2012/11/05

Засгийн газрын бонд


Английн алдарт Economics сэтгүүл Ардчилсан тогтолцоог
– Ёроол нь хясаанд идэгдэж, жинд нь суун живж буй хөлөг онгоцтой
зүйрлэж байна.


Далайд тавьсан хөлөг онгоц нь цаг өнгөрөх тусмаа ёроолоор нь хясаа хэлбэрт бяцхан амьтад наалдан цугладаг гэнэ. Тэдгээр нь хэт их болж ирвэл хөлгийн хурд нь унаж, түлшний идэлт мууддаг байна.

Үүнтэй адилаар, ардчилсан тогтолцоот төрийг чангаадаг хясаа нь төрийн зээл буюу засгийн газрын бонд юм.

Ардчилсан тогтолцоот нийгэм дор, улсын өр нь чимээгүй хуримтлагддаг. Түүний өсөлт нь ард түмэн нэг бүрийн хувьд төдийлөн дарамт болж мэдрэгдэхгүй тул, хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байдаггүй. Тэгээд ч, татвар дээр тогтдог төр гэдэг байгууллагаас хүртэх нийгмийн үйлчилгээний "буян хишиг" нь арвин юм хойно.

Харин ардчилсан тогтолцооны түүхийг хөндлөнгөөс ажиж үзвэл тийм төрийн оршин тогтносон хугацаа нь, хуримтлуулсан өрийнх нь хэмжээтэй шууд хамааралтай
гэсэн сонин зүй тогтол харагддаг байна. Economics сэтгүүл үүнийг доорхи байдлаар ёжлон дүрсэлжээ.
– Тогтвортой ардчилсан тогтолцоот төр нь, өмнөх үеийн тогтвор муут олон янзын төрүүдээс ч илүү, урьд хожид байгаагүй их өрийг хуримтлуулж чаджээ.

Урьд цагийн хаант засаг, авторитар засгийн үеүүдтэй харьцуулахад, өнөөгийн ардчилсан засаг нь хол илүү өрөнд оромтгой байдаг байна. Өөрөөр хэлбэл ардчилсан нийгэм дэх иргэд бол төдий дайны харалган байдаг гэсэн үг. Ийм харалган хүмүүсийн нийгэм, дэлхийн 2–р дайнаас хойш тасралтгүй өргөжин тэлсээр, өнөөгийн байдлаар бүх дэлхийн хүн амын хагасыг бүрхээд байна.

Эрт цагийн гүн ухаантан Платон хүртэл ардчилсан төрийн дампуурлыг сэрэмжлүүлж байжээ.
– Ардчилсан нийгэмд баячуудын мөнгийг булааж авна. Авсан мөнгөнөөс нь улс төрчид түрийвчээ дүүргээд, үлдсэн хэсгийг нь ард түмэнд хуваан цацна.

Одоо харахад түүний үг оносон ч юм шиг... Зөрсөн ч юм шиг. Учир нь, Америк, Англи мэтийн оронд сүүлийн 30аад жилийн турш нийгмийн ялгаа улам бүр тэлж байна. Өөрөөр хэлбэл, баячуудын мөнгийг булааж авах нь битгий хэл, баячууд нь улам бүр баяжсаар байгаа юм. Тэгтэл нөгөө талд хүнсний талоноор амь зуудаг Америк иргэдийн тоо нь одоо нэгэнт 46 сая даваад байгаа гэнэ (7 хүн тутмын 1 нь).

Гэсэн ч "Эрх тэгш ардчилал" нэрэн доорх жинхэнэ аюул хараахан бодитоор илрээгүй ч байж болох юм. Түүнийг төрийн зээл гэдэг хэлбэрээр аргацаан шингээж байгаа юм. Төр хэзээ зээлээ дааж тэсэхээ болино, тэр цагт л бүх юм ил гарах биз. Яг л өнөөгийн Грек шиг.

Ардчилсан тогтолцоот улсад өрийн дарамтаас хөнгөрөх хэд хэдэн арга бий. Жишээ нь инфляци. Юмны үнэ өсвөл, урьдын тавьсан өрийн хэмжээ нь түүнтэй харьцангуйгаар багасна. Жишээ нь та 90 онд машин авахаар 1000 төгрөг зээлсэн бол, инфляцийн ачаар одоо тэрийгээ 5 хушуурны үнээр хөнгөхөн төлчих юм.

Харин хамгийн муу арга гэвэл Default буюу дампуурлаа зарлах.
– Зээлээ төлөхгүй шүү
гээд цагаандаа гарах явдал юм.
Дэлхийн 2–р дайнаас хойш 60 гаруй төр дампуурсан түүх бий. Тэдгээр дампуурсан төрийн ихэнх нь буурай орнууд байж. Харин сүүлийн үед өндөр хөгжилтэй орон гэгддэг Грек мэтийн орнууд бодит байдал дээр Default хийж, түүний өрийн тал нь цайрагдаад байна.

Өндөр хөгжилтэй орон дампуурсан тохиолдол өмнө нь байгаагүй биш байсан. Дэлхийн дайнд шууд татагдан оролцолгүй, харин ч хүнсний ханган нийлүүлэгч хийж хөлжсөн тухайн үеийн өндөр хөгжил бүхий Аргентины жишээ байна. Тэд бол түүхэнд хамгийн олон буюу 3 дахин дампуурч үзсэн бахархам түүхтэй орон. Харин 80аад оны дампуурлаасаа хойш эдийн засаг нь бүр мөсөн сүйрч, өнөөгийн байдлаар хөгжингүй орноос ч доод зэрэглэл болох хөгжиж буй орны тоонд ордог.

 Default хийхэд хамгийн аюултай нь, гадаад зээлийг аргалах явдал юм. Өөрийн ард түмний хөрөнгийг үнсэнд хийсгэлээ гээд тодорхой хэмжээнд өршөөгдөх боловч, гадны ард түмний хөрөнгөнд тулаад ирвэл тун эвгүй юм болно. Эцсийн эцэст бусдын ард түмэн гэдэг, өөрийн ард түмэн шиг энэрэнгүй байхгүй нь тодорхой.

Энэ хөндлөн шугамыг давах дээрээ тулаад байгаа нь одоо наашлан айсуй Европийн хямралын цаад шалтгаан нь юм. Харин Грек бусдаас нэг алхам түрүүнд аль хэдийн тэр шугамыг хэтрээд байна.

Ардчилсан тогтолцоог чөдөрлөх хясаа нь, түүний хурдыг сааруулах төдий төвшинд байвал нэг хэрэг. Энэ бол төрийн өрийг ард түмэн нь нуруун дээрээ үүрч дөнгөөд байгаа төлөв юм. Харин үүнийг зөнд нь орхивол, яваандаа хөлөг хазайж ирнэ. Грек яг одоо энэ төвшин дээрээ явж байгаа бөгөөд, гадны ард түмний мөнгөөр туйлсандаа одоо уйлцгааж байна.

Нэгэнт хориотой шугамыг давсан тэд, одоо default хийе гээд ч чадахгүй байдалд байна. Дарангуйлагч нийгэм бол аль эрт нурааж уначихаар энэ их өрийг, ардчилсан тогтолцоот нийгэм яаж ийгээд шингээж аргалсаар, одоо нэгэнт хязгаартаа тулаад байгаа нь энэ.

Харин энэ асуудлыг шийдэхээр шинэ туршилт Грект эхлээд байгаа нь technocrat улс төр. Энэ бол сонгуулийн бус замаар сонгогдсон улс төрчдөд улс төрийг хариуцуулах арга юм. Technocrat улс төрчид нь ард түмний дэмжлэгээр бус, өөрийн улсын эдийн засгийг хөл дээр нь босгох үүрэг бүхий мэргэжилтэнүүдийн баг тул, ард түмний таалалд нийцэхгүй популист бус алхамуудыг идэвхитэйгээр хийх чадвартай. Сонгуулиар гарч ирсэн улс төрчид бол үүнийг яагаад ч тууштай хийж чадахгүй. Нэг л мэдэхэд ард түмэнд таалагдах гээд чихэр тарааж орхино. Энэхүү, сонгуульд зориулсан улс төр хийгчид л ардчилсан тогтолцооны жинхэнэ сул тал бөгөөд, харалган бодлогын үрийг таригчид юм.

Урьд цагт санхүүгийн бодлогыг улс төрчидийн гараас салгаж, тусгаар төв банкинд хариуцуулдаг болсонтой адилаар, аргаа барсан ардчилсан оронд эдийн засгийн бодлогыг ч бас улс төрчидийн савраас салгая гэж байгаа нь энэ.

Нэг талаас харвал сонгуулийн бус замаар төрийн эрхийг шилжүүлэх нь ардчилсан тогтолцоотой чанх эсрэг зөрчилдөж санагдах биз. Яг л нөгөө Авторитар төр шиг. Гэхдээ technocrat улс төрчидийн гаргасан шийдвэр нь парламентаар дамжих учиртай тул, ардчилсан тогтолцоог арай ч бүрэн самарчихсан биш бололтой юм.

Ард түмэндээ үргэлж чихэр тараасаар байгаад, нэг хартал хөлөг нь хясаандаа баригдсан байх тул, мэргэжилийн хүмүүсийг түр хөлслөөд тэр хясааг түүлгэж авъя аа л гэсэн санаа.

Ардчилсан тогтолцооны түүх богинохон. Алдаа дутагдал байх нь тодорхой. Байгаа нь ч бидэнд ил харагдаж байна. Энэ зуун гарсаар угсран үргэлжилж буй эдийн засгийн цуврал хямралууд үүнийг бидэнд зааж өгсөөр байна. Тийм ч учраас цаашид ардчилал гээчид ахиад олон шинэчлэл, хувьсгал, засвар шаардагдах биз. Дор хаяж л хясаандаа баригдахгүй байх механизмыг бий болгох гэх мэт.

Монгол улс ирэх жил 5 тэрбум долларын бонд гаргахаар төлөвлөж байна. Мэдээж үүнийгээ, эрчимтэй өсч буй өнөөдрийн эдийн засгийг тэтгэх тооцоон дор хийнэ. Магадгүй тэр тооцоо зөв ч байж болох. Цагий нь олж өр тавьсанаар хожихыг ч үгүйсгэхгүй.
Харин чухал нь юу вэ гэвэл үүнээс цааш онцын шаардлагагүй үед өр тавихаас өөрийгөө хазаарлаж дөнгөх ухаан бий юу?
гэдэг явдал юм.

Нэг амталчихвал татгалзахад хэцүү болдог Бонд гээч мансууруулах бодисыг эрүүл ухаанаар ашиглаж явах нь тийм ч хялбар биш болохыг, ууган ардчилагч болох Грек бэлхэнээ харуулж байна.

... Хөлөг онгоц хөмөрчихгүйн тулд, арга буюу боомтондоо буцаж ирнэ. Энэ бол ухралт бус, шинэ гарааны бэлтгэл. Ингэж байж л илүү хол зам туулна. Харин үүний тулд хэзээд боомтондоо буцаж ирэх чадвартай байх хэрэгтэй.

4 comments:

Цэнгэл Энхболд said...

сайхан нийтлэл байна

Unknown said...

баярлалаа. Энэ асуудлыг судлаад "Төсвийн тогтвортой байдлын тухай хууль" гэдгийг батлуулсан боловч бидний "алдарт удирдагчид" хэнэг ч үгүй хуулиа зөрчөөд эхэлсэн дээ. 1.5 тэрбум ам.долларын бонд нь.
Блог чинь таалагдлаа.

amar said...

Suuri oilgoltuudaa zasval yadag bol yoroos ard tumen tor ene ter gee l neeh zaaglagdsan angiud uusgee l 2 tald hyalaij hevtehee bagasgaj zalruulah geh yum uu yadahad nershleesee ehelbel zugeer. Aihtar onol uhamsar yariad oilgohgui tul. Oiriin jishee gevel ubz dugaariig alga bolgosnoor toriin tom jip gedeg ilgolt barag undseree ustaj bgaa gej boddog.ard tumen baisnaa aihtar hudlaa yariad yavahaaraa oorsdiigoo tor mor aimar surtei gej oilgood baigaa uilchilgeenii ajiltanuudiig tohirson ner tomoojson torhteigeer ajiglaad ehelbel oorchlolt saijruulaltiin uner hanhlaad ehelhiig baig gehgui dee. Dalai lam helsen baidag muu zurshlaas salaya gevel ter muu zurshlaa adgiin muu zuileer orluulj bod oo geed. Orchin ni burdtsen aihtar setgegch hun shuu dee. Gandand suudag bussinessmanuudees oor hun uchraas ugiig ni sonsoj baih heregtei hun. Eroosoo setgelgee uhamsraasaa ehelj oorchlolt hiij baij bugded taalagdah shiidvertei ooroo ooriigoo bodiig hotolchihgui tortei boloh baih. Yamar ard tumen bna tiim l udirdagch torno biz dee. Ehnii garts bol nershleesee ehlee l yavchih bolov uu tegeed 10 jiliin bolovsroloosoo ehleed irgen ni bolj torson bol uls irgedee hairlah yostoi yum aa gedgiig uran zohiol deer unshuulah bish ogloodoo toriin duullaa duulchdag torolh surguulia tseverlechih jisheegeer humuujuuleed yavchuul sain suuritai baihad bas l heseg toroino doo ter uls irgeded uilchileh tov.

АНХАА said...

– Ардчилсан нийгэмд баячуудын мөнгийг булааж авна. Авсан мөнгөнөөс нь улс төрчид түрийвчээ дүүргээд, үлдсэн хэсгийг нь ард түмэнд хуваан цацна. ЭНЭ ҮГ ИХ ТААЛАГДЛАА. ЯГ ҮНЭН ҮГ ШДЭЭ.ОРЧИН ҮЕИЙН НИЙГЭМД БОЛ БАЯЧУУД НЬ УЛС ТӨРДӨӨ ОРДОГ БОЛСОН.ТИЙМЭЭС Ч БАЯЧУУД НЬ УЛАМ БАЯЖААД БАЙГАА ЮМ.

Post a Comment