2012/10/31

Өнгөрснийг өөрчлөх нь

– Авралгүй бол мартах нь жаргал
гэх утгатай Герман зүйр үг бий.
Гэхдээ л, мартъя гээд ч мартагдаж өгдөггүй зовиуртай дурсамж байдаг нь ч үнэн. Эгээ л бүх насаараа тээх юм шиг цочир ой санамж.


– Тэгвэл тэр ой санамж гээч нь, үнэхээр бидний төсөөлдөг шиг хувирашгүй цул эд үү?

– Бидний тархи, үзсэн харсан бүхнээ видео камер шиг алдаа мадаггүй бичиж авдаг болов уу?

– Тэрхүү бичлэг болгоныг бид бүхэн тэр хэвээр нь дахин тоглуулж (эргэн санаж) чаддаг гэж үү?

Энэ удаагийн сэдэв бол, хүмүүс бидний "мартсанаа ч мартдаг" байж мэдэх жаргалтай хийгээд эмгэнэлтэй тэрхүү шинж чанарын тухай юм.
  • Бодит үнэнээс хоосон төсөөлөл рүү
2001.09.11 нд болсон аймшигт террорийг бүх дэлхий realtime–аар ахин дахин үзэж, үзэх болгондоо цочирдсон. Ёстой л маръя гээд ч мартагдахааргүйгээр хүмүүсийн уураг тархины гүний гүнд шивэгдсэн... юм шиг санагдана.

Харин тэр явдалаас 1 жил өнгөрсөний дараа, хэдэн зуун хүнийг хамруулсан туршилт хийж, тэр аймшигт өдрийн тухай дурсамжийг нь дахин яриулж үзтэл, гайхалтайгаар, тэдний ярианы 37 хувьд нь "үл ялиг өөрчлөлт" орсон байв.
Түүнээс дахин 3 жилийн дараа гэхэд тэр хэмжээ нь 50% хүртэлээ өсчээ. Өөрөөр хэлбэл, ой санамжийнх нь тал нь өөрчлөгдөж орхисон байна.
– Тэдэн дунд, юу яриад байгаа нь ч мэдэгдэхгүй болтолоо хувирсан дурсамжтай хүн ч байсан. Заримынх нь бүр, цамхаг нурах үед зогсож байсан газар нь хүртэл өөрчлөгдсөн байсан.

Тэдний дурсамж, дахин дахин ярих болгонд агуулга нь хувирсаар, сүүлдээ хоосон төсөөлөл рүү ойртож ирэх нь тэр.

– Хамгийн хачирхалтай нь, өөрийнх нь яриа тэгтэл өөрчлөгдсөн байгааг хэн ч анзаарахгүй байгаа юм. Хэтэрхий сэтгэлийн хөөрлөөс болоод, яагаад ч авцалдахгүй зүйлийг хүртэл бодит үнэн гээд тас итгэчихсэн хүмүүс ч байсан
гэж, уг судалгааг гардан явуулсан сэтгэл судлалын багийнхан ярьж байна.

Дурсамжаа ярьж байгаа тэдгээр хүмүүсийн хувьд, тэд огтхон ч хоосон юм зохиож ярьсан бус, өөрийн нүдээр харж биеэр амссан бодит үнэний талаар, өөрийн ой санамжинд үлдсэн бүхнээ дэлгэж байгаа нь л тэр. Тэд яг л өөрийнх нь дотор байх дэлгэцэнд харагдаж байгаа бүхнээ тэр чигээр нь гадагш нь дамжуулж ярьсан.

Харин тэр яриа нь хөндлөнгөөс ажиглавал илт хазайгаад ирж. Нэг тийм, дахин дахин үзэж байгаа дүрс бичлэг гэхээсээ илүү, тоглох болгонд өөрчлөгдөж байдаг тайзны жүжиг шиг.

Ой санамж хэзээ ч өөрчлөгддөггүй гэх нь аль ч хүмүүсийн хувьд нийтлэг бодол биз. Гэтэл аягүй бол явж явж энэ нь бидний нийтлэг төөрөгдөл байж мэдэх нь.
  • Сул залгаас
Ингэхэд, тархины ой санамж гэдэг нь ер нь ямар механизмтай юм болоо?

Ой санамж шинээр үүсэх үед, юун түрүүнд мэдрэлийн сүлжээнд (network) өөрчлөлт орж, тэрхүү ой санамж нь аварга том цахилгаан торлогтой орооцолдон тогтож, тогтсон ой санамж маань тархи хэмээх компьютертэй залгагдаж бэхлэгдэнэ.
Хэрэв тэр залгаас нь үүрдийнх бол, тэрхүү ой санамж ч, дүрс бичлэг шиг хэзээд тэр хэвээрээ дахин тоглогдох учиртай биз.

Харамсалтай нь тэр залгаас нь санаснаас хавьгүй сул залгаас байдаг байна. Нарийхан кабелууд амархан тасрахад л, ой санамжийн нарийн ширийнийг эргэн санаж чадахаа болино. 9.11–ний тэр цочир дурсамж хүртэл, ердөө жилийн дараа гэхэд залгаасны нь 37% нь тасарсан байсан хэрэг.

Хүний ой санамж нь эргэн санах болгонд, тасарсан залгаасуудыг тархитай дахин холбох ажил (операци) хийнэ. Гэсэн ч нэгэнт тасарсан залгаас нь өмнөх газартаа залгагдана гэсэн баталгаа байхгүй. Бодит үнэнтэй залгаатай байсан утас, "хоосон төсөөлөлтэй" холбогдож ч мэднэ.

Тэгэхээр нэг ёсондоо, ой санамж гэдэг маань эргэн санах гэдэг үйлдэлээр бүтээгддэг юм байна.

Энэ утгаар нь харах юм бол, үл хувирах өнгөрсөн гээч нь өөрөө үл орших хоосон зүйл болж, эргэн санах үед буюу яг одоо цагт л бүтээгддэг зүйл болж таарах нь.
  • Хувирамтгай ой санамж
Ой санамжийг эргэн санах процессийн үед, тархины зөөлөн эд нь уургийг шаарддаг. Аливаа юмыг эргэн санах үед тархи нь уургийг ашиглан мэдрэлийн эсүүдтэй залгаас үүсгэдэг байна.

Харин тэр уураг нь тухай бүртээ шинээр нийлэгжин бүтээгдэнэ. Тэгээд ч ихэнх мэдрэлийн уураг 2 долоо хоногоос хэдэн сарын хугацаа өнгөрөхөд задарч дахин шингэдэг. Өөрөөр хэлбэл, ой санамжийг холбож байсан уураг хэсэг хугацаа өнгөрөхөд гэнэт хаашаа ч юм алга болж орхидог гэсэн үг. Тархи гэдэг компьтер бол төдий чинээ хувирамтгай шинжтэй, динамик эд байдаг байх нь.

Хэрвээ ой санамжийг удаан хадгалахыг хүсвэл, мартагдахаас нь өмнө эргэн санах замаар түүнийгээ дахин хадгалах хэрэгтэй юм.

Гэтэл дахин дахин хадгалах гэдэг нь тэрүүхэндээ бас залхмаар ажил байдаг бололтой. Та ч гэсэн, дижитал камерныхаа зурагнуудыг байс гээд шинэ диск руу хуулаад байвал, нэг л өдөр "алга болсон ч дүүрч" гээд зөнд хаях байлгүй. Бүр үнэхээр л чухал зүйл биш бол шүү дээ.

Дашрамд хэлэхэд, компьютерийг хүний тархинаас илүү санах ой сайтай гэдэг ч, тэр нь үүрдийнх биш байдаг. Компьютерийн хатуу дискэнд ч ашиглалтын хугацаа гэж байх ба, тэр нь DVD болон CD–ний хувьд ч ижилхэн юм. Тэгээд ч дижитал дата–г унших арга нь ч байнга өөрчлөгдөж байдаг тул, түүнийг байнга шилжүүлж бичих шаардлага гардаг. Түүнтэй харьцуулахад аналог хальсан дээр дүрс бичлэгийг хадгалах нь хамаагүй хямд тусдаг (зарим мэдээллээр бол 10 дахин хямд) ба, хадгалах орчин л сайн байвал 500 – 1000 жил ч чанараа алдахгүй байх чадвартай гэдэг. Түүний дэргэд, тааруухан DVD бол 5 жил ч хүрэхгүй.

Тэгэхээр, хүний ой санамжийг өөрчилдөг нь, түүнийг тогтмол дарж бичдэгтэй холбоотой юм байна.

– Тэгвэл, тэр дарж бичих дамжлага дунд ямар нэгэн алдаа гарвал, тэр ой санамж нь алдагдаж орхих уу?

Ер нь бол тийм юм гэнэ. Ой санамжийг дахин бэхлэхэд шаардлагатай шинэ уураг (жишээ нь PKB zeta) ямар нэгэн шалтгаанаар гэмтэж эсвэл хомсдвол, тэр дороо ой санамж алдагдаж, өөрөөр хэлбэл мартагддаг байна.
Тэдгээр уургуудыг гэмтээгч бодис байвал, түүнийг "ой санамжийг арилгагч баллуур" гэж үзсэн ч болох нь.

Жишээлбэл, хүчтэй сэтгэл хөөрлийг үүсгэдэг эмийн бодис (MDMA) ашиглан хэт аз жаргалтай төлөвт орсон үедээ, бодохыг ч хүсэмгүй "муухай дурсамжаа" эргэн санавал яах бол?

Үүнийг туршиж үзтэл, сэтгэлийн гүн шархтай (trauma) өвчтөнүүдийн 83 хүртлэх хувьд нь өвчиний төвшин илт багассан нь ажиглагдсан байна. Энэ нь, сэтгэлийн шарх болсон онцгүй дурсамж нь, эмийн нөлөөгөөр бий болсон хэт хөөрлийн үеийн дурсамжтай залгагдаж орхисоноос үүдсэн юм.

Дээрхи туршилтаар бол, ой санамжийг арчсан бус, эргэн санах үед нь өөр ой санамжтай хүчээр холбох оролдлого хийсэн юм. Өөрөөр хэлбэл, муу ой санамж дээр гоё ой санамжийг хүчээр дарж бичсэн хэрэг.

– Эргэн санах үед ой санамж дахин биеждэг юм бол, тэр биежих үеийн төлөвийг өөрчилсөнөөр, урьдын аз жаргалгүй дурсамжийг өөрчилж болох юм биш үү?
гэж тооцсон нь, дээрхи туршилтаар нэг бодлын байгаа оножээ.

Харин эсрэгээрээ, онцгүй дурсамжийг эргэн санахдаа тэрнээс ч дор төлөвт байвал, мэдээж сэтгэлийн шарх улам хүндэрч, PTSD (Posttraumatic stress disorder буюу сэтгэл санааны гадаад хохиролын дараах стресс) –ийг хөдөлгөх ч аюултай. PTSD ой санамж нь туйлын зовиуртайгаар хадгалагдан үргэлжилсээр өнөөдрийг нурааж, маргаашийг унтрааж орхидог байна.

Хэн нэгнийг аргадахдаа "ярьвал зовлон чинь хөнгөрнө" гэж хэлэх явдал бий. Гэвч тэр нь буруу орчинд өрнөвөл харин ч хүндрүүлээд хаясан явдал болох нь.

– Зовлонг зовлон дунд ярьвал, улам л зовно.

"Ярьвал зовлон хөнгөрнө" гэдэг сэтгэлзүйн эмчилгээний арга CISD (Critical incident stress debriefing буюу онц байдлын стресс сонсгол) ч байдаг бөгөөд Америкийн батлан хамгаалах, Израелийн зэвсэгт хүчин, НҮБ, Улаан загалмайн нийгэмлэг гэх мэт олон газар үүнийг бодитоор ашигладаг. Харамсалтай нь энэ арга өдий болтол өвчтөний ярьж байх үеийн орчиныг огт ойшоодоггүй байсан юм.

Ой санамж гэдэг нь азаар ч юм уу эзээр ч юм уу, эргэн санах болгонд өөрчлөгдөж байдаг бололтой. Тэр өөрчлөлт нь түүнийг эргэн санах үеийн орчин нөхцөлөөс хамаарна. Айсан үедээ санавал айдастай залгагдаж, баярлаж хөөрөхдөө санавал бас л тэдэнтэй холбогдож орхино.

Эргэн тойронд гэрэл гэгээтэй өөдрөг хүмүүс байвал өөрийн сэтгэл ч дагаад онгойх шиг болдогийн учир..., хүчээр ч хамаагүй инээж явахын цаадах ёс суртахууны зөвтгөл...,
эргэцүүлэн бодвол олон зүйлс энэхүү хачирхам дүгнэлтийг харин ч үнэмшилтэй болгох шиг.

Өнгөрсөн гэдэг, өнгөрсөн юм шиг хэрнээ одоо байгаа ч юм шиг.
Өнгөрсөндөө түүртэж бүдэрсээр ирээдүйгээ ч баллаж орхих уу, эсвэл
 өнгөрсөнийг инээж үдээд шинэ ирээдүйтэй золгох уу?
Харин сонголт хийх эрх чөлөө нь хүмүүс бидэнд зөвшөөрөгдсөн бололтой.

Юутай ч тархи гэдэг мартдаг байхаар бүтээгдэж. Гунигтай нь бид мартсанаа ч мартаж орхих тул, өнгөрсөнийг үл хувирах зүйл шиг мэдэрдэг биз.

Дээрхи илтгэлийг бичигч судлаач Jonah Lehrer хэлнэ
– Ой санамж гэдэг нь ердөө л хэдэн үл ялиг хэмжээний химийн бодисын хоорондох харилцан үйлчлэл төдий зүйл. Ойрын ирээдүйд, хүссэн ой санамжаа шилж аваад, хэрэггүйг нь хаях боломжтой ч болохыг үгүйсгэхгүй.

Түүний дүгнэлт гэвэл
– Ой санамж гэдэг бол өнгөрсөний төлөөх зүйл бус, ирээдүйн төлөө байдаг юм.



Өнгөрсөнийг өөрчилж болно. Ядаж л өөрийнхөө дотор.

Нэг бодлын энэ бол хүмүүс бидэнд урьдаас суусан найдварын үр ч байж мэднэ. Эргэн дурсах болгонд шинэ түүх эхэлдэг юм бол, юундаа бид хорогдох билээ.

Гэвч,
– Хамгаас чухал дурсамж чинь, хамгийн найдаж үл болох баримт байвал??

Хэрэв энэ бодит үнэн бол, өнөөг хүртэл хуримтлагдаж ирсэн бүхий л ердийн мэдлэгүүд сууриараа ганхан нурах биз.

– Хэрвээ юуг ч санаж цээжлээд хэрэггүй нь гэж бодвол, өнөөдрийн бидний үйл хөдлөл хэрхэн өөрчлөгдөх бол?

Ой санамж байдаг учраас л оршин байдаг өнгөрсөн цаг, эргэн дурсдаг учраас л бий болдог урьдын дурсамж.
Хэрэв энэ бүхэн огт байхгүйсэн  бол...?


6 comments:

Өнөржаргал said...

Жаргалтай байхад бодсон дурсамж арчигддаг юм бол гунигтай үедээ хичээл хийвэл мартагдахгүй байх нь ээ?

Гантулга said...

Сонирхолтой нийтлэл байна.
Дурсамжийг сэргээх үед дурсаж буй цаг хугацааны сэтгэл санааны байдал дурсамжид нөлөөлдөг гэж ёстой бодож байгаагүй юм байна шүү.
Ямар ч тод, сайхан, муухай дурсамж цаг хугацааны уртад бүдгэрдэг гэдэгтэй бол санал нийлнээ.

Anonymous said...

hun yarisan yuma martchihdag yum shig sanagddag, yarisan ajil butdeggui gej ch bdag ene talaar yu gej bodoj bna?

aagii said...

Bi yuch sanahguu bna.:) kkk

ТОМё БОДё said...

жаргалтай байхад бодсон дурсамж арчигддаг биш, жаргалтай бодолтой чинь холилдоод дахиж хадгалагдана.

ТОМё БОДё said...

дээрхи судалгааны дүгнэлтээр бол, анзааргагүй байдлаар яривал амархан мартагддаг байж болох юм. Эсвэл олон юм хольж ярьвал тэр нь холилдож үлдээд, сүүлд нь анх юу санаж байснаа мартдаг байх.

Post a Comment