2012/09/21

Хиймэл амьдрал (1р хэсэг)

1987он. 
Биологийн хувьслын онолч эрдэмтэн Томас Рей (буюу Том) Тошиба фирмийн компьютер худалдан авч, оюутан байхдаа санааг нь бодож олсон өөрийгөө хувилагч програм зохиох ажилдаа оров. Үр дүнд нь хиймэл амьдралын загварчилсан систем болох алдарт "Тиерра" мэдэлж, эгшин зуур бүх дэлхийн анхааралд өртлөө.
Тиерра систем туйлын энгийн зарчимтай.
1. Өөрийгөө хувьлах
Тиерраг асаахад эхлээд дотор нь өөрийгөө хувьлах функц бүхий ганц програм байх бөгөөд түүнийг "хиймэл амьтан" гэж үзэв. Тэр амьтны генийн код нь өөрийнх нь програмын код, оршин байх талбар нь компьютерийн санах ой, түүний энерги нь түүнд хуваарьлагдах компьютерийн процессор юм. Түүний хувьлах функц өөртэйгээ яг ижил ген бүхий ахиад нэг амьтан үүсгэнэ.
2. Үхэл
Хиймэл амьтан нь үржсээр компьютерийн санах ойг дүүргэж орхивол мэдээж нэмж үржих боломжгүй болох төдийгүй чихэлдсэндээ хөдөлж ч чадахаа болино.  Санах ойны хэрэглээ 80% аас хэтэрвэл гэнэт "Эрлэгийн элч" гарч ирэн хамгийн хуучин амьтнаас нэгийг нь устгана.
3. Гэнэтийн өөрчлөлт
Хиймэл амьтан нь өөрийгөө хувьлах явцдаа тодорхой магадлалтайгаар алдаа гаргана. Алдаа гаргаагүй үед түүний хувьлах функц өөртэйгээ яг ижил ахиад нэг амьтан үүсгэх боловч, алдаа гарвал түүнээс үл ялиг өөр гентэй өөр амьтан бий болох юм.

Ердөө л дээрх 3 дүрэм Тиерра дотор үйлчилнэ.
Ингээд бэлэн болсон Тиерраг компьютер дээр удаан хугацаагаар ажиллуулж, хиймэл амьтан хэрхэн үржих талаар ажиглалт хийтэл, Томын төсөөлөө ч үгүй сонин амьтад ар араасаа төрж эхлэх нь тэр ээ.
Паразитлагч
Юуны өмнө паразитлагч мэндлэв. Түүнд өөрийгөө хувьлах функц байхгүй. Тэгсэн мөртлөө үржих болохоороо бусдын функцыг авч ашигладаг. Өөртөө үржлийн функц агуулахгүй учир харьцангуй жижигхэн санах ой дээр амьдардаг үнэмлэхүй давуу талтай. Түүнийхээ ачаар компьютерийн санах ойг дүүртэл үржих боловч, функцээ ашиглуулах паразитлуулагчид цөөрөөд ирэнгүүт өөрийн эрхгүй тоо толгой нь хорогдож бусад амьтдад зай тавьж өгнө. Үүний дараа бусад амьтдын үржлийг дагаад буцаад үржиж олширно. Амьд байгаль дээр ч идэш болон идэгчдийн тооны харьцаа давтамжтайгаар хэлбэлзэж байдаг.
Хэт паразитлагч
Паразитлагчдыг паразитлагч амьтан юм. Парзитлагч өөрийнх нь үржлийн функцыг ашиглахаар ирэхэд нь түүнд зориулан бэлдсэн хуурамч мэдээллээр түүнийг хуурч, үр дүнд нь паразитлагчийг биш өөрийгөө хувилдаг. Өөрөөр хэлбэл өөрийнхөө үржилд паразитлагчийн энергийг ашигладаг тул хэт паразитлагч юм.
Нийгмийн паразитлагч
Тэд олноороо нийлж бүлэг үүсгэн, өөр хоорондоо харилцан туслалцах зарчмаар үрждэг. Өөрийнхөө ойр тойрон дох үржлийн функцыг ашиглаж, бас өөрийнхөө функцыг ойр тойрондоо ашиглуулдаг.
Залилагч
Нийгмийн паразитлагчдын бүлэг рүү шурган орж, хэт паразитлагчтай адилхан зарчмаар өөрийгөө хувьлан, нийгмийн паразитлачдын энергийг завшдаг амьтан.

Хэсэг хугацааны дараа хиймэл амьтдын хооронд секс хүртэл ажиглагдав. Тэд өөр хоорондын үржлийн функцээ нийлүүлж байгаад дундаасаа шинэ ген бүхий амьтан төрүүлж байв.

Тэд төсөөлөшгүй хурдтайгаар хувьсан хөгжиж байв...

Энд дурьдах ёстой зүй ёсны чухал онцлог гэвэл, Тиерра бол бодит амьдралыг загварчилсан симулятор бус, "үржил", "үхэл", "гэнэтийн өөрчлөлт" гэсэн 3хан механизм бүхий системийг компьютерийн санах ой дээр асаагаад орхисон төдий л зүйл билээ.


No comments:

Post a Comment