2014/08/14

Бутан

Эртээ урьд цагт Haylay хэмээх нэгэн өөдрөг өвөө байж гэнэ.
Haylay өвөө нэгэн өдөр ууланд ажиллаж байгаад гайхалтай том оюу чулуу олж. Олсон чулуугаа тэврээд тосгондоо хүрч иртэл, нэг хүн чулууг нь мориор солъё гэж гэнэ. Ингээд морьтой болж, цаашаагаа морио үхрээр сольж, үхрээ хониор сольж, хонио тахиагаар сольж гэнэ. Тахиатай болсон Haylay өвгөн ахин цааш алхтал, хөндийн цаанаас гайхалтай уран хоолой сонсогдож. Тэр хоолойн эзэн дээр явж очоод
– Надад наад дуугаа зааж өгвөл, оронд нь тахиагаа өгье
гэж.
Ийнхүү Haylay өвгөн эцэстээ гар хоосон үлдэв. Гэсэн ч тэр аз жаргалтай хэвээр байлаа. Учир нь, түүнийг дуугаа дуулах болгонд тосгоны хүмүүс баярладаг билээ...

Энэ бол Бутаны ард түмний дунд эртнээс яригдаж ирсэн үлгэр юм.

Бутан гэдэг улс хэдийгээр эдийн засгийн хувьд жижиг буурай боловч, тэндэхийн ард түмний сэтгэл ханамжийн төвшин туйлын өндөр гэдгээрээ олон улсын анхаарлыг татдаг (ДНБ ээрээ дэлхийн 188 орноос 122т жагсдаг бол, иргэдийнх 95% нь өөрийгөө аз жаргалтайд тооцдог).

Хэрхэвч элбэг дэлбэг амьдралаар амьдараагүй хэрнээ, яагаад тэд хүмүүс тэгтэлээ аз жаргалтай байна вэ?

Магадгүй үүний нууц дээрх Haylay өвгөнд байх шиг санагдана.

Haylay өвгөн ердөө л бусдад хэрэгтэй зүйлсийг нь сольж өгөөд л яваад байж. Бусдын баярлахыг харах өөрт нь бас баяртай байсан биз. Эд зүйл гэдэг өгөөд байвал дуусдаг боловч, дуу сурсан Haylay өвгөн хэзээ ч бусдыг баярлуулж чадна...

Бутаны нэгэн тосгоны ахлагч хэлнэ
– Өөрөө аз жаргалтай байхын тулд, бусдын аз жаргалыг ч бодолцохгүй бол болохгүй. Өөрөөсөө сул дорой хүмүүст үргэлж туслах хэрэгтэй.

Бутан хүмүүсээс
– Би л болж байвал болоо гэж бодсон удаа бий юу?
гэж асуухад, тэдний 78% нь "огт үгүй" гэж хариулсан байна. Тэр ч бүү хэл төдий тооны хүн
– Бусдад атаархсан удаа байхгүй
гэж хариулна.

Бутан хүмүүс хувийн жаргалыг боддоггүй нь, ойр хавийнхаа хүмүүстэй маш дотно харьцаатай амьдардаг нь нөлөөлдөг бололтой.

Нэг тосгоны хүмүүсийн хооронд манайх танайх гэх үзэл бараг байдаггүй бөгөөд, яг л нэг гэр бүл шиг бусдын гэрээр чөлөөтэй орж гарна.

– Асуудал үүсвэл танд туслах хүн ойр тойронд чинь хэд байгаа вэ?
гэсэн асуултанд 64% нь "8–аас дээш" гэж хариулсан бол, "нэг ч хүн байхгүй" гэсэн хариулт 1%–д ч хүрээгүй гэнэ.

Бутаны засгийн газрын нэгэн түшмэл ярьж байна
– Гадаад орнуудыг сайтар ажсаны үр дүнд, явж явж ДНБ (мөнгө)–ээс өөр зорилгогүй болохыг нь ойлгосон. Үнэндээ бидэнд зөвхөн мөнгө байх нь хангалтгүй санагдсан.
Зөвхөн мөнгө хөөвөл, тэнд төгсгөл гэж үгүй. Улам хурдан машин, улам том байшин, улам дэгжин хувцас хүсэхээс цаашгүй юм болно. Мөнгөнөөс мэдэрч болох баяр баясгалан бол түр зуурынх л байдаг. Харин бидний зорилго бол илүү урт хугацааны аз жаргал юм.

GNH (Gross National Happiness) буюу үндэсний нийт аз жаргалын зөвлөлийн тэргүүлэгч гэсэн албан тушаалтай нэг эрхэм ийн хүүрнэнэ
– Аз жаргал гэдэг чинь модны ард ч юм уу, сүм дотор нуугдаж байдаг юм биш. Хөөцөлдөх тусам л олддоггүй эд юм шүү дээ. Харин хөөцөлдөхөө болиод мартаж орхивол аяндаа л дэргэд чинь байж байх болно. Өөрийнхөө дотор юу байгааг мэдэр. Тэр чинь л аз жаргал юм.

Бутан улсын ханхүү хүүхдүүдэд хандаж сургаал айлдаж байна

– Бидний хүн нэг бүрийн сэтгэл дотор луу байдаг юм. Тэр луу бидний амьдралдаа сурч мэдэж, үзэж харсан болгоныг идэж өсдөг. Бид тэр луугаа олон жилийн туршид нандигнан өсгөхгүй бол болохгүй учиртай юм.

Заа тэр ч яахав.
Сонирхуулахад, дээр өгүүлсэн тосгоныхон "Тогорууны бүжиг" гэдэг нэгэн уламжлалт дууг дуулсаар ирж. Тэр дуунд нь чих тавьбал, иймэрхүү үг сонсогдоно.

Тогорууны дэвэлтийг харсан
Хүний нүгэл ариусна
Хүний нүглийг ариусган
Тогоруу дэлхийг тойрно

Тэндэхийн хүмүүс тогорууг ариун амьтан гэж үздэг тул, үнэн сэтгэлээсээ эрхэмлэж, жилийн жилд тосгонд ирэх тогоруудыг харж баясдаг гэнэ. Тийм болохоор, нүүдлийн тогоруу жаахан оройтоход л сэтгэл нь түгшиж, хаа сайгүй л тогоруун тухай яриа өрнөнө. Тогоруу байх төдийд л тэдний дотор үнэхээр уужирдаг аж.

Тэд тогоруунд дуртайн хэрээр өдийг хүртэл тосгоноо цахилгаантай холбоогүй юмсанж. Учир нь цахилгааны шугам татах гэхээр, тогоруу цугладаг цөөрмийг нь дайрах гээд байсан тул, тогоруунд садаа болно гэж үзээд тоогоогүй хэрэг. Тэгээд цахилгаангүй ч гэлээ, тосон дэнлүүтэй тосгоныхон сэтгэл хангалуун амьдарсаар л байж.

Харин энэ тухай сонссон хаа холын Австральчууд уярсандаа ч юм уу, тосгоныхонд сэтгэл гаргаж хандив цуглуулаад, цахилгааны шугамыг газар доогуур татаж өгсөн юм гэнэ.

Ширхэг толбогүй ариун сэтгэл гарцаагүй эзнээ тосоор мялаадаг учиртай нь тэр аж.


Таны гарт ердийн нэг цаастай чихэр байна. Тэр чихрээр та балчир хүүхдийг баярлуулахдаа төдийлөн татгалзахгүй байлгүй. Харин гарт чинь том гэгчийн Оюу чулуу байвал яах бол? Ядуу хүний ядуу сэтгэл тийм ч амархан өөрөөсөө салгаж зүрхлэхгүй л болов уу.

Хураах тусам алдах айдсыг давхар гардуулдаг эд зүйлс гээчээс "урт хугацааны аз жаргал"–ыг үнэхээр мэдэрч чадна гэж үү?

Харин угийн баян сэтгэл оюу чулуунд ч үнэ цэнэ өгөхгүй биз. Анхнаасаа ч оюу чулууны хэрэг гэж байсан биш. Тэд чинь зүгээр л нэг цагаан сарын гар цайлгалт юм шүү дээ.

7 comments:

  1. таалагдлаа.. сайхан пост болсон бна. ялангуяа Ханхүүгий хэлж буй Лууны тухай үг их сонирхолтой санагдлаа..

    ReplyDelete
    Replies
    1. GNH зөвлөлийн тэргүүлэгчийн хэлээд байгаа тэр олох ёстой зүйл нь хан хүүгийн хэлсэн луу байх.

      Delete
  2. Социалист нийгэм сайхан байж дээ. Баян хоосны ялгаа байхгүй, хэнд ч атаархахгүй, хөдөө малчин айлын эзгүй гэр орныг нь өөрийнх мэт хэрэглэж болно, Бутаны индексээр бол аз жаргалаар дэлхийд нэлээд дээгүүрт орох байж.

    ReplyDelete
  3. Одоо ч гсн бгаадаа ханаад амьдрах боломж бна шдээ бид нарт. Би лав шуналтай гоё юм харвал авмаар санагддаг. Гэхдээ тэрийг л авахиймсаан гэж санаа зовдоггүй. Баян болно доо гэж боддог гэхдээ би ядуу бна гэж өөрийгөө зовоодоггүй

    ReplyDelete
  4. Сайхан нийтлэл бичжээ

    ReplyDelete
  5. odoogiin myanmar uls.
    Tiishee yvmar sanagdchlaa kkkk

    ReplyDelete
  6. Сайхан нийтлэл байна. Баярлалаа

    ReplyDelete