2012/09/21

Frame Problem буюу Хүрээний асуудал

Frame Problem гэдэг нь анх 1969 онд John McCarthy болон Patrick J. Hayes нарын өргөн дэвшүүлсэн хиймэл оюуны салбар дахь хамгийн том асуудал юм. Монгол хэл дээр уншиж сонссон зүйл үгүй тул Хүрээний асуудал хэмээн дур мэдэн махчлав.
Хүрээний асуудал гэгчийг тайлбарладаг ийм нэг түгээмэл жишээ байдаг.


Хиймэл оюунтай робот#1 ийг бүтээж, түүндээ ийм тушаал өгсөн гэж бодъё.
- Галерейн уран зурагт тэсрэх бөмбөг суурилуулсан байгаа тул түүнийг авар!.
Робот#1 тушаалыг хиймэл оюундаа боловсруулаад
- Тушаалыг гүйцэтгэхийн тулд галерей руу дотогш нэвтэрч, уран зургийг хананаас буулгаад, зөөж гаргаж ирэх
гэсэн төлөвлөгөө зохиов.

Гэвч, тэсрэх бөмбөг уран зураг дээр суурилагдсан байгаа шүү дээ. Робот#1 уран зургийг гаргаж ирэх тушаалыг амжилттай биелүүлсэн боловч тэр дороо тэсрэх бөмбөг дэлбэрч, уран зураг ч робот#1 ч үнс нурам болж орхив. Робот#1 уран зураг дээр бөмбөг суурилагдсан байгааг мэдэж байсан боловч
- Уран зургийг зөөж гаргавал, бөмбөг бас дагаад гарч ирнэ -> бөмбөг дэлбэрвэл уран зураг будаа болно
гэдэг хүртэл тооцоолсонгүй.
Ингээд робот#1-ын сайжруулсан хувилбар болох робот#2 ийг бүтээж, түүндээ
- Өөрийн хийх үйлдлийг төлөвлөхөөс гадна, үйлдэл хийсний дараа орчин тойронд ямар үр дүн бий болохыг давхар тооцоолох
чадварыг нэмж суулгав. Одоо бол найдвартай. Бүх юм жин тан.
Ингээд робот#2 ажилдаа шуурхайлан орж, хийх үйлдлээ төлөвлөхийн зэрэгцээ, үйлдэл бүрийн дараах үр дүнг нэг бүрчлэн тооцоолж гарав. 
– Заа байз...
– зургийг зөөвөл тааз нурах уу? нурахгүй.
– зургийг зөөвөл өрөөний хананы өнгө өөрчлөгдөх үү? өөрчлөгдөхгүй.
– зургийг зөөвөл өрөөний хананд нүх үүсэх үү? үүсэхгүй...
– хөөе хөөе, үхсэний чинь тааз нурах вэ? зураг зөөхөд тэр ямар хамаа байна аа?
гэж та бодно уу? Таны түмэн зөв. Гэхдээ л робот үүнийг тооцож үзэхээс нааш хамаатай хамаагүйг нь мэдэхгүй шүү дээ. Түүнд зураг зөөсний дараа үүсч болох хязгааргүй олон нөхцөл байдлыг бүгдий нь шалгаж тооцох шаардлага бий. Ингээд робот#2 маань эцэс төгсгөлгүй тооцоолсоор гацаж орхих нь тэр.
За тэгвэл, зураг зөөхөд ямар ч хамааралгүй зүйлсийг тооцдоггүй сайжруулсан робот#3-ыг бүтээвэл ямар вэ?
Ямар ч нэмэргүй. Хамааралтай хамааралгүйг нь бас л шалгаж тогтооно шүү дээ.
Дээрхийн адилаар
- Хүрээлэн буй орчныхоо талаар хамааралтай болон хамааралгүй зүйлсийг шалгаж тогтооход хязгааргүй хугацааны тооцоо шаардагдаж, хиймэл оюун гацаж зогсохыг
хүрээний асуудал гэдэг.

Шатар даам гэх мэтийн хязгаарлагдмал дүрэм, хаалттай хүрээн дотор хиймэл оюун үр дүнтэй ажиллах боловч, бодит амьдрал шиг нээлттэй хүрээ, хязгааргүй тооны боломжин дунд оруулаад тавьчихвал, хиймэл оюун тэр хязгааргүй их боломжийг бүгдийг тооцоолох гэсээр гацаж мухардах юм.
Нэг бодлын гайхаад байх зүйл биш л дээ, ямар ч хиймэл оюун бай хязгаарлагдмал чадамжтай хойно, яаж тэр их мэдээллийг боловсруулж, агшин бүрт өөрчлөгдөх хязгааргүй тооны боломжуудыг нэгд нэгэнгүй тооцох билээ.
Гэвч,,, гэвч нэг гайхах зүйл бий. Хүн дээр хэзээ ч хүрээний асуудал үүсдэггүй. Юу ч мэдэхгүй нялх хүүхэд ч ялгаагүй. Мэдээж, хүний оюуны чадамж бас хязгаартай шүү дээ. Тэгсэн мөртлөө яагаад хүн хэзээ ч хязгааргүй тооцоололд мухардаж гацалгүй, үргэлж шийдвэрт хүрч, тасралгүйгээр үйлдэл хийж чаддаг юм бол?
Харамсалтай нь одоохондоо энэ талаар эрдэмтэд нэгдсэн нэг тайлбарт хүрч чадаагүй л байна.
Харин зарим эрдэмтэд үүнийг ингэж тайлбарладаг
- Хүмүүс өөрийн мэдэлгүйгээр "Дотоод хаагдмал ертөнцийг" төсөөлөн бий болгодог бөгөөд өдөр тутамдаа тэр ертөнц дотроо амьдарч явдаг
учиртай юм гэнэ.

Нэг ёсондоо хүн болгон толгой дотроо орчин тойрон хийгээд гадаад ертөнцийг өөрийнхөөрөө хялбарчлан схемчилсэн байдаг бөгөөд бүхнийг тэр хүрээн дотроо л сэтгэдэг гэнэ. Таны тэр дотоод схемчилсэн ертөнц дотор ердөө хязгаарлагдмал тооны боломж байдаг тул та хэзээ ч хязгааргүй их тооцоо хийж гацаж саат
на гэж байхгүй. Гэвч танд жинхэнэ бодит ертөнц ямар байх нь огт падгүй тул таны схем болон бодит ертөнцийн хоорондох ялгаа зөрөөн дээр та үргэлж алдаж бүтэлгүйтэх болно. Балчир хүүхэд ширээн дээрээс юм авахаар өнгийхдөө байсгээд л аягатай хоол ч юм уу татаж асгадаг нь танд хачирхалтай санагддаг уу? Яагаад гэвэл хүүхдийн тархин дахь бяцхан схемд нь “ханцуй хоолыг татаж асгаж мэднэ” гэсэн вариант огт байхгүй болоод л тэр.
Хэрэв та илүү том сэтгэж бага алдахыг хүсвэл хүрээгээ томсгох хэрэгтэй. Гэвч хүрээ тэлэхийн хэрээр таны тооцоолох ёстой боломжийн тоо ихсэх тул толгой чинь таны хүрээг боловсруулж дийлэхгүй доголдох магадлал ихсэнэ. Жишээ нь бид сайн танихгүй хүнтэй юм ярих үед
Ингээд хэлчихвэл яах бол? Эртээд тэгж хэлээд бүтэлгүйтсэн. Энэ хүн ямар юм бол??
гэх мэтээр шаналгаатсаар байтал олигтой ч юм ярьж чаддагүй. Харин сайн танил дотныхоо найзтай бол бодсон бодоогүй бурж гардаг. Энэ ч гэсэн хүрээний асуудлын нэг жишээ.
Тэгэхээр иймэрхүү проблемийг шийдэхийг хүсвэл та хүрээгээ жижигсгэх хэрэгтэй. Нэг ёсондоо, өөрийн оюуны чадамжинд нэгэнт хүрэхгүй том хүрээн дотор үр дүнгүй мунгинаж явснаас, эртхэн хүлээн зөвшөөрөөд орхих хэрэгтэй юм.

Хэрвээ таны амьдрал нэг л тав тухгүй, асуудал бэрхшээл үргэлж хөвөрсөн байдалтай, өөртөө аз жаргалгүй амьдарч байгаа бол шалтаан нь ердөө л та өөртөө томдсон хүрээн дотор амьдарч байгаа төдий хэрэг юм.
Тэгэхээр хүрээ том тусмаа сайн байх албагүй байгаа биз?

- Ингээд хэлчихвэл тэр гомдчих болов уу?
- Заа юун сүртэй юм.
- Гэхдээ л бодоод үз л дээ. тэрний оронд өөрийгөө тавиад үзэхээр...
- Ёстой яршиг л байна.

Амьдрал дээр, бусдын төлөө санаа зовдоггүй, амин хувиа бодогсод голцуу тав тухтай амьдардаг. Харин эсрэгээрээ бусдыг боддог, хүний зовлонг ойлгодог хүмүүс өөрийн чадамжаасаа давсан бэрхшээлийг мэдрэхийн хэрээр тарчлан шаналдаг биз. Гэхдээ энэ нь "хүрээ томтой = сайн", "хүрээ жижигтэй = муу" гэсэн үг бус, "хүрээндээ жижигдсэн чадавхитай нь азгүй" гэсэн л үг юм.

Амьдралыг илүү бодитоор харахыг хүсвэл та хүрээгээ томсгох хэрэгтэй. Гэвч тэнд Хүрээний асуудал байдгийг битгий мартаарай.

Интерном, Азхур, Алфабүүк дэлгүүрүүдэд худалдаалж байна.
Хүргэлтийн утас: 88053104



2 comments:

Anonymous said...

sxan niitlel

Anonymous said...

Зуун жилийн ганцаардал дээр гардаг хөгшин юм бодоод чулуу болтлоо хүндэрчихдэгдээ, тэр хүрээний асуудалд орсон юм болов уу? :D

Post a Comment