2012/10/31

Хүн гэж юу юм бэ?

Өмнөх – Үхэл гэж юу вэ?

Амьд организм яаж энтропигоо тогтоон барьдаг талаар Schrödinger ингэж төсөөлжээ
– Гаднаас хоол гэдэг биетийг өөртөө оруулж ирснээр Энтропигоо саармагжуулдаг байх.


Санаж байна уу? Энтропи өсөх хууль маань зөвхөн битүү системийн хувьд л хүчинтэй. Хэрвээ амьд организм нь өөрийгөө нээлттэй болгоод, системээ өргөтгөх юм бол энтропи нь ахин дахин шинээр эхэлсээр үүрд үргэлжлэх болно. Ам руугаа сүүтэй кофе хийхэд тэнд шинэ түүх эхэлдэг шүү дээ.

– Энтропийн өсөлтөөс зугтах цорын ганц арга бол "Урсгал дунд амьдрах" явдал юм.

Ингэж амьтад үхэлтэйгээ хөөцөлдөж тоглодог аж. Гэсэн ч, энтропийн хар гар үргэлж дал мөрөнд чинь хүрэн алдан хөөсөөр л байх болно. Тэгээд нэг л өдөр чамайг гүйцэх нь тодорхой.

Бид өөрсдийгөө нэгэн цул биет гэж тас эндүүрдэг. Үнэндээ хүний бие төсөөлшгүй хурдтайгаар үргэлж шинэчлэгдэн солигдож байдаг.

Үүнийг илрүүлсэн нэгэн туршилтыг биологийн эрдэмтэн Rudolph Schoenheimer хийжээ.

Тэрээр нэгэн хулганад тэмдэгтэй амин хүчил (amino acid) агуулсан тэжээлийг 3 хоногийн турш өгөв. Тэгээд ингэж төсөөлж л дээ.
– Бүх тэмдэгтэй амин хүчил ялгадас болоод гарах байх даа
гэж.

Тэгтэл зүүдэнд ч оромгүй явдал болж, тэмдэгтэй амин хүчлийн ердөө 3–ны 1 нь л ялгадас болон гарсан байж. Үлдсэн хэсэг нь хаачив гэтэл, хулганы эд эс болон биенд нь шингэжээ. Үр дүнд нь, ердөө 3-хан өдрийн тэжээл хулганы бүх биеийн талыг дахин шинээр бүтээсэн болж таарав.

Уургийг нийтлэлтэй зүйрлэвэл, амин хүчил нь түүнийг бүрдүүлэгч үг болох юм. Тэр нь бас дахиад үсэг (атом) гэсэн нэгж болон задардаг. Хулгана гэдэг номын уураг нь нийтлэлийн түвшинд солигдсон бус, хамгийн жижиг нэгж болох үсэгний түвшинд нэг бүрчлэн дахин шинээр бичигджээ.

Энэ туршилт юуг илэрхийлж байна вэ гэвэл, ээдрээтэй нарийн бүтэц бүхий уураг нь тэр чигээрээ материал болж очдоггүй, бие махбод түүнийг атомын түвшинд задалж, дахин шинээр угсардаг болохыг харуулж байна. Ердөө гуравхан хоногийн дотор бүх уургийн тал нь шүү. Аймшигтай хурд биш гэж үү?

Та нүднийхээ өмнө цэлийх хотын гудамжинд өрсөн байшингуудыг төсөөлөөд үз. Тэдний тал нь 3 өдрийн дотор дахин шинэчлэгдэж байвал ямар вэ? Гэхдээ огтхон ч гадаад үзэмжээ өөрчлөлгүйгээр, мод төмөр гэсэн материал нь л цоо шинээр солигдоод байгаа хэрэг.

Энэхүү алмайран цочмоор бодит үнэн болбоос, таны биен дээр ч өрнөж байгаа гэдэгт эргэлзэх хэрэггүй. Таны арьс гуужиж, үс унах чинь ердөө л нүдэнд харагдах төдий өөрчлөлт. Цаана нь таны дотор эрхтэн, яс, барагтай бол хувирдаггүй шүд чинь хүртэл, гадна дотногүй тогтмол шинэчлэгдэж байгаа. Таны нөөцлөөд орхисон өөх арьсан доорх агуулахад чинь хав дарагддаг гэж бодно уу? Огтхон ч тийм биш, хором мөч бүхэнд таны өөх мөнхийн эргэлтэнд байдаг. Үгүй бол таны өөх дороо хугацаа нь дуусан үнэр орох биз.

– Сайн уу хөгшөөн? Дээрээс хойш сонин юу байна даа?
– Дээрээс хойш хөгшин нь 3 бүтэн шинэчлэгдээд явж байна аа хө.

Та бол огтхон ч бодитоор оршин буй нэгэн цул биет биш. Та бол онгойлгоод орхисон крантын ус юм. Та бол асгаран намирах хүчит хүрхрээ.

Бид бүхэн тохиолдлоор ген буюу ДНХ дотроо өөрийн хэлбэрийг тэмдэглэсэн учраас энэ хэлбэрээ хадгалдаг төдий л юм (ДНХ нь өөрөө нууцлалын кодоор бичигдсэн тул, нэг хэсэг нь задарсан ч өөрийгөө нөхөн сэргээх чадвартай)

– Эмх журмыг хадгалахын тулд энтропигоос өрсөж өөрөө түүнийг нураахгүй бол болохгүй.

Гэртээ үргэлж шинэ тавилгатай байхыг хүсвэл, тогтмол шинэ тавилга худалдаж авч, өмнөхөө хаях хэрэгтэй. Уул нь тавилгаа байнга арчилж тойлсноор эдэлгээг нь уртасгаж болно л доо. Гэхдээ тэглээ гээд тавилга чинь хэзээ ч шинэ болохгүй.
Үүний адилаар амьд организм нь гадны нөлөөнөөс биеэ хамгаалж хатууран хөвчрөх аваас дотроосоо энтропид идэгдэн дуусах болно.

– Цор ганц орших төгс генээ тойруулаад үхэлдэн хамгаалдаг юм биш. Зогсоо зайгүй түүнийгээ хувилж, үтэр түргэн шилжин хувир. Бушуул, цаана чинь ЭНТРОПИ!!!...

...Аварга том хүний бие. Тасралтгүй хөврөх урсгалын хурд. Энэ бүхнээс харахад, хүн гэдэг чинь гайхамшигтайгаар тогтсон "Динамик тэнцвэрт төлөв" болж таарах нь. Яагаад динамик вэ гэвэл, өнөөдөр таны биеийг бүрдүүлж байгаа атомууд жилийн дараа гэхэд нэг нь ч таных биш болсон байна. Гэвч энэ өөрчлөлт дунд амьд хүний бие хором бүрт тэнцвэрт төлвийг хадгалдаг. Хэзээ ч хүний бие түрхэн зуур бутраад уначихдаггүй шүү дээ.

Та бид биесээ хуруугаараа чичлэн заах боловч, тэрхүү хурууны үзүүр чиглэх зүгт үнэндээ тэр гэхээр юу ч байдаггүй. Тэнд ердөө л атом хэрхэн урсаж байгаа тэр голдирол л байдаг. Та бол ердөө л, зоргоороо тонгочих атомууд түрхэн зуур сэгсрэгдээд өнгөрч байгаа үзэгдэл төдий зүйл юм.

Энэхүү зүүд зэрэглээ шиг гайхам сонихон хүн гээч болбоос, орчлон ертөнцийн уудам зайд, нулимж болохуйц өчүүхэн оршихуй билээ.

– Яагаад хүнтэй харьцуулахад ертөнц ийм том юм бэ?
– Бид чинь ертөнцийн хувьд "зоргоороо нөхдүүд" юм шүү дээ.
– Үхэл гэж юу юм бэ?
– Энтропид гүйцэгдэх явдал юм аа.
– Тэгвэл амьдрал гэж юу юм бэ?
– Тасралтгүй хөврөх урсгал.
– Тэгвэл, тэгвэл хүн гэж юу юм бэ?
– Урсгал дундах долгион юм шүү дээ.

– Тэгвэл тэр юу юм бэ? . . .

13 comments:

ulmedeh said...

Hodolmor gargaj, tsag zartsuulan ene bugdiig niitlej,bidend unshih bolomj olgoj baigaad bayarlalaa!


Номинговь said...

Mash sonirholtoi niitleluud bna. Onoodor chinii blogoor ergeldej onjih yum shig bna.

Unknown said...

thnks

Anonymous said...

BAYAR KURGEY. IIM MEDEELEL NADAD GEKED US AGAAR SHIG CH GEJ BOLOH KTEI BNA. SHINJLEK UHAANCHID HAANA YAVNA

Anonymous said...

sonirholtoi bas hugjiltei niitlel bn bayarlalaa

Unknown said...

за нэг ийм парадокс байдагдаа
А нэртэй завь байжээ. нэг нэгээр нь эрэг шураг далбаа шал зэрэг гээд солиод л байж. хэсэг хугацааны дараа А нэртэй завь бий болоход оролцсон бүх хэсгийг шинээр сольсон байв. Харин хуучин хэсгүүдээр нь дахиад яг адилхан нэг завь босгов. А нэртэй завь нь аль нь вэ. шинээр солигдсон нь уу, хуучин хэсгүүдээр боссон нь уу?

ТОМё БОДё said...

Хариу нь тэгээд юу вэ?

Unknown said...

мэдэхгүй гэхдээ би солигдсон нь гэе харин таны хувьд аль нь вэ

ТОМё БОДё said...

Яагаад сонгосон тайлбараа хэлж байж бүрэн хариулт болно шүү дээ.

Unknown said...

энэ нийтлэл чинь өөрөө хариулт нь юм болвуудаа

Anonymous said...

аль нь ч биш, ер нь ямар ч бодит зүйл 2 дахь эгшиндээ байдаггүй гэж буддизм үзнэ, 3-н өөр завь бна

Anonymous said...

Бие даасан А гэж завь угаасаа байхгүй

Anonymous said...

Мөнх юмс гэж байхгүй цаг хугацаа нөхцөл шалтгааны явцад хувьсан өөрчилөгддөг гэдэг задарч нэгдэж Ертөнц байгын урсгалд байдаг Бодит болон хоосон ээлжилэн бие биерүүгээ шилжиж байдаг гэвэл Энерги байж энтропи байна Энтропи байж энерги байх Тэхээр энтропи бол нөхцөл шалтгаан юм шиг Шүтэн барилдсан бүхэн хоосон чанарт задардаг гээл

Post a Comment