2012/09/24

Хүч

Хүч гэдэг нь, биетүүдийн хоорондох Харилцан үйлчлэл юм.

Энэ ертөнцийн бүхий л физик үзэгдэлүүд, ямар нэгэн Хүчний нөлөөн дор явагдаж байдаг. Бөмбөг өнхөрөх ч, алим модноос унах ч, дэлхий эргэх ч, бүгд тийм.


Тиймийн учир, Хүч гээч нь ертөнц дээрх бүхий л үзэгдэлүүдийн цаад шалтгаан гэж хэлж болох тул, тэрхүү Хүч гээчийг л төгс таниж чадах аваас, бүх ертөнцийг төгс таниж чадна аа гэж хэлж бас болох юм.
Тийм ч учраас физикчид "Хүч гэж юу вэ?" гэдэг талаар эрт балрын үеэс судалж сэтгэсээр ирсэн байдаг.

Харин физикч биш бидний эгэл харц ардуудын хувьд Хүч гэхээр юу төсөөлөгддөг билээ?
Яг тийм
– Чиний юм бол миний юм, миний юм бол миний л юм
гэсэн
Нэг нь нөгөөдөө үнэмлэхүйгээр дарамт үзүүлж буй төсөөлөл буудаг. Тэгээд дарамт үзүүлэгчийг Хүчтэн, дарамтлуулагчийг Мишок энэ тэр гэж нэрлэдэг.

Гэтэл орчин үеийн физикийн ухагдахуунд хүч гэдгийг, огтхон ч нэг нь нөгөөдөө илэрхий нөлөөлдөг эд бус, хоёр биетийн хооронд өрнөх харилцан үйлчлэл гэж тодорхойлдог байна. Харилцан үйлчлэл гэдэг нь, харилцан биендээ нөлөөлөх явдал гэсэн үг.

Жишээ нь бид алим газар унахыг хараад
– Алим дэлхийн татах хүчинд татагдаад уналаа
гэж хэлдэг. Гэтэл дээрхээс үзвэл энэ нь туйлын тохиромжгүй хэллэг юм. Нэг тийм, дэлхий алимыг дээрэлхээд, удирдаад байгаа ч юм шиг...
Үнэндээ бол тэнд, дэлхий алим хоёр татах хүчний нөлөөгөөр харилцан биендээ татагдсаар нийлж байгаа процесс явагддаг. Даанч дэлхий дэндүү том юм болохоор, зөвхөн алим хөдөлж байгаа юм шиг бидэнд санагддаг төдий л юм.
(Мэдээж, бидний хэрэглэдэг хүч гэдэг үг нь, хүч гэдэг физик ухагдахуунаас өөр нюанстай, өөр үг гэж ойлгох нь зүйтэй байх)

Тэгэхээр энд анхааруулах ёстой нэг чухал зүйл бол, Хүч гэдэг бол зөвхөн татах хүч биш. Харилцан үйлчлэл гэдэг нь татах хүчнээс гадна, орчин үеийн физикийн шинжлэх ухааны таньж мэдээд байгаа бүхий л хүчний хувьд хамаатай яриа юм.
Гэхдээ тэр бүх хүчнүүд нь, эерэг сөрөг цэнэг, N  S туйл, эсвэл эр эм хүн гэх мэт, үргэлж олон биетийн хооронд бий болдог зүйл бөгөөд, гарцаагүй бүх талуудад нөлөөлдөг зүй тогтолтой байдаг. Нэг ёсондоо хүчтэн мишокийг цөм цохьсон ч өөрөө ямар нэгэн байдлаар мишокийн нөлөөг гарцаагүй мэдэрнэ гэсэн үг. Тэгэхээр Хүч гэдэг бол харилцан үйлчлэл байх нь.

Үүнийг зөвхөн физик гэлтгүй, бодит амьдрал, хүний нийгэмд ч хамааруулж болно.
– Хоёр хүний хооронд асуудал үүсэхэд, тэр нь хэзээ ч нэг талын 100% буруу байдаггүй.

– Харин бид асуудал үүсэх бүрт яадаг билээ?
– Яг тийм, бүхнийг бусад руу чихдэг.

Үргэлжлэл: Дөрвөн хүч

No comments:

Post a Comment