2012/10/29

Философийн асуудал (2р хэсэг)

Өмнөх – Философийн асуудал

Ямар ч чухал асуудал бай, түүнийг асуудал гэж үзэхгүй байгаа хүний өнцөгөөс харвал, тэр нь огтхон ч асуудал биш байдаг байх нь.

Харин Дорнын философи (Буддизм этр) бол энэ тухай нарийн тунгаах нь сонирхолтой.

Өрнийн философи бол ямар ч олгой асуудал байсан, тууштай судалгаа мэтгэлцээн өрнүүлж, элдэв таамаг дэвшүүлж, түүнийгээ шалгаж шинжилсээр дэмийрээд алга болдог бол,
Дорнын философи нь
– Ингэхэд, ер нь яагаад энийг асуудал гэж бодов?
гэх байдлаар "сэтгэлзүйн онцлог", "сэтгэлгээний тогтолцоо"–той нь тулж харьцана.
Өөрөөр хэлбэл Дорнын философи дох асуудлыг шийдэх арга нь, уг асуудалд хариулт өгөх явдал бус
– Түүнийг асуудал болгож харж байгаа сэтгэлгээний тогтолцоонд анализ хийж, түүнийг асуудал биш болохыг ойлгуулах
явдал юм.

Энэ бол нэг талаар төгс шийдэл.

Өрнийн аргаар асуудалд хандвал, Зарчимын хувьд хэзээ ч бүрэн шийдэлд хүрэхгүй.

– Аан мөн мөн. Тэгэхээр энэ асуудлын чинь цаад шалтгаан нь А байсан юм байна шдээ. Ойлгомжтой, бүх юм жин тан.
– Гэхдээ, ингэхэд ер нь яагаад А юм бол оо?
– Айн? тэрний шалтгаан нь В??
– Тэгвэл, яагаад В гэж?
. . .
гэсээр хадуурч өгнө. Энэ бол бүтэцийн хувьд хязгаар үгүй.

Харин Дорнын аргаар асуудлыг шийдвэл
– Гүй ээ, ингэхэд? яагаад ийм юм бол оо?
гэж бодоод гашилж байсан хүн, нэг л мэдэхэд
– Күэ нээрээ, ямар ч асуудал алга л байна шд. Шаал дэмий юман дээр шаналж байх юм
болж хувирна.
Тэр хүний хувьд "тэр нь огт асуудал биш болсон" тул, үнэхээр ингээд асуудал шийдэгдэж байгаа хэрэг. Нэгэнт асуудал шийдэгдсэн бол тэгээд, аз жаргалтай амьдраад байх нь тэр.
– Viva〜〜, Дорнын Философи!!!

Харин Дорно зүгт үүний ачаар
– Яагаад сар дэлхийг тойроод байдаг юм бэ?
мэтийн тухай хэн ч асуудал үүсгэсэнгүй.

Тийм ч учраас, Дорно зүгт шинжлэх ухаан хөгжөөгүй.
Тийм ч учраас, Дорно зүгт амьдрал дорой, мэдлэг дундуур.
Тийм ч учраас, Дорно зүгт хүн олон, баялаг цөөхөн.
. . .

– Гэхдээ яадын. Тэр мэр бол огтхон ч асуудал биш юм чинь.

1 comment:

  1. Anonymous2/11/15 21:53

    Teher dorniin filosofiig t1-n dotor amgalan gd helchij bgamuu haha

    ReplyDelete