2012/10/31

Хүн гэж юу юм бэ?

Өмнөх – Үхэл гэж юу вэ?

Амьд организм яаж Энтропигоо тогтоож барьдаг талаар Schrödinger ингэж төсөөлжээ
– Гаднаас хоол гэдэг биетийг өөртөө оруулж ирсэнээр Энтропигоо саармагжуулдаг байх.


Санаж байна уу? Энтропи өсөх хууль маань зөвхөн битүү системийн хувьд л хүчинтэй. Хэрвээ амьд организм нь өөрийгөө нээлттэй болгоод, системээ өргөтгөх юм бол, Энтропи нь ахин дахин шинээр эхэлсээр үүрд үргэлжлэх болно. Ам руугаа сүүтэй кофе хийхэд тэнд шинэ түүх эхэлдэг шүү дээ.

– Энтропийн өсөлтөөс зугатах цорын ганц арга бол "Урсгал дунд амьдрах" явдал юм.

Ингэж амьтад үхэлтэйгээ хөөцөлдөж тоглодог байх нь. Гэсэн ч, Энтропийн хар гар үргэлж дал мөрөнд чинь хүрэн алдан хөөсөөр л байх болно. Тэгээд нэг л өдөр чамайг гүйцэх нь тодорхой.

Бид өөрсдийгөө нэгэн цул биет гэж тас эндүүрдэг. Үнэндээ хүний бие төсөөлөшгүй хурдтайгаар үргэлж шинэчлэгдэн солигдож байдаг.

Үүнийг илрүүлсэн нэгэн туршилтыг биологийн эрдэмтэн Rudolph Schoenheimer хийжээ.

Тэрээр нэгэн хулганад тэмдэгтэй амин хүчил (amino acid) агуулсан тэжээлийг 3 хоногийн турш өгөв. Тэгээд ингэж төсөөлж л дээ.
– Бүх тэмдэгтэй амин хүчил ялгадас болоод гарах байх даа
гэж.

Тэгтэл зүүдэнд ч оромгүй явдал болж, тэмдэгтэй амин хүчлийн ердөө 3–ны 1 нь л ялгадас болон гарсан байж. Үлдсэн хэсэг нь хаачив гэтэл, хулганы эд эс болон биенд нь шингэжээ. Үр дүнд нь, ердөө 3хан өдрийн тэжээл, хулганы бүх биеийн талыг дахин шинээр бүтээсэн болж таарав.

Уургийг нийтлэлтэй зүйрлэвэл, амин хүчил нь түүнийг бүрдүүлэгч үг болох юм. Тэр нь бас дахиад үсэг (атом) гэсэн нэгж болон задардаг. Хулгана гэдэг номны уураг нь нийтлэлийн төвшинд солигдсон бус, хамгийн жижиг нэгж болох үсэгний төвшинд нэг бүрчлэн дахин шинээр бичигджээ.

Энэ туршилт юуг илэрхийлж байна вэ гэвэл, ээдрээтэй нарийн бүтэц бүхий уураг нь тэр чигээрээ материал болж очдоггүй, бие махбод түүнийг атомын төвшинд задлаж, дахин шинээр угсардаг болохыг харуулж байна. Ердөө гуравхан хоногийн дотор бүх уургийн тал нь шүү. Аймшигтай хурд биш гэж үү?

Та нүднийхээ өмнө цэлийх хотын гудамжинд өрсөн байшингуудыг төсөөлөөд үз. Тэдний тал нь 3 өдрийн дотор дахин шинэчлэгдэж байвал ямрав? Гэхдээ огтхон ч гадаад үзэмжээ өөрчлөлгүйгээр, мод төмөр гэсэн материал нь л цоо шинээр солигдоод байгаа хэрэг.

Энэхүү алмайран цочмоор бодит үнэн болбоос, таны биен дээр ч өрнөж байгаа гэдэгт эргэлзэх хэрэггүй. Таны арьс гуужиж, үс унах чинь ердөө л нүдэнд харагдах төдий өөрчлөлт. Цаана нь таны дотор эрхтэн, яс, барагтай бол хувирдаггүй шүд чинь хүртэл, гадна дотногүй тогтмол шинэчлэгдэж байгаа. Таны нөөцлөөд орхисон өөх арьсан доорх агуулахад чинь хав дарагддаг гэж бодно уу? Огтхон ч тийм биш, хором мөч бүхэнд таны өөх мөнхийн эргэлтэнд байдаг. Үгүй бол таны өөх дороо хугацаа нь дуусан, үнэр орох биз.

– Сайн уу хөгшөөн? Дээрээс хойш сонин юу байна даа?
– Дээрээс хойш хөгшин нь 3 бүтэн шинэчлэгдээд явжийнаа хө.

Та бол огтхон ч бодитоор оршин буй нэгэн цул биет биш. Та бол онгойлгоод орхисон кранты ус юм. Та бол асгаран намирах хүчит хүрхрээ.

Бид бүхэн тохиолдолоор ген буюу ДНХ дотроо өөрийн хэлбэрийг тэмдэглэсэн учраас, энэ хэлбэрээ хадгалдаг төдий л юм (ДНХ нь өөрөө нууцлалын кодоор бичигдсэн тул, нэг хэсэг нь задарсан ч өөрийгөө нөхөн сэргээх чадвартай)

– Эмх журмыг хадгалахын тулд Энтропигоос өрсөж өөрөө түүнийг нураахгүй бол болохгүй.

Гэртээ үргэлж шинэ тавилгатай байхыг хүсвэл, тогтмол шинэ тавилга худалдаж авч, өмнөхөө хаях хэрэгтэй. Уул нь тавилгаа байнга арчилж тойлсоноор эдэлгээг нь уртасгаж болно л доо. Гэхдээ тэглээ гээд тавилга чинь хэзээ ч шинэ болохгүй.
Үүний адилаар амьд организм нь гадны нөлөөнөөс биеэ хамгаалж хатууран хөвчрөх аваас, дотроосоо Энтропид идэгдэн дуусах болно.

– Цор ганц орших төгс генээ тойруулаад, үхэлдэн хамгаалдаг юм биш. Зогсоо зайгүй түүнийгээ хувилж, үтэр түргэн шилжин хувир. Бушуул, цаана чинь Энтропи!!!...

...Аварга том хүний бие. Тасралтгүй хөврөх урсгалын хурд. Энэ бүхнээс харахад, хүн гэдэг чинь гайхамшигтайгаар тогтсон "Динамик тэнцвэрт төлөв" болж таарах нь. Яагаад динамик вэ гэвэл, өнөөдөр таны биеийг бүрдүүлж байгаа атомууд, жилийн дараа гэхэд нэг нь ч таных биш болсон байна. Гэвч энэ өөрчлөлт дунд амьд хүний бие хором бүрт тэнцвэрт төлөвийг хадгалдаг. Хэзээ ч хүний бие түрхэн зуур бутраад уначихдаггүй шүү дээ.

Та бид биесээ хуруугаараа чичлэн заах боловч, тэрхүү хурууны үзүүр чиглэх зүгт үнэндээ тэр гэхээр юу ч байдаггүй. Тэнд ердөө л атом хэрхэн урсаж байгаа тэр голдирол л байдаг. Та бол ердөө л, зоргоороо тонгочих атомууд түрхэн зуур сэгсрэгдээд өнгөрч байгаа үзэгдэл төдий зүйл юм.

Энэхүү зүүд зэрэглээ шиг гайхам сонихон хүн гээч болбоос, орчлон ертөнцийн уудам зайд, нулимаж болохуйц өчүүхэн орон зай билээ.

– Яагаад хүнтэй харьцуулахад ертөнц ийм том юм бэ?
– Бид чинь ертөнцийн хувьд "зоргоороо нөхдүүд" юм шүү дээ.
– Үхэл гэж юу юм бэ?
– Энтропид гүйцэгдэх явдал юм аа.
– Тэгвэл амьдрал гэж юу юм бэ?
– Тасралтгүй хөврөх урсгал.
– Тэгвэл, тэгвэл хүн гэж юу юм бэ?
– Урсгал дундах долгион юм шүү дээ.

– Тэгвэл тэр юу юм бэ? . . .

11 comments:

  1. Hodolmor gargaj, tsag zartsuulan ene bugdiig niitlej,bidend unshih bolomj olgoj baigaad bayarlalaa!


    ReplyDelete
  2. Mash sonirholtoi niitleluud bna. Onoodor chinii blogoor ergeldej onjih yum shig bna.

    ReplyDelete
  3. Anonymous31/3/13 10:47

    BAYAR KURGEY. IIM MEDEELEL NADAD GEKED US AGAAR SHIG CH GEJ BOLOH KTEI BNA. SHINJLEK UHAANCHID HAANA YAVNA

    ReplyDelete
  4. Anonymous4/11/14 01:17

    sonirholtoi bas hugjiltei niitlel bn bayarlalaa

    ReplyDelete
  5. за нэг ийм парадокс байдагдаа
    А нэртэй завь байжээ. нэг нэгээр нь эрэг шураг далбаа шал зэрэг гээд солиод л байж. хэсэг хугацааны дараа А нэртэй завь бий болоход оролцсон бүх хэсгийг шинээр сольсон байв. Харин хуучин хэсгүүдээр нь дахиад яг адилхан нэг завь босгов. А нэртэй завь нь аль нь вэ. шинээр солигдсон нь уу, хуучин хэсгүүдээр боссон нь уу?

    ReplyDelete
    Replies
    1. Хариу нь тэгээд юу вэ?

      Delete
    2. мэдэхгүй гэхдээ би солигдсон нь гэе харин таны хувьд аль нь вэ

      Delete
    3. Яагаад сонгосон тайлбараа хэлж байж бүрэн хариулт болно шүү дээ.

      Delete
    4. энэ нийтлэл чинь өөрөө хариулт нь юм болвуудаа

      Delete
    5. Anonymous23/3/17 23:07

      аль нь ч биш, ер нь ямар ч бодит зүйл 2 дахь эгшиндээ байдаггүй гэж буддизм үзнэ, 3-н өөр завь бна

      Delete