2012/11/07

Цагт нь тулгадаг танил зан


– Зуны даалгаварыг 8/30нд эхлэх...
– Шалгалтын өмнө нойргүй хонох...
– Хурлын өмнө илтгэл бэлэн болох...
Үнэхээр кайфтай шүү. Уул нь бол зөвхөн Монгол зан биш л дээ, хаа газрын хүмүүст байдаг л зүйл.

 Гэхдээ бөгс нь доор нь хиншүү ханхалахаас нааш хөдлөхгүй гэдэг энэ зан, монголчуудад нэлээн түгээмэл ажиглагддаг.
  • Хөдөлгөгч хүч нь айдас
Бөгсөн доороос нь хиншүү төөнөж эхлэнээ гэдэг бол овоо бачим явдал мөн биз? Энэ үед хүмүүс яарч, түгшиж, айдсыг мэдэрдэг.

– Даалгавараа хийхгүй бол багшид алуулна...
– Шалгалтандаа унавал кредитээ алдана...
гэх зэргээр боддогоос үзвэл, тийм ч дуртайдаа хийх гээд байгаа эд лав биш дэг.
Тийм ч учраас аюулын харанга дэлдээгүй л бол анзааралгүй өнгөрч ч мэднэ.
Өөрөөр хэлбэл ийм үед таныг хөдөлгөгч хүч нь аюулын харанга болсон айдас байдаг байна.
  • Хүүхэд насны дурсамж
– Үгэнд ордоггүй хүүхдийг айлын өвөөд өгнөө хө...
– Чихэр их идвэл хадны мангаа ирнэ шүү...
гэж багадаа айлгуулж байсан л биз дээ?

Эцэг эхчүүд хүүхдээ үгэндээ оруулах гэж иймэрхүү арга түгээмэл хэрэглэдэг. Гол төлөв хүүхэддээ бүрэн анхаарал халамж тавьж чадаагүйн хэрээр, хажуу айлын Балдан, цагдаагийн сахалтай ах мэтийг ашиглаж байгаа нь тэр. Гэвч энэ нь гэр дотор төдийгүй, сургууль ажил гээд хаа сайгүй л анзаарагддаг.
Иймэрхүү шалих шалихгүй дарамтууд л, айдсыг хөдөлгөх хүчээ болгох суурь дэвсгэр болдог бололтой.

Ингээд ирэхээр ямар нэгэн айдас байхгүй л бол хөдөлж өгдөггүй хөшүүн нэгэн болж хувирна.
Хэдийгээр хадны мангаа мэтийг том болоод тоохоо болих ч, хүүхэд сэтгэл чинь сэвтэй хэвээрээ л байх болно. Тэрхүү сэтгэл доторхи "хүүхдээ" (inner child) аргадах нь, айдсыг дийлэх үр дүнтэй аргын нэг гэдэг юм байна.
  • "Дандаа ингэдэг..." хэмээх цуврал детектив
Гэвч айдсаа ашиглаж занших нь цаанаа учиртай аж.
Учир нь айдас түгшүүр гээч нь туйлын чадалтай мотор юм гэнэ. Ойрын зайн бачим тийрэлтэт хөдөлгүүр гэх үү дээ. (Гэвч тогтвортой тасралтгүй шинж байхгүй.)
Тийм ч учраас төсөөлсөнөөс хавьгүй үр дүнд хүргэдэг талтай. Ингэж л хүмүүс шөнөжин суугаад шалгалтандаа тэнцдэг цуврал детективт дуртай болдог юм.
Үүндээ бүр амтшаад
– Яааг эгзэгий нь тааруулж байгаад хөдлөх үнэн кайфтай
гэхчилэн сайрхана. Зарим нь ч учраа мэдэхгүй
– Цаг нь тулахгүй л бол төвлөрч өгдөггүй юм
гэсээр, юм юмаар шалтаглан хойш нь тавих нь бий.

Эсрэгээрээ цагий нь тулгаж бүтэлгүйтсээр гаргуундаа гардаг нэг ч бий. "Яанаа" гэж хичнээн үглээд нөгөө мотор нь асч өгөхгүй тул, онхолдох бүртээ сэтгэлээр унасаар, эцэстээ өөрийгөө зүхдэг буруу эргүүлэгт урсаж орхино.
Эсвэл төлөвлөж хийсэн ганц нэг зүйл нь бүтэлгүйтэх төдийд, илүү энерги зарсандаа харамсан ялархаж, сүх далайтал хөдлөхөө больдог нь ч бий.

Энэ бүхнээс үүдэх хамгийн том асуудал гэвэл, дуртай зүйл чинь ч уйтгартай болж ирдэг явдал юм.
Учир нь таныг хөдөлгөхийн тулд заавал ямар нэгэн сөрөг шалтгаан хэрэгтэй болдог. Тэгээд тэр сөрөг шалтгаандаа эцэстээ өөрөө халширч орхино. Дуртайдаа эхлүүлсэн хобби чинь удаан үргэлжилдэггүй нь ч үүнтэй холбоотой байж мэднэ шүү.
  • Эерэг сэдлээр асуудалд хандвал
Тэгэхээр аливаад яавал эерэг сэдлээр хандаж сурах вэ гэдэг нь асуудлыг шийдэх түлхүүр болж ирнэ.
Эртнээс төлөвлөж сурах мэтийн арга санаанд чинь бууж болох ч, тэглээ гээд олигтой үр дүнд хүрэхгүй л болов уу. Их л бодож төлөвлөгөө зохиож дуусаад сэтгэл ханах ч юм уу, төлөвлөгөөнөөс жаахан зөрөх төдийд шантраад эхлэх биз.
Хичнээн хиймээр байна, хийх ёстой гэж бодож байгаа ч, таны дотор айдас түгшүүр байгаа хойно, нэг л онцгүй юм болоход та шууд бүхнийг хойш тавих болно.

Мэдээж маргааш шалгалттай бол та нэгэнт айдаст эзлэгдсэн байгаа нь ойлгомжтой (эсвэл орой болтол гандан буурахгүй юу?)

Тэгэхээр арай цаг нь болоогүй ямар нэгэн "хийхгүй бол"-ын тухай бодоод үзье. Тэгээд түүнийгээ хийснээр бий болох давуу талуудыг олох гээд оролд. Олсон давуу талуудаа улам бүр ургуулаад бод.
Жишээ нь та аялалын бэлтгэл хийх ёстой байг.
Эртхэн бэлдээд авчуул бий болох давуу талууд байгаа биз?
- Юм хумаа мартахгүй.
- Очоод юу хийхээ тухтай төлөвлөнө.
- Дэлгүүр хэсч бэлэг цуглуулах завтай болно.
Ахиад цааш нь ургуулаад үз.
- Юм хумаа мартахгүй: санаа амар байх болно.
- Очоод юу хийхээ тухтай төлөвлөнө: аялал улам зугаатай болно.
- Дэлгүүр хэсч бэлэг цуглуулах завтай болно: цаганд баригдахгүй сайхан аялана.
Улам туйлшруулаад бод.
- Санаа амар
- Зугаатай
- Хангалттай цагтай
сайхан аялах болно. Ийм эерэг зүйл бодох төдийд аялалдаа бушуухан бэлдэе гэсэн сэдэл өөрийн эрхгүй төрж байгаа биз?
  • Унаад босох уран арга
Өөр нэг арга гэвэл зөв утгаар буулт хийх, унаад босох явдал.
- Тэртээ тэргүй хийх л юм чинь дээ
гэж бодоод одоо хийж яагаад болохгүй гэж?
Эсвэл хэд хэдэн удаа "болъё оо" гэтлээ өөрийгөө хашраах.
- За ёстой болъё чи минь. Ахиж л ингэж рискдэхгүй шүү
гэтлээ хэд сайхан унаад босчих. Гэхдээ нэлээн чанга хашраах хэрэгтэй шүү. Нэгэнт бүх юм дууссан хойно, ямар хэцүү байснаа хүн мартчихдаг гэмтэй тул, мартахгүй болтолоо, гэхдээ бүр албаар өөрийгөө баастах хэрэгтэй.

Зарим хүмүүс даалгаварынхаа цагийг өөртөө урагшлуулж цээжлэх арга хэрэглэдэг. Цагаа 5 минут түрүүлж тавих ч юм уу, эцсийн хугацаанаас яг 2 өдрийн өмнө даалгавараа хийж эхлэх гэх мэтээр зарчим барьдаг. Энэ ч бас муугүй л арга. Жинхэнэ цагаа мартчихгүй л бол.


2 comments:

Oyunerdene said...

Яг болдог зүйлийг яруу тодоор бичжээ.
Ялан дийлэх арга нь ч бас боломжийн юм.

Anonymous said...

yg vnen bulguu

Post a Comment