2012/12/11

Нүүрстөрөгчийн түүх

Нефтийг орлонгоо алдсан байгалийн хий, байгалийн хийг бас орлонгоо алдсан Oil sand, Shale gas (занар)... гэх мэтээр, биднийг гал залгуулдаг энергийн эх үүсвэрүүдийн жагсаалт хөвөрдөг.

Энэ бүх байгалийн бүтээгдэхүүнүүд бол "чулуужсан түлш" буюу, үхсэн амьтдын үлдэгдэл далайн ёроолд хуримтлагдсанаар бий болсон зүйлс юм.


Яагаад үхсэн амьтад ингэж ихээрээ далай ёроолд хуримтлагдсан бэ гэхээр, эрт дээр үеийн далайн ёроолд хүчилтөрөгч хангалттай байгаагүй болохоор, амьтдын сэгийг задалдаг бичил биетүүд ч байгаагүй юм. Тийм учраас эртний амьтдын үлдэгдэл хаашаа ч алга бололгүйгээр далайн ёроолыг нилд нь хучсан хэрэг.

Тэгээд тэр их хуримтлал нь, дэлхийн цөмөөс ялгарах дулаанд аажим аажмаар чанагдсаар байгаад нефти болж.
Гэхдээ нефти болохын тулд биелүүлэх ёстой шаардлага гэвэл бодсоноос хавьгүй хатуу байх бөгөөд, температур, даралт, орчин тойрон гээд олон зүйлйин нөхцлүүд бүрдэж байж сая нефти болно.

Тухайн үед Tethys далай гэдэг том гадаад далайд дээрх бүх нөхцлүүд гайхалтайгаар бүрэлдсэн байв. Тэр далай байсан газар нь одоогийн Ойрхи дорнодын бүс нутаг юм.

Харин харамсалтайгаар нөхцлийг бүрэн хангаж чадаагүй хэсгийн, нефти болж чадаагүй азгүйчүүд яадаг вэ гэхээр, далайн ёроол руу бүр лав шигдсээр, тэндээ өндөр температурт буцалж байгалийн хий болсон байна.

Байгалийн хий ч болж чадаагүй хэсгүүд нь элс чулуутай холилдсон чигтээ тархай бутархай өдийг хүрч, тэдний чулуутай холилдсон үлдэгдэл нь, сүүлийн үед Америкийг шуугиулаад байгаа занар (shale gas), элстэй холилдсон үлдэгдэл нь oil sand болжээ.

Мэдээж, нэг дор бөөгнөрч тогтсон нефти, байгалийн хий зэрэг нь олборлоход маш хялбар бөгөөд, үр ашиг өндөртэй. Ингээд баруун солгойгүй олборлосоор байтал сүүлийн үед ёроол нь цухуйж эхэлсэн тул, арга буюу занар, Sand oil–ийг хүртэл сонирхож эхлээд байна.

Дэлхийн түүхийг эргүүлж сөхвөл, нефти болон байгалийн хий зэрэг нь агаар мандалд агуулагдаж байсан их хэмжээний нүүрстөрөгчийг хатуу биетэд шилжүүлсэн төлөв гэхэд болно.

Тэр үеийн агаар мандал дахь нүүрсхүчлийн хий нь одоогийнхоос 4 – 5 дахин их байсан тул, дэлхий аймшигтай халуун байж, амьтад бөөн бөөнөөрөө үхдэг байж. Тэгж бөөн бөөнөөрөө үхсэний үр дүнд, нүүрсхүчлийн хийг хатуу биетэд хувирган далайн ёроолд унагаж, тэр нь яван явсаар нефти болсон хэрэг.

Нэг ёсондоо эртний амьтад нүүрсхүчлийн хий гэдэг атгаалжийн хар мангастай амь хайргүй тулалдсаар байгаад, арайхийн далайн ёроолд хав дарж аваад, дээр нь гэрийн чинээ том чулуу тавьсан байх нь.
Харин өнөөгийн бид тэр чулууг нь зайлуулж хаяад, хайр найргүйгээр нүүрсхүчлийн хийг агаарт нь буцааж дэгдээж байна. Байгаль эх 2 тэрбум жил зарцуулж байж бүтээсэн зүйлийг хүн төрөлхитөн 200-аадхан жилийн дотор ашиглаад дуусах нь ээ.


Түүх давтагддаг гэж ярьдаг. Харин галав давтагддаг эсэхийг мэдэхгүй юм. Хэрэв тийм биш бол лонхноосоо мултарсан нүүрсхүчлийн хий ахиж лонхондоо орохгүйгээр биднийг байгальтай нь сүйдлэх вий дээ.

Холбоотой – Хүчилтөрөгчийн хувьсгал

No comments:

Post a Comment