2012/10/29

Би сэтгэж байна, тиймээс би оршиж байна

Энэ бол хэн бүхний мэдэх Декартын алдарт үг боловч
– Би сэтгээд байнаа гэдэг чинь, би байнаа л гэсэн үг
гэсэн ахархан санаа бус, арай илүү гүн гүнзгийн утгыг агуулна.


– Энэ ертөнцөд эргэлзэхийн аргагүй туйлын үнэн юм гэж байна уу?
Декарт үүнийг эрэлхийлэн бясалгасан байна.

– Нүдний өмнө харагдах энэ ертөнц чинь бодит зүйл мөн үү?
Магадгүй энэ бүхэн хоосон зэрэглээ ч байж болно. Зүүд ч байж мэднэ. Зүүдэлж байхдаа бид "энэ бол зүүд" гэдгийг анзаардаггүй шүү дээ.

– Яг одоо нүдэнд харагдаж байгаа энэ ертөнцийг зүүд зэрэглээ бус, бодитоор оршин байдаг гэдгийг баталж болохгүй гэж үү?
Энэ бол Зарчимын хувьд боломжгүй асуудал.

– Тэгвэл математик? Онол? Шинжлэх ухаан?? Эд бүгд худлаа гэж үү?
Үгүй ээ, эд бүгдийг үнэн гэж бодох нь хоосон төөрөгдөл ч байж мэднэ. Зүүдэлж байхдаа бид, ямар ч амьдралгүй фантазыг ч фантаз гэж анзаардаггүй шүү дээ.

– Тэгээд "найдвартай үнэн" гэж хэлж болохоор юу ч байхгүй юм гэж үү?

Декарт бүхнийг эргэлзэв. Толгойд орсон болгоноо эргэлзэв. Эргэлзэхийн аргагүй зүйл толгойд орж иртэл нь тасралтгүй эргэлзэв...

Тэгтэл нэг өдөр тун энгийн байдлаар толгойд нь оч харван гийв.
– Бид бүхний мэдэрч буй бүхэн бүгд худал хуурмаг байхыг үгүйсгэхгүй. Гэвч тэр бүгдийг тасралтгүй эргэлзэн буй хэн нэгэн яах аргагүй байгаа гэдэг л хөдлөшгүй үнэн биш гэж үү?

Хэрвээ "эргэлзэн буй"–гаа эргэлзэх аваас, тэр нь бас л "эргэлзэн буй" явдал болно.

Хэрвээ бүх зүйл зүүд зэрэглээ байсан ч, тэр зүүд зэрэглээг хараад, "зүүд зэрэглээ биш үү?" гэж эргэлзэн байгаа "БИ" оршин буйг яагаад ч эргэлзэж чадахгүй.
– Бүхнийг эргэлзэн байгаа хэн нэгэн оршин буй
явдал бол хэзээд үл хувирах туйлын үнэн юм.

"Би сэтгэж байна, тиймээс би оршиж байна" гэдэг үгний жинхэнэ утга ийм учиртай байх нь.

Дээрх үгийг Философийн Нэгдүгээр зарчим болгож залсан Декартаас орчин үеийн философи эхэлдэг билээ.

2 comments:

  1. Anonymous11/2/15 13:28

    Ойлголоо гайхалтай

    ReplyDelete
  2. Буддизм-н хоосон чанарын үзэлд л энэ бүхэн тодорхой байдаг. Хэзээ ч бодож байгаагүй, харж байгаагүй ойлголт байсан шүү.

    ReplyDelete