2013/04/30

Жинхэнэ бэрхшээл

Тэрээр төрөлхийн хөлгүй. Гоолиг 2 хөл нь хоёулаа хиймэл.
- Би төрөхдөө л хөлөнд минь зарим яс дутуу байсан гэсэн. Тэгээд 1 настайдаа өвдөгнөөс доошхоо тайруулсан юм
хэмээн Aimee Mullins хүүрнэнэ.
Эцэг эх нь эмчтэй зөвлөсний үндсэн дээр бага дээр нь хөлий нь тайрчээ. Ирээдүйн амьдралдаа эртнээс дасаг гэж. Үр дүнд нь Aimee-гийн хувьд алхах гишгэх гэдэг огтоос хэвийн явдал болж өсөв.
- Хиймэл хөл маань миний биеийн нэг хэсэг л гэсэн үг. Миний булчингууд хиймэл хөлөндөө таарч хөгжсөн.
Энэ нь түүний хожмын тамирчин болох замыг нь засч өгчээ. Гэвч түүнийг хожмын жүжигчин, бүр загвар өмсөгч болно гэж өөрөө ч, ер хэн ч төсөөлөөгүй бизээ.



"Хөгжлийн бэрхшээлтэй" гэдэг утгыг илэрхийлэх англи хэлний "disable" гэдэг үг өөр бас "ажиллагаагүй", "хэрэггүй", "дууссан" гэх зэрэг, арай ч дээ гэмээр олон сөрөг утгыг бас илэрхийлдэг. Гэсэн ч Aimee "Хөгжлийн бэрхшээлтэй бол боломжгүй" гэгдэж байсан олон зүйлийг "болгож" чадсан юм. Олон том сэтгүүлийн нүүрийг чимж, дизайнер найруулагч нарын урилга заллагад дарагдах Aimee, өнөөдөр Америк Европыг хөндлөн холхисон бүтээлч амьдралаар амьдарч явна...

Угийн хөдөлгөөнтэй сэргэлэн Aimee хүүхэд байхаасаа л спортод дуртай нэгэн байв. 5 жил софтбол тоглосны дараагаар, ахлах ангидаа тасралтгүй цанаар гулгаж, 5 ч алтан медал цуглуулсан гэдэг. Харин паралимпод хөнгөн атлеткаар орсон нь, түүний 19 настайдаа эхлүүлсэн спорт байв (1995 он).

- Тэгэхэд би ёстой л битүү морь байж билээ.
Тэрээр анхныхаа том хэмжээний тэмцээнд шууд л улсынхаа дээд амжилтыг 0.03 секундээр шинэчлэн түрүүлжээ. Ингээд Жоржтауны их сургуулийн эмэгтэй хөнгөн атлетикийн ангид элсэн орж, өөртөө паралимпын шигшээд шалгарах зорилго тавив.

Оюутан байхдаа нэгэн зуны тэмцээн дээр, Aimee нэгэн сургамжтай дурсамжтай үлджээ.
- Тэгэхэд айхтар халуун байсан. Шинээр авсан гүйлтийн хөлөн дотор хөлс хуримтлагдаад, яг л бүлүүр шиг дээш доошоо савлаж эхэлсэн. 100 метрийн гүйлтийн бариан дээр золтой л сугарчихаагүй шүү. Би ч ичсэндээ бараг л үхэх шахсан. Тэнд намайг 5,000 хүн харж байсан гээд бод доо.

100 метрийн гүйлтээс 30 минутын дараа 200 метрийн гүйлт болох байв.
- 100 метрт ингэж байгаа юм чинь, 200 дээр бол яагаад ч нэмэргүй.
Ингээд Aimee дасгалжуулагчтайгаа зөвлөхөөр очив
- Намайг 200 метрээс хасаад өг. Би ийм хөлтэй гарахгүй.
Тэгтэл Брүклиний хуучин тосгонд өссөн булиа эр хөндөлссөн чигтээ Aimee-д хандаж
- Aimee! Хөл сугарлаа гээд яана гэж?? Аваад л, буцааж углаад гүйвэл болоо юм биш үү?!!!

Дасгалжуулагчийнхаа илт хөндлөн эсэргүүцлийн өөдөөс Aimee яаж ч чадсангүй. Нялуурч шантарч чадалгүй, арга буюу 200 метрт гарчээ.

- Тэр дасгалжуулагчийн ачаар би бэрхшээлийг тойролгүй туулсан даа.

Замаасаа муруйх боломж олдолгүй цааш зүтгэсэн Aimee, амжилтаа улам ахиулсаар тийнхүү бахдалтайгаар Паралимпын шигшээд шалгарчээ (100 метрийн гүйлт болон уртын харайлтын төрлөөр).

- Одоо ч сайн санадаг юм. 6 жилийн турш сонин зөөдөг ажил хийж байхдаа зөөдөг байсан сонин дээр миний зураг томоор тавигдсаныг. "Миний үе ч ирлээ дээ" л гэж бодогдож билээ.

Гэвч, паралимпын түвшин дэндүү өндөр байлаа. Хагас шигшээгийн дүн л гэхэд Aimee бусдаас 3 секунд удаан байв. Америкдаа үргэлж л номер нэг явсансан.
- Хамгийн сүүлийн байранд орсноо л санаж байна. Шарандаа, бачуурсандаа, ичсэндээ..., нулимсандаа живчихсэн юм шиг л...
Тэрээр бүрэн уймарчээ.

- Яах гэж Атлантад ирсэн хэрэг вэ? Ирсний учир утга гэж байна уу?
Өдийг хүртэл амьдралдаа эргэлт хийн байж зүтгэсэн хөнгөн атлетикдаа үнэхээр эргэлзэхгүй байх арга байсангүй.

- Атлантад, ирээгүй нь л дээр байж дээ...

Харин хувь заяаны хүрд түүнийг огтхон ч гээлгүй, дараагийн адал явдлыг баттайгаар түүнд бэлдсэн байлаа.

Атлантагийн дэвжээн дээрээс TED түүнийг олж харав. TED гэдэг нь Америкийн Калифорни мужид болдог урт илтгэл (long speech) бөгөөд, жил болгон зохиогддог дэлхийн хамгийн том тайз юм. Тэндээс Aimee-д илтгэл тавих урилга иржээ.

Өндөр тайзнаас Aimee өөрт тохиолдсон бүхнээ байгаа чигээр нь дэлгэж гарав. Битүү морь..., Бруклины булиа эр..., тэгээд баян ходоод.
- Тэгэхэд бүр сэтгэл хөөрөөд, толгойдоо орж ирсэн болгоноо ярьчихсан. Үнэндээ яг юу ярьснаа ч, ер нь юу болоод өнгөрснийг ч сайн санадаггүй юм.

Тэгтэл илтгэл тавьсан нийт 38 хүнээс standing ovation (үзэгчид босч алга таших) авсан нь ердөө 3 хүн. Тэдний нэг нь Aimee байв.

Aimee тэнд бараг л өөрийгөө нүцгэлж орхив. Хөгжлийн бэрхшээлтэй болохоо нууя гэж бодсон ч гүй. Хүмүүст хөлөө сугалж үзүүлж, гоёлын хөлөө гайхуулж, гүйлтийн хөлөн дээрээ гүйж үзүүлэв.

- Энэ миний гоёлын хөл байгаа юм. Дэгжин байгаа биз? Гадарга нь яг арьс шиг, үсний сүв хүртэл байгаа гээд бод доо.

- Энэ миний гүйлтийн хөл. Хөдөлгөөнгүй зогсоход эвгүй, тэнцвэрээ олохын тулд бага зэрэг техник хэрэгтэй. Үүгээр би дэлхийн талыг гайхуулж явлаа (хэхэ).

- Үнэндээ би хичээнгүй тамирчин боловч, энгийн үедээ аль болох эмэгтэйлэг харагдахыг хичээдэг л дээ. Ямар нэгэн юманд хэт баригдахгүй байх нь чухал гэж боддог юм...

Тэрхүү тайзны хамгийн өмнө талд, хожим нь Aimee-г гоо сайхны ертөнцөд урин залах учиртай Chi Perlman гэгч сууж байв. Тэрээр Aimee-гийн илэн далангүй, чөлөөтэй, сул талаа нуугаагүй байгаллаг төрхийг хараад бараг л ховсдуулсан бололтой.

- Тэр илтгэлийн дараа Aimee-г ёстой л гэтэгч (stalker) шиг мөшгиж билээ.

Aimee-г улам илүү мэдэхийг хүссэн Perlman, өөрөө редактор хийдэг загварын сэтгүүл болох "I.D."-гийн нүүрэн дээр Aimee-гийн зургийг тавьж, тэргүүн нийтлэлээ Aimee-гээр дүүргэжээ. Тэгээд тийнхүү дэлхий Aimee-г мэддэг болов. Түүний гоо үзэсгэлэнг, бас урагшаа тэмүүлсэн дайчин амьдралыг нь.

TED-ээс хойш 3 сарын дараа "I.D." сэтгүүлийг уншсан график дизайнер Peter Saville түүнийгээ цааш нь зурагчин Nick Knight болон загвар зохион бүтээгч Alexander McQueen нарт дамжуулав. Ингэж явсаар Лондонд зураг авалт болж, Aimee бас дахин нэг сэтгүүлийн нүүрийг чимлээ. Дашрамд хэлэхэд тэр сэтгүүл дээрх хэлц үг (copywrite) нь "Fashion... able?" (Загварлах... боломжтой?).
Жилийн дараа Alexander McQueen-ий загварын шоунд уригдсанаар, Aimee эгшин зуур модел болох зам нь эхэлжээ.


Модерн артист Matthey Barney-гийн "The cremaster cycle" бүтээл дээр Aimee хагас ирвэс болов.


- Хэний ч анзааръя гэж боддоггүй зүйлс урлаг болдог юм уу даа гэж санагдсан. Хүмүүсийн харахаас айдаг, эсвэл нүд хальтрам гэж боддог зүйлсийг урлагаар дамжуулж хүргэвэл илүүтэй хурдан ойлголцож мэдэх юм...

Хоёр хөлгүй хөгжлийн бэрхшээлтэй гэгдэж нийгмээс нүд үзүүрлэгдэх явдал Aimee-д мэдээж цөөнгүй байлаа. Жишээ нь, нэгэн удаа 6 - 8 насны 3,000-аад хүүхдийн өмнө гарч яриа хийх боломж олджээ. Танхимд байсан томчууд хичээнгүйлэн хүүхдүүдэд хандан шивнэлдэж анхааруулна
- Хөл рүү нь хамаагүй хараад байж болохгүй шүү.
Тэгтэл үнэндээ Aimee чухам хүүхдүүд л харуулах гэж цүнх дүүрэн хөл авчирчээ.

Томчууд хүүхдүүдийн сониуч занг саад хийн таглаж, үргэлж л сэтгэлд нь айдас тарихыг оролддог. Тэдгээрийг анзаарсан Aimee танхимаас бүх томчуудыг гарахыг хүссэн байна. Томчуудын "эрүүл ухаанаас" чөлөөгдсөн хүүхдүүд ном ёсоороо л Aimee-гийн хөлөнд тойрон шавж, нүд салгалгүй ширтэнэ.

Aimee хүүхдүүдээс асуулт асуув
- 2, 3 давхар байшин дээгүүр харайхын тулд юуны хөл хийх хэрэгтэй вэ?

- Имжний хөл, имжний хөл (kangaroo)
гэж нэг хүү орилов.

- Үгүй үгүй, мэлхий.

- Бишээ, Mr.Incredibles байхгүй юу.

Цаашаа өөр мэдэх мэдэхгүй олон санал хойно хойноосоо шуугилдан гарч ирэв.
Тэгтэл 8 настай нэгэн охин
- Нэг мөсөн нисчихвэл яасан юм бэ?
гэх нь тэр.

Яалт ч үгүй хүүхдүүдийн төсөөлөн бодох чадварт хязгаар гэж үгүй бололтой. Тэр хязгааргүй боломжуудыг "эрүүл ухаан" гээч сонирхолгүй тагаар таглаж орхидог нь юутай харамсалтай.

"Сурган хүмүүжүүлэх" гэдэг утгыг илэрхийлэх англи хэлний "educate" гэдэг үг нь "educe" буюу, дотор талыг нь (дотоод чадварыг) татаж гаргах гэсэн үгнээс эхтэй юм гэнэ. Үүнийг баримтжуулав уу гэмээр нэгэн судалгаа Англид хийгджээ.

Тэнд дунд сургуулийн хэсэг хүүхдийг сурлагын түвшнээр нь А, B, C, D гэсэн 4 ангид хуваав. Харин үүнийгээ хүүхдүүдэд эсрэгээр нь хэлж өгсөн байна. Өөрөөр хэлбэл, А ангид хуваарилагдсан хамгийн сурлага султай хүүхдүүд өөрсдийгөө хамгийн мундаг нь гэж бодоцгоож, сурлага сайтай D ангийн хүүхдүүд өөрсдийгөө хамгийн муу нь гэж ойлгоцгоожээ.

Тэгтэл 3 сарын дараа гайхмаар үр дүн гарсан нь, сурлага муутай A ангийнхны сурлагын түвшин үнэнгээсээ А болоод ирсэн бол, эсрэгээрээ толгой сайтай байх учиртай D ангийн сурлагын түвшин хамгийн сүүлд орсон байв.

Харин энд хамгийн эмгэнэлтэй нь, үнэндээ эхэлж хууртагдсан нь зөвхөн хүүхдүүд бус, багш нар нь ч бас эсрэг мэдээлэлтэй байжээ. Багш нар тийм "солио" байсныг огтхон ч анзааралгүй, сайн гэж бодсон ангидаа сайн зааж, муу гэж бодсон ангидаа хайнга хандсан байв.

Хөөрхий хүмүүс бид бусдад үргэлж муулуулж, үгүйсгэгдэх тусам үнэнгээсээ муудаад, хязгаарлагдмал хүрээн дотор түгжигдэж орхидог бололтой.

Харин эсрэгээрээ бол?

- Хэрвээ 15 настай надад хандаж "хиймэл хөлөө жинхэнэ хөлөөр солих уу?" гэж асуусан бол би уухай тас зөвшөөрөх байсан биз. Харин одоо бол өөр өө. Хэрвээ хиймэл хөлгүйсэн бол миний амьдрал тэс өөр байх байсан биз.

- Миний бодол ингэтэл өөрчлөгдсөн нь, миний ирээдүйн боломжийг үгүйсгэгчдээс илүүтэй, дэмжин туслагчдын тоо нь хавьгүй олон байсных гэж боддог.
гэж Aimee хэлнэ.

Хөгжлийн бэрхшээлтэй гэгдэн ялгаварлагдаж ирсэн Aimee хүмүүст хандаж
- Жинхэнэ бэрхшээл гэж юу вэ?
гэсэн асуултыг тулгана.

Бэрхшээл гэж юу юм бэ?
Бэрхшээл гэдэг чинь амьдралд зайлшгүй байх ёстой зүйл шүү дээ. Амьдралд бэрхшээл тохиолддог бус, бэрхшээл гэдэг чинь өөрөө амьдралын нэг хэсэг юм. Тэгтэл томчууд үргэлж хүүхдүүдээ бэрхшээлээс тойруулахыг хичээдэг. Харин Aimee-гийн бодол бол тэднээс чанх эсрэгээрээ.

- Чухал нь юу вэ гэвэл, бэрхшээлтэй нүүр тулахгүй байх бус, харин хэрхэн бэрхшээлтэй дасан зохьцох вэ гэдэг юм. Тиймээс томчууд бид хүүхдүүдийг бэрхшээлээс холуур байлгахыг хичээх биш, харин тэднийг ирээдүйд учирч мэдэх бэрхшээлд бэлдэж өгөх хэрэгтэй.

- Бид бүхний бэлдэж тавьсан хамгийн том бэрхшээл бол "эрүүл ухаан" гээч ойлголт гэж боддог.

Aimee-гийн үг танхимд цуглагсдын толгойд эрхгүй юм бодогдуулна.
- Ингэхэд эрүүл ухаантай, "хэвийн хүн" гэж хэнийг хэлдэг юм бэ?

"Хөгжлийн бэрхшээлтэй" гэгдэх түүний амьдрал нээрээ л тэр чигтээ бэрхшээлээр дүүрэн байв. Хэн ч түүнтэй "хэвийн хүний" хувиар үл харьцана. Гэвч, азаар Aimee "бэрхшээл дунд булаатай хэвтэх боломжийг" олж харжээ.

- Миний хэлэх гэсэн зүйл бол, бэрхшээлийг даван туулах бус, харин бэрхшээл дундах "боломжийг" олж нээх нь чухал юм. Яагаад бэрхшээлийг даван туулахыг хичээх биш, харин бэрхшээлтэйгээ хөл нийлүүлэн бүжиглэж болохгүй гэж?

"Хөгжлийн бэрхшээлтэй" хүн гэж хөлгүй, эсвэл гаргүй тэд хүмүүсийг бус, харин хөгжих аргаа олоогүй тэр хүнийг л хэлдэг бололтой.

Илтгэлийн төгсгөлд Aimee эртний Персийн нэгэн шүлгийн хэсгээс уншлаа

Хүүхэд бүхний мэддэг бурхан
Муулдаг бурхан биш, цээрлэдэг бурхан ч биш
Дөрөвхөн үгийг давтан давтан хэлэх бурхан:
"Алив, надтай хамт бүжиглээч"

(Come dance with me)

5 comments:

tuvshee said...

Bi zarimdaa boddogiin. Mongol televizuudeer iimerhuu berhsheeliig davan tuulj chadsan humuusiin talaar (orchuulga ch bsan yahavee) tsuvral nevtruuleguud gargaad baival mongolchuud maani ch alivaa berhsheeliig davan tuulah uram zorig oroh baih gej. Tegvel alivaa zuild buhimdaj bachuurah yagaad zovhon bi gej ene ter gesen bodloo baga bagaar hayaj chadah baihaa gej.
Hundetgesen Tuvshinbayar

ТОМё БОДё said...

Монгол гэлтгүй, хаа газрын хүмүүс бүгд л адилхан байх.

tuvshee said...

bugd adilhan baihoo. Yalgaa ni mongold tiim nevtruuleg bhgui dan show kino surug medeelel baidag bol. Gadnii TV-guudeer bol iimerhuu nevtruuleg ni garaad baidagt baigaa yum aa.

Dora.D said...

拍手

odongoo said...

Яг үнэн, ийм нэвтрүүлгүүд их олон байгаасай. Нөгөө хөл гаргүй гадаадын уран илтгэгч, бас Stephen Hawking байна. Тийм нэвтрүүлгүүдээс хүүхдүүд их зүйл ухаарна, хязгааргүй их боломж байгааг харах байхдаа.

Post a Comment