2012/09/28

Хүч – Нейтрино

Нейтроныг зөнд нь орхиход аяндаа зад үсэрч, электрон протон болон салж орхидог. Үүнийг Бэта задрал гэдэг.
Тэгвэл энэ Бэта задралыг нарийвчлан ажиглавал, байж боломгүй сонин асуудал үүсдэг байна.

Ямар асуудал вэ гэхээр,
– Бэта задралын явцад Энерги хадгалагдах хууль, Хөдөлгөөн хадгалагдах хууль биелдэггүй
гэсэн явдал юм.

Үүн дээр, Хөдөлгөөн хадгалагдах хууль биелэхгүй байх гэж юу гэсэн үг болохыг товчхон тайлбарлая.
Жишээ нь, каратэгийн тамирчин биллъяардын бөмбөгийг тас хийтэл хэрчиж, хоёр хэсэг болгон хуваажээ гэж бодъё. Тэгсэн чинь нэг тал нь зүүн тийшээ үсэрлээ гэе. Тэгвэл нөгөө тал нь гарцаагүй баруун тийшээ буюу, чанх эсрэг зүг рүү нь үсрэхээс өөр аргагүй юм. Энэ нь Хөдөлгөөний нийлбэрийг хадгалахын тулд зайлшгүй болдог үзэгдэл болно.

Тэгвэл, Бэта задралын үед яадаг вэ гэхээр, нэг тал нь үл ялиг далий үсэрдэг байна.
Эндээс, нөгөө алдарт Niels Henrik David Bohr чинь
– Тэгэхээр, атомын цөм доторхи бичил ертөнцийн хувьд, тэнд Хөдөлгөөн хадгалагдах хууль үйлчилдэггүй
гэсэн онол хүртэл дэвшүүлж, шинжлэх ухаан тэр аяараа үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигналдаж гарав.

Гэвч, нөгөө ихэмсэг Wolfgang Ernst Pauli түүнийг шууд чанх өөдөөс нь чадмаг гэгч нь эрс буруушаав.
– Тийм юм гэж байх учиргүй. Энерги хадгалагдах хууль биелэхгүй байна гэдэг чинь 1 - 1 = 0.5 гэж байгаатай утга ижил сонсогдож байна.

Тэр ч нэг бодлын тийм. Энерги болон хөдөлгөөнүүдийн хооронд '+', '-' үйлдэл хийж болохгүй болноо л гэсэн үг.

– Одоо тэгээд яах уу?
– Яах юу байхав, ойлгомжтой. Үл мэдэх бөөм!!!. kkk
– Тэгэхээр энд нэг үл мэдэх бөөм байна. Тэр нь цахилгаан цэнэгийн хувьд саармаг бөгөөд, жингийн хувьд ч бараг 0 тэй тэнцүү. Тийм учраас бидэнд ажиглагдах боломж туйлын хомс... Үнэхээр байгаа байхгүйг нь мэдэхгүй л дээ. Гэхдээ л байгаа гэж үзвэл Хөдөлгөөн хадгалагдах хууль биелээд, хамаагүй аятайхан болоод байна
гэсэншүү юм зөгнөсөөр Pauli маань тэр жингүй, цэнэггүй, өчүүхэн бөөмдөө Нейтрино гэдэг нэр өгчээ.

Тэгэвч, тэр жингүй, цэнэггүй, өчүүхэн бөөмийг чинь тэгээд яаж илрүүлэлтэй нь билээ. Pauli хүртэл өөрөө
– Бусад биеттэй харилцан үйлчлэлд ордоггүй болохоор, илрүүлэх боломж бараг байхгүй биз дээ
гэж бодож байж.

...Түүнээс даруй 25 жил өнгөрөв.
Эрдэмтэдийн нөр их уйгагүй хөдөлмөр хуримтлагдан баяжсаар, тийнхүү нэгэн чухал туршилт хийх боломж бүрджээ.

Уг туршилт нь болбоос туйлын нүсэр эд бөгөөд, ерөнхийдөө дараах 3 дамжлагатай

  1. Цөмийн реактор ажиллуулна
  2. Хажууд нь нэг акваруим бэлдэнэ
  3. Аквариум дотроос гэрэл илрэхийг хүлээнэ
дуусаа.

Нэг ёсондоо,
Нейтрино гэж байдаг л юм бол, реактор дотроос тоймгүй олноороо ялгарч байгаа. Нэг нейтрино нь хэдий өчүүхэн ч гэлээ, тоймгүй олон нейтрино байхад гарцаа байхгүй устай мөргөлдөх нейтрино гарч л таараа. Тэр нейтриногийн мөргөлдөөний нөлөөгөөр үл ялиг гэрэл гарах учиртай. Тэр гэрлийг гарч иртэл нь бүгдээрээ 24 цагаар ээлжлээд манаад зогсчоё.
гэсэн санаа юм.

Сохор эмгэнийг болжмор унагатал нь ак–аар буудуулаад байя гэдэг л туршилт гэсэн үг.

Ингээд реакторын ажиллаж байх үеийн төлөв, зогсож байх үеийн төлөв хоёрыг хооронд нь харьцуулж, аквариумнаас гарах гэрлийн давтамжинд ажиглалт хийж үзтэл, яг л онол дээрхи магадлалын тооцоотой яв цав үр дүн хэмжигдэж, Нейтрино гэж байдаг байх нь гэсэн үр дүнд хүрсэн юм байна.

Өөрөөр хэлбэл, Нейтриног өөрийг нь амдаж байгаад чимхээд бариад авсан бус, ердөө л нейтрино байхаас зайлахгүй гэсэн эд мөрийн баримттай л болсон хэрэг юм.

Гэхдээ л ямар ч байсан, бүх эрдэмтэд Нейтриногийн оршихуйг хүлээн зөвшөөрсөн юм хойно одоо, байдаг л гэж итгэхээс өөр яахав дээ.

Дашрамд хэлэхэд, үүнээс цааш судлаад явсан чинь, Бэта задралаар гарч ирдэг бодис нь яг ч анх төсөөлсөн шиг Нейтрино бус, түүнээс эсрэг шинж чанартай бодис болох нь тодорхой болсон тул, явж явж түүнийг Антинейтрино гэж дуудах болсон юм гэнэ лээ.


2 comments:

  1. Нилээн дээр уншаад нэг эргэлзээ төрж байсанаа сая санаад сэтгэгдэл дээр бичиж асууя.

    Бета задралын үед электрон муруй чиглэлд үсэрсэнийг яаж тогтоосон юм бол? Нейтрино яаж ажиглаад, яаж ч хичээгээд харагдахгүй байхад електроны муруйлт төдий чинээ үл ажиглагдам байх ёстой. Хэрвээ тэр өчүүхэн муруйлт ажиглагдах хэмжээнд хүртэл хол үсэрсэн бол үсрэлтийн замд өөр хүчин зүйл ч нөлөөлсөн юм бил үү? Тэр хүчин зүйл нь заавал бета задралаас гардаг бус, өөр ямар нэг зүйл юм биш үү.

    ReplyDelete
    Replies
    1. яг ямар туршилт судалгаагаар тэрийг тооцож гаргасаныг мэдэхгүй юм. жоохон сонирхож үзтэл, инерги хадгалагдах хууль ч бас зөрчигдөх гээд байсан юм шиг байна. Тэндээс гарцаа байхгүй хэн нэг нь хэсэг инерги аваад хөдөлгөөн хийж зугатаад байна гэсэн хар төрөөд, тэрийгээ шалгаж явсаар байгаад нейтриног барьж авсан юм гэнэ.

      Delete