж, тэнгэр газрыг бүтээсэн юм гэдэг.

Исламын ертөнцөд одоо ч хэрэглэгдэх сарны хуанли

Эртний хүмүүсийн огторгуйн талаарх төсөөлөл болон ертөнц хэрхэн бүтсэн талаарх өдий төдий үлгэр домгийн танилцуулгаас, танд нэг зүйл анзаарагдсан байж болох юм. Үлгэр домгууд сансар огторгуйг өөрийг нь нарийвчлан өгүүлэх явдал төдийлөн байдаггүй. Эртний хүмүүсийн анхаарлын гол төвд нь өөрсдийн амьдрах газар дэлхий л байсан юм. Тиймдээ ч тэдний үлгэрт “газар дэлхий” нь гол дүр байж, “тэнгэр” гэдэг нь газрыг бүрхсэн таг ч юм уу, нэг тиймэрхүү л туслах дүрийн төвшинд байж.
Гэвч цаг өнгөрөхийн хэрээр хүмүүс тэнгэр өөд ч нүдээ бэлчээх болов. Тэнгэрт болох элдэв үзэгдэлийг ажиглаж, тэндээс ямар нэгэн зүй тогтол олж нээцгээн, тэнгэрт болсон үйл явдалууд газарт ч бас нөлөөлдөг болохыг анзаарч эхэлсэн байна. Ийнхүү тэнгэрийг ажиглаж, “тэнгэрийн захиаг” тайлж унших гэсээр Одон орны ухаан мэндэлжээ.
Өмнө ярьсанчлан эртний одон орны ухаан нь ерөнхийдөө 2 үндсэн зорилготой байв. Түүний нэг нь цаг тооны бичиг бүтээх явдал бөгөөд, Хуанлийн ухаан гэгддэг. Харин нөгөө нь тэнгэрийн үзэгдэлээс төөрөг тавьлангаа мэргэлэх Одон зурхайн урлаг байсан юм. Юуны өмнө хуанлийн ухааны талаар сонирхуулая.
Хуанли нь үндсэндээ, нарны хөдөлгөөнөөр тодорхойлогдох “1 өдөр” болон, сар тэргэлтэх мөчлөг дээр суурилсан “1 сар”, тэгээд оддын байрлал болон улирал солигдох мөчлөг дээр үндэслэсэн “1 жил” гэсэн 3 хугацааны хослолоос бүтдэг. Эндээс хамгийн амархан нь “1 өдөр” болон “1 сар” гэсэн хоёрхон нэгжийг нь холбож бүтээсэн сарны хуанли юм. 1 сарыг 29 юм уу 30 хоногтой гэж тооцон, түүгээрээ хуанли хийнэ.
Улирлын өөрчлөлтийг үл харгалзах энэхүү сарны хуанли нь өнөө үед ихэнх оронд хэрэглэгддэггүй. Харин жишгээс гадуурх цорын ганц гэж хэлж болох нь, Лалын ертөнцөд хэрэглэгдэх Ислам хуанли (Хижра тоолол) юм. Ислам хуанлид 29 хоногтой сар, 30 хоногтой сар нь ээлжлэн давтагдаж, 12 сарыг 1 жил гэж тооцох учир 1 жил нь 354 өдөртэй байдаг. Гэхдээ сарны хөдөлгөөнийг зохицуулахын тулд 30 жилд 11 удаа өндөр жил буюу 355 өдөртэй жилийг хийж өгнө.
Исламын хуанлийн 9-р сар нь мацаг барьдагаараа алдартай Рамадан сар юм. Ислам шашинтанууд Рамадан сарын турш нар ургахаас нар жаргах хүртэл юу ч идэж уудаггүй. Хангалттай хоол хүнсгүй ядуу зүдүү хүмүүсийн зовлонг мэдэрч, тэднийг өрөвдөж нигүүлсэх сэтгэлийг өөртөө бий болгох нь мацаг барихын зорилго гэгддэг. Хижра тооллын 1 жил нь дэлхий нарыг тойрох хугацаанаас 11 хоногоор зөрөх тул, Рамадан сар ч бас бага багаар шилжээд явна. Ид зуны халуунд Рамадан сар нь тохиох үед, өдөр уртын дээр нохой гаслам халуу буцалж бие тамирдах тул, хэдий зөвхөн өдрийн цагаар ч гэлээ мацаг барих нь үнэхээр яггүй даваа болдог биз ээ.







Зүүн азид удаан хэрэглэгдсэн нар-сарны хуанли

Зөвхөн сарны хөдөлгөөнд суурилсан сарны хуанлигаар газар тариалангийн төлөвлөгөө гаргахад шаардагдах улиралын шилжилтийг тооцоолох боломжгүй. Эндээс улиралын шилжилттэй нарийн холбоотойгоор нь нарны хөдөлгөөн дээр суурилсан хуанли зохиогдох болов.
Үүний тулд эхлээд нэг жилийн уртыг хэмжих шаардлагатай. Ингээд эртний хүмүүс газарт саваа мод зоож, өдөрт нар хамгийн өндөрт мандах үеийн савааны сүүдрийг хэмжив. Ингэж хэмжсээр, сүүдрийн хэмжээ нь хамгийн урт болох өдрийг нэг жилийн эхний өдөр болгожээ. Энэ өдрийг “өвлийн туйл өдөр” гэдэг. Тэгээд өвлийн туйл өдрөөс дараагийн өвлийн туйл өдөр хүртэлх хоногийг тоолсоноор нэг жилийн уртыг гаргаж авсан байна. Нэг жил ойролцоогоор 365 хоногтой гэж гарав.
Жилийн уртыг мэдсэн тул, үүнийгээ сар тэргэлтэх мөчлөгтэй хослуулан бий болгосон нь нар-сарны хуанли (хуучин он тоолол) юм. 29 юм уу 30 хоног бүхий сарны мөчлөгийг 365 хоногтой нарны мөчлөгтэй нийцүүлэхийн тулд, нар-сарны хуанлид ойролцоогоор 3 жилд 1 удаа илүү сар гээч юм нэмж өгдөг. Нар-сарны хуанли нь зүүн азиар голчлон хэрэглэгдэж ирсэн бөгөөд, Монголын Төгсбуянтын хуанли ч бас үүний нэг хувилбар юм (о.ч.).

Эртний Египедэд үүссэн нарны хуанли

Өнөөгийн бидний хэрэглэж буй хуанли нь сарыг огт харгалздаггүй, зөвхөн нарны хөдөлгөөн дээр суурилж зохиогдсон нарны хуанли юм. Нарны хуанлийг эртний Египедээс гаралтай гэж үздэг.
Анх зохиогдсон нь 365 хоногийг нэг жил болгосон Египедийн хуанли байв. Нэг сар нь 30 хоногтой бөгөөд, илүү гарсан 5 өдрийг жилийн сүүлд байрлуулдаг байж.
Хожим нь, Сириус од нар мандахын чанх өмнө үзэгдэх өдрийг жилийн эхний өдөр болгосон Сириусын хуанли бий болжээ. Өмнөх бүлэгт ярьж байсанчлан, Огторгуйн чонын ордоны нэгдүгээр од болох Сириус нь нар мандахын чанх өмнө тэнгэрийн хаяанд үзэгдэх тэр үе нь, тухайн үеийн Египедэд Нил мөрөн үерлэх борооны улиралын эхлэлтэй тохирдог байсан бололтой. Нил мөрөн үерлэхэд түүнийг дагаад ихээхэн гамшиг нүүрлэх боловч, зэрэгцээд бас арвин баялаг хөрс дээрээс урсан ирж ойр хавийн тариалангийн талбайг бордож өгнө. Тиймээс хүмүүс жилийн эхний 4 сарыг үерийн улирал, удаах 4 сарыг тариалангийн улирал, үлдсэн 4 сарыг ургацын улирал болгон хувааж, газар тариалангаа төлөвлөдөг байжээ.
Сириусын хуанлийг хожим нь Ромын жанжин хийгээд улс төрч Юлий Цезарь, Ромын бүгд найрамдах улсын хуанли болгон авч ашигласанаар Юлийн хуанли гэж нэрлэгдэх болсон байна. Юлийн хуанлигаар нэг жил нь 365.25 хоногтой гэгдэх болж, 4 жилд нэг удаа 366 хоногтой өндөр жилийг оруулж өгчээ. Цаашлаад 6-р зууны үед, Есүс Христийн төрсөн оноор эхлэлээ хийсэн манай эриний он тоолол гэгч нэмэгдсэнээр, мөнөөх “МЭ-ий төдөн оны төдөн сарын төдөн” гэж яригдаж заншсан өнөөгийн он тоолол бүрэн боловсорчээ.
Гэвч дэлхий нарыг тойрох хугацаа нь нарийндаа бол 365.2422 хоног байдаг учир, Юлийн хуанлид 4 жилд ойролцоогоор 44 минут, 130 жилд 1 хоногийн зөрүү үүснэ. Юлийн хуанли бодит улиралаас нэлээд зөрж ирсэн 16-р зууны төгсгөлд, тухайн үеийн Ромын пап 13-р Грегорий он тооллыг шинэчлэх тушаал одон орончидод буулгажээ. Ингээд 1582 онд олонд зарлагдсан нь, одоогийн бидний хэрэглэж буй Грегорийн хуанли юм. Оны тоо нь 100-д хуваагдах боловч 400-д хуваагдахгүй оныг өндөр жил болгохгүй (жишээ нь, 2000 он 400-д хуваагдах тул өндөр жил боловч, 2100 он 400-д хуваагдахгүй тул өндөр жил биш) гэдэг дүрэм шинээр нэмж өгсөнөөр, нарны хөдөлгөөнтэй зөрөх зөрүү нь 3000 жилд 1 хоног болтолоо нарийсчээ.

Тэнгэрийн хувиралыг газрын гамшигтай холбох одон зурхай

Энэ удаад одон зурхайн түүхийг сонирхож үзье.
Эх газрын үзэгдэлүүдтэй харьцуулахад тэнгэрт болдог үзэгдэлүүд нь зүй тогтол болон мөчлөгт шинжтэй болохыг амархан анзаарч болно. Бүхий л одод эрхэсүүд өөр хоорондын зай байршилаа өөрчлөх явдалгүйгээр шөнийн турш зүүнээс баруун тийш шилжих ба, улиралаас хамааран тэр байршил нь үл ялигаар зөрж ирнэ. Нар ба сар, мөн нарны дагуул гаригуудын хөдөлгөөн нь оддын хөдөлгөөнөөс хавьгүй ээдрээтэй боловч, нухацтайгаар ажиглан шинжих юм бол тэндээс ч бас зүй тогтол олж харах боломжтой.
Гэсэн ч амгалан тайван тэнгэр огторгуй хэдий ч, цаг нь ирэхээр болдог гоц сонин үзэгдэлүүдээр үе үе шуугиан тарих нь бий. Урьд хожид үзэгдэж харагдаагүй од гэнэт тэнгэрт гарч ирэх нь “шинэ од” (эсвэл нэн шинэ од) юм. Үнэндээ энэ бол шинэ од төрж байгаа явдал бус, харин нас нь эцэслэж буй од сүүлчийн том тэсрэлтээ хийн гялалзаж буй үзэгдэл юм. Түүнээс гадна, эгшин зуур анивчаад өнгөрдөг “од харвалт” болон, хачирхалтай урт сүүл татуулах “сүүлт од” зэрэг үзэгдэх явдал ч гарна. Нар сар гэв гэнэт харанхуйлсаар юу юугүй мөхөөд алга болчив уу гэтэл, төд удалгүй буцаж гарч ирэн хэвэндээ орох “нар хиртэлт”, “сар хиртэлт” бас тохионо.
Иймэрхүү ховор сонин тэнгэрийн сенсацууд эрт балрын хүмүүсийн сэтгэлд төсөөлөшгүй их айдсыг төрүүлдэг байсан биз. Тэгээд тэнгэрийн энэ хувьсалууд газарт шууд нөлөөлнө, эсвэл энэ бол ямар нэгэн гамшигийг зөгнөсөн тэнгэрийн анхааруулга гэх зэргээр хүлээж авдаг байж. Өнөөгийн бидэнтэй харьцуулахад тэнгэр огторгуйг туйлын ойр дотноор мэдэрдэг байсан тэдний хувьд, тэнгэр газар хоёр нягт холбоотой байхаас зайлахгүй гэж сэтгэх нь тун чиг байгаллаг явдал байсан биз ээ.
Эндээс хүмүүс тэнгэрт ямар нэгэн гоц үзэгдэл болмогц, үүнтэй адилхан зүйлийн тухай тэмдэглэл урьд өмнө байсан эсэхийг нягтлан үзэж, тэр үеэр нь ямар нэгэн гамшиг тохиол учирч байсан талаар судлана. Тэгтэл жишээ нь, өмнөх удаагийн нар хиртэлт болсон тэр жил нь ханхүү нас барсан тухай тэмдэглэл олжээ гэе. Тэгэнгүүт “Энэ удаа ч бас ханхүү нас барах юм биш байгаа?” гэсэн таамаглал төрөн гарна. Ийм байдлаар тэнгэрт болсон үзэгдэлүүд болон газарт тохиосон үйл явдалуудын хамааралыг тогтоож, түүнийгээ системчилж үүсгэсэн зүйл нь Тэнгэрийн одон зурхай юм.
Тэнгэрийн одон зурхай нь эртний Бабилон (өнөөгийн Ирак газар) болон эртний Хятад гэсэн хоёр газраас үндэстэй хэмээн яригддаг. Үүнээс эртний Бабилонд үүссэн одон зурхай нь хожмын эртний Грек руу дамжигдаж, хувь хүний төөрөг тавьланг мэргэлэх Төөрөг тавьлангийн одон зурхай болон өөрчлөгджээ. Харин эртний Хятад газарт үүссэн одон зурхай нь өвлөгдөн дамжигдсаар Чин династийн үе (Манж Чин гүрэн) хүртэл үргэлжлэн ирнэ. Энэ бол Хятадад “тэнгэрийн зарлиг” хэмээх үзэл санаа буюу тэнгэр үзэл ноёлж байсны илрэл юм. Ёст хүн тэнгэрийн зарлигаар хаан болж улсыг захиран, хаан ёсыг умартваас тэнгэрийн зарлигаар хувьсгал өрнөж цаг солигдон шинэ төр тогтдог хэмээх тэнгэрийн зарлигийн үзэл санаа байж. Тиймийн учир, тэнгэрийн зарлигийг хүлээн авсан хаан буюу “тэнгэрийн хөвүүн” нь цаг ямагт тэнгэрийн тааллыг нягтлан шалгая гэж шашны албатуудаа хөдөлгөн тэнгэрийг ажиглуулж, тэнгэр дэхь гэнэтийн үзэгдлүүдэд үргэлж бэлэн байдаг байжээ.
МЭӨ 1-р зууны өмнө Хятадын түүхч Шима Цянийн бичиж үлдээсэн түүх бичлэг “Ши цзи”-д эртний хятадын одон зурхайн арга урлаг тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Тухайлбал, ангараг гариг саранд халхлагдах “ангараг хиртэлт” болвол үймээн самуун болохын шинж гэж үздэг байж. Мөн, нар бүхлээрээ халхлагдах “бүтэн нар хиртэлт” нь эзэн дээдсүүд далд муу үйл хийж буйн нотолгоо болж, “тал нар хиртэлт” нь албат түшмэдүүдийн далд муу үйлийг илчилсэн нотолгоо болдог байсан байх юм.
Эртний хятадын энэхүү тэнгэрийн зарлигийн тухай үзэл санаа нь хавь ойрын улс үндэстэнүүдэд ч дамжигдан тархаж, газар газарт тэнгэрт болсон үйл явдалуудын талаарх ажиглалтууд тэмдэглэгдэж үлдсэн нь бий. Иймэрхүү тэмдэглэлүүд нь өнөөгийн одон орончидын хувьд ч үнэ цэнэтэй мэдээлэл болж байдаг. Жишээлбэл нар ба сар хиртэлт, эсвэл сүүлт одны тэмдэглэлээс тэдгээр эрхэс гаригуудын тойрог зам болон мөчлөгүүдийг нарийвчлалтай хэмжихэд ашиглах явдал бий. Мөн “нэн шинэ од” үүссэн тухай тэмдэглэл ч туйлын ач холбогдолтой байдаг. Үхрийн ордоны алдарт “хавчны ордоны үүл” нь, эртний Хятад болон Японд үлдсэн тэмдэглэлүүдээс, 1054 онд болсон нэн шинэ одны тэсрэлтийн үлдэгдэл болохыг шалгаж тогтоосон байдаг.





7 гаригийн хөдөлгөөнөөр шийдэгдэх хувь хүний төөрөг тавьлан

Ийнхүү дорнын одон зурхай нь тэнгэрийн төлвийг ажиглагч мэргэ төлөг чигээрээ явсан бол, эртний Бабилонд үүссэн одон зурхай нь хожмын төөрөг тавьлангийн одон зурхай болон хувисчээ. Түүний хувьсалын цэг болсон нь, МЭӨ 6-р зууны үеэр хөгжин цэцэглэсэн Халдеин хаант улс (шинэ Бабилон) дахь өндөр нарийвчлалтай одон орон судлал байв.
Эртний Бабилон хотоор төвөө хийн цэцэглэсэн Халдеид, төрөөс одон орон хөгжүүлэх өргөн хүрээний том судалгаа өрнүүлсэн гэдэг. Үр дүнд нь эрхэс гаригуудын нарийн төвөгтэй хөдөлгөөнүүд болон нар сар хиртэлтийн давтамжийг нээн илрүүлж, ирээдүйг урьдчилан тааварлахуйц хэмжээнд хүрч очив. Тэнгэрийн гэнэтийн үзэгдэлүүд нэгэнт “гэнэтийн” биш болж, “тооцоолсоны дагуух” явдал болж хувирав. Ингээд тэнгэрийн явдалыг урьдчилан тааварлах боломжтой болоод ирэнгүүт, цаашлаад, тэнгэрийн нөлөөн дор орших газрын үйл явдал, ялангуяа хувь хүний ирээдүйг ч бас урьчилан тааварлаж болох учиртай гэсэн санаа төрөн гарчээ. Энэ нь явсаар төөрөг тавьлангийн одон зурхай болсон учиртай юм.
Төөрөг тавьлангийн одон зурхай улам хөгжсөн нь, Бабилоны одон зурхайн урлагийг өвлөж авсан эртний Грек, цаашлаад эртний Ромын цаг үе юм. Тэнд хамгийн чухал гэж үзсэн эрхэсүүд нь нар ба сар, тэгээд хүний нүдэнд үзэгдэх 5 гариг болох буд, сугар, ангараг, бархасбадь, тэгээд санчир байв. Эдгээр 7 эрхэс нь хүнийг төрөх үед хоорондоо ямар байрлалд байснаас шалтгаалан тухайн хүний хувь заяа шийдэгдэнэ хэмээн үздэг байжээ. Тэр нь орчин үед ирээд, тэнгэр ванаас наашхи гаригууд болон нарны аймгийн систем доторх олон жижиг эрхэсүүд дуран авайгаар олж нээгдэхэд, тэдний байрлалыг ч бас нэмж тооцолон мэргэлэх болсон байна. Дашрамд хэлэхэд, бидний мэдэх өрний зурхайд “Та юуны ордон бэ?” гэж асуудаг нь, таныг төрөх үед нар аль ордны ойролцоо байрлаж байсан болохыг асууж буй хэрэг юм. Нэг ёсондоо өрнийн зурхай нь төрсөн өдрийн зөвхөн нарны байрлалаар мэргэлдэг эд бөгөөд, жинхэнэ өрнийн одон зурхайн (horoscope одон зурхайн урлаг) ердөө л хялбаршуулсан энгийн хувилбар гэхэд болно. Жинхэнэ өрнийн одон зурхайн мэргийн арга логик нь тун сонирхолтой нарийн чухал эд боловч, цаасны боломжийг харгалзан энэ удаад ярилгүй орхиё.
Төөрөг тавьлангийн одон зурхай нь эртний Ромын үед оргилдоо хүртэл цэцэглээд, Христийн шашны дэлгэрэлтээр мухар сүсэг гэгдэн хориглогдон шахагдаж, нэг хэсэгтээ цурманд орон намжина. 11-р зуунаас хойш, Арабын ертөнцөөс Европ руу буцаж импортлогдсон төөрөг тавьлангийн одон зурхай нь дахин түгэн дэлгэрсэн боловч, одон зурхайг шинжлэх ухаан мөн эсэх талаар тухайн үед хүчтэй мэтгэлцээн өрнөсөн гэдэг.
17-р зуун болоход Ньютон нарын гараар орчин үеийн шинжлэх ухааны үндэс тавигдаж, байгалийн үзэгдэлийг физик биетийн хөдөлгөөн байдлаар тайлбарлах механик огторгуйн үзэл газар авсанаар, одон зурхайн урлаг маань шинжлэх ухааны сэнтийгээс хусагдаж орхив. Гэсэн ч түүнээс хойш ч одон зурхайн урлаг нь нэг ёсны соёлын дэд элемент байдлаар үе залган дамжсаар өнөөгийн цаг үетэй золгоод байгаа билээ.

“Рациональ огторгуйн үзэл” гэгч тэс өөр сэтгэлгээ гарч ирсэн нь

Энэ хүртэл, эртний хүмүүс хэрхэн сансар огторгуйтай холбогдож, орчлон ертөнцийг хэрхэн харж тунгааж ирсэн талаар танилцууллаа. Эртний хүмүүсийн хувьд байгалийн бүхий л үзэгдэлүүд нь “бурханы” нөлөөн дор өрнөж байдаг зүйлс байжээ. Тэнгэр газар ч, түмэн бодисын үүсэл ч, тэнгэрийн үзэгдэл, газрын гамшиг, энэ бүхэн цөм бурхадын хүсэл зориг хийгээд зарлиг тушаалаар явагддаг байсан юм. Тэдгээр бурхадын хүсэл зориг хийгээд зарлиг тушаалыг төсөөлөн тайлбарлаж үлдээсэн нь үлгэр домгууд байж, бурхадын тааллыг ухан мэдэхийн тулд бий болсон нь одон орны ухаан байсан учиртай юм. Ямар ч өндөр дээд соёл иргэншилийг гартаа оруулсан улс үндэстэн байлаа гээд, бүгд энэ жишгээс гажаагүй билээ.
Тэгтэл, одоогоос 2500 гаруй жилийн тэртээ, эртний Грекийн газар нутаг дээр гэнэтхэн тэс өөр огторгуйн тухай үзэл төрөн гарах нь тэр ээ. Энэхүү огторгуйн үзлийг төрүүлсэн, хүн төрөлхитөний түүхэнд гялалзах тод хувьсгалын үзэл санааг Байгалийн философи хэмээн нэрийднэ.
Байгалийн философид төрөл бүрийн байгалийн үзэгдэлүүдийг бурханы нөлөөн дор болдог гэж үзсэнгүй. “Энэ бол агуу дээд бурханы гараар бүтсэн гайхамшиг юм” гээд тайлбарлаад байх юм бол юуг ч тэгж аргалаад байж болно шүү дээ. Гэвч тийм бус, “илүү рационалиар, оновчтойгоор ертөнцийг тайлбарлах арга байхгүй гэж үү” гэсээр эртний Грекчууд бясалгаж гарсан байна. Ертөнц хийгээд сансар огторгуйн бүтэц механизмыг агуу дээд бурхан төдийгүй, өчүүхэн бяцхан хүн ч ойлгох боломжтой байх учиртай хэмээх үзэл санаа, энэ бол байгалийн философи гэгч байлаа.
Тэдгээр байгалийн философичид сансар огторгуйн бүтэц механизмыг рационалиар ажиглан тунгаасны үр дүнд гайхамшигтай нээлтүүдийг ээлж дараалан хийх болов. Эх газар юунд ч үл тулан сансар огторгуйд хөвдөг болох, эх газар бөмбөрцөг хэлбэртэй болох, нар нь дэлхийгээс үлэмж том болох, тэгээд дэлхий нарыг тойрч эргэдэг болох зэргийг тэд анх анзаарсан юм.
Тэгэвч, адилхан “эртний” цаг үед амьдарч байсан хэрнээ, яагаад зөвхөн эртний Грекчууд л ийм рациональ огторгуйн үзэлд хүрч чадсан хэрэг вэ? Тэдэнд ертөнцийн мөн чанарыг тайлбарлаж өгөх үндэсний үлгэр домгууд байгаагүй хэрэг үү?
Мэдээж, хаанаас тийм байхав. Тэдэнд харин ч дэлхийн үлгэр домог дундаа тоотой хэдэд тооцогдох гайхалтай уран баялаг, бас туйлаас сонирхол татам алдарт Грекийн үлгэр домгууд байсан юм. Байгалийн философичид бий болохоос өмнө Грекчууд бусад улс үндэстэнүүдийн нэгэн адилаар, үлгэр домогт суурилсан байгаль болон ертөнцийн тухай үзэлтэй байжээ.
Тэгвэл тэд яагаад тэр сайхан үлгэр домгуудаа орхиж, ертөнцийн мөн чанарыг тайлбарлах шинэ арга зам хайцгаах болсон юм бол? Энэ тухай дараагийн бүлэгт ярьж өгөх болно.
За ингээд энэ үдшийн яриагаа өндөрлөе. Сайхан нойрсоорой.
 

Үргэлжлэл - III. Рациональ огторгуйн үзэл


4 comments:

  1. http://oi58.tinypic.com/15dan84.jpg
    Дэлхийн зах зээл дээр шар буурцагны үнэн Дашням юм уу Балжиннямтай өдөр унаж доод ёроолууд нь буюу модон хохимой эсвэл тэрсүүд өдөр өсөж эхэлдэг нь Бурханы шашны сарны зурлага ч оргүй зүйл биш л байгаад байгаа юм да

    ReplyDelete
  2. er ni bol dajgui shu blog taalagdaj ehelj bn kkk

    ReplyDelete
  3. Anonymous22/2/16 17:58

    Ene blogiig hotolj ene medeenuudiig oruulj bgaa hund ih talarhaj bn

    ReplyDelete
  4. Anonymous13/3/16 20:23

    Маш сайхан бүр салж чадахгүй нь ээ

    ReplyDelete