2012/11/30

Өөрийгөө давах

Хүн төрөлхитөн ухамсараасаа тасарч, өөрийгөө давах арга зам олныг нээж иржээ. Зарим нь бясалгал үйлдэж, зарим нь мансууран донтож, зарим нь бүр ховсдуулсан мэт дэвхцэнэ (rave).
Гэхдээ аль ч аргыг хэрэглэсэн бай, ухамсарын шилжилтийг биеэр үзсэн хүмүүс харилцан төстэй зүйл мэдэрсэнээ ярьдаг.
– Ариуссан..., хөндийрсөн..., хөнгөрсөн...
гэх мэт, ямар нэгэн байдлаар өргөгдсөн юм шиг мэдрэмж тэнд байдаг бололтой юм.

Харин тэдгээр өөрийгөө давах аргууд дунд Дайн хэмээх өвөрмөц арга бий болохыг нийгмийн сэтгэл зүйч Jonathan Haidt хэлж байна.

– Дайн шиг хүнийг нэгдмэл болгодог зүйл үгүй.

Дэлхийн 2–р дайнд алба хаасан J.Glenn Gray гэгч, дайн дууссаны дараа мөр зэрэгцэн тулалдаж явсан андуудаа тойруулан ярилцлага авчээ. Тэр дунд олон партизанууд ийн хэлсэн байна
– Дайны талбар дахь хамтын амьдрал бол, миний амьдралын хамгийн оргил үе байсан.

БИ хэмээх хувийн мэдрэмж, БИД гэсэн бүлгийн ухамсарт шилжиж, хувь хүний итгэл үнэмшил зэрэг нь нэг л мэдэхэд онцын чухал биш болно.
БИ хэзээ ч өнхөрөөд унаж болох ч, үхнэ гэж байхгүй. Учир нь түүнээс цааш ч БИД үргэлжилэн оршин байх учраас тэр. 

Дайн хэмээх туйлын төлөв дор, хүмүүсийн нэгдэл төсөөлсөнөөс хавьгүй хүчтэй нягтарч, нэг л мэдэхэд хувь хүн нэг бүр тэрхүү нэгэн цогц биетийн эд эс болон уусан шингэдэг бололтой юм.
Тэгээд тэр нь "туйлаас сэтгэл сэргэм бөгөөд юунаас ч юм өргөгдсөн мэт хөөрлийн мэдрэмжийг төрүүлдэг" юм гэнэ.

Нэгдэл дундаас үүсдэг энэ мэт хөөрлийн мэдрэмжийг төрүүлдэг нь, зарим шашинд ч бас хамаарах зүйл. Тус тусдаа салангид байсан хүмүүс "нэгэн цогц"–ыг мэдрэх үед, жирийн бүхэн ариун болж, ширхэг бүрийг нэмсэнээс ч хавьгүй том хүч бүрдэнэ. Тэгээд, сэтгэлийн шатаар өгсөн гарах тэр өндөрлөгөөс сая бурханы дүрийг олж харах үед..., БИ гээч нь бас л уусан шингэх юм.

"Сэтгэлийнхээ шатны үзүүрт ганцхан секунд Есүс Христтэй учирсан удаа бий" гэх Stephen Bradley хэлж байна
– Би тэгэхэд баярласандаа бие минь чичирч байсан. Дэндүү гайхамшигтай аз жаргалын мэдрэмж байсан болохоор, ингээд үхсэн ч харамсахгүй юм шиг санагдсан.

Дайн гэдэг, шашны нөгөө туйл баймаар. Гэвч энэ хоёр бол таслая гээд ч үл тасрах хачирхалтай хамаарлаар холбоотой юм шиг. Дайн шашныг төрүүлж, басхүү шашин дайныг төрүүлж ирсэнийг түүх бидэнд өгүүлдэг. Үүн шигээ бас, өөрийгөө давах гэдэг ухагдахуун дээр ч, өвөрмөц байдлаар энэ хоёр уулздаг байх нь.

Амь дүйсэн тулаан гэдэг, хүчирхэг бүлгийн ухамсарыг дуудан сэрээнэ.
Дэлхийн 2–р дайнд ялсан холбоотнууд дахь бүлгийн баяр хөөр.
9.11–ийн терророор мэдэрсэн америк дахь бүлгийн гашуудал.
Дарангуйлагчийг түлхэн унагахаар боссон Египитийн ард түмний бүлгийн уур хилэн.
Гаднаас ирэх аливаа дарамт стресс нь, нийгэм дотор хүчирхэг нэгэн цулыг төрүүлэх аж. Үүнтэй адилаар, нэгэн итгэл үнэмшил (буюу шашин) дор нэгдэн нягтрах хүмүүсийн дундаас ч бас ийм нэгдэл үүсдэг байх нь.

Тэрхүү нэгдэлийн шалтгаан нь дайн байна уу, шашин байна уу гэдгээс үл хамааран, аварга том БҮХЭЛ–ийн эд эс болж буйгаа мэдрэх тэр үед, БИ гэдэг өчүүхэн хувь хүн өөрөөсөө тасран хөөрөх мэдрэмжийг мэдэрдэг байна...


Ингэхэд, тиймэрхүү ямар нэгэн агуу хүчин зүйлтэй нэгдэх мэдрэмжээс үүсэх хөөрөл нь, хүн бидэнд урьдаас өгөгдсөн чадавхи юм болов уу?

Байгаль эх биднийг ийм байхаар бүтээсэн хэрэг үү? Эсвэл хувьсалын систем дотор санамсаргүй байдлаар гажуудал үүсэв үү? Эсвэл, ердөө л түр зуурын төөрөгдөл биш байгаа?
Энэ бол дээрхи Jonathan Haidt – ийн асуулт юм.

– Ухамсараа давж, өөрийгөө хөсөр хаях нь эргээд бидэнд ашигтайгаар тусдаг байхаар, үүнийг тайлбарлах боломж бий юу? Байгаль биднийг үнэхээр ингэж програмчилсан юм бол, тэр нь юуны төлөө байж болох вэ?

Хувьсалын онолын эцэг гэгддэг Чарлз Дарвин ингэж ам гарсан удаатай
– Ёс суртахуун гээчийн ихэнх нь, биологийн биет болох хүн нэг бүрийн хувьд ямар ч ач холбогдолгүй зүйлс байдаг.

Гэтэл сүрэг дээр яриад ирвэл байдал эрс өөрчлөгдөнө. Тэр ёс суртахуун гээч нь сүргийн хувьд туйлын ач холбогдолтой зүйл юм.

Жишээ нь, хувь хүмүүс хоорондоо тэмцэлдэх хүрээн дотор, ердөө л хэдэн атамануудын хуйлрал үүснэ гэсэн симуляц загвар байдаг.
Атамануудын хуйлрал дундаас шинэ юм юу ч үүсэхгүй, байсан юм л нэгээс нөгөөд шилжих төдий юм. Нэг ёсондоо, хувь хүн өөрийнхөө төлөө үхэн хатан тэмцэлдэх ертөнц гэдэг бол, биесээ шоглосон хөөрхийлэлтэй дүр зураг л байдаг гэсэн үг.

Харин тэр ертөнцөд бүлэг үүсвэл юу болох вэ?

Тэнд, хувиа бодсон дээрэлхүү нөхдийн ноёрхол манан мэт замхарч, зохион байгуулагдсан бүтэц бүхий бүлгийн гарт эрх мэдэл шилжих болно.

Хувь хүмүүсийн хоорондох өрсөлдөөн гээч нь, өөрийгөө зүлгэн хөгжүүлэхийг шаарддаг хэдий ч, нөгөө талаар сөрөг хандлагад хөл алдвал эргээд өөрийгөө мөхөөх эрсдэлийг ч давхар агуулдаг.

Жишээ нь, сэлүүрт завьны багийн тухай бодоод үз.
Хэдийгээр нэг багийн гишүүд ч гэлээ, дотроо тэд бол өрсөлдөгчид байдаг. Учир нь, чадалгүй болон чадваргүй сэлүүрчид яваандаа багийн бүрэлдэхүүнээс хасагдах дүрэмтэй. Тэгтэл хэн нэгэн санаа муут өөрийгөө зүлгэн хөгжүүлэхийн оронд, бусдыг хорлох замыг (сөрөг хандлага) сонгохыг ч байг гэх газаргүй. Дасгалжуулагчидаа хов зөөж, санаатайгаар нэгнээ гэмтээх ч юм уу.

Гэвч энэ мэт өчүүхэн тэмцэл нь, түүнээс хавьгүй том өрсөлдөөний өмнө тулж ирэх үед нэгэнт утгаа алдах болно.
Завиндаа суугаад нэгэнтээ замд гарч одвол, ясны дургүй нэгэнтэй ч бай хамтрахаас өөр замгүй. Учир нь түүнээс цааш дараагийн эрэг хүртэл тэдний хувь заяа нэг. Дуртай ч бай, дургүй ч бай, харилцан туслалцах л болно. Нэг завин дотор хөлөө жийлцэх аваас, би чи гэлгүй бүгд живэх аюултай.

Энэхүү "Нэг завинд суух" гэдэг тактик нь, амьд байгалийн хувьсал дундах хамгийн түгээмэл аргуудын нэг юм. Тэгээд ч, яг энэ арга л зальтай сэргэлэн завшигчидын санаархалыг таслах шидтэй гэнэ.

Яагаад бидний эсэн дотор, өөрийн гэсэн тусдаа ДНХ бүхий Митохондрия байдаг гэж бодож байна? Тэд эрх чөлөөт тусгаар бактери биш билүү?

Үүний хариулт бол, тэд нэг завинд суух нь илүүтэйгээр оршин тогтнохын баталгаа болно гэж үзсэн учраас юм.

Митохондрия хэмээх өчүүхэн биет, өөрийгөө даван өөр эсийн нэг хэсэг болох үедээ "өргөгдсөн" мэт сэтгэгдэл төрж, үүнээс цааш үхсэн ч харамсахгүй гэж бодсон юм болов уу? Ямартай ч, илүү том бүтцийн өчүүхэн эд эрхтэн болох замыг сонгосон Митохондрия л, өнөө үеийг хүртэл амьд үлдэж иржээ.

Бусадтай нэгдэх процесс дундаа, зөвхөн бусдын хөлс хөдөлмөрийг сордог хэнд ч хэрэггүй завшигчид мэдээж олон л байсан биз. Гэсэн ч харамсалтай юм даа, одоо тэд нэгэнт үгүй болж.

Нэг завинд суусан эсийн доторх эд эрхтэн бүр өөр өөрийн үүрэг рольтой. Хэн нь ч бусдыгаа шоглоод байх сөхөөгүй.

Тэгээд, нэгэн цул болж хамтран бүтээсэн баялаг нь, хувь хувьдаа бүтээж нийлүүлсэнээс ч хавьгүй агуу байх болно.

Эсийн төвшин дөх иймэрхүү бүлгийн бүтэц нь, дээш дээшээгээ фрактал байдлаар тогтсон байдаг бололтой.
(Фрактал гэдэг нь дахин давтагдах буюу нэг дүрмэнд захирагдах шинж. Жишээ нь, бичил ертөнц дөх бөөмсийн шинж чанар, хүний нийгэмд ч, сансар огторгуйд ч ажиглагдах байдал.)
Зөгийн үүр ч, хүн сүрэг ч, бүгд л Митохондриягийн гаргасан шийдвэртэй ижил шалтгаанаар нэг завинд суусны үр дүн юм.

Гэвч, амьд байгалийн хувьсал гээч нь, хачирхалтайгаар бас буцаж урсах боломжтой байдаг. Урагшаа 3 алхсан ч буцаад 2 алхахыг байг гэх газаргүй. Аюулгүйн баталгаа болсон дундын завиа мэдсээр байж эвдэхийг санаархагчид гарч ирдэг нь сонин. Хуучин цагийн атаман дурсамж гэдэг тийм мартахын аргагүй амттай эд юм болов уу?.

Хүн төрөлхитөн хэмээх нэгэн цул биет ч бас, нэгдэл задралыг ээлжлэн давтана. Заримдаа завинд сууна, тэгсэнээ бууна, хааяа бүр хөмрүүлж орхино. Аз болоход, эргэж завиндаа суух болгондоо "нэгэн бүхэл" хэмээх туйлын дээд баясалыг дахин амтлах аж.

Дайн гэдэг, уул нь бол нурааж сүйтгэх үйл явдал болохоос, нэгдэж нягтрахыг зорилгоо болгодог гэж хэлэхэд хэцүү. Дайны процесс дунд мэдэрдэг нэгэн бүхэл мэдрэмж бол, харин ч огтоос төлөвлөөгүй дайвар бүтээгдэхүүн гэж үзвэл зохилтой.

Түүний дэргэд шашин бол эхнээсээ л нэгдэж нягтрахыг зорилгоо болгосон үйл хэрэг байдаг. Харамсалтай нь, хэсэгхэн хүний нэгдэл нягтрал нь, огтоос төлөвлөөгүй дайн тулааныг ч үүсгэх явдал бий.

Хүн гэдэг байгиалаасаа нэгдэлийг эрэлхийлдэг байхаар бүтээгдсэн боловч, нэгдэл болгоны цаана задрах тавилан гарцаагүй хүлээж байдаг мэт. Тэр хоёрын дунд хүн бид нэгдсэн бол задарч, задарсан бол нэгдсээр, ахин дахин эргэлдсээр урагшилах биз.

Фракталын хүрээн дотор, эрт орой хэзээ нэгэн цагт илүү том завьтай учрах л болно. Хэдий, бурхантай нэг завинд суусан байлаа ч...

Холбоотой – Эсүүд яагаад амиа хорлодог вэ?

No comments:

Post a Comment