2012/12/10

Санааны хурьцал (TED)

Homo Sapiens буюу хүн биднийг амьтдаас заагладаг шийдвэрлэх ялгаа юу вэ?
– Соёл иргэншил үү? Оюун ухаан уу? Эсвэл босоо бие үү?

Харин зохиолч сэтгүүлч Matthew White Ridley ээр хэлүүлбэл
– Зөвхөн хүн бидэнд байдаг Солилцох чадвар л биднийг амьтнаас ялгаруулж өгдөг юм.

Дэлхий хэзээ мөдгүй сөнөх тухай аль 50 жилийн өмнөөс л яригддаг байлаа. Юу юугүй л өлсгөлөнд нэрвэгдэж, хорт хавдартаа баригдаж, хүчлийн бороонд түлэгдэж, ган гачигт талхлагдсаар үхлийн муугаар төгсөх ёстой байсан хүн бид боловч, одоогийн байдлаар хараахан мөхчхөөгүй төдийгүй, түүнээс хойш орлого маань (инфляцийг тооцоод ч) 3 дахин өсч, дундаж наслалт 30% уртсаж, нялхасын эндэгдэл 2/3 оор буурч, нэг хүнд ноогдох хүнсний бүтээгдэхүүний хэмжээ гуравлаж, хоёрлоод байгаа дэлхийн хүн амыг яаж ийгээд болгоод л байна.

– Тэгвэл энэ бүхэн ямар механизмаар ингэтэл хөгжөөд байна вэ?

Яагаад Neanderthal хүмүүс зээ гээд мөхчхөөд байхад, homo sapiens бид одоо болтол мөхөхгүй байна вэ?

500,000 жилийн өмнө хүний хийж байсан чулуун зэвсгээс дутахгүй зэвсгийг Неандерталчууд ч бас хийдэг байж (Неандертал гэдэг нь эртний нэгэн хүн дүрст амьтан бөгөөд, төрөл зүйлийн хувьд хүнтэй өвөг нэгтэй ах дүүс гэхэд болно). Тэгвэл хүний хийдэг чулуун зэвсэг маань өдийд компьютерийн хулгана болтлоо хөгжөөд байна. Хүний гарт зориулж хийгдсэн юм болохоор, энэ хоёрын хэлбэр хэмжээ төстэй гэж жигтэйхэн.


Харин нэг нь зөвхөн чулууг ашиглаад хэн нэгэн өөртөө зориулж ганцаараа хийсэн эд бол, нөгөө нь металл хуванцар силиконоос авхуулаад зүсэн зүйлийн материалыг хольж, зүг бүрийн хүмүүсийн мэдлэг оюуны цогц нэгдлээс төрсөн шидэт талстны дээж юм.

– Та компьютерийн хулгана яаж хийдгийг мэдэх үү? Эсвэл тэрийг мэддэг хүнийг мэдэх үү?

Магадгүй хэн нэг нь түүний чипийг схемчилж чаддаг ч, тэр хүн хулганы пластик материалыг нефтнээс хэрхэн гаргаж авдгийг мэдэхгүй. Харин тэрийг мэддэг нефтчин нөхөр, ажлын цагаар хэрэг болгож уудаг кофеныхоо буурцгийг хэрхэн тариан талбайгаас хурааж авдгийг мэдэхгүй.

Магадгүй сая сая хүний хамтын хөдөлмөр нийлж байж, компьютерийн энэ өчүүхэн хулганыг зөвхөн танд зориулж бүтээж байна гээд төсөөл дөө.

Үүний ард "хөдөлмөрийн хуваарилалт" болон "мэдлэгийн солилцоо" гээч юм тасралтгүйгээр эрчимтэй явагдаж байдаг.

Өнөө цагт жирийн нэг англи иргэн ганц цаг ном уншихад хэрэгтэй гэрлийг өөртөө бий болгохын тулд, ердөө тал секунд ажиллахад л хангалттай болж. Харин энэ тоо 1950 онд 8 секунд байсан бол, 1880 онд 15 минут байсан юм.

Энэ бол, бид бүхэн төдий чинээ даяарчлагдаж (буюу ойртож), худалдаа наймаа чөлөөтэй хөгжиж, басхүү төдий чинээ хөдөлмөрийн хуваарьт мэргэшин төрөлжиж ирсний үр өгөөж.

Бидний өвөг дээдэс эрт дээр үеэс л эр эмээрээ ажлаа хуваарилж аваад хийж сурсан юмсанж. Эрчүүд амь өрссөн ангийн ажлыг хариуцаж, хариуд нь эмэгтэйчүүд үндэс малтдаг залхмаар ажлыг хариуцсанаар, үр дүнд нь тус бүрдээ мэргэжилдээ туршлагажиж, бүтээмж дээшилж, цагийг ч хэмнэж. Ер нь аль аль нь л хожиж. WIN WIN.

Энэ мэт жишээ нь өнөөгийн бидний хувьд байдаг л хүүхдийн санаа биз. Тоочин хүү Тулга, зураач охин Цэцэг хоёр бие биенийхээ даалгаварыг хийгээд өгчихвөл, илүү урт хугацааг эрхлэн нялуурч өнгөрөөнө.

Тэгвэл гайхалтай нь, иймэрхүү ажлын хуваарилалт хийж байсан ул мөр Неандерталчуудад огт байдаггүй байна. Гэхдээ энэ бол неандерталчууд тэнэг гэсэн үг хараахан биш. Тэр ч бүү хэл, тархины хэмжээг нь харвал, өнөөгийн биднээс ч багтаамжтай төдийгүй, үхэгсэдээ хүндэтгэлтэйгээр хөдөөлүүлдэг байсан ул мөрийг нь ажваас, төдий чинээ дээд оюун ухаантай байжээ гэдэг нь мэдрэгддэг. Бас тэдний ДНХ дотор FOXP2 гэдэг ген агуулагдаж байснаас үзвэл, хоорондоо хэл яриагаар харилцдаг байсан нь тодорхой. Харин ердөө ганцхан зүйл, тэдэнд ажлын хуваарилалт гэдэг ухагдахуун л байгаагүй бололтой юм.


Түүнээс гадна, ухаант неандерталчуудын хийгээгүй бас нэг зүйл нь "солилцоо". Тэдний үлдэгдлээс гарч ирэх багаж зэвсэг болгон гарцаагүй тэр нутгийн чулуу материалаар хийгдсэн зүйлс байдаг гэнэ. Тэгтэл тэдэнтэй нэг хөндийгөөс олдсон хүний булшин дотроос хэдэн зуун километрийн зайтай газрын чулуунууд гарч ирэх ч тохиолдол бий.

Хүмүүс хэзээнээс эд материалаа солилцож эхэлсэн юм бүү мэд. Хаа байсан сая жилийн өмнөх хясааны үлдэгдэл, анх байсан Алжирийн эргээсээ 200км алслагдсан эх газрын гүнээс олдсон явдал бий гэдэг. Тэгэхээр худалдаа наймаа гэдэг, газар тариалангаас дор хаяж 10 дахин урт түүхтэй болж таарах байх. Худалдаа наймааны ачаар хүний түүх цэцэглэсэн жишээ гэвэл Торгоны зам, Сүэцийн сувгаар тогтохгүй олноор тоологдоно.

Хүнээс бусад амьтдын дунд солилцоо наймаа байдаг эсэх нь тун эргэлзээтэй. Шимпанзе сүргийнхээ хэн нэгэнд мод хэрхэн хугалдгийг зааж болох л юм. Гэхдээ л сүргийн хүрээнээс давж заах явдал найдвартай байхгүй. Ажилсаг шоргоолж хэдийгээр ажилсаг нь дэндсэн үлгэр жишээ боловч, өөр үүрний хатан шоргоолжны төлөө бол ална гэсэн ч хөдлөхгүй. Харин хүн бид уул гол, тив далайг алгасан хоорондоо харилцаж байна.

– Өдий болтол ноход харилцан эрх тэгшээр ясаа солилцож байхыг харсан удаагүй
гэж эдийн засгийн онолын эцэг гэгддэг Adam Smith хэлсэн гэдэг.

– Хэрвээ хүн төрөлхитөнөөс худалдаа наймааг нь салгаж орхивол, Эсвэл бид харилцан мэдээлэл солилцох боломжгүй болбол??? ...Хэрэв тэгвэл хүмүүс бид юу болох бол?

Үүний хариулт бол, бидний хөгжил удаашраад зогсохгүй, бүр ухран доройтох болно.

Тасманы арал гэдэг хэсэг арал урьд цагт Австралийн эх газартай холбоотой байж. Тэгтэл 10,000 жилийн өмнөх цаг уурын дулаарлаас болж, далайн түвшин нэмэгдэж, эх газраас тусгаарлагдажээ. Үр дүнд нь, арлын иргэдийн хөгжил удаашраад зогсохгүй, бүр уруудан доройтохдоо хүрч.

Тэд загас агнуурын багажаа ч хийж чадахаа байж, өмсдөг хувцасаа ч хийж чадахаа больсон гэдэг. Учир нь тэндэхийн 40,000 толгой хүн тэр бүх технологиудыг хадгалж өвлүүлэхэд хэтэрхий цөөдсөн учраас байв.

Тэгтэл өмнөд америкийн Tierra del Fuego гэдэг арал мөн л эх газраас тусгаарлагдсан боловч, тэдний соёл уруудах явдал байсангүй. Учир нь тэд эх газраас тасарсан ч, худалдаа харилцаа нь тасраагүй юмсанж.

Өнөөгийн бид чөлөөт худалдааны бүс, FTA, дэлхий худалдааны байгууллага гэлцэн том том ярьж даналзах нь, үнэндээ түүхийн өндөрлөг, хүний онцлогоос харвал жам ёсны хөгжлийн дараагийн гишгүүр гэж хэлж болмоор. Тиймээс хуйвалдан наймаалцах, панз үсэргэх, дамлан шаглах (заримынх нь ойлгодгоор бараг шулан хөлжих) гэх мэтийн гаж сөрөг ойлголтуудаа эртнээс засвал зохилтой мэт (Яахаараа ер нь монгол хэлэнд энэ төрлийн нааштай хэллэг байдаггүй байнаа???).

За тэр яах вэ. Солилцох харилцаа гэдэг нь хүний нэлээд анхдагч чадвар мөнөөр зогсохгүй, зөвхөн хүнд л байдаг чадвар байж ч мэдэх нь.

Тэгвэл дахиад асууя. Яагаад Неандертал хүмүүс мөхчхөөд байхад, homo sapiens бид одоо болтол мөхөхгүй байна вэ?

Matthew White Ridley
– Ний нуугүй ярихад, энд би огтоос IQ–ны тухай мэтгэлцээн өрнүүлэх сонирхол алга. Бидний хувь хүн нэг бүрийн ухаалаг тархин дээр хүний нийгэм оршин тогтнож ирсэн гэж үнэндээ бодохгүй байна. Асуудлын гол нь, хүн бид хоорондоо хэрхэн үр дүнтэйгээр санаагаа солилцож, улам бүтээлчээр хамтран ажиллах вэ гэдэг юм. Өөрөөр хэлбэл, бид бүхний "хөгжлийн хөдөлгүүрийн жинхэнэ цаад механизм нь Санаануудын хурьцал" болохыг ойлгох шаардлагатай л гэж хэлэх гэсэн юм.


When ideas have sex

6 comments:

ulmedeh said...

(Яахаараа ер нь монгол хэлэнд энэ төрлийн нааштай хэллэг байдаггүй байнаа???)....Хэл тухайн ундэстний соёл, сэтгэлгээг тусгасан байдаг болохоор хэл судлаачдын хувьд их сонирхолтой сэдэв юм шигээ. Яахав ерөнхийд нь авч үзвэл бүгдээрээ хэлэлцвэл буруугуй, бүлээн усаар угаавал хиргүй гэх буюу эсвээс цувж явсан барнаас цуглаж суусан шаазгай дээр гэхчилэн зүйр цэцэн үг хэллэг бий. Гэхдээ яг эд материал харилцан наймаалцах, солилцох талын соёл бидэнд үнэндээ байхгүй байхаа. Харин ч нийтээр үнэмшдэг (ядаж тэгж харагддаг) үнэмшил нь эдийн шуналтай, хэт материаллаг байхыг таашаадаггүй байсан мэт. Соц нийгмийн үзэл суртлын нөлөөгөөр ч биш, ер нь яг энэ тал дээрхи монгол соёл Европ ч тэр, Ази ч тэр (миний гадарлах зарим орнуудын хувьд) орнуудаас тэс өөр юм болов уу гэж боддог болсон. Миний бодлоор монголчуудын соёлд материаллаг хэрэглээг минимал байлгах хандлага байдаг юм шигээ. Энэ нь нэгт эрүүл мэнддээ анхаарал тавих, 2-т байгаль дэлхийгээ тахиж шүтдэг уламжлалтай нь холбоотой юм болов уу. Монголчуудын соёлоор бол байгалийн баялгийг жишээ нь эд өлөг бүтээх түүхий эд гэж харахаасаа бидний бие махбод, оюун сүнсний нэг хэсэг, амьтай сүнстэй бодгаль гэж үздэг байсан гэж боддог. Би өөрийгөө бас анзаарсан л даа нэг инээдтэй зүйл дээр. Европ хүмүүсийн ердийн оройн зоог хэд хэдэн янзын хоол унднаас бүрдэнэ. Шөл, магадгүй шөлний өмнө жаахан аппретив, тэгээд гол хоол тэгээд эцэст нь амттан. Энэ хооронд мэдээж бас уух юмнууд байна. Тэгээд би бодохдоо "Нэг хүний ердийн хоол хүнсэнд ийм их хэмжээний хоол унд хэрэг болно гэдэг байгаль орчинд ээлтэй хэрэг лав бишээ" гэж, хэ хэ. Тэгээд бодоод байхаар би монгол хүн болохоор тэгж бодсийм болуу гэж таасан. Гэхдээ бидэнд идчихмээр хоол унд байхгүй учир биш харин дээр миний таамаглан бичсэн шалтгааны улмаас жишээ нь зун бараг мах иддэггүй байж. Гадаа нь хоттой хонь нь байж байхад шүү дээ. Тэхээр л хөгжил гэж яг юуг хэлээд байгааг хэлэхэд хэцүү болчоод байгаам даа. Эсвэл хөгжил гэдгийг хэд хэдэн категори-т хуваах хэрэгтэй байх. Эдийн засгийн болоод техникийн хувьд хөгжсөн байх үзүүлэлт нь тэр тэр харин хүний байгальд ээлтэй байх, байгаллаг (энэ үг их таалагдаж байгаа:) ) байх үзүүлэлт энэ энэ гэж. За за, бараг нэг бичлэг болох нь. Ямартай ч Европт хүнд үйлдвэр анх хөгжсөнөөрөө бусдаад илүү соёлтой, хөгжсөн гэж би хувьдаа боддоггүй.

ulmedeh said...

Өөрөөр хэлбэл, байгалийн баялгийг хэр хэмжээгээр ашиглаж (жаахан хатуухан хэлбэл мөлжиж ч гэхиймүү) байна гэдгээр нь тухайн улс орны эсвэл үндэстнийг ухаантай эсвэл соёлтой (энд бүдүүлэг эсвэл соёлтой гэдгийн соёл гэдгийг хэлж байгаам л даа) гэж дүгнэх нь өрөөсгөл санагдаад байгаам л даа.Баруунд бол Монголчуудыг бүдүүлэг, хоцрогдсон, хөгжиж буй (хөгжиж буй гээд байгаан шүү!) ядуу орон гэх боловч соёлтой боловсон, хөгжилтөй байна гэдгийг монгол соёлоор харахаар арай өөр зүйл байгаад байх шиг байгаан. Харамсалтай нь бид өөрсдөө ч энэ соёлоо уландаа гишгэж, яг л өсвөр насны хүүхдүүд шиг өөрийгөө олохгүй, бусдаас хуулбарлан дуурайх, тэдэнд л шидэт түлхүүр бий мэт төөрөлдөх болсон юм шиг харагддаг.

ТОМё БОДё said...

Хөгжил гэж юу вэ гэсэн асуулт тавих хэрэггүй. Бид хаашаа очмоор байна вэ гэдгээ л тодорхойлчих. Тэгээд тэрэндээ ойртож чадаж байвал тэр хөгжил болно. Зориод очтол өмнөхөөсөө дор байдалд ордог ч бай, тэр бол хөгжил мөн. Миний ойлгож байгаагаар Монголчууд өнөөгийн өндөр хөгжилтэй орнуудын хойноос таваргаж байна. Тийм бол тэрэндээ л тууштай байж, тэднээс өөриймшүүлж болох бүхнийг өөриймшүүлэх хэрэгтэй.

Anonymous said...

hugjliig bi arai uuruur heleh yum baina. zorison gazraa ochtol bur dor baih yum bol ene bol hugjil bish harin doroitol. uuruur helbel neg bairnaas nuguu bairluu hiisen uurchlultiin ur dun bol hugjil esvel doroitol baij bolno. hugjil bol yamar neg baidlaar devshil garsan baih estoi. hugjil bol zugeer l neg uurchlult bish, harin zorison zuiliin 50-s iluu huwi ni setgeld niitsej bolj baina gej uzwel ter bol hugjil.

Н.Мөрөн said...

Хүмүүс өндөр байшин барилга, технологийн дэвшил, хүрээлэн буй эд юмсыг хөгжил гэж товчхондоо ойлгодог. Үнэндээ жинхэн хөгжил дэвшил нь хүний ухамсар, оюун санаанд тулгуурладаг гэж би боддог юм.

ТОМё БОДё said...

бүдүүлгийн эсрэгийг боловсон гэвэл хутгалдахгүй, арай ойлгожмтой байх. та хөгжил, эсвэл соёл боловсролыг хэмжих хэмжүүр нь улс үндэстэн болгоны хувьд өөр өөр байдаг гэж хэлээд байх шиг байна. Тэр бол мэдээж тийм. Бид ч гэсэн өөрийн гэсэн хэмжүүртэй. Түүгээрээ баримжаалаад монгол маягийн хөгжилийг зориод яваад байгаа хэрэг. Үүнийхээ төлөө бид европын хэмжүүрийг ч бас харьцуулалт болгож ашиглаад байгаа юм. Би бол үүнийг буруу зүйл гэж бодохгүй байна. бид ирээдүйн хөгжилтэй монголын загварыг гаргахын төлөө европын хөгжилийн элемэнтүүдийг өөриймшүүлж яагаад болохгүй гэж. Бодит амьдрал дээр ч бид тэгэхийг хүсч л байна. Бид юу хүсч байна, тийшээгээ л явах болно. Гол нь хаана очихыг хүсч байна, түүн лүүгээ зорьсон шиг л зорих явдал. Тэгээд зорьсон газраа амжилттай очсон бол тэр тэгээл хөгжил мөн.

Post a Comment